Facebook Live хэрхэн маркетингийн зорилгоор үр дүнтэй хийх вэ?
Анх гарсан цагаасаа эхлэн Facebook LIVE видео жирийн видео контентоос илүү олон хүн хүрч байгаа нь ажиглагдсан. Илүү амьд мэдрэмж, мэдээллийг шуурхай халуун цэгээсээ нь хүлээн авах зэрэг LIVE-ын давуу тал олон.
Мөн нэг удаагийн LIVE-ийг бид маш олон контент болгож хувиргах боломжтой. Тухайн өдөр LIVE видео хэлбэрээр цацна. Цацагдсаны дараа LIVE-аараа Watch Party хийж болно. Ингээд ч зогсохгүй таны хийсэн LIVE бэлэн видео контент болж үлдэнэ. Уг видео контентоо Youtube-ийн сувагтаа ч оруулж болно.
Мөн видео контентоосоо дууг нь салгаж аваад Podcast, аудио нэвтрүүлэг хийх боломжтой. Мөн та блог хөтөлдөг бол LIVE-аар ярьсан сэдвээрээ блог нийтлэл болгон хувиргаж болно. Энэ мэтээр LIVE бидэнд маш их контент бэлтгэж өгөх ашигтай.
Холбоотой нийтлэл:
- 2021 онд маркетеруудын мэдэж байх ёстой Facebook-ийн 10 трэнд
- Маркетерүүдийн мэдэх ёстой топ Facebook өөрчлөлтүүд: 2021
- Facebook маркетинг: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ?
Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ бид маркетингийн зорилгоор Facebook LIVE хийхийн өмнө заавал бэлдэх ёстой зүйлс болон хэрхэн илүү үр дүнтэй байж болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэж байна.
Сэдвээ хэрхэн сонгох вэ?
Эхний асуудал бол сэдэв. Дан ганц Facebook LIVE гэлтгүй ямар ч контент бэлтгэх үед оновчтой, сонирхолтой сэдэв олох нь ажлын ихэнх хугацааг авдаг. Контент бэлтгэлийн сайн төлөвлөгөө маркетерын ажлын ихэнх хувь гэдгийг бид өмнө нь Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө 2021 (үнэгүй татаж авах жишээ, загвар файлын хамт) нийтлэлээр мэдээлж байсан. Тус нийтлэлд өгүүлж байсанчлан сэдвээ сонгохдоо нарийн тооцоолж, зорилготой контент хүргэх ёстой. Өнгөрсөн оны сүүлээр миний бие байгууллагынхаа SocialMediaThursday Facebook LIVE-ийг хийж эхлүүлэх даалгавар аваад сэдвийн хувьд нэлээдгүй туслалцаа багийнхнаасаа авсан.
Санал болгох:
Тухайн үед Контентын төлөвлөгөө хэрхэн гаргах, Сошиал медиа орчинд ажиллаж байгаа маркетерт хэрэгтэй номын талаар ярих гэдгээс өөр сэдэв миний толгойд орж ирээгүй. Яг үнэндээ сэдэв гэдэг юу ч байж болох мэт маш түгээмэл зүйл шүү дээ. Харин бид сэдвийг хэт өргөн хараад байдагт л бүх учир байгаа юм шиг санагдсан.
Жишээ нь Сошиал медиа төлөвлөгөө гаргахад юу анхаарах ёстой талаар ярьсан бол контентын санаа олох, санаагаа хэрхэн зөв буулгах талаар дараагийн LIVE-аар ярьж болно шүү дээ. Харин миний тухайд бүгдийг нь нэг дугаараар ярихыг илүүд үзэж байлаа.
Түүнчлэн тухайн LIVE үзэж байгаа хүмүүст чанартай сайн мэдээлэл хүргэх нь чухал ч хэт нуршсан, юуны тухай яриад байгаа нь тодорхойгүй байвал үзэлтийн тоо буурах хандлагатай нь ажиглагдсан.
Гадны сошиал медиа агентлагуудын зөвлөж байгаагаар LIVE 7 минут л байхад хангалттай гэнэ. Бид Social Media Thursday LIVE-аа зөвхөн нэг тодорхой сэдвээр ойролцоогоор 35-60 минут үргэлжлэхээр төлөвлөдөг.
Нэг LIVE-ийн дугаар бэлдэхэд сэдвийн судалгаа хийх, судалгаандаа үндэслэн нийтлэл бичих, бичсэн нийтлэлээ ойлгомжтой болгохын тулд бодит зураг, видео, жишээ цуглуулж, нэг форматад оруулан янзлах гээд маш их хугацаа ордог тул бид LIVE-ийн сэдвийн төлөвлөгөөг сар сараар нь гаргадаг.
Тэгээд тухайн LIVE цацагдах өдрөөс 2 өдрийн өмнө хамгийн сүүлийн байдлаар бэлтгэл бүрэн хангагдсан байхаар зохицуулдаг. Яагаад ингэх хэрэгтэй тухай бид дараагийн дэд сэдэвт дэлгэрэнгүй өгүүлэх болно.
Зарим үед тухайн LIVE-н сэдвийг эртнээс төлөвлөхгүйгээр хийх ч боломж бий. Учир нь сошиал медиа орчин байнга шинэчлэгдэн хөгжиж байдаг шүү дээ. Жишээ нь бид Facebook group-ийн хэрэглэгчид буурлаа гэсэн мэдээлэл цахим орчинд түгэж эхэлмэгц тухайн долоо хоногийн төлөвлөгөөт дугаарыг хойшлуулж, яг энэ талаар мэдээлэл бэлтгэж эхэлсэн.
Учир нь энэ талаар хүмүүс ярьж, яагаад? гэсэн асуултын хариултыг олж хараахан амжаагүй байхад нь баримттай мэдээлэл өгөх нь илүү сонирхолтой шүү дээ.
Гэхдээ үүнийг төлөвлөгөө огт гаргахгүй байх нь зүйтэй гэж ойлгож болохгүй шүү. Шинэ зүйлд соргог хандах хэрэгтэй л гэсэн үг.
LIVE хийхийн өмнө юу бэлдэх вэ?
Судалгаа
Судалгаа бол маш чухал зүйл. Ер нь сайн контент хэзээ ч судалгаагүй бүтдэггүй шүү дээ. Тэр тусмаа боловсрол олгох төрлийн контент бэлтгэх гэж байгаа бол энэ талаар шинжээчдийн дүгнэлт, албан ёсны мэдэгдэл, бусад томоохон байгууллагуудын байр суурийг заавал харах хэрэгтэй. Олон хүнд таамаг төдий баталгаагүй мэдээлэл өгөх нь нэгт ёс зүйгүй, хоёрт таны контент ямар ч үнэ цэнэгүй болно шүү дээ.
Үзүүлэх материал бэлтгэх
Ямар ч контент тогтмол байвал хүнд хүрэх нь илүү байдаг. Тиймээс LIVE-ийг ч мөн тогтсон өдөр, тогтсон цагт байнгын давтамжтай хүргэх тусам үзэлтийн тоо нэмэгдэнэ. Ингэж тогтмол контент бэлдэхээр шийдсэн бол та LIVE-даа өөрийн гэсэн өнгө төрх оруулах хэрэгтэй. Бидний хувьд Social Media Thursday хэмээх нэрлэсэн нэр, лого, эхлэл, төгсгөлийн промо видео, ерөнхий нэг загвараар энэ асуудлыг шийдэхийг хичээдэг.
Бидний хувьд LIVE хийхдээ Ecamm программыг ашигладаг. Та ЭНД ДАРЖ туршаад үзээрэй. LIVE-ын турш зөвхөн яриад л байвал сонирхолгүй, ойлгомжгүй болчих магадлалтай. Тиймээс бид ярьж байгаа зүйлтэйгээ холбоотой, дэмжих бодит жишээнүүдийг үзүүлэн болгож ашигладаг. Ингэхдээ аль болох видео хэлбэрээр үзүүлэнгээ бэлдэхийг илүүд үздэг. Учир нь таны бэлдсэн үзүүлэн хөдөлгөөнтэй байвал хүмүүсийн анхаарал татагдахуйц байх магадлалтай. Уг видео энгийн скрийн рекордоос эхлээд ямар ч байж болно.
Facebook LIVE-аа хэрхэн илүү олон хүнд хүргэх вэ?
Бүх л маркетерууд бүтээсэн контентоо илүү олон хүнд хүргэхийг хүсдэг. Facebook LIVE-ийн хувьд ч ялгаагүй. Мэдээж олон хүнд хүрэхийн тулд сонирхолтой байх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь сонирхолтой гэдэг нь зорилтот бүлгийн сонирхлыг татах юм шүү. Манай байгууллага гэхэд л янз бүрийн сонирхолтой контент бэлдэж болох ч байгууллагын дүр төрхөө алдаж болохгүй. Хошин шог, дуу клип нийтлээд байвал утгаа алдана аа л гэсэн үг.
LIVE цацагдах өдрөөс дор хаяж 2 өдрийн өмнө бүх бэлтгэл дууссан байхаар төлөвлөдөг тухай бид өмнө цухас дурдсан. Ингэж өмнө нь бэлэн болгохын гол ач тус нь идэвхжүүлэлт хийх боломж юм. Бид ямар сэдвээр хэдэн цагаас энэ удаагийн Social Media Thursday LIVE цацагдах гэж байгааг өөрийн Facebook хуудсаар урьдчилан Schedule хийж нийтэлдэг.
Үүний гол ач тус нь Get Reminder буюу тухайн LIVE үзэхийг хүссэн хүмүүс сануулга үүсгэх товч дарах боломж юм. Бид ч гэсэн сонирхолтой мэдээлэл хүргэх гэж байна даа гэж өдөр нь бодсон ч орой нь хаана ямар мэдээлэл явж байсныг мартчих тохиолдол бий шүү дээ.
Үүний дараа Facebook хуудасныхаа chatbot-оор энэ сэдвээр LIVE цацагдах гэж байна та сануулга үүсгэх үү? гэсэн мессежийг илгээдэг. Энэ нь үзэлтийн тоонд маш сайн нөлөөтэй байдаг шүү. Харин LIVE цацагдсаны дараа бид энэ удаад ийм мэдээлэл хүргэсэн шүү гэсэн мэдээлэл мэйлээр нийт имэйл жагсаалтдаа явуулна. Магадгүй хүмүүс LIVE цацаж байхад үзэх боломжгүй, сануулгаа анхаарч хараагүй, харсан ч дараа үзэхээр төлөвлөөд мартсан байж болно шүү дээ.
LIVE хийж байхдаа юу анхаарах вэ?
Дуу, дүрсээ заавал шалга
Бид нэг удаагийн LIVE-аар дуугаа шалгахгүй орхисон алдаа гаргасан. Бидний ярьж байгаа яриа сул чанга байгаа эсэхийг LIVE эхлэхийн өмнө байгууллагынхаа хаалттай групп дээр туршилт хийгээд шалгачихдаг. Энэ бол эхний л шалгалт.
Харин LIVE-ын дундуур видео тоглуулахдаа видеоныхоо дууг анхаарч үзээгүйгээс хэт чанга хөгжим гэнэт дуугарч, үзэж байгаа хүмүүсээ цочоогоод зогсохгүй бидний яриа сонсогдоогүй алдаа гарсан. Үүний дараагаар бид LIVE хийж байхдаа байнга чихэвч зүүж давхар сонсдог болсон.
Рекорд хийн хадгалж ав
Facebook Live видео тухайн үеийн интернэтийн хурдаас хамааран гацаж, чанар нь бүдгэрч алдагдсан байх нь бий. Тиймээс хэрвээ та тун хэрэгтэй уг видео контентоо бусад платформд (жишээ нь Youtube channel-даа) байршуулахыг хүсэж байвал заавал RECORD хийн өөрийн компьютер, гар утсан дээрээ хадгалаад аваарай.
Хүмүүсийг үйлдэлд дуудаж, коммэнт бичүүл
Коммэнт, коммэнт, коммэнт бас дахин коммэнт. Facebook-ийн алгоритмаар коммэнт олон байх тусам тухайн контент илүү олон хүнд хүрч байгаа. Тиймээс үзэж байгаа хүмүүсийг коммэнт бичүүлэх арга хайх хэрэгтэй. Бидний хувьд маркетеруудад хэрэгтэй, бүтээлч контентыг коммэнт бичсэн хүмүүст үнэгүй татаж авахаар бэлддэг.
Хэрэв та нийтлэл бэлдсэн бол нийтлэлийнхээ холбоосыг коммэнтоор оруулж, PIN comment хий
Хийж байгаа LIVE нэвтрүүлэг тань танай энэ сэдвээр бэлтгэсэн блог нийтлэлийг уншихад үзэгчдийг чиглүүлэх бас нэг зам болох хэрэгтэй. Тэгэхээр тухайн сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа хүмүүсийг PIN comment дахь холбоосноос дэлгэрэнгүй мэдээлэл авах үйлдэлд дуудах хэрэгтэй.
Хэрэв та өөрийн хэрэглэгчдийн цугларалт бүхий групптэй бол шэйр хий
Боломжит суваг бүрийг ашиглах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй шүү. Бид #SocialMediaThursday Live-нхаа шинэ дугаар бүрийг Facebook дэх Сошиал медиа маркетинг группт нийтлэн, сошиал маркетерүүдтэй хуваалцдаг.
Та ч бас өөрийн хэрэглэгчдээс бүрдсэн зорилтот групп удирддаг бол эсвэл тийм группын гишүүн бол тодорхой холбоотой сэдвээрх Facebook Live-аа тухайн группт хуваалцаж байх нь үзэгч, оролцогчын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой шүү.
Дүгнэлт
LIVE бол сошиал медиа маркетингийнхны хувьд орхиж болохгүй контентын нэг яах аргагүй мөн. Үр дүнтэй LIVE маш их хугацаа, бэлтгэл шаарддаг. Тиймээс яг одоо ирэх сарын маркетингийн төлөвлөгөөндөө LIVE-ийг багтааж, том төлөвлөгөөтэйгөө уялдуулаарай. LIVE танай Facebook хуудсыг илүү идэвхтэй болгоод зогсохгүй бусад платформуудад оруулж болох олон контент бэлдэж өгөх болно.