Ковидын жилүүд ард хоцорч, хэвийн амьдралын зах зух харагдаж эхэлж буй энэ үед сошиал медиа платформууд Twitter, Instagram, TikTok болон LinkedIn-с ямар шинэ өөрчлөлт, шинэчлэлтийг 2022 онд маркетерүүд хүлээх вэ? Өмнөх нийтлэлээс Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ? талаарх мэдээллийг хүлээн авна уу.
Twitter сүүлийн үед илүү хурдтай, шинэчлэл, хөгжүүлэлтийн чиглэл баримтлах болсныг нь сүүлийн 18 сарын хугацаанд нэмэгдэж буй шинэ функцуудаас харж болно.
Twitter-н хэрэглэгчийн оролцоо, орлого гэх мэт гол үзүүлэлтүүд сайжирч байгаа. Гэхдээ 2021 оны эхээр зарласан амбицтай төлөвлөгөө, зорилгодоо хүрэхийн тулд хийх, сайжруулах зүйлс олон бий.
Twitter 2022 онд юу хийх бол?
Төлбөрийн систем
Twitter-н хувьд өнгөрсөн жилийн гол чиглэл контент бүтээгчдэд орлого олох боломжийг нээх, нөгөө талаас өөрийн орлогын эх үүсвэрийг өргөжүүлэх байсан.
Super Follows болон Ticketed Spaces гэх мэт дагагчид, сонсогчдоосоо орлого олох боломжийг бий болгох түүнчлэн Twitter Blue төлбөртэй хувилбарыг нэвтрүүлэх гэх мэт шинэчлэлүүдийг танилцуулсан.
Twitter-н контент бүтээгчдэд зориулсан эдгээр шинэ функцууд тийм ч амжилттай байгаагүй бөгөөд ялангуяа хэрэглэгч талаасаа төлбөр төлөх сонирхол багатай байгаа нь харагдсан.
Харин тун удахгүй шинэ хувилбараа танилцуулах гэж буй Twitter Blue боломжийн орлогын эх үүсвэр болох магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд онцлож байна.
As I said these days #Twitter is working on new features for users with a subscription to @TwitterBlue such as “Top Articles”, the ability to customize the tab bar and early access to new features.
— Alessandro Paluzzi (@alex193a) October 11, 2021
All of them have now been added to the #TwitterBlue introductory screen 👀 pic.twitter.com/3PjF11TFCT
Хэдийгээр Twitter Blue тестийн явцад мөн л амжилт олоогүй ч дараагийн хувилбарын хувьд хэрэглэгчдэд илүү үнэ цэн санал болгох аваас орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх шинэ боломж мэт харагдаж байгааг мэргэжилтнүүд дурьдаж байна.
Шоппинг
Twitter мөн л eCommerce цахим худалдааний шинэ боломжуудыг эрэлхийлж байгаа нь ойлгомжтой.
Хэд хэдэн шоппинг функцуудыг туршиж эхэлсэн бөгөөд эдгээрт бизнес хуудаснууд, шууд болон лайв худалдааны функцууд багтаж байгаа аж.
Гэхдээ амжилт олох болов уу?
Магадгүй хамгийн чухал хүчин зүйл нь хэрэглэгчид нь апп дотор мөнгө зарцуулах эсэх байх. Контент бүтээгчдэд мөнгө төлөх нь нэг хэрэг, Twitter хэрэглэгчдээ апп дотор мөнгө зарцуулах жишээ нь лайв худалдаанд оролцох дадал суулгах гэдэг өөр асуудал.
Ямартай ч Twitter-н лайв худалдааны функцууд тестүүд 2022 онд хийгдэх нь.
Крипто, NFT
Facebook metaverse чиглэлд явж байгаа бол, Twitter илүү практик алхамууд хийж байгаагийн жишээ нь крипто валют ашиглан төлбөр тооцоо хийх боломжууд, апп дотроо NFT худалдан авах зэрэг функцуудыг дурьдаж болно.
Here’s a sneak peek👀 on what we’re working on for NFT profile verification.
— Justin Taylor (@TheSmarmyBum) September 29, 2021
What do you think? pic.twitter.com/Z8c6tH3BBy
Мэдээж крипто, NFT энэ жилийн трендээ хадгалж чадвал, Twitter энэ салбарын голлох нөлөөлөгчдийн харилцааны үндсэн талбар гэдэг утгаараа тун ирээдэйтэй талбар байж болох юм гэдгийг мэргэжилтнүүд онцлож байна.
Twitter-н экс захирал Jack Dorsey-н хувьд ч Bitcoin-н дэмжигч бөгөөд төлбөр тооцооны хэрэгслийг либералчлах хэрэгсэл гэж үздэг.
Энэ утгаараа Twitter крипто болон NFT-г илүү интеграчлах чиглэлд томоохон алхамуудыг 2022 онд хийх магадлалтай юм байна.
Видео
Twitter видео контентод илүү анхаарал хандуулах болно. Гар утасны дэлгэц дүүрэн босоо форматтай видео тэдний хамгийн сонгох боломжтой хувилбаруудын нэг.
Twitter ч энэ чиглэлд ажиллаад эхэлсэн байгаа, богино хэмжээний, дэлгэц дүүрэн видео контентууд жиргээн дунд харагдаж эхлэх нь.
Facebook-н сошиал медиа аппуудын бас нэгэн чухал төлөөлөл Instagram. 2018 онд тэрбум хэрэглэгчтэй болсноо зарласнаасаа хойш хэрэглэгчийнхээ тоог албан ёсоор зарлаагүй байгаа.
Snapchat, TikTok-гаралтай бүхий л трендүүдийг шүүрч авахаа үргэлжлүүлсээр байгаа нь залуусыг тогтоон барьж байгаа нэгэн хүчин зүйл нь.
IG 2022 онд юу хийх бол?
Buy, Buy, Buy
eCommerce/цахим худалдаа – хамгийн чухал чиглэл. Постоос шууд худалдан авах боломжуудыг нээх. Нөгөө талаас Instagram цахим худалдааны шинэ функцуудыг гаргах, хэрэглэгчдээ худалдан авах дадал суулгах, төлбөр тооцоо хийхэд сургах гэх мэт.
Ерөнхийдөө Instagram бүх төрлийн пост дээрх зүйлсийг худалдан авах боломжтой болгох, ядаж л хаанаас, хэрхэн авах гэдгийг нь чиглүүлэх боломжоор хангахаар ажиллаж байх шиг. Тийм ч учраас зураг, видео аль алинаас нь бараа, бүтээгдэхүүнийг ялган, таних төслийг хөгжүүлээд явж байгаа.
Тэгэхээр 2022 онд Instagram-н хувьд маш олон төрлийн шоппинг-худалдааны функц сонголтууд нэмэгдэх болов уу. Ялангуяа зургаар хайлт хийх дэвшилтэт функц, бүтээгдэхүүн хайх хэсэг үндсэн цэс дээр нэмэгдэх, лайв шоппинг гэх мэт.
Мэдээж эдгээр нь контент бүтээгчдэд орлого олох шинэ эх үүсвэрүүдийг бий болгоно, апп хэрэглээний шинэ чиглэлийг гаргаж ирнэ.
AR хөгжүүлэлт
AR/VR хөгжүүлэлт илүү их анхаарал татах талбар болж буй, нөгөө талаас Meta/Facebook энэ чиглэлд тэргүүлэх зорилго тавин ажиллаж байгаа энэ үед хэрэглэгчдээ ялангуяа залуусыг татах хамгийн чухал зүйл нь Instagram дахь AR/VR хөгжүүлэлт.
Яг юу хийгдэх бол?
Instagram-н хувьд хэрэглэгчид нь AR нүдний шил-тэй болон бусад төхөөрөмжүүдтэй шууд холбогдон уг төхөөрөмжүүдээр бичсэн бичлэгээ Instagram-даа нийтлэх боломжтой болох болов уу.
Нөгөө талаас Instagram AR буюу хиймэл дүрслэлийн хувьд хэрэглэгчдэд хүргэх Facebook-н үндсэн портал болон хөгжих байх гэсэн хүлээлт мэргэжилтнүүдийн дунд байна. Түүнчлэн энэ нь NFT (хөгжүүлэлт нь хийгдэж байгаа) болон дижитал аватарууд гэх мэт чиглэлээр өргөжих төлөвтэй.
Видео
2021 оны сүүлийн хагас ялангуяа сүүлийн улирал бидэнд Instagram хааш чиглэж байгааг маш тодоор харуулж өглөө. Тун удахгүй Instagram хэрэглэгчдэдээ зураг, видео постуудаас бүрдсэн ердийн feed болон Stories, Reels-с бүрдсэн нүүр хуудаснаас алийг нь сонгох сонголтыг гаргаж өгөх болов уу.
Видео хамгийн эрэлттэй контент болж, энэ өсөлтийг Reels улам бүр эрчимжүүлж буй. Энэ ч утгаараа Instagram энэ төрлийн контентуудад илүү анхаарал хандуулан эхний удаад Stories/Reels нүүр хуудсыг сонгох боломжтойгоор харин яваандаа уламжлалт feed-г бүр мөсөн халах байх гэсэн хүлээлттэй байна.
Snapchat
Хэдийгээр хэрэглэгчдийн тооны хувьд гол өрсөлдөгчдөөсөө харьцангуй цөөн ч Snapchat өөрийн гэсэн үнэ цэнтэй хэрэглэгчидтэй болчихсон. Богино видео контентийн хувьд трендийг тодорхойлогчдын нэг.
Энэ нь ч Snap-н дараагийн үе шатны үндсэн хөзөр байх болно. Түүнчлэн AR-н талбарт тэргүүлэх байр сууриа хадгалах болов уу.
За ингээд Snapchat-н хувьд хүлээлт ямар байна.
Томчуудтай мөр зэрэгцэн урагшилна
Өмнө дурьдсанчлан Snapchat AR талбар тэргүүлэгч байсаар ирсэн. Хэдийгээр илүү том, илүү их нөөц бололцоотой платформууд энэ чиглэлд анхаарал хандуулж буй ч тэргүүлэгчдийн нэг хэвээр байх болов уу.
Гэхдээ Facebook, Apple гэх мэт томчууд AR нүдний шил, төхөөрөмжүүд хөгжүүлж байгаа болохоор Snap байр сууриа хадгалж үлдэхэд тийм амар ч биш.
Гэхдээ тэргүүлэх байр сууриа хадгалж чадна гэдэгт нь итгэх шалтгаан бий. Эхнийх нь Snapchat хэрэглэгчдээ илүү сайн ойлгодог, энэ талбарт үргэлж илүү бүтээлч байж, байгууллагын соёлын хувьд ч зохицон ажиллаж чаддаг гэдэг нь харагддаг.
Snap-н трэндийг бий болгох, тэргүүлэх энэ чадвар нь байнгын хувьсан өөрчлөгдөх, бүтээлч дижитал ертөнцөд бусад том тоглогчдоос ялгарах хамгийн гол давуу талыг нь бий болгож өгдөг.
Дараах шалтгаан нь Snap өөрийн гэсэн чиглэсэн зорилготой, түүндээ ямар нэг сатааралгүйгээр тэмүүлдэг. Snap олон жилийн өмнөөс AR бол ирээдүй гэдгийг харсан, ‘camera company’ гэдгээ ч аль эрт зарласан. Өөрийн гэсэн AR төхөөрөмжүүдийг хөгжүүлж, томчуудтай мөр зэрэгцэн нийтэд хүргэж ирсэн. Хөгжүүлэлтийн болоод технологийн хувьд харьцангуй нөөц бололцоо багатай ч гэсэн.
Snap-н хувьд юу бэлэн байгаа вэ гэвэл Spectacles дээр тулгуурлан тогтсон үйлдвэрлэлийн процесс байна. Түүнчлэн Snap Apple-тай хамтын ажиллагаа сайтай, энэ нь хамтарсан бүрэн AR-холболт бүхий Spectacles нүдний шил хөгжүүлэн гаргах ч түлхүүр болох боломжтой.
Facebook-н Ray Ban-тай хамтын ажиллагаа ирээдүйтэй харагдаж байгаа, гэхдээ Snap-г AR хөгжлийн дараагийн шатнаас шууд хасах шалтгаан харагдахгүй байна.
Виртуал загварын ертөнц
NFT-н хөгжил дижитал аватаруудыг тайзнаа гаргах боломжтой болгож буй энэ үед хүмүүс өөрсдийнхөө онлайн хувилбараа загварын мэдрэмж, сонирхолыг нь илэрхийлэхүйц байдлаар дүрслэх сонирхолтой байгаа.
Одоо ч гэсэн Twitter-т NFT-н дэмжигчид өөрсдийн профайлаа төрөл бүрийн хүүхэлдэйн баатрууд, мич, роботууд болон бусад хэлбэрээр дүрслэн өөрчлөж байгааг харж болно. Эдгээр дижитал бүтээлүүдээ худалдан авахаас гадна бүрэн 3D аватар хэлбэрээр бүтээн, metaverse дижитал ертөнцөд өөрсдийгөө төлөөлүүлэх болно гэдгийг анхаараарай.
Snapchat ч мөн адил энэ чиглэлд арай ялгаатай хэлбэрээр хөгжиж буй. Snap хэрэглэгчид Bitmoji характеруудаа brand хувцсаар хувцаслан өөрийн виртуал дүр төрхөөрөө сонирхол, мэдрэмжээ харуулах боломжууд нэмэгдсээр байна.
New Patent filing by Snapchat could be huge! $SNAP @Bitmoji pic.twitter.com/ypRCEVGpx8
— Mike 👻 (@mtatsis) January 1, 2021
Уг талбар өөрөө асар том боломжтой. Жишээ нь онлайн тоглоомын Fortnite, Roblox гэх мэт сүлжээнүүд орлогынхоо үндсэн хэсгийг тоглоомын дүрүүдийн хувцас болон бусад сонголтуудаас олдог бөгөөд энэ нь залуусын дунд хэрэглээ, дадал болон тогтож байна. Metaverse шилжилтийн томоохон трэндийн нэгэн нь энэ зан төлөв байх нь ойлгомжтой.
Snapchat яг энэ шилжилтийн тэргүүн эгнээнд буй. Одоо ч хэрэглэгчид нь Bitmoji характерийнхаа бүрэн хэмжээний дижитал хувилбараа үүсгэх боломжтой, түүнчлэн тэднийгээ хувцаслах томоохон брэндийн загварын сонголтууд ч бий.
Эдгээр бүтээгдэхүүнийх нь виртуал хувилбарууд тухайн брэндүүдийн хувьд орлогын томоохон шинэ урсгал болох бөгөөд Snap энэхүү шилжилтийг бий болгогчдын тэргүүн эгнээнд бат зогсож байгаа гэж болно.
Тэгэхээр илүү олон виртуал бүтээгдэхүүнүүд худалдаж авах боломжтой болно. Bitmoji аватараа ч олон төрлөөр ашиглах боломжууд нээгдэнэ.
Видео анхаарлын төвд
Snapchat-н Discover хөтөлбөрүүд маш олон хүмүүсийн чөлөөт цаг нөгцөөх, зугаа гаргах үндсэн сонголт болчихсон.
Тийм ч учраас Snap TikTok хэлбэрийн Spotlight хэмээх богино бичлэгийн төрөлдөө тун их найдвар тавьж байгаа. Snap Discover хөтөлбөрүүддээ зориулсан шинэ шинэ контент бүтээхээр TikTok-н топ одуудад ихээхэн хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа ба ингэснээр энэ төрлийн контентуудаа шинэ түвшинд гаргах зорилготой ажиллаж байна.
Энэ ч утгаараа Snap TikTok-той богино, хэрэглэгчдийн үүсгэсэн контентийн талбарт өрсөлдөх үндсэн стратеги барихгүйгээр, харин уг форматыг илүү арилжааны чиглэлд хувиргасан сонголт руу анхаарлаа хандуулан шилдэг TikToker-үүдийг илүү алдартай, олны танил одууд болгохоор төлөвлөж байна. Энэ зорилгоороо аль хэдийнэ TikTok-н хамгийн олон дагагчидтай Charli D’Amelio-тай Discover show дээрээ хамтран ажиллаж байгаа бөгөөд илүү их хөрөнгө, хүчийг алдартай TikToker-үүдэд зарцуулахаар төлөвлөж байгаа.
Үндсэндээ Snap Discover-гаа TikTok-н богино видеоны трэндтэй уялдуулан хөгжүүлэх бодлогыг илүүтэй барих болов уу хүлээлттэй байна.
Scan
QR код цар тахалын дэгдэлтийн үед ид хүчээ авч байсан бол Snapchat энэ трэндийг үргэлжлүүлэн Scan функцээ хэрэглэгчид илүү дэлгэрэнгүй мэдээлэл, онцгой үнэ, төрөл бүрийн урамшуулал авах холбоос болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ чиглэлээр хэд хэдэн худалдааны байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хэрэв Snap QR код скан хийх дадлыг илүү бодит, хэрэгцээтэй сонголт болгон хүргэж чадвал, хэрэглэгчдийн онлайн болон оффлайн зан төлвийг холбох чухал холбоос болгон маркетерүүдэд санал болгох ихээхэн боломж агуулж байгаа юм.
Тэгэхээр Snap ирэх жилийн эхэн хэсэгт хүмүүсийг QR кодыг мартахаас нь өмнө, Scan-ныхаа шинэ хөгжүүлэлтийг дуусгах, олны хүртээл болгох тал дээр ихээхэн хүч чармайлт гаргах болов уу.
TikTok
Зах зээл дээрх шинэ том тоглогч, хэрэглээний хувьд Instagram-тай шууд өрсөлдөгч. TikTok өдрөөс өдөрт хүчирхэгжиж байгаа, сошиал ертөнцийн салшгүй нэг хэсэг болон байр суурь эзлэх нь улам бүр тодорхой болсоор. Энэ ч утгаараа дижитал маркетерүүдийн анхаарлаа хандуулах цэг.
Дараа жил TikTok-с юу хүлээх вэ.
Шоппинг
Хэдийгээр TikTok хэрэглэгчийнх нь тоо 1 тэрбум гарч хурдтай өсч буй ч, гол асуудал нь хэрхэн орлого бүрдүүлэх вэ гэдэг асуудал. Платформын хувьд ч тэр, контент бүтээгчдийн хувьд ч тэр. Контент бүтээгчид эндээс орлого олж чадахгүй бол бусад платформууд тэднийг урвуулахад бэлэн.
TikTok тухайн видео бүрийн хүртээмж, үр дүнгээс хамаарсан шууд орлого олох тал дээр өрсөлдөж чадахгүй байгаа. Тиймээс eCommerce, цахим худалдаа, брэндийн хамтын ажиллагаа гэх мэт орлогын эх үүсвэрүүд бий болгох тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлага бий.
Энэ тал дээр ажиллаад эхэлчихсэн. eCommerce-цахим худалдааны болон Creator Marketplace-р дамжуулан төлбөртэй контентууд гаргах чиглэлээр хэд хэдэн туршилтууд хийгдэж байгаа ба мөн энэ төрлийн олон сонголтууд 2022 оны туршид олноор нэмэгдэх хүлээлттэй байна.
TikTok-н толгой компани болох ByteDance Хятад дахь ТикТок-н хувилбар болон Douyin-наасаа аль хэдийнэ орлого олоод эхэлчихсэн, тиймээс энэ таамаг нээх хол зөрөхгүй болов уу. Дээрх зурагт харагдаж байгаа цахим худалдааны танилцуулга Douyin-н орлогын үндсэн хэсэг, тэгэхээр TikTok ч яг энэ чиглэлд явах болов уу.
Трэндийг ойлгохуй
TikTok-г ойлгох нь маркетингийн үр дүнд хүрэх хамгийн чухал хүчин зүйл бөгөөд бас үндсэн саад нь ч мөн. Бусад сошиал аппуудын хувьд маркетерүүд үндсэн маркетингийн кампанит ажлаа тухайн апп платформд тохируулан явуулах боломжтой байдаг. Харин TikTok-н хувьд энэ нь боломжгүй. Зөвхөн ТикТок-т зориулсан тийм л аргачлал хэрэгтэй.
Тийм ч учраас TikTok маркетерүүдэд зориулсан боломжуудыг нээх тал дээр ажиллаж байгаа бөгөөд 2022 онд энэ чиглэлд олон зүйлс хийгдэх болов уу.
‘Top Ads’ болон ‘Creative Center’ зэрэг шилдэг жишээ, трэндийг танилцуулах хэсгүүдээр дамжуулан мөн илүү хялбар энгийн функцуудыг маркетерүүдэд зориулан гаргах гэх мэт ажлууд энэ тал дээр хийгдэх байх.
Эдгээр нь мэдээж бүхнийг шийдэхгүй, бидний бүтээлч байдал чухал ч ерөнхийдөө TikTok илүү хялбар байдлаар трэндийг ашиглах арга замыг бий болгох, контент бүтээгчидтэй хамтран ажиллах боломжуудыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй нь гарцаагүй.
Тэгэхээр TikTok хаштаг трэнд бий болгох сонголтуудыг нэмэгдүүлэх, видео чалленжийн кампанит ажил үүсгэх илүү ойлгомжтой хялбар цэс бий болгох ажлууд хийх хүлээлттэй байна.
Live-streaming
Энэ ч тийм шинэ зүйл биш гэхдээ TikTok ч мөн адил лайв худалдааны функцыг танилцуулж, хэрэглэгчдийнхээ ердийн хэрэглээ болгох тал дээр хүчин чармайлт тавьж байгаа.
Тэгээд ч лайв видео таны ‘For You’ feed дээр чинь сүүлийн үед ихээр харагдах болсныг анзаарсан л байх. Харин удахгүй бизнесийн байгууллагуудын лайв, таны сонирхдог сэдвээр, таны дагадаг контент бүтээгчдийн оролцсон байдлаар илүү их харагдах болно.
TikTok-н алгоритм таны юу сонирхдог тэр сэдвээр контентуудыг сонгон үзүүлэхдээ сайн. Энэ нь бүтээгдэхүүний хувьд ч мөн адил болох болов уу. Ямартай ч ирэх 12 сарын хугацаанд илүү тодорхой болох байх.
Түүнчлэн TikTok шоп ч тун удахгүй танилцуулагдана.
Цар тахлаас хамаарсан хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлт, шилжилтийн энэ цаг үед ажил мэргэжил, хөдөлмөрийн зах зээлийн талаар ихээхэн үнэ цэнтэй дата бааз, мэдээлэлтэйгийн хувьд LinkedIn-н ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна.
Платформын хувьд хэрэглэгчдийн оролцоо тогтвортой өсөхийн зэрэгцээ өөрийн гэсэн контент бүтээгчдэд зориулсан функцуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Нөгөө талаас зайнаас ажиллах трэндийг ашиглах, нийгмийн цөөнхийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлд ч илүү анхаарч байгаа юм байна.
Мэргэжлийн Сошиал медиа сүлжээний 2022 оны хийж болох шинэчлэл, өөрчлөлтүүд юу байна.
Томоохон арга хэмжээ
Хүмүүс гэрээс ажиллах болсноор LinkedIn лайв эвэнтийн үйл ажиллагааг илүүтэй зохион байгуулах боломжтой болгох тал дээр анхаарч эхэлсэн. Энэ трэнд ч 2022 онд илүү эрчимтэй үргэлжлэх болов уу.
Биет үйл ажиллагаа эвэнтүүд нээгдэж эхэлсэн ч LinkedIn дижитал хувилбарынх нь гол хамтрагч болох улмаар бизнесийн байгууллагуудын зохион байгуулж буй үйл ажиллагааг онлайнаар шууд дамжуулах боломжийг гаргахад анхаарлаа хандуулж байна.
Ингэснээр бизнесийн байгууллагуудын хувьд хосолсон хэлбэрийн эвэнтүүдийг боломжийн төсвөөр зохион байгуулах боломж олгох, нөгөө талаар бизнесийн байгууллагуудыг боломжит хэрэглэгчидтэй нь холбох гүүр болох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Тэгэхээр бид илүү олон тооны LinkedIn Event-г өөрсдийнхөө feed-д олж харах нь, ийм төрлийн эвэнт арга хэмжээнд шууд оролцох боломжоор ч хангагдах нь.
Алсын зайн ажил олгогч
Зайнаас ажиллах нь ердийн зүйл болох төлөвтэй, энэ нь олон бизнесийн байгууллагууд эдийн засгийн болон бусад эерэг талыг тооцож үзсэний үндсэн дээр хөхүүлэн дэмжих нь ч тодорхой болж байх шиг.
Үүнтэй холбоотойгоор ажилд авах үйл явц бэрхшээлтэй тулгарч эхэлсэн. Үүнийг шийдэх боломж LinkedIn-д бий. LinkedIn өөрт буй ажил, мэргэжлийн чиглэлийн аварга том мэдээллийн баазаа ашиглан, ажил хайгчдад тохирсон ажлыг нь олж өгөхөд туслах, түүнчлэн видео ярилцлага хийх нөхцөлийг бий болгох боломжтой.
Энэ чиглэлд ч эхний алхамууд хийгдэж эхэлсэн бөгөөд live meet-ups гэх мэт видео функцуудыг нэвтрүүлснээс гадна дараагийн шатанд ажилд авах, сургах явцад туслах функцуудыг нэвтрүүлэх болов уу.
Стори
Ер нь LinkedIn Stories-т юу тохиолдсон юм бол? Оролцоо, хариу үйлдлийн үзүүлэлтүүд LinkedIn-г Stories-гоо хаахад хүргэсэн үү?
Стори-гоо хааж байгаагаа зарласан мэдэгдэлдээ LinkedIn шинэ элементүүд нэмэн шинээр гаргах болно гэдгээ дурьдсан байсан. Түүнээс гадна LinkedIn how-to видео платформ болон Jumprope-г өнгөрсөн 8 сард худалдан авсан.
Эдгээрээс LinkedIn хэрэглэгчдийн дунд Сторитой төстэй формат бүхий how-to контентууд бүтээх шинэ функц танилцуулах нь гэсэн хүлээлт үүссэн.
LinkedIn дээр мэргэжлийн болоод хувийн брэнд бүтээх нь төвөгтэй урт зам, энэ замналд энэхүү шинээр танилцуулах видео функц мэргэжилтнүүдэд илүү олон холбоо үүсгэх, нөгөө талаас аппын хувьд оролцоог нэмэгдүүлэх шинэ гарц болох болно.
ЭЦЭСТ нь
2022 онд мэргэжилтнүүдийн дунд хүлээлт үүсгэж буй шинэ трэндүүдийг танилцууллаа. Ковидын дараах шинэ хэвийн амьдрал, эдийн засгийн дахин сэргэлт, үүнийг дагасан зах зээлийн боломжууд 2022 оныг томоохон өөрчлөлтийн жил болгох нь тодорхой. Тийм ч учраас цоо шинэ боломжууд, шинэ функцууд авч ирэх эдгээр трэнд, өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж, цаашдын төлөвлөгөөндөө тусгах нь зүйтэй болов уу.