fbpx

GOOGLE сурталчилгаа: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР БАЙГУУЛЛАГАА, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ СУРТАЛЧИЛАХ БОЛОМЖ

Маркетеруудын хувьд Google нэг талаар маш сайн туслагч, нөгөө талаар хэцүү хамтрагч. Яагаад гэхээр Google танай байгууллагын талаарх мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх боломжыг олгодог. Нөгөө талаар GOOGLE сурталчилгаа ашиглан зорилтот зах зээлд хүрэх нь тийм ч амар биш ажил.

Бизнес эрхлэгчдэд зориулсан Гүүгл дэх боломжуудын талаарх цуврал зөвлөмжийн эхнийх болгон “Хэрхэн Гүүгл дээр бизнесээ үнэ төлбөргүй сурталчилах вэ” зөвлөмж бэлтгэлээ.  Ялангуяа ресторан, зоогийн газар, жуулчны бааз гэх мэт тогтвортой хаяг, байршилд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид заавал мэдэж байх ёстой сурталчилгааны төрөл шүү.

Та хэзээ нэгэн цагт өөрийн байгууллагын нэрийг Гүүглийн хайлтаар хайж үзсэн үү? Ямар мэдээлэл гарч ирч байсан бэ? Бусад өрсөлдөгчдөө ч мөн адил хайж гарч ирсэн үр дүнг нь харж өөрийн үйл ажиллагаандаа тусгаж авч байсан уу?

Жишээ нь: Nathouse гэж хайхад дээрх үр дүн гарч ирж байна. Байдаг л нэг хайлтын үр дүн. Хамгийн гол зүйл нь баруун гар талын цэнхэрээр тойруулан тэмдэглэсэн газрын зураг дээрх байршлын мэдээлэл, цагийн хуваарь, холбоо барих утас гэх мэт мэдээллийг багтаасан тухайн байгууллагын мэдээлэл гарч ирж байгааг анхаараарай.

Энэ нь бүхий л тодорхой хаяг байршилд үйлчилгээ явуулдаг бизнесийн байгууллагуудад нэн чухал шаардлагатай мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид танай байгууллагын талаар гүүгл-дэхэд хаяг байршил, фото зураг, цагийн хуваарь, утасны дугаарын хамт гарч ирдэг болох нь бизнес эрхлэгч бүрийн хүсдэг зүйл биш гэж үү?

Тэр ч байтугай очих замыг нь ч заагаад өгөх боломжтой. Тиймээс жуулчны бааз, амралт сувилалын газрууд ч энэхүү үйлчилгээг авснаар хүмүүст зам заах, үйлчлүүлэгчид нь төөрөх гэх мэт асуудал байхгүй болох давуу талтай.

GOOGLE сурталчилгаа

Бас нэгэн маш чухал боломж нь танай байгууллага олон салбартай бол бүх салбарынхаа мэдээллийг мөн хайлтын системд байршил болон бусад хэрэгцээт мэдээллийн хамт байршуулах боломж юм.

Интернэт хэрэглэгч хэн боловч http://www.google.com/places/ хаягаар хандан өөрийн байгууллагын мэдээллийг оруулах боломжтой.

Анхаарах зүйлс:

  • Өөрийн байгууллагын мэдээллээ бүрэн оруулах: байгууллагынхаа онцлогыг харгалзан заавал оруулах шаардлагатай бүхий л мэдээллийг оруулах нь зүйтэй.
  • Хэдийгээр мэдээллээ оруулсан ч Google танай мэдээллийг баталгаажуулсны дараа л Map дээрээ байршуулдаг. Үүний тулд танай байгууллагын шуудангийн хаягаар нууц код бүхий захидал илгээдэг бөгөөд энэ кодыг оруулан хаягаа баталгаажуулахыг шаарддаг.
TOP