Facebook дээрх төлбөртэй сурталчилгаа, бүүстийн чинь үр дүн нэг л хангалтгүй санагдаад байна уу? Борлуулалтаа өсгөж, сурталчилгааны үр дүнгээ хэрхэн дээшлүүлэх талаар бодож үзсэн үү?
Энэ удаад бид Facebook сурталчилгаа хийхдээ хүмүүсийн нийтлэг гаргадаг 9 алдаа, залруулах аргын хамт хүргэхээр бэлтгэлээ.
1: Facebook сурталчилгааны бүтцийн талаарх мэдлэг дутмаг, үр ашигтай ашиглаж чаддаггүй.
Facebook Ads Manager-с сурталчилгаа үүсгэхэд Campaign, Ad set, болон Ad гэсэн бүтцээр зохион байгуулсан байдаг. Харин бид сурталчилгааны кампанит ажил үүсгэхдээ уг бүтцийн талаарх хангалттай ойлголт бага, ойлголттой ч тогтсон бүтэц, түүнийг зохион байгуулах ойлгомжтой нэршил ашигладаггүй. Үүнээс шалтгаалан сурталчилгааны аккаунт чинь замбараагүй, ойлгомжгүй болж улмаар сурталчилгааны үр дүн буурах нь бий.
Сурталчилгааны бүтцийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?
Сурталчилгааны кампанит ажил (Campaign) үүсгэхэд ядаж нэг сурталчилгааны багц (Ad Set), нэг сурталчилгаа (Ad) хэрэгтэй. Хэдийгээр кампанит ажил бүрт хэд хэдэн сурталчилгааны багц, сурталчилгаа ашиглах нь боломжтой ч, хэт олныг биш харин зохистой хэмжээнд л ашиглах нь зүйтэй.
Facebook-н сурталчилгааны алгоритм Ad Set-н түвшинд сурталчилгааны үр дүнгийн оновчлолыг хийдэг. Суралцах үе шатнаас гарч, тогтвортой гүйцэтгэлийн үе шатанд шилжихийн тулд нэг Ad Set 7 хоногт хамгийн багадаа 50 үр дүнгийн гүйцэтгэлд хүрэх ёстой.
Энэ нь Ad Set-н тоог нэмэгдүүлснээр тухайн Ad Set бүрийн оновчлолыг чиглүүлэхэд шаардлагатай хэмжээнд үр дүн гаргахын тулд илүү их төсөв зарцуулах хэрэгтэй болно гэсэн үг. Хэрэв кампанит ажлын нийт төсөв хангалттай биш бол шаардлагатай хугацаанд хангалттай тооны оновчлолын үр дүнд хүрэхгүй байх магадлал өндөр.
Ингэснээр сурталчилгааны суралцах үе шатыг удаашруулж, урт хугацаандаа гүйцэтгэлийг бууруулах аюултай.
Тэгэхээр үр дүнг дээшлүүлэхийн тулд Ad Set-үүдээ нэгтгэ. Сонирхлын бүлэг бүрт тус тусад нь Ad Set үүсгэх шаардлагагүй. Түүнчлэн нэг Ad Set-д 3-5 Ad л байхаар сонгон тохируул.
Facebook сурталчилгааны кампанит ажлын нэршил
Ads manager-тээ хандаад сурталчилгааны кампанит ажлынхаа нэрнээс л сурталчилгааны зорилго, зорилтот хэрэглэгчид, санал болгож буй зүйлсийг мэддэг бол сайхан аа. Сурталчилгааны кампанит ажлыг нэрлэхдээ тодорхой тогтсон нэршлийг ашигладаг бол сурталчилгааны үр дүнг сайжруулах бас нэгэн аргачлал болно шүү.
Сурталчилгааны аккаунт бүрийнхээ хүрээнд дараах байдлаар нэршлийн бүтэц гаргавал маш их ажлыг хялбарчилна шүү.
- Campaign: [Огноо]_[Кампанит ажлын нэр]_[Зорилго]
- Ad Set: [Огноо]_[Кампанит ажлын нэр]_[Зорилтот_хэрэглэгчид]
- Ad: [Огноо]_[Кампанит ажлын нэр]_[Зарын нэр]
Бодит сурталчилгааны кампанит ажил, сурталчилгааны багц болон сурталчилгааны нэр дараах байдалтай байж болно.
Энэхүү үйл явцыг хялбарчлах бас нэгэн арга нь Ads Manager дээр загвар үүсгэх. Campaign-аа сонгоод нэрний хажуугийн Create template товч дээр дараад нэрнийхээ загварыг гарга. Ad Set болон Ad-н түвшинд ч мөн яг энэ дарааллаар загвараа үүсгээрэй.
Дараа, дараагийн шинэ сурталчилгаа үүсгэхдээ загвараа сонгоод л нэрээ өөрчлөөд яваад байх юм бол цэгцтэй, ойлгоход хялбар сурталчилгааны данстай болоод авна шүү.
2: Фэйсбүүк сурталчилгааныхаа зорилгыг буруу сонгох.
Facebook сурталчилгааны зорилго сонгох нь хамгийн чухал мөртлөө алдаа гаргах магадлалтай ажлуудын нэг. Зорилгын сонголтууд нь ижилхэн ч юм шиг, тэгээд ч оновчлол нь төстэй тохиргоотой байгаа мэт сэтгэгдэл төрдөг.
Гэхдээ сурталчилгааны зорилгоо буруу сонгосноор сурталчилгааны үр дүнг жинхэнээсээ үгүй хийх эрсдэлтэй. Сурталчилгааны алгоритм нь сонгосон зорилгыг тань биелүүлэх өндөр магадлалтай хүмүүст таны сурталчилгааг хүргэдэг. Хэрэв та шууд худалдан авалт хийхэд чиглүүлэх ёстой үед сурталчилгааныхаа зорилгыг сонгохдоо вэб хуудасныхаа хандалтыг өсгөх зорилгыг сонгосон тохиолдолд сурталчилгаа хүссэн үр дүндээ хүрэхгүй л болов уу.
Хэрхэн тохирох зорилгыг сонгох вэ?
Зорилгоо сонгохдоо бизнесийн зорилго, энэ нь худалдан авалтын замнал, борлуулалтын юүлүүртэй хэрхэн нийцэж байгааг бодож үзэх хэрэгтэй. Хэрэв та шинэ зах зээлд байгууллагаа, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байгаа бол хамгийн эхний буюу юүлүүр хоолойн дээд хэсэг дэх зорилгыг, харин борлуулалтаа нэмэгдүүлэх гэж байгаа бол юүлүүрийн доод хэсгийн зорилгуудаас сонго.
Ads Manager-сурталчилгааны менежерийн хуучин хувилбар нь сурталчилгааны зорилгыг борлуулалтын юүлүүр хоолойн үндсэн үе шатууд болох Awareness, Consideration, Conversion гэсэн багануудад ангилсан байдаг. Эдгээр багана дахь зорилгуудаас бизнесийн зорилгод хамгийн сайн тохирохыг сонго.
Хэрэв та Ads Manager-н шинэ хувилбарыг ашиглаж байгаа бол сурталчилгааны зорилгуудыг юүлүүрийн дээд хэсгийнхээс эхлүүлэн юүлүүрийн доод хэсгийн зорилгууд руу жагсаах байдлаах дарааллуулан байршуулсан байгаа.
Зорилгоос гадна сурталчилгааны оновчлол (Optimization for ad delivery)-д мөн анхаарлаа хандуулаарай. Эдгээр оновчлолын хувилбарууд нь таны хүсч буй үр дүнд сурталчилгааг чиглүүлэхэд тус болдог. Жишээ нь, вэб хандалтыг нэмэгдүүлэх зорилгыг сонгосон бол сурталчилгааны оновчлолыг “холбоос дээрх даралт” эсвэл “газардах хуудсыг үзэх”-д чиглүүлж сонгож болно.
Эхнийх нь холбоос дээрх даралтыг нэмэгдүүлэх (CTR) боловч хандсан хүмүүсийн хувьд хариу үйлдэл үзүүлэх нь бага байж болно. Харин нөгөө сонголт нь эсрэгээрээ CTR бага ч хандсан хүмүүс илүү идэвхтэй газардах хуудсыг сонирхож үзэх хариу үйлдэл үзүүлэх магадлал өндөр байх боломжтой байх жишээний.
3: Төсвийн хуваарилалтын сонголтыг алдаатай хийх.
Campaign Budget Optimization (CBO)-г идэвхжүүлэх нь сурталчилгаа үүсгэх ажлыг хялбарчилж, үр дүнг дээшлүүлэх боломж олгодог сонголтуудын нэг. CBO-г идэвхжүүлснээр Ad Set бүрт төсөв зоох шаардлагагүй болно. Харин оронд нь сурталчилгааны кампанит ажилд нэгдсэн төсөв гарган, Мета-н сурталчилгааны алгоритмд Ad Set-үүдэд төсвийг тохируулан хуваарилах эрхийг үлдээдэг гэж ойлгож болно.
Гэхдээ таны үүсгэсэн сурталчилгааны кампанит ажил өөр, өөр хоорондоо эрс зөрүүтэй хэмжээ бүхий зорилтот хэрэглэгчдэд чиглэсэн хэд хэдэн Ad Set-үүдээс бүрдсэн тохиолдолд CBO-г идэвхжүүлэх нь хамгийн сайн сонголт биш байж магадгүй.
Энэ тохиолдолд CBO-г идэвхжүүлэх нь бага хэмжээтэй зорилтот хэрэглэгч бүхий Ad Set-г орхиж, олон хэрэглэгчдийг онилосон томхон сурталчилгаанд илүү их төсөв зарцуулах магадлал маш өндөр. Ингэснээр таны заавал хүргэх ёстой хэрэглэгчид танай сурталчилгааг харахгүй өнгөрөх харин зарим хэрэглэгчдийн хувьд хэт өндөр давтамжтайгаар сурталчилгаа хүрэх магадлалтай болно гэсэн үг.
Яг энэ асуудлаас зайлсхийхийн тулд CBO-г идэвхжүүлэхгүйгээр Ad Set бүрт тохирох төсвийг зааж өгөх нь зүйтэй.
4: Зорилтот хэрэглэгчдийг сонгох сонголтуудыг туршдаггүй.
Хэрэв та 2021 оноос хойш яг нэг төрлийн Facebook сурталчилгааны зорилтот хэрэглэгчдэд мэдээлэл хүргэсээр байгаа бол асуудалтай л байна гэсэн үг.
Түүнчлэн вэб хуудсанд хандсан хэрэглэгчдэдээ сурталчилгаагаа хүргэх сонголтыг нэлээд хугацаанд үргэлжлүүлэн хийж байгаа бол үр дүн огцом буурсан байх магадлалтай.
2021 оны эхний улирлаас эхлэн Apple-н iOS үйлдлийн системийн өөрчлөлт хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг сайжруулж, тэдний үйлдлийг хянах, бүртгэх боломжийг хязгаарласан. Вэбсайтын хандалтанд суурилсан зорилтот хэрэглэгчдээс гадна бусад сонголт, хувилбаруудыг туршиж үзэх нь зүйтэй шүү.
Туршиж үзэх боломжтой сонголтууд:
- Өргөн хүрээний зорилтот хэрэглэгчид: Мета-гийн зүгээс сурталчилгааны зорилтот хэрэглэгчдийг сонгохдоо байршил, нас, хүйсний сонголтыг ашиглан аль болох хамгийн өргөн хүрээнд мэдээлэл хүргэхээр чиглүүлэхийг зөвлөж байна.
- Тусгай зорилтот бүлгүүд: Танай Facebook хуудастай тодорхой хэмжээнд харилцаа үүсгэсэн жишээ нь танай видеог үзсэн, мэссэж бичсэн, пост, сурталчилгааг тань сонирхож үзсэн гэх мэт хүмүүсийг сонгон зорилтот хэрэглэгчдээ бүрдүүлснээр iOS-ын хязгаарлалтаас зайлсхийх боломжтой.
- Ижил, төстэй хэрэглэгчид: Events Manager ашиглан сурталчилгааны оновчлолын эвэнтүүдийн үр дүнд тулгуурлан үүсгэсэн LookaLike ижил, төстэй зорилтот хэрэглэгчдийн сегментийг ашигла.
Сурталчилгааны зорилтот хэрэглэгчдийн бүлгүүдээс аль нь хамгийн үр дүнтэй болохыг турших боломжийг ч мөн заавал ашиглаарай. Үүний тулд Ads Manager-тээ хандан 2 Ad Set үүсгэ, гэхдээ сурталчилгаа хүргэх зорилтот хэрэглэгчдийн сонголтоос бусад бүх зүйл нь ижил байх ёстой шүү.
Дараа нь A/B Test товч дээр даран үүсгэсэн Ad Set-үүдээ сонгон тохируул.
Сурталчилгааны зорилгод нийцэх гол үзүүлэлтүүдийг сонгосноор Ad Set-үүдийг харьцуулан турших боломжтой болно.
Аль Ad Set нь үр дүнтэй байсныг шалгаж үзээд дараа, дараагийн сурталчилгаа үүсгэхдээ уг зорилтот хэрэглэгчдийг ашиглаарай.
5: Фэйсбүүк сурталчилгаа хийхдээ танайхыг мэддэг болсон “бүлээн” хэрэглэгчдийн бүлгийг үл тоомсорлох.
Бидний хувьд сурталчилгааны кампанит ажил эхлүүлэхдээ борлуулалтын юүлүүрийн 3 үе шатыг тооцож үзэхийг хичээдэг. Өөрөөр хэлбэл, зарим сурталчилгаануудаа юүлүүр хоолойн хамгийн эхний үе шатанд чиглүүлэх хэрэгтэй. Ийм сурталчилгааны кампанит ажлууд нь Reach and Awareness багана дахь зорилгуудаас сонголт хийн илүү өргөн хүрээнд жишээ нь сонирхолын бүлгүүд эсвэл ижил төстэй зорилтот хэрэглэгчдэд хандсан байх нь зүйтэй.
Гэхдээ яг ийм төрлийн зорилтот бүлгүүдийг бүхий л сурталчилгааны кампанит ажил үүсгэхдээ ашиглаж байгаа бол танайхыг мэддэг болсон, сонирхож эхэлсэн “бүлээн” хэрэглэгчдийг орхигдуулж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл та юүлүүр хоолойн дараагийн үе шатны буюу Conversions and Sales багана дахь зорилгуудыг ашиглан хүргэх сурталчилгааны аргачлалыг ашиглах үе шатыг орхигдуулж байна гэсэн үг.
Тэгэхээр энэ үе шатыг хэрхэн ашиглах ёстой юм бэ гэж үү? Сурталчилгаагаа худалдан авалт хийхэд бэлэн “бүлээн” хэрэглэгчдийн бүлэгт хандах Retargetting сурталчилгаа болгон өөрчил.
Ийм төрлийн сурталчилгааг үүсгэх хэд, хэдэн боломж Ads Manager-т бий.
Эдгээр нь:
- Facebook, Instagram шоп хэсэгт хандан бүтээгдэхүүн сонирхсон, хадгалж авсан, худалдан авах товч дээр дарсан хүмүүс;
- Танай хэрэглэгчийн жагсаалтанд байгаа хэрэглэгчдийн мэдээлэл ашиглах;
- Танай хуудсанд нийтлэгдсэн видеог үзсэн хүмүүс;
- Lead Form ашиглан танайд мэдээллээ үлдээсэн хүмүүс;
6: Хэт олон үйлдэлд дуудах.
Шинэ хэрэглэгчдэд зориулсан ч тэр, дахин онилох сурталчилгаа ч бай аль ч тохиолдолд нэг л мэссэжийг хэрэглэгчдэд хүргэх нь чухал. Өөрөөр хэлбэл нэг сурталчилгаагаар хүмүүсийг шопдоо урьж, улмаар бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, сэтгэгдлээ үлдээхийг хүсэх нь тийм ч зөв зүйл биш.
Хэдийгээр эдгээр нь тун чухал үйлдэлүүдэд уриалж буй ч нэг сурталчилгаанд бүгд хамтдаа байх ёсгүй гэдгийг анхаараарай.
Нэг сурталчилгаанд хэт олон CTA-Үйлдэлд дуудах товч ашиглах нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэх магадлалтай. Хамгийн чухал үр дүндээ анхаарал хандуулахгүйгээр жижиг үйлдлүүдэд хүмүүсийн анхаарлыг сарниулаад байх магадлалтай гэсэн үг.
Үйлдэлд дуудах товчийг нэг удаагийн боломж гэж харвал зүгээр. Тэгэхээр сурталчилгааны гол зорилгыг тусгасан нэг л CTA сонго. Яг энэ үйлдэлд л сурталчилгааны текст, загвар дизайн, үйлдэлд дуудах товчийг ашиглан чиглүүл.
Хэрэв та ямар үйлдэлд уриалахаа сонгож чадахгүй байгаа бол A/B тест хийж болно, нэг Ad Set-д өөр, өөр үйлдэлд дуудсан сурталчилгаанууд үүсгэж, туршиж үзэж болно.
7: Нэг л загвар, дизайныг үргэлжлүүлэн ашиглах.
Хэрэв та нэг л загвар дизайн бүхий сурталчилгааг удаан хугацаанд үргэлжлүүлэн ашиглавал сурталчилгааны үр дүн буурч, нэгжийн зардал нэмэгдэх магадлалтай.
Ижил төрлийн сурталчилгааг дахин давтан хүргэснээр залхах, нэг хэвийн зүйл болж хувирах улмаар хэрэглэгчид дахин хүлээн авахгүй сонголтыг ч хийх магадлалтай.
Шинэ, сонирхолтой дизайн, сурталчилгааны төрлүүдийг ашигласан сурталчилгаа хийснээр энэ асуудлыг шийдэж, сурталчилгааны үр дүнг нэмэгдүүлэх улмаар нэгжийн зардлыг бууруулах эерэг нөлөөтэй байдаг.
Түүнчлэн хэрэглэгчдэд ямар төрлийн сурталчилгаа илүү хүрч байгааг, юунд илүү хариу үйлдэл үзүүлж буйг ч мэдэж авах боломжтой.
Нэг төрлийн л сурталчилгаа хийгээд байх нь нөгөө талаас өөр, өөр төрлийн сурталчилгаа ямар үр дүн авч ирэх талаар ямар ч ойлголтгүй үлдэх магадлалыг бий болгодог шүү.
Тэгэхээр Ad Set-ээ өөрчлөхгүйгээр шинэ, шинэ сурталчилгааны төрлүүдийг хэрхэн ашиглаж үзэх вэ?
Үүний тулд хамгийн үр дүнтэй байгаа сурталчилгааг сонгож ав. Уг сурталчилгааг хувилаад зөвхөн шинэ зураг, видеогоор шинэчлэ. Тэгээд үр дүнг нь харьцуулж үз.
Түүнчлэн A/B тест функцыг ашиглан өөр, өөр загвар, дизайн, сурталчилгааны төрлүүдийг харьцуулж тест хийж болно.
8: Буруу холбоос, газардах хуудас сонгон холбох.
Ихэнх тохиолдолд хүмүүс танай сурталчилгааг хараад цааш нь илүү мэдээлэл авахыг хүсдэг. Та ч мөн адил тэднээр нийтлэл унших, файл татаж авах эсвэл бүтээгдхүүн худалдаж авах үйлдэл хийлгэхийг хүсч байгаа шүү дээ. Харин та яг л уг үйлдлийг хийхэд оновчлосон газардах хуудас руу чиглүүлээгүй бол тэд төөрөгдөж, юу, ямар үйлдэл хийхээ мэдэхгүй, танай сурталчилгааны үр дүн буурах эрсдэлтэй.
Тэгэхээр сурталчилгаагаа ямар газардах хуудастай холбох ёстой вэ гэж үү?
Вэб хуудасныхаа нүүр хуудастайгаа хэзээ ч бүү холбо. Хэт ерөнхий мэдээлэл агуулсан, сурталчилгааны зорилгод чиглүүлээгүй байж магад. Харин уг сурталчилгааныхаа зорилгод нийцсэн хуудас руу холбо. Жишээ нь борлуулалт хийх нь сурталчилгааны гол зорилго бол шууд бүтээгдэхүүнийхээ хуудас руу сурталчилгааг чиглүүл. Үүнтэй адил хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах нь сурталчилгааны зорилго бол тухайн мэдээлэл татаж авах хуудас руу сурталчилгааг холбо.
Сурталчилгааны зорилгоос хамааран холбоос нь зөвхөн вэб хуудас руу ч биш жишээ нь Messenger чатбот, бүртгэлийн форм, Facebook шоп ч байж болно.
9: Үр дүнгийн мэдээлэл алдаатай байх.
Хэрэв Facebook сурталчилгааны үр дүнгийн үзүүлэлтүүд дутуу, хугацааны хувьд алдаатай байх гэх мэт зүйлс анзаарагдсан бол энэ нь зөвхөн танд тохиолдож буй зүйл биш. Apple iOS14.5-н шинэчлэл гаргаснаас хойш бүхий л Facebook сурталчилгаа үүсгэгчдэд тулгарч буй асуудал.
Тиймээс зөвхөн Facebook сурталчилгааны тайланд найдаж болохгүй.
Сурталчилгааны үр дүнг илүү найдвартай гаргах хэд хэдэн сонголт бий:
- UTM параметрүүд: Вэб аналитикийн апп жишээ нь Google Analytics дээр сурталчилгааны үр дүнг хэмжиж байхын тулд сурталчилгааны газардах хуудасны холбоос дээр нэмэлт параметр нэмж өгөх боломжтой байдаг. Ийм UTM параметрүүдийг Ads Manager дээр сурталчилгаа үүсгэхдээ нэмж оруулж болно.
- Events Manager: Сурталчилгааны оновчлолыг нэмэгдүүлэх, үр дүнг чиглүүлэх бас нэгэн чухал зүйл оновчлолын эвэнтүүд үүсгэх. Эдгээр эвэнтүүдээ өндөр ач холбогдолтой гэж зааж өг.
- First-party data: Ads Manager дээрх үр дүнгийн үзүүлэлтийг Google Analytics гэх мэт бусад аппуудын гаргаж буй үзүүлэлттэй харьцуулж бай.
- Conversions API: Ads Manager болон танай вэб хуудас хоорондын хамгийн найдвартай шууд холболтыг Conversions API ашиглан бий болгох боломжийг Facebook гаргасан. Conversions API-г идэвхжүүлснээр сурталчилгааны оновчлол, үр дүнгийн үзүүлэлтүүд илүү найдвартай байх болно гэдгийг Facebook-н зүгээс сануулж байгаа шүү.
Эцэст нь
Фэйсбүүк сурталчилгааг үр дүнтэй хийх нь тодорхой төлөвлөгөө, зорилго, үр дүнгийн үзүүлэлт, хэмжүүргүй бол бүтэшгүй зүйл. Цаг хугацаа, төсөв, мөнгө дэмий үрэх л ажил болох нь бий.
Тиймээс хамгийн эхлээд бидний анхаарлаа хандуулах зүйлс дараах асуудлууд:
- Сурталчилгааны аккаунтаа удирдах тодорхой, ойлгомжтой, үр дүнтэй аргачлал боловсруулж ашиглаж байна уу?
- Үүсгэж, явуулж буй сурталчилгаа бүр байгууллагын бизнесийн зорилготой нийцэж байгаа эсэх?
- Борлуулалтын юүлүүр хоолойн үе шат бүрт тохирсон сурталчилгааны аргачлал ашиглаж байна уу?
- Сурталчилгааны агуулга, загвар, дизайн, төрөл зэрэг нь сонгосон зорилтот хэрэглэгчдийн тань анхаарлыг татахуйц байж чадаж байна уу?
- Сурталчилгааны газардах хуудас танай санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, зорилтот хэрэглэгчдэд яг таг зориулсан уу?
- Сурталчилгааны зорилгод нийцсэн, үр дүнг хянах боломжтой хэмжүүр үзүүлэлтүүд ашиглаж чадаж байна уу?
Facebook сурталчилгааны хувьд тулгарч буй асуудлуудаа зөв тодорхойлж, шийдвэрлэж байх нь сурталчилгаа зорилгоо биелүүлж, үр дүнтэй байж чадаж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж, сайжруулах ажлын чухал хэсэг шүү.
Facebook маркетинг гэж юу вэ: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ? Facebook төлбөртэй сурталчилгаа, бүүстийн талаарх маркетерүүд, бизнес эрхлэгчдийн мэдэх ёстой зүйлсийг багтаасан дэлгэрэнгүй гарын авлага болсон “Фэйсбүүк маркетингийн талаар А-Я” цахим ном худалдаанд гарлаа. Эндээс татан авах боломжтой.