fbpx

Facebook маркетингийн төлөвлөгөө: 2024 он татаж авах

Facebook маркетингийн төлөвлөгөө – Сайн төлөвлөгөө бол ажлын гүйцэтгэлийн 50 хувь. 2024 оны сошиал медиа маркетингийн төлөвлөгөөний загвараа шинэчлэн гаргаж, маркетерүүддаа хүргэж байна.

Facebook маркетингийн төлөвлөгөө загвар файлыг татаж авахаар шинэчлэн оруулж, тус маркетингийн ажлын төлөвлөгөөний загварыг маркетингийн үйлчилгээндээ практикд хэрхэн хэрэглэж байгаа талаар бэлтгэлээ.

Facebook маркетингийн төлөвлөгөө: Эхний алхам “Зорилго” – Урт хугацааны зорилгодоо хүрэхэд чиглэсэн богино хугацааны зорилтуудыг гарга.

Сошиал медиад нийтлэж буй контент бүрийг тодорхой зорилготойгоор нийтлэх нь аль сошиал медиад ямар агуулга, контент илүү үр дүнтэйг, ямар төрлийн контент маркетингийн зорилгод хэрхэн нөлөөлж байгааг хянаж, кампанит ажил бүрийнхээ гүйцэтгэл дээр үндэслэн цаашид ямар өөрчлөлтүүд оруулахаа мэдэж авах боломжтой болгодог.

Сошиал медиа маркетеруудын хувьд гол зорилго мэдээж илүү их борлуулалтыг авч ирэх. Энэхүү зорилгодоо хүрэх богино хугацааны зорилтууд гарган төлөвлөгөөндөө тусгах хэрэгжүүлэх нь үр дүнтэй шүү.

Богино хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэх нь багаар эхлэх, тодорхой байх, зорилго бүрт хүрэх бодит цаг хугацааг бодиттой тогтоох ач холбогдолтой байдаг. Сар бүр үр дүнгээ дүгнэж, юу-ямар контент илүү үр дүн авч ирснийг тодруулж, дараа, дараагийн сарын зорилтоо шинэчлэн тодорхойл. Богино хугацааны зорилтуудад юу багтаах вэ гэж үү? Үүнд:

  • Контент тоо, төрөл
  • Дагагчид
  • Engagement-Харилцаа, хариу үйлдэл
  • Вэб хандалт
  • Захиалагч, худалдан авагчдын тоо
  • Борлуулалт зэрэг үзүүлэлтийг оруулж болно.

Сар бүрийн зорих үр дүнгээ үзүүлэлт тус бүрээр гарган зорилго тодорхойлох хүснэгтэд оруул.

Facebook маркетингийн төлөвлөгөө

Дараагийн хийх ёстой зүйл: Сошиал медиа суваг бүрт контентийн төрөл, постын агуулгыг тоймлон гарга

Сошиал медиа контентийн календарьчилсан төлөвлөгөөний гол зорилго танай бизнесийг зорилтот хэрэглэгчдэд тань таниулж, тэдэнд нөлөөлж чадах контентийн ерөнхий зураглал төлөвлөгөөг гаргах. Календарьчилсан төлөвлөгөөг нарийвчлан гаргахаасаа өмнө тодорхой кампанит ажил, тодорхой зорилгод чиглэсэн контентийн ерөнхий төлөвлөгөө гарга.

Хамгийн эхлээд танай салбар, зорилтот хэрэглэгчдэд илүү нийцэх контентийн төрлийг сонго. Контентийн төрлүүдийг дараах байдлаар тодорхойлж болно:

  • Блог нийтлэл
  • Урам зориг өгөх ишлэл
  • Бүтээгдэхүүний сурталчилгаа, урамшуулал
  • Онцлох өдрүүдэд зориулсан контент
  • Хэрэглэгчийн үүсгэсэн контент (UGC)
  • Эвэнт, үйл ажиллагааны мэдээлэл гэх мэт

Танай салбарын онцлогоос хамааран маш олон төрлийн эсвэл цөөн тодорхой тооны контентуудыг сонгож болно шүү. Жишээлбэл, фитнес клубын хувьд үнэгүй турших урилга, биеийн хүчний тест сорилт, дасгал сургуулалтын бичлэг, хичээл, хоолны жор, эрүүл хоололтын зөвлөгөө гэх мэт олон төрлийн контент байж болно.

Facebook маркетингийн төлөвлөгөө

Контентийн төрлөө сонгосны дараа контентийн нэгдсэн хүснэгтдээ оруул. Төрөл тус бүрээр нь ангилахын тулд өөр, өөр өнгөөр тэмдэглэх нь дараа нь календарь дээр ялгахад хялбар болгоно шүү.

Түүнчлэн контентийн тайлбар текст, вэб холбоос URL, ашиглах зураг, видео, үйлдэл, кампанит ажил болон шаардлагатай бусад мэдээллийг мөн оруулаарай.

Сар бүрийн эхний өдөр болвол түүнээс өмнө контентийн төлөвлөгөө гаргаж дуусгаарай. Тэгээд тухайн долоо хоногтоо багтаан контентоо бэлтгэн, бэлэн болсон контентоо урьдчилаад нийтлэх хугацааг нь тохируулан төлөвлөөрэй.

Бидний хувьд hootsuite.com гэх мэт контент төлөвлөлтийн аппликейшнууд ашигладаг бол одоо Facebook Business Suite, Creator Studio гэх мэт Facebook-н өөрийнх нь багаж хэрэгслүүд Facebook Page, Instagram контентоо хангалттай хэмжээнд төлөвлөх, төлөвлөгөөгөө календар хэлбэрээр харах, засварлах боломжтой болсон шүү.

Контентийн календарчилсан төлөвлөгөөгөө үүсгэх ажилдаа орцгооё.

Facebook маркетингийн төлөвлөгөө: Контент

Таны бэлдсэн контентыг хэрэглэгч, үйлчлүүлэгчид үргэлжлүүлэн унших эсэх нь эхний гарчгаас хамаарна. Тиймээс та ямар үг хэрэглэх, хэрхэн өөрийн санаагаа цөөн үгээр оновчтой гаргахаа сайтар төлөвлөх хэрэгтэй.

Худалдан авалтын замналын үе шат бүрт өөр өөр гарчиг хэрэглэх нь зүйтэй ч сайн гарчиг контентын ерөнхий санааг бүхэлд нь агуулсан байх ба анхаарал татаж, унших хүслийг өдөөсөн байх хэрэгтэй байдаг. Мөн гарчигаа сонгохдоо та хэрэглэгчдийнхээ хэлээр ярих хэрэгтэй. Ингэж тэдний хамгийн их хэрэглэдэг үгийг ашиглах нь тэд таныг олоход хялбар болно. Үүийг бид маркетингийн персона гаргахдаа олж мэддэг.

Мөн түүнчлэн сошиал медиа маркетеруудын зайлшгүй анхаарах ёстой статистикийг харахад урт постоос богино пост 23%-аар илүү үр дүнтэй байгаа аж. Тиймээс бид гарчигаа аль болох богино байхад л анхаарах хэрэгтэй байх нь. Өөрөөр хэлбэл “богино бас амттай” байх зарчим баримтлах нь зүйтэй.

Таны нийтэлж байгаа постууд аль болох түргэн хугацаанд хэрэглэгчдийн анхаарлыг татаж байх хэрэгтэй бөгөөд бусад мэдээллээ газардах хуудсаар дамжуулан өгөх нь илүү үр дүнтэй юм.

Харин та тухайн контентыг сурталчилгаа явуулж илүү олон хүнд хүргэхийг хүсэж байгаа бол Facebook сурталчилгааны тайлбар текст 4 үгэнд, линк тайлбар 15 үгэнд багтах нь хамгийн үр дүнтэй гэсэн статистик гарсан байна.

Дараагийн бидний заавал анхаарах шаардлагатай мартаж болохгүй асуудал бол хаана? аль сошиал медиа?.

Сошиал медиа контент бэлтгэх

Сошиал медиа контент бэлтгэл Төлөвлөгөө гаргачихлаа, одоо контентийн бэлтгэл ажил эхэлнэ. Үүнд судалгаа, мэдээлэл цуглуулах, нийтлэл, зөвлөгөө заавар бэлтгэх, постын загвар дизайнаа гаргах, видео бичлэг хийх гээд нөр их ажлын үе.

Постын хэмжээ, харьцаа

Бидний хувьд пост бэлтгэх ажилдаа ашиглахаар “Facebook пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа (загвар PSD файл татаж авахаар)” бэлэн загвар гарган бэлтгэж, өөрчлөлт гарах бүрт нь шинэчлэж өөрчлөдөг. Дээрх холбоос дах нийтлэл нь зөвхөн Facebook пост бэлтгэхэд зориулсан бол та энэхүү нийтлэлээс Instagram, Twitter, Pinterest, Tiktok, Youtube зэрэг сошиал медиа платформуудад пост бэлтгэхдээ анхаарах зургийн хэмжээ харьцааг ч мөн адил урьдчилан танилцаж, контент бэлтгэлдээ ашиглаарай.

Canva ашиглан дизайн бэлтгэх

Canva.com нь бүхий л төрлийн дизайн загвар гаргах онлайн хэрэгсэл. Бүх төрлийн сошиал медиа постууд хийхэд маш хялбар бэлэн загваруудаас гадна, постын хэмжээ, харьцааг өөрөө сонгон бэлтгэх ч боломжтой. Үнэгүй хувилбар нь ямар нэг хязгаарлалтгүйгээр ашиглах боломжтой бөгөөд үнэтэй хувилбарын хувьд бэлэн зураг, бичлэг сонгон ашиглах, цаг хэмнэх постын хэмжээ өөрчлөх хялбар функцууд, багийн гишүүдтэйгээ хамтран ажиллах зэрэг боломжууд нээгддэг

Танай хэрэглэгч хаана байна, та тэнд байх хэрэгтэй.

Манай байгууллагын тухайд задлан шинжилсэн, асуудлын гүнд орсон өөрөөр хэлбэл боловсрол олгосон урт текст бүхий контент голлодог учир блог нийтлэл болон E-Mail, Facebook хамгийн тохиромжтой суваг байдаг.

Учир нь эдгээр сувгуудаар л урт бичвэр бүхий контент цацах боломжтой байдаг шүү дээ. Харин та онлайн дэлгүүр юм уу, аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бол санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг тань хамгийн сайн харуулж чадах суваг Instagram болох юм.

Мөн манай хэрэглэгчид мэдээлэл авахдаа Google хайлт ашиглах магадлал их. Түүнчлэн сошиал медиа орчинд ажиллаж буй маркетеруудын 93% нь сурталчилгаагаа Facebook-д байршуулдаг гэсэн статистикийг хайлтын системийн оновчлолын үйлчилгээ үзүүлдэг Google-ийн Premier Partner, Bing-ийн Elite Partner WordStream компани гаргажээ.

Та өөрийн хэрэглэгчдээ олж, тэдэнд сонирхолтой, үе шаттай контентыг тэдний сувгаар хүргэлээ.

Гэхдээ таны хүч хөдөлмөр зардал гаргаж бүтээсэн контентыг таны хэрэглэгчид уншаад л өнгөрвөл яах вэ?

Тэгэхээр контентдоо Call to action button буюу үйлдэлд дуудах товч байршуулахаа мартаж болохгүй. Блог нийтлэлийн хувьд цахим ном татаж авахаар байршуулж и-мэйлийг нь авч үлдэж, худалдан авалтын замналын дагуу үе шаттай и-мэйл явуулах нь үр дүн сайн байдаг.

Сурталчилгааны төсөв баталж, сурталчилгаанд зориулсан контент бэлдэх

Хуудсанд LIKE дарж, дагасан хүмүүсийн 6.4%-д постууд органикаар хүрч байна. Цаашдаа энэ тоо улам багасах магадлал бий. Тиймээс зайлшгүй сурталчилгаа явуулах хэрэгтэй болж байгаа бөгөөд өнгөрсөн онд Facebook-ийн зүгээс сурталчилгааны бодлогоо улам чангатгаж, сурталчилгаа батлагдахгүй байх тохиолдол маш их гарлаа. 2024 онд ч энэ байдал үргэлжлэх хандлагатай байна. Тиймээс юуны өмнө сурталчилгааны бодлогыг зөрчихгүй байхаар контентыг урдчилан төлөвлөх хэрэгтэй байна.

Контентын төрөлжилтөө анхаар

Хүн болгоны үзэх дуртай контент ялгаатай. Зарим хүмүүс видео контент үзэх дуртай бол заримд нь зураг таалагдана. Тиймээс та контентын төрлөө урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Ингэж төлөвлөөгүйгээс нэг долоо хоногт хэт олон нэг төрлийн контент орох алдаа ажиглагддаг. Facebook-ийн хувьд LIVE хэлбэртэй контент хамгийн олон хүнд хүрч байна. Гэхдээ 2019 оны сүүлээс эхлэн Facebook-ийн бодлогоос хамааран хэт спам хэлбэрээр дамжуулж буй LIVE-ийг хэрэглэгчдийн эрхэнд халдаж байна гэж үзэж тухайн хуудсанд хязгаарлалт тавьж эхэлсэн. Тиймээс энэ тал дээр анхаарах шаардлага байна. Энэ талаар дэлгэрэнгүйг бид SocialMediaThursday LIVE нэвтрүүлгийнхээ 36 дугаараар ярилцсан бөгөөд одоо ч энэ байдал үргэлжилж байна.

Түүнчлэн бидний анхаарах ёстой нэг зүйл бол видео пост бусад постоос илүү олон шэйр хийгдэж байна. Тиймээс хэрэв та зурган контент бэлдсэн бол түүнийгээ видео контент болгож хувиргаад үзээрэй. Үр дүн нь маш ялгаатай байх болно.

Видео контентын тухайд анхаарах ёстой нэг зүйл бол эхний 3 секунд. Энэ хугацаанд л хүмүүс цаашаа видеог тоглуулах эсэхийг шийддэг аж. Тиймээс бид видео контентын эхний энэ богинохон хэсэгт үзэгчдийн цаашид үзэх хүслийг өдөөх, хамгийн сонирхолтой хэсгээ байршуулж өгөх хэрэгтэй. Эхний 3 секунд лого гараад дуусаж болохгүй л гэсэн үг.

Видео контенттой холбоотой өөр нэг статистик дурдвал видеог subtitle-тай хийх нь үзэлтийг 12%-аар өсгөж байна. Нийт видео үзэгчдийн 85% нь дуугүй үздэг. Тиймээс бид тэднийг дуугүй үзэхэд зохицох видео контент нийтлэх хэрэгтэй. Үүний нэг арга нь subtitle бөгөөд дуутай тоглуулж буй хүмүүс ч subtitle-тай видеог үзэх сонирхол илүү байдаг аж.

Контент бэлтгэлийн тал дээр бас нэг зайлшгүй анхаарах ёстой зүйл нь Facebook хэрэглэгчдийн 47% нь зөвхөн гар утаснаас холбогдож байна. Тиймээс бид контентоо гар утаснаас харахад зохимжтой форматтай байхад анхаарах хэрэгтэй.

Facebook маркетингийн төлөвлөгөө: Сүүлийн анхаарах зүйл бол төлөвлөгөөгөө хянаж, тайлагнаж болохуйц болгох

Төлөвлөх нэг хэрэг, гүйцэтгэл хамгаас чухал. Тиймээс контент төлөвлөгөөний дагуу зохих сошиал медиа сувгуудаар цаг тухай бүртээ нийтлэгдэж байгаа эсэхэд, мөн үр дүн нь зорилгод нийцэж байгаа эсэхэд хянаж, тайлагнаж байх хэрэгтэй.

Аливаа ажил бүр үр дүнтэй байх хэрэгтэй. Контент нийтлэгдээгүй, хүссэн үр дүн авч ирээгүй тохиолдолд асуудал яг юунд байсан бэ гэдгийг бид хянаж чадахаар байхын тулд Facebook маркетингийн төлөвлөгөөндөө тайлангийн хэсэг заавал оруулах шаардлагатай.

Түүнчлэн багийн бусад гишүүд, бусад багийн оролцох гишүүдтэй төлөвлөгөөгөө хуваалцах, тэдний үүрэг, оролцоог ойлгомжтой байхаар төлөвлөөгөөндөө тусгах нь хамгаас чухал шүү.

Учир нь маркетингийн кампанит ажил зөвхөн маркетингийн хэлтсээс хамаарахгүй байх нь бий. Жишээ нь бүтээгдэхүүний танилцуулгыг өөр нэг хэлтэс маркетингийн хэлтэст өгөх хэрэгтэй байхад тэр нь цагтаа ирэхгүй байх, эсвэл контентын тайлбар хэсэгт бичсэн мэдээллийг дахин засварлах хэрэгцээ гарах, дизайны тал дээр дахин сайжруулах хэрэгцээ үүсэх зэргээс үүдэн контент бэлтгэл бидний тооцсон тохиромжтой цагт нийтлэгдэх боломжгүй болж улмаар бага хүнд хүрэх, байгууллагын цахим хуудас тухайн долоо хоногт идэвхгүй болох нь бий.

Иймээс тухайн контент дахин засвар хийгдэхгүйгээр эцсийн байдлаар бэлэн болох хугацааг нийтлэгдэх хугацаанаас өмнө тооцож, төлөвлөгөөндөө тусгаж өгөх хэрэгтэй.

Мөн контент бэлтгэл хэн гэдэг ажилтны хариуцсан, аль шатанд явагдаж байгааг заавал тусгах нь эргээд ажилчдад тодорхой, ойлгомжтой байдлыг бий болгож, ажлын гүйцэтгэлд үр авч ирдэг.

Түүнчлэн контент бүрийн reach буюу хүртээмж харагдац, engagement буюу тухайн контентод үзүүлэх хариу үйлдэл зэрэг үр дүнгийн тоон үзүүлэлтийг заавал тооцож, үүнд үнэлэлт дүгнэлт өгч байх хэрэгтэй. Энэ нь ямар контент үр дүнтэй байж, танай хэрэглэгчдэд таалагдаж байгааг мэдэх арга болно.

Бидний зүгээс санал болгож буй контент төлөвлөгөөнд заавал тусгах хэрэгтэй зүйлсийн зөвлөмж энд хүрээд өндөрлөж байна. Хэрэглэгчийн зан төлөв, бизнесийн онцлог, тавьж байгаа зорилгоос шалтгаалан Facebook маркетингийн төлөвлөгөө тусгах зүйлс бага нэмэгдэж болох ч дээр тайлбарласан үзүүлэлтүүд бол сошиал медиа маркетингийн контент бүрд заавал тусгах шаардлагатай үзүүлэлтүүд юм шүү.

маркетингийн цахим ном ebook

Нийтлэлийнхээ төгсгөлд Facebook маркетингийн төлөвлөгөө гүйцэтгэлд аль алинд нь хэрэгтэй болох дараах нийтлэлийн холбоосыг оруулж байна. Танд амжилт хүсье.

Санал болгох нийтлэл:

  1. Facebook пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа (11 төрлийн загвар PSD файл татаж авахаар)
  2. Инфографик: Сошиал медиа пост зургийн хэмжээ
  3. Checklist: Сошиал медиа пост бэлтгэх үед заавал шалгах зүйлс
TOP