fbpx

Facebook сурталчилгаа: Custom болон Lookalike Audience үүсгэх аргачлал

Энэ удаад бид Facebook төлбөртэй сурталчилгааны хамгийн үр дүнтэй аргуудын нэг Facebook сурталчилгааны Custom Audience үүсгэх аргачлал, хэрхэн ашиглах талаарх мэдээлэл бэлтгэн та бүхэнд хүргэж байна. 1.47 тэрбум хэрэглэгч өдөр тутам холбогдож байдаг Facebook нь дижитал маркетерүүдийн хувьд тун чухал сурталчилгааны суваг.

Гэхдээ заримдаа хэт олон хэрэглэгчтэй, хэт том талбар учраас нарийвчласан тодорхой сурталчилгааны сегмент сонгох хэрэг гардаг. Энэ нь ч сурталталчилгааны зардлыг бууруулж, өгөөжийг нь нэмэгдүүлэх гол арга. Зорилтот хэрэглэгчдийг өндөр нарийвчлалтайгаар сонгон онилж, сурталчилгаа мэдээлэл хүргэх өргөн боломжийг Facebook төлбөртэй сурталчилгаа бизнес эрхлэгчдэд санал болгодог.

Энэ нь Facebook маркетингийн уламжлалт сурталчилгааны сувгуудаас ялгарах хамгийн гол давуу тал. Facebook хэрэглэдэг хүн бүр өдөр тутам өөрийн News Feed-ээ нээн харах бүртээ маш их мэдээллийг Facebook-т өгч байдаг. Жишээ нь юунд дуртай, юу үздэг, ямар спорт сонирхдог, хэнтэй илүү дотно найзууд гэх мэт.

Дижитал маркетинг

Эдгээр мэдээллийг ашиглан зорилтот хэрэглэгчдээ сонгодог бол маркетер таны Facebook сурталчилгаа үр дүнтэй байгаа нь мэдээж гэхдээ… Зөвхөн эдгээр мэдээллээр зорилтот хэрэглэгчдээ сонгоод зогсч болохгүй шүү.

Холбоотой нийтлэл:

Зарим хүмүүст “Custom audience буюу Зорилтот тусгай бүлэг” гэсэн нэр томъёо тийм ч ойлгомжтой сонсогдохгүй байж магадгүй. Гэхдээ танай вэб сайтад хандсан хүмүүсийг эсвэл танай байгууллагын одоогийн болон өмнөх хэрэглэгчдийг Facebook дээр олж, танай сурталчилгааг хүргэх боломж гэж тайлбарлавал илүү ойлгомжтой болов уу.

Өмнө нь ямар нэг байдлаар танай байгууллагатай холбогдож байсан хүмүүст жишээ нь өмнөх хэрэглэгчид, вэб хуудсанд тань хандаж байсан хүмүүс, Facebook хуудастай холбогдож байсан хэрэглэгчид гэх мэт хүмүүст сурталчилгаа хүргэх боломж энд л бий.

Тэр ч байтугай, Custom Audience – Тусгай зорилтот бүлэг дээрээ үндэслэн нь өмнөх хэрэглэгчидтэйгээ ижил төстэй хүмүүсээс бүрдсэн Lookalike Audience-Ижил төстэй зорилтот бүлэг үүсгэн шинэ хэрэглэгчидэд хүрэх боломжийг ч ашиглаж болно.

Facebook сурталчилгааны Custom Audience-н төрлүүд

Өмнөх хэрэглэгчдээс бүрдсэн Custom Audience

Хэрэв танд хэрэглэгчдийн мэдээллийн жагсаалт байгаа бол энэ нь өмнөх хэрэглэгчдээ Facebook дээрээс олж тэдэнд дахин хандах боломж олгодог.

Жишээ нь танайхаас өмнө нь худалдан авалт хийсэн хэрэглэгчид эсвэл 7 хоног бүрийн шинэ мэдээ хүлээн авдаг хэрэглэгчдийн мэдээлэл танай байгууллагад байна гэж бодъё. Эдгээр хүмүүс танай шинэ бүтээгдэхүүнийг эсвэл хямдрал, урамшууллын мэдээллийг сонирхох хамгийн өндөр магадлалтай байх.

Гэхдээ энэ хүмүүсийнхээ мэдээллийг Facebook-т өгөхгүйгээр тэднийг Facebook дээрээс олох, мэдээлэл хүргэх боломжгүй. Мэдээж зөвхөн өөрийн хэрэглэгчдийн мэдээллийг л энэ зорилгоор ашиглах боломжтой бөгөөд бусдаас авсан жагсаалт, өөр вэб хуудасны мэдээллийг ашиглах нь хориотой байдаг.

Мөн ямар байгууллага өөрийнх нь мэдээллийг энэ зорилгоор ашиглаж байгаа талаар Facebook хэрэглэгч бүр харах боломжтой байдгийг ч мэдээд авах нь зүйтэй байх.

Хэрэв та өөрөө ямар байгууллага таны мэдээллийг оруулан Facebook сурталчилгаагаа хүргэж байгааг харъя гэвэл Facebook хаягтаа хандан Settings – Ads -Advertisers you’ve interacted with гэсэн сонголтыг хийгээрэй. Түүнчлэн Facebook-н Custom Audiences үйлчилгээний нөхцөлтэй танилцаад авах нь ч зөв байх.

Custom Audiences: Вэб хуудасны хэрэглэгчид

Facebook Pixel хэмээх кодыг та өөрийн вэб хуудсандаа суулгаснаар танай вэбд зочилсон хүмүүсийг Facebook дээрээсээ олж авч чаддаг болно. Энэ нь таныг вэб хуудсанд хандсан хүмүүсээс бүрдсэн Custom Audiences-Тусгай зорилтот бүлэг үүсгэн танай вэбд хандан тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг авсан хүмүүст дахин мэдээлэл хүргэх, сурталчилгаа явуулах боломж олгодог.

Сүүлийн 6 сар хүртлэх хугацаанд танай вэбд хандсан хүмүүсийг онилох боломж бий. Хэрэв та вэб хуудсандаа Facebook Pixel суулгаж хараахан амжаагүй байгаа бол тун хэрэгтэй мэдээллийг хайхрахгүй өнгөрөөж байна гэсэн үг шүү.

Холбоотой нийтлэл: 

Custom Audiences: Аппликейшн хэрэглэгчид

Та өөрийнхөө байгууллагаас гаргасан гар утасны аппликейшныг татаж авсан, ашиглаж буй хүмүүсээс бүрдсэн Custom Audience-Тусгай зорилтот бүлэг үүсгэж болно.

Энэ төрлийн Custom Audience нь танай аппыг олон хүмүүс татаж авсан ч идэвхтэй хэрэглэхгүй байгаа тохиолдолд дахин сануулах, идэвхжүүлэхэд тун хэрэгтэй. Нөгөө талаасаа апп хэрэглэгчиддээ дахин өөр бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгоход ч тус болох болов уу.

Engagement Custom Audiences-Харилцаа үүсгэсэн хэрэглэгчид

Танай Facebook хуудас, Instagram хаягтай ямар нэг байдлаар харилцаа үүсгэсэн хэрэглэгчидтэй бид дахин холбогдох боломж энд бий.

Facebook Custom Audiences хэрхэн үүсгэх вэ?

Custom Audience үүсгэхийн тулд Facebook төлбөртэй сурталчилгаа удирдах Ads Maneger-нхээ Facebook audiences хуудсанд хандан Create a Custom Audience товч дээр дараарай.

Facebook Pixel ашиглан вэбд хандсан хэрэглэгчдийг багтаасан зорилтот бүлэг үүсгэх

Эхний алхам: Facebook Ads Manager-т ханд. “Assets”цэснээс хамгийн дээд талд байрлах “Audiences” цэсийг сонго.

 

Эндээс “Create Audience” товч дээр даран “Custom Audience” цэсийг сонгоно.

Шинэ цонх гарч ирэх бөгөөд эндээс “Website” цэсийг сонго.

 “I have read…” сонголтыг хийсний дараа “Create Custom Audence Pixel” товчыг дар.

Facebook маркетинг сурталчилгаа Дараагийн хуудсанд вэб хуудсанд байрлуулах кодыг гаргаж өгөх бөгөөд уг кодыг хуулж авах шаардлагатай.

Facebook маркетинг сурталчилгаа

Хэрэв танай вэб хуудсыг хариуцдаг ажилтан байдаг бол бүх хуудсанд байрлуулахаар хуулж авсан кодоо өгөх эсвэл та өөрөө вэб хуудсандаа уг кодыг байрлуулах тодорхой мэдлэгтэй бол вэбийнхээ бүх хуудсанд байрлуулах хэрэгтэй.

Гэхдээ сүүлийн үед жишээ нь WordPress ашиглан вэб хөгжүүлэлт хийсэн бол бэлэн plugin татаж аван ашиглах боломжтой болсон. Дараагийн алхам: вэб хуудсанд хандсан хэрэглэгчдийн жагсаалтыг маркетингийн сурталчилгааны зорилгоор ашиглахын тулд “Create Audience” товч дээр дар. Хэрэв та “Anyone who visits your website” сонголт дээр дарвал вэбд хандсан хэрэглэгчийн жагсаалт үүсгэх хэд хэдэн сонголт гарч ирнэ.

Facebook маркетинг сурталчилгаа

Энэ жишээнд бид “Anyone who visits your website” сонголтыг хэвээр үлдээсэн бөгөөд харин та танай вэб хуудсанд бүх хэрэглэгчдээс гадна вэбийнхээ тодорхой аль нэг хуудсанд хандсан эсвэл өмнө танай хуудсанд зочлож байсан боловч тодорхой хугацаанд эргэж хандаагүй хэрэглэгчдийг сонгохоор тохируулж болно. Одоо энэхүү зорилтот бүлэгтээ тохирсон нэр өг.

Facebook маркетинг сурталчилгаа хийх

Эцэст нь “Create Audience” товчыг дар. Одоо хэрэглэгчийн хангалттай тооны жагсаалт бүрдэхийг хүлээх үлдлээ. Эхлээд “Audience Too Small” гэдэг буюу уг кодыг байрлуулснаас хойш хандсан хэрэглэгчийн тоо 20 хүрэхгүй тооны хэрэглэгч хандсан гэдэг мэдээлэл харагдана.

Мөн эхний үед “Pixel Not Installed” гэсэн алдаа гарах магадлалтай. Уг алдаа ойролцоогоор 2 цагийн дараа зүгээр болно. Ингээд танай вэб хуудсанд хандсан хэрэглэгчдийн жагсаалт үүсгэн, уг жагсаалт дахь хэрэглэгчдэд Facebook ашиглан сурталчилгаа хүргэх боломжтой боллоо гэсэн үг. Уг жагсаалт танай вэб хуудсанд хандалт ирэх бүрт нэмэгдэж байдаг.

Өөрийн хэрэглэгчийн мэдээллийг ашиглан Зорилтот бүлэг үүсгэх

Танай байгууллагын хувьд өмнөх болон одоогийн хэрэглэгчийн мэдээлэл жишээ нь и-мэйл хаяг, утасны жагсаалт байдаг бол уг мэдээллийг ашиглан Facebook сурталчилгаа хүргэх зорилтот бүлгийг үүсгэх боломжтой.

Анхаарах зүйлс:

  • Хамгийн түрүүнд Custom Audience-н үйлчилгээний нөхцөл-г зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж оруулах гэж байгаа хэрэглэгчийн мэдээллийг та ашиглах эрхтэй байх ёстой. Гарч ирэх цонхны I Accept товч дээр даран үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөрэй.
  • Хэрэглэгчийн мэдээллээ бэлтгэ. Хэрхэн утас, имэйлийн жагсаалтаа бэлтгэсэн байх ёстойг эндээс харж болно. Товчхондоо дараах 3 зүйлийг анхаараарай:
    • Утасны дугаар бол улсын кодыг оруул. Жишээ нь 97691119110. Ямар нэг зай таслал, зураас байх ёсгүй.
    • Нэг мөрөнд нэг байхаар доош цувруулан бэлтгэ. Excel дээр бэлтгэж болно.
    • 2500-с дээш тооны утасны дугаар, имэйл хаягийн жагсаалттай бол .txt файл болгон upload хийх хэрэгтэй болно.

За одоо хэрхэн үүсгэх хэсэгт оръё. Facebook Ads Manager-т ханд. “Assets”цэснээс хамгийн дээд талд байрлах “Audiences” цэсийг сонго.

 

Эндээс “Create Audience” товч дээр даран “Custom Audience” цэсийг сонгоно.

Шинэ цонх гарч ирэх бөгөөд эндээс “Customer File” цэсийг сонго.

 

Мэдээлэл хэрхэн оруулах сонголт гарч ирнэ. Энэ тохиолдолд бид “Copy and paste your data” буюу мэдээллээ шууд хуулж оруулах сонголтыг хийлээ. Хэрэглэгчийн мэдээллээ .CSV эсвэл .TXT форматаар бэлтгэн upload хийж болно.

Эсвэл 2500-с доош тооны хэрэглэгчийн мэдээлэл бол шууд copy, paste хийчихсэн ч болно. Харин тухайн үүсгэж буй audience-доо дараа нь та сайн санах нэр өгөх хэрэгтэй. Жишээ нь Email Subscribers гэх мэт. Тэгээд Next товч дээр дар.

 

Гарч ирсэн цонхонд хэрэглэгчдийн и-мэйл хаягийн жагсаалтын мэдээлэл алдаагүй гэсэн мэссэж гарч ирвэл “Create Audience” товчыг дар.

Facebook маркетинг сурталчилгаа хийх

Гар утасны аппынхаа хэрэглэгчдээр Custom Audience үүсгэх нь

Эхний алхам: App Activity цэсийг сонгон гарч ирэх сонголтоос аль нэгийг нь сонго. Дараа нь хугацаагаа сонго: 30-с 180 хоног. Цааш нь нарийвчлан сонгох боломж бий. Жишээ нь нэмэлт худалдан авалт хийсэн эсэх, ямар төхөөрөмж ашиглаж байна гэдгээс хамаарсан. Эцэст нь тохирох нэр өгөөд Create Audience товч дээр дар.

Холбоотой: 

Танай Facebook Page болон Instagram хаягтай харилцсан хэрэглэгчдийн Custom Audience үүсгэх нь

Эхний алхам: Facebook Sources хэсгээс сонголтоо хий. Харин шинэ гарч ирэх цонх нь ямар харилцаа үүсгэсэн хэрэглэгчдийг сонгох цэс гарч ирнэ.

Видео үзэлт, Lead Form хэрэглэгчид, Facebook Page, Instagram Business Profile, Shopping, On-Facebook Listings, Event болон Canvas-Instant Experience сурталчилгааг тань нээж үзсэн хүмүүсээс сонгон тусгай зорилтот бүлэг үүсгэж болно.

Сонголт хийхдээ анхаарах зүйлс:

  • Видео үзэлтийн хувьд хэр удаан танай видеог үзсэнээс нь хамааран сонгох сонголт бий. Хамгийн багадаа 3 секундээс тухайн видеоны 95%-г үзсэн хүмүүс гэх мэтээр.
  • Lead Form-н хувьд тухайн формыг нээж үзсэн болон нөхсөн хүмүүсийг сонгох боломжтой.
  • Facebook Page, Instagram хаягтай харилцсан хүмүүсийн хувьд, ямар харилцаа үүсгэснээс жишээ нь хандалт, мэссэж бичих, пост даралт гэх мэтээс сонгож болно.
  • Event-н хувьд Interested-Сонирхсон, Going-Ирнэ гэсэн хүмүүст дахин сануулах зорилгоор ашиглах боломжтой.

Дараа нь хамрах хугацааг сонгож болно. Хамгийн дээд тал нь 365 хоног. Эцэст нь үүсгэсэн зорилтот бүлэгтээ нэр өгөөд Create Audience товч дээр дараарай.

Lookalike Audience үүсгэх

Харин одоо өмнөх бүх хэрэглэгчдийн жагсаалтаа оруулсан хэдий ч томоохон сурталчилгааны компанит ажил явуулахад хэт бага зорилтот бүлэг үүссэн бол энэхүү зорилтот сегментээ өргөжүүлэх боломжтой. “Find new people similar to your existing users.” товчыг дар.

Энэхүү өргөжүүлсэн зорилтот бүлгийг Lookalike audience буюу таны оруулсан жагсаалт дахь хэрэглэгчидтэй ижил сонирхол, зан төлөвтэй бусад Facebook хэрэглэгчдээр өргөжүүлсэн “Ижил төстэй зорилтот бүлэг” хэмээн нэрлэдэг.

Facebook бидний хэн болох, хэдэн настай, гэр бүлийн байдал, юу хийж, юунд анхаарал тавьж, хэнтэй харьцаж, ямар сайтууд руу хандаж, юу үзэж, уншиж, магадгүй юу худалдан авдаг талаар мэдэж байдаг. Ийм их мэдээлэл мэдэж байгаа тохиолдолд хэрэглэгч хоорондын харилцан хамаарал, төстэй байдлуудыг олж авч чадна.

Өөрөөр хэлбэл танай хэрэглэгчдийг Facebook-н бусад хэрэглэгчидтэй харьцуулан төстэй хүмүүсийг сонгон авах боломжтой гэсэн үг. Яг л энэ боломжыг Lookalike Audience үүсгэхдээ ашигладаг.

Гэхдээ тэдгээр хэрэглэгчдийг Facebook-с гарган нэгтгэж, зорилтот бүлэг үүсгэн сурталчилгаагаа хүргэх боломжтой ч нэг зүйлийг сайтар анхаарах хэрэгтэй. Энэ нь тэд таныг, танай брэндийг мэдэхгүй. Тиймээс тэдний анхаарлыг татахын тулд маш сайн сурталчилгаа бэлтгэх хэрэгтэй.

Танай бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүлээн авч, давуу тал, шинж тэмдэгийг нь ойлгосон тохиолдолд танай хэрэглэгч болох магадлал онолын хувьд бусдаас илүү байх ёстой.

Одоо Lookalike Audience буюу төстэй зорилтот бүлгээ үүсгэе. Хамгийн эхлээд эх үүсвэр буюу аль зорилтот бүлэгтэй ижил төстэй илүү өргөн бүлэг үүсгэх гэж байгаагаа сонгоно. Үүний дараа аль улсад, хэр том хэмжээтэй зорилтот бүлэг үүсгэхээ сонго.

Facebook маркетинг сурталчилгаа

Хэмжээг өөрийнхөөрөө тохируулах бөгөөд энэ жишээ дээр Монгол Улс дах Facebook хэрэглэгчдийн 10% хүртэлх хэмжээтэй зорилтот бүлэг үүсгэх боломжтой байна.

Шинээр үүсгэсэн төстэй зорилтот бүлгээ ашиглан хэрхэн сурталчилгаа явуулах вэ?

Ердийн сурталчилгаа үүсгэхтэй адил эхлэнэ. “Ad Set” хэсэгт хамгийн эхэнд “Custom Audiences” гэсэн сонголт бий. Эндээс сая үүсгэсэн зорилтот бүлгээ сонго. Мэдээж өөр үзүүлэлтүүд жишээ нь хүн ам зүйн болон сонирхолын үзүүлэлтүүдийг сонгож болно.

Энэ тохиолдолд зөвхөн хүн ам зүйн өөрөөр хэлбэл байршил, нас, хүйсний үзүүлэлтийг л нэмж сонгохыг зөвлөж байна. Гэхдээ энэ бол ердөө хийх аргачлал, дарааллын заавар. Харин хэрхэн үр дүнтэй ашиглах талаарх цөөн хэдэн зөвлөгөөг дор дурьдвал:

Facebook Custom Audience-г ремаркетингт ашиглах нь

Ремаркетинг нь хүмүүст тэдний сонирхсон бараа, бүтээгдэхүүнийг дахин сануулах, сагсандаа нэмсэн ч худалдаж аваагүй бүтээгдэхүүнийг нь сануулах, худалдаж авахад түлхэц үзүүлэх маш үр дүнтэй арга.

Жишээ нь бид манай вэбд хандан сошиал медиа маркетингийн талаарх нийтлэл уншсан хүмүүст зориулан Сошиал медиа маркетингийн сургалтын мэдээллээ хүргэдэг. Түүнээс гадна манай Facebook хуудсаар дамжуулдаг 7 хоног тутмын LIVE видеог үзсэн хүмүүстэй ижил төстэй (lookalike audience) зорилтот сегмент үүсгэн сурталчилгаагаа хүргэсэн нь тун амжилттай болсныг дурдаж болно.

Facebook Custom Audience-г давтан худалдан авалтыг дэмжихэд ашигла

Одоогийн хэрэглэгчид тань танайхыг мэддэг, танай бүтээгдэхүүнийг хэрэглээд үзчихсэн, танайд итгэдэг хүмүүс. Тэгэхээр тэдэнд сурталчилгаагаа хүргэх нь танайхыг мэддэггүй хүмүүст хүргэхээс илүү хялбар бас хямд зардлаар үр дүнтэй байх нь бий. 

Өөрийн хэрэглэгчдийг ятгах нь анх удаа л танай талаар сонсож буй хүмүүсийг итгүүлэхээс хялбар байх нь мэдээж. Энэ зөвхөн онлайн худалдааны тухай асуудал биш.

Дэлгүүр дээр чинь ирээд танайхаас худалдан авалт хийсэн хүмүүсийн мэдээллийг оруулан, тэдэнд онцгой урамшуулал, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах гэх мэт сурталчилгааг ч хүргэж болно.

Жишээ нь манай нэг харилцагч өмнө худалдан авалт хийсэн хүмүүстээ тухайн бүтээгдэхүүний дагалдах хэрэгслийг санал болгох замаар маш үр дүнтэй сурталчилгааг хүргэдэг.

Ижил төстэй сегмент буюу lookalike audience үүсгэ

Та өөрийн одоогийн хэрэглэгчидтэйгээ ижил төстэй сонирхол, зан төлөв бүхий хүмүүст сурталчилгаагаа хүргэх боломжийг lookalike audience өгдөг. Хэдийгээр танай бүртгэлтэй хэрэглэгчийн жагсаалт тийм ч олон хүний мэдээлэлтэй биш байсан ч вэб хуудасны хандалт, өмнөх худалдан авалт гэх мэт мэдээллийг ашиглан илүү өргөн хүрээг хамрах ижил төстэй сегмент үүсгэн сурталчилгаа явуулах нь шинэ хэрэглэгчдэд хүрэх тун үр дүнтэй арга шүү.

Эцэст нь Facebook сурталчилгааг түүн дотроо Custom Audience – Зорилтот тусгай бүлэг ашигладаг бол өөрийн туршлагаас бидэнтэй хуваалцаарай. Танд амжилт хүсье!

САНАЛ БОЛГОХ:

TOP