2023 онд дэлхий нийтээр сошиал медиа хэрэглэгчдийн тоо 5 тэрбум-н босгыг давж, 266 саяар нэмэгджээ. Түүнчлэн дундаж сошиал медиа хэрэглэгч 2 цаг 23 минутыг сошиалд зарцуулж, шоппинг хийхээс эхлээд, найз нөхөдтэйгээ холбогдох, цагийг зугаар өнгөрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл хайх зэргээр ашиглаж байна…
We are Social жил бүр эрхлэн гаргадаг Global Digital Report 2024 цуврал тайлан нийтлэгджээ. Сүүлийн 10 гаруй жилийн турш уламжлал болон нийтлэгдэж буй уг тайлангийн энэ удаагийн дугаараас дараах гол үзүүлэлтүүдийг эмхтгэн багцаллаа:
- Сошиал медиа хэрэглэгчдийн тоо 5 тэрбумын босгыг давлаа;
- Instagram хэрэглэгчдийн хамгийн дуртай сонгодог сошиал медиа платформ боллоо;
- Сошиал медиа хэрэглэгчид өдөрт дунджаар 2 цаг 23 минутыг сошиалд зарцуулж байна;
- Онлайн маркетингийн өсөлт үргэлжилж, дижитал сурталчилгааны төсөв огцом нэмэгджээ;
Тайланг бүрэн эхээр нь харах бол энд дарна уу. Харин бидний бэлтгэсэн маркетерүүдийн мэдэх ёстой статистик мэдээллийг багтаасан нийтлэлийг үргэлжлүүлэн уншина уу.
Өнгөрсөн жил сошиал медиа хэрэглэгчдийн тоо 5.04 тэрбумд хүрлээ.
Дэлхий даяар “дижитал хэрэглээ”-ний ерөнхий дүр төрхийг тодруулах үндсэн тоон үзүүлэлтүүд:
- Дэлхийн хүн ам: 2024 оны 1-р сарын байдлаар дэлхийн хүн ам 8.08 тэрбум, жилийн дундаж өсөлт 0,9%.
- Гар утас хэрэглэгчид: Дэлхийн хүн амын гуравны хоёроос илүү нь (69.4 хувь) гар утас хэрэглэж байгаа бөгөөд 2024 оны эхэнд гар утас хэрэглэгчдийн тоо давтагдаагүй тоогоор 5.61 тэрбумд хүрчээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхий нийтээр гар утас хэрэглэгчдийн тоо 2.5% өсөж, 138 сая шинэ гар утас хэрэглэгчид нэмэгджээ.
- Интернет хэрэглэгчид: 2024 оны эхээр дэлхий дээрх нийт интернет хэрэглэгчдийн тоо 5.35 тэрбум болж, нийт хүн амын 66.2%-тай тэнцэж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд интернет хэрэглэгчдийн тоо 97 сая буюу 1.8% өссөн байна.
- Сошиал медиа хэрэглэгчид: 2024 оны 1-р сарын байдлаар дэлхий даяар нийт 5.04 тэрбум сошиал медиа хэрэглэгчид байгаа бөгөөд дэлхийн нийт хүн амын 62.3% нь сошиал медиа ашиглаж байна. Сошиал медиа хэрэглэгчдийн тоо дэлхий даяар сүүлийн 12 сарын хугацаанд 5.6 хувиар өсч, 2023 онд 266 сая шинэ хэрэглэгч сошиал медиад нэгджээ.
Сошиал медиа хэрэглэгчдийн тооны өсөлт: 25 жилд
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд сошиал медиа хэрэглэгчдийн тооны өсөлт интернэт хэрэглэгчдийнхээс илүү хурдтай байсан.
2023 оны эцэст сошиал медиа хэрэглэгчдийн тоо 5.04 тэрбумд хүрсэн нь 2012 оныхтой харьцуулахад 3.4 дахин өндөр үзүүлэлт бөгөөд жилд дунджаар 19%-н хурдтай өссөн гэсэн үг.
Харин интернэт хэрэглэгчдийн тоо 2012 оноос хойш жилд дунджаар 4% өссөн байна.
Сонирхуулахад өнгөрсөн жилийн хугацаанд 266 сая шинэ хэрэглэгч сошиал медиа хаягтай болсон нь дунджаар өдөрт 700 мянга гаруй, секунд тутамд 8.4 шинэ хаяг нээгдсэн гэж болох нь.
Сошиал медиа хэрэглэгчдийн сонголт:
Хүмүүсийн хамгийн “дуртай” сошиал медиа платформын жагсаалтыг Meta-н аппууд тэргүүлж байна, урьдын л адил.
Гэхдээ бага зэрэг байр өөрчлөгдсөн. Instagram жагсаалтын 1-т орж ирсэн бол Facebook 3 дугаар байрт ухарчээ.
Гэхдээ тийм ч их саналын зөрүүтэй биш: Судалгаанд хамрагдсан интернэт хэрэглэгчдийн 16.5 хувь нь Instagram тэдний дуртай платформ гэсэн бол 12.8 хувь нь Facebook гэж сонгожээ.
Meta-н бас нэгэн платформ болох WhatsApp – насанд хүрсэн интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан судалгааны үр дүнд 16.1 хувийн саналаар жагсаалтын аман хүзүүнд оржээ.
Сошиал медиад зарцуулж буй хугацаа:
Хүмүүс өдөрт дунджаар 2 цаг 23 минутыг сошиал медиад зарцуулдаг нь нийт интернэтэд зарцуулдаг хугацааны 36 хувийг буюу хамгийн өндөр хэрэглээг эзэлдэг юм байна.
Бидний 1 өдөрт сошиал медиа ашиглахад зарцуулж буй хугацаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд өмнөх жилийнхээс дунджаар 8 минутаар (-5.5 хувиар) буурчээ.
Сошиал медиа апп хэрэглээ:
App Annie-ийн судалгаа нь гар утасны аппликейшны хэрэглээг Андройд үйлдлийн систем хэрэглэгчдийн мэдээлэлд үндэслэн гаргажээ.
TikTok хэрэглэгчид Android үйлдлийн систем бүхий гар утасны TikTok аппыг ашиглахдаа сард дунджаар 34 цаг зарцуулдаг үзүүлэлтээр нэгдүгээрт жагсчээ.
Харин YouTube-н дундаж хэрэглэгч сард 28 цагийг YouTube гар утасны аппликейшнийг ашиглахад зарцуулдаг гэнэ. Гэхдээ Youtube хэрэглээ нь зөвхөн гар утасны апп-аар хязгаарлагдахгүй, Youtube вэбээр болон гуравдагч этгээдийн вэб хуудсанд байршуулсан байдлаар видео үзэх боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй.
Facebook-н апп хэрэглэхдээ Android хэрэглэгчид сард дунджаар 19 цаг 47 минутыг зарцуулдаг нь нийт сошиал медиа аппликейшнуудын хувьд 3 дугаарт орох үзүүлэлт.
Facebook – хамгийн олон хэрэглэгчидтэй сошиал медиа хэвээр:
Хүмүүсийн “дуртай” платформ, сошиал медиа платформд зарцуулж буй хугацаа маркетерүүдийн хувьд хамгийн чухал мэдээллийн нэг мөн.
Гэхдээ идэвхтэй хэрэглэгчдийн тоо тухайн сошиал медиа платформын үнэ цэнийг илэрхийлэх үзүүлэлт хэвээр.
Facebook 2024 оны 1-р сарын байдлаар 3.049 тэрбум хэрэглэгчтэйгээр хамгийн олон хэрэглэгчтэй сошиал медиа платформ хэвээр байна.
Дэлхийн нийт хүн ам 8 тэрбум, эдгээр аппыг ашиглах хориотой Хятадын хүн ам 1.4 тэрбум гэвэл, ашиглах боломжтой хүмүүсийн ихэнх нь Метагийн аппуудыг идэвхтэй, байнга ашигладаг байх нь.
Гэхдээ YouTube хэрэглэгчдийн тоо Facebook-нхээс бараг хоёр дахин хурдтай өсч, тооны зөрүүг багасгаж чадсаныг онцлох хэрэгтэй байх.
Instagram-н өсөлт:
Сурталчилгааны хүртээмжийн талаарх мэдээллээс харахад Instagram-н сурталчилгааны хүртээмж өнгөрсөн 1 жилийн хугацаанд 25.3 хувиар өссөн байна.
Түүнээс гадна зөвхөн 2023 онд 334 сая шинэ хэрэглэгч нэмэгдснээр, Instagram нийт сурталчилгааны хүртээмж нь 1.65 тэрбумд хүрчээ.
Нөгөөтэйгүүр Instagram-н сурталчилгааны хүртээмж нийт интернэт хэрэглэгчдийн 31%-д хүрсэн байна.
TikTok-ийн хурдацтай өсөлт үргэлжилсээр:
TikTok-ийн сурталчилгааны хүртээмж бол бүр хүн бүрийн амыг ангайлгах хэмжээнд хурдтай өссөөр…
TikTok-н сурталчилгааны хүртээмж 2024 оны эхэн гэхэд дэлхий даяар нийт 1.56 тэрбумд хүрчээ.
Гэсэн хэдий ч, энэ тоонд нийт идэвхтэй хэрэглэгчдийнх нь томоохон хувийг бүрдүүлдэг 18-аас доош насныхан ороогүй гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. (Ихэнх тохиолдолд сурталчилгааны хүртээмж “мэдээллийн аюулгүй байдлын” үүднээс 18 ба түүнээс дээш насны хэрэглэгчдийг багтаасан байдаг!)
Бас нэг чухал статистик уг тайланд багтсан нь ТикТокын хэрэглэгчид зөвхөн өсвөр насныхан биш болоод байгаа талаарх юм. Дэлхийн 18-с дээш насны нийт хүн амын 27.5%-д ТикТок сурталчилгаа ашиглан хүрэх боломжтой гэнэ.
LinkedIn-н сурталчилгааны хүртээмж 1 тэрбумыг давлаа:
LinkedIn-н сурталчилгаа нийт 1.03 тэрбум хэрэглэгчдэд хүрэх боломжтой болж өссөн бол сүүлийн 12 сарын хугацаанд 13.9% буюу 125 саяар нэмэгджээ.
Сошиал медиа сурталчилгааны зардлын өсөлт:
Энэ удаагийн тайлангийн бас нэгэн чухал статистик нь сүүлийн 12 сарын хугацаанд сошиал медиа платформуудад зарцуулсан сурталчилгааны төсөв 9.3% өсч, 207 тэрбумд хүрчээ.
Үүний зэрэгцээ, Skai-н гаргасан хамгийн сүүлийн тайлангаас харахад дэлхий нийтээрээ 2023 оны 4-р улиралд сошиал медиа сурталчилгааны хүртээмж (impressions) 2022 оны мөн үеийнхээс 24 хувиар өсч, CTR ч өмнөх улирлынхаас давсан байна.
Маркетингийн иж бүрдэл дэх сошиал медиагийн үүрэг:
Хэдийгээр сурталчилгааны зардал нэмэгдэж байгаа ч хамгийн сүүлийн судалгаанаас харахад сошиал медиа сурталчилгааны үр дүн мөн адил өсч байгааг маркетерууддаа дуулгахад таатай байна.
GWI-н гаргасан хамгийн сүүлийн мэдээллээс 16-64 насны 4 интернет хэрэглэгч тутмын 1 нь (28.7 хувь) сошиал медиа сурталчилгаагаар дамжуулан шинэ брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээг олж авдаг нь телевизийн зар сурталчилгаанаас (30.9 хувь) үл мэдэг доогуур байна.
Хайлтын систем интернет хэрэглэгчдийн хувьд шинэ бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг олж авах хамгийн гол сурвалж хэвээр байгаа бөгөөд GWI-н судалгаанд хамрагдагсдын 50.3 хувь нь интернэт хайлт шинэ бараа, бүтээгдэхүүний судалгаа хийх хамгийн гол эх сурвалж хэмээн хариулжээ.
Гэхдээ удаах байранд тун ойролцоо дүнгээр буюу судалгаанд хамрагдсан хүмүүсийн 46%-д сошиал медиа шинэ бараа, бүтээгдэхүүний судалгаа хийх хамгийн гол эх сурвалж болдог аж.
Харин насны бүлгээр нягтлан харвал 16-34 насныхны хувьд 50%-с дээш хувь нь сошиал медиа бараа бүтээгдэхүүний судалгаа хийх хамгийн чухал суваг хэмээн хариулсан нь хайлтын трендийн өөрчлөлтийг бид бүхэнд дахин сануулж байх шиг.
Түүнээс гадна GWI-н судалгаанаас хэрэглэгчдийн худалдан авалтын шийдвэр гаргалтын бүхий л үе шатанд сошиал медиа идэвхтэй чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харж болно.
Оролцооны бууралт:
Дээрх эерэг үзүүлэлтүүдээс гадна бас сэтгэл чилээх чиг хандлага ч байгаа юм байна.
Жишээлбэл, Locowise-н сүүлийн судалгааны үр дүн Facebook хуудасны оролцооны түвшин ердөө 0.06%-д хүрсэн болохыг харуулж байна.
Өөрөөр хэлбэл дунджаар танай Facebook хуудсыг дагадаг 10,000 хүн тутмын 6 нь л ямар нэг постонд хариу үйлдэл үзүүлэх буюу коммент үлдээж, лайк дарж, share хийдэг гэсэн үг.
Бүр сэтгэл түгшээм мэдээ нь 100,000-с дээш дагагчтай хуудасны хувьд энэ үзүүлэлт 0.04% болж буурдаг гэнэ.
Бас нэгэн өөр судалгааны үр дүн бидэнд хүртээмжтэй нь харьцуулахад хамгийн өндөр хариу үйлдэл авч ирдэг постын төрлийг текстэн пост (15.65%) тэргүүлж, Рийлс (14.07%) удаалж буйг харуулж байна.
Дижитал сурталчилгааны өсөлт:
Хайлтын системийн болон сошиал медиа сурталчилгааг багтаасан дижитал сурталчилгааны зарцуулалт 719 тэрбумд хүрч, нийт сурталчилгааны зарцуулалтын 70%-тай тэнцжээ. Энэ нь сүүлийн 12 сард 10.6% өссөн үзүүлэлт аж.
Харин нийт сурталчилгааны зарцуулалт өнгөрсөн 12 сард 7.3% өссөн байна.