Covid-ийн үеийн маркетинг: Маркетеруудын мэдэж байх ёстой 20 статистик
Титэм вирусийн халдвартай холбоотой үүссэн нөхцөл байдал олон бизнесийн байгууллагыг маркетингийн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн.
Бид ч мөн 11 сарын 11-нд дотоодод халдвар тархсан тухай мэдмэгцээ хамтран ажилладаг байгууллагуудынхаа маркетингийн төлөвлөгөөнд эрс өөрчлөлт оруулан, өмнө нь бэлдсэн байсан контентуудаа бүгдийг нь нийтлэлгүй үлдээсэн билээ.
Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид хамтран ажилладаг байгууллагуудын маркетингийг хэрхэн үргэлжлүүлэх вэ? гэсэн асуулт бидэнд үүссэн бөгөөд энэ нөхцөл байдалд биднээс эрт орж, харьцангуй туршлага хуримтлуулсан орнуудын жишээг судлан түүнийг Монголын нөхцөл байдалд буулгах нь хамгийн зөв алхам хэмээн бид үзсэн юм.
Дэлхийн сошиал медиа маркетингийн агентлагууд болон дэлхийн брэндүүд энэхүү нөхцөлд байдалд бизнесийн онцлогоосоо хамааран ямар арга хэмжээ аван ажиллаж буй мөн цаашдын нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлж буй талаар бид өмнөх нийтлэлдээ тодорхой тайлбарласан. Харин энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд бүх нийтийг хамарсан энэхүү нөхцөл байдлын үеийн маркетингийн талаар 20 статистикийг хүргэж байна.
1. Маркетеруудын 73% нь шинэ кампанит ажил эхлүүлэхээ хойшлуулсан бол 52% нь маркетингийн зардлаа танасангүй!
Хөл хориотой холбоотойгоор бизнесийн тодорхойгүй байдал маркетеруудын хувьд ч ялгаагүй байдлыг үүсгэсэн. Энэ үед хэрвээ шинэ маркетингийн кампанит ажил эхлүүлэх гэж байгаа бол үүнийг хойшлуулах нь мэдээжийн хэрэг билээ.
Гэхдээ маркетеруудын 52% нь буюу талаас илүү нь эдийн засаг уналттай байгаа энэ үед ч маркетингийн зардлаа өмнөх түвшинд хадгалах магадгүй түүнээс ч өсгөх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа нь анхаарал татаж байна.
Тодорхойгүй цаг үед байгууллагууд зардлаа танаж эхэлдэг. Улмаар танай өрсөлдөгчдийн зүгээс явуулах маркетингийн үйл ажиллагаа ч тэр хэмжээгээр багасна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хямралыг боломж болгон ашиглаж болно гэсэн үг.
Дэлхийн эдийн засгийн их хямралын үед маркетингтаа хөрөнгө оруулсан брэндүүд өмнөхөөсөө илүү байр суурьтайгаар хямралаас гарч чадсан тухай эндээс уншиж болно.
2. Сошиал медиа хэрэглэгчдийн 39% нь сошиал медиад өмнөхөөс илүү хугацааг зарцуулж байна гэжээ!
Хөл хорио, бүх нийтийг хамарсан хязгаарлалтуудын улмаас хүмүүсийн сошиал медиа ашиглалт ихээр нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Энэ нь ч бизнесийн байгууллагуудын хувьд сошиал медиа сувгуудаа улам бүр идэвхжүүлэх тун чухал шалтгаан биш гэж үү?
Зөвхөн шинэ хэрэглэгч бий болгох тухай ч биш хэрэглэгчийн үйлчилгээндээ анхаарах, хэрэглэгчийн асуултад хариулж, цар тахалын үеийн шинэ стандарт, үйл ажиллагааны өөрчлөлтөө танилцуулах контент бэлтгэлд мөн анхаарах хэрэгцээ гарч байна.
3. Маркетеруудын 66% нь сошиал медиа контентоо нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа бол 57% нь блог пост, 50% нь видео контентоо нэмэгдүүлэх гэнэ!
Бүх нийтийг хамарсан нөхцөл байдлын үед байгууллагуудын уламжлалт маркетингт зарцуулах зардал буурч, харин дижитал маркетингт зарцуулах зардал нэмэгдэж байна.
Маркетеруудын 1/3 нь бүтээх контентын тоогоо бууруулах эсвэл өмнөх түвшиндээ барих бол дийлэнх хувь нь буюу 2/3 нь контентоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж хариулсан байна.
Үүнд үндсэн 2 шалтгаан бий.
Нэгдүгээрт, контент маркетингийн хувьд бизнесийн өсөлт авч ирэх хамгийн чухал маркетингийн хэрэгсэл мөн гэсэн хандлага хэвээр байгааг харуулж байна.
Хоёрдугаар шалтгаан нь цар тахалын нөхцөл байдалд үзүүлж буй хариу үйлдэл бөгөөд, маркетеруудын хувьд онлайн дахь харилцаагаа нэмэгдүүлэхийн тулд контентын тоогоо нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байна гэсэн үг юм.
4. Нийт байгууллагуудын 79% нь контент маркетингийн стратегитай, харин тэдний 70% нь COVID-ын улмаас уг стратегидаа өөрчлөлт оруулжээ!
Контент маркетеруудын хувьд цар тахалын өмнөх үеийн контентийн бодлого стратегиа өөрчлөх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Үүссэн нөхцөл байдлын улмаас хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж, энэхүү өөрчлөлт контент маркетингийн стратегид ч тусгалаа олох шаардлагатай болсон гэсэн үг. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ үргэлжлүүлэн хүргэсээр байгаа гэдгээ сануулах, байгууллагынхаа хүрээнд хийж буй шинэ өөрчлөлтүүдээ хэрэглэгчдэдээ мэдэгдэх эсвэл хэрэглэгчдэдээ хэрэгтэй, тустай мэдлэг, мэдээлэл түгээх гэх мэт шинэ контентийн хэрэгцээ шаардлага бий болж байна гэсэн үг.
Үүний жишээ нь Experian’s CreditChat-ын цуврал дугаарууд юм. Experian’s CreditChat нь 2012 оноос хойш санхүүгийн цуврал мэдээлэл өгч байсан бол COVID-той холбоотой үүссэн нөхцөл байдлын үед хувь хүний санхүүтэй холбоотой үнэ цэнтэй аргачлал, зөвлөгөөг хүргэх болсон нь хэрэгцээт мэдээллийн эх сурвалж гэсэн итгэлийг хэрэглэгчийн дунд бий болгожээ.
5. Хэрэглэгчдийн 87% нь цар тахалын үед цаг үеийн хэрэгцээтэй мэдээллээр хангаж ирсэн байгууллагуудад эерэг үнэлгээ өгчээ!
Мэдээж таны нийтлэн хүргэж буй контент тодорхой зорилготой байх ёстой. Гэхдээ ерөнхий том зургаар харахаа битгий мартаарай.
Хүмүүс цоо шинэ нөхцөл байдалд зохицох ёстой болж байна, санхүүгийн байдал болоод эрүүл мэнддээ санаа нь зовж байгаа.
Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд өөрийгөө таниулах, хэрэглэгчдэдээ хэрэгцээт мэдээллийг хүргэх боломж олгож байна гэдэг талаас нь бодож үзээрэй.
Өөрт байгаа нөөцө боломж, арга хэрэгслийг ашиглан хэрэгцээт мэдээлэл хүргэхийг хичээ. Твиттерээр холбогдоход нээлттэй, мэссэнжерээр ч тулгарч буй асуудлыг шийдэж болно шүү гэдгийг хэрэглэгчдэдээ мэдэгд. Хэрхэн цар тахалаас хамгаалах зөвлөгөө мэдээлэл, хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн анхаарал тавьж байгаа талаараа имэйлээр хүргэ. Эдгээр нь тийм ч том сүртэй ажил биш л дээ. Гэхдээ л хэрэглэгчид тань танд, танай байгууллагад талархах болно.
6. Z болон Y үеийнхний 89% нь бизнесийн байгууллагууд, брэндүүд COVID-19 тахалын үед туслах ямар нэг арга хэмжээ авна гэдэгт итгэж байна!
Бизнесийн байгууллагуудыг зөвхөн мэдээллээр хангаад зогсохгүй цар тахалтай холбоотой бодит туслалцаа үзүүлнэ гэдэгт залуу үеийнхэн итгэж байгаа аж.
Эдийн засгийн идэвхтэй хүн амын дийлэнх хэсэг болсон энэ үеийнхний хүлээлтийг бизнесийн байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй болов уу.
Үүнд танай маркетинг хэр анхаарал хандуулж байна? Та яг ямар бодит ажил хийж байгаагаа, хэрхэн тусалж байгаагаа хэрэглэгчиддээ тухай бүрт нь хүргэж байна уу?
Z үеийнхний 2/3 нь байгууллагуудыг цар тахлын тархалттай тэмцэх ажлын хүрээнд ажилчдаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрөөсэй гэж хүсэж байна. Танай байгууллага яг энэ арга хэмжээг аль хэдийнээ авч хэрэгжүүлсэн ч онлайнд мэдээлээгүй байж болно. Тэгвэл та хэрэглэгчдэдээ туслахын тулд юу хийж байгаагаа заавал хэлэх хэрэгтэй бөгөөд энэхүү хямралын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь танай байгууллагын талаарх эерэг ойлголтыг бий болгоход тус болно шүү.
7. Хэрэглэгчдийн 37% нь зар сурталчилгаанаас аюулгүй байдал, түгшүүртэй биш мэдрэмжийг хүлээдэг бол 31% нь зар сурталчилгаа эерэг мэдрэмж өгч байгаасай гэж хүсэж байна!
Бизнесийн байгууллагууд хэрэглэгчид онлайнд маш их цаг зарцуулж байгааг анзаармагцаа тэдэнд чадах чинээгээрээ борлуулалт хийхийг хичээдэг. Энэ бол алдаа. Ийм цаг үед хэрэглэгчид борлуулалтын зар сурталчилгаа гэхээсээ заавар зөвлөгөө, дэмжлэг, аргачлал хүлээж байгаа.
Хямралын үед хэрэглэгчдийн итгэлийг бий болгож чадвал тэдэнд танай байгууллагын талаарх эерэг дүр төрхийг хоногшуулах тун үр дүнтэй ажил болно шүү.
8. Хэрэглэгчдийн 40% нь хошигнол брэндүүдийн хувьд тийм ч зөв харилцааны арга зам биш гэж үзжээ!
Бүхий л хүмүүс хямралын үед эерэг, аюулгүй мэдрэмж авахыг хүсэж байгаа. Хүнд хэцүү цагт бүгд л инээмсэглэхийг хүсдэг ч байгууллагуудын хувьд хошин өнгө аяс бүхий сурталчилгаа ашиглах нь хэрэглэгчээ шоглож буй мэт санагдах аюултай байдаг аж.
Хэдийгээр маркетингийн кампанит ажлуудын хүргэх мэссэж өөр хоорондоо ихээхэн ялгаатай байдаг ч үр дүнг нь хянуур тооцож хүргэх нь зүйтэй.
9. Маркетеруудын 42% нь маркетингийн баг нь богино хугацаанд анхаарах чиглэлээ өөрчилж, шинэ контент бүтээх тал дээр дутагдалтай байгаа талаар дурдсан!
Хэдийгээр зарим байгууллагууд маркетингийн зардлаа танаж, зарим нь нэмэгдүүлэж байгаа ч контент бэлтгэх хэрэгцээ хэзээ, хэзээнээс илүү их байгаа нийтлэг ажиглагдаж байгаа юм байна. Маркетеруудын хувьд цоо шинэ төрлийн контент бүтээх болон контентийн тоогоо нэмэгдүүлэх аль алинд нь барьц алдаж байгаа гэж хариулжээ.
Ямар ч тохиолдолд контент маркетингийн гол зарчим “Чанар тооноос үргэлж чухал” гэдгийг санаж олон тооны чанаргүй контент гаргахаас болгоомжлох хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд мөн сануулж байна.
10. Маркетингийн мэргэжилтнүүдийн зөвхөн 22% нь үр дүнтэй хамтран ажиллах чадварыг анхаарал татахуйц сорилт гэж тэмдэглэжээ!
Цар тахлын томоохон үр дагаврын нэг нь зайнаас ажиллах. Нэг шөнийн дотор л ажилчид огт өөр ажлын орчинд шилжих хэрэгтэй болсон бөгөөд байгууллагууд үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс Zoom, Teams гэх мэт харилцаа холбооны хэрэгслийг ажилдаа нэвтрүүлэх болсон.
Маркетерууд ч энэхүү өөрчлөлтөд түргэн зохицож дийлэнх нь эдгээр программуудыг ашиглан багийн гишүүдтэйгээ үр дүнтэй хамтран ажиллаж байгаа гэнэ.
Шийдвэр гаргагчдын хувьд ч одоогийн ашиглаж буй програм хангамжийн хувьд ажилтнуудын хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэх шаардлагыг хангаж байгаа эсэхийг эргэж харах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцлож байна.
11. Маркетерүүдийн 70% нь харилцаа холбооны онлайн платформ ашиглан хоорондоо харилцаж, ажил хэргээ явуулж байгаа бөгөөд урт хугацаанд ч энэ байдал үргэлжлэх төлөвтэй гэж хариулжээ!
Zoom болон Microsoft Teams зэрэг платформууд маркетерүүдэд энэхүү өөрчлөлтөд зохицож ажиллахад нь дэм болсон гэсэн хариулт өгсөн байна. Эдгээр платформууд цар тахлын үед ердийн уулзалт, томоохон хурал зөвлөгөөн гээд бүхий л зүйлд үнэ цэнэтэй, хэрэгцээтэй гэдгээ харуулсаар.
Бүх зүйл хэвийн, сайхан цаг ирсэн ч маркетерүүд эдгээр харилцаа холбооны платформуудыг ашигласаар байх болно гэнэ.
12. Сурталчилгааны нийт зардал энэ жил дэлхий нийтээр 4.5%-аар буурна!
Маркетерүүд энэ жил зар сурталчилгааны зардлаа эрс бууруулах нь тодорхой. Нийт зар сурталчилгааны зардал дэлхий даяар цар тахлын өмнө жилийн 7%-н өсөлттэй байна гэж тооцож байсан бол одоо эсрэгээрээ энэ жил -4.5%-аар буурах хандлагатай байна.
Харин маркетерүүдийн хувьд сошиал медиа дахь одоогийн хэрэглэгчдэдээ хандсан органик кампанит ажлууд хийхэд илүү төвлөрч ажиллах гэнэ. Үүний улмаас блог нийтлэл болон видео контентийн хэрэгцээ эрс өсөх хандлага ажиглагдаж байна.
Цар тахалын эхний үеийн дараахан гаргасан зар сурталчилгаа зардал энэ жил -4,9% буурах тооцоотой харьцуулахад илүү өөдрөг төсөөлөл гарсан нь бизнесийн байгууллагуудын хувьд цар тахалын эдийн засагт үзүүлсэн нөлөөлөлд төсөөлснөөс илүү амжилттай хариу үйлдэл үзүүлсэнтэй холбож тайлбарлах болох гэнэ.
13. Хайлтын системийн сурталчилгаа энэ жил 5.9% -аар өснө гэсэн урьдчилсан төсөөлөл байна!
Нийт медиа сурталчилгааны зардал буурч байгаа ч нөгөө талаас хайлтын сурталчилгааны зардал энэ онд өснө гэнэ.
Хэрэглэгчид интернетэд илүү их цагийг зарцуулж байгаа энэ үед бизнесийн байгууллагуудын хувьд хайлтын системээс хэрэглэгчдийн урсгалыг татахад илүү анхаарах нь жам ёсны л арга хэмжээ болов уу.
14. Жижиг, дунд байгууллагуудын 76% нь дата аналитик, сошиал медиа, хайлтын системийн оновчлол зэрэг талбарт ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлж буйгаа илэрхийлсэн!
Бизнесийн байгууллагууд маркетингдаа дижитал сувгуудыг илүүтэй ашиглах болсноор дата аналитик, сошиал медиа контент, хайлт системийн чиглэлд байгууллагынхаа чадавхийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Эдгээр ур чадвар нь одоо цагийн маркетингийн багийн хувьд зайлшгүй зүйл ч жижиг, дунд байгууллагуудын дийлэнх нь энэ талбарт чадавхжуулахад анхаарч байгаа гэж хариулсан нь цар тахал дижитал маркетингийн хувьд шилжилтийг илүү түргэвчлүүлсэн гэж дүгнэхэд хүргэж байна.
15. Маркетинг хариуцсан захирлуудын 79% нь одоогийн зах зээлдээ тулгуурласан хэт өөдрөг биш өсөлтийн бодлогыг баримтлаж байна!
Маркетерүүдийн дийлэнх нь өөрсдийн маш сайн мэдэх зах зээл, хэрэглэгчид болон бүтээгдэхүүндээ эрчимтэй хөрөнгө оруулалт хийхийг илүүд үзэхийн хамт энэ нөхцөл байдалд аз туршсан зүйл хийх бодолгүй байна.
Учир нь цар тахлын нөлөөгөөр шинэ зах зээлд өргөжин тэлэх боломж эрс буурсан тул одоо байгаа хэрэглэгчдээ хадгалж авч үлдэх нь нэн чухалд тооцогдох болжээ.
16. Хэрэглэгчдийн 23% нь лайв стрийминг видеог илүүд үзэх төлөвтэй байна!
Цар тахлын нөхцөл байдлын дараа ч хэрэглэгчдийн 1/4 нь лайв онлайн арга хэмжээнд идэвхтэй оролцох хандлагатай байна.
Хүмүүсийн биечилсэн цугларалт багассантай холбоотойгоор олон бизнесийн байгууллагууд онлайнаар хоорондоо харилцах болон хурал зөвлөгөөн, бүтээгдэхүүний нээлт, хэлэлцээр арга хэмжээнүүдээ лайв стриймингээр зохион байгуулах боломж бүрдэж байна.
17. Хэрэглэгчид бизнесийн байгууллагуудыг мобайл дижитал харилцаа холбооны хувьд хоцрогдсон хэвээр байгаа гэж үзэж байна!
Хэрэглэгчдийн 75% нь онлайн сагсан дахь зүйлсийг нь мэссэжээр сануулахад тун таатай байдаг. Гэвч бизнесийн байгууллагуудын 39% нь л үүнийг хэрэгжүүлж байна.
Тиймээс маркетерүүд зөвхөн сошиал медиагаар хязгаарлагдахгүйгээр бүхий л дижитал сувгуудыг ашиглан хэрэглэгчидтэй харилцах, мэдээлэл хүргэх, захиалгын үе шатыг хялбарчилахад анхаарвал борлуулалтын сувгийг илүү үр ашигтай болгон идэвхжүүлж, хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгахад үр ашигтай нөлөөлөх болно хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.
18. Энэ жил байгууллагуудын өөрсдөө гардан хэрэгжүүлж буй дижитал маркетингийн топ арга хэрэгслүүдэд имэйл маркетинг (66%), веб сайт (63%), сошиал медиа маркетинг (52%) багтжээ!
2020 онд бүхэлдээ маркетингийн төсөвт дарамт үзүүлсэн санхүүгийн асуудалтай жил байлаа. Тиймээс бизнесийн байгууллагууд гаднын маркетингийн агентлагуудад найдах нь багасч, оронд нь дотоод нөөцөө маркетингийн зорилгодоо хүрэхэд ашиглаж байна.
Түүнчлэн дижитал маркетингийн төсөв нэмэгдсэн ч нөлөөлөгчидтэй хамтран ажиллах нь буурсан гэнэ. Шалтгаан нь шинэ дүрэм, журам, нээлттэй байдал хамгийн гол нь бодит бус, итгэл үнэмшилтэй байдал дутмаг байдагтай холбоотой гэнэ.
Мөн жижиг дунд бизнесүүдийн 2/3 нь имэйл, веб хуудас хамгийн чухал нь гэсэн бол тэдний дөнгөж тал хувь нь л сошиал медиа платформуудыг илүү үр дүнтэй ашиглах боломж бий гэж хариулжээ.
19. Бизнесийн байгууллагуудын 67% нь хямралтай холбоотойгоор маркетингийн стратегидаа өөрчлөлт оруулсан эсвэл оруулж байна гэж хариулжээ!
Жижиг, дунд байгууллагуудын 2/3 нь маркетингийн бүх үйл ажиллагаандаа дижитал шилжилтийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шийдвэр гаргалтанд шаардлагатай хэрэглэгчийн мэдээллийг боловсруулан, нэгтгэн, шинжлэх технологийн шийдлээс эхлээд, илүү үр дүнтэй сошиал медиа стратеги гээд бүхий л шатанд дижитал маркетингийн сайжруулалтдаа бодит анхаарал хандуулж эхэлжээ.
Бүхий л байгууллага энэхүү талбарт анхаарах нь зүй ёсны хүлээлт байсан хэдий ч 2020 он жинхэнээсээ энэ бүхнийг хурдасгасан жил боллоо.
20. Маркетингийн удирдлагуудын 65% нь COVID-н дараа ажлын байраа шинэчлэх төлөвтэй байна!
Маркетингийн удирдлагын 2/3 нь цар тахлын дараа ажлын байрны орчин, оффисоо шинэчлэн зохион байгуулна гэдгээ илэрхийлсэн байна.
Хэдийгээр олон бизнесийн байгууллагууд гэрээс ажиллах горимд бүрэн шилжих сонирхолтой байгаа ч зарим байгууллагуудын хувьд маркетингийн багаа илүү үр бүтээлтэй ажиллах, хамтын ажиллагааг дэмжих ажлын орчин бий болгох сонирхолтой байгаа аж.
Эцэст нь
Цар тахлын өнөөгийн нөхцөл байдал нь бизнесийн байгууллагууд тэр дундаа маркетерүүдийн ажиллах арга барил, бодлого, шийдвэрт хэрхэн нөлөөлж буй талаар стастистик мэдээллүүдийг танд хүргэлээ. Бидний нийтлэлийг уншсан танд талархал илэрхийлье.