Худалдан авагчийн персона: Маркетингт хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?
Би энэхүү “Худалдан авагчийн персона: Маркетингт хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?” хэмээх нийтлэлийг бизнес эрхлэгч ноён Аагий, эмнэлгийн захирал хадагтай Доогий, барилгын компанийн менежер хадагтай Ганаа, хүнсний дистрибьютор байгууллагын менежер хадагтай Өөгий, хөрөнгө зуучлалын компанийн менежер ноён Оогий нарт зориулж бичиж байна… Бас танд.
Дээр дурдсан хадагтай, ноёд бол бүгд манай байгууллагын үнэ цэнтэй харилцагчид. Тэд өөр хоорондоо ялгаатай салбарт ажилладаг. Гэхдээ нас, боловсрол, бидэнтэй харилцаж буй зорилго, бизнест нь тулгарч буй асуудал, түгээмэл хэрэглэдэг үг, хайлт хийдэг сэдэв, мэдээлэл авах зан үйлийн хувьд төсөөтэй.
Магадгүй энэ нийтлэлийг уншиж байгаа та ч мөн дээрх эрхэмүүдтэй ижил төсөөтэй байх. Та бидний бэлдсэн энэхүү нийтлэлийг маркетинг, сошиал медиа, Худалдан авагчийн персона, борлуулалтаа өсгөх зэрэг түлхүүр үгсээр Google-ээс хайж олсон байж магадгүй. Эсвэл манай байгууллагын удирддаг Facebook групп болох Сошиал медиа маркетинг группээс юм уу манай Facebook хуудсаар дамжин уншиж байгаа байх.
Дээрх хүмүүс ч мөн бидэнтэй яг л тэдгээр замуудын аль нэгээр нь дамжин холбогдсон. Иим холбоо харилцаа үүсгэхийн нь тулд бид боломжит худалдан авагчийн зохиомол дүр буюу Худалдан авагчийн персонаг гаргаж, түүндээ зориулсан зорилготой контент үйлдвэрлэдэг.
Яагаад Худалдан авагчийн персона гаргах хэрэгтэй вэ?
Харанхуй таамгаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс илүүтэйгээр, хэнд хандаж буйгаа тодорхойлсон мэдээлэл нь илүү үр дүнтэй, зорилготой байж чаддаг. Энэхүү нийтлэлийг бичихэд ч мөн хэн нэгэнд гэсэн таамгаар бичихээс илүүтэй манай эрхэм харилцагчидтай ижил төсөөтэй зорилго бүхий хүмүүст гэсэн төлөвлөгөөтэйгөөр, тэдэнд л зориулсан мэдээлэл хүргэж, өөрийн санаагаа ойлгуулахын тулд бичвэл илүү үр дүнтэй шүү дээ.
Танд хэрэгтэй холбоосууд:
- Facebook маркетинг: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ? Маркетерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан дэлгэрэнгүй гарын авлага
- ИНСТАГРАМ МАРКЕТИНГИЙН А-Я: МАРКЕТЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
- ДИЖИТАЛ МАРКЕТИНГ: АШИГЛАХ ХЭРЭГСЛҮҮД
- YOUTUBE MARKETING: ХЭРХЭН YOUTUBE СУВГАА АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЖ, МАРКЕТИНГИЙН ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХ ВЭ?
- Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө гаргах бяцхан жор
Боломжит худалдан авагчийн Персона буюу зураглал гэж юу вэ?
Хүмүүсийг хүн ам зүйн мэдээлэл, зан чанарын болон сэдэлжих байдлын төсөөтэй чанар, зорилгоор нь бүлэглэн үзэх боломжтой. Хувь хүмүүс хоорондоо ялгаатай ч худалдан авалт хийхдээ эдгээр үзүүлэлтээрээ төсөөтэй байдаг бөгөөд тухайн төсөөт бүлэг хүрээ ижил үг хэллэг хэрэглэх, зорилгынхоо хүрээнд ижил зан үйлийн тогтолцоотой болсон байдаг.
Тиймээс бид ямар нэг маркетингийн мэдээлэл хүргэхийнхээ өмнө заавал ХЭНД гэдгээ маш сайн тодорхойлон гаргах хэрэгтэй. Персона гаргах гэж үүнийг хэлээд байгаа хэрэг.
Боломжит худалдан авагчийн персонаг гаргаснаар маркетингийнхны хувьд юун дээр илүү төвлөрөх, ямар үг хэллэг түлхүү ашиглах зэргээр ажлаа илүү хөнгөвчилж, илүү ойлгомжтой болгоод зогсохгүй, ХЭНД гэдгээ маш сайн ойлгосон учир үр дүнтэй байж чадна.
Өөрөөр хэлбэл Худалдан авагчийн персона нарийвчлан гаргаснаар илүү үнэ цэнтэй хэрэглэгчийг татаж, тэдэнд хүрч, нөхцөл байдалд тохирсон мэдээлэл хүргэх боломж бүрддэг.
Худалдан авагчийн персона хэрхэн гаргах вэ?
Ямар ч байгууллагын хувьд зөвхөн нэг персона гаргах нь тийм ч хангалттай байж чадахгүй. Учир нь хэрэглэгчид хоорондоо төсөөтэй байж болох ч яг ижилхэн байдаггүй шүү дээ. Хэсэг бүлэг хүрээг төлөөлж чадах Оогийгийн ард 5 эсвэл 50 хэрэглэгч байж болох ч бусад нь Оогийгоос арай өөр, Аагий гэдэг хэрэглэгч байж болно.
Оогий, Аагий хоёроос мөн ялгаатай Доогий гэдэг хэрэглэгч ч бий. Тиймээс байгууллагуудын хувьд нэг хүйсний 3-5 хэрэглэгчийн персонаг заавал гаргах хэрэгтэй байдаг ажээ. Мэдээж энэ нь танай байгууллагын бизнесийн онцлог болон хэр өргөн хүрээг хамардаг гэдгээс хамааран өсч болно.
Эхний алхам. Худалдан авагчийн персона-даа нэр өг.
Нэр хэн ч байж болно. Анар, Номин, Төгөлдөр, Ням, Баатарчулуун гээд л… Гол нь танай гаргасан персона хүнд байх бүхнийг агуулсан байж чадвал илүү “амьд” байх болно.
Хоёр дахь алхам. Ажил мэргэжлийн тодорхойлолт гарга.
Энэ бол персонад заавал байх ёстой зүйлийн нэг. Хүний ажил, мэргэжил, албан тушаал, ажилладаг байгууллагын мэдээлэл нь тухайн хүний сонголт, худалдан авалтад шууд нөлөө үзүүлдэг. Ажил мэргэжлийн тодорхойлолт гаргахдаа:
- Ажилладаг салбар
- Албан тушаал
- Ажиллаж буй байгууллагынх нь хэмжээ зэрэг багтаагаарай.
Гурав дахь алхам. Хүн ам зүйн үзүүлэлт.
Хэрэглэгч хүн ам зүйн ямар бүлэгт хамаарч байгаагаасаа шалтгаалан маркетингийн мэдээлэлд ялгаатай хариу үйлдэл үзүүлдэг. Тухайн хэрэглэгч ямар төрлийн контент сонирхох, бид тэдэнд ямар мэдээлэл ямар сувгаар хүргэх зэргийг бид энэ хэсгээс анхны зураглалаа бүтээх боломжтой.
Хүн ам зүйн үзүүлэлтэд:
- Нас
- Хүйс
- Цалин
- Оршин суугаа газар
- Боловсрол
- Гадаад хэлний мэдлэг
- Гэр бүлийн байдал зэрэг багтана.
Дөрөв дэх алхам. Зорилго болон асуудал.
Өмнөх 3 үзүүлэлт санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээтэй шууд холбоотой гэхээсээ илүү тухайн худалдан авагч, хэрэглэгчтэй илүү холбоотой байсан. Тэгвэл энэ хэсэг бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулахыг хүсэж буй объекттой илүү хамааралтай.
Үүнийг гаргахдаа тухайн хэрэглэгчийн талаар дараах мэдээллийг бид мэдэж байх хэрэгтэй.
- Хэрэглэгчийн гол зорилго юу вэ?
- Тухайн зорилгынхоо хүрээнд ямар зорилтууд тавьж байгаа вэ?
- Бид түүний зорилгод нь хэрхэн тусалж чадах вэ?
- Зорилгодоо хүрэхэд саад болж байгаа гол асуудал нь юу вэ?
- Дагалдагч асуудлууд юу байж болох вэ?
- Бид асуудалд нь хэрхэн тусалж чадах вэ?
Тав дахь алхам. Үнэ цэн болон айдас.
Энэ хэсэгт тухайн хэрэглэгчид бид үнэ цэнтэй, бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгохын тулд юу амлах талаар хөндөгдөнө. Үүнийг мэдэхийн тулд:
- Хэрэглэгчийн биднээс хүлээж буй гол үнэ цэн
- Худалдан авалт хийх, үйлчилгээ авахаас татгалзах хүчин зүйлсүүдийг тодорхойлно.
Зургаа дахь алхам. Нэмэлт мэдээлэл.
Үүнд:
- Хэрэглэгчдийн хоббиг олох
- Хэрэглэгчидтэй ярилцаж, тэдний хэрэглэдэг үг хэллэг, ярианы өнгө аясыг мэдэх
- Тэд ямар төхөөрөмжөөс интернетэд холбогддогийг мэдэх
- Хаанаас мэдээлэл авдгийг олох
- Ямар мэдээлэл уншдагийг мэдэх, яагаад энэ мэдээлэлд ач холбогдол өгч буйг ойлгох
Худалдан авагчийн персона: Дүгнэлт
Хүн бол амьд организм. Бүтээгдэхүүний онцлог, үнийн ялгарал, чанар гэдэг хэрэглэгчдэд өгөх бидний үнэ цэнийн нэг яах аргагүй мөн ч сүүлийн үед бүтээгдэхүүний сонголт улам бүр нэмэгдсэнтэй холбоотой хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээг авснаар сэтгэл ханамж илүү мэдэрч, үнэ цэнийг олж авахыг илүүд үздэг болжээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн гол зорилго зөвхөн хэрэглээгээ хангах бус болж байна гэсэн үг.
Тиймээс бид тэдний сэтгэлзүйн байдал, хүсэл, асуудал, үнэ цэнийн талаар мартаж хэрхэвч болохгүй. Иймээс л маркетингийн персонаг гаргахдаа хэрэглэгчийн сэтгэл зүйг таниж, түүнийг амьд организм гэдэг талаас нь бодолцох, амьдралын хэмнэлийг нь ойлгож, хэрэглэгчийг хэн нэгэн бус бодит хүн гэдэг өнцгөөс харах хэрэгтэй байгаа юм.
Уламжлалт маркетингт ч мөн Худалдан авагчийн персона гаргах шаардлага байсан уу гэвэл тийм. Гэхдээ энэ асуудал контент маркетингт илүү чухалд тавигдана. Учир нь худалдан авагч, хэрэглэгчийн персонаг гаргаснаар хэрэглэгчид тулгарч буй асуудлыг хэрхэн шийдэх талаар нэгдсэн нэг зураглалтай болж, тэдний илүү ойлгож, таниж чадна.
Хэрэглэгчийн асуудлыг шийднэ гэдэг бидэнд ч хэрэглэгчдэд ч ашигтай шүү дээ. Маркетер таны хувьд хэрэглэгчийн персонаг зөв гаргаснаар ажлын төлөвлөгөөгөө илүү зорилготой гаргаж, үр дүнд хүрэх боломж бүрдэх болно.
Гаргасан персонатайгаа уялдуулан зорилготой контент төлөвлөгөө хэрхэн төлөвлөлөж байгаа талаар бид доорх зургаар жишээ болгож байна.
Мөн хэрэв та сошиал медиа контент төлөвлөгөөний талаар илүү дэлгэрүүлэн уншиж, сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөөний ашиглахад бэлэн загвар татаж авах бол бидний бэлдсэн Facebook маркетингийн ажлын төлөвлөгөөний загвар 2022 нийтлэлээс уншаарай.
Тиймээс та контент маркетингийг ашиглан сошиал медиа орчны тусламжтайгаар борлуулалтаа нэмэхийг хүсэж байвал заавал өөрийн Худалдан авагчийн персона гаргаарай.