fbpx

2019 онд сошиал медиа маркетингаа шинэ түвшинд гаргахыг зорьж байна уу!

Эндээс манай үйлчилгээний багц, үнийн мэдээллийг татаж аваарай.

7 хоног бүрийн шинэ мэдээ хүлээн авах бол...

2019 онд маркетерүүдийн зайлшгүй анхаарах сошиал медиа маркетингийн чиг хандлага

Шинэ жилийн баярын уур амьсгал орсон 12-р сар маркетерүүдийн хувьд өнгөрч буй оны маркетингийн түүн дотроо сошиал медиа маркетингийн ажлын үр дүнгээ эргэн харах, юу нь хүссэн үр дүнд хүрсэн, харин алийг нь өөрчлөх шаардлага байгааг үнэлж дүгнэх бас нэгэн ажлын сар. Энэ нь шинэ онд илүү амжилттай ажиллах нэгэн нөхцөл болдог нь дамжиггүй. Сошиал медиа платформуудын хөгжил, өөрчлөлт, технологийн дэвшлийн хурд, хэрэглэгчдийн зан төлвийн хувьсал нь шинэ чиг хандлага, өөрчлөлтүүдийг цаг тухайд нь өөрийн ажилдаа тусган хэрэгжүүлж байх ёстойг маркетерүүдэд цаг үргэлж сануулсаар. Ялангуяа энэ жилийн хувьд бүх л сошиал медиа платформууд өөрийн алгоритмд эрс өөрчлөлт оруулсныг нь маркетерүүдийн хувьд ч ажлын арга барил, стратеги, төлөвлөгөөндөө зайлшгүй тусгах шаардлагатай болсон.

2019 оны сошиал медиа стратеги, төлөвлөгөөгөө гаргаж буй яг энэ цаг үед танд хэрэг болох СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН шинэ чиг хандлага, өөрчлөлт, анхаарах зүйлсийг энд багтаалаа.

2019 онд заавал анхаарах, төлөвлөгөөндөө тусгах, хэрэгжүүлбэл зохих чиг хандлага:

Engagement – Харилцаа хэзээ хэзээнээс илүү чухал болсоор…

Facebook өнгөрч буй 2018 оны эхэнд хүмүүс хоорондын утга учиртай харилцааг дэмжихээр алгоритмаа өөрчлөхөө зарласан. Мөн Facebook-н алгоритм найз нөхөд, гэр бүлийнхэн, хамт ажиллагсад гээд ойр дотны хүмүүсийн хоорондын бодит харилцааг илүүд үзэх болсныг түүнчлэн Facebook хуудасны админуудын хувьд уг харилцааг чухалчлан анхаарал хандуулах шаардлагатай болсныг сануулсан. Энэхүү өөрчлөлтийг Facebook-с гаргасан тайлбарт дурьдснаар:

Хэрэглэгчдийн News Feed хязгаартай байдаг тиймээс гэр бүл, найз нөхөдийн постыг илүү давамгай харуулна гэдэг нь хэвлэл, мэдээлэл, бизнесийн байгууллагуудын нийтлэж буй постуудын хувьд харагдац багасна гэсэн үг. Гэхдээ хүмүүсийн хооронд харилцан яриа үүсгэх постууд нийтлэдэг бол уг Facebook хуудасны хувьд энэ нөлөө бага байх болно.

Алгоритмын хувьд ч илүү ухаалаг болж “engagement-bait ” буюу хүмүүсийг өөрийн пост дээр лайк дарах, коммент бичихэд уриалах арга нь утга учиртай харилцаа үүсгэх зөв хэлбэр биш гэж үзэн ийм төрлийн постуудыг мөн л дэмжихгүй байхаар програмчлагдсан.

Сүүлийн жилүүдэд тогтмол ажиглагдаж байсан органик хүртээмжийн бууралт дээрх алгоритмын өөрчлөлттэй уялдан 2018 онд улам бүр эрчимтэй үргэлжиллээ.

Тэгэхээр 2019 онд хамгийн түрүүнд анхаарах ёстой хамгийн нэн тэргүүний зүйл бол бодит харилцаа үүсгэх контентыг төлөвлөгөөндөө тусгах, бүтээх, түгээх. Энэ нь сошиал медиа маркетерүүдийн хувьд дараах төрлийн контентэд төвлөрч ажиллах ёстой гэсэн үг:

  • Сонирхолтой
  • Анхаарал татах
  • Харилцаа үүсгэх

Холбоотой нийтлэл: Facebook News Feed өөрчлөлт: ХҮМҮҮС хоорондын харилцаанд илүү анхаарна.

Нөлөөлөгчийн маркетинг буюу микро-нөлөөлөгчид

Нөлөөлөгчийн маркетинг нь ямар ч байгууллагын хувьд маркетингийн хольцын чухал хэсэг болон нэгэнт байр сууриа олчихжээ. Сошиал медиа ч нөлөөлөгчдийн хувьд дагагч, фенүүддээ хүрэх хялбар, хүчирхэг, чухал суваг аль хэдийнэ болчихсон.

Гэхдээ нөгөө талаасаа олон дагагчтай томоохон нөлөөлөгчид ямар ч байгууллагын хувьд маркетингийн төсвийн нэлээд хувийг эзэлдэг өртөг ихтэй суваг болоод байгаа. Эндээс микро-нөлөөлөгчид гэсэн ойлголт гарч ирж байна. Эдгээр нь томоохон одуудын хүрэх хүртээмжтэй харьцуулахгүй ч цөөний тооны дагагчиддаа илүү нөлөөтэй байх магадлалтай нөлөөлөгчдийн тухай ярьж байгаа ойлголт.

Жишээ нь хүнсний салбарын үйлдвэрлэгчийн хувьд маркетингийн мэдээлэл хүргэхэд маш олон дагагчтай од биш харин эрүүл амьдралын хэв маягийг түгээгч цөөн боловч үнэнч дагагчтай нөлөөлөгчтэй хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй байх боломжтой гэсэн үг. Тэд л зөвхөн брэндийн танигдсан байдлыг өсгөхөөс гадна борлуулалтыг хамтад нь нэмэгдүүлэх боломжтой гэнэ.

Түүнээс гадна микро-нөлөөлөгчдийн хувьд олны танил хүмүүстэй адил олон биш ч тэдэнд итгэдэг, тодорхой сэдэв, салбартаа нөлөө бүхий мэргэжилтнүүд байдаг нь бусдад нөлөөлөх нөлөөг нь нэмэгдүүлж байдаг юм байна.

Түүнчлэн төсвийн хувьд хэт өндөр биш, холбоо, харилцаа тогтооход хялбар байдгаас гадна тэд урт хугацааны хамтын ажиллагааг илүү сонирхдог гэнэ шүү.

Хамгийн түрүүнд өөрийн байгууллага, салбар, хэрэглэгчдээсээ нөлөөлөгч хай. Байнга нийтлэгддэг подкаст, блог, Facebook, Twitter, YouTube, Instagram-г хайгуулдаа байгтаа. Эхлээд тэднийг дага, сонс, таньж ав дараа нь холбоо барь, ажлынхаа талаар ярилцаад үз.

Сошиал медиа – Борлуулалтын суваг

Хэрэглэгчид тань хэрэгтэй зүйлээ хайх ажлыг сошиал медиа тун хялбар болгосоор байгаа. Ихэнх байгууллага, брэндүүд сошиал медиа ашиглан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, хэрэглэгчид нь ч худалдан авалт хийхээсээ өмнө тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг заавал авдаг болсон.

Гэхдээ сошиал медиа нь худалдан авалтын замналын зөвхөн брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, боловсрол олгох, харилцаа үүсгэх хэсэгт хамрагдахаа хэдийнэ больсон. Харин ч илүүтэйгээр асуудлаа хэрэгсэх, шийдэр гаргах, худалдан авалт хийх шатны хэрэгсэл болж өөрчлөгдөж байна.

Internet Trends in 2018 судалгааны үр дүнгээс харахад нийт судалгаанд хамрагдагсдын 55% нь сошиал медиагаас анх олж мэдсэн бүтээгдэхүүнээ дараа нь худалдан авсан гэж хариулсан байна. Facebook дараа нь Instagram, Pinterest хүмүүсийн шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээлэл олж авдаг гол сувгууд гэсэн үр дүнг ч мөн эндээс харж болно.

Энэ нь 2019 онд бид зөвхөн борлуулалтын мэдээллээр хэрэглэгчдийг бөмбөгдөхөө болих хэрэгтэйг дахин дахин сануулж буй хэрэг. Худалдан авалтын замналын үе шат бүрт зориулсан илүү дараалал, зорилготой контент бэлтгэх нь чухал гэдгийг нотолж байна. Сошиал медиа бидэнд өөрийн бүтээгдэхүүний талаарх түүхийг хэрэглэгчдэд хүргэн, тэдний анхаарлыг татах, брэндийн танигдсан байдлаа өсгөх, хоногшуулахад тусласаар ирсэн. Харин одоо худалдан авалтын замналын дараа, дараагийн борлуулалтын шийдвэр гаргах үе шатыг хэрхэн хялбар, амар болгох хэсэг нь таны мэдэлд үлдэж байна.

Харилцааны маркетинг – Chatbot

Сошиал медиа хэрэглэгчдийн 99% нь танай бүтээгдэхүүний талаар сонссон, мэдсэн авсан (танай сурталчилгааг харсан) даруйдаа худалдан авалт хийдэггүй. Танай хэрэглэгч болохын тулд, танайхаас худалдан авалт хийхийн тулд тэдэнд асуулт, нэмэлт мэдээлэл зайлшгүй хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл танай талаар мэддэг болсон ч хэрэглэгч болоход бэлэн биш тэдгээр хүмүүст та худалдан авалтын шийдвэр гаргахад нь туслах ёстой гэсэн үг. Яг энэ чиглэлд бизнесийн байгууллагууд Chatbot-автомат хариулагчийг Facebook Messenger-ээр дамжуулан харилцагчийн үйлчилгээг шийдэх хялбар бөгөөд үр дүнтэй арга болгон ашиглаж эхэлсэнийг та ч бас анзаарсан болов уу.

2019 онд бид ботоо зөвхөн Танай хаяг хаана байдаг вэ? Утасны дугаар? Цагийн хуваарь гэх мэт олон дахин давтагддаг, цөөн хэдэн энгийн асуултанд хариу өгдөг автомат хариулагч биш харин хэрэглэгчдийн асуултанд илүү оновчтой, хурдан хариулт өгдөг, тэднийг таньдаг, байнгын тогтвортой, утга учиртай харилцаа үүсгэх манай маркетингийн багийн нэгэн онцгой гишүүн болгон хөгжүүлэх шаардлага бий болж байна.

Чатбот нь зөвхөн автомат хариулагч биш харин хэрэглэгчтэй харилцах харилцааны тун чухал хэрэгсэл болж байгаад анхаарал хандуул. Хэрэглэгчид ямар нэг асуудал шийдэх гэж танайд хандаж байгааг анхаар. Өөрөөр хэлбэл шууд борлуулалт хийх биш харин хэрэглэгчдэд тань тулгараад байгаа асуудлыг шийдэхэд танай бот зориулагдсан байх хэрэгтэй. Мөн хэдийгээр байнга сайжирч, хөгжиж байгаа ч чатбот нь хүний оролцоогүйгээр бүх харилцааг зохицуулах хэрэгсэл биш одоохондоо. Тиймээс та ч бас хэрэглэгчийн асуултанд хариулахад бэлэн байх ёстой шүү, бүх харилцааг ботдоо битгий даатгаарай.

Холбоотой: Chatfuel.com ашиглан богино хугацаанд хамгийн энгийн чатботыг хэрхэн үүсгэх талаар заавар live видеог эндээс үзээрэй.

Stories  Шинэ форматуудыг турш

Stories хаа сайгүй! Snapchat-с эхлэлтэй 24 цагийн настай, босоо формат бүхий видео, зурагт контент Instagram-аас эхлээд Facebook, Youtube, хамгийн сүүлд LinkedIn гээд бүх сошиал медиа платформыг байлдан дагуулж байна. Харин та Stories-г маркетингийн төлөвлөгөөндөө багтаасан уу? Одоохондоо үгүй бол 2019 он контент бэлтгэлдээ Stories, 360 зураг, видео, подкаст, 3D постууд гээд шинэ формат туршиж үзэх цаг шүү.

Эдгээр хэрэглэгчдийн эерэг хүлээн авч, өдөр тутам идэвхтэй хэрэглэж буй зүйлс маркетингийнхны хувьд ч гэсэн заавал туршиж үзэх контентын төрлүүд.

Гэхдээ зөвхөн шинэ зүйлс туршиж үзэхийн тулд л эсвэл хүн болгон үр дүнтэй гэж хэлээд байгааг биш харин танай 2019 оны сошиал медиа маркетингийн стратегид нийцсэн, зорилтот хэрэглэгчдийг тань сонирхлыг татаж, маркетингийн зорилгыг гүйцэлдүүлэх тэр л форматыг нь сонгоорой. Өөрөөр хэлбэл шинэ зүйл туршихдаа хамгийн чухал зүйл нь ТАНАЙ ХЭРЭГЛЭГЧДЭД ямар ҮНЭ ЦЭНЭ өгч байна гэдгийг анхаараарай.

Live видео

Видео сошиал медиа маркетингийн хамгийн үр дүнтэй контентын төрөл. Үүнээс илүү дүнтэйг гэвэл LIVE видеог л нэрлэх боломжтой.

LIVE видеогоор юу танилцуулах санаа, агуулга нь юу байх вэ? гэж үү? Хэрэглэгчдэд тань хэрэгтэй, сонирхолтой, хөгжилтэй байж болох юу байх вэ? Хэрэглэгчийнхээ оронд өөрийгөө тавьж үз. Тэгвэл танд хэрэгтэй бөгөөд сонирхолтой зүйл юу байна? Хөшигний цаана юу болж байдаг нь, брэнд, бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг, хэрхэн бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа нь, хэрэглэгчдээс ирсэн асуулт, хариулт аль нь ч байж болно.

Түүнчлэн LIVE видео таны ажлын эхлэл хэсэг гэдгийг бас санаарай. Live видеогоор танилцуулсан мэдээлэл өөр олон төрлийн контент болгох боломжтой шүү. Жишээ нь инфографик, зурагт пост, блог нийтлэл гэх мэт.

Дараа нь Facebook Live, YouTube Live, Instagram Live гээд аль платформыг сонгохоо товло. Мэдээж хамгийн их хүртээмжийг Facebook Live авч ирэх ч 2019 онд өрсөлдөөн багатай бас дээр нь үзэгчид нь оролцоо өндөртэй YouTube Live, Instagram-г сонголтдоо багтааж заавал харьцуулж үзээрэй.

Маркетингийн автоматжуулалтыг ашиглаж эхэл

Маркетингийн автоматжуулалт нь дижитал маркетингийн хувьд тун хэрэгтэй зүйл хэдий ч манай маркетерүүдийн хувьд хэрэглээ тун хангалтгүй байгаад байх шиг. Танайхаас шинэ мэдээлэл гаргасан дор нь мэссэнжерээр хэрэглэгчдэд тань илгээж, худалдан авалт хийсэн хүмүүст “Баярлалаа” гэсэн имэйл илгээж байх нь мэдээж хэрэгтэй.

Нөгөө талаас хэрэглэгчдийнхээ үйлдэлд тэр дор нь хариу өгөх нь тэднийг анхаарч, сонсч байгаагийн нэг илэрхийлэл болно. Мөн танай бараа, бүтээгдэхүүнийг сонирхож буй сонирхлоо илэрхийлсэн, вэбд зочлон бүтээгдэхүүнтэй танилцсан хүмүүсийг та хэзээ ч мартаж болохгүй. Дараа, дараагийн шийдвэр гаргах явцад нь туслах ёстой гэдгийг дээр дурьдсан. Энд л маркетингийн автоматжуулалт хэрэгтэй болно. Таны илүү хурдтай, алдаагүй бас ухаалаг ажиллах арга зам энэ. Мөн хямд өртөгтэй ч, 24 цагийн турш таны төлөө ажиллах бас нэгэн найдаж болох маркетинг, борлуулалтын ажилтан гэж л хүлээж аваарай. 2019 онд таныг ашиглахад илүү хялбар, хямд, илүү дэвшилтэт технологи бүхий автоматжуулалтын аппликейшнууд хүлээж байна.

Холбоотой нийтлэл: 

Хуурамч дагагчдын үе дуусгавар болсон

Instagram хамгийн идэвхтэй хэрэглэгчид бүхий сошиал медиа платформ, энд олон дагагчтай нөлөөлөгчид маркетингийн хувьд тун чухал хүмүүсийн нэг. Гэхдээ Instagram-н олон нөлөөлөгчид дагагчийн тоогоо хиймэлээр, хуурамч хаягаар нэмэгдүүлэн нэр хүнд бас орлогоо нэмэгдүүлдэг. Энэ чиглэлийн хуурамч дагагч нэмдэг үйлчилгээ үзүүлдэг газрууд ч бий. Өнгөрсөн сард Instagram янз бүрийн аргаар нэмэгдүүлсэн хуурамч дагагчид, like, комментийг устгах болно гэдгээ зарласан. Цаашид ч иймэрхүү зүйлтэй тэмцэх арга хэрэгсэлтэй ч болсон гэдгээ хэлсэн.

Ийм өөрчлөлтүүд, түүнчлэн сүүлийн жилүүдэд маш эрчимтэй ажиглагдаж буй органик хүртээмжийн бууралт нь дагагчийн тооны хойноос хөөцөлдөх шаардлагыг улам бүр багасгаж байгаа юм. Зорилготой харилцаа үүсгэх контент бэлтгэлд илүү анхаарал хандуулах нь хуурамч аргаар, богино хугацаанд дагагчаа өсгөхөөс илүү үр дүнтэй болохыг маркетерүүд мэддэг болсон. 2019 онд ч энэ чиг хандлага улам хүчтэй байх нь.

*********************

Хэдийгээр ирж буй шинэ чиг хандлага, өөрчлөлт нь маркетингийн стратеги, төлөвлөгөөнд тусгах ёстой зүйлс боловч сошиал медиа маркетингийн хамгийн чухал амин сүнс нь танай брэндийн бусдаас ялгарах онцлогийг тодруулан, гайхалтай түүх өгүүлж, хэрэглэгчдэдээ хэрэгтэй, сонирхолтой, тэдэнд туслах контент гэдэг нь маргашгүй. Үүнийг дээр дурьдсан шинэ чиг хандлага, өөрчлөлттэй хамтад нь хэрэгжүүлбэл 2019 онд ТАНАЙ сошиал медиа маркетинг төлөвлөсөн зорилго, үр дүн, өгөөжөө өгөх болно гэдэгт итгэлтэй байна.

Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө

2019 оны календарийг долоо хоног бүрээр нь зааглаж, гариг тус бүрийг тэмдэглэн, бүх нийтээр амрах болон онцлох өдрүүдийг багтаасан загвар файл татаж авахаар

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл
TOP