2021 онд маркетеруудын мэдэж байх ёстой Facebook-ийн 10 трэнд
Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол улсын хүн амын тоо 9%-аар өссөн бол интернет хэрэглэгчдийн тоо 70%-аар өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл хүн амын өсөлттэй харьцуулахад интернет хэрэглэгчдийн тооны өсөлт 7 дахин өндөр байна. Харин сошиал медиа хэрэглээгээр нь харвал сүүлийн 5 жилийн турш Facebook хамгийн олон хэрэглэгчидтэй сошиал медиа хэвээр байсаар байна.
Монголын 2,2 сая Facebook идэвхтэй хэрэглэгчийн 47.4% нь эрэгтэй, 52.6% нь эмэгтэй хэрэглэгч эзэлдэг. Эндээс харахад бизнес эрхлэгчдийн хувьд Facebook нь бүхий л бүлэг хүрээг хамарч чадах, асар том, орхигдуулж болохгүй сошиал медиа маркетингийн суваг яах аргагүй мөн.
Түүнчлэн Facebook-ийн зүгээс маркетингийн зорилгоор ашиглахад туслах маш олон өөрчлөлтүүдийг байнга хийж байдаг нь маркетерууд, бизнесийн байгууллагуудын хувьд үргэлж фэйсбүүкийг маркетингийн сувгаар сонгох шалтгаан болж ирсэн билээ. Гэхдээ энэхүү сувгийг бизнесийн зорилгоор үр дүнтэй ашиглахын тулд сүүлийн үеийн трэнд юу байгааг бизнес эрхлэгчид, маркетерууд, борлуулагчид маш сайн мэдэж байх хэрэгтэй.
Хэдийгээр бүх нийтийг хамарсан нөхцөл байдал үүсэж өмнөх жилүүдтэй харьцуулахад маркетингийн төлөвлөгөө гаргахад хүндрэл бэрхшээл үүссэн ч бидний өмнө нь бэлдсэн Covid-ийн үеийн маркетинг: Маркетеруудын мэдэж байх ёстой 20 статистик болон Covid19-ийн сошиал медиа маркетинг дахь нөлөөлөл ба дэлхийн брэндүүд маркетингдаа ямар өөрчлөлт оруулж байна нийтлэлүүдээс байгууллагууд маркетингийн стратегиа өөрчлөх хэрэгтэй ч маркетингаа зогсоож болохгүй талаар гадны мэргэжилтнүүд дуу нэгтэй байгаа нь анзаарагдсан.
Тиймээс өнгөрсөн 2020 оноос маркетингийн өгөөжөө илүү сайжруулан чанаржуулахад тань туслахаар бид 2021 оны Facebook маркетингийн 10 трэндийн талаар энэхүү нийтлэлээ хүргэж байна.
1. Facebook LIVE өгөөжтэй байна
2021 онд Facebook дэх хамгийн хурдацтай өсөлтүүдийн нэг нь LIVE видео ашиглалт байх нь ээ. Дэлхий даяар титэм вирусийн тархалтыг хязгаарлахаар хөл хорио тогтоох арга хэмжээ авч байгаа энэ цаг үед хэрэглэгчид өөрийн нийгмийн харилцаа холбоогоо Facebook LIVE-аар хангаж байна.
Socialbakers-ээс 2020 онд гаргасан хамгийн сүүлийн судалгаанаас харахад өмнөх жилтэй харьцуулахад 2020 оны 2-р улиралд Facebook LIVE ашиглалт 26,9%-аар өссөн бол сүүлийн 4 сарын дотор 126% өсжээ.
Хэдийгээр 2019 онд ч мөн адил эхний улиралтай харьцуулахад 2-р улиралд өсөлт ажиглагдаж байсан боловч энэ жилийн өсөлт ердийн улирлын шинжтэй өсөлт гэж үзэхэд хэт өндөр байгааг дээрх судалгааны дүнгээс харж болно.
2020 оны 2 дугаар улиралд Facebook-д цацагдсан LIVE-ийн тоог харвал бизнесийн байгууллагуудын нийт постын ойролцоогоор 1%-г LIVE эзэлж байна. Эндээс бизнесийн байгууллагууд LIVE контентийг хэрэглэгчтэйгээ холбоо харилцаагаа хадгалах өгөөжтэй арга хэрэгсэл гэдгийг ойлгож эхэлж байгаа нь харагдаж байна. Энэ байдал ч 2021 онд улам л нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд маркетеруудын хувьд LIVE-аа хэрхэн үр дүнтэй, зайнаас хийх тал дээр анхаарч, чанар, агуулгын хувьд сайтар ажиллах хэрэгцээ үүсэх нь ээ.
2. Facebook дэх AR экосистем
Хурдацтай өсөж байгаа Augmented Reality (AR) болон Virtual Reality (VR) зах зээлийн хэмжээ 2020 онд 18 тэрбум долларт хүрчээ. Энэхүү технологи нь Facebook-ийн трэндийг ч цаашид хөтлөн чиглүүлэх боломжтой нь харагдаж байна.
Facebook-ийн гаргасан Spark AR studio нь хэрэглэгчдийн дунд алдартай болж байгаа бөгөөд Facebook Spark AR studio-аас 2020 онд гаргасан тооцооллоор 190 орны хагас сая хэрэглэгчид Facebook-ийн AR эффект ашигласан 1.2 сая постыг Facebook болон Instagram-д нийтэлсэн аж. Үүгээр ч зогсохгүй, 2020 оны зөвхөн 3 дугаар улиралд л гэхэд 150 гаруй хэрэглэгчийн AR эффект ашиглан нийтэлсэн постыг нэг тэрбум хүн үзжээ.
Хэрэглэгчдийн дунд энэхүү технологи маш хурдтай нэвтэрч түгэн дэлгэрч байгаагаас үзвэл 2021 онд Facebook-ийн хамгийн "халуун трэнд" болох өндөр магадлал байна.
3. Видео контент маркетингийн өсөлт
Видео сошиал медиа хэрэглэгчдийн дунд угаасаа л хамгийн үзэх дуртай контентын төрөл байсаар ирсэн. Видео контентын эрэлт нэмэгдэж байгаа энэ үед энэ төрлийн контент нь байгууллагуудын Facebook маркетингт цаашдаа ч чухал байр суурь эзлэх нь мэдээж.
Facebook-д нийтлэгдэж буй видео контентын тоо ч нэмэгдэж байна. 2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт постонд эзлэх видео контентийн эзлэх хувь өмнөх онтой харьцуулахад 2.6%-аар өсөж, 28.8%-д хүрсэнийг SocialBaker-ээс гаргасан Social Media Trend тайлангаас харж болно.
Facebook-д нийтлэгдэж буй бүх контентын 70%-г эзэлдэг зурган контентын дараа 17%-г эзэлдэг видео контент орж байгаа бөгөөд маркетерүүдийн түгээмэл сонгон ашигладаг контентын төрөлд зүй ёсоор чухал байр суурь эзэлж байгааг эндээс харж болно.
Хэрвээ та 2021 онд Facebook маркетингтаа видео контентыг ашиглахыг хүсч байвал видеоны урт 65 секундээс 5 минутын хооронд байх нь хамгийн үр дүнтэй гэдгийг бодолцоорой.
4. Хаалттай, сонирхолд тулгуурласан групп Facebook-д өсөн нэмэгдэнэ
Дэлхийн хаана байгаагаас үл хамааран, арьс өнгө, шашин шүтлэг өөр, бие биенээ үл таних хүмүүсийг нэгтгэн, холбох хамгийн хүчирхэг зүйл нь нэгдмэл сонирхол байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Facebook Group үүний нэг нотолгоо юм. Facebook-ийн гаргасан судалгаанаас харахад нийт 10 сая Facebook группийг сар бүр 1.4 тэрбум хүн хэрэглэж байна.
Бизнесийн байгууллагууд хэрэглэгчидтэйгээ харилцах Facebook групп нээхээс гадна бусад хүмүүстэй харилцаа үүсгэх боломж бүрдүүлэх өөр группд нэгдэх боломжтой.
Судалгаанаас харахад группийн хэрэглээг нэмэгдүүлж буй гол зүйл нь эргэх холбоо үүсгэх боломж, гишүүдийн бие биендээ харамгүй хүргэдэг тусламж, дэмжлэг гэхэд болно.
Яг энэ хандлага, давуу тал нь Facebook групп 2021 онд улам чухалд тооцогдох чиг хандлага болох хүлээлтийг бий болгож байна.
5. 2021 оны Facebook-ийн трэндэд онлайн дэлгүүр багтана
Нөхцөл байдлыг харахад онлайн дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой трэнд гайхамшигтай үр дүн авч ирэх төлөвтэй байна.
Өнгөрөгч жилүүдэд тэр дундаа 2020 онд онлайн дэлгүүр нь хэрэглэгчийн хувьд амьдралынх нэг хэсэг болов. Нэн ялангуяа сүүлийн үед буюу титэм вирусийн тархалттай холбоотой үүссэн бүх нийтийг хамарсан нөхцөл байдлын үед цахим худалдаа тэсрэлт авч ирлээ.
Дэлгүүрүүд худалдааны төвүүд хаагдаж, хэрэглэгчид ихэнх цагийг гэртээ өнгөрүүлэх болсон нь жижиг бизнесүүдийн хувьд онцгой давуу тал авч ирэх боломж бүрдүүлж байна. Facebook компани ч үүнийг анзааран шинэ арга хэрэгслийг нэвтрүүлсэн.
Энэ оны эхээр онлайн худалдаа газар авах болсон тэр цаг үед Facebook shop цэсээ шинэчлэн илүү боломж дүүрэн болгосон. Энэ нь ч илүү олон бизнесийн байгууллагыг Facebook Shops ашиглан 2.6 тэрбум хэрэглэгчтэй хүчирхэг борлуулалтын сувгийг бий болгох замд эргэлт буцалтгүйгээр хөтлөх нь гарцаагүй.
6. Newsfeed сурталчилгаа ноёрхсон хэвээр...
Зөвхөн хэрэглэгчийн зан төлөвийн хандлага, трендээс гадна бизнесийн байгууллагуудын баримтлаж буй сурталчилгааны тактикийг ч мэдэж байх хэрэгтэй. 2021 онд бизнесийн байгууллагуудын сурталчилгаа байршуулалт Facebook Newsfeed-д төвлөрөх хандлага үргэлжлэх төлөв ажиглагдаж байна.
2020 оны 3 дугаар улирлын байдлаар Facebook-ийн NewsFeed нийт сурталчилгааны төсвийн 58.2%-ийг хүлээн авсан бөгөөд энэ нь video feed болон video in-stream сурталчилгаатай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт.
Cурталчилгаан дээр дарсан хүний тоог нийт тухайн сурталчилгаа нийт харагдсан тоонд нь харьцуулсан харьцааг CTR гэдэг. Энэ харьцаа өндөр байх нь тухайн сурталчилгааны үр дүнг илэрхийлдэг. Тиймээс ч Newsfeed-н сурталчилгааны CTR бусад сурталчилгааны төрлүүдтэй харьцуулахад хамгийн өндөр (0.85-0.65%) буюу 1.82% байгаа нь энэ төрлийн сурталчилгааг сонгох гол шалтгаан болж байгаа нь лавтай.
7. Чатбот улам бүр чухал болно
Хэрэглэгчид байгууллагуудаас хурдан шуурхай бас хялбар байдлыг л хүсэж байна. Үүнд зөвхөн хүргэлт бус хэрэглэгчдийн асуултад хариулах харилцаа ч багтана.
Үүнийг чатботын тусламжтайгаар бид шийдэх боломжтой бөгөөд чатботын хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Чатботын зах зээлийн хэмжээ 2019 онд 2.6 тэрбум доллар байсан бол 2024 он гэхэд 9.4 тэрбум долларт хүрнэ гэсэн судалгааг Business Insider-аас гаргажээ.
Бизнесүүд ч мөн мессенжерийг өргөн хэрэглэж эхэлсэн бөгөөд ZDNet-ийн хийсэн 2020 оны судалгаанаас харахад 40 сая бизнесийн байгууллагууд Facebook мессежер хэрэглэж байна.
Зөвхөн ганцхан сарын хугацаанд л 20 тэрбум мессеж бизнесийн байгууллага болон хувь хүний хооронд илгээгддэгээс харвал мессенжер нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг харилцааны суваг болж чаджээ.
Facebook-ийн зүгээс ч хэрэглэгчид болон бизнесийн байгууллагууд мессежерийг ашиглах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр тасралтгүй ажиллаж байна. Жишээлбэл, мессенжерийн тусламжтайгаар цаг товлох боломжтой болсон бөгөөд бизнесийн байгууллагууд сэжим үүсгэхэд мессенжерийн сурталчилгааг ашиглах болжээ.
Бизнесийн байгууллагуудын үр дүнтэй ашиглах асар их боломж нь мэссэнжер чатботыг 2021 онд болон түүнээс цаашид ч голлох трендийн нэг байх хангалттай нөхцлийг бүрдүүлж байна.
8. Жижиг бизнесүүдийг илүүтэй дэмжинэ
Титэм вирустэй холбоотой үүссэн эдийн засгийн хямрал жижиг бизнесийн байгууллагуудад хамгийн хүнд тусаж байгаа. Судалгаанаас харахад гурван жижиг дунд бизнес тутмын нэг нь мөнгөн урсгалаа хангахын тулд зээл авахаас өөр аргагүй болж байгаа гэнэ.
Facebook компани эдгээр бизнесүүдэд санхүүгийн тусламж үзүүлэн дэмжихийг хичээж байгаагаа зарласан. Facebook-ийн зүгээс дэлхий даяарх 30 мянган бизнест 100 сая долларын үнэ бүхий буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байгаа талаар Mother.ly мэдээлжээ.
Судлаачид COVID19-тэй холбоотой үүссэн хүндрэл 2021 онд ч үргэлжлэх болно гэж үзэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Facebook ч өөрийн гол хэрэглэгчид болох жижиг бизнесийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих ажлаа эрчимжүүлэх болов уу.
9. Хэрэглэгчдийн өөрсдийн бүтээсэн контент 2021 онд трэнд болно
Контент маркетингт тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний бодит хэрэглэгчдийн бүтээсэн контент хэзээд хамгийн олонд түгсэн, үр нөлөөтэй байсаар ирсэн.
Контент бүтээх нь заавал бүтээлч ажиллагаа, мэргэжлийн засвар хийгдсэн байх албагүй, гэртээ өөрийн боломжит техник технологийг ашиглан бүтээсэн контент ч байж болохыг бид 2020 онд харлаа.
Нэн ялангуяа Facebook-ийн хувьд. Бизнесийн байгууллагуудын зүгээс бус хэрэглэгчийн нийтэлсэн видео контентын үзэлт 2020 оны нэгдүгээр сард 223 тэрбум байсан бол наймдугаар сар гэхэд 495 тэрбум болж, 2 дахин өссөнийг эндээс харуулж болно.
COVID19-тэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг бодолцсон ч гэсэн, үр дүнг нь тооцсон ч гэсэн хэрэглэгчдийн өөрсдийн нийтэлсэн контент цаашдаа ч хүчээ авах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд 2021 онд хэрэглэгчдээрээ контент бэлдүүлэх нь Facebook-ийн том тренд болох нь ээ.
10. Хаштаг ашиглах нь контентын хүртээмжийг нэмэгдүүлнэ
10 жилийн өмнө Twitter анх хэрэглэж эхэлсэн хаштаг нь өдгөө вэб сайтууд, Instagram, LinkedIn, Facebook гээд бүхий л сошиал медиа платформуудын хэрэглээ болжээ.
Facebook-ийн хувьд хаштагийг тухайн контентыг илүү олон хүнд хүргэх, хэрэглэгчдийн хариу үйлдлийг өсгөх хэрэглүүр болгох чухал өөрчлөлтүүдийг хийж байгаа талаар SocialMediaToday нийтлэлээс харж болно.
Тодруулбал, ямар нэг сэдвээр пост хийхэд ашиглаж буй текст, сэдвээс нь хамааруулан хаштаг санал болгох фунцыг саяхан нийтэд хүргэсэн. Үүнд тухайн хаштагийг ашиглан хийгдсэн постын тоог ч мөн харуулах болсон.
Гэхдээ эдгээр нь туршилтын шатанд яваа бөгөөд Facebook цаашдаа хаштагийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж, олон өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагийн зөвхөн эхлэл биз ээ. Тэгэхээр 2021 онд хаштагийн ашиглалт, хэрэглээ, ач холбогдол улам нэмэгдэж Facebook маркетингийн нэг трэнд болох магадлалтай байна.
Дүгнэлт
Facebook цаашдаа ч сошиал медиа маркетингийн хамгийн том суваг хэвээр үлдэх нь тодорхойл боллоо. Тиймээс бизнесийн байгууллагын хувьд Facebook-ийн трэндийг соргогоор мэдэрч, дүрэм журам өөрчлөлтөд дасан зохицон, сурталчилгааны стратегиа боловсруулах нь хамгийн зөв шийдэл байхаар харагдаж байна. Бидний бэлдсэн энэхүү мэдээлэл та бүхний 2021 оны маретингийн төлөвлөгөөнд тус нэмэр болно гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье.