Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө гаргах бяцхан жор (үнэгүй татаж авах жишээ, загвар файлын хамт)

Сайн төлөвлөгөө бол ажлын гүйцэтгэлийн 50 хувь. Тэгвэл удахгүй шинэ он гарах гэж байгаатай холбогдуулан 2019 оны сошиал медиа маркетингийн төлөвлөгөөг гаргаж байгаа маркетерүүддаа бид өөрсдийн хэрэглэдэг контент төлөвлөгөөний загвар файлыг татаж авахаар оруулсан. Энэхүү загварыг эхо оношилгоо, эмэгтэйчүүдийн Ирээдүй эмнэлгийн бодит жишээн дээр практикд хэрхэн хэрэглэж байгаа талаар нийтлэл бэлтгэн хүргэж байна.

Энэхүү нийтлэлд ашигласан Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөөний бэлэн загвар файлыг эндээс татаж аваарай.

Эхний асуулт: “Зорилго – Та юу сурталчлахыг хүсэж байна вэ?”

Та өөрийгөө эхо оношилгоо, эмэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулдаг гэж төсөөл. Танай эмнэлэг саяхан өндөр үнэтэй, хамгийн сүүлийн үеийн эхо оношлогооны аппарат худалдан авчээ. Энэ бол таны өрсөлдөгчөөсөө ялгарах давуу тал болно. Тиймээс та шинэ үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг зорилтот хэрэглэгчдэдээ хүргэх зорилготой. Байгууллага бүрт л сурталчилгааны “овоо хараагаа” тааруулж байгаа яг ийм бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж бий шүү дээ. Яг үүнийг уншиж байхад та ч мөн санал болгож буй онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бодож байгаа байх. Яг тэр чинь шүү.

Дараагийн асуулт: Танай хэрэглэгчид хэн бэ?

Эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн эхо оношлогооны эмнэлгийн хувьд юун түрүүнд эмэгтэйчүүд зорилтот бүлэг гэдэг нь ойлгомжтой. Нийт эмэгтэйчүүдээс нөхөн үржихүйн насанд хүрээгүй охид, жирэмслэх төлөвлөгөөгүй байгаа хүмүүс манай хэрэглэгчид бас л биш. Тэгэхээр таны онилох зорилтот хэрэглэгчид бол жирэмсэн эмэгтэйчүүд. Харин хоёр, гуравдагч сегмент нь төрөөд удаагүй, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдээлэл хайж буй хүмүүс болно. Учир нь тэд ч мөн танайхаар үйлчлүүлэх магадлалтай шүү дээ.  

Та ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэнд санал болгохоо сонгочихлоо. Үүний дараа ЯАЖ гэсэн асуулт гарч ирнэ. Сошиал медиа маркетингийн амин сүнс нь контент. Гэвч бүх платформуудад контентын ханалт буюу хэт их мэдээллийн үйлдвэрлэл ажиглагдаж байна. Бизнесийн байгууллага бүр өөрийн цахим хуудсаар дамжуулан контентууд үйлдвэрлэж, нийтэлж, түгээж байна шүү дээ. 

Тэгвэл үүнийг хэрхэн зөв системтэй хүргэх вэ?

Эхний алхам бол зөв хүндээ зөв цагт нь мэдээлэл хүргэх. Бид хэрэглэгчийнхээ персонаг гаргаж, хэнд хүргэхээ мэдсэнийхээ дараа тэднийг хэдэн сая сошиал хэрэглэгчид дундаас олж авч, үе шаттай, тодорхой давтамжтай мэдээлэл хүргэх нь маркетингийн зардлыг танаж, борлуулалтын бодит үр дүн авч ирэх болно. Тэднийг олж авахын тулд юу анхааралд нь байгааг бодох хэрэгтэй. Тэдэнд тулгарч буй асуудал нь юу вэ гэдгийг анхааралдаа ав. Жишээ авч буй эмнэлгийн тухайд гэхэд Ухаалаг жирэмсэн ээжүүдийн мэддэг 6 факт, Жирэмсэн ээж та эход хэзээ харуулах ёстойгоо мэдэх үү зэрэг нийтлэлүүд тэдний анхаарлыг татах магадлал тун өндөр. Учир нь эдгээр асуудлууд жирэмсэн ээжүүдэд л хамаатай шүү дээ. 

Хэрхэн хэрэглэгчийн анхаарлыг татаж, тэдэнтэй холбоо тогтоох вэ?

Ингээд та сошиал медиа хэрэглэгч эмэгтэйчүүдээс таны контентыг анхаарч хүлээн авч буй зорилтот хэрэглэгчдээ олж авлаа. Дараагийн алхам? Яг үнэндээ үйлчлүүлэгчийн хувьд асар их мэдээлэл, хязгааргүй өргөн сонголт бий. Тиймээс таны бэлдсэн ганцхан контент олон хэрэглэгчдийг татах боломжгүй. Тэд өнөөдөр таны контентыг уншсан ч маргааш танай хуудаснаас уншсанаа мартах нь бий.

Маргааш та сонирхолтой маркетингийн нийтлэл уншсанаа санах ч Nathouse Creative гэх урт гадаад нэрийг санахгүй байх магадлал бий.  Иймээс та зорилтот бүлгийнхээ Асуудлаа анзаарахад нь туслах, сонирхлыг татах контент бэлдэх хэрэгтэй. Жишээлбэл 5-10 долоо хоногтой ургийн тухай 5 баримт, 11-13 долоо хоногтой ургийн тухай 3 баримт зэрэг контент бэлдэж хэвлийд байгаа ургийн зурагтай нийтэлж болно. Учир нь зорилтот хэрэглэгчийн маань хувьд хэвлийд байгаа хүүхэд нь юу хийж хэрхэн өсч, ямар хэмжээтэй байгаа нь сонирхолтой мэдээлэл болж чадна шүү дээ. Ингээд танай хэрэглэгч зөвхөн таныг биш танай санал болгодог үйлчилгээг сонирхож эхэллээ.

Гэхдээ хэрэглэгчид таныг сонирхоод л өнгөрч болохгүй. Таны эцсийн зорилго бол сонирхолтой контент хүргэх биш борлуулалтаа нэмэгдүүлэх.

Иймд дараагийн алхам санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм. Яагаад одоо танилцуулах хэрэгтэй гэж, эхнээсээ л бүтээгдэхүүний ярих хэрэгтэй юм биш үү гэж үү? Та өөрийгөө гоо сайхны барааны дэлгүүрт байна гэж төсөөл. Нэг худалдагч Үүнийг ав, бас дахин ав гэлээ. Харин өөр нэг худалдагч Таны арьсыг үнэгүй оношилж өгөөд, яг танд тохирох бараа ямар байх тухай зөвлөгөө өглөө. Үүний дараа танд тохирох бүтээгдэхүүний танилцуулгыг бүтээгдэхүүнийхээ нэг удаагийн хэрэглээтэй бэлэглэлээ гэж бодъё. Та алийг нь сонгох вэ? Цахим орчинд тоглоомын дүрэм үүнтэй яг ядил. Өгөөд авна.

Ингээд та зорилготой контент хэрхэн төлөвлөх тухайгаа ойлголоо. Үүний дараа контентын бүтэцийн талаарх хэсэг эхэлж байна.

Мөн сошиал медиа маркетингийн талаарх мэдээ, мэдээлэл, тэргүүн туршлагыг түгээж байх #SocialMediaThursday Live #2 дахь цувралаар яг энэ сэдвээр ярилцсаныг үзээрэй.

Гарчиг хөтөч

Өөрөөр хэлбэл таны бэлдсэн контентыг хэрэглэгч, үйлчлүүлэгчид үргэлжлүүлэн унших эсэх нь эхний гарчгаас хамаарна. Тиймээс та ямар үг хэрэглэх, хэрхэн өөрийн санаагаа цөөн үгээр оновчтой гаргахаа сайтар төлөвлөх хэрэгтэй. Дээр өгүүлсэнчлэн худалдан авалтын замналын үе шат бүрт өөр  өөр гарчиг хэрэглэх нь зүйтэй ч сайн гарчиг контентын ерөнхий санааг бүхэлд нь агуулсан байх ба анхаарал татаж, унших хүслийг өдөөсөн байх хэрэгтэй байдаг. Мөн гарчгаа сонгохдоо та хэрэглэгчдийнхээ хэлээр ярих хэрэгтэй. Ингэж тэдний хамгийн их хэрэглэдэг үгийг ашиглах нь тэд таныг олоход хялбар болно. Эмнэлгийн жишээ нь дээр гэхэд жирэмсэн ээжүүд, жирэмслэлт, ураг зэрэг үгс заавал хэрэглэгдэх үгсийн жагсаалтыг тэргүүлнэ.

Дараагийн бидний заавал анхаарах шаардлагатай мартаж болохгүй асуудал бол суваг.

Танай хэрэглэгч хаана байна, та тэнд байх хэрэгтэй.

Бидний жишээ болгон авч буй эмнэлгийн тухайд задлан шинжилсэн, асуудлын гүнд орсон өөрөөр хэлбэл боловсрол олгосон урт текст бүхий контент голлодог учир блог нийтлэл болон Facebook хамгийн тохиромжтой суваг болно. Учир нь эдгээр сувгуудаар л урт бичвэр бүхий контент цацах боломжтой байдаг шүү дээ. Харин та онлайн дэлгүүр юм уу, аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бол санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг тань хамгийн сайн харуулж чадах суваг Instagram болох юм.

Та өөрийн хэрэглэгчдээ олж, тэдэнд сонирхолтой, үе шаттай контентыг тэдний сувгаар хүргэлээ.

Гэхдээ таны хүч хөдөлмөр зардал гаргаж бүтээсэн контентыг таны хэрэглэгчид уншаад л өнгөрвөл яах вэ?

Тэгэхээр контентдоо Call to action button буюу үйлдэлд дуудах товчийг мартаж болохгүй. Бидний жишээ авч буй эмнэлгийн хувьд SEND MESSAGE, CALL NOW товч байршуулах нь борлуулалтын хувьд үр дүнтэй байдаг. Учир нь цаг авах, бүтээгдэхүүн үйлчилгээний илүү дэлгэрэнгүй мэдээлэл ба тарифын мэдээллийг өгөх, цаашлаад чатботын тусламжтайгаар хэрэглэгчтэй байнгын холбоо үүсгэх зэрэг борлуулалттай шууд холбогдох үе шатуудыг бид утсаар болон хувийн чатаар хийдэг.

Ингээд таны төлөвлөгөө бараг л бэлэн боллоо.

Сүүлийн анхаарах зүйл бол төлөвлөгөөгөө хянаж, тайлагнаж болохуйц болгох

Аливаа ажил бүр үр дүнтэй байх хэрэгтэй. Контент нийтлэгдээгүй, хүссэн үр дүн авч ирээгүй тохиолдолд асуудал яг юунд байсан бэ гэдгийг бид хянаж чадахаар байхын тулд төлөвлөгөөндөө тайлангийн хэсэг заавал оруулах шаардлагатай. Учир нь зарим тохиолдолд маркетингийн кампанит ажил зөвхөн маркетингийн хэлтсээс хамаарахгүй байх нь бий. Жишээ нь бүтээгдэхүүний танилцуулгыг өөр нэг хэлтэс маркетингийн хэлтэст өгөх хэрэгтэй байхад тэр нь цагтаа ирэхгүй байх, эсвэл контентын тайлбар хэсэгт бичсэн мэдээллийг дахин засварлах хэрэгцээ гарах, дизайны тал дээр дахин сайжруулах хэрэгцээ үүсэх зэргээс үүдэн контент бэлтгэл бидний тооцсон тохиромжтой цагт нийтлэгдэх боломжгүй болж улмаар бага хүнд хүрэх, байгууллагын цахим хуудас тухайн долоо хоногт идэвхгүй болох нь бий. Иймээс тухайн контент дахин засвар хийгдэхгүйгээр эцсийн байдлаар бэлэн болох хугацааг нийтлэгдэх хугацаанаас өмнө тооцож, төлөвлөгөөндөө тусгаж өгөх хэрэгтэй.

Мөн контент бэлтгэл хэн гэдэг ажилтны хариуцсан, аль шатанд явагдаж байгааг заавал тусгах нь эргээд ажилчдад тодорхой, ойлгомжтой байдлыг бий болгож, ажил гүйцэтгэлд үр авч ирдэг.

Түүнчлэн контент бүрийн reach буюу хүртээмж харагдац, engagement буюу тухайн контентод үзүүлэх хариу үйлдэл зэргийн тоон үзүүлэлтийг заавал тооцож, үүнд үнэлэлт дүгнэлт өгч байх хэрэгтэй. Энэ нь ямар контент үр дүнтэй байж, танай хэрэглэгчдэд таалагдаж байгааг мэдэх арга болно.

Бидний зүгээс санал болгож буй контент төлөвлөгөөнд заавал тусгах хэрэгтэй зүйлсийн зөвлөмж энд хүрээд өндөрлөж байна. Хэрэглэгчийн зан төлөв, бизнесийн онцлог, тавьж байгаа зорилгоос шалтгаалан төлөвлөгөөнд тусгах зүйлс бага нэмэгдэж болох ч дээр тайлбарласан үзүүлэлтүүд бол сошиал медиа маркетингийн контент бүрд заавал тусгах шаардлагатай үзүүлэлтүүд юм шүү.

Бид яг энэ жорын дагуу 2019 оны календарийг долоо хоног бүрээр нь зааглаж, гариг тус бүрийг тэмдэглэн, бүх нийтээр амрах болон онцлох өдрүүдийг багтаасан, бодит жишээтэй төлөвлөгөөний загварыг татаж авахаар орууллаа. Та тус загварыг ҮНЭГҮЙ татаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Нийтлэлийнхээ төгсгөлд сошиал медиа маркетингийн төлөвлөлт гүйцэтгэлд аль алинд нь хэрэгтэй болох дараах нийтлэлийн холбоосыг оруулж байна. Танд амжилт хүсье.

  1. Facebook пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа (11 төрлийн загвар PSD файл татаж авахаар)
  2. Инфографик: Сошиал медиа пост зургийн хэмжээ – 2018
  3. Сошиал медиа хөгжүүлэлт: Өдөр тутмын, 7 хоногийн, сарын ажлын хяналтын хуудас
  4. Checklist: Сошиал медиа пост бэлтгэх үед заавал шалгах зүйлс

Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө

2019 оны календарийг долоо хоног бүрээр нь зааглаж, гариг тус бүрийг тэмдэглэн, бүх нийтээр амрах болон онцлох өдрүүдийг багтаасан загвар файл татаж авахаар
TOP
8902-nathouse-creative