Имэйл маркетинг: Автоматжуулалт, түүний хэрэглээ, давуу талууд
Имэйл маркетинг нь маркетингийн цоо шинэ арга, аргачлалууд ар, араасаа үргэлж түрэн гарч байгаа өнөө үед ч, дижитал маркетингийн хамгийн үр дүнтэй арга хэлбэр хэвээр байсаар.
HubSpot-оос гаргасан “2019 оны маркетингийн статистик үзүүлэлт” тайлангаас “Бизнесийн байгууллагуудын 49% нь имэйл маркетингийн автоматжуулалтыг ямар нэг хэлбэрээр ашигладаг” гэсэн статистикийг харж болно.
Бидний хувьд ч өдөр тутмын ажилдаа тогтмол ашигладаг учраас имэйл маркетингийн автоматжуулалтыг дижитал маркетингийн үр өгөөжөө нэмэгдүүлэхэд хэрхэн ашиглах талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Имэйл маркетингийн автоматжуулалт гэж юу вэ?
И-мэйл маркетингийн автоматжуулалт гэдэг нь ерөнхийдөө ямар нэг шаардлага хангагдсан, тодорхой үйлдэл хийгдсэн үед тохирсон имэйлийг автоматаар илгээх тухай ойлголт. Жишээ нь та манай вэбээс маркетингийн цахим ном татаж авахаар форм нөхөн, өөрийн имэйл хаягийг илгээсэн бол бид танд цахим номын татах холбоосыг имэйлээр илгээдэг. Энэ нь имэйл маркетингийн автоматжуулалтын нэг хэсэг.
Имэйл маркетингийн автоматжуулалт нь өөрийн имэйл жагсаалт дахь бүх хэрэглэгчдэд, яг ижил имэйлийг зэрэг бөөнд нь илгээхийн эсрэг ойлголт.
Имэйл маркетингийн автоматжуулалтыг ашиглах үндсэн ШАЛТГААНУУД
Имэйл маркетингийн автоматжуулалтын чухал 3 ашиг тусыг л дурьдвал:
Цаг хэмнэнэ. И-мэйл маркетингийн автоматжуулалт нь нэг эсвэл цуврал имэйлийг шаардлага хангасан үед автоматаар илгээх ажлыг гүйцэтгэдэг тул цаг хэмнэх ач холбогдолтой. Та цахим ном татахаар шинэ хэрэглэгч бүртгүүлэх бүрт та хийж байгаа ажлаа түр хойшлуулан, өөрөө имэйл бичиж илгээгээд байх шаардлага гардаг бол ямар вэ? Төсөөлөөд үзээрэй.
Имэйл хүргэх цаг хугацааг нь тохируулах боломжтой. И-мэйл маркетингийн автоматжуулалт нь тодорхой мэдээлэл авахаар бүртгүүлсэн хэрэглэгчдэд тэр дор нь, эсвэл тодорхой цагт имэйл илгээхээр тохируулах боломж олгодог. Мэдээж хэрэгтэй хүнд нь цаг алдахгүй, зөв цагт нь хэрэгтэй мэдээллийг илгээх нь бидний ажлын үр дүнг нэмэгдүүлнэ шүү дээ.
Илгээсэн и-мэйлийг нээж үзэх үзүүлэлт нэмэгдэнэ. Дээр дурдсанаар хэрэгтэй цагт нь зорилтот хэрэглэгчдэдээ илгээдэг учир таны илгээсэн и-мэйлийг хүмүүс нээж, уншиж, холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах зэрэг имэйл маркетингийн үр дүнгийн үзүүлэлтүүдийг нэмэгдүүлдэг.
Автоматжуулсан имэйлийн хувьд ердийн маркетингийн имэйлтэй харьцуулахад нээлтийн хувь 50.4%, холбоос линк дээр даралт 106.3% илүү байдаг аж.
И-мэйл маркетингийн автоматжуулалтын үндсэн 2 төрөл
Цаг хугацаанд суурилсан
Бид хэрэглэгч и-мэйлийг хүлээн авах хугацааг өдөр, цаг минутаар тооцон тохируулах мөн тодорхой хугацааны дараа, тогтсон давтамжтайгаар илгээхээр төлөвлөх боломжтой байдаг. Жишээ нь, манай чатбот үйлчилгээний мэдээлэл авахаар имэйлээ бүртгүүлсэн шинэ хэрэглэгчдэд бид 4 имэйлийг 3 хоногийн зайтайгаар автоматаар илгээхээр тохируулсан байдаг.
Зан төлөвт суурилсан
Энэ төрлийн автоматжуулалт нь хэрэглэгчийн хийж байгаа үйлдэлд илүү төвлөрдөг. Өөрөөр хэлбэл танай явуулсан и-мэйлийг хүмүүс нээж үзсэн эсэх, холбоос линк дээр дарсан эсэхээс хамааран дараагийн илгээх имэйл ялгаатай байхаар тохируулах боломжтой байдаг.
И-мэйл маркетингийн автоматжуулалт ашиглан илгээдэг имэйлийн үндсэн төрлүүд
Welcome email: Автоматжуулалтын и-мэйлийн хамгийн өргөн хэрэглэгддэг төрөл. Вэб сайтаас ямар нэгэн мэдээлэл авахаар и-мэйлээ бүртгүүлсэн шинэ хэрэглэгчид рүү хамгийн эхний мэндчилгээ эсвэл хүссэн мэдээлэл бүхий и-мэйлийг автоматаар илгээх функц юм. Нэг удаагийн эсвэл хэд хэдэн имэйл бүхий цуврал хэлбэрээр төлөвлөж болно.
Thank you email: Худалдан авалт хийсэн хэрэглэгчид талархал илэрхийлсэн имэйл илгээхээр тохируулж болно. Энэ нь хэрэглэгчтэй урт хугацааны, тогтвортой харилцааг бий болоход эерэгээр нөлөөлдөг.
Online course emails: Имэйл листээ нэмэгдүүлэх шалгарсан аргуудын нэг нь үнэгүй сургалт, цахим ном зэргийг хэрэглэгчдэд санал болгох юм. Өөрөөр хэлбэл та тухайн хэрэглэгчийн сонгон авсан сургалтын хичээл тус бүрийг тодорхой давтамжтайгаар ээлж дараалан илгээх боломжыг имэйл маркетингийн автоматжуулалт олгодог.
Re-engagement emails: Идэвхгүй хэрэглэгчдэд чиглэсэн идэвхжүүлэлтийг и-мэйл маркетингийн автоматжуулалтыг ашиглан хийх боломжтой. Жишээ нь та илгээсэн имэйлийг тань хамгийн сүүлд нээж үзсэнээс хойш хэр хугацаа өнгөрсөн бэ гэдгээс хамааруулан идэвхжүүлэх имэйл илгээх сонголт хийж болно. Илгээж буй имэйлд бүтээгдэхүүн үйлчилгээний тухай мэдээлэл, хямдрал урамшууллын талаарх содон боломжуудыг багтааж өгөх нь зүйтэй гэнэ.
Upsell emails: Танай байгууллагын хувьд тогтмол эсвэл давтан худалдан авалт чухал бол онцгой хямдрал, урамшуулал бүхий энэ төрлийн имэйл илгээх боломжтой. Тухайлбал бид зөвхөн манай өмнөх сургалтанд хамрагдсан хүмүүст “Сошиал медиа маркетинг” сургалт 50% хөнгөлөлттэй гэсэн мэдээллийг илгээдэг.
Abandoned shopping cart emails: Хэрэв та онлайн дэлгүүр ажиллуулдаг бол сагсандаа бараа, бүтээгдэхүүн цуглуулсан мөртлөө худалдан авалт хийлгүй орхисон хэрэглэгчдэд тэр дор нь автоматаар имэйл илгээхээр төлөвлөж болно.
Худалдан авагчдын 69% нь бараа бүтээгдэхүүн онлайн сагсанд нэмчихээд орхидог гэнэ.
Тиймээс та сагсан дахь барааг нь сануулах зайлшгүй хэрэгтэй гэнэ шүү.
Ганцхан удаагийн имэйл илгээгээд л орхих биш харин тодорхой давтамжтай, цуврал имэйлүүдийг илгээх нь илүү дүнтэй байдаг юм байна. Omnisend гаргасан судалгаанаас үзэхэд нэг удаа имэйл илгээхээс 3 цуврал мэйл илгээх нь худалдан авалтыг дунджаар 69%-р нэмэгдүүлдэг гэнэ.
Холбоотой нийтлэлүүд:
- ДИЖИТАЛ МАРКЕТИНГ: АШИГЛАХ ХЭРЭГСЛҮҮД
- Facebook-ийн алгоритм: Сошиал медиа маркетерууд юу анхаарах хэрэгтэй вэ?
- Facebook сурталчилгаа: Custom болон Lookalike Audience үүсгэх аргачлал
Subscription renewal emails: Ямар ч байгууллагын хувьд одоогийн хэрэглэгчид, харилцагчид хамгаас үнэтэй байдаг. Тиймээс хэрэглэгчдээ тогтоон барих хамгийн шилдэг аргуудын нэг тухайн хэрэглэгчийн үйлчилгээний хугацаа дуусахаас өмнө сануулж, сунгалт хийхийг санал болгосон имэйл илгээх.
Банкны жишээ татвал: “Таны хугацаатай хадгаламжийн хугацаа 10 сарын 20-ний өдөр дуусаж байна. Бид хадгаламжийн үйлчилгээндээ шинэчлэлт хийж, жилийн хүүгээ нэмэгдүүлж байна. Та манай шинэ нөхцөлүүдтэй танилцана уу” гэх мэт хэрэглэгчдээ сэдэлжүүлсэн онцгой санал, сануулсан имэйл илгээхээр төлөвлөж болно.
Эцэст нь:
Бизнес эрхлэгчид, бизнесийн байгууллагууд имэйл маркетингийн автоматжуулалтыг цаг хэмнэх, хэрэглэгчдийг татах, тэднийг тогтоон барих, худалдан авалт, орлогоо нэмэгдүүлэхэд тогтмол ашигладаг болж хэвшсээр.
Та ч бас имэйл маркетингийг бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах гэж байгаа бол нэг удаагийн имэйл кампанит ажлаас гадна, давтамжтай, зорилготой, ирээдүйн болон одоогийн хэрэглэгчидтэйгээ тогтвортой харилцаа тогтоох, тэдний зан төлөвт тохирсон, ухаалаг имэйл маркетингийн автоматжуулалтыг төлөвлөгөөндөө тусгах нь зүйтэй шүү.
Манай байгууллагын хувьд ч харилцагч байгууллагууддаа үр дүнтэй имэйл маркетингийн үйлчилгээг санал болгодог.
GetResponse: и-мэйл маркетингийн автоматжуулалтын программ
Манай байгууллагын хувьд хэрэглэхэд хялбар, энгийн хэдий ч өргөн боломж бүхий GetResponse имэйл маркетингийн автоматжуулалтын програмыг ашигладаг.
Энэхүү программын тусламжтайгаар бид манай веб хуудсаар зочилон, мэдээлэл авсан хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, жагсаалт үүсгэн, түүнийгээ ашиглан хэрэглэгчдэд тохирсон шинэ мэдээ, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ танилцуулгыг илгээдэг.
Уг автоматжуулалтын программын хувьд эхний 30 өдөр үнэгүй турших боломжтой бөгөөд 1000-аас дээш хэрэглэгч бүртгэгдсэн тохиолдолд сарын 15 доллар төлдөг.