Facebook төлбөртэй сурталчилгаа бүүст ашиглан борлуулалтаа өсгөж, орлогоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна уу? Эсвэл одоо явуулж буй Facebook сурталчилгааны үр дүндээ тийм ч сэтгэл хангалуун биш, сурталчилгааны үр дүнтэй шинэ аргууд туршиж үзэхээр төлөвлөж байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай!
Энэхүү нийтлэлд бид борлуулалтанд эерэг нөлөө үзүүлэх Facebook сурталчилгааны үндсэн 10 төрлийн талаар, хэрхэн ашиглах зөвлөмжийн хамт хүргэж байна.
#1: Facebook Conversions Ads буюу Хувиргалтанд чиглүүлэх сурталчилгаа
Хэрэв танай сурталчилгааны зорилго вэб хуудсаар дамжуулан худалдан авалт, бүртгэл гэх мэт тодорхой үйлдэлд чиглэсэн бол Conversions буюу Хувиргалтанд чиглүүлэх сурталчилгааны кампанит ажлыг ашиглах нь хамгийн үр дүнтэй.
Сурталчилгааны энэхүү зорилгыг ашигласнаар боломжит хэрэглэгчдийг жишээ нь вэб хуудасны хандалт, бүртгэл, худалдан авалт гэх мэт тодорхой үйлдэлд хөтлөх боломжтой. Өөрөөр хэлбэл шууд худалдан авалтад чиглүүлэх эсвэл тодорхой худалдан авалтын замналын дагуу борлуулалтын юүлүүр хоолой (Sales Funnel)-д хэрэглэгчдийг татан оруулах боломжийг энэ төрлийн сурталчилгаа олгодог гэсэн үг.
Энэ төрлийн сурталчилгааг ашиглах бол яг ямар үйлдлийг Conversion Event-ХУВИРГАЛТ болгон ашиглахаа сайтар тооцох хэрэгтэй. Юуг анхаарах ёстой вэ гэхээр Facebook алгоритмд хангалттай хэмжээний өгөгдөл гаргаж өгөх боломжтой үйлдлийг сонгох нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл Facebook алгоритм танай сурталчилгааг таны сонгосон үйлдлийг хийх магадлал хамгийн өндөр хүмүүст хүргэх ёстой бөгөөд яг энэ төрлийн үйлдэл хийгдэж байсан бүртгэл буюу түүх бүхий өгөгдөл хангалттай бол уг сурталчилгааг зөв хүмүүст нь хүргэх боломж нь илүү өндөр болно гэсэн үг.
Жишээ нь бид онлайн сургалтын вэб хуудас руу боломжит хэрэглэгчдийг илгээдэг. Харин сурталчилгааны кампанит ажлын зорилго нь уг хуудас дээрх бүртгэлд чиглэсэн байдаг.
Анхаарах зүйл: Газардах хуудсаа үр дүнд чиглүүлэн оновчил!
Та ямар үйлдлийг сурталчилгааныхаа зорилго болгон сонгохоос үл хамааран газардах хуудсаа сайтар оновчлох шаардлагатай. Ингэсний дараа л сурталчилгааны үр дүн нэмэгдэнэ. Борлуулалт, худалдан авалт өсгөх зорилготой сурталчилгаа хийж байгаа бол газардах хуудас тань яг энэ үйлдэлд зориулан оновчилсон байх ёстойг анхаараарай. Өөрөөр хэлбэл хүмүүс таны сурталчилгаа дээр даран хандаж буй газардах хуудас борлуулалт хийх ёстой болохоос бүтээгдэхүүний мэдээлэл, судалгаа хийх үе шатны мэдээлэл агуулсан байх ёсгүй шүү.
#2: Facebook Carousel буюу Альбом хэлбэрийн сурталчилгаа
Сонирхогчийг худалдан авагч болгоход тодорхой хэмжээний мэдээллээр хангах хэрэгтэй байна уу? Фэйсбүүк сурталчилгааны текстийн эхний 125 тэмдэгтийг л харуулах болсноор үлдсэн хэсэг нь See More дарж байж л харагдах болсон. Эндээс л илүү их мэдээллийг багтаасан сурталчилгаа хийх бол сурталчилгааны шинэ формат, функцыг ашиглах шаардлага гарч ирж байгаа юм.
Carousel буюу Альбом хэлбэрийн сурталчилгаа нь ердийн вэб холбоос агуулсан сурталчилгаатай харьцуулахад нэг бүр нь ялгаатай зураг эсвэл видео, гарчиг, тайлбар, линк холбоос, үйлдэлд дуудах товч (CTA-Call to Action) бүхий 10 хүртэлх тооны зураг эсвэл видеог хамтад нь сурталчилгаанд багтаах боломжтой байдаг. Энэ ч утгаараа хүмүүсийн анхаарлыг татаж, вэб хандалтыг нэмэгдүүлэх нэмэлт мэдээлэл багтаах хангалттай зай талбайг санал болгодог гэж болно.
Нэг бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл багц, улирлын коллецын танилцуулга аль нь ч байсан АЛЬБОМ хэлбэрийн энэхүү сурталчилгаа тун сайн сонголт. Эсвэл та өөрийн санал болгодог бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг ч нэг дор хамтад нь танилцуулах боломжтой. Нөгөө талаас нэг бүтээгдэхүүний 10 өөр давуу талыг хамтад нь сурталчилгаандаа багтаасан ч болно.
Анхаарах зүйл: Анхаарал татаж, үйлдэлд дуудсан сонирхолтой загвар дизайн ашигла
Альбомын дараа, дараагийн хэсгийг үзэх сэдэл төрүүлэх, чиглүүлэхээр загвараа бэлтгэж болно. Жишээ нь дараагийн алхамыг заасан чиглэл, зааврыг дизайндаа багтааж болно. Түүнчлэн Үйлдэлд дуудах товч, түүний тайлбар хэсгийн текстийг ч яг ийм зорилгод нийцүүлэн ашиглаарай.
#3: Facebook Catalog Sales буюу Каталогийн борлуулалтанд чиглүүлэх сурталчилгаа
Сурталчилгааны энэ төрөл таныг бүтээгдэхүүний багцыг үүсгэн шууд борлуулалтанд чиглэсэн сурталчилгаандаа ашиглах боломж олгодог.
Гэхдээ та өмнө нь Facebook Commerce Manager ашиглан бүтээгдэхүүний каталог үүсгэх шаардлагатай. Үүний тулд бүтээгдэхүүнийхээ зураг, мэдээлэл, шаардлагатай бусад өгөгдлийг оруулан каталог үүсгэх бөгөөд Shopify гэх мэт зарим цахим худалдааны үйлчилгээ ашигладаг хүмүүсийн хувьд шууд холбогдон цахим худалдааны вэбээс тань мэдээллийг автоматаар оруулах ч боломж бий.
Хэдийгээр та каталог дахь бүх бүтээгдэхүүнээ хамтад нь сурталчилж болох ч хэт олон бүтээгдэхүүнтэй бол оновчтой сонголт биш л болов уу. Харин бүтээгдэхүүнээ багцлан (Product Sets үүсгэн) сурталчилгаандаа ашиглах нь илүү оновчтой. Шинэ, хямдарсан, эмэгтэйчүүдийн, эрчүүдэд зориулсан гэх мэт багц үүсгэж болно.
Анхаарах зүйл: Хэрэглэгчийн сэтгэгдлийг багтаа
Альбом хэлбэрийн сурталчилгаа ашиглаж байгаа тохиолдолд таны сурталчилгааны тайлбар текст тухайн багцад багтаж буй бүх бүтээгдэхүүнд хамааралтай бол зохилтой. Жишээ нь доорх жишээ дээрх шиг хэрэглэгчийн сэтгэгдлийг илүү тодруулсан нь багц дахь бүхий л бүтээгдэхүүнд хамааралтай бөгөөд хэрэглэгчдийн маш олон эерэг сэтгэгдлийг тусгасан байдлаар харуулсан ч болно.
#4: Facebook Dynamic – динамик сурталчилгаа
Таны сонгосон сурталчилгааны зорилтот сегмент өргөн хүрээг хамарсан эсвэл тодорхой нарийвчлан тодорхойлсон аль нь ч байсан тухайн хувь хүн бүрийн сонголт, таашаалд яг ямар бүтээгдэхүүн тохирох вэ гэдгийг урьдчилан мэдэхэд боломж үгүй.
Тиймээс каталогийн сурталчилгааг ашиглах бас нэгэн сонголт нь Facebook динамик сурталчилгаа байдаг. Энэ сурталчилгааны төрлийг сонгосноор тухайн хүнд тохирох бүтээгдэхүүнийг Facebook алгоритм автоматаар оновчлон тохируулдаг. Өөрөө хэлбэл Фэйсбүүкийн алгоритм тохирох гарчиг, тайлбар текст, бүтээгдэхүүн зэргийг борлуулалт хамгийн өндөр байхаар сонгон тохируулж тухайн хүн бүрт өөр, өөрөөр хүргэдэг гэсэн үг.
Түүнчлэн энэхүү динамик хэлбэрээр хүргэх сурталчилгааг өөрсдийн сонгон тохируулсан сурталчилгаатай харьцуулах A/B тестийг ашиглан аль нь илүү үр дүнтэй байгааг сонгон ашигласан ч болно.
Анхаарах зүйл: Өмнө нь танай бүтээгдэхүүнийг сонирхож байсан хэрэглэгчдийг дахин онилж сурталчилгаагаа хүргэ
Фэйсбүүк динамик сурталчилгааны үр дүнг хамгийн сайн гаргаж чадах сонголт нь retargeting буюу дахин онилох сурталчилгааны сонголтууд байдаг. Тиймээс сурталчилгааны зорилтот сегментээ retargeting сонголтуудаас сонгон бүрдүүлэх хамгийн үр дүнтэй байдаг.
Жишээлбэл, танай бүтээгдэхүүнийг өмнө нь сонирхон үзэж байсан Фэйсбүүк хэрэглэгчдийг худалдан авалтанд уриалсан сурталчилгаагаар дахин онилох боломжтой. Түүнчлэн бүтээгдэхүүн худалдан авсан хүмүүст ч ижил төстэй эсвэл дагалдах бүтээгдэхүүнийг санал болгоход ашиглаж болно.
#5: Facebook Offer сурталчилгаа
Хэрэв та шинэ болон одоогийн хэрэглэгчдэдээ зориулсан хөнгөлөлт, урамшуулал, богино хугацааны онцгой хямдрал санал болгож байгаа бол яг энэ хямдралын хувь хэмжээг сурталчилгааныхаа текст, агуулгад багтааж өгөх нь хүмүүсийн анхаарлыг татаж, борлуулалтыг нэмэгдүүлэх зүйл.
Яг энэ төрлийн хямдралын сурталчилгааг илүү үр дүнтэй болгох бас нэгэн арга нь богино хугацаатайгаар зарлах. Ийм сурталчилгааг Facebook-т үүсгэн ашиглах боломжтой бгөөд үүнийг Offer Ad буюу Хямдралын сурталчилгаа гэдэг.
Traffic, Conversions, Catalog Sales, Store Traffic гэх мэт сурталчилгааны үндсэн зорилгуудаас сонгосноор энэ төрлийн сурталчилгааг үүсгэх боломжтой бөгөөд таны санал болгож буй урамшууллын маш олон мэдээллийг энэ төрлийн сурталчилгаанд багтаан хүргэх боломжтой байдаг.
- Гарчиг, тайлбар
- Хямдралын байршил (онлайнаар эсвэл биет дэлгүүрт)
- Дуусах огноо
- Урамшууллын купон код
- Нийт хямдралын купоны тоо
- Урамшууллын нөхцөл, шаардлага гэх мэт
Фэйсбүүк хэрэглэгчдийн хувьд танай урамшууллын купоныг тэр дор нь ашиглаж болохоос гадна хадгалж авч болно. Нөгөө талаас купон хадгалж авсан хэрэглэгчдэд Фэйсбүүк нь 3 хүртлэх удаа сануулдаг функцтэй. Жишээ нь тухайн хэрэглэгч танай дэлгүүрийн ойролцоо явж байхад нь купоноо ашиглахыг сануулах жишээтэй.
Анхаарах зүйл: Түгээх боломжтойгоор сурталчилгаагаа үүсгэ
Сурталчилгааныхаа хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Share хийх сонголтыг идэвхжүүлж өгөөрэй. Ингэснээр таны хямдралын мэдээллийг хэрэглэгчид ганцхан товшилтоор найзууддаа түгээх боломжтой болно шүү.
#6: Facebook Collection сурталчилгаа
Collection сурталчилгаа нь анхаарал татах эрс ялгаатай загвар бүхий үндсэн нэг зураг эсвэл бичлэг, туслах 3 зураг бүхий онцгой загвартай. Түүнчлэн сонирхсон хэрэглэгч танай сурталчилгаа дээр дарснаар гар утасны дэлгэц дүүрэн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх цонх руу шилжин ордог.
Хамгийн чухал хэрэглэгчид тань гар утаснаас л ихэвчлэн хандаж байгаа болов уу! Тийм бол Facebook Collection Ad-г ашиглан зөвхөн гар утаснаас хандаж буй хүмүүст зориулсан тэдний анхаарлыг татан, дэлгэрэнгүй мэдээллийг өгч, улмаар борлуулалт хийх боломжтой шинэ төрлийн сурталчилгаа хийж болно.
Доорх жишээ зурагт харуулснаар эхний хэрэглэгчийн Newsfeed-д харагдах сурталчилгааны загвараас гадна сурталчилгаа дээр товшсоны дараа харагдах дэлгэрэнгүй мэдээлэл олгох цонхыг ч мөн сурталчилгаандаа багтааж болно.
Анхаарах зүйл: Instant Experience ашигла
Хэрэглэгч Facebook сурталчилгаа дээр дарсны дараах газардах хуудсыг Instant Experience ашиглан бэлэн загваруудаас сонгон үүсгэх боломжтой байдаг. Мэдээж шууд борлуулалтад чиглүүлэх Store Front, Sell Products загваруудаас сонгон бүтээгдэхүүний багц, каталогтайгаа ч холбож болно. Харин хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах бол Customer Acquisition загварыг ашиглаарай. Цоо шинээр өөрөө газардах хуудсаа үүсгэсэн ч болно.
#7: Facebook Store Traffic Ad – Бодит дэлгүүрт урих сурталчилгаа
Мэдээж шууд цахим орчинд худалдан авалт, борлуулалтаа хийх боломжтой тун гайхалтай биз дээ? Гэхдээ Facebook сурталчилгаа зөвхөн цахим худалдаанд зориулсан зүйл биш. Өөрийн бодит дэлгүүрт хүрэлцэх ирэх хэрэглэгчдэд зориулсан сурталчилгааг Facebook Store Traffic сурталчилгааны төрлийг ашиглан үр дүнтэй хийж болно.
Гэхдээ өмнө нь өөрийн дэлгүүрийн байршлыг Facebook Business Manager дээр нэмэх шаардлагатай. Та тэдгээрийг гараар оруулах, Facebook хуудсаа холбох, хэд хэдэн салбарын мэдээлэл оруулах эсвэл Facebook API ашиглах боломжтой.
Харин дараа нь дэлгүүртээ зочлогсдыг нэмэгдүүлэх дараах хэлбэрийн сурталчилгааг үүсгэх боломжтой болно. Үүнд:
- Фэйсбүүк сурталчилгаа бүртээ дэлгүүрийнхээ цагийн хуваарь, хаяг байршил, холбоо барих мэдээлэл гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг автоматаар харуулах.
- Дэлгүүрт ирэх замыг газрын зураг дээр харуулах боломжтой болгох
- Танай дэлгүүрээс тодорхой зайд байгаа хүмүүсийг онилсон сурталчилгаа хийх.
Анхаарах зүйл: Хямдрал, урамшууллын мэдээллийг энэ төрлийн сурталчилгаандаа багтаа
Дэлгүүртээ зочлох хүмүүсийн тоог илүү ихээр нэмэгдүүлэх бас нэгэн үр дүнтэй арга нь богино хугацаатай урамшууллыг сурталчилгаандаа багтаах шүү. Мэдээж хямдралаа зөвхөн бодит дэлгүүрээр үйлчлүүлэгчдэд зориулсан байх нь ирэх үйлчлүүлэгчдийн тоог өсгөх нь гарцаагүй.
#8: Facebook видео сурталчилгаа
Мэдээж бүтээгдэхүүний зураг, хэрэглээг харуулсан зохиомжит зургууд сурталчилгаанд ашиглахад үр дүнтэй. Гэхдээ түүх өгүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн хэрэглэж буйг харуулах бол Facebook видео сурталчилгаа борлуулалтыг нэмэгдүүлэх илүү сайн сонголт шүү.
Ямар агуулгатай видео сурталчилгаа байж болох вэ гэж үү:
- Бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэж болох жишээг бодитоор харуулсан
- Бүтээгдэхүүнээ ашиглаж болох өөр өөр боломжуудыг харуулсан
- Бүтээгдэхүүнийг ашиглан ямар нэг онцгой, хэцүү зүйлийг хялбар хийж байгаагаар
- Бүтээгдэхүүнийг ашиглан хүн бүрт тулгардаг нийтлэг асуудлыг хэрхэн амархан шийдэж байгааг харуулсан гэх мэт…
Түүнчлэн видео сурталчилгааг дээр дурьдсан бараг бүх сурталчилгааны төрлөөр ашиглах боломжтойгоор бас давуу талтай.
Анхаарах зүйл: Видео сурталчилгаагаа байж болох бүх байршилд байршуул
Видео сурталчилгааг Facebook NewsFeed-с эхлээд Instagram, Facebook Stories гээд бараг бүхий л байршилд харуулах боломжтой. Гэхдээ яг энэ давуу талыг ашиглахад видео сурталчилгаанд тавигдах шаардлагуудтай танилцсаны дараа сурталчилгаагаа үүсгээрэй.
#9: Facebook мессеж сурталчилгаа
Зорилтот хэрэглэгчдээ хангалттай судалж, сурталчилгааны текст, бүтээлч байдал, агуулгыг тултал нь анхаарч гаргасан ч танай сурталчилгаа яг тухайн хүнд өөрт нь хандсан мэт байж чадахгүй байх нь бий. Илүү хувь хүнд хандсан, онцлосон харилцааг үүсгэх бас нэгэн сурталчилгааны төрөл бий, тэр нь мэссэж сурталчилгаа.
Мессеж сурталчилгааг ашиглан тухайн хэрэглэгчтэй ганцаарчлан хандаж, ярилцах боломжтой. Асуултанд нь хариулж, шүүмжийг нь сонсож, тухайн хэрэглэгч юу хүсч байгааг мэдэж авч болно.
Түүнчлэн Messenger -ээр шууд борлуулалт хийх ч боломжтой болсон. Чатботоо хэрхэн Facebook Shop-той холбон үр дүнтэй ашиглах талаар бидний бэлтгэсэн нийтлэлийг эндээс уншаарай.
Анхаарах зүйл: Өмнөх хэрэглэгчидтэй дахин холбогд
Мэссэж сурталчилгааг ашиглан дараах 2 төрлийн сурталчилгаа хийж болдог:
- Дараад мэссэж илгээх сурталчилгаа: Messenger, Instagram Direct ашиглан боломжит хэрэглэгчидтэй харилцаа үүсгэх.
- Мэссэж сурталчилгаа илгээх: өмнө үүссэн мэссэжийг үргэлжлүүлэх, борлуулалт руу чиглүүлэх.
Борлуулалтаа нэмэгдүүлэх хамгийн зөв арга нь Мэссэж сурталчилгаа илгээх. Энэ сурталчилгааг зөвхөн өмнө нь танайхтай мессежээр харилцаж байсан хүмүүст л илгээдэг. Тиймээс тэд худалдан авалт хийхэд илүү ойр, таны туслалцаатайгаар хэрэглэгч болох боломжтой хүмүүс байх магадлалтай гэсэн үг.
#10: Facebook Lead сурталчилгаа
Зөвхөн Messenger ашиглахгүйгээд шууд холбогдох нь илүү үр дүнтэй гэж үзэх хүмүүс бий. Тийм тохиолдолд Facebook Lead сурталчилгаа хийснээр та боломжит худалдан авагчдын холбоо барих мэдээллийг бүртгэж аваад дараа нь тухайн хэрэглэгчидтэй имэйлээр эсвэл утсаар холбогдож болно гэсэн үг.
Lead сурталчилгаа дээр Facebook хэрэглэгч товшингуут тухайн хүний холбоо барих мэдээлэл жишээ нь нэр, утас, имэйл хаяг гэх мэт мэдээллийг нөхөх форм гарч ирдэг бөгөөд хамгийн олзууштай нь эдгээр мэдээллийг Facebook автоматаар нөхөж оруулах боломжийг санал болгодог. Өөрөөр хэлбэл Facebook хэрэглэгч нэр, утас, имэйл хаяг гэх мэт мэдээллээ гараар оруулах шаардлагагүйгээр шууд Facebook дээрх мэдээллээ татан оруулахаар сонгож болно гэсэн үг.
Тэгэхээр та хэрэглэгчдээсээ асуух асуултуудаа бэлтгээд л сурталчилгаанд ашиглах асуулгын форм үүсгэхэд л болно. Түүнчлэн уг асуулгадаа албан тушаал, салбар, хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээ гэх мэт авах бол нэмэлт тусгай асуултууд оруулах ч боломжтой. Тэр ч байтугай уулзалтын цаг товлох ч болно шүү.
Анхаарах зүйл: Татгалзахын аргагүй санал тавь
Хэдийгээр танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа ч хүмүүс холбоо барих мэдээллээ өгөхдөө болгоомжтой хандаж магадгүй. Тиймээс та татгалзахын аргагүй санал тавь.
Жишээлбэл, вэб хостингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага сурталчилгаандаа цахим худалдааны борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүсч буй хүмүүст вэб хуудасныхаа үнэ төлбөргүйгээр хурдыг шалгах боломжийг санал болгож байна.
Төгсгөлд нь
Facebook төлбөртэй сурталчилгаа нь борлуулалтанд чиглүүлэх зорилготой дээрх олон төрлийн сурталчилгааны сонголтыг санал болгодог. Тийм ч учраас Facebook сурталчилгааг ашиглан та бодож байгаагаасаа илүү өндөр үр дүнг борлуулалт дээрээ гаргах боломжтой байдаг. Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хямдрал, урамшууллын санал, салбарын онцлог зэргийг харгалзан дээр ярилцсан төрлүүдээс зорилтот хэрэглэгчдэдээ хамгийн сайн тохирох сурталчилгааны төрлийг сонгоод, яг одооноос эхлэн борлуулалт нэмэгдүүлэх сурталчилгаа хийж эхлээрэй.