Завгүй нийгэм, завгүй цаг үе! Энэ дунд бизнес эрхлэгч та ч мөн адил тун завгүй яваа биз. Маркетинг, борлуулалт өсгөх, хэрэглэгчтэй харилцах, брэндээ таниулах, төлөвлөх бас дахин төлөвлөх гээд л цөөнгүй зорилтууд бидний өмнө үргэлж тулгардаг шүү дээ.
МЭДЭЭЖ! Шийдэл үргэлж бий. Яг одоо уншихаар эхлүүлсэн энэхүү нийтлэл уншигч таныг шийдлээ олоход тань багахан хувь нэмэр болох болов уу. Учир нь биднийг өдөр тутам завгүй болгодог зарим ажлаа автоматжуулалтад даатгаснаар дараагийн чухал зүйлсэд цаг заваа зарцуулах боломжтой болох нь ээ!
Тренд 1: Хэрэглэгчдийн чанартай дата мэдээлэл
Чанар нь энэ оны маркетингийн нэн чухал элементэд тооцогдох болно. Бүтээгдэхүүн, үйлчилгээний тал дээр ч, хэрэглэгчийн сэтгэл ханамж тал дээр ч. Энэ удаад бид харин маркетингийн оновчлолд №1 үүрэг гүйцэтгэдэг хэрэглэгчийн дата мэдээллийн чанарын тухай ярих болно.
Интернэт сурталчилгааны хувьд маркетерүүдын өмнө зөвхөн зорилтот хэрэглэгчдийг онилсон эсвэл бүх хэрэглэгчдийг хамран хийсэн сурталчилгааны аль нь үр дүнтэй байсан бэ? гэдэг хариулт заавал тулгардаг. Энэ хариултыг мэдсэний дараа л calls-to-action (CTAs) буюу үйлдэлд дуудах товч, сурталчилгааны загвар, дизайн, текстийг оновчтой боловсруулах боломжтой болно.
Тэгэхээр бяцхан жишээ авцгаая!
Та бол өөрийн гэсэн гоо сайхны брэндтэй амжилттай бизнес эрхлэгч. Танд нийт 1000 хэрэглэгчийн имэйл жагсаалт бий бөгөөд маркетингийн автоматжуулалт ашиглан тэдэнд BLACK FRIDAY 50-90% OFF урамшууллын мэдээлэл хүргэлээ гэж бодъё.
ГЭТЭЛ! Тэрхүү жагсаалтын 100 нь огт гоо сайхны бүтээгдэхүүн сонирхдоггүй эрчүүд, ахиад 100 нь аль хэдийн өөр брэндээс худалдан авалт хийчихсэн эмэгтэйчүүд, бүр илүү хувь нь имэйл тогтмол ашигладаггүй, нээж ч үздэггүй хэрэглэгчид бол таны оролдлого тэр чигээрээ бүтэлгүйтнэ гэсэн үг. ☹️
Үүнийг ЧАНАР гэдэг. Тоондоо бус. Мөн чанартаа! Имэйл ч бай. Утасны дугаар ч бай. Хэрэглэгчийн талаарх ямар ч дата мэдээлэл чанартай байх ёстой. ☝️
Маркетингийн автоматжуулалтын давуу тал нь сэжим буюу ирээдүйд худалдан авалт хийх магадлалтай хэрэглэгчдийг автоматаар үнэлж өгдөг. Өөрөөр хэлбэл дээрх жишээн дэх чанаргүй хэрэглэгчдийг маркетингийн автоматжуулалтын тусламжтайгаар үнэлж, мэдсэнээр та дээрх бүлэг хэрэглэгчдэд тохирсон борлуулалтын арга хэрэгсэл, маркетингийн мэссэж, сурталчилгааны сувгийг сонгох боломжтой болно.
Ингэснээр маркетингийн хувьд хэрэглэгчдийн худалдан авалтын замналд нийцсэн, борлуулалтын funnel буюу юүлүүрт тохирсон үр дүнтэй харилцааг хэрэглэгчидтэй бий болгодог.
💡 Зөвлөмж: Хэрэглэгчдийн чанартай дата мэдээлэл цуглуулах нь
- Борлуулалтын багтай хамтрах: Хэрэглэгчидтэй шууд харилцаа тогтоодог хүмүүс бол тэд. Тиймээс хамгийн чанартай бодит зорилтот хэрэглэгчдийн дата мэдээллийг тэндээс л олох боломжтой. Түүнээс гадна чанарын тухай эцсийн мэдээллийг мөн л борлуулалтынхан өгдөг.
- Чанартай сэжмийн худалдан авалтын замналыг тодорхойл.
- Одоо ч, цаашид ч хэрэглэгчтэй харилцах харилцааны менежмент буюу CRM нэвтрүүлэх: Хэрэв нэвтрүүлсэн бол илүү сайжруулах дээр төвлөрөөрэй.
Тренд 2: Юүлүүрт оновчилсон контент
Энэ трендийг уншмагц дараах асуултууд таны санаанд бууна байх. 🤔
- Маркетинг, борлуулалтын юүлүүрт контент ямар хамаатай билээ?
- Мөн яагаад автоматжуулалтын нэг тренд болчихдог билээ? гэж. Тэгвэл бяцхан томъёо харцгаая.
Юүлүүрт оновчилсон контент + Амжилттай, үр дүнтэй автоматжуулалт = Үнэнч хэрэглэгч!
Юүлүүрийн дүрмийн дагуу хэрэглэгчийн анхаарлыг татахаас эхлээд худалдан авагч болгон, дахин харилцаж үнэнч хэрэглэгч болгох хүртэл үе шатуудад хамгийн тохирох контентын төрлүүдийг та бэлтгэн нийтлэх хэрэгтэй болно. Гэвч та завгүй байж магад. Тиймээс контентоос цааш хэрэглэгчийн үйлдлийг автоматжуулалтад даатгахад л болно гэсэн үг. Энэ чинь л тренд шүү дээ.
Учир нь маркетингийн автоматжуулалт нь хэрэглэгчдийн хувийн үйл хөдлөлийг алдалгүй бүртгэж байдгаараа онцлогтой. Жишээ нь: Контент дахь calls-to-action (CTAs) буюу үйлдэлд дуудах товч дээр хэрэглэгч дарсан эсэх, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг үзсэн эсэх, илгээсэн мессежийг нээж харсан эсэх гэх мэт.
Юүлүүрийн хамгийн доод хэсэгт төвлөрөх нь бидний зорилго бөгөөд 10000 хэрэглэгчийн анхаарлыг татаж болох ч, ядаж 1000-ийг нь худалдан авалт хийлгэхэд анхаарна гэсэн үг. Үүнд, контент, автоматжуулалт 2 л танд туслах нь. Бэлэн биздээ! 😎
💡 Зөвлөмж: Энэхүү трендтэй хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ?
- Шинэ хэрэглэгчдэд туслах түгээмэл асуулт хариултын чат ажиллуулах: Учир нь юүлүүрийн аль ч үе шатанд хэрэглэгчдэд байнга тусламж хэрэг болдог. Хамгийн түрүүнд автоматжуулалт үүнийг гүйцэтгэх болно.
- Юүлүүрийн үе шат бүрд тус бүр тохирох контентийн жагсаалт гаргах: Учир нь анхаарал татах үе шатанд уйтгартай борлуулалтын контент нийтлэгдэж магадгүй. Үүнээс л сэргийлж буй хэрэг.
- Хэрэглэгч татахын тулд блог нийтлэл, видео гэх мэт өөр ямар төрлийн контент хэрэгтэйг судлах: Эхний оролдлогуудын дараа дараагийн хувилбар зайлшгүй байх хэрэгтэй.
- Хэрэв танд контент нийтлэх цаг байхгүй бол мэргэжлийн контент маркетингийн үйлчилгээнд мөн хөрөнгө оруулж үзээрэй.
Тренд 3: Хувь хүнд чиглэсэн контент
Ирэх онд маркетингийн автоматжуулалт илүү хувь хүнд чиглэсэн байх болно. Мессенжер, имэйл автоматжуулалт бүгд! “Ганцаарчилсан хаалттай харилцаа цаашид улам л хөгжих болно.” гэсэн Марк Зукерберг захирлын хэлсэн үг биелэлээ олсоор байна.
Жишээ нь, эрүүл мэндийн салбарт үйлчлүүлэгчид өөрт тохиолдсон асуудлаа олон нийтийн сүлжээнд ил байлгахыг хүсдэггүй. Тиймээс шууд мессенжерээс авах, харилцаа үүсгэх сонголтод илүү дуртай байдаг. 😊👇
Гэхдээ бид дээрх төрлийн постууд болон ухаалаг чатботыг хослуулан хэрэглэгчдийн талаарх мэдээллийг бүртгэн авдаг. Өөрөөр хэлбэл маркетингийн автоматжуулалтын энэхүү трендийг ашиглан та хэрэглэгчдийн хийж буй үйлдлүүд, сошиал сувгууд дээрх хэрэглэгчийн санал сэтгэгдлийг ажиглаж, бүртгэн тэдний сонирхол, зан төлөв, худалдан авалтын талаарх мэдээллийг олж авах боломжтой.
Одоо л та зөвхөн тэдэнд зориулсан хувьчилсан контентуудыг бэлтгэн хүргэж чадах боллоо. Өөрөөр хэлбэл хэрэглэгч тус бүрийн сонирхол, зан төлвийн мэдээллийг мэдэж авсанаар тэдэнд яг хэрэгтэй цагт нь хэрэгтэй мэдээллийг нь хүргэх боломжтой болно гэсэн үг. Ингээд чатботын талаар дараагийн трендэд илүү дэлгэрэнгүй үзэцгээе.
Тренд 4: Чатбот автоматжуулалт
Танд л гэж хэлэхэд сүүлийн жилүүдэд маркетингийн трендийн талаарх нийтлэл бэлтгэх бүрдээ ЧАТБОТЫН ТУХАЙ зайлшгүй оруулах шаардлагатай таарч ирсэн. Цаашид ч оноос он дамжсан маркетингийн шилдэг тренд байсаар л байх болов уу!
Чатбот хэрэглэгчдээс тань өдөр тутам давтагдан ирдэг түгээмэл асуултуудад хариу өгөхөд тусладаг. Түүнээс гадна💡 чатбот ашиглан дараах байдлаар харилцааны маркетингаа амжилттай хэрэгжүүлэх бүрэн боломжтой!
- Төрөл бүрийн урамшуулал, купон олгох
- Үнэ, хаяг гэх мэт түгээмэл асуултад хариулах
- Сонирхолтой сонжоо, асуулт хариулт явуулах
- Коммент, шоп, мессенжерт нэг дороос хариу өгөх гэх мэт. Илүү дэлгэрэнгүйг Бизнесээ онлайнаар явуулахад туслах чатбот автоматжуулалтын 9 функц! нийтлэлээс үзээрэй. 😊
Тренд 5: Сошиал маркетингийн автоматжуулалт
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, сошиал медиад 4.14 тэрбум хэрэглэгч бий аж. Энэ тоо өсөх тусам бизнес эрхлэгчдэд илүү их боломж бүрдэх болов уу. Тиймээс та өөрийн брэндийг, бүтээгдэхүүн, үйлчилгээг бүрэн илэрхийлэх төрөл бүрийн контент бэлтгэн, төлөвлөгөөний дагуу автоматаар нийтлэгдэхээр тохируулаарай. Үр ашиг нь гэвэл тогтмол байх, үр дүнтэй байх юм.
Hootsuite, Buffer гэх мэт контент автоматжуулах боломжтой апп-ууд бий. Гэвч сар бүр төлбөр нэхэмжилдэг онцлогтой. Facebook-ийн хувьд үүнийг үнэ төлбөргүй хялбар гүйцэтгэх боломжийг бидэнд олгодог. Business Suite ашигласнаар Facebook, Instagram-д контент /Stories, Posts/ автоматжуулах улам л хялбар болсоор байгаа шүү. 😊
Тренд 6: Хувь хүнд чиглэсэн имэйл автоматжуулалт
2022 оны трендийг тэр чигт нь ажиглавал илүү хувь хүнд чиглэсэн байгааг анзаарах болно. Имэйл маркетинг мөн адил. Зөв цагт, зөв мэдээлэл, зөв хүндээ очиход туслана. Үүний тулд ТРЕНД 1 дээр дурдсанчлан хэрэглэгчдийн чанартай дата мэдээлэл буюу яг танай хэрэглэгчдийн имэйл жагсаалт байх нь зүйтэй.
Доорх жишээнээс харвал манай байгууллага 7 хоног бүр маркетерүүдэд зориулсан имэйл эмхтгэл илгээдэг. Автоматжуулалтын тусламжтай нээж үзээгүй, нээж үзэхгүй идэвхгүй сэжмийг автоматаар үнэлдэг тул хэрэглэгчдэд хүсээгүй мэдээллийг дахин дахин илгээхээс сэргийлдэг давуу талтай.
💡 Онлайн худалдааны салбарт дараах байдлаар имэйлийг загварчилж болно.
- Онлайн сагсан дахь зүйлээ худалдаж авахыг сануулсан сануулга имэйл
- Бүтээгдэхүүний хямдрал, урамшууллын купон илгээх имэйл
- 7 хоног бүрийн мэдээлэл бүхий товхимол имэйл гэх мэт.
Бонус. Мобайл маркетингийн автоматжуулалт
Статистик дурдахад хэрэглэгчдийн интернетэд зарцуулж буй цагийнх нь 70% нь гар утаснаас байдаг бол бизнесийн байгууллагуудын хувьд ч интернэт худалдааны орлогын 50% нь мөн гар утаснаас хандаж буй хэрэглэгчдээс ирдэг байна. Гар утас ашиглан аливааг гүйцэтгэх хэрэглээ өссөөр байгаа тул та өөрийн хэрэглэгчидтэй улам ойртохын тулд шинэ суваг, шинэ автоматжуулалтаар үүнийг туршаад үзээрэй.
💡 Гар утаснаас хэрэглэгчдэд хүрэх дараах төрлийн автоматжуулалтуудыг туршиж үзээрэй.
- SMS буюу мессеж, сануулга автоматжуулалт;
- Application-аар дамжуулан мэдэгдэл илгээх автоматжуулалт /Application хөгжүүлэлтийн хувьд мэргэжлийн багтай хамтрах нь зүйтэй./;
- Application доторх мессеж автоматжуулалт гэх мэт;
Эцэст нь хэлэхэд, маркетингийн салбар хурдацтай байхыг, трендээс трендэд хөл нийлүүлэн алхахыг биднээс шаарддаг. Тэр хирээрээ бидэнд хөрөнгө оруулалт болдог гэдэгт би итгэдэг. Дээрх трендүүд цаашид улам хөгжих нь хөгжиж, магадгүй зарим нь хэрэглээнээс гарахыг ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь бүгдийг хэрэгжүүлэх бус, оновчтойг нь хэрэгжүүлэх нь та бидний зорилго юм шүү. Амжилт хүсье! 💜