Google Ads нь Google-н онлайн сурталчилгааны платформ. Та Google ашиглан хэрэгтэй зүйлсээ хайдаг бол энэхүү платформыг ашигласан олон, олон сурталчилгааг харж байсан нь лавтай.
Яг тэр хайлтын үр дүнд гарч ирдэг сурталчилгаанууд шиг та ч бас Google Ads-Google сурталчилгааг ашиглан өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах тэр хүмүүст нь, хэрэгтэй байгаа тэр цагт нь маркетингийн мэдээллээ хүргэх боломжтой. Доорх зургаас та Google хайлтын үр дүнгийн хуудсыг харж байна. Хамгийн дээр байрлах Ad гэсэн тэмдэглээ бүхий хэсэг нь Google сурталчилгааны хэсэг бол удаах хэсэг нь ердийн органик хайлтын үр дүнг бидэнд харуулдаг.
Google Ads-г ашиглан зөвхөн хайлтын үр дүнд харуулах сурталчилгаанаас гадна баннер болон видео сурталчилгаа явуулах боломжтой. Үндсэн дараах үндсэн 3 төрөлд ангилж болно:
Хайлтын сурталчилгаа – энэ сурталчилгааны төрлийг ашигласнаар таны сурталчилгаа Google-н хайлтын үр дүнгийн илэрц хэсэгт харагдах болно. Ердийн хайлтын үр дүнд гарч ирдэг холбоосуудын дээд талд. Ийм төрлийн сурталчилгааг та Google-р хайлт хийх үедээ зөндөө л харсан байх.
Display буюу баннер сурталчилгаа – энэ сурталчилгааны төрлийг ашиглан та өөрийн сурталчилгааг Google Display Network хэмээх аварга сүлжээнд нэгдсэн олон төрлийн вэб хуудсанд байршуулж болдог. Танай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох магадлалтай гэж Google үзсэн шинэ боломжит хэрэглэгчдэд хүрэх, эсвэл танай вэбээр зочлосон хүмүүст дахин сурталчилгаа хүргэх үед ашиглагддаг. Хэрэв өмнө нь танд ямар нэг вэб, эсвэл брэнд таныг онлайн орчинд дагаад байгаа мэт сэтгэгдэл төрж байсан бол энэхүү дахин сурталчилгааны аргыг ашигласан байх магадлалтай.
YouTube сурталчилгаа – таныг видео үзэх үед тухайн видео эхлэхээс өмнө тоглуулахаар байрлуулсан сурталчилгааны видео эсвэл Youtube-н видеоны хажууд, дээр нь харагдах сурталчилгааны баннеруудыг та анзаарч байсан байх. Эдгээр сурталчилгааг энэхүү сурталчилгааны төрлийг ашиглан хийж байгаа гэсэн үг. Алгасаж болох эсвэл болохгүйгээр видео сурталчилгаагаа байршуулж болно.
Хялбархан
Хамгийн эхний шалтгаан нь сурталчилгаагаа хүн бүр өөрийн зорилгод нийцүүлэн удирдах уян хатан, хялбар шийдэл нь. Сурталчилгааны төсөв, хугацаа, хүргэх хүмүүс, тэдний сонирхол, байршил, хэрэглэж буй төхөөрөмж гэх мэт бүхий л үзүүлэлтийг та өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогт тохируулан сонгох боломжтой. Мөн сурталчилгаагаа зогсоох, дахин эхлүүлэхэд хулганы нэг л товшилт хангалттай.
Сурталчилгаагаа хүргэх олон сонголтууд
Зорилтот сегмент сонгох: Сурталчилгаагаа хүргэх зорилтот сегментээ нас, хүйс гэх мэт хүн ам зүйн үзүүлэлтүүдээс эхлээд байршил, сонирхол, интернэт хэрэглээний түүх гэх мэт өргөн сонголт бүхий үзүүлэлтийг харгалзан сонгож болно. Яг хэнд сурталчилгаагаа хүргэх вэ гэдгээ мэдэж байгаа тохиолдолд яг л тэр хүмүүстээ хүргэж болохоос гадна энэ талаар яг таг мэдэхгүй байгаа бол өөр, өөр сегментийг сонгон туршилт хийх ч боломж бий. Эхний үед ийм төрлийн туршилтууд хийх нь сурталчилгааны үр дүнг дээшлүүлэх тун оновчтой арга болдог.
Ремаркетинг, дахин онилох: Танай вэб хуудас руу хандан, бараа, бүтээгдэхүүн сонирхон, сагсандаа нэмсэн хэдий ч худалдан авалт хийгээгүй хүмүүст дахин сурталчилгаа хүргэх боломжийг Google сурталчилгаа олгодог. Энэ нь танай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаагаа илэрхийлсэн хүмүүст дахин сануулах, сурталчилгаа хүргэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг.
Сурталчилгааны төрлүүд: Google сурталчилгаа хийхдээ маркетингийн зорилгодоо нийцүүлэн зөвхөн текстээс гадна зураг, видео гэх мэт төрөл бүрийн контент ашиглаж болохоос гадна сурталчилгаа дээр дарсан тохиолдолд зөвхөн вэб холбоосоос гадна аппликейшн татаж авах, утсаар холбогдох, газрын зураг дээрх байршлын мэдээллээ илгээх мэт функцыг агуулсан байх боломжтой. Онлайн сурталчилгааны хувьд вэб хуудас руу хандуулах нь хамгийн чухал ч хэрэглэгчдэд утсаар холбогдох, шууд танай байршлын мэдээллийг авах гэх мэт сонголтыг үлдээх нь худалдан авалтын замналыг хялбаршуулж, танай хэрэглэгч болоход дөхөм болох зүйлүүдийн нэг билээ.
Үр дүнгийн тайлан, үнэлгээ
Google сурталчилгааны хувьд дурьдахгүй байж болохгүй бас нэгэн өгөөж нь үр дүнгийн нарийвчилсан үнэлгээ болон дараа, дараагийн маркетингийн кампанит ажлуудад хэрэг болох мэдээллийг гаргаж өгдөгт байдаг. Google Analytics-тай хамтад нь ашигласнаар өөрийн вэб дээрх хэрэглэгчдийн үйлдэл, замналыг судлаж, өөрийн вэбийн алдаа, дутагдлыг олж харах ч боломжтой. Түүнчлэн Google-н сурталчилгааны үр дүнгээс танай салбарын, танай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой өргөн хэрэглээ бүхий түлхүүр үгнүүдийн талаарх баялаг мэдээллийг авч чадна. Энэхүү мэдээллийг та сурталчилгааныхаа үр дүнг сайжруулахад ашиглахаас гадна SEO-хайлтын системийн оновчлол, контент маркетинг гэх мэт дижитал маркетингийн бусад үйл ажиллагаандаа ашиглаж болно.
Google сурталчилгаа нь брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэхэд ГАЙХАЛТАЙ үр дүнтэй
Google сурталчилгааны хувьд зөвхөн хэрэгтэй зүйлээ хайж буй хүмүүст чиглэсэн шууд сурталчилгааны зорилгоос гадна нь брэндингийн кампанит ажлуудад ашиглах боломжтой. Брэндийн танигдсан байдал нь худалдан авалттай шууд холбоотой гэдэг утгаараа энэ төрлийн сурталчилгааг Google сурталчилгаа ашиглан хийх нь тохиромжтой байдаг. Маркетингийн долоогийн дүрмийн дагуу танай брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг дор хаяж 7 удаа хүлээн авсаны дараа хүмүүс танайхаас худалдан авалт хийхэд бэлэн болдог гэсэн онол юм. Түүнээс гадна брэндийн танигдсан байдал, танайд итгэх итгэл нь хэрэглэгчийн худалдан авалтын замналын үе шат бүрт зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг. Танайхыг огт мэдэхгүй, итгэдэггүй бол өөр л сонголт хийнэ гэсэн үг шүү дээ.
Энэ ч утгаараа Google сурталчилгааны display буюу баннер сурталчилгааны төрлийг бизнесийн байгууллагууд өргөн ашигладаг. Энэхүү сурталчилгааны төрөл нь хайлтын системийн сурталчилгаатай харьцуулахад хямд зардалтай байдгийг ч мөн сануулах хэрэгтэй байх.
Google дээр хайлт бүр санамсаргүй, тохиолдлын зүйл биш харин ч тухайн хүний хувьд яг одоо хэрэгтэй хэрэгцээт мэдээлэл, бараа, бүтээгдэхүүний талаар хайж байдаг. Тийм ч учраас худалдан авалт хийх магадлалтай өндөртэй, бэлэн эрэлтийн талаар ярьж байна гэсэн үг. Энэ нь хайлтын системийн сурталчилгааг баннер сурталчилгаанаас өндөр үнэтэй болгодог. Харин баннер сурталчилгааны хувьд бид өөрийн сурталчилгааг олон төрлийн хэмжээ, загвартайгаар бэлтгэн Google-н сурталчилгааны сүлжээн дэх маш олон вэб хуудсанд байршуулдаг. Гэхдээ төлбөрийн хувьд хүмүүст харагдснаар биш харин манай сурталчилгаа дээр дарснаар (PPC) нь бид төлбөр төлдөг. Энэ нь зарим тохиолдолд брэндийн сурталчилгааг үнэ төлбөргүйгээр хийх боломж олгодог сайн талтай.
Google сурталчилгаа үүсгэх нь харьцангуй хялбар бас хугацаа шаардаад байхгүй зүйл. Шалтгаан нь эхнээс нь эхлээд дуустал нь таныг хялбар аргачлал, зааврын дагуу хөтлөөд аваад явчихна. Хамгийн эхлээд Google Ads-н вэб хуудсанд зочлон “Start Now” товч дээр дар.
Таныг дараалсан хэд хэдэн алхамын дагуу хөтлөн цааш явсаар сурталчилгаагаа үүсгэн, идэвхжүүлэх болно. Хэрэв зураг, текст бэлэн байсан бол хэдхэн минутын дотор л сурталчилгаа хүмүүст хүрч эхэлнэ.
Энэхүү нийтлэл, цахим ном таны сонирхолыг татаж хамгийн эхнийхээ Google Ads-н сурталчилгааг эхлүүлэхээр шийдсэн үү. Гэхдээ өмнө нь хэд хэдэн зүйлсийг анхаарах хэрэгтэй шүү:
Сурталчилгааны зардлаа төсөвлө. Ингэхдээ улирлын нөлөөллийг бас тооцоорой. Жишээ нь аялал, жуулчлалын салбарт хэзээ хайлт хамгийн өндөр байдгийг олж мэд. Энэ мэтээр бизнесийн онцлогоо харгалзан үз. Мэдээж хэрэглэгчдийн хувьд худалдан авалтын шийдвэр гаргахаас өмнөх судалгааны үе ч бас байгаа тэр үе шатыг мөн харгалзан үзээрэй.
Сурталчилгааны зорилгоо тодорхойл. Мэдээж борлуулалт хамгийн чухал нь гэхдээ өөр бизнесийн зорилго юу байж болох вэ? Шинэ lead-сэжим, боломжит хэрэглэгчдийн мэдээлэл танайд хэрэгтэй юу? Эсвэл утсаар шууд холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах нь чухал уу? гэх мэт.
Нэгжийн зардлаа (ROI буюу сурталчилгааны зардлын өгөөж) мөн тооц. Зарим салбарын хувьд өрсөлдөөнөөс шалтгаалан нэгжийн зардал өндөр байх нь бий. Энэ нь танай маркетингийн зардлыг нэмэгдүүлнэ. Иймд аль бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах вэ? гэдгээ сонгоход энэ тооцоо, судалгаа хэрэг болно.
Танай зорилтот хэрэглэгч хэн бэ? Энэ талаар маш сайн зөв сонголт хийх ёстой шүү. Жишээ нь тансаг зэрэглэлийн аялал зохион байгуулдаг байгууллага үүргэвчтэй аялагчдад сурталчилгаагаа харуулаад байх нь үр дүнгээ авч ирэхгүй болов уу! Хэрэглэгчдийнхээ талаар та хэр их мэддэг вэ? Тэд ямар түлхүүр үг ашиглан хайлт хийдэг бол? Ямар вэб хуудсанд ханддаг бол?
Шууд борлуулалтанд л анхаарал хандуулах уу? эсвэл брэндингтээ анхаарах уу? Энэхүү асуултын хариу мөн сурталчилгааны түлхүүр үг, хаана сурталчилгаагаа байршуулах вэ? гэх мэт асуултуудад хариу өгөх ёстой. Дээр өгүүлсэнчлэн Google Display Network-р дамжуулан баннер сурталчилгаа явуулах нь брэндийн танигдсан байдалд эерэг нөлөө үзүүлэх болно гэдгийг мартаж болохгүй шүү.
Google сурталчилгаа үүсгэх, удирдахад тань дараах нэр томъёо алхам бүрт таарна. Зарим нэр томъёо зөвхөн Google Ads-т л хэрэглэгддэг бол ихэнх нь энэ төрлийн онлайн сурталчилгаанд ч хамаатай байдаг.
AdRank
AdRank таны сурталчилгааны байршлыг тодорхойлно. Өндөр байх тусам сурталчилгаа дээгүүр байршина, олон хүний хараанд тусна, вэб хандалт нэмэгдэх боломжтой болно. AdRank нь таны үнийн санал болон сурталчилгааны чанарын онооны үржвэр байдаг.
Bidding
Google Ads нь үнэ хаялцах зарчим дээр тулгуурласан бөгөөд та өөрийн сурталчилгаан дээрх даралт бүрт төлөхийг хүсч буй дээд үнээ оруулах ёстой байдаг. Үнэ санал болгох дараах 3 сонголт бий: CPC, CPM, CPE.
Click-Through Rate (CTR)
Сурталчилгаан дээр дарсан хүний тоог нийт хэдэн удаа тухайн сурталчилгаа харагдсан тоонд нь харьцуулсан харьцаа. Өндөр байх тусам сурталчилгааны чанар сайн байгааг илтгэдэг.
Conversion Rate (CVR)
Conversion Rate нь өргөн ашиглагддаг үр дүнгийн хэмжүүрүүдийн нэг бөгөөд танай вэбд хандсан хүмүүсийн хэдэн хувь нь таны хүсч буй үйлдлийг гүйцэтгэснийг харуулдаг үзүүлэлт. (Жишээ нь маягт бөглөх, худалдан авалт хийх гэх мэт.) CVR өндөр байх нь танай газардах хуудасны чанарыг харуулах үзүүлэлт болох нь бий.
Display Network
Google-н сурталчилгааг хайлтын үр дүнгийн хуудас эсвэл Google-н Display Network (GDN) хэмээх олон вэб хуудсыг нэгтгэсэн сүлжээн дэх вэбүүдэд харуулдаг. GDN нь өөрийн вэб дээр сурталчилгаа байршуулахыг зөвшөөрсөн вэб хуудаснуудын сүлжээ гэж ойлгож болно.
Ad Extensions
Ad Extensions гэдэг нь та өөрийн сурталчилгаа дээр ямар нэг нэмэлт зардалгүйгээр утасны дугаар, байршил болон бусад мэдээллийг нэмэх боломжийг хэлдэг.
Keywords
Google хайлтын хэрэглэгч хайлтын цонх дээр хайх зүйлээ бичин хайхад, Google тухайн хэрэглэгчид хэрэгтэй гэж үзсэн хайлтын үр дүнг харуулдаг. Энэхүү бичсэн хайлтаас та өөрт тохирсон түлхүүр үгийг сонгон, хайлтын үр дүнтэй хамт өөрийн сурталчилгааг харуулахаар тохируулдаг. Жишээ нь хэн нэгэн “хэрхэн facebook сурталчилгаа хийх вэ?” гэсэн асуултыг Гүүглээс хайсан бол “facebook сурталчилгаа” гэсэн түлхүүр үгийг сонгон тохируулсан сурталчилгаа тухайн хүнд харагдах болно гэсэн үг.
Negative Keywords гэдэг нь таны сурталчилгаагаа харуулахгүй байхаар сонгосон түлхүүр үгийн жагсаалтыг нэрлэдэг. Google эдгээр үгээр хайсан хайлтын үр дүнд танай сурталчилгааг гаргахгүй гэсэн үг.
PPC
Pay-per-click бюуу PPC нь онлайн сурталчилгааны төрөл бөгөөд сурталчилгаа явуулж буй хүн өөрийн сурталчилгаан дээр хэрэглэгч дарсан тохиолдолд л төлбөр төлдөг. PPC нь зөвхөн Google-н сурталчилгаа ч биш интернэт сурталчилгааны бүхий платформуудад түгээмэл хэрэглэгддэг сурталчилгааны төрөл.
Дижитал маркетингт түгээмэл хэрэглэгддэг нэр томъёог Монгол хэлээр тайлбарласан Дижитал маркетингийн нэр томъёоны лавлах-ыг эндээс үзнэ үү.
Google сурталчилгааны хамгийн чухал гайхалтай давуу тал нь хэрэгтэй хүнд, хэрэгтэй цагт нь танай сурталчилгааг хүргэж чаддаг нь! Гэхдээ мэдээж эхний оролдлогоор, хамгийн эхний сурталчилгаагаараа л амжилт олно гэдэг бодит байдалтай төгс нийцэхгүй болов уу? Бидний эхний сурталчилгаа түлхүүр үгийн сонголт, үйлдэлд дуудсан, анхаарал татах текст, газардах хуудас гэх мэт олон хүчин зүйлсээс болж хүлээлтээс доогуур үр дүн авч ирэх нь элбэг.
Тийм ч учраас яг энэ төрлийн сурталчилгаа хийх болон дижитал маркетингийн бусад аргачлалуудын талаар хөтөлбөртөө багтаасан ИНТЕРНЭТ МАРКЕТИНГИЙН ОНЛАЙН СУРГАЛТ-г бид санал болгодог.
Мөн доорх холбоотой мэдээлэл ч таны маркетингийн үйл ажиллагаанд тус болно гэдэгт итгэлтэй байна.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД: