Байгууллагын вэб хуудасны хамгийн ЧУХАЛ бүрэлдэхүүн хэсэг – Google Analytics
Хэрэв танай байгууллага вэб хуудастай бол интернэт, сошиал медиаг маркетингтаа идэвхтэй ашиглаж байгаа бол ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ВЭБ ХУУДАС, ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ТАНЬ ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ ЧУХАЛ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ нь Google Analytics.
Яагаад? Доор хамгийн энгийн 10 шалтгааныг жагсаалаа. Google Analytics-г вэб дээрээ тохируулаагүй байгаа бол ТА заавал анхаарал хандуулан уншаарай!
Яг хэрэг болох тэр үед хэрэгтэй мэдээлэл танд байх ёстой.
Та вэб хуудасныхаа хандалт, хэрэглэгчдийн мэдээллийг анхнаасаа л цуглуулан ашиглаж ирсэн байж магадгүй. Эсвэл одоохондоо тийм цаг зав гараагүй эсвэл шаардлага ч байхгүй байсан байж болно. Гэхдээ жилийн эцэст контент маркетингийн үр дүнгээ эргэн харах хэрэг гарвал яах вэ? Ямар нийтлэлийг тань хамгийн олон хүн уншиж байна? Вэб хуудасны чинь аль хуудас хамгийн өндөр хандалттай байна? гэх мэт олон асуултанд хариу хэрэг болбол яах вэ? 1 жилийн дараа маркетингийн томоохон компанит ажил эхлэхэд мэдээлэл хэрэгтэй болбол яах вэ? Эхнээсээ л Google Analytics-аа тохируулан вэб хуудасныхаа мэдээллийг цуглуулж байгаа бол хэрэгтэй мэдээлэл таныг хүлээгээд л сууж байх болно. Харин эсрэгээрээ Google Analytics-аа ашиглаж эхлээгүй бол танд тун хэрэгтэй мэдээлэл ХЭРЭГТЭЙ ҮЕД байхгүй байнаа л гэсэн үг.
Танай байгууллагын вэб рүү хүмүүсийг авч ирээд байгаа зүйл нь юу вэ гэдгийг мэдэж авах нь ЧУХАЛ.
Онлайн сурталчилгааны үр дүн ямар байгаа вэ? Сошиал медиа постууд үр дүнгээ өгч байна уу? Вэб хуудасны хандалт яг хаанаас ирж байна? Эдгээр асуултанд хариулахын тулд Google Analytics-н “Acquisition” гэсэн цэс дээр дарахад л хангалттай. Танай вэб хуудасны хандалтын хэдэн хувь нь хаанаас орж ирж байгааг Үнэгүй хайлт-organic search, Төлбөртэй сурталчилгаа-Paid, Өөр вэб хуудас дээрх линк-referrals, Сошиал медиа-social media болон Шууд танай вэб хаягийг оруулан хандаж буй хандалт-direct гэсэн ангилалаар гарган харуулдаг. Эдгээр ангилал нь ч цааш илүү дэлгэрэнгүй задаргаа мэдээлэлтэй. Ямар үгээр хайсан хүмүүс танай вэб хуудсыг олж хандаж байна. Ямар сайтууд дээрээс танайхыг олж ирж байна. Сошиал сүлжээнүүдээс Facebook, twitter, Instagram, LinkedIn-н аль нь хамгийн өндөр хандалтыг танайх руу илгээж байна гэх мэт.
Танай байгууллагын вэб хуудасны уншигчдаа хэн бэ гэдгийг нь таних бас л хэрэгтэй зүйл.
Вэб хуудас дээрээ шинэ мэдээлэл бэлтгэх үед хэн энэ нийтлэлийг маань унших вэ гэдэг асуултын хариу уг нийтлэлийн агуулга, бичлэгийн хэлбэр, ашиглах зураг гэх мэт олон сонголтод шууд нөлөөлдөг. Үүнд танай вэб рүү хандсан хүмүүсийн талаарх Google Analytics-н мэдээлэл хэрэг болно. “Audience” цэс дээр даран танай вэбд хандсан хүмүүс хаанаас, аль улсаас хандаж байгааг, ямар хэлтэй, тэдний нас, хүйс, сонирхол гэх мэт үзүүлэлтүүдийг харж болно. Хэрэглэгчдээ таньж авахад тун чухал хэрэгсэл.
Танай байгууллагын вэб хэрэглэгчид ямар технологи ашигладаг талаарх мэдээлэл.
Google Analytics-н “Technology” цэс танд танай вэбд хандсан хэрэглэгчид ямар интернэт хөтөч ашигладаг, үйлдлийн систем нь юу болох, суурин компьютер, гар утас аль нь тэдний голлон ашигладаг төхөөрөмж болох талаарх мэдээллийг өгнө. Танай вэбийн хэрэглэгчид Chrome, Safari, Firefox, Internet Explorer зэрэг интернэт хөтөчийн алийг сонгож байна? Танай вэб эдгээр интернэт хөтөчөөс хандахад бүрэн дүүрэн алдаагүй ажиллаж чадаж байгаа эсэх? Вэб хуудас чинь гар утас хэрэглэгчдэд хэрхэн харагдаж байна? гэх мэт олон асуултын хариуг эндээс авч болно.
Хүмүүс танай байгууллагын вэбийн аль хуудсанд илүү удаан хугацааг зарцуулж байна гэдэг үзүүлэлт.
“Behavior” цэс танд вэбийн тань аль хуудас хамгийн өндөр хандалт хүлээн авч байна, хүмүүс хэр хугацааг танай вэбд өнгөрөөж байна? гэдэг мэдээллийг өгнө. Энэ нь хамгийн өндөр хандалт авч буй эсвэл хамгийн их хугацааг өнгөрөөж буй хуудасны юу нь бусад хуудаснаас илүү байна, үүнийг бусад хуудас дээрээ ч мөн оруулах боломжтой юу гэх мэтээр вэб хуудсаа илүү сайжруулахад тань тус болох болно.
Хүмүүс танай байгууллагын вэб хуудастай танилцахдаа ямар дарааллаар замнадаг талаарх мэдээлэл.
Вэбд хандсан хүмүүс зөвхөн нэг хуудас үзээд л вэбийг тань орхиж байна уу? Эсвэл бусад хуудас бүрийг нэг бүрчлэн үзэж байна уу? “Behavior Flow” хэсгээс хүмүүс танай вэбийн аль хуудаснаас эхлэн ямар хуудсаар дамжин хаана хүрч байгаа замыг гайхалтай дүрслэсэнийг харж болно. Хүмүүсийн хэдэн хувь нь эхний хуудаснаас хоёрдох хуудсанд шилжиж байгааг хэдэн хувь нь гурав дах хуудсанд шилжиж байгаа гэх мэт мэдээлэл энд бий.
Холбоотой:
ДИЖИТАЛ МАРКЕТИНГ СУРГАЛТ: Бидний зохион байгуулдаг ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН СУРГАЛТААР та Google Analytics болон Google AdWords, Блог, Имэйл маркетингийн талаарх онлын мэдлэг, хэрэглээний жишээтэй танилцах боломжтой.
Ямар хуудаснаас хүмүүс хамгийн ихээр танай вэбийг орхиж байгаа талаарх мэдээлэл.
“Behavior” хэсгээс “Landing Pages” буюу газардах хуудас эсвэл “Exit Pages” буюу эцсийн хуудас гэсэн мэдээллийг авч болдог. Хүмүүс зөвхөн нэг хуудас үзчихээд шууд танай вэбээс гарч байна уу? Аль хуудаснаас хүмүүс хамгийн ихээр вэбийг тань орхиж байна? гэдэг асуултанд энэ хэсэг хариу өгнө. Хүмүүсийн танай вэбийг орхиж байгаа тэр хуудасны хувьд алдаа нь юу байна? Яагаад үргэлжлүүлэн манай вэб хуудсаар аялахгүй байна? Тухайн хуудасны хувьд асуудал нь хаанаа байна? Сэдэв, агуулга нь уу эсвэл бүтээгдэхүүн нь үү? аль нь болохгүй байгааг мэдэж засч авахад энэ мэдээлэл чухал үүрэгтэй.
Хуудас бүрийн дуудах хурд ямар байгааг мэдсэнээр вэб хөгжүүлэлтийн алдаагаа ч олж харж чадна.
Мэдээж дуудах хурд зарим талаар интернэтийн хурдтай холбоотой ч асуудал хаанаа байгааг харахад тус болох мэдээллийн нэг. Худалдан авалтын хэсэг хэт удаан дуудаж байгаагаас хамгийн эцсийн мөчид худалдан авагчид вэбийг тань орхиод байгаа юм биш байгаа. Дуудах хурдыг хэмжихээс гадна асуудал байгаа бол хэрхэн шийдэх арга замыг нь мөн Google Analytics санал болгодог.
Шинэ болон хуучин хэрэглэгчдийн харьцаа мөн л хэрэгтэй мэдээлэл.
Шинэ хэрэглэгчдийг татах, хуучин хэрэглэгчдээ тогтоон барих ажлууд тань хэр үр дүнтэй байна. Хүмүүс байнга хандаж байхаар хэрэгтэй мэдээлэл агуулж байна уу танай вэб? Шинэ болон хуучин хэрэглэгчдийн харьцаа хэрхэн өөрчлөгдөж байна? Шинэ хэрэглэгчид татах эсвэл хуучин хэрэглэгчдээ тогтоон барих аль маркетингийн тактикийг сонгох вэ? Эдгээр асуултын хариуг эндээс л авах боломжтой.
Онлайн маркетингийн ROI буюу үр дүнг тооцох.
Ердийн танилцуулах хуудас, цахим худалдааны сайт, контент маркетингийн вэб аль нь ч бай үр дүнг тооцох тийм ч хялбар биш. Гэхдээ Google Analytics яг энд хэрэгтэй мэдээллийг цуглуулан танд өгөх болно.