fbpx
Сошиал медиа маркетинг стратеги

Сошиал медиа маркетингийн стратеги хэрхэн боловсруулах вэ?

Хэрэв сошиал медиа маркетинг гэдгийг сошиал сувгуудад тодорхой тооны пост оруулах гэдгээр л хязгаарлан дүгнэвэл хэтэрхий гэнэн тодорхойлолт болно. Хэдийгээр сошиал медиа маркетингийн гол хэрэглэгдэхүүний нэг контент мөн боловч зорилгогүй контент ямар ч үр дүн бидэнд авч ирж чадахгүй. Харин эсрэгээрээ цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө зарсан ажил болох болно.

Өөрөөр хэлбэл зорилго болон хэрэглэгчээ бүрэн ойлгон таньж стратеги төлөвлөлт гаргаагүй тохиолдолд сошиал медиа орчин танд маркетинг цаашлаад борлуулалтын хүссэн өгөөжийг өгч чадахгүй.

Тиймээс сошиал медиа орчинд амжилттай маркетинг хийж, борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүсэж байвал юун түрүүнд сошиал медиа маркетингийн стратегиа тодорхойлон төлөвлөгөө гаргаж, түүнийгээ уламжлалт маркетингтайгаа зүй зохистой хослуулах хэрэгтэй.

5W ба сошиал медиа маркетингийн стратеги боловсруулалт

Стратеги төлөвлөлт дараах 5 асуултыг өөрөөсөө болон багаасаа асууж, бүрэн дүүрэн хариулт авахаас эхэлнэ.

  1. WHY-Яагаад. Танай яагаад сошиал медиа маркетинг хийхийг хүсэж байгаа вэ? Өөрөөр хэлбэл сошиал медиа маркетинг хийх зорилго болон ямар үр дүнд хүрэх
  2. Who-Хэн. Танай зорилтот хэрэглэгч хэн бэ?
  3. What-Юу. Юу нийтлэх буюу контентын ерөнхий стратеги
  4. Where-Хаана. Ямар сувгаар нийтлэх вэ?
  5. When. Хэзээ. Танай хэрэглэгч хэзээ хамгийн идэвхтэй байдаг вэ?

Эдгээр 5 асуулт таныг өөрийгөө болон хэрэглэгчээ ойлгоход туслах болно. Гэхдээ юмс харагдаж байгаа шигээ амархан байдаггүй шүү дээ. Эдгээр 5 асуултад хариулахад ядах юмгүй хэрнээ бид аль өнцгөөс хэрхэн хариулах хэрэгтэйгээ мэдэхгүй гацаж болно. Тиймээс асуулт тус бүр танай бизнесийн аль хэсэгт хамаарах, аль өнцгийг баримтлан хэрхэн хариулбал илүү өгөөжтэй байж болох талаар дэлгэрэнгүй ярилцацгаая.

Яагаад бид сошиал медиа маркетинг хийж байгаа билээ?

Мэдээж бүх байгууллагын хувьд борлуулалтаа нэмэгдүүлэх, бизнесээ илүү олон хүмүүст таниулах зэрэг зорилго бий. Бас маркетингийн чиг хандлагаа дагаад сошиал медиа маркетинг хийхийг ч хүсэж байж болно. Гэхдээ эдгээр хариулт нь хэт ерөнхий байгаа учраас бидэнд өөрсдийгөө ойлгоход тийм ч сайн тус үзүүлж чадахгүй. Эдгээр ерөнхий хариултын цаана бидэнд арай ойлгомжтой мэдээлэл өгч чадах жинхэнэ хариултууд байдаг.

Өөрөөр хэлбэл энэ асуултын хариулт цаашдаа бүхий л сошиал медиа платформуудад баримтлах стратегийг бидэнд ойлгуулж өгнө.

Манай байгууллагын хувьд БИД ЯАГААД СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ ? гэсэн асуултад манай багийнхан маш олон хариулт хэлсэн бөгөөд эдгээрийг нэгтгэн дүгнэвэл өрсөлдөгчөөсөө ялгарах давуу талаа, олон сувгаар, зорилтот бүлгийг хамруулан, хямд зардлаар хэрэглэгчдэд таниулах байсан. Энэ хариултаа хэрэглэгчийн персонагийн хүлээлт болон татгалзах хүчин зүйлтэй уялдуулан, манай хэрэглэгчид биднээс мэргэжлийн үйлчилгээ хүлээхийг ойлгосон учир БИД МЭРГЭЖЛИЙН гэдгээ л харуулах нь манай стратегийн зорилт болсон юм.

Тэгвэл мэргэжлийн үйлчилгээ гэж юу вэ? Харилцагч байгууллага бүрийн онцлог хүлээлтэд нийцсэн үе шаттай үйлчилгээ үзүүлж, төлөвлөгөөт ажлын хугацааг хатуу баримтлан, сошиал медиа маркетингийн салбарт мэргэшсэн байдлаар хандаж буйгаа харуулах гэж болно.

Ингээд бид цаашид юу хийх ёстой талаар нэлээд урам зоригтой, тодорхой байдалтай болж чадсан юм.

Персона ба зорилтот хэрэглэгч яг хэн бэ?

Эхний асуулт бидэнтэй холбоотой байсан бол дараагийн асуулт хэрэглэгчтэй холбогдоно. Гэхдээ ХЭН ба ЯАГААД гэсэн асуулт хоорондын харилцан хамааралтай байдгийг та дээрх жишээнээс харсан байх.

Хэрэв та хэрэглэгчээ хэрхэн бүрэн таньж, маркетингийн стратегитэйгээ уялдуулах талаар нарийвчлан уншиж, персона гаргах бэлэн загвар татаж авахыг хүсвэл бидний бэлдсэн Персона гэж юу вэ? Маркетингт хэрхэн ашиглах вэ? нийтлэлийг уншаарай.

Юу нийтлэх вэ? Бас юу нийтлэхгүй вэ?

Доорх жишээгээр харуулснаар худалдан авалт гэдэг онолын хувьд

  1. Хэрэглэгч асуудал буюу эрэлт хэрэгцээгээ анзаарах
  2. Хэрэгцээгээ шийдэхийг хүсэх
  3. Худалдан авалт хийх гэсэн 3 үе шатаар явагддаг.

Эхний үед харьцангуй олон сэжим буюу танайхыг сонирхож буй хүмүүс байж болох бөгөөд худалдан авалт хийх үед ойртох тусам энэ тоо багасдаг.

Эхний үе болох асуудлаа анзаарах үед хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн өөрт нь хэрэгтэй байгаа талаар тодорхой ойлголттой байж болно. Эсвэл тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах ямар ч бодолгүй байж ч болдог. Тиймээс энэ үед бид шууд үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар ярьж болохгүй. Харин бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотойгоор хэрэглэгчийг хөгжөөх, урам өгөх, боловсрол олгох төрлийн контент хийж тэдний анхаарлыг татан, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах хэрэгтэй.

Харин дараагийн үе шатанд хүмүүс өөрийн асуудал буюу эрэлт хэрэгцээний талаар харьцангуй мэдээлэлтэй болсон байх бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээтэй ч харьцангуй сайн танилцсан байх болно. Гэхдээ тэд хараахан худалдан авалт хийх эсэхээ шийдээгүй байгаа. Магадгүй энэ үед хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах эсэхээ шийдэхээр судалгаа хийж байж болно.

Тиймээс бид энэ үед хэрэглэгчийг шийдвэр гаргахад урин дуудсан контент нийтлэх хэрэгтэй. Энэ төрлийн контентод Before/After буюу бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авснаар ямар үр дүнд хүрч байгааг харуулах болон ажлын гүйцэтгэл ямар болсныг илтгэх бодит үр дүн, амлалтаа танилцуулах төрлийн контент хэрэглэгчдэд илүү ойр тусна.

Гурав дахь үед хэрэглэгч асуудал буюу эрэлт хэрэгцээгээ анзаарч, түүнийг шийдэх ёстойг ухаарсан байх бөгөөд зөв шийдэл нь танайх байж болох талаар мэдээлэлтэй болсон байна. Тиймээс одоо худалдан авалтад урин дуудсан контент хүргэх хэрэгтэй.

Энэ үед онцгой хямдрал, яг одоо захиал гэх мэт контент нийтэлж болно. Гэхдээ тус контентыг нийтлэхдээ Call to action button буюу үйлдэлд дуудах товч байршуулахаа хэрхэвч мартаж болохгүй.

Дээрх жишээнээс та хэрэглэгч худалдан авалтын замналын аль шатанд байгаагаас хамааран танай байгууллагын тухайн хугацааны контентын стратеги ямар байх ёстой талаар ойлголттой болсон гэж итгэж байна.

Ямар сувгаар нийтлэх вэ?

Ямар ч контент бэлдэхийн өмнө сувгийн асуудал хөндөгдөж гардаг. Сувгийн асуудал ч мөн зорилтот хэрэглэгч хэн бэ? Тэд хаана хамгийн их цагийг өнгөрүүлж байгаа вэ? Нөгөөтэйгөөр танай бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн зохистой контентоор хангаж чадах суваг аль вэ? гэдгээс хамааран шийдэгддэг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч танайхыг олох магадлал хамгийн өндөр сувагт та бай гэсэн санаа. Үүний тулд юун түрүүнд та тухайн сувгийн хэрэглээ, онцлогийн талаар бидний бэлдэж байсан:

Дараа нь өөрийн зорилго болон, хэрэглэгчийн онцлогтой тохируулан стратеги төлөвлөлтөндөө тусгаарай.

Хэзээ нийтлэх вэ?

Хамгийн сүүлийн хариулт бол хэзээ. Гэхдээ энэ нь мөн л тухайн нэг постын талаар асуудал биш шүү.

Facebook хэрэглэгчид өглөө 9 цагаас эхлэн идэвхжиж, 4 цагт хамгийн өндөр идэвхтэй болдог бөгөөд лхагва гариг хамгийн үр дүнтэй байх боломжтой гэсэн судалгаа бий. Тэгвэл байгууллага бүр лхагва гаригийн 4 цагт пост оруулах хэрэгтэй юм болов уу гэсэн асуулт гарч ирнэ. Гэхдээ асуудлыг ингэж шийдвэл хэт хөнгөн шийдэл та гаргаж байна.

Дижитал маркетинг

Дийлэнх хэрэглэгчид тус гаригт тус цагт идэвхдэг гэдэг нь танай хэрэглэгч яг тийм гэсэн үг биш шүү дээ. Хэзээ нийтлэхийг шийдэхдээ мөн л хэрэглэгчээ бүрэн ойлгож тэдний сошиал медиа идэвхтэй хэрэглэж болох цагийг гаргах хэрэгтэй. Жишээ нь манай байгууллага шиг B2B бизнесийн хувьд дээд болон дунд түвшний менежер, захирлууд гол хэрэглэгч байх магадлал тун өндөр байдаг. Тэд биднийг хайх боломжтой цаг үдээс хойш 4 цагт гэхээсээ илүүтэй ажлын цаг тэр тусмаа тэр тусмаа өглөөний хурлын дараа байх боломжтой. Учир нь маркетингийн үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх гэж байна шүү дээ.

Хэрэв бид аялал жуучлалын бизнес эрхэлдэг байсан бол манай хэрэглэгч амралтын өдрөөр гэр бүлийнхэнтэйгээ хамт суугаад дараагийн аялал юу байх талаар хайж байж болох юм.

Харин бид шинэ ээж нарт зориулсан бизнес эрхэлдэг байсан бол шөнө хүүхдээ хөхүүлж байхдаа сошиал медиа сувгуудаар зочилдог байж болно. Гэхдээ энэ бол ердөө л жишээ. Хэзээ гэсэн асуултад хариулахын тулд энэ мэтчилэн хэрэглэгчийн нүдээр харж, хэрэглэгч бол зөвхөн хэрэглэгч гэсэн амьгүй нэр томъёо бус хүсэл, айдас, сэтгэл хөдлөл, амьдралын хэмнэл бүхий амьд организм гэдэг талаар бодолцох хэрэгтэй.

Дараагийн алхам

Ингээд та ерөнхий стратегиа гаргалаа. Одоо үүнийгээ төлөвлөгөө болгон буулгах хэрэгтэй. Бид сошиал медиа орчинд маркетингаа шинэ түвшинд гаргахыг хүсэж буй та 2022 оны календарийг долоо хоног бүрээр нь зааглаж, гариг тус бүрийг тэмдэглэн, бүх нийтээр амрах болон онцлох өдрүүдийг багтаасан, төлөвлөгөөнд заавал тусгах ёстой үзүүлэлтийг бодит жишээ, тайлбарын хамт оруулсан, төлөвлөгөөний гүйцэтгэл, тайланд багтах үзүүлэлт мөн багтсан сошиал медиа маркетингийн ашиглахад бэлэн төлөвлөгөөний загварыг ЭНДЭЭС татаж аваарай.

Танд амжилт хүсье.

TOP