2010 онд Инстаграм анх гарч ирэхэд бусад сошиал платформтой адил сельфи, тэжээвэр амьтад, хоолны зургаар дүүрэн байв. Харин өнөөдөр энгийн нэг зураг хуваалцах апп-аас маркетингийн суваг болтлоо маш хурдацтай өргөжжээ.
Ялангуяа зөвхөн нөлөөлөгчдөд зориулагдсан биш бизнесийнхэнд зориулсан боломжууд нэмэгдэж, онлайн худалдаа, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд ер нь ямар ч салбар байсан Инстаграмд өөрсдийн хүртээмжийг тэлэх боломжтой болсон. Хэрэв та аль хэдийн Инстаграмыг маркетингдаа ашигладаг бол эсвэл ашиглах гэж байгаа бол дараах нийтлэл танд туслах болов уу! Үүнд:
- Онлайн худалдааны бизнест Инстаграм ямар ашиг тустай вэ?
- Инстаграм алгоритм гэж юу вэ?
- Инстаграм маркетингийн зорилго тодорхойлох нь
- Зорилтот зах зээлээ оновчлох нь
- Инстаграм маркетингийн төлөвлөгөө гаргах нь
- Инстаграм нөлөөлөгчидтэй үр дүнтэй хамтрах нь
- Инстаграм автоматжуулалт хэрэгжүүлэх нь
Онлайн худалдааны бизнест Инстаграм ямар ашиг тустай вэ?
Дээр дурдсанчлан Инстаграм нь эрчимтэй хөгжсөөр энгийн нэг зураг, видео хуваалцах апп биш онлайн бизнесийнхэний хувьд бүхэл бүтэн маркетингийн суваг болжээ. Яагаад гэж үү?
Хамгийн эхний шалтгаан бол тухайн платформын формат юм. Анхнаасаа л өнгө үзэмжит байдалд тэргүүлж явсан тул онлайн худалдааныханд бизнесээ харуулах боломжийг олгодог. Тиймээс мянга мянган бизнесийн байгууллагууд Инстаграмруу хошуурцгааж байна.
Хоёрдугаарт, Инстаграм хэрэглэгчид нь дундаж сошиал медиа хэрэглэгчдээс хариу үйлдэл үзүүлэлтээрээ илүү өндөр байдаг байна. Судалгаанаас үзэхэд, Инстаграм хэрэглэгчдийн 72% нь гоо сайхан, хувцас загвар, үнэт эдлэл гэх мэт бүтээгдэхүүн, үйлчилгээг зөвхөн Инстаграмд олж харсны дараа шууд худалдан авалт хийдэг байна.
Гурав дахь шалтгаан. Онлайн худалдаанд тохирсон төгс платформ. Ялангуяа өмнөх онд Инстаграмын зүгээс бизнесийнхэнд зориулсан хэд хэдэн боломжуудыг зарласан нь ШОП хэрэглээ болон Reels-ийн хэрэглээг дэмжсэн нь юм. Мөн Stories-т захиалгын линк оруулах боломжтой болсон.
Тиймээс бүхий л салбар Инстаграмыг маркетингийн сувгаар сонгож амжилттай байх боломжтой гэсэн үг. Мэдээж Инстаграм маркетингийн тодорхой стратегитайгаар зорилтот хэрэглэгчидрүүгээ чиглэсэн алгоритм бүрд өртсөн контент бүтээх нь чухал юм.
Инстаграм алгоритм гэж юу вэ?
Инстаграм алгоритм гэдэг нь нийтлэгдсэн пост хэзээ хэнд хүрэх, ямар дарааллаар харагдахыг зохицуулдаг зүй тогтол магадлалыг хэлнэ. Инстаграмын зүгээс хүмүүсийн үйлдэл болоод мэдээллийн урсгалыг дахин дахин зохион байгуулж алгоритмыг улам боловсронгуй болгосоор байна. Дараах 6 янзын алгоритм үйлчилдэг.
#1: Сонирхол: Та юу сонирхоно тэр талаар илүү ихийг танд харуулна. Өчигдөр та өөрт тохирох гоо сайхны бүтээгдэхүүн хайсан бол өнөөдөр танд илүү ихийг харуулна. Энэ нь ижил төрлийн постод хариу үйлдэл үзүүлсэн хэрэглэгчдэд дахин бусдыг нь харуулна гэсэн Инстаграм алгоритм ажиллаж байгаа хэрэг.
Нөгөө талаас, бизнес эрхлэгч та хэрэглэгчдийнхээ сонирхолд өртөхийн тулд тухайн салбарын хаштагуудыг түлхүү ашиглаж, Инстаграм сурталчилгааны оновчлолдоо анхаарал хандуулна гэсэн үг.
#2: Цаг хугацааны дараалал: Инстаграм алгоритм хамгийн сүүлийн үеийн шинээр нийтлэгдсэн контентийг хүмүүст цаг хугацааны дарааллаар харуулж байдаг. Энэ алгоритмд өртөж хэрэглэгчдийн newsfeed-д хамгийн түрүүнд харагдахыг хүсвэл бидний зүгээс тогтмол бай гэж зөвлөмөөр байна.
Тогтмол бай гэдэг нь тасралтгүй бай гэсэн үг. 7 хоног бүр оруулах ёстой цагтаа постуудаа заавал оруул. Урт хугацаанд огт контент нийтлээгүй байснаа 2 долоо хоногийн дараа гэнэт нэг өдрийн дотор 10 пост нийтэлдэг нь хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа шүү. Энэ нь хүртээмжийн хувьд ямар ч үр дүнгүй байдаг.
#3: Харилцаа холбоо: Хэрэв та хэрэглэгч бол таны гэр бүл найз нөхдийн сонирхдог мэдээ мэдээлэл танд ч мөн харагдана гэсэн үг. Харин бизнес эрхлэгч бол таны хэрэглэгчийн гэр бүл, найз нөхдөд таны нийтэлсэн контентууд харагдана гэсэн үг. Тиймээс ойр дотнынхноо меншион хийж, хуваалцахуйц контент нийтлэх нь таны хүртээмжийг улам нэмэгдүүлэх давуу талтай.
#4: Давтамж: Хэдэн удаа Инстаграм апп-ыг нээж үздэг эсэхээс шалтгаалж, тухайн хүнд ихийг харуулах уу? Багыг харуулах уу? гэдэг нь зохицуулагддаг. Маш цөөхөн удаа Инстаграм апп-ыг нээж үздэг хүмүүст төдийлөн олон төрлийн мэдээ мэдээллийг харуулдаггүй. Учир нь завгүйг байгааг нь эсвэл тухайн апп-ыг нэг их хэрэглэдэггүйг нь ойлгоод хүчээр хэт их мэдээлэл харуулдаггүй гэсэн үг.
Харин өдөрт маш олон давтамжтай нээж үздэг хүмүүст бол секундын өмнө орсон шинэхэн контентыг шууд харуулдаг. Нөгөө талаас бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийнхээ энэ үйлдэл, Инстаграмын энэ алгоритмд өртөхийн тулд мөн л тогтмол контентоо нийтлэх нь зүйтэй байдаг.
#5: Дагагчдийн хэмжээ: Хэрэглэгчдийн хувьд хичнээн тооны ямар хүмүүсийг дагадаг эсэхээс шалтгаалж ямар пост яаж харагдах нь зохицуулагддаг. Харин нөгөө талаас, бизнесийн байгууллагууд хуудсаараа салбарынхаа ижил төстэй амжилттай бизнесүүдийг болон зарим идэвхтэй хэрэглэгчээ харилцан дагах нь хүртээмжид тун эерэгээр нөлөөлнө.
#6: Хэрэглээ: Instagram-д хэдий хэр хугацаа зарцуулснаас хамаарч хамгийн сүүлийн үеийн постууд харагдах уу? Хуучин пост дахин харагдах уу? гэдэг нь шалтгаалдаг. Нэг удаа нэвтрэхдээ цөөхөн минут зарцуулдаг бол алгоритм тухайн хэрэглэгчдэд ахин хүчээр хэт их мэдээлэл харуулдаггүй. Нөгөө талаас бизнесийн байгууллагууд тогтмол байснаар Инстаграмд илүү их хугацааг зарцуулдаг хүмүүсийн newsfeed-д харагдана гэсэн үг.
Ингээд дээрх алгоритмуудад өртөхийн тулд хаштагаа нэмэгдүүлж, контентоо тогтмол байлган, салбарынхаа төлөөлөгчид болон зарим идэвхтэй хэрэглэгчдийг харилцан дагахыг дахин зөвлөж байна. Дараагийн дэд сэдэв болох Инстгарам маркетингийн стратеги дахь зорилго тодорхойлох хэсэгрүү орцгооё!
Инстаграм маркетингийн зорилго тодорхойлох нь
Инстаграм маркетингийн стратеги гаргахад анхаарах зүйл маш их байна. Зорилгоо тодоройлох нь хүссэн үр дүнг авчирах давуу талтай. Тиймээс юуны өмнө таныг дараах асуултуудад хариулж жагсаалт гаргахыг хүсч байна.
- Брэндээ таниулах уу?
- Зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх үү?
- Бүтээгдэхүүн, үйлчилгээг харуулах уу? эсвэл Харилцаагаа өргөжүүлэх үү? Аль аль нь уу?
- Яагаад Инстаграмыг сонгон ашиглаж байна вэ?
- Инстаграм танд маркетингийн зорилгодоо хүрэхэд хэрхэн туслах вэ?
- Хэдий хэмжээний цаг хугацаа болоод төсөв зарцуулах вэ?
- Инстаграм танд бусад платформуудаас юугаараа ялгаатай вэ? гэх мэт. Ерөнхийлөн жагсаасны дараа илүү бодит тооцоололтой зорилго тавих хэрэгтэй. Үүнийг дараах зурагт үзүүлсний дагуу хэрэгжүүлээрэй.
Зорилтот зах зээлээ оновчлох нь
Зорилго тодорхойлсны дараа хэнд хүргэхээ ч мөн тодорхойлох хэрэгтэй. Ер нь танайхаас ямархуу хүмүүс худалдан авалт хийхийг гадарлаж буй бол дараах асуултуудад хариулаарай.
- Тэд ямар төрлийн контентод хариу үйлдэл үзүүлдэг вэ?
- Тэд ямар hashtag ашигладаг вэ?
- Тэд ямар харилцаануудад түлхүү оролцдог вэ? гэх мэт.
Эдгээрийг бүр нарийн баттай мэдэх арга нь өрсөлдөгчдийн хуудсаар зочлох юм. Монгол болон бусад улс оронд яг тантай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын Инстаграм хуудсаар зочилж дараах туршлагуудыг судлаарай.
- Ямар төрлийн контент /Reels, live эсвэл carousel post гэх мэт./ хамгийн их хүртээмжтэй байгааг харна.
- “Followers” товч дээр дарж ямар хэрэглэгчид байгааг мэдэж авна. /Зүгээр нэг ажиглалт хийх биш хэрхэн анхаарлыг нь татаж болох талаар санаа аваарай./
Инстаграм маркетингийн төлөвлөгөө гаргах нь
Бид үргэлж төлөвлө, төлөвлө. Бас дахин төлөвлө! гэж уриалдаг. Зүгээр л чиг хандлагыг дагах, үргэлж өнгө төрхөд анхаарах мөн өрсөлдөгчийг дуурайх, дан мэдрэмжээр Инстаграм бизнес хуудас хөтлөх зэрэг нь боломжгүй бөгөөд үр дүнгүй гэж сануулмаар байна. Учир нь төлөвлөөгүйгээс дараах асуудлууд болон эрсдлүүд танд тулгарна.
- Чанаргүй контент хийх
- Хүртээмж, үр дүнгүй контентод удаан хугацаанд цаг хугацаа болон төсөв зарцуулах
- Контент тогтмол биш байснаар хүртээмж буурах
- Анхны зорилго мартагдах
- Сурталчилгааны төсөв үр дүнгүй зарцуулагдах
- Явц, үр дүнг хянах боломжгүй байх гэх мэт.
Тиймээс дараах төлөвлөгөөний загварыг татаж өөрсдийн Инстаграм бизнес хуудсандаа хэрэгжүүлээрэй. Танд хэрэгтэй дарааллыг Sheet бүрээр нэрлэсэн байгаа. Үүнд, дээр дурдсанчлан Инстаграм маркетингийн зорилго, ерөнхий төлөвлөгөө болон сар сарын төлөвлөгөөг дэлгэрэнгүй багтаасан.
Ингээд маркетингийн төлөвлөгөөнд зайлшгүй орох мөн Инстаграм платформд хамгийн өндөр хүртээмжтэй байдаг контентын төрлүүд болон тэдгээрийн тус тусын давуу тал, онцлогыг дэлгэрэнгүй авч үзэцгээе!
Instagram Stories:
Өдөр бүр 500 сая Stories хийгдэж, хэрэглэгчдийн 58% нь ямар нэг брэндийн талаар мэдээллийг тэндээс авч, Stories Ads буюу сурталчилгаагаар борлуулалтаа өсгөх боломж нэмэгдсээр.
Хэрэв та Stories-г нэг их тоодоггүй бол одооноос ч ашиглаж эхлэхэд оройтоогүй гэж зөвлөмөөр байна. Учир нь нийтлэлийн эхэнд дурдсан Инстаграм алгоритмд хамгийн өндөр өртөж, хүртээмжтэй байдаг контентуудын тэргүүлдэг нь Stories юм.
Instagram Stories нь дараах давуу талтай.
- 24 цагийн хугацаанд маш богино байдлаар буюу 15 секундын дотор хэрэглэгчдэд мэдээлэл өгдөг.
- Stickers, question болон mention зэрэг нь зайлшгүй үйлдэлд дуудсан байдгаараа харилцааг маш сайн дэмждэг.
- 2021 онд Stories-т линк холбох боломжтой болсноор шууд захиалга хийх боломж бүрдсэн.
Instagram Live:
2020.3-р сараас Инстаграм лайвын хэрэглээ 70% өссөн байдаг. Үүнийг дагаад үзэгчдийн 80% нь блог постоос илүү Instagram Live илүүд үздэг болжээ. Энэ оны статистикаар өдөр бүр 1 сая гаруй хүн Инстаграм лайв үздэг байх нь ээ.
💡 Анхаарах зүйл: Хэт спам байдлаар лайвыг хийж болохгүй. Жишээ нь, Дансаа бич! Бэлэн мөнгөний азтан шалгаруулж байна. Мөрийтэй тоглоомын лайв гэх мэт. Энэ нь бодлого зөрчиж буй хэрэг бөгөөд танай Инстаграм хуудас хязгаарлалтад өртөх магадлалтай.
Instagram Live контент бүтээх нь: Бодит туршлагаас 5 зөвлөмж
- Хүлээлт үүсгэх; Ямар сэдвээр, хэн гэдэг зочинтой, хэзээ лайв хийгдэхийг тодорхой нийтлээрэй. Ингэснээр үзэгчид ч гэсэн цагаа төлөвлөж цайныхаа цагаар тухтай гэгч нь танай лайвыг дуустал үзэх болно.
- Live-аа schedule хийх буюу эхлэх хугацааг урьдчилан тохируулах; Үүнийг хамгийн багадаа 1 цагийн дараа эхлэхээр, хамгийн ихдээ 3 сарын дараа эхлэх хүртэл хугацаанд тохируулж болно. Сэдвээ өгч, эхлэх өдөр цагийг тохируулан Schedule live video товч дээр дарахад болно.
- Стори меншион болон countdown ашиглах; Инстаграм сторины давуу тал нь та хамтрагчаа меншион хийхэд, энэ нь тэдэнд Direct Message /DM/-ээр очих ба тэд ч таны сториг өөрсдийн сторид шэйр хийх боломжтой байдаг. Ингэснээр хамтрагчийн тань дагагчид ч таныг дагах болно.
- Бүтээгчидтэй хамтрах; Салбарын бизнесүүд болон шилдэг контент бүтээгчидтэй хамтран Инстаграм лайв хийх нь дагагчид буюу шинэ хэрэглэгчдээ нэмэгдүүлэх мөн boost хийсэн хэмжээний маш өндөр хүртээмжид хүрэх боломжтой.
- Тайлбар текст, thumbnail-ыг урьдчилан бэлтгэх; Алдаагүй, чанартай LIVE контент ерөөсөө л “Бэлтгэл, бэлтгэл. Бас дахин бэлтгэл!” байдаг. Тайлбар текстээ чангаар унш. Ойлгомжтой эсэхийг шалга. Үг үсгийн алдааг хяна. Зочдынхоо нэр, эрхэлдэг ажлыг зөв бичсэн эсэхийг тэднээс асуу. Лайвын төгсгөлд заавал Upload хийдэг Thumbnail-ыг урьдчилан бэлтгэж утсандээрээ хадгал. Ингэснээр таны IGTV нэг өнгө төрхтэй цэгцтэй харагдах болно.
Instagram Reels:
Хэрэглэгчдийн оролцоо буюу engagement гэдэг үзүүлэлтээр бусад контенттой харьцуулахад 22% илүү байгаа бөгөөд хэрэглэгчид өдөрт 30 минутыг Reels гүйлгэж үзүүлэхэд зарцуулж байна. Инстаграмын зүгээс ч сошиал контентууд дунд ийнхүү богино видео контент ноёрхож буйг дэмжиж байгаа юм.
Reels нь дараах боломжуудыг бизнесийн байгууллагынханд олгоод байна.
- Видео контент хийх цаг хугацаа болоод төсөв хэмнэх
- Хүртээмж өндөртэй контенттэй байх
- Сошиалт маркетингийн трендтэй хөл нийлүүлэн алхах
- Өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах гэх мэт.
Инстаграм Reels амжилттай бүтээх 5 санаа
- Үнэнээ хэл. Хэрэглэгчдэд хандахдаа найздаа хандаж буй мэт ойр бай. Сайн ба мууг үнэнээр нь хэл. Инстаграм VS Бодит байдал гэсэн сэдвээр хөнгөхөн хошигнол хийж, үнэнг харуул. Энэ нь илүү итгэл төрүүлэхүйц байх бөгөөд шинэ хэрэглэгчдэдийг татах болно.
- Өмнө ба Дарааг харуул. Богино хугацаанд хүмүүс өөрчлөлтийн гайхамшгийг харах дуртай байдаг! Ялангуяа тэр өөрчлөлтийг танай хамт олон, танай бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгосон гэвэл тэд эргэлзэхгүйгээр FOLLOW дарах байх шүү.
- Зөвлөгөө өгөх. Аливаа зүйлийг хялбар гүйцэтгэх боломжтойг сануул. Өөр платформ дээр хийсэн ч байж болно. Гол нь Reels рүүгээ Upload хийгээрэй.
- Трендээ дага. Tik Tok -ын трендүүдээс санаа авсан ч болно. Трендийн давуу тал бол шинэ бөгөөд өндөр хандалттай байдаг.
- Хөгжилтэй, ойлгомжтой. Богино бай.
Carousel post:
Энэ төрлийн контент нь илүү үйлдэлд дуудах, дэлгэрэнгүй танилцуулга хийх, дэс дараалалтай мэдээлэл хүргэхэд ашиглагддаг. Үр дүнтэй Carousel post бэлтгэх бол дараах зүйлсийг анхаараарай.
- Гарчгийг богино, ойлгомжтой, анхаарал татахуйцаар өгч томоор бичих
- Өнгөний зохицолд анхаарал хандуулах
- Цааш үзэх, хажуу тийш гүйлгэх гэх мэт үйлдэлд дуудсан нь ойлгомжтой байх
- Гол үгсийг тодотгож дэвсгэр өгсөн байх
- Хайлтад өртөх, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тайлбар текстэд хаштагийг олон төрлөөр ашигласан байх гэх мэт.
Инстаграмд нөлөөлөгчидтэй үр дүнтэй хамтрах нь
Заавал асар олон дагагчтай байх ч албагүй. Энгийн бөгөөд үр дүнтэй хамтын ажиллагаа хэрэгтэй. Нөлөөлөгчдийн хувьд дараах 4 төрөл байдаг.
- Nano Influencers: 1k-10k;
- Micro Influencers: 10k-100k;
- Macro Influencers: 100,000 – 1 сая;
- Mega Influencers: 1 сая + гэх мэт.
Зарим тохиолдолд макро нөлөөлөгчөөс илүү Микро болон Нано нөлөөлөгчид илүү үр дүнтэй. Учир нь арай цөөн дагагчтай хэдий ч хэрэглэгчидтэйгээ илүү сайн харилцаа тогтоосон байдаг байх нь ээ. Бас үнэ нь хямд. Ингээд нөлөөлөгч сонгох 6 зөвлөмжийг хүргэе!
- Бусад брэндтэй хэрхэн хамтран ажиллаж байсан туршлагыг нь судлах;
- Танай зорилтот хэрэглэгчидтэй харилцаа холбоо тогтоодог эсэхийг харах;
- Подкаст, блог, эвент зэрэг бүтээдэг контентийг нь үзэх;
- Салбартай хамааралтай #ХАШТАГ хийдэг эсэхийг хянах;
- Таны төсөвт таарах үнийн саналтай эсэхийг лавлах;
- Гүйцэтгэл үр дүн хэрхэн явагдахыг тохирох гэх мэт.
Инстаграм автоматжуулалт хэрэгжүүлэх нь
Энэ удаад шууд жишээ авч ILTHY (I love the hype) брэндийн туршлагыг та бүхэнтэй хуваалцъя. Энэхүү брэнд нь 10 жилийн хугацаанд Lebron James, Machine Gun Kelly гэх мэт нөлөөлөгчидтэй хамтран бүхий л төрлийн бэлэн хувцас зах зээлд гаргажээ.
Тэдний хувьд чатбот ашиглан дараах энгийн 3 алхамыг хийснээр шинэ хэрэглэгчийн бүртгэлээ 22%-аар өсгөж, урамшуулал олгох бүрдээ хэрэглэгчийн зөвшөөрлөөр нэр, утас, имэйл гэх мэдээллийг бүртгэж авч дахин харилцаж, дараа дараагийн урамшуулал, мэдээллийг санал болгох боломж бүрдсэн байна.
- Инстаграм хуудсынхаа Био хэсэгт “10% Off урамшуулал авах бол “TRYME” гэж мессэж бичнэ үү.” гэж үлдээсэн.
- Инстаграм DM-ээр хэрэглэгч “TRY ME” түлхүүр үгийг илгээмэгц тухайн хэрэглэгчийн нэр, утас, имэйл хаягийг асуун, тэр дор нь имэйлийн урамшууллын бэлгийн картыг олгосон.
- Бэлгийн карт авсан хэрэглэгч ШОП хэсгээр аялж, нэг биш хэд хэдэн бүтээгдэхүүн сонгож худалдан авсан байна.
Ингээд дээрх нийтлэл танд бодит жишээ бүхий шууд хэрэгжүүлж болох санаанууд болон төлөвлөгөөний загвар зайлшгүй мэдэх ёстой зөвлөмжүүдийг НЭГ ДОР хүргэхийг хичээлээ. Танд ч бас шинэ санаа бий бол бидэнтэй хуваалцаарай. Дараагийн нийтлэлээрээ уулзацгаая! Баярлалаа.
Инстаграм хаягаа чатботтой болгох бол манай чатбот хөгжүүлэлтийн үйлчилгээтэй танилцаарай.