fbpx

Сошиал медиа, дижитал маркетингийн чиг хандлага /2019-2021/

Контент маркетингийн талаарх дараах хамгийн сүүлийн статистик мэдээлэл нь бусад маркетерүүд ямар платформ, арга текник ашиглан хэрэглэгчдийнхээ анхаарлыг татан, асуудлыг нь анзааруулан, шийдвэр гаргахад нь туслаж, борлуулалтаа нэмэгдүүлж буй талаарх тэргүүн туршлагыг судлахад тань тус болно гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн таны, танай байгууллагын хувьд контент маркетингийн аль арга хэрэгслийг ашиглах нь үр дүнгээ өгөх талаар ч тодорхой мэдээлэл өгөх болов уу.

Мөн маркетингийн шинэ орчин, өөрчлөлт, хамгийн сүүлийн үеийн трендээс хоцрохгүй байх шалгарсан арга нь маркетингийн сүүлийн үеийн статистик мэдээллийг цаг алдалгүй танилцах юм. Ингээд 2019-2021 оны контент маркетингийн чиг хандлагатай танилцъя.

Фэйсбүүк маркетингийн 2021 оны чиг хандлага

FACEBOOK LIVE ӨГӨӨЖТЭЙ БАЙНА

2021 онд Facebook дэх хамгийн хурдацтай өсөлтүүдийн нэг нь LIVE видео ашиглалт байх нь ээ. Дэлхий даяар титэм вирусийн тархалтыг хязгаарлахаар хөл хорио тогтоох арга хэмжээ авч байгаа энэ цаг үед хэрэглэгчид өөрийн нийгмийн харилцаа холбоогоо Facebook LIVE-аар хангаж байна.

Socialbakers-ээс 2020 онд гаргасан хамгийн сүүлийн судалгаанаас харахад өмнөх жилтэй харьцуулахад 2020 оны 2-р улиралд Facebook LIVE ашиглалт 26,9%-аар өссөн бол сүүлийн 4 сарын дотор 126% өсжээ.

Дижитал маркетинг

Хэдийгээр 2019 онд ч мөн адил эхний улиралтай харьцуулахад 2-р улиралд өсөлт ажиглагдаж байсан боловч энэ жилийн өсөлт ердийн улирлын шинжтэй өсөлт гэж үзэхэд хэт өндөр байгааг дээрх судалгааны дүнгээс харж болно.

2020 оны 2 дугаар улиралд Facebook-д цацагдсан LIVE-ийн тоог харвал бизнесийн байгууллагуудын нийт постын ойролцоогоор 1%-г LIVE эзэлж байна. Эндээс бизнесийн байгууллагууд LIVE контентийг хэрэглэгчтэйгээ холбоо харилцаагаа хадгалах өгөөжтэй арга хэрэгсэл гэдгийг ойлгож эхэлж байгаа нь харагдаж байна. Энэ байдал ч 2021 онд улам л нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд маркетеруудын хувьд LIVE-аа хэрхэн үр дүнтэй, зайнаас хийх тал дээр анхаарч, чанар, агуулгын хувьд сайтар ажиллах хэрэгцээ үүсэх нь ээ.

FACEBOOK ДЭХ AR ЭКОСИСТЕМ

Хурдацтай өсөж байгаа Augmented Reality (AR) болон Virtual Reality (VR) зах зээлийн хэмжээ 2020 онд 18 тэрбум долларт хүрчээ. Энэхүү технологи нь Facebook-ийн трэндийг ч цаашид хөтлөн чиглүүлэх боломжтой нь харагдаж байна.

Facebook-ийн гаргасан Spark AR studio нь хэрэглэгчдийн дунд алдартай болж байгаа бөгөөд Facebook Spark AR studio-аас 2020 онд гаргасан тооцооллоор 190 орны хагас сая хэрэглэгчид Facebook-ийн AR эффект ашигласан 1.2 сая постыг Facebook болон Instagram-д нийтэлсэн аж. Үүгээр ч зогсохгүй, 2020 оны зөвхөн 3 дугаар улиралд л гэхэд 150 гаруй хэрэглэгчийн AR эффект ашиглан нийтэлсэн постыг нэг тэрбум хүн үзжээ.

Хэрэглэгчдийн дунд энэхүү технологи маш хурдтай нэвтэрч түгэн дэлгэрч байгаагаас үзвэл 2021 онд Facebook-ийн хамгийн “халуун трэнд” болох өндөр магадлал байна.

ВИДЕО КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН ӨСӨЛТ

Видео сошиал медиа хэрэглэгчдийн дунд угаасаа л хамгийн үзэх дуртай контентын төрөл байсаар ирсэн. Видео контентын эрэлт нэмэгдэж байгаа энэ үед энэ төрлийн контент нь байгууллагуудын Facebook маркетингт цаашдаа ч чухал байр суурь эзлэх нь мэдээж.

Facebook-д нийтлэгдэж буй видео контентын тоо ч нэмэгдэж байна. 2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт постонд эзлэх видео контентийн эзлэх хувь өмнөх онтой харьцуулахад 2.6%-аар өсөж, 28.8%-д хүрсэнийг SocialBaker-ээс гаргасан Social Media Trend тайлангаас харж болно.

Facebook-д нийтлэгдэж буй бүх контентын 70%-г эзэлдэг зурган контентын дараа 17%-г эзэлдэг видео контент орж байгаа бөгөөд маркетерүүдийн түгээмэл сонгон ашигладаг контентын төрөлд зүй ёсоор чухал байр суурь эзэлж байгааг эндээс харж болно.

Хэрвээ та 2021 онд Facebook маркетингтаа видео контентыг ашиглахыг хүсч байвал видеоны урт 65 секундээс 5 минутын хооронд байх нь хамгийн үр дүнтэй гэдгийг бодолцоорой.

Дижитал маркетинг

ХААЛТТАЙ, СОНИРХОЛД ТУЛГУУРЛАСАН ГРУПП FACEBOOK-Д ӨСӨН НЭМЭГДЭНЭ

Дэлхийн хаана байгаагаас үл хамааран, арьс өнгө, шашин шүтлэг өөр, бие биенээ үл таних хүмүүсийг нэгтгэн, холбох хамгийн хүчирхэг зүйл нь нэгдмэл сонирхол байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Facebook Group үүний нэг нотолгоо юм. Facebook-ийн гаргасан судалгаанаас харахад нийт 10 сая Facebook группийг сар бүр 1.4 тэрбум хүн хэрэглэж байна.

Бизнесийн байгууллагууд хэрэглэгчидтэйгээ харилцах Facebook групп нээхээс гадна бусад хүмүүстэй харилцаа үүсгэх боломж бүрдүүлэх өөр группд нэгдэх боломжтой.

Судалгаанаас харахад группийн хэрэглээг нэмэгдүүлж буй гол зүйл нь эргэх холбоо үүсгэх боломж, гишүүдийн бие биендээ харамгүй хүргэдэг тусламж, дэмжлэг гэхэд болно.

Яг энэ хандлага, давуу тал нь Facebook групп 2021 онд улам чухалд тооцогдох чиг хандлага болох хүлээлтийг бий болгож байна.

2021 ОНЫ FACEBOOK-ИЙН ТРЭНДЭД ОНЛАЙН ДЭЛГҮҮР БАГТАНА

Нөхцөл байдлыг харахад онлайн дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой трэнд гайхамшигтай үр дүн авч ирэх төлөвтэй байна.

Өнгөрөгч жилүүдэд тэр дундаа 2020 онд онлайн дэлгүүр нь хэрэглэгчийн хувьд амьдралынх нэг хэсэг болов. Нэн ялангуяа сүүлийн үед буюу титэм вирусийн тархалттай холбоотой үүссэн бүх нийтийг хамарсан нөхцөл байдлын үед цахим худалдаа тэсрэлт авч ирлээ.

Дэлгүүрүүд худалдааны төвүүд хаагдаж, хэрэглэгчид ихэнх цагийг гэртээ өнгөрүүлэх болсон нь жижиг бизнесүүдийн хувьд онцгой давуу тал авч ирэх боломж бүрдүүлж байна. Facebook компани ч үүнийг анзааран шинэ арга хэрэгслийг нэвтрүүлсэн.

Энэ оны эхээр онлайн худалдаа газар авах болсон тэр цаг үед Facebook shop цэсээ шинэчлэн илүү боломж дүүрэн болгосон. Энэ нь ч илүү олон бизнесийн байгууллагыг Facebook Shops ашиглан 2.6 тэрбум хэрэглэгчтэй хүчирхэг борлуулалтын сувгийг бий болгох замд эргэлт буцалтгүйгээр хөтлөх нь гарцаагүй.

2020 оны сошиал медиа, дижитал маркетингийн чиг хандлага

Нээлттэй биш ганцаарчилсан харилцаанд суурилсан оролцоо

Facebook өмнө нь хүн бүр цугласан хотын төвийн талбай мэт орчин байсан бол зочны өрөөндөө найзтайгаа ярилцаж буй мэт нууцлаг, хувийн орон зай болгох талаар Зукерберг захирал мэдэгдсэн. Энэ талаар маш олон арга хэмжээ авч, дүрэм журам хэрэгжүүлж байгаа нь маркетер бидний ажилд ч чамгүй нөлөөллөө. Эдгээр өөрчлөлтүүдийн бидэнд хамгийн түрүүнд мэдрэгдэж буй зүйлс Stories, Messenger, Instagram Direct мэссэжийн хэрэглээг дэмжиж хийгдэж буй өөрчлөлтүүд юм.

Өөрөөр хэлбэл олон нийттэй харилцах нээлттэй харилцаанаас илүү хувь хүнтэй нэг бүрчлэн тухайлан харилцах нууцлаг харилцаа, оролцоог Facebook дэмжиж байна. Олон нийтэд нээлттэй харилцах харилцаа нь мэдээлэл авахыг хүсээгүй бусад хүмүүст ч хүчээр харуулж, хувь хүний эрхэнд халдаж буй спам шинж чанартай учир хэрэгтэй хүнд нь хэрэгтэй мэдээллийг хэрэгтэй цагт нь хүргэхдээ бид үүнийг зайлшгүй анхаарах ёстой болжээ.

Бид Facebook маркетингийн талаар заавал мэдэж байх ёстой 9 статистик 2019 нийтлэлдээ богино хэрнээ амттай зарчим баримтлах хэрэгцээ үүсэж байгааг дурдаж байсан билээ. Өөрөөр хэлбэл таны нийтэлж байгаа постууд аль болох түргэн хугацаанд хэрэглэгчдийн анхаарлыг татаж байх хэрэгтэй бөгөөд бусад мэдээллээ газардах хуудас эсвэл мессенжерээр дамжуулан өгөх нь илүү үр дүнтэй болж байна. Дахин сануулахад Facebook бол бүх мэдээллээ хүргэх талбар биш мэдээлэл авахыг хүссэн хүнийг олж авч ирэх талбар болох нь ээ.

Нөлөөлөгчдөөс бодит, итгэл төрүүлхүйц байхыг шаардах болно

Нөлөөллийн маркетинг сүүлийн жилүүдэд хүчээ авсан. Ямар ч сурталчилгааны хувьд нөлөөлөгчдийн оруулж буй хувь нэмэр асар их байна. Нөлөөлөгчид шинэ сонирхолтой контент бүтээж, шинэ хэрэглэгчдийг татаж өгөөд зогсохгүй борлуулалтад ч нөлөөлж чадаж байна. Гэхдээ 2020 он нөлөөлөгчдийн хувьд чанар сорьсон жил болох нь ээ.

Макро нөлөөлөгчид буюу олон тооны брэндүүдтэй төлбөртэйгээр хамтран ажилладаг нөлөөлөгчдөөс хэрэглэгчдийн 47% нь уйдаж, итгэл алдарсан ба тэдний нөлөө бага багаар саарсаар байна. Харин микро нөлөөлөгчид буюу тухайн салбар, тухайн категорийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн “үнэн, бодит” байж болохуйц нөлөөлөгчид эрчээ авах хандлага ажиглагдаж байна. Тиймээс хэрэв 2020 онд нөлөөлөгчдийг маркетингийнхаа нэг хэсэг болгохыг хүсвэл ҮНЭХЭЭР ИТГЭЛ ТӨРҮҮЛЖ ЧАДАХ УУ? гэсэн ганц асуултад л бүрэн хариулт авах хэрэгцээ гарч байна.

Илүү амьд контентууд илүү олон хүнд хүрнэ

Харилцаа, харилцаа, харилцаа бас дахин харилцаа. Байнга санаж байх ёстой зүйл бол “Та хэт албан ёсны мэргэжлийн байх ёсгүй.” Өөрөөр хэлбэл админуудын заавал бодолцох ёстой зүйл нь танай контентыг харж буй хүмүүс найзынхаа постыг харж буй мэт сэтгэгдэл авах ёстой болж байна. Ингэж байж л тэд хариу үйлдэл үзүүлэх нь. Танай байгууллагын нийтэлж буй контентын цаана ямар нэгэн дүр заавал байх ёстой.

Өөрөөр хэлбэл албархуу үг хэллэг ашигласан, хол хөндий контент нийтлэхээс илүүтэйгээр, хэрэглэгчидтэй шууд харилцаа үүсгэх хувь хүний хаяг дээр нийтлэгдэж буй мэт контент нийтлэх нь хэрэглэгчидтэй харилцах сайн арга байх болно.

B2B бизнесийн хувьд сошиал медиа маркетинг ноёрхлоо тогтооно

B2B буюу хэрэглэгчид нь байгууллага байдаг бизнесийн хувьд сошиал медиа маркетингийг төдийлөн ашигладаггүй. Гэхдээ энэ төрлийн бизнесүүдийн хувьд контент маркетингийн хүртээмж болон үр өгөөж B2C бизнесээс илүү байх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал B2B маркетерүүдийн хувьд хамгийн чухал контентоор сошиал медиа контент (95%), блог пост, нийтлэлүүд (89%), имэйл мэдээлэл (81%) гэж хариулсаныг эндээс харж болно.

Энэхүү хандлага 2020 онд ч гэсэн хадгалагдах хандлагатай байгаа бөгөөд контент маркетинг тэр дундаа сошиал медиа контент B2B бизнесийн маркетингийн гол хэрэгсэл болох нь ээ. Тэгэхээр ийм төрлийн бизнес эрхэлдэг байгууллагуудын хувьд өөрсдийн хэрэглэгчиддээ зориулсан, зорилготой, үе шаттай контент нийтлэн нь бэлдэх хэрэгцээ нэн тэргүүнд үүсч байна.

Чатботын хэрэглээ, үр дүн улам нэмэгдэнэ

Мессенжер ашиглалт, чатботын хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Цаашдаа ч энэ эрч саарахгүй нь ээ. 2019 онд чатбот, харилцааны маркетинг улам чухалд тооцогдож эхэлсэн. 2020 онд чатботын хэрэглээ улам бүр нэмэгдэх төлөвтэй байна.

2019 оны дижитал, сошиал медиа маркетингийн чиг хандлага

Сошиал медиа платформуудын хөгжил, өөрчлөлт, технологийн дэвшлийн хурд, хэрэглэгчдийн зан төлвийн хувьсал нь шинэ чиг хандлага, өөрчлөлтүүдийг цаг тухайд нь өөрийн ажилдаа тусган хэрэгжүүлж байх ёстойг маркетерүүдэд цаг үргэлж сануулсаар. 

Engagement – Харилцаа хэзээ хэзээнээс илүү чухал болсоор…

Facebook 2018 оны эхэнд хүмүүс хоорондын утга учиртай харилцааг дэмжихээр алгоритмаа өөрчлөхөө зарласан. Мөн Facebook-н алгоритм найз нөхөд, гэр бүлийнхэн, хамт ажиллагсад гээд ойр дотны хүмүүсийн хоорондын бодит харилцааг илүүд үзэх болсныг түүнчлэн Facebook хуудасны админуудын хувьд уг харилцааг чухалчлан анхаарал хандуулах шаардлагатай болсныг сануулсан.

Энэхүү өөрчлөлтийг Facebook-с гаргасан тайлбарт дурьдснаар:

Хэрэглэгчдийн News Feed хязгаартай байдаг тиймээс гэр бүл, найз нөхөдийн постыг илүү давамгай харуулна гэдэг нь хэвлэл, мэдээлэл, бизнесийн байгууллагуудын нийтлэж буй постуудын хувьд харагдац багасна гэсэн үг. Гэхдээ хүмүүсийн хооронд харилцан яриа үүсгэх постууд нийтлэдэг бол уг Facebook хуудасны хувьд энэ нөлөө бага байх болно. Алгоритмын хувьд ч илүү ухаалаг болж “engagement-bait ” буюу хүмүүсийг өөрийн пост дээр лайк дарах, коммент бичихэд уриалах арга нь утга учиртай харилцаа үүсгэх зөв хэлбэр биш гэж үзэн ийм төрлийн постуудыг мөн л дэмжихгүй байхаар програмчлагдсан.

Сүүлийн жилүүдэд тогтмол ажиглагдаж байсан органик хүртээмжийн бууралт дээрх алгоритмын өөрчлөлттэй уялдан 2018 онд улам бүр эрчимтэй үргэлжиллээ. Тэгэхээр 2019 онд хамгийн түрүүнд анхаарах ёстой хамгийн нэн тэргүүний зүйл бол бодит харилцаа үүсгэх контентыг төлөвлөгөөндөө тусгах, бүтээх, түгээх. Энэ нь сошиал медиа маркетерүүдийн хувьд дараах төрлийн контентэд төвлөрч ажиллах ёстой гэсэн үг:

  • Сонирхолтой
  • Анхаарал татах
  • Харилцаа үүсгэх

Холбоотой нийтлэл: Facebook News Feed өөрчлөлт: ХҮМҮҮС хоорондын харилцаанд илүү анхаарна.

Нөлөөлөгчийн маркетинг буюу микро-нөлөөлөгчид

Нөлөөлөгчийн маркетинг нь ямар ч байгууллагын хувьд маркетингийн хольцын чухал хэсэг болон нэгэнт байр сууриа олчихжээ. Сошиал медиа ч нөлөөлөгчдийн хувьд дагагч, фенүүддээ хүрэх хялбар, хүчирхэг, чухал суваг аль хэдийнэ болчихсон.

Гэхдээ нөгөө талаасаа олон дагагчтай томоохон нөлөөлөгчид ямар ч байгууллагын хувьд маркетингийн төсвийн нэлээд хувийг эзэлдэг өртөг ихтэй суваг болоод байгаа. Эндээс микро-нөлөөлөгчид гэсэн ойлголт гарч ирж байна.

Эдгээр нь томоохон одуудын хүрэх хүртээмжтэй харьцуулахгүй ч цөөний тооны дагагчиддаа илүү нөлөөтэй байх магадлалтай нөлөөлөгчдийн тухай ярьж байгаа ойлголт. Жишээ нь хүнсний салбарын үйлдвэрлэгчийн хувьд маркетингийн мэдээлэл хүргэхэд маш олон дагагчтай од биш харин эрүүл амьдралын хэв маягийг түгээгч цөөн боловч үнэнч дагагчтай нөлөөлөгчтэй хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй байх боломжтой гэсэн үг.

Тэд л зөвхөн брэндийн танигдсан байдлыг өсгөхөөс гадна борлуулалтыг хамтад нь нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Түүнээс гадна микро-нөлөөлөгчдийн хувьд олны танил хүмүүстэй адил олон биш ч тэдэнд итгэдэг, тодорхой сэдэв, салбартаа нөлөө бүхий мэргэжилтнүүд байдаг нь бусдад нөлөөлөх нөлөөг нь нэмэгдүүлж байдаг юм байна.

Түүнчлэн төсвийн хувьд хэт өндөр биш, холбоо, харилцаа тогтооход хялбар байдгаас гадна тэд урт хугацааны хамтын ажиллагааг илүү сонирхдог гэнэ шүү. Хамгийн түрүүнд өөрийн байгууллага, салбар, хэрэглэгчдээсээ нөлөөлөгч хай.

Байнга нийтлэгддэг подкаст, блог, Facebook, Twitter, YouTube, Instagram-г хайгуулдаа багтаа. Эхлээд тэднийг дага, сонс, таньж ав дараа нь холбоо барь, ажлынхаа талаар ярилцаад үз.

Сошиал медиа – Борлуулалтын суваг

Хэрэглэгчид тань хэрэгтэй зүйлээ хайх ажлыг сошиал медиа тун хялбар болгосоор байгаа. Ихэнх байгууллага, брэндүүд сошиал медиа ашиглан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, хэрэглэгчид нь ч худалдан авалт хийхээсээ өмнө тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг заавал авдаг болсон.

Гэхдээ сошиал медиа нь худалдан авалтын замналын зөвхөн брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, боловсрол олгох, харилцаа үүсгэх хэсэгт хамрагдахаа хэдийнэ больсон. Харин ч илүүтэйгээр асуудлаа хэрэгсэх, шийдэр гаргах, худалдан авалт хийх шатны хэрэгсэл болж өөрчлөгдөж байна.

Internet Trends in 2018 судалгааны үр дүнгээс харахад нийт судалгаанд хамрагдагсдын 55% нь сошиал медиагаас анх олж мэдсэн бүтээгдэхүүнээ дараа нь худалдан авсан гэж хариулсан байна. Facebook дараа нь Instagram, Pinterest хүмүүсийн шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээлэл олж авдаг гол сувгууд гэсэн үр дүнг ч мөн эндээс харж болно.

Энэ нь 2019 онд бид зөвхөн борлуулалтын мэдээллээр хэрэглэгчдийг бөмбөгдөхөө болих хэрэгтэйг дахин дахин сануулж буй хэрэг. Худалдан авалтын замналын үе шат бүрт зориулсан илүү дараалал, зорилготой контент бэлтгэх нь чухал гэдгийг нотолж байна.

Сошиал медиа бидэнд өөрийн бүтээгдэхүүний талаарх түүхийг хэрэглэгчдэд хүргэн, тэдний анхаарлыг татах, брэндийн танигдсан байдлаа өсгөх, хоногшуулахад тусласаар ирсэн. Харин одоо худалдан авалтын замналын дараа, дараагийн борлуулалтын шийдвэр гаргах үе шатыг хэрхэн хялбар, амар болгох хэсэг нь таны мэдэлд үлдэж байна.

Харилцааны маркетинг – Chatbot

Сошиал медиа хэрэглэгчдийн 99% нь танай бүтээгдэхүүний талаар сонссон, мэдсэн, мэдээлэл авсан (танай сурталчилгааг харсан) даруйдаа худалдан авалт хийдэггүй. Танай хэрэглэгч болохын тулд, танайхаас худалдан авалт хийхийн тулд тэдэнд асуулт, нэмэлт мэдээлэл зайлшгүй хэрэгтэй болдог.

Өөрөөр хэлбэл танай талаар мэддэг болсон ч хэрэглэгч болоход бэлэн биш тэдгээр хүмүүст та худалдан авалтын шийдвэр гаргахад нь туслах ёстой гэсэн үг. Яг энэ чиглэлд бизнесийн байгууллагууд Chatbot-автомат хариулагчийг Facebook Messenger-ээр дамжуулан харилцагчийн үйлчилгээг шийдэх хялбар бөгөөд үр дүнтэй арга болгон ашиглаж эхэлсэнийг та ч бас анзаарсан болов уу.

2019 онд бид ботоо зөвхөн Танай хаяг хаана байдаг вэ? Утасны дугаар? Цагийн хуваарь гэх мэт олон дахин давтагддаг, цөөн хэдэн энгийн асуултанд хариу өгдөг автомат хариулагч биш харин хэрэглэгчдийн асуултанд илүү оновчтой, хурдан хариулт өгдөг, тэднийг таньдаг, байнгын тогтвортой, утга учиртай харилцаа үүсгэх манай маркетингийн багийн нэгэн онцгой гишүүн болгон хөгжүүлэх шаардлага бий болж байна.

Чатбот нь зөвхөн автомат хариулагч биш харин хэрэглэгчтэй харилцах харилцааны тун чухал хэрэгсэл болж байгаад анхаарал хандуул. Хэрэглэгчид ямар нэг асуудал шийдэх гэж танайд хандаж байгааг анхаар. Өөрөөр хэлбэл шууд борлуулалт хийх биш харин хэрэглэгчдэд тань тулгараад байгаа асуудлыг шийдэхэд танай бот зориулагдсан байх хэрэгтэй.

Мөн хэдийгээр байнга сайжирч, хөгжиж байгаа ч чатбот нь хүний оролцоогүйгээр бүх харилцааг зохицуулах хэрэгсэл биш одоохондоо. Тиймээс та ч бас хэрэглэгчийн асуултанд хариулахад бэлэн байх ёстой шүү, бүх харилцааг ботдоо битгий даатгаарай.

Холбоотой: Chatfuel.com ашиглан богино хугацаанд хамгийн энгийн чатботыг хэрхэн үүсгэх талаар заавар live видеог эндээс үзээрэй.

Stories  Шинэ форматуудыг турш

Stories хаа сайгүй! Snapchat-с эхлэлтэй 24 цагийн настай, босоо формат бүхий видео, зурагт контент Instagram-аас эхлээд Facebook, Youtube, хамгийн сүүлд LinkedIn гээд бүх сошиал медиа платформыг байлдан дагуулж байна. Харин та Stories-г маркетингийн төлөвлөгөөндөө багтаасан уу?

Одоохондоо үгүй бол 2019 он контент бэлтгэлдээ Stories, 360 зураг, видео, подкаст, 3D постууд гээд шинэ формат туршиж үзэх цаг шүү. Эдгээр хэрэглэгчдийн эерэг хүлээн авч, өдөр тутам идэвхтэй хэрэглэж буй зүйлс маркетингийнхны хувьд ч гэсэн заавал туршиж үзэх контентын төрлүүд.

Гэхдээ зөвхөн шинэ зүйлс туршиж үзэхийн тулд л эсвэл хүн болгон үр дүнтэй гэж хэлээд байгааг биш харин танай 2019 оны сошиал медиа маркетингийн стратегид нийцсэн, зорилтот хэрэглэгчдийг тань сонирхлыг татаж, маркетингийн зорилгыг гүйцэлдүүлэх тэр л форматыг нь сонгоорой. Өөрөөр хэлбэл шинэ зүйл туршихдаа хамгийн чухал зүйл нь ТАНАЙ ХЭРЭГЛЭГЧДЭД ямар ҮНЭ ЦЭНЭ өгч байна гэдгийг анхаараарай.

Live видео

Видео сошиал медиа маркетингийн хамгийн үр дүнтэй контентын төрөл. Үүнээс илүү дүнтэйг гэвэл LIVE видеог л нэрлэх боломжтой. LIVE видеогоор юу танилцуулах санаа, агуулга нь юу байх вэ? гэж үү? Хэрэглэгчдэд тань хэрэгтэй, сонирхолтой, хөгжилтэй байж болох юу байх вэ? 

Хэрэглэгчийнхээ оронд өөрийгөө тавьж үз. Тэгвэл танд хэрэгтэй бөгөөд сонирхолтой зүйл юу байна? Хөшигний цаана юу болж байдаг нь, брэнд, бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг, хэрхэн бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа нь, хэрэглэгчдээс ирсэн асуулт, хариулт аль нь ч байж болно.

Түүнчлэн LIVE видео таны ажлын эхлэл хэсэг гэдгийг бас санаарай. Live видеогоор танилцуулсан мэдээлэл өөр олон төрлийн контент болгох боломжтой шүү. Жишээ нь инфографик, зурагт пост, блог нийтлэл гэх мэт. Дараа нь Facebook Live, YouTube Live, Instagram Live гээд аль платформыг сонгохоо товло.

Мэдээж хамгийн их хүртээмжийг Facebook Live авч ирэх ч 2019 онд өрсөлдөөн багатай бас дээр нь үзэгчид нь оролцоо өндөртэй YouTube Live, Instagram-г сонголтдоо багтааж заавал харьцуулж үзээрэй.

Маркетингийн автоматжуулалтыг ашиглаж эхэл

Маркетингийн автоматжуулалт нь дижитал маркетингийн хувьд тун хэрэгтэй зүйл хэдий ч манай маркетерүүдийн хувьд хэрэглээ тун хангалтгүй байгаад байх шиг. Танайхаас шинэ мэдээлэл гаргасан дор нь мэссэнжерээр хэрэглэгчдэд тань илгээж, худалдан авалт хийсэн хүмүүст “Баярлалаа” гэсэн имэйл илгээж байх нь мэдээж хэрэгтэй.

Нөгөө талаас хэрэглэгчдийнхээ үйлдэлд тэр дор нь хариу өгөх нь тэднийг анхаарч, сонсч байгаагийн нэг илэрхийлэл болно. Мөн танай бараа, бүтээгдэхүүнийг сонирхож буй сонирхлоо илэрхийлсэн, вэбд зочлон бүтээгдэхүүнтэй танилцсан хүмүүсийг та хэзээ ч мартаж болохгүй.

Дараа, дараагийн шийдвэр гаргах явцад нь туслах ёстой гэдгийг дээр дурьдсан. Энд л маркетингийн автоматжуулалт хэрэгтэй болно. Таны илүү хурдтай, алдаагүй бас ухаалаг ажиллах арга зам энэ.

Хямд өртөгтэй ч, 24 цагийн турш таны төлөө ажиллах бас нэгэн найдаж болох маркетинг, борлуулалтын ажилтан гэж л хүлээж аваарай. 

Хуурамч дагагчдын үе дуусгавар болсон

Instagram хамгийн идэвхтэй хэрэглэгчид бүхий сошиал медиа платформ, энд олон дагагчтай нөлөөлөгчид маркетингийн хувьд тун чухал хүмүүсийн нэг. Гэхдээ Instagram-н олон нөлөөлөгчид дагагчийн тоогоо хиймэлээр, хуурамч хаягаар нэмэгдүүлэн нэр хүнд бас орлогоо нэмэгдүүлдэг.

Энэ чиглэлийн хуурамч дагагч нэмдэг үйлчилгээ үзүүлдэг газрууд ч бий. Өнгөрсөн сард Instagram янз бүрийн аргаар нэмэгдүүлсэн хуурамч дагагчид, like, комментийг устгах болно гэдгээ зарласан. Цаашид ч иймэрхүү зүйлтэй тэмцэх арга хэрэгсэлтэй ч болсон гэдгээ хэлсэн.

Ийм өөрчлөлтүүд, түүнчлэн сүүлийн жилүүдэд маш эрчимтэй ажиглагдаж буй органик хүртээмжийн бууралт нь дагагчийн тооны хойноос хөөцөлдөх шаардлагыг улам бүр багасгаж байгаа юм. Зорилготой харилцаа үүсгэх контент бэлтгэлд илүү анхаарал хандуулах нь хуурамч аргаар, богино хугацаанд дагагчаа өсгөхөөс илүү үр дүнтэй болохыг маркетерүүд мэддэг болсон. 2019 онд ч энэ чиг хандлага улам хүчтэй байх нь.

Хэдийгээр ирж буй шинэ чиг хандлага, өөрчлөлт нь маркетингийн стратеги, төлөвлөгөөнд тусгах ёстой зүйлс боловч сошиал медиа маркетингийн хамгийн чухал амин сүнс нь танай брэндийн бусдаас ялгарах онцлогийг тодруулан, гайхалтай түүх өгүүлж, хэрэглэгчдэдээ хэрэгтэй, сонирхолтой, тэдэнд туслах контент гэдэг нь маргашгүй. Үүнийг дээр дурьдсан шинэ чиг хандлага, өөрчлөлттэй хамтад нь хэрэгжүүлбэл 2019 онд ТАНАЙ сошиал медиа маркетинг төлөвлөсөн зорилго, үр дүн, өгөөжөө өгөх болно гэдэгт итгэлтэй байна.

Блог нийтлэл

  • Маркетерүүдийн 55% нь блог нийтлэл нь инбаунд маркетингийн тэргүүний аргачлал хэмээн үзэж байна. (Hubspot)
  • B2B буюу байгууллагын зах зээлд үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын 81% нь блог нийтлэлийг контент маркетингийнхаа гол хэрэглүүр болгон ашиглаж байгаа төдийгүй судалгаанд хамрагдсан маркетерүүдийн 66% нь блогийг сошиал медиа маркетингийн контентын чухал бүрэлдэхүүн хэсгээ болгож байна. (Content Marketing Institute)
  • Блог нийтлэл нь статистик тоон үзүүлэлт бүхий агуулгатай, судалгаан дээр үндэслэгдсэн байвал хэрэглэгчдийн итгэлийг илүү төрүүлдэг гэнэ. (Forbes)
  • Нийтлэлийн гарчиг 6-13 үгтэй байх нь хамгийн тогтвортой бөгөөд өндөр хандалтыг авч ирдэг байна. (Hubspot)

Контент стратеги

Маркетингийн зорилгоор хүргэж буй контент бүрийн цаана хэнд, юуг, ямар хэлбэрээр хүргэх вэ? гэдэг зорилго төдийгүй маркетингийн стратеги байх ёстой. Өөрөөр хэлбэл контент стратегиа тодорхой гаргаагүй , өөрийн хэрэглэгчийг бүрэн таньж мэдээгүй цаашлаад ямар контент хэнд хүргэхээ шийдээгүй тохиолдолд дижитал маркетингийг үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй.

  • Шинэ сэжим үүсгэхэд контент маркетинг нь хайлтын системийн төлбөртэй сурталчилгаанаас 3 дахин илүү үр дүнтэй байдаг. (Content Marketing Institute)
  • B2B маркетерүүдийн 51% нь B2C маркетерүүдийн 45% нь визуал контент буюу зурагт болон видео контент контент маркетингийн хамгийн чухал хэлбэр хэмээн үзэж байна. (Content Marketing Institute)
  • Худалдан авагчдын 47% нь борлуулалтын ажилтанд хандахаасаа өмнө 3 -5 контенттэй танилцан, тодорхой мэдээлэлтэй болсон байдаг байна. (Demand Gen Report)

Podcast

Подкаст хэрхэн хийх вэ?

  • АНУ-д подкаст сонсогчдын эзлэх хувь өмнөх оноос өсч, нийт хүн амын 26%-д хүрсэн байна. (Edison Research)
  • Маркетерүүдийн 17% нь ирэх жилд подкастыг контент маркетингийхаа нэг хэлбэр болгон ашиглаж эхлэхээр төлөвлөж байна хэмээн хариулсан байна. (Hubspot)
  • Подкаст сонсогчдын 49 хувь нь гэртээ, 22 хувь нь машинд, 11 хувь нь ажил дээрээ, дөрвөн хувь нь нийтийн тээврээр зорчиж байхдаа байхдаа подкаст сонсдог байна.
  • Бусад сувгуудтай харьцуулахад подкаст сонсогчдын 35 хувь нь подкастыг эхнээс нь дуустал сонсдог бол 45 хувь нь 80-90 хувь хүртэл нь сонсдог гэжээ. Тэд дунджаар 6 подкастыг дагаж, долоо хоногт ойролцоогоор 6 цаг 37 минутыг зарцуулдаг байна.

Монголд ч сүүлийн 2 жилийн хугацаанд подкаст хийж буй хүмүүс, байгууллагын тоо нэмэгдэж, сонсогчдын тоо ч өсөж байна. Бидний хувьд мөн сошиал медиа маркетингийн тэргүүн туршлагыг хуваалцах зорилготой “Сошиал медиа маркетераас сошиал медиа маркетерт” подкастаа сонсогчдод хүргэж эхэлсэн.

Хэрэв та ч бас подкастыг маркетингийн зорилгоор ашиглахыг хүсэж байвал бидний өмнө нь бэлдсэн Подкаст хэрхэн хийх вэ? Маркетеруудад зориулсан гарын авлага нийтлэлийг уншаарай.

TOP