Бусад сошиал медиа сувгуудын адилаар ямар постууд тухайн хэрэглэгчдэд харагдахыг Инстаграмын алгоритм зохицуулдаг. Таны Инстаграм feed-д харагдаж буй постууд ердийн цаг хугацааны дарааллаар биш харин тодорхой алгоритмын дагуу эрэмблэгдэн байршдаг бөгөөд алгоритмыг ойлгож, түүнд өртөхүйц контентууд бид бэлдэж чадвал постын хүртээмж эрс сайжирна гэсэн үг.
Инстаграмын feed хэсгийг удирддаг алгоритм үндсэн 6 хүчин зүйлийг голлон харгалзаж үздэг бол Stories-Стори, Explore Page-Хайлтын хэсэг, IGTV, болон Reels хэсгүүдийг үндсэн алгоритмтай төсөөтэй боловч тус тусын онцлох хүчин зүйлсийг харгалдан үздэг өөр, өөр алгоритмууд хэнд, ямар контент харагдахыг зохицуулдаг.
Эдгээр алгоритмуудын ажиллагааны талаар болон алгоритмд эерэг дохио өгөхүйц контентууд хэрхэн бэлдэх талаар зөвлөгөөг та бүхэнд энэ удаагийн нийтлэлээрээ хүргэж байна.
Инстаграм пост Feed алгоритм 2021
Маркетерүүд бидний өмнө тулгардаг, ажлын үр дүнд шууд хамааралтай “Инстаграм хэнд, ямар пост харуулахаа хэрхэн сонгодог юм бол?”, “Бид контент төлөвлөлтөө хэрхэн хийвэл Инстаграм маркетингийнхаа үр дүнг дээшлүүлэх вэ” асуултуудад Инстаграмын алгоритмын ажиллах зарчим хариулт өгөх боломжтой.
Инстаграм алгоритмд хамгийн чухал нөлөө бүхий үндсэн 6 хүчин зүйл бий:
- Сонирхол;
- Холбоо хамаарал;
- Цаг хугацаа;
- Давтамж;
- Дагагч;
- Хэрэглээ;
1. Сонирхол
Интаграм feed-д ямар постууд харагдах нь зөвхөн таны дагаж буй хүмүүсээс хамаардаггүй. Үүнд, тухайн хэрэглэгч ер нь ямар төрлийн пост илүүтэй сонирхдог вэ гэдгээс хамаардаг. Өөрөөр хэлбэл таны лайк дарсан, коммент бичсэн посттой ижил төсөөтэй постыг түлхүү харуулах зарчмаар Инстаграм алгоритм ажилладаг гэсэн үг.
Үндсэндээ таны харж буй постууд бол таны инстаграм дахь зан төлөвийн нэгдэл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн хамгийн их харилцдаг, таг хийдэг хүмүүсийн постууд мөн коммэнт бичиж, лайк дардагтай ижил төрлийн постуудыг л тэдэнд харуулах магадлал өндөр байдаг байна.
Тиймээс бид инстаграмд идэвхтэй, тогтвортой байнгын контент нийтлэх ёстой болж байна. Учир нь хэрэв та контент нийтлэхгүй бол хэн ч хариу үйлдэл үзүүлэхгүй шүү дээ. Хэн ч танай постуудад хариу үйлдэл үзүүлэхгүй бол Инстаграм алгоритмд танай постуудын талаарх эерэг дохио очихгүй. Цаашилбал, Инстаграм танай постуудыг хэнд харуулахаа тогтоож чадахгүй гэсэн үг.
Тэгэхээр Инстаграмд идэвхтэй байх нь алгоритмд эерэг дохио өгч, улмаар хэрэглэгчид танай хаягтай холбоо харилцаа үүсэх боломж бий болгох хамгийн эхний алхам.
Түүнчлэн алгоритм нь хамгийн их хариу үйлдэл авч чадсан контентуудыг хамгийн олон хүнд хүргэх зарчмаар ажилладаг. Тэгвэл хариу үйлдлийн хамгийн чухал хэмжигдэхүүн нь юу вэ?
Инстаграмын тайлбарлаж буйгаар хэрэглэгчийн feed-д хамгийн эхэнд байрлахад хамгийн чухал нөлөө бүхий хариу үйдлүүдийг жагсаавал: коммэнт, лайк, ре-шэйр, видео контентийн хувьд үзэлт байх бөгөөд та контентуудаа аль болох эдгээр хариу үйлдэл авч чадахаар бүтээхэд анхаарах хэрэгтэй.
2. Холбоо хамаарал
Инстаграм алгоритм эхлээд найзууд, гэр бүлийнхэн зэрэг таны хувьд хамгийн чухал, ойр дотны гэж үзэж болох хүмүүсийн постууд үүний дараагаар бусад хаягуудаас нийтэлсэн пост гэх зарчмаар ажилладаг.
Гэхдээ Инстаграм алгоритм таны “хамгийн ойр дотны” хүмүүсийн нийтэлсэн, таны харахыг үнэхээр “хүсэж” байгаа контентыг тодорхойлохын тулд таны хийж буй үйлдлийг ашигладаг гэнэ.
Инстаграмын программ хангамжийн инженер Томас Димсон хүмүүсийн Инстаграм аппын хэрэглээн дээр үндэслэн ямар хүмүүстэй хамгийн ойр дотно харилцаатай болохыг хэрхэн тогтоодог талаарх илтгэлийг эндээс үзэж болно. Үүнд:
- Хэний постууд (постуудаас гадна стори, лайв видео мөн багтана) дээр лайк дарж байгаагаар;
- Хэнтэй Direct Message-ээр харилцаж байгаагаар;
- Хэнийг хайж байгаагаар;
- Бодит амьдрал дээр бие биенээ таньдаг эсэх зэрэг үзүүлэлтийг харгалзан үздэг аж.
Инстаграм алгоритмын хувьд та шинээр хэн нэгнийг дагамагц, эдгээр үзүүлэлтийг ашиглан та болон тухайн хэрэглэгч хоорондын харилцаа, холбоо, түүний нийтлэдэг контент болон таны сонирхол хоорондын хамаарлыг тодорхойлон цаашид feed-д харуулах эсэхийг шийддэг юм байна.
3. Цаг хугацаа
Дээр тайлбарласан сонирхол болон холбоо хамаарлыг алгоритм чухалчлахаас гадна тухайн контент нийтлэгдсэнээс хойш хэр хугацаа өнгөрсөн болохыг харгалзан үздэг.
Инстаграмын зүгээс хамгийн сонирхолтой хийгээд хамгийн сүүлийн үеийн контентуудыг хэрэглэгчдэд хүргэхийг хүсдэг учир тухайн постыг хэзээ нийтэлснийг алгоритм харгалзан үздэг байна.
Тэгэхээр маркетеруудын хувьд инстаграм дээр хэдэн цагт контент нийтлэх нь хамгийн өндөр хүртээмж байх талаар олж мэдэх хэрэгтэй бөгөөд энэ нь ч контентын хүртээмжийг нэмэгдүүлэх бас нэгэн боломж гэж үзэж болно.
Бизнесийн байгууллага бүрийн хувьд өөр хоорондоо харилцан адилгүй зан төрх, амьдралын хэмнэл бүхий хэрэглэгчидтэй байдаг тул та хэрэглэгчдийнхээ нүдээр харж тэдний хамгийн идэвхтэй байх цагт контентоо нийтэлж байгаарай гэж бид зөвлөж байна.
4. Давтамж
Постын харагдац нь тухайн хүн Инстаграм апп-ыг нээж үздэг тоо, давтамжтай холбоотой. Жишээ нь та Инстаграм-аа цаг тутам нээж үздэг, байнгын хэрэглэгч бол таны feed дэх постууд илүү цаг хугацааныхаа дарааллаар байрлан танд харагдах болно. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд зочилсноос хойших шилдэг контентуудыг нийтлэгдсэн хугацааных нь дарааллаар танд харуулна гэсэн үг.
Харин тийм ч идэвхтэй биш өдөрт цөөн тоогоор, бага давтамжтайгаар Инстаграм feed-ээ гүйлгэж хардаг хэрэглэгчдийн хувьд тухайн хүний сонирхолд нийцэх постуудыг эхлэн байршуулах зарчмаар Инстаграмын алгоритм ажилладаг аж.
5. Дагагч
Та хэр олон хүнийг дагадаг вэ? Олон хүн дагана гэдэг олон хүний нийтлэж буй олон постуудаас сонгож танд харуулах шаардлага алгоритмд гарна гэсэн үг. Тиймээс та дагадаг хүн болгоны пост бүрийг харах боломжгүй болно. Иймд идэвхгүй хэрэглэгчдийг дагахаа болих нь зөв. Хэт олон тооны идэвхгүй хэрэглэгчдийг дагадаг бол таны Инстаграм аккаунтын ранкад муугаар л нөлөөлөх магадлалтай гэнэ.
6. Хэрэглээ
Хэрэв та Инстаграмд маш их цаг зарцуулдаг бол тэр хэрээр Инстаграм танд илүү ихийг харуулах шаардлагатай болно. Илүү олон контентууд олж таны feed-д байршуулах хэрэгтэй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл хангалттай цагийг Инстаграмд зарцуулдаг хэрэглэгчдийн хувьд шинээр нийтэлсэн бүх контентуудыг үзээд дуусгачих магадлал бий. Энэ тохиолдолд бидний өмнөх үйлдэл, сонирхолд тулгуурлан шинэ хаягуудаас нийтэлсэн контентуудыг санал болгож эхэлдэг.
Харин та өдөрт цөөн хэдхэн минутыг Инстаграмд зарцуулдаг бол та тухайн өдрийн онцлох постуудыг л хараад өнгөрнө гэсэн үг.
Практик зөвлөмж 1. “Share” болон “Save” хийгдэхүйц контент бүтээ!
Инстаграм дахь энгэйжмэнт буюу контентод үүсгэсэн хариу үйлдлийг нэг шат ахиулах хамгийн сайн аргуудын нэг нь хэрэглэгчдээр “save” болон “share” товч даруулахуйц контент бэлдэх юм.
Энэ нь дээр өгүүлсэнчлэн дараа дараагийн контентыг тухайн хэрэглэгч нийтлэгдсэн даруйд нь хүлээн авахад дөхөм болох бөгөөд танай хаягийн бусад хүртээмжид ч мөн нөлөөлөх болно.
Хүмүүст өөрт хэрэгтэй гэж үзсэн зүйлээ хадгалж авах нь түгээмэл. Тиймээс та хэрэглэгчиддээ боловсрол олгосон эсвэл үнэ цэнтэй мэдээлэл хүргэсэн контентыг Инстаграм маркетингийн контент төлөвлөгөөндөө заавал оруулаарай.
Танай байгууллагын нийтэлсэн контентыг хүлээн авагчид өөрийн стори руу болон хувийн чатаар шэйр хийх боломж Инстаграмд бий. Ингэж шэйр хийгдэх нь танай постуудыг илүү олон хүнд хүрэхэд тусална. Агуулгын хувьд “share” хийгдэхүйц контент нь харьцангуй сэтгэл хөдлөлд тулгуурласан мэдрэмж төрүүлж чадахуйц байдаг. Тиймээс та контентын агуулгаа эргэн харж энэ төрлийн контент бэлдээд үзээрэй.
Инстаграм алгоритм “стори”-д хэрхэн нөлөөлдөг вэ?
Хэний стори хамгийн эхэнд харагдахыг Инстаграм таны харилцаанд жишээ нь коммэнт бичсэн, like дарсан, Direct message-ээр харилцсан, өмнө нь сториг нь үзсэн эсэхэд тулгуурлан шийддэг байна.
Түүнчлэн Инстаграм алгоритм нь таны дагах дуртай хэрэглэгчийн хамгийн сүүлийн, шинэхэн сториг хүргэхийг зорих бөгөөд цаг хугацааны хүчин зүйл чухал ач холбогдолтой гэсэн үг.
Хэрвээ та тухайн хаягтай тогтмол холбоо харилцаатай байдаг бол оруулсан бүх сториг нь үзсэн ч гэсэн шинэхэн нийтэлсэн стори нь хамгийн эхэнд гарч ирсээр л байх болно. Тиймээс маркетеруудын хувьд Инстаграмын сториг тогтмол нийтлэх нь зүйтэй юм. Энэ нь танай сториг илүү олон хүнд хүргэхэд туслах болно.
Практик зөвлөмж 2. Стори стикер ашигла
Өдөр бүр Инстаграмд 500 сая хэрэглэгч нь Stories оруулдаг. Энэ тоо 2021 онд өсөх хандлага ч ажиглагдаж байна. Стори стикер бол дагагчидтайгаа тэдний санал бодлоо солилцож, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар асуулт хариулт явуулах, тэдэнд сонирхолтой байдлаар бүтээгдэхүүний мэдээллийг хүргэх аргын нэг мөн. Тиймээс та санал асуулга, асуулт хариулт үүсгэх стори стикерүүдээс заавал хэрэглээрэй. Энэ нь дээр өгүүлсэнчлэн харилцаа холбоо үүсгэж, танай контентуудыг илүү олон хүнд хүргэхэд туслах болно.
Инстаграм хайлтын алгоритм хэрхэн ажилладаг вэ?
Хайлтын (Explore Page) хэсгийн алгоритм нь Инстаграмын үндсэн feed-ийн алгоритмтай ижил буюу сонирхол, харилцаанд тулгуурлах зарчмаар ажилладаг. Гэхдээ мэдээж үндсэн feed нь таны дагасан хаягуудын контентуудыг танд харуулах бол хайлтын хэсэг нь шинэ хаягуудын постуудыг танд санал болгодог.
Түүнээс гадна Инстаграм нь хайлтын хэсэгтээ тасралтгүй хөгжүүлэлт хийж, шинэ сэдэв, ангилал болон дэвшилтэт хайлтын функцийг танилцуулж байгаа. Жишээлбэл түлхүүр үг, хаштагаар хэрэглэгч өөрийн сонирхсон контентыг олох боломжтой болсон.
Тэгэхээр шинэ хүмүүст хүрэх хамгийн чухал зүйлийн нэг нь Explore Page-д багтах байх нь. Инстаграм алгоритм нь хайлтын хуудсанд тухайн хэрэглэгчийн сонирхлын дагуу хамгийн шилдэг гэсэн контентийг багтаахыг хичээдэг. Тиймээс та хэрэглэгчдийн хайлтын хэсэгт өөрийн постуудыг багтаахын тулд тагаас гадна постын зураг, харагдах байдал, тайлбар текст, хаштаг зэрэгт анхаарах хэрэгтэй.
Эдгээр постууд хүмүүсийн хариу үйлдэл (хэдэн лайк, комменттой гэдгээс) эсвэл тухайн хаштагийн өрсөлдөөнөөс хамааран сонгогддог. Тодорхой хаштагийн хайлтын үр дүн хэрэглэгч бүрт ижил байх бол хайлтын хуудас дахь постууд тухайн хэрэглэгчийн сонирхолоос хамааран өөр өөр байдаг.
Практик зөвлөмж 3. Хаштаг ашигла
Инстаграм постоо олон хүнд хүргэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг хаштаг ашиглах. Контентуудаа хаштагтай нийтэлснээр хэрэглэгч танайхыг хайлт хийж олоход дөхөм болох болно.
Хаштаг ашиглахдаа зөвхөн олон хүнд хүрэх биш харин хэрэгтэй хүнд хүрэх зарчимыг баримтлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүмүүсийн нийтлэг ашигладаг хаштагийг гэхээсээ илүүтэй тус хаштаг нь танай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой байж хэрэгтэй хүнд нь хэрэгтэй мэдээлэл хүргэх шаардлагатайг мартаж болохгүй.
Инстаграмын зүгээс нэг постод 30 хаштаг хэрэглэхийг зөвшөөрдөг. Тиймээс танай хуудсанд хамгийн сайн үр дүн авч ирэх хаштагийн жагсаалт гарган түүнийгээ пост бүртээ ашиглаарай.
Практик зөвлөмж 4. Тайлбар тект хэсэгтээ анхаар
Коммент бичих нь таны пост feed-д дээгүүр байр эзлэхэд тун чухал хүчин зүйлсийн нэг.
Тиймээс тайлбар текст бүрээ хэрэглэгчээс асуулт асуусан хэлбэртэй, эсвэл ямар нэг үйлдэл хийлгэхэд чиглүүлэн бичих нь хариу үйлдлийг дэмжих хялбар хэрнээ үр дүнтэй аргуудын нэг байж чадна.
Энгийн л жишээ нь дагагчдаасаа санаа бодлоо хуваалцах, хэрэв зөвшөөрч байвал хоёр товш, эсвэл найзыгаа таг хийхийг хүсэх гэх мэт асуултууд эерэг үр дүнг авч ирнэ шүү.
IGTV болон Инстаграм Reels-ийн алгоритм хэрхэн ажилладаг вэ?
Эдгээр хэсгийн алгоритм Инстаграм үндсэн feed-ийн алгоритмтай төстэй зарчмаар ажилладаг. Таны хамгийн их харилцдаг хаягууд болон хамгийн их сонирхдог постын төрлүүдэд үндэслэн IGTV болон Reels постууд харагдана.
Түүнчлэн хайлтын хэсэг буюу Explore Page-т IGTV болон Reels контентыг байршуулдаг бөгөөд таны сонирхолд нийцүүлэх зарчимд үндэслэдэг юм байна.
Практик зөвлөмж 5. Видео контентын эхлэлд анхаар
IGTV-ийн видеоны тухайд эхний 1 минутыг үзсэний дараа үргэлжлүүлэн үзэх эсэхийг асууддаг. Хэрэв хэрэглэгч цааш үргэлжлүүлэн үзэх сонголтыг сонговол алгоритмд эерэг дохио өгнө. Иймээс маркетеруудын хувьд IGTV-д оруулах видеоны эхний 1 минутыг цааш үзэх сэдэл дүүрэн байхаар зохиомжлох хэрэгтэй.
Практик зөвлөмж 6. DM-г ашигла
Лайк, комменттой нэгэн адил Direct Message алгоритмын бас нэгэн чухал хүчин зүйл. Таньтай ойр, ойрхон мэссэж бичдэг хүний Stories хамгийн эхэнд харагдаж эхэлснийг та анзаарсан л байх. Тиймээс маркетерүүдийн хувьд ч мөн адил дагагчдаа танай руу DM бичихэд уриалсан, асуулт хариултын постууд эсвэл зүгээр л эможи илгээхэд чиглүүлсэн Stories нийтлэхээс эхлүүлээрэй.
Практик зөвлөмж 7. Instagram шинэ функцуудыг ашигла
Инстаграм алгоритмын бас нэгэн анхаарал хандуулдаг хүчин зүйл нь шинэ функцуудын хэрэглээ байдаг.
Инстаграм шинээр танилцуулсан жишээ нь Reels, Shop гэх мэт функцээ илүү олонд таниулах, хэрэглээг нь нэмэгдүүлэхэд анхаардаг. Өөрөөр хэлбэл та эдгээр функцыг ашигласнаар Инстаграмын алгоритмын дэмжлэгийг хүртэх боломжтой гэсэн үг.
Эцэст нь
Хамгийн шилдэг Инстаграм маркетингийн төлөвлөгөө туршлагаас төрдөг. Тиймээс та үргэлж шинэлэг контент, шинэлэг агуулга, арга техникийг туршиж, түүндээ үнэлэлт дүгнэлт хийж заншаарай.
Инстаграмд дагагчидтайгаа үүсгэх бодит харилцаа л алгоритмыг өөрийн талд ажиллуулах хамгийн зөв арга. Өөрөөр хэлбэл энд “сонирхолд сууриласан бодит харилцаа” гэсэн зарчим үйлчилж байна. Энэхүү зарчмыг ханган амжилттай ажиллахын тулд бидэнд тогтвортой, тодорхой зорилготой, шинэлэг контентууд хэрэгтэй. Тиймээс сошиал медиа маркетер та төлөвлөгөө гарган, дээр өгүүлсэн зөвлөмжүүдийг тусган ажиллавал Инстаграм нь танай байгууллагын маркетингийн гол сувгийн нэг болж чадна гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье.