fbpx

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook Ads Support-той хэрхэн холбогдох вэ?

Сошиал маркетерүүдэд Фэйсбүүк сурталчилгаа батлагдахгүй байх, хүн хүрэхгүй гацах, тэр ч байтугай сурталчилгааны дансаа хаалгах гэх мэт асуудал тийм ч цөөн биш тохиолддог.  Энэ тохиолдолд Фэйсбүүкийн харилцагчийн үйлчилгээний хэсэгт хандаж асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай болдог бөгөөд ямар тохиолдолд ямар арга замаар холбогдох нь илүү хялбар бас үр дүнтэй талаар өөрийн туршлагаас хуваалцъя.

Юуны өмнө танд Facebook сурталчилгаатай холбоотой асуудал гарвал Ads Help Centre for Facebook Businesses цахим хуудсаар хандан, өөрт хэрэгтэй мэдээллийг авах боломжтой. Хэрэв тэнд таны хайж буй хэрэгтэй мэдээлэл байхгүй бол Community Forums-аас хайж бас асуугаад үзэхэд гэмгүй. Эдгээр холбоосоор хандан сурталчилгаа хийдэг хүмүүст зориулсан хамгийн түгээмэл гардаг асуудлууд, асуултуудыг төрөлжүүлэн ангилсан хэсгээс өөрт хэрэгтэй мэдээллийг авч болно. Харин сүүлийн үед маркетерүүдэд их тулгарч буй сурталчилгааны агуулга, оюуны өмч, сурталчилгаанд тавигдах шаардлага гэх мэт зүйлүүдтэй холбоотой асуудлаар зарим тохиолдолд сурталчилгаа хариуцсан ажилтнуудтай холбогдох зайлшгүй шаардлага гардаг. Яг л иймэрхүү тохиолдолд та хаана ямар холбоосоор хэрхэн тэдэнтэй холбогдох боломжтойг энэхүү нийтлэлд багтаалаа.

Таны сурталчилгаа батлагдаагүй бол…

Фэйсбүүкээс таны сурталчилгааг зөвшөөрөхгүй байх шалтгаан олон бий. Ихэвчлэн энэ шалтгаан нь таны сурталчилгаа Facebook Community Standart-Фэйсбүүкийн олон нийтийн стандарт-д нийцээгүй, эсвэл мансууруулах бодис, мөрийтэй тоглоом зэргийг сурталчилсан агуулгатай байж магадгүй.  Харин уг сурталчилгаа дээрх зүйлстэй огт хамааралгүй гэж та үзэж байгаа бол цахим өргөдөл гаргаж болно. Энд та сурталчилгааны ID, яагаад зөвшөөрөгдөх ёстой шалтгаан гэх зэргийг бичин илгээх хэрэгтэй. Таны өргөдлийг хүлээн авч, сурталчилгааг хянаж үзээд баталвал, сурталчилгаа шууд нийтлэгдэж, зорилтод хэрэглэгчдэд хүрч эхэлнэ.

Мөн та Ad account-аасаа цахим өргөдлөө илгээх боломжтой. Үүний тулд, сурталчилгаа батлагдаагүй гэсэн мэдээлэл бүхий улаан зураас бүхий хүснэгтээс Appeal эсвэл Request Review товчийг олж дараарай.

Таны сурталчилгааны данс Фэйсбүүкийн сурталчилгааны журмыг зөрчсөний улмаас хаагдсан бол…

Фэйсбүүкийн сурталчилгааны бодлогод сурталчилгаанууд чинь нийцээгүй гэсэн шалтгаанаар таны сурталчилгааны данс хаагдсан бол та дараах маягтыг бөглөн Facebook support-той холбогдоорой.

Буруу ойлголтын улмаас таны сурталчилгааны данс хаагдсан бол…

Хэрвээ таны сурталчилгааны данс ямар нэг буруу ойлголтын улмаас хаагдсан гэж та үзэж байвал дараах маягтыг бөглөж илгээгээрэй. Маягтыг нөхөхдөө шаардлагатай бүхий л мэдээллийг бөглөж явуулснаар Facebook Support Team таны асуудлыг үнэн зөв шийдэхэд тус болно шүү.

Таны оюуны бүтээлийг хэн нэгэн зөвшөөрөлгүй ашиглаж байвал…

Хэн нэгэн цахим орчинд таны зөвшөөрөлгүйгээр оюуны бүтээлийг тань ашиглаж байвал энэ маягтыг бөглөж, илгээх хэрэгтэй.

Фэйсбүүк хуудастаа баталгаат тэмдэг буюу хөх тэмдэг авмаар байвал…

Баталгаажсан фэйсбүүк хуудас бусад хуудаснуудаас “баталгаажсаныг” харуулах хөх тэмдгээрээ ялгардаг. Үүнийг олны танил хувь хүн, албан байгууллага, улстөр, урлаг соёлын албан ёсны гэдгээ баталсан хуудсууд авах боломжтой. Харин энгийн фэйсбүүк хэрэглэгчид болон бизнесийн байгууллагын хуудаснуудад ийм “тэмдэг” өгөх нь бага. Гэхдээ та ийм тэмдэг авах талаар бодож байгаа бол энэхүү маягтыг нөхөөд илгээж болно. Ингэхдээ ямар учраас энэ хуудас баталгаажих ёстойг тодорхой тайлбарлан бичих ёстой. Шаардлагатай гэвэл танай хуудас олны сонирхлыг татдаг гэдгийг илэрхийлж чадах вэб хаягийг оруулбал зүгээр юм байна. Илгээсний дараа танд сонордуулга мессеж ирнэ. Харин ирэхгүй бол дахин дахин хүсэлт илгээхээс сэргийлэх зорилгоор шинэ хүсэлтийг 30 хоногийн дараа л дахин илгээх боломжтой юм байна.

Сурталчилгааны төлбөрийн талаар асуулт байвал…

Өөрт ирсэн сурталчилгааны купон ашиглах талаар, төлбөрийн хязгаарлалтаа нэмэгдүүлэх гээд ер нь сурталчилгааны төлбөртэй холбоотой асуудал байвал энэхүү маягтыг бөглөж, Facebook Support багтай холбогдох боломжтой.

Ямар нэг алдаа гараад байгаа бол…

Хуудасны тань мэдээлэл шинэчлэгдэхгүй, видео нийтлэхэд хэт удах эсвэл зарим функциуд ажиллахгүй байх зэрэг асуудал дахин дахин давтагдаж байгаа бол та Фэйсбүүкт мэдэгдэж, эдгээр асуудлаа шийдэх боломжтой. Үүний тулд Facebook Ads Manager-т хандан Help цэс дээр дарж, “Report a problem” гэж сонгоорой.

Хэрвээ таны асуудал дээрх маягтад огт байхгүй байвал та доор дурьдсан зааврын дагуу и-мэйлээр эсвэл шууд харилцагчийн үйлчилгээний ажилтантай холбогдох хэрэгтэй.

Facebook харилцагчийн үйлчилгээний ажилтантай холбогдох

Facebook сурталчилгааны тусламж хэсэгт сурталчилгаатай холбоотой асуудлаар маркетерүүд, бизнес эрхлэгчдэд тусламж үзүүлэх зорилготой талбар бий. Та дараах холбоосоор нэвтэрч, уг үйлчилгээг авч болно.

Энд хамгийн эхлээд танд хэрэг болох сэдвүүдийг сонгон мэдээлэл авах жагсаалтыг оруулсан байгаа. Та эндээс өөрт тулгарч буй асуудлыг сонгон уг сэдвээр шаардлагатай мэдээллийг авч болно.

Харин эхний хэсэгт таны хайж буй мэдээлэл олдохгүй эсвэл та аль хэдийнэ оролдоод үзчихсэн бол Additional Support хэсгээс Email эсвэл Chat хэсгийг сонгоорой.

Chat гэсэн сонголт нь зөвхөн Америкийн Баруун эргийн цагаар ажлын цагуудад л идэвхтэй байдаг тул (Даваа-Баасан 8-17 цагуудад) та хариуцсан ажилтантай шууд мэссэнжерээр холбогдох шаардлагатай бол Монголын цагаар шөнө дунд болохыг хүлээх хэрэгтэй болно.

Бидний хувьд харилцагчийн үйлчилгээний ажилтантай и-мэйлээр харилцах боломж нь илүү хялбар байдаг. Шууд холбогдох холбоос

Дээрх маягтаар дараах асуудлуудын талаарх нэмэлт мэдээлэл хүсэх, хариу авч болно:

  • Сурталчилгааны данстай холбоотой (хаагдсан, хүн нэмэх, хасах гэх мэт)
  • Сурталчилгааны хүртээмж (хүнд хүрэхгүй байх, хэт бага хүртээмж гэх мэт)
  • Сурталчилгааны бодлого, батлагдаагүй сурталчилгааны талаар
  • Сурталчилгааны зорилтот бүлэг
  • Төлбөр, нэхэмжлэх
  • Динамик сурталчилгаа
  • Инстаграм хаяг
  • Хуудаснууд (нэр солих, нэгтгэх, холбоос солих, устгах г.м)
  • Хүртээмж, давтамж
  • Техникийн асуудал
  • Бусад асуудлууд

Таныг хүсэлтээ илгээсний дараа ажлын 1 хоногт багтаж, Фэйсбүүкийн харилцагчийн үйлчилгээний ажилтан хариу өгөх болно.

Эцэст нь танд яг одоо энэ сэдвээр асуух зүйлс байгаа бол манай байгууллагын Facebook хуудасны мэссэнжерт холбогдон хэрэгтэй мэдээллээ асууж болно. Бид өөрсдийн мэдэх зүйлс хариулахыг хичээх болно.

Мөн өмнө нь та ч бас ийм асуудалтай тулгаран, Facebook-н харилцагчийн үйлчилгээний хэсэгтэй холбогдож асуудлаа шийдвэрлүүлж байсан бол туршлагаасаа бидэнтэй хуваалцаарай.

Холбоотой:

Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө

2019 оны календарийг долоо хоног бүрээр нь зааглаж, гариг тус бүрийг тэмдэглэн, бүх нийтээр амрах болон онцлох өдрүүдийг багтаасан загвар файл татаж авахаар

7 хоног бүрийн шинэ мэдээ хүлээн авах бол...

TOP