МАРКЕТИНГ: КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ
МАРКЕТИНГ КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ ЯАГААД ХИЙХ ЁСТОЙ ВЭ?
Жилээс жилд сошиал медиа илүү олон хүнтэй, илүү их дуу, шуугиантай болж байна. Өнгөрсөн жил үр дүнгээ өгч байсан арга, техник 2024 онд үр ашиггүй ажил болж хувирчихсан байж магадгүй. Төрөл бүрийн шахалт, дарамтын улмаас Facebook, Instagram, LinkedIn, Twitter зэрэг сошиал платформууд хуурамч, олны анхаарал татаж, дуулиан дэгдээх гэсэн контентыг ялгаж, хэрэгтэй, сонирхолтой, илүү харилцаа, харилцан яриа үүсгэх контентыг хэрэглэгчдэдээ хүргэхээр тус тусын алгоритмыг өөрчлөн, чангатгаж байгааг дурьдах нь илүүц биз.
Тиймээс л 2024 онд контент маркетингийн үр дүнгээ энэ жилийнхээс илүү дээшлүүлэхийн тулд урьдчилан төлөвлөсөн, нарийн төлөвлөгөөний дагуу гаргасан КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ тун хэрэгтэй болно.
Сошиал медиад зориулсан сайтар бэлтгэсэн контент төлөвлөлт нь ТАНД дараах давуу талыг олгох болно.
- Танай сошиал медиа маркетингийн үйл ажиллагаа тогтвортой, жигд хөтлөлтийн хэмнэлд орно. Тогтвортой байдал сошиал медиа маркетингт маш чухал. Тогтмол хугацаанд пост хийж хэвших нь хэрэглэгчдэд хүлээлт бий болгохоос гадна хэрэглэгчидийн танай байгууллагатай харилцах харилцааг тогтворжуулж өгдөг.
- Цаг үетэй холбоотой контентыг эртнээс бэлтгэх боломж олгоно. Үйл явдал, баяр ёслол, шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах, уралдаан тэмцээн гэх мэт тухайн цаг хугацаатай үйл явдлыг төлөвлөгөөндөө тусгаж өгөх боломжыг олгоно.
- Ганцаарчилсан тоглолтыг зогсооно. Олон нийтийн сүлжээнд үйл явдал тухайн цаг хугацаанд л өрнөдөг тул контент ч мөн адил тухайн үед бэлтгэгддэг. Өмнө нь харин энэ бүхнийг сайтар төлөвлөх нь энэ үйл явцыг ганц хоёрхон ажилтны хэмжээнд биш маркетингийн багаа бүхэлд нь оролцуулах боломж олгодог тустай зүйл.
- Ажлын архив бий болгох боломжтой. Календарчилсан төлөвлөгөө гарган мөрдөх нь дараа нь ажлын гүйцэтгэл, хийсэн ажлын жагсаалт гаргахад хэрэгтэй байдаг. Хөтлөлтийн тогтвортой байдал, түүний үр дүнг сар, улирлаар харьцуулан гаргах боломжтой.
- Хөтлөлтийн баримтлах шаардлагатай тодорхой дүрэм гарган тогтвортой хэрэгжүүлэхэд тань туслана. Жишээ нь нийт гаргаж буй нийтлэл, постын бүтцийг зохистой барихад хэрэгтэй харьцаа гарган мөрдөж болно. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн боловсролд зориулсан эсвэл анхаарал татах пост тутамд 1 урамшууллын болон 1 бүтээгдэхүүний талаарх пост оруулах дүрэм.
МАРКЕТИНГ КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ: ЗААВАЛ БАГТААХ ЗҮЙЛС
Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөөндөө заавал тусгах 10 зүйлийн талаар энэ хэсэгт тусгалаа. Мөн сошиал медиа маркетингийн төлөвлөгөөгөө гаргаж байгаа маркетерүүддаа бид өөрсдийн хэрэглэдэг “Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө” -ний загвар файлыг татаж авахаар оруулсан. Ингээд энэхүү загварт оруулсан 10 зүйлийг яагаад контент төлөвлөгөөнд багтаах ёстой вэ?.
1. Маркетингийн контент төлөвлөгөө: Контент нийтлэгдэх өдөр ба цаг
Долоо хоногийн аль гаригт, хэдэн цагт таны бэлдсэн контент нийтлэгдэхийг та хэрэглэгчийнхээ амьдралын хэмнэлтэй уялдуулан тооцоолох хэрэгтэй. Жишээ нь ажлын өдөр хүмүүс цайны цагаар эсвэл ажил тарснаас 2-3 цагийн дараа цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийг авах боломжтой болдог. Харин амралтын өдөр телевизийн онцгой хөтөлбөр, олон хүмүүс үздэг киноны цагаар та контентоо цацвал хүртээмж багасах аюултай.
Яг л Улаанбаатарын гудамжны хөдөлгөөнтэй адил сошиал медиад ч мөн адил хамгийн идэвхтэй цаг гэж байдаг гэсэн үг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хэзээ пост хийх нь сошиал медиа постын үр дүнд нөлөөлөх үү? сэдвээр бэлтгэсэн нийтлэлээс аваарай.
2. Маркетингийн контент төлөвлөгөө: Зорилго
Контент бүр өөрийн гэсэн зорилготой байх хэрэгтэй. Зорилго мэдээж танай хэрэглэгчийн PERSONA худалдан авалтын замналын аль шатанд байгаа гэдгээс хамаарах ёстой. Өөрөөр хэлбэл таны бэлдсэн контент санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээтэй тань ямар холбоотой вэ, энэ контентыг хүлээн авснаар хэрэглэгч юу ойлгож, цаашлаад энэ контентыг уншсан хүмүүсээс та ямар хариу үйлдэл хүлээж байна вэ? гэдгээ мэдэж байх хэрэгтэй.
Таны контент хэрэглэгчид тань худалдан авалтын замналынхаа Анхаарал хандуулах, Асуудлаа анзаарах эсвэл Шийдвэр гаргах аль шатанд байгаагаас хамааран өөр, өөрийн зорилготой байх ёстой.
3. Контентын гарчиг
Гарчиг бол хөтчийн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл таны бэлдсэн контентыг хэрэглэгчид үргэлжлүүлэн унших эсэх нь эхний гарчгаас хамаарна. Сайн гарчиг контентынхоо ерөнхий санааг бүхэлд нь агуулсан байхаас гадна анхаарал татсан, үргэлжлүүлэн унших хүслийг өдөөсөн байдаг.
Мөн гарчигаа сонгохдоо та хэрэглэгчдийнхээ хэлээр ярих хэрэгтэй. Ингэж тэдний хамгийн их хэрэглэдэг үгийг ашиглах эсвэл тэдэнд холбоотой гэдгээ харуулах нь тэд таныг олоход хялбар болно.
4. Суваг
Танай хэрэглэгч хаана байна, та тэнд байх хэрэгтэй. Хэрэв та онлайн дэлгүүр, аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бол санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг тань хамгийн сайн харуулж чадах суваг Instagram болон Pinterest байж болно.
Хэрэв та банк, санхүү, эмнэлэгийн бизнес эрхэлдэг бол зураг голлосон гэхээсээ илүүтэй задлан шинжилсэн, боловсрол олгох контент бүтээх хэрэгтэй учир Facebook, Medium, вэбсайт магадгүй имэйл таны гол суваг байж болно.
5. Call to action button /үйлдэлд дуудах товч/ байх эсэх
Тухайн контентыг хүлээн авсан хүмүүсийг танайх руу утсаар холбогдох эсвэл мэссэж бичүүлэх гээд дараагийн ямар алхам хийхийг та хүсэж байна? Жишээ нь бүтээгдэхүүн үйлчилгээний тухай сонирхолтой контент уншсан хүн танай байгууллагаас үнийн мэдээлэл гэх мэт илүү нэмэлт мэдээлэл авахыг хүсэж болно шүү дээ.
Тийм болохоор та тухайн контентынхоо зорилгоос хамааран ямар үйлдэлд дуудсан товч байршуулахаа шийдэх хэрэгтэй.
6. Сегментээ /зорилтот хэрэглэгч/ олох
Бизнесийн байгууллага бүр өөрийн гэсэн зорилтот хэрэглэгчидтэй. Зарим бизнес эрхлэгчид, маркетерүүдийн манай сегмент бол нийт эрэгтэйчүүд эсвэл бүх эмэгтэйчүүд гэж тодорхойлдог. Гэхдээ яг үнэндээ энэ нь тийм ч оновчтой тодорхойлолт биш юм.
Жишээ нь та эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн эхо оношилгооны эмнэлэгийн маркетер бол эрэгтэйчүүд танай зорилтот хэрэглэгчийн тоонд багтахгүй. Үлдсэн эмэгтэйчүүдээс нөхөн үржихүйн насанд хүрээгүй охид, жирэмслэх төлөвлөгөөгүй байгаа хүмүүс бас л танай сегмент болж чадахгүй.
Тэгэхээр таны гол зорилтот сегмент бол жирэмсэн ээжүүд байж таарах нь. Харин хоёр, гуравдагч сегмент нь төрөөд удаагүй, эмэгтэйчүүдийн асуудлын талаар мэдээлэл хайж буй хүмүүс болно.
7. Хаштаг ба түлхүүр үг
Хаштаг танай бүтээгдэхүүн үйлчилгээг хялбар олоход тусална. Дээр жишээ авсан эмэгтэйчүүд, эхо оношлогооны эмнэлгийн тухайд гэхэд #жирэмсэн_ээж, #жирэмсэн, #эхо, #эмнэлэг, #эмэгтэйчүүд зэрэг хаштаг заавал байх хэрэгтэй.
Учир нь хэрэглэгчид энэ үгээр хайлт хийх магадлал хамгийн их. Мөн контент бүрт байрших ерөнхий мэдээллийн хэсэгт утасны дугаар, хаяг, цагийн хуваарийг оруулж болно. Хэрэглэгчдэд хүрэхийн тулд хэрэглэгчдийнхээ хэлээр ярих хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл тэдний хамгийн их хэрэглэдэг, хэрэглэж болох эсвэл хайлт хийх түлхүүр үгсийг контентдоо багтааснаар таны бэлдсэн контент зорилтот хэрэглэгчиддээ хүрч чадна. Иймээс та хэрэглэгчдийнхээ дунд хамгийн их хэрэглэгдэж байгаа түлхүүр үгийн судалгааг заавал хийгээрэй.
8. Product tag хийх эсэх
Facebook Page-нхээ Shop цэсний тусламжтайгаар бид санал болгож байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг, бодит зураг, танилцуулгын хамт контентынхоо доод буланд харуулан нэмэлт тэмдэглээ хийх боломжтой. Энэ нь тухайн контентыг дурьдсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбох боломжийг олгодог.
9. Контентын төрөл
Хүн болгоны үзэх дуртай контент ялгаатай. Зарим хүмүүс видео контент үзэх дуртай бол заримд нь зураг таалагдана. Тиймээс та контентын төрлөө урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Facebook-ийн хувьд LIVE видео хамгийн их хүнд хүрч байгаа бол олон зурагтай контент үүний дараа орж байна.
Харин нэг зурагтай, GIF хэлбэртэй контент хамгийн бага хүнд хүрч байгаа нь ажиглагдаж байна.
10. Маркетингийн контент төлөвлөгөө: Гүйцэтгэл
Маркетингийн кампанит ажил зөвхөн маркетингийн хэлтсээс хамаарахгүй байх нь бий. Жишээ нь бүтээгдэхүүний танилцуулгыг өөр нэг хэлтэс маркетингийн хэлтэст өгөх хэрэгтэй байхад тэр нь цагтаа ирээгүйгээс үүдэн контент бэлтгэл хойшлогддог.
Иймээс тухайн ажлыг хэн гэдэг ажилтан хариуцаж байгаа, тухайн ажлыг эцсийн байдлаар бэлэн болгох хугацаа хэзээ гэдгийг төлөвлөгөөндөө заавал тусгах хэрэгтэй. Мөн сошиал медиад авахыг хүсэж байгаа хандалтын тоо болон үүнтэй уялдах борлуулалтын хүлээлтээ төлөвлөгөөндөө заавал тусгаж өгөх нь зүйтэй.
Мэдээж төлөвлөгөө өөрөө ажлын тайлан болж өгдөг. Цаг хугацаандаа хийгдсэн эсэх, бодит үр дүн нь ямар байсан гэдэг мэдээлэл байх хэрэгтэй болно.
Сошиал медиа маркетинг 2024 оны контент төлөвлөгөөний бэлэн загварыг Та ТАТАЖ АВАХ товч дээр даран ҮНЭГҮЙ татаж аваарай. Мөн энэхүү контент төлөвлөгөөний загварыг бодит практикт хэрхэн хэрэглэх заавар, жишээг дэлгэрэнгүй тайлбарын хамт бэлтгэснийг хүлээн авна уу:
Сошиал медиа маркетингийн КОНТЕНТ төлөвлөлтийн хамгийн чухал зүйл нь ЮУГ ХЭЗЭЭ, ХЭДЭН УДАА пост хийх вэ? гэдэг асуултанд хариулах. ЮУ ПОСТ ХИЙХ ВЭ? БАРИМТЛАХ ЗОХИСТОЙ ХАРЬЦАА?
Сошиал медиа маркетингийн контент төлөвлөлтийн хамгийн чухал зүйлсийн нэг нь контентын харьцаа. Таны гаргаж байгаа постуудын жишээ нь хамгийн сүүлийн 10 постын хувьд харьцаа нь ямар байна? Өөрийн вэб хуудаснаас оруулж буй мэдээлэл хэд, харин бусад эх үүсвэр бүхий мэдээлэл хэд байна? Хэдэн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл гаргав? Сонирхолтой онцгой мэдээлэл хэд байна гэдэг контентын харьцаа чухал.
Сошиал медиа мэргэжилтнүүдийн голлон ашигладаг, үр дүн нь батлагдсан нийтлэг харьцаануудаас орууллаа. Энэхүү харьцаануудыг харахад бүх пост, гаргах нийтлэлийг заавал та өөрөө бэлтгэсэн байх албагүй нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл гаргаж буй бүх контентыг өөрөө бэлтгэсэн гэвэл маш их цаг хугацаа шаардана. Тийм ч учраас Facebook, Twitter гэх мэт сошиал медиа сүлжээнүүдэд Share буюу бусдын контентыг хэрэглэгчдэдээ, найзууддаа хүргэх функц байдаг.
4-1-1 дүрэм
- Хэрэглэгчдэдээ зориулсан сонирхолтой зөвлөгөө, анхаарал татсан 4 мэдээлэл тутамд
- 1 бүтээгдэхүүний талаарх мэдээлэл мөн бусад эх сурвалжаас иш татсан 1 мэдээлэл оруулах.
5-3-2 дүрэм
- Бусдын бэлтгэсэн контентоос заавал хүргэх ёстой 5 чухал мэдээлэл
- Өөрийн бэлтгэсэн заавал хүргэх ёстой 3 чухал мэдээлэл
- Өөрийнхөө эсвэл байгууллагынхаа талаарх 2 мэдээлэл
555+ дүрэм
- Таны болон танай байгууллагын талаарх 5 мэдээлэл
- Бусдын тухай 5 мэдээлэл
- 5 хариулт
- Бусад шаардлагатай постууд
Алтан харьцаа – 30/60/10
- Өөрийн бэлтгэсэн мэдээлэл 30%
- Бусдын бэлтгэсэн мэдээлэл 60%
- Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх мэдээлэл 10%.
Дээр дурьдсан харьцаанууд нь контентын агуулгын талаар байсан бол одоо ямар төрлийн контент гаргах вэ гэдэг бас анхаарах ёстой зүйл. Өөрөөр хэлбэл зураг, текст, вэб хуудасны линк гэх мэт олон төрлийн постуудын зохистой харьцааг хэрхэн олох талаар санал болгох 4:1 харьцааны дүрмийг мөн танилцуулж байна.
- Эхний алхам. Бүх төрлийн постуудаас сонгон хэрэглэгчдэдээ хүргэж эхэл.
- Дараагийн алхам. Оруулсан постуудаасаа хамгийн үр дүнтэй байгаа хамгийн олон хэрэглэгчдэд хүрч байгаа постын төрлийг сонго.
- Тэгээд 4:1 харьцааг баримтла: Өөрөөр хэлбэл сонгосон хамгийн үр дүнтэй төрлийн 4 контент гаргах бүртээ 1 өөр төрлийн контент нийтлэ. Жишээ нь 4 зураг тутамд 1 линк оруулах гэх мэт.
ДАВТАМЖ: ХЭЗЭЭ, ХЭДЭН УДАА?
Контентын төлөвлөгөөндөө юуг, ямар байдлаар нийтлэхээ гаргасан бол одоо ямар давтамжтай нийтлэхээ шийдэх хэрэгтэй. Хамгийн чухал нь та өөрийн хуудасны фенүүддээ зориулсан зөвхөн тэдний онцлогыг харгалзан үзсэн төлөвлөлт гаргах учиртайг анхаараарай.
Сошиал медиа контент нийтлэх хамгийн зохимжит давтамжын тоог мэргэжилтнүүд дараах байдлаар гаргажээ.
- Твиттер өдөр хамгийн багадаа 5 удаа. 20 хүртэл нэмж чадвал маш сайн.
- Facebook өдөрт 2 удаа.
- LinkedIn өдөрт 1 удаа.
- Google+ өдөрт 2 удаа.
- Pinterest өдөрт 2 удаа.
- Instagram өдөрт 1.5x удаа
Дараа нь энэхүү постуудаа хэзээ, аль цагт постлох вэ гэдэг нь мөн л хэр олон хүнд мэдээллээ хүргэхэд чухал нөлөө үзүүлдэг. Танай байгууллагын хувьд энэхүү тохиромжтой цаг нь зорилтот хэрэглэгчдийн нас, хүйсийн бүтэц гэх мэт олон хүчин зүйлсээс хамаарах болно гэдгийг анхаарах шаардлагатай. Мөн л тухайн сошиал медиа сүлжээний хувьд нийтлэг тохиромжтой цагийг дараах байдлаар гаргасан байна.
Ямар нэг үйл явдал, бүтээгдэхүүний танилцуулгад өмнөөс нь бэлтгэ!
- Энэ жил ямар арга хэмжээнд оролцохоор төлөвлөсөн бэ?
- Хэзээ, ямар шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа вэ?
- Өнгөрсөн жил нийтлэсэн ямар контентын та дахин гаргах хэрэгтэй гэж бодож байна?
Энэ мэтээр ямар нэг үйл ажиллагаа, арга хэмжээ төлөвлөсөн бол сошиал медиа төлөвлөгөөнд мөн л тусгагдсан байх шаардлагатай. Ингэснээр эдгээр арга хэмжээнд зориулсан контентыг эртнээс бэлтгэн, шаардлагатай хүмүүсийг татан оролцуулахад хангалттай хугацаа гарч ирнэ.
Дараах үйл явдлуудад заавал урьдчилан төлөвлөхийг хичээгээрэй:
- Шинэ бүтээгдэхүүн танилцуулах
- Хурал, зөвлөгөөн
- Жил бүрийн арга хэмжээ, уулзалт
- Баяр ёслол
- Олныг хамарсан томоохон үйл явдал
- Байнга давтагддаг уламжлал болсон контентууд
Бусдын мэдээллийг ч төлөвлөгөөндөө оруулахаа мартав!
Төлөвлөлтийн бас нэгэн чухал хэсэг нь бусдын нийтлэсэн хэрэгтэй, онцгой мэдээллүүд юм. Тиймээс ийм төрлийн мэдээллийг төлөвлөгөөндөө багтаах хэрэгтэй.
Гэхдээ ийм төрлийн нийтлэл нь төлөвлөн бэлтгэх гэхээсээ тухайн цаг үед хийгдэх ажил байдаг. Мөн шинэ, содон мэдээлэл агуулсан шинэхэн нийтлэлийг л дагагчдадаа хуваалцах ёстой. Тиймээс төлөвлөгөө нь илүү тухайн цаг үед пост хийх зай үлдээх тухай асуудал гэдгийг анхаараарай.
Мөн дахин эргэж харахад хэрэг болох мэдээлэл гэх мэтээр сошиал медиад мэдээлэл маш хурдан хуучирдаг онцлогийг ашиглан хуучны мэдээллийг ч бусдад дахин хүргэж болно.
Холбоотой нийтлэл:
- Танай бизнест тус болох Facebook Messenger Chatbot-н 4 функц
- Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөөнд заавал тусгах ёстой 10 зүйл /үнэгүй татаж авах жишээтэй/
Сошиал медиа маркетинг контент төлөвлөгөө үр дүнтэй зохион байгуулах, хэрэгжүүлэхэд ашиглаж болох 7 хэрэгсэл
Төлөвлөгөө бэлэн болсон хэдий ч дараагийн алхам нь амжилттай хэрэгжүүлэх. Тиймээс хэд хэдэн хэрэг болохуйц онлайн хэрэгслүүдийг орууллаа.
- Buffer, Hootsuite– Хэрэглэхэд энгийн хялбар, пост нийтлэх, төлөвлөхөд маш сайн хэрэгсэл.
- Google spreadsheets– Контент боловсруулах, зохион байгуулахад хэрэглэж болох хүчирхэг хэрэгсэл.
- Google calendar– Өдрийн, 7 хоногийн болон сарын төлөвлөгөөг оруулах боломжтой.
- Basecamp– Төслийн удирдлагын хэрэгсэл, сошиал медиад ашиглах боломжтой.
- Trello– Самбарт хийх ажлын жагсаалт оруулах, өөр, өөр хэсэгт шилжүүлэх боломжтой төлөвлөлтийн болон ажлын урсгалыг хянах боломжтой хэрэгсэл.
- Wunderlist– Хийх ажлын жагсаалт гаргах аппликейшн.
- Todoist– Хийх ажлын жагсаалт гаргах апплкейшн.
Сошиал медиа контентын төлөвлөгөө—Өдрийн, 7 хоног, сар, жилийн төлөвлөгөө
Өдөр тутмын контентын төлөвлөгөө
Хамгийн багадаа 1 өдрийн өмнөөс төлөвлө.
- Маргааш ямар нэг үйл ажиллагаа, танилцуулга төлөвлөсөн үү?
- Хэдэн контент хэрэгтэй вэ?
- Мөн бусдын мэдээллийг хуваалцах уу?
Өмнөх өдөр нь бүх мэдээллээ төлөвлөөд оруулчихсан тохиолдолд тухайн өдөр цоо шинэ үйл явдлын талаарх мэдээлэл эсвэл тухайн өдөр шинээр нийтлэгдсэн бусад эх үүсвэрээс авсан мэдээллийг хуваалцах ажил л үлдэнэ гэсэн үг.
Хэрэв та өдөрт 6 жиргээ гаргадаг бол маргаашийн 6 жиргээгээ өнөөдөр бэлтгээд төлөвлөчих хэрэгтэй.
7 хоногийн төлөвлөгөө
7 хоногийн өмнөөс бэлтгэ.
- Дараа 7 хоногт ямар үйл ажиллагаа төлөвлөж байна вэ?
- Ямар нийтлэлүүд гаргах вэ?
- Шинэ мэдээлэл олох шаардлагатай юу?
- Ямар зураг бэлтгэх ёстой вэ?
7 хоногийн аль нэг өдрийг дараа 7 хоногийн контент төлөвлөх өдрөөр сонго.
Зарим нэг өмнө нийтэлсэн хуучин контентуудаа ч төлөвлөгөөндөө оруулж болно. Харин шинэ үйл явдал, цаг үеийн мэдээллүүд тухайн үедээ төлөвлөгөөнд нэмэгдээд явж болно.
Холбоотой нийтлэл:
- Facebook маркетинг: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ?
- Facebook Stories: Маркетерууд яагаад ашиглах ёстой, хэрхэн үр дүнтэй хялбар хийх вэ? (үнэгүй татаж авах загвар файлтай)
Сарын төлөвлөгөө
Сарын өмнөөс бэлтгэ.
- Дараа сард ямар ажил төлөвлөж байгаа вэ?
- Контентын хувьд ямар зорилго тавих вэ?
- Ямар контентуудыг бид өмнө нь төлөвлөж ямар контентэнд зай үлдээх вэ?
- Ямар шинэ зүйл туршиж хийхээр төлөвлөж байна
Сарын өмнөөс ямар хуучин мэдээллүүдээ дахин нийтлэхээ төлөвлөх боломжтой. Бусад контентын хувьд ерөнхий бодлогоо илүү төлөвлөх нь зүйтэй.
Контентын төрөл болон харьцааг нь гаргаж болно. Шинээр турших зүйл, арга барилыг мөн төлөвлөж болно. Төлөвлөсөн үйл ажиллагаа, баяр ёслол зэргийг мөн контентын төлөвлөгөөндөө тусгаж болно.
Сошиал медиа маркетинг контент төлөвлөгөө – жилийн
Өмнөх жил нь заавал эхлэх хэрэгтэй.
- Дараа жил ямар үйл ажиллагаа, танилцуулга төлөвлөж байгаа вэ?
- Контентын ямар харьцааг ашиглах вэ?
- Өдрийн давтамж хэд байх вэ?
- Хамгийн чухал контент юу байх вэ?
Гол гол үйл явдлуудыг сошиал медиатай хэрхэн холбох талаарх төлөвлөлт, мөн контентын харьцаагаа мөн гаргаж ирэх хэрэгтэй. Жилээр нь төлөвлөсөн үед жилийн туршид хэзээ ч төлөвлөгөөгөө эргэн харж, засвар хийх боломжтой гэдгийг анхаараарай. Ирэх 12 сард, 6 сар тэр ч байтугай 3 сард юу болохыг урьдчилан харах хэцүү шүү дээ.
Та сошиал медиа контент төлөвлөлтөө хэрхэн хийж байна?
Бид нар ч сошиал медиа төлөвлөлтөө 7 хоног, сараар нь хийхээр хичээж байна. Суралцах зүйл ч их байна. Таны хувьд бидэнтэй болон бусад уншигчидтай хуваалцах туршлага байгаа бол энэхүү нийтлэлийн Facebook, Twitter-н постуудын коммент хэсэгт оруулаарай.
Сошиал медиа төлөвлөлтөнд заавал анхаарах зүйл: Өдөр тутмын, 7 хоногийн, сарын ажлын хяналтын хуудас
Контент бэлтгэл, байршуулалт, сурталчилгаа явуулах, үр дүнг хэмжих, төлөвлөгөө гаргах гээд олон төрлийн ажилбаруудыг гүйцэтгэх нь “сошиал медиа хөгжүүлэлт”-ийн нэг л хэсэг. Өдөр тутмын хийх ажлын жагсаалт, хяналтын хуудасгүйгээр танай сошиал медиа хөгжүүлэлт хүссэн үр дүнд хүрэхгүй байх, тун чухал ажлууд орхигдож, мартагдах нь бий.
Тиймээс сошиал медиа хөгжүүлэлтэд тун чухал хэрэгтэй “АЖЛЫН ХЯНАЛТЫН ХУУДАС“-г дэлгэрэнгүй тайлбарын хамт хүргэж байна. Та бидний ажилд энэхүү хяналтын хуудас дараах ач холбогдолтой:
- Заавал хийгдэх ёстой ажилбарууд гээгдэж, орхигдохоос сэргийлэх
- Ажлаа зөв төлөвлөж гүйцэтгэх
- Илүү өндөр бүтээмжтэй, үр дүнтэй ажиллах
- Үр дүнгээ цаг тухайд нь хэмжиж, дүгнэх зэрэгт тусална.
Мөн компанийн удирдах ажилтнууд, маркетинг хариуцсан захирлууд ч сошиал медиа хөгжүүлэлт хариуцсан ажилтныхаа ажлын үр дүнг хэмжих, бүтээмжийг дээшлүүлэхэд нь энэхүү хяналтын хуудсыг ашиглан чиглүүлж болох юм. Та бүхэн тус хяналтын хуудсыг хэвлэн ашиглаж хэвшээрэй. Холбоотой:
- Checklist: Сошиал медиа пост бэлтгэх үед заавал шалгах зүйлс
- Инфографик: Сошиал медиа пост зургийн хэмжээ
- JPG, PNG, GIF зургууд: Хоорондын ялгаа, хэрхэн бэлтгэх заавар
Сошиал медиа хөгжүүлэлтийн ажлын хяналтын хуудас
Өдөр тутмын ажлууд:
Постууд хуваарийн дагуу орж байгааг шалгах
Мэдээж Сошиал маркетеруудад аль, аль өдрүүдэд хэчнээн контент ямар сувгуудад байрших талаарх сошиал медиа хөгжүүлэлтийн ажлын төлөвлөгөө шаардлагатай байдаг. Түүний биелэлтийг хянаж ажиллах нь эрсдэлээс сэргийлнэ. Магадгүй таны контент төлөвлөгөөний дагуу ороогүй байхыг үгүйсгэх аргагүй. Хэрэв та контент бэлтгэлийн төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй бол, эсвэл контентийн төлөвлөгөө яагаад хэрэгтэй байдаг талаар мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн нийтлэлийг уншаарай.
Постуудын доорх сэтгэгдэл, асуултуудад хариулт өгөх
Идэвхтэй, тогтвортой ажиллагаа нь танай брэнд, таны бүтээгдэхүүн үйлчилгээг олонд танигдах, хэрэглэгчдээ халамжилж, амжилтад хүргэхэд тусална. Тогтвортой ажиллагаа нь дан ганц тогтмол контент оруулах биш. Постуудад ирсэн сэтгэгдэл, асуулт, санал шүүмжлэл бүрд хариу өгөх нь сошиал маркетерийн өдөр тутмын ажлын хамгийн чухал хэсэг. Тиймээс хэрэглэгчдийн асуулт бүрд хариу өгөхийн тулд өдөр бүр тодорхой цаг гарга, хэрэгтэй аппликейшн ашиглаж болно. Мөн дараах хялбар аргуудыг анхаарч туршаарай:
- Гар утасны аппликейшн дээрээ мэдэгдэл хүлээн авахаар тохируул
- Hootsuite, Tweetdeck гэх мэт аппликейшн ашигла
- Chatbot ашиглан комментод мессеж хариу өгч болно.
Постын Reach, Engagement-г дэмжих
Таны бэлтгэсэн ямар постууд сайн контент болж чадсаныг харж хянаж байх, мөн ямар контентууд үр дүн муутай байгааг тогтмол хянаарай. Цаашлаад контентийн агуулгаа өөрчлөх, аль төрлийн контентийг голчлон бэлтгэхээ контент бэлтгэлийн төлөвлөгөөндөө оруулаарай. Фэйсбүүк хуудасныхаа Insights-Posts хэсгээс тус мэдээллүүдийг харах боломжтой.
Төлбөртэй сурталчилгааны үр дүнг харах
Хэрэв та төлбөртэй сурталчилгаа тогтмол явуулдаг бол үр дүнг нь өдөр бүр хянаж, дүн шинжилгээ хийж байх хэрэгтэй. Эндээс төлбөртэй сурталчилгааны агуулгад өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, сурталчилгааны зорилтот сегментийг шинэчлэх, төсөв, хугацааг өөрчлөх эсэхээ шийдэх мэдээлэл олж авна. Фэйсбүүк төлбөртэй сурталчилгааг байршуулах, сурталчилгааны үр дүнг харахдаа Ads manager-г ашиглаарай. Хэрэв та Фэйсбүүк сурталчилгаа тогтмол хийдэггүй бол энэ нийтлэлийг уншаарай.
Хуудсанд ирж байгаа мессежүүдэд хариулах
Ирж байгаа мессеж бүрд заавал хариу өг. Тэд магадгүй таны хэрэглэгч болох, бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож байгаа хүмүүс. Тэдгээрт хангалттай сайн мэдээллийг эелдгээр өгөхийг хичээгээрэй. Мессеж бүрд өөрөө хариу өгөх нь тийм ч зөв сонголт биш. Магадгүй таны хэрэглэгчид шөнө дунд, үүрээр, таныг унтаж байхад, аль эсвэл таныг интернетгүй, завгүй байх үед бичиж болох юм.
Тухай бүрд нь хариу бичээгүйгээс болж танайхыг сонгохоос татгалзах эрсдэлтэй. Иймээс Фэйсбүүк мессенжертээ автомат хариулагчийг ашиглах нь үр дүнтэй арга. Цаг алдалгүй түргэн шуурхай, оновчтой мэдээллийг өгөх боломжийг ч chatbot олгоно.
Таны хуудсыг Mention, Check-In хийсэн эсэхийг шалгах
Таны Фэйсбүүк хуудасны Notifications > Activity хэсэгт хэрэглэгчдийн Mention, Check-In хийсэн эсэх харагдана. Үүнийг та байнга шалгаж байх нь зүйтэй. Магадгүй танаас мэдээлэл эрсэн, санал шүүмжлэл өгсөн, сөрөг агуулга бүхий контент ч байхыг үгүйсгэхгүй.
Өдөр бүр шалган шаардлагатай тохиолдолд хариулт өгч байхыг танд зөвлөж байна. Түүнчлэн бидний ашигладаг Hootsuite аппликейшн Twitter аккаунт, Facebook хуудаснуудын тань mention-г тэр дор нь танд мэдээлж байх функцтэй байдаг.
Мөн зөвхөн mention биш танай байгууллага, брэндтэй холбоо бүхий түлхүүр үгээр ч мониторинг тогтмол хийж байх нь зүйтэй. Жишээ нь бид Сошиал медиа маркетинг, Маркетинг гэх мэт түлхүүр үгээр тогтмол мониторинг хийж байдаг.
Сошиал хуудас бүрд орох пост бэлтгэл
Сошиал медиа маркетингийн хамгийн чухал алхам нь контент төлөвлөлт байдаг. Контент төлөвлөгөө нь хэзээ, ямар контент, ямар давтамжтайгаар нийтлэх талаарх агуулсан байх ёстой. Судалгаанаас сошиал хуудас бүрд тус тооны пост мэдээллүүдийг нэг өдөрт оруулж байх нь үр дүнтэй гэж гаргасан байдаг.
- Facebook-д орох пост 2-3
- Twitter-т орох пост 6-9
- Instagram-д орох пост 1-3
- Youtube-д орох пост 1-2
Гэхдээ таны хөтөлдөг хуудаснуудын онцлог, контент бэлтгэх нөөц зэргээс тань хамаарч эдгээр тоо өөр байх нь үр дүнтэй байж болох юм. Иймээс өөрийн хуудаснуудад тохирох өдөр тутмын постын тоог гарган түүнийгээ мөрдөж ажиллаарай.
Тогтвортой ажиллагаа л бодит үр дүнг авч ирнэ. Мөн пост хийх цаг давтамжаас дутахгүйгээр тухайн постын үр дүнд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл пост хэзээ нийтлэгдэх нь уг постын хүртээмж, үр дүнд шууд нөлөө үзүүлдэг. Тиймээс хамгийн үр дүнтэй цагуудад постоо нийтлэхээр урьдчилан төлөвлөх нь чухал.
Бэлтгэх контент бүр мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн байх албагүй. Энгийн, чанартай, ойлгомжтой байхад л хангалттай. Хэрэв танд Photoshop програмыг анхан шатны түвшинд сурах, эсвэл хэн нэгэнд сургах хэрэгцээ байгаа бол бидний сургалтыг сонирхоорой.
7 хоног тутмын ажлууд:
Постын төлөвлөгөө гаргах
7 хоног бүрийн сошиал медиа хөгжүүлэлт, постын төлөвлөгөөг өмнөх 7 хоногт нь гаргах, 7 хоногийн эхний өдрүүдийг постыг бэлтгэх нь танай сошиал хуудаснуудын тогтвортой ажиллагааг хангах хамгийн чухал хүчин зүйл.
Төлөвлөгөө гаргахдаа өмнөх 7 хоногийн үр дүн, ирэх 7 хоногийн зорилгоо эргэн харахаас гадна дараах асуултуудыг эргэн харж, багаараа санал бодлоо уралдуулж байх нь төлөвлөгөөг тань үр дүнтэй болгоход тус болно шүү:
- Сошиал медиа ашиглан бид ямар үр дүнд хүрэхээр тэмүүлж байна?
- Бид зорилтот хэрэглэгчидтэйгээ холбогдох зөв платформоо сонгосон уу?
- Манай брэндийн өнгө төрх, дуу хоолой харагдаж, сонсогдож байна уу?
- Бид хэрэглэгчдэдээ хэрхэн хамгийн хэрэгтэй мэдээллийг хүргэх вэ?
Постын төлөвлөгөөний гүйцэтгэл гаргах
Гаргасан төлөвлөгөөний дагуу ажиллахын хажуугаар төлөвлөгөөний гүйцэтгэлийг тогтмол гаргаж хэвшээрэй. Постын тоо, Page like гэх мэт тоон үзүүлэлтээс гадна Хүртээмж-Reach, Оролцоо-Engagement гэх мэт чанарын үзүүлэлтийг үр дүнгийн гүйцэтгэлийн үзүүлэлтээр сонгоорой.
Мөн өмнөх тоон мэдээллүүдээ хадгалан шинээр гаргасан үр дүнтэйгээ харьцуулж ажлын амжилтаа дүгнээрэй. Жишээлбэл бидний хувьд тухайн Facebook хуудасны тухайн 7 хоногийн Engagement хэмээх үзүүлэлтийг чанарын хамгийн чухал үзүүлэлт болгон зорилго тавьж, ажлын үр дүнг хэмждэг.
“Сошиал медиа хөгжүүлэлт”-ийн үр дүнг хэмжих, зорилт тодорхойлох
Постын төлөвлөгөөндөө үр дүнгийн зорилт гаргах нь гүйцэтгэл гаргахдаа ажлын үр дүнгээ хэмжих том боломж юм. Фэйсбүүк хуудас Insights цэсийн тусламжтай та өөрийн хуудасны 7 хоногийн нийт постын хүртээмж буюу Reach, нийт Engagement буюу Reaction үзүүлж, Share хийн, коммэнт бичсэн хүмүүсийн нийт тоог, мөн Page Like-г харах боломжтой. Тус тоон зорилтыг гаргахдаа өнгөрсөн 7 хоногуудын хуудасны үр дүнгүүдээ харж, өрсөлдөгч эсвэл үлгэр жишээ хуудсуудыхтай харьцуулан гаргаж болно.
Зорилгоо пост тус бүрийн эсвэл тухайн аккаунтын хувьд гаргаж болно. Жишээ нь пост тус бүрийн хувьд хүртээмж 10000-с доошгүй, пост дээрх даралт (click) 600-с багагүй, харин хуудасны хувьд тухайн 7 хоногийн нийт engagement 1500-с буурахгүй байхаар зорилго тавьж болно.
Өрсөлдөгч болон амжилттай яваа хуудаснуудыг ажиглах
Дээр дурдсан Фэйсбүүк хуудасны Insights хэсэгт Pages to Watch гэсэн хүснэгт байдаг. Энд та өрсөлдөгчийн эсвэл үлгэр жишээ хуудаснуудыг байршуулснаар тэдгээрийн ажиллагаа, оруулсан контентууд, контентуудын үр дүнг нь харах, үр дүнг нь харьцуулах боломжтой.
Шаардлагатай зүйлсийг засан сайжруулах, төлөвлөгөөнд тусгах
Төлөвлөгөө, түүний үр дүнг хэмжих тоон үзүүлэлтүүд, үр дүнгээ хянаж тогтмол хөтлөх, өрсөлдөгч, үлгэр жишээ хуудсуудыг ажиглах, тэдгээрийн үр дүнг хянах, тэмдэглэх зэрэг шаардлагатай зүйлсийг тогтмол хөтөлж байхад Microsoft Excel-н нэг хуудас л хангалттай. Гэхдээ энэ ганц хуудас танд маш их тоон мэдээлэл авч ирнэ.
Мэдээж энэ мэдээлэл сурталчилгаа, мөнгөн зардал, сонирхолтой пост, сайн контентуудын үр дүнг илэрхийлж байгаа. Тиймээс хийж буй ажилдаа дүн шинжилгээ хийх, үүндээ үндэслэн сайжруулах, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулах нь таны 7 хоног бүр хийх ажил зайлшгүй мөн.
Chatbot-д өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг шалгах
Хэрэв та өөрийн хуудсандаа автомат хариулагч буюу Chatbot хөгжүүлсэн бол, эсвэл хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бол 7 хоног бүр messenger-тээ ирсэн асуулт, түүний хариултуудыг шинжил.
Магадгүй танд Chatbot яаралтай хэрэгтэй байж магадгүй, эсвэл танай Chatbot хангалтгүй ажиллаж байж болох юм. Мөн дээрээс нь Chatbot-н програмууд нь тогтмол сайжирч, шинэчлэгдэн, шинэ боломжуудыг гаргаж байдаг. Тэдгээр зүйлсийг ч давхар судлан хэрэгцээтэй гэж үзвэл өөрийн Chatbot-доо хэрэгжүүлээрэй.
Шинэ зүйлсийг туршиж үзэх
Chatbot гэлтгүй Сошиал медиа платформ сүлжээ бүр тогтмол хөгжүүлэлт хийж байдаг. Шинэ шинэ боломжууд, өөрчлөлтүүдийг овжноор ашиглах нь мөн л таны ажил. Магадгүй өөрчлөлтийг түргэн шуурхай ашиглаж чадвал таны сошиал медиа маркетинг төсөөлснөөс тань хурдан амжилтад хүрч болох юм.
Instagram Story, Live video, Chatbot гэдэг зүйлс саяхан гарсан мэт боловч хүн бүрийн хэрэглээнд тун түрэмгий нэвтэрчээ. Иймэрхүү хэрэглэгчдийн таашаан ашиглаж буй шинэ боломжуудыг өөрийн үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх талаар 7 хоног бүрийн маркетингийн уулзалтаар ярилцаж бас хэрэгжүүлж бай.
Сар тутмын ажлууд:
Сошиал медиа аудит
Өмнө хийж байгаагүй бол яг одооноос эхлэн сар бүр сошиал медиа маркетингийнхаа үйл ажиллагаанд аудит хийж хэвшээрэй. Оны эхэнд төлөвлөсөн маркетингийн зорилгодоо хэрхэн хүрч байгааг, ашиглаж буй арга, техникүүд хэр үр дүнтэй байгаа талаарх мэдээллийг та энэ үед гаргаж харж чадна. Хаанаас, юунаас эхлэх вэ гэж үү?
- 1: Өөрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүх сошиал платформоо хандах линкийнх нь хамт жагсаа. Жишээ нь
- Nathouse Creative Facebook хуудас- https://facebook.com/nathousecreative
- Nathouse Creative Twitter хуудас – https://twitter.com/NathouseMN
- Nathouse Creative Youtube хуудас – https://www.youtube.com/channel/UC-L_1rkKhBd9dFjOQkeBY1g
- Nathouse Creative Instagram хуудас – https://www.instagram.com/nathousemn/
- 2: Эдгээр хуудасныхаа шинэчлэх шаардлагатай бүх зураг, байгууллагын талаарх мэдээллүүд байгаа эсэхийг шалга, шаардлагатай бол засч, шинэчил.
- 3: Дагагчдын тоо, хүртээмж, оролцоо болон вэб хандалтын түвшин зэрэг гол үзүүлэлтүүдийг эргэж хар, бусад байгууллагуудтай, өрсөлдөгчидтэйгөө харьцуул, төлөвлөгөөнөөс тань хэр зөрж байгаа хар.
- 4: Сошиал медиа платформ тус бүрийн үр дүнг тооцож үзээрэй. Энэ нь таныг хаана илүү анхаарал хандуулах ёстойг, юу хийх ёстойг тань харуулаад өгнө.
Энд дарж Сошиал медиа маркетер ажлаа хэрхэн хөнгөвчлөх талаар бидний бэлтгэсэн мэдээллийг мөн уншаарай.
Зорилго, зорилтоо тодорхойлох
Мэдээж хангалттай сайн гүйцэтгэл гаргахын тулд үр дүнгийн зорилго зорилтуудаа сайн гаргах шаардлагатай. Сошиал маркетерүүдийн хувьд бүтээлч (7 хоногт 14 пост нийтэлнэ, үүнээс 3 нь видео пост, 2 нь Live Video байна гэх мэт) зорилтуудаас гадна эцсийн үр дүнгийн зорилтуудыг (7 хоног бүрийн Engagement-г 1500-с буулгахгүй, сарын эцэст Page Like 10000-р нэмэгдэнэ, вэб хандалт 30000-д хүрнэ гэх мэт) хамтад нь тодорхойлох нь зүйтэй.
Дараа сарын төлөвлөгөө гаргах
7 хоног тутмын ажлын жагсаалтад орсон постын төлөвлөгөө, түүний гүйцэтгэлтэй хамт дараа сарын ажлын төлөвлөгөө хийгдэж байх ёстой. Дараа сарын маркетингийн зорилтууд, эдгээрийг контент төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулах ажлууд сошиал маркетерүүдийн сар бүрийн ажлын чухал хэсэг.
Бид сошиал медиа маркетерүүдийн сар бүр заавал тэмдэглэх өдрийг календарь дээр тэмдэглэн гаргасныг мөн та сарын төлөвлөгөөндөө ашиглаж болно шүү.
Улирал тутмын ажлууд:
Зорилго, дүнгийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийх
Борлуулалтын орлого хэр өссөн, харилцагч үйлчлүүлэгчдийн тооны өсөлт, хуудсанд ирэх мессежийн тооны өөрчлөлт, сар бүрийн постуудын хүртээмж, нийт like, дагагчид зэрэг сошиал медиа хөгжүүлэлтийн үр дүнг хэмжих тоон үзүүлэлтүүдээ улирлаар тооцоолон хараарай.
Сошиал медиа хөгжүүлэлтийн үр дүн багагүй хугацааны дараа мэдрэгддэг гэдгийг сануулъя. Танд өөрийнхөө хийсэн ажлаар бахархах мэдрэмж энд л төрнө гэдэгт бид итгэлтэй байна.
Хүний нөөцийн хэрэгцээ, төлөвлөлт хийх
Өмнөх улирлын ажлын гүйцэтгэл, ирэх улирлын ажлын төлөвлөгөө дээрээ тулгуурлан хүний нөөцийн хэрэгцээгээ эргэж харах нь зүйтэй. Зорьж буй үр дүндээ хүрэхэд хүний нөөц тань хүрэлцээтэй юу?
Одоогийнх дээр нэмэгдэх шаардлагатай ур чадвар, хүний нөөцөө тодорхойлох нь улиралдаа хийх ажлуудын нэг шүү. Танд амжилт хүсье.