CREATE ACCOUNT

Сошиал медиа хөгжүүлэлт: Өдөр тутмын, 7 хоногийн, сарын ажлын хяналтын хуудас

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Сошиал медиа хөгжүүлэлт өдөр тутмын, 7 хоногийн, сарын ажил

Контент бэлтгэл, байршуулалт, сурталчилгаа явуулах, үр дүнг хэмжих, төлөвлөгөө гаргах гээд олон төрлийн ажилбаруудыг гүйцэтгэх нь “сошиал медиа хөгжүүлэлт”-ийн нэг л хэсэг. Өдөр тутмын хийх ажлын жагсаалт, хяналтын хуудасгүйгээр танай сошиал медиа хөгжүүлэлт хүссэн үр дүнд хүрэхгүй байх, тун чухал ажлууд орхигдож, мартагдах нь бий.

Тиймээс сошиал медиа хөгжүүлэлтэд тун чухал хэрэгтэй “АЖЛЫН ХЯНАЛТЫН ХУУДАС“-г дэлгэрэнгүй тайлбарын хамт хүргэж байна. Та бидний ажилд энэхүү хяналтын хуудас дараах ач холбогдолтой:

  • Заавал хийгдэх ёстой ажилбарууд гээгдэж, орхигдохоос сэргийлэх
  • Ажлаа зөв төлөвлөж гүйцэтгэх
  • Илүү өндөр бүтээмжтэй, үр дүнтэй ажиллах
  • Үр дүнгээ цаг тухайд нь хэмжиж, дүгнэх зэрэгт тусална.

Мөн компанийн удирдах ажилтнууд, маркетинг хариуцсан захирлууд ч сошиал медиа хөгжүүлэлт хариуцсан ажилтныхаа ажлын үр дүнг хэмжих, бүтээмжийг дээшлүүлэхэд нь энэхүү хяналтын хуудсыг ашиглан чиглүүлж болох юм.

Та бүхэн тус хяналтын хуудсыг хэвлэн ашиглаж хэвшээрэй.

Холбоотой:

 

Сошиал медиа хөгжүүлэлт: Өдөр тутмын, 7 хоногийн, сарын ажлын хяналтын хуудас

Сошиал медиа хөгжүүлэлтийн ажлын хяналтын хуудас

Өдөр тутмын ажлууд:

Постууд хуваарийн дагуу орж байгааг шалгах

Мэдээж Сошиал маркетеруудад аль, аль өдрүүдэд хэчнээн контент ямар сувгуудад байрших талаарх сошиал медиа хөгжүүлэлтийн ажлын төлөвлөгөө шаардлагатай байдаг. Түүний биелэлтийг хянаж ажиллах нь эрсдэлээс сэргийлнэ. Магадгүй таны контент төлөвлөгөөний дагуу ороогүй байхыг үгүйсгэх аргагүй. Хэрэв та контент бэлтгэлийн төлөвлөгөөгөө гаргаж амжаагүй бол, эсвэл контентийн төлөвлөгөө яагаад хэрэгтэй байдаг талаар мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн нийтлэлийг уншаарай.

Постуудын доорх сэтгэгдэл, асуултуудад хариулт өгөх

Идэвхтэй, тогтвортой ажиллагаа нь танай брэнд, таны бүтээгдэхүүн үйлчилгээг олонд танигдах, хэрэглэгчдээ халамжилж, амжилтад хүргэхэд тусална. Тогтвортой ажиллагаа нь дан ганц тогтмол контент оруулах биш. Постуудад ирсэн сэтгэгдэл, асуулт, санал шүүмжлэл бүрд хариу өгөх нь сошиал маркетерийн өдөр тутмын ажлын хамгийн чухал хэсэг. Тиймээс хэрэглэгчдийн асуулт бүрд хариу өгөхийн тулд өдөр бүр тодорхой цаг гарга, хэрэгтэй аппликейшн ашиглаж болно. Мөн дараах хялбар аргуудыг анхаарч туршаарай:

  • Гар утасны аппликейшн дээрээ мэдэгдэл хүлээн авахаар тохируул
  • Hootsuite, Tweetdeck гэх мэт аппликейшн ашигла
  • Chatbot ашиглан комментод мессеж хариу өгч болно.

Постын Reach, Engagement-г дэмжих

Таны бэлтгэсэн ямар постууд сайн контент болж чадсаныг харж хянаж байх, мөн ямар контентууд үр дүн муутай байгааг тогтмол хянаарай. Цаашлаад контентийн агуулгаа өөрчлөх, аль төрлийн контентийг голчлон бэлтгэхээ контент бэлтгэлийн төлөвлөгөөндөө оруулаарай. Фэйсбүүк хуудасныхаа Insights-Posts хэсгээс тус мэдээллүүдийг харах боломжтой.

Төлбөртэй сурталчилгааны үр дүнг харах

Хэрэв та төлбөртэй сурталчилгаа тогтмол явуулдаг бол үр дүнг нь өдөр бүр хянаж, дүн шинжилгээ хийж байх хэрэгтэй. Эндээс төлбөртэй сурталчилгааны агуулгад өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, сурталчилгааны зорилтот сегментийг шинэчлэх, төсөв, хугацааг өөрчлөх эсэхээ шийдэх мэдээлэл олж авна. Фэйсбүүк төлбөртэй сурталчилгааг байршуулах, сурталчилгааны үр дүнг харахдаа Ads manager-г ашиглаарай. Хэрэв та Фэйсбүүк сурталчилгаа тогтмол хийдэггүй бол энэ нийтлэлийг уншаарай.

Хуудсанд ирж байгаа мессежүүдэд хариулах

Ирж байгаа мессеж бүрд заавал хариу өг. Тэд магадгүй таны хэрэглэгч болох, бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож байгаа хүмүүс. Тэдгээрт хангалттай сайн мэдээллийг эелдгээр өгөхийг хичээгээрэй. Мессеж бүрд өөрөө хариу өгөх нь тийм ч зөв сонголт биш. Магадгүй таны хэрэглэгчид шөнө дунд, үүрээр, таныг унтаж байхад, аль эсвэл таныг интернетгүй, завгүй байх үед бичиж болох юм. Тухай бүрд нь хариу бичээгүйгээс болж танайхыг сонгохоос татгалзах эрсдэлтэй. Иймээс Фэйсбүүк мессенжертээ автомат хариулагчийг ашиглах нь үр дүнтэй арга. Цаг алдалгүй түргэн шуурхай, оновчтой мэдээллийг өгөх боломжийг ч chatbot олгоно. Мессенжер автомат хариулагчийг үнэ төлбөргүйгээр хэрхэн амжилттай бүтээх, түүнийгээ хөгжүүлэх талаар мэдээлэл авахыг хүсвэл манай сургалтад хамрагдаарай.

Таны хуудсыг Mention, Check-In хийсэн эсэхийг шалгах

Таны Фэйсбүүк хуудасны Notifications > Activity хэсэгт хэрэглэгчдийн Mention, Check-In хийсэн эсэх харагдана. Үүнийг та байнга шалгаж байх нь зүйтэй. Магадгүй танаас мэдээлэл эрсэн, санал шүүмжлэл өгсөн, сөрөг агуулга бүхий контент ч байхыг үгүйсгэхгүй. Өдөр бүр шалган шаардлагатай тохиолдолд хариулт өгч байхыг танд зөвлөж байна. Түүнчлэн бидний ашигладаг Hootsuite аппликейшн Twitter аккаунт, Facebook хуудаснуудын тань mention-г тэр дор нь танд мэдээлж байх функцтэй байдаг.  Мөн зөвхөн mention биш танай байгууллага, брэндтэй холбоо бүхий түлхүүр үгээр ч мониторинг тогтмол хийж байх нь зүйтэй. Жишээ нь бид “Сошиал медиа маркетинг”, “Маркетинг” гэх мэт түлхүүр үгээр тогтмол мониторинг хийж байдаг.

Сошиал хуудас бүрд орох пост бэлтгэл

Сошиал медиа маркетингийн хамгийн чухал алхам нь контент төлөвлөлт байдаг. Контент төлөвлөгөө нь хэзээ, ямар контент, ямар давтамжтайгаар нийтлэх талаарх агуулсан байх ёстой. Судалгаанаас сошиал хуудас бүрд тус тооны пост мэдээллүүдийг нэг өдөрт оруулж байх нь үр дүнтэй гэж гаргасан байдаг.

  • Facebook-д орох пост 2-3
  • Twitter-т орох пост 6-9
  • Instagram-д орох пост 1-3
  • Youtube-д орох пост 1-2

Гэхдээ таны хөтөлдөг хуудаснуудын онцлог, контент бэлтгэх нөөц зэргээс тань хамаарч эдгээр тоо өөр байх нь үр дүнтэй байж болох юм. Иймээс өөрийн хуудаснуудад тохирох өдөр тутмын постын тоог гарган түүнийгээ мөрдөж ажиллаарай. Тогтвортой ажиллагаа бодит үр дүнг авч ирнэ.

Мөн пост хийх цаг давтамжаас дутахгүйгээр тухайн постын үр дүнд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл пост хэзээ нийтлэгдэх нь уг постын хүртээмж, үр дүнд шууд нөлөө үзүүлдэг. Тиймээс хамгийн үр дүнтэй цагуудад постоо нийтлэхээр урьдчилан төлөвлөх нь чухал.

Бэлтгэх контент бүр мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн байх албагүй. Энгийн, чанартай, ойлгомжтой байхад л хангалттай. Хэрэв танд Photoshop програмыг анхан шатны түвшинд сурах, эсвэл хэн нэгэнд сургах хэрэгцээ байгаа бол бидний сургалтыг сонирхоорой.

7 хоног тутмын ажлууд:

Постын төлөвлөгөө гаргах

7 хоног бүрийн сошиал медиа хөгжүүлэлт, постын төлөвлөгөөг өмнөх 7 хоногт нь гаргах, 7 хоногийн эхний өдрүүдийг постыг бэлтгэх нь танай сошиал хуудаснуудын тогтвортой ажиллагааг хангах хамгийн чухал хүчин зүйл.  Төлөвлөгөө гаргахдаа өмнөх 7 хоногийн үр дүн, ирэх 7 хоногийн зорилгоо эргэн харахаас гадна дараах асуултуудыг эргэн харж, багаараа санал бодлоо уралдуулж байх нь төлөвлөгөөг тань үр дүнтэй болгоход тус болно шүү:

  • Сошиал медиа ашиглан бид ямар үр дүнд хүрэхээр тэмүүлж байна?
  • Бид зорилтот хэрэглэгчидтэйгээ холбогдох зөв платформоо сонгосон уу?
  • Манай брэндийн өнгө төрх, дуу хоолой харагдаж, сонсогдож байна уу?
  • Бид хэрэглэгчдэдээ хэрхэн хамгийн хэрэгтэй мэдээллийг хүргэх вэ?

Постын төлөвлөгөөний гүйцэтгэл гаргах

Гаргасан төлөвлөгөөний дагуу ажиллахын хажуугаар төлөвлөгөөний гүйцэтгэлийг тогтмол гаргаж хэвшээрэй. Постын тоо, Page like гэх мэт тоон үзүүлэлтээс гадна Хүртээмж-Reach, Оролцоо-Engagement гэх мэт чанарын үзүүлэлтийг үр дүнгийн гүйцэтгэлийн үзүүлэлтээр сонгоорой. Мөн өмнөх тоон мэдээллүүдээ хадгалан шинээр гаргасан үр дүнтэйгээ харьцуулж ажлын амжилтаа дүгнээрэй.  Жишээлбэл бидний хувьд тухайн Facebook хуудасны тухайн 7 хоногийн Engagement хэмээх үзүүлэлтийг чанарын хамгийн чухал үзүүлэлт болгон зорилго тавьж, ажлын үр дүнг хэмждэг.

“Сошиал медиа хөгжүүлэлт”-ийн үр дүнг хэмжих, зорилт тодорхойлох

Постын төлөвлөгөөндөө үр дүнгийн зорилт гаргах нь гүйцэтгэл гаргахдаа ажлын үр дүнгээ хэмжих том боломж юм. Фэйсбүүк хуудас Insights цэсийн тусламжтай та өөрийн хуудасны 7 хоногийн нийт постын хүртээмж буюу Reach, нийт Engagement буюу Reaction үзүүлж, Share хийн, коммэнт бичсэн хүмүүсийн нийт тоог, мөн Page Like-г харах боломжтой. Тус тоон зорилтыг гаргахдаа өнгөрсөн 7 хоногуудын хуудасны үр дүнгүүдээ харж, өрсөлдөгч эсвэл үлгэр жишээ хуудсуудыхтай харьцуулан гаргаж болно. Зорилгоо пост тус бүрийн эсвэл тухайн аккаунтын хувьд гаргаж болно. Жишээ нь пост тус бүрийн хувьд хүртээмж 10000-с доошгүй, пост дээрх даралт (click) 600-с багагүй, харин хуудасны хувьд тухайн 7 хоногийн нийт engagement 1500-с буурахгүй байхаар зорилго тавьж болно.

Өрсөлдөгч болон амжилттай яваа хуудаснуудыг ажиглах

Дээр дурдсан Фэйсбүүк хуудасны Insights хэсэгт Pages to Watch гэсэн хүснэгт байдаг. Энд та өрсөлдөгчийн эсвэл үлгэр жишээ хуудаснуудыг байршуулснаар тэдгээрийн ажиллагаа, оруулсан контентууд, контентуудын үр дүнг нь харах, үр дүнг нь харьцуулах боломжтой.

Шаардлагатай зүйлсийг засан сайжруулах, төлөвлөгөөнд тусгах

Төлөвлөгөө, түүний үр дүнг хэмжих тоон үзүүлэлтүүд, үр дүнгээ хянаж тогтмол хөтлөх, өрсөлдөгч, үлгэр жишээ хуудсуудыг ажиглах, тэдгээрийн үр дүнг хянах, тэмдэглэх зэрэг шаардлагатай зүйлсийг тогтмол хөтөлж байхад Microsoft Excel-н нэг хуудас л хангалттай. Гэхдээ энэ ганц хуудас танд маш их тоон мэдээлэл авч ирнэ. Мэдээж энэ мэдээлэл сурталчилгаа, мөнгөн зардал, сонирхолтой пост, сайн контентуудын үр дүнг илэрхийлж байгаа. Тиймээс хийж буй ажилдаа дүн шинжилгээ хийх, үүндээ үндэслэн сайжруулах, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулах нь таны 7 хоног бүр хийх ажил зайлшгүй мөн.

Chatbot-д өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг шалгах

Хэрэв та өөрийн хуудсандаа автомат хариулагч буюу Chatbot хөгжүүлсэн бол, эсвэл хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бол 7 хоног бүр messenger-тээ ирсэн асуулт, түүний хариултуудыг шинжил. Магадгүй танд Chatbot яаралтай хэрэгтэй байж магадгүй, эсвэл танай Chatbot хангалтгүй ажиллаж байж болох юм. Мөн дээрээс нь Chatbot-н програмууд нь тогтмол сайжирч, шинэчлэгдэн, шинэ боломжуудыг гаргаж байдаг. Тэдгээр зүйлсийг ч давхар судлан хэрэгцээтэй гэж үзвэл өөрийн Chatbot-доо хэрэгжүүлээрэй.

Шинэ зүйлсийг туршиж үзэх

Chatbot гэлтгүй Сошиал медиа платформ сүлжээ бүр тогтмол хөгжүүлэлт хийж байдаг. Шинэ шинэ боломжууд, өөрчлөлтүүдийг овжноор ашиглах нь мөн л таны ажил. Магадгүй өөрчлөлтийг түргэн шуурхай ашиглаж чадвал таны сошиал медиа маркетинг төсөөлснөөс тань хурдан амжилтад хүрч болох юм. Instagram Story, Live video, Chatbot гэдэг зүйлс саяхан гарсан мэт боловч хүн бүрийн хэрэглээнд тун түрэмгий нэвтэрчээ. Иймэрхүү хэрэглэгчдийн таашаан ашиглаж буй шинэ боломжуудыг өөрийн үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх талаар 7 хоног бүрийн маркетингийн уулзалтаар ярилцаж бас хэрэгжүүлж бай.

Сар тутмын ажлууд:

Сошиал медиа аудит

Өмнө хийж байгаагүй бол яг одооноос эхлэн сар бүр сошиал медиа маркетингийнхаа үйл ажиллагаанд аудит хийж хэвшээрэй. Оны эхэнд төлөвлөсөн маркетингийн зорилгодоо хэрхэн хүрч байгааг, ашиглаж буй арга, техникүүд хэр үр дүнтэй байгаа талаарх мэдээллийг та энэ үед гаргаж харж чадна. Хаанаас, юунаас эхлэх вэ гэж үү?

  • 1: Өөрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүх сошиал платформоо хандах линкийнх нь хамт жагсаа. Жишээ нь
  • 2: Эдгээр хуудасныхаа шинэчлэх шаардлагатай бүх зураг, байгууллагын талаарх мэдээллүүд байгаа эсэхийг шалга, шаардлагатай бол засч, шинэчил.
  • 3: Дагагчдын тоо, хүртээмж, оролцоо болон вэб хандалтын түвшин зэрэг гол үзүүлэлтүүдийг эргэж хар, бусад байгууллагуудтай, өрсөлдөгчидтэйгөө харьцуул, төлөвлөгөөнөөс тань хэр зөрж байгаа хар.
  • 4: Сошиал медиа платформ тус бүрийн үр дүнг тооцож үзээрэй. Энэ нь таныг хаана илүү анхаарал хандуулах ёстойг,  юу хийх ёстойг тань харуулаад өгнө.

Энд дарж Сошиал медиа маркетер ажлаа хэрхэн хөнгөвчлөх талаар бидний бэлтгэсэн мэдээллийг мөн уншаарай.

Зорилго, зорилтоо тодорхойлох

Мэдээж хангалттай сайн гүйцэтгэл гаргахын тулд үр дүнгийн зорилго зорилтуудаа сайн гаргах шаардлагатай. Сошиал маркетерүүдийн хувьд бүтээлч (7 хоногт 14 пост нийтэлнэ, үүнээс 3 нь видео пост, 2 нь Live Video байна гэх мэт) зорилтуудаас гадна эцсийн үр дүнгийн зорилтуудыг (7 хоног бүрийн Engagement-г 1500-с буулгахгүй, сарын эцэст Page Like 10000-р нэмэгдэнэ, вэб хандалт 30000-д хүрнэ гэх мэт) хамтад нь тодорхойлох нь зүйтэй.

Дараа сарын төлөвлөгөө гаргах

7 хоног тутмын ажлын жагсаалтад орсон постын төлөвлөгөө, түүний гүйцэтгэлтэй хамт дараа сарын ажлын төлөвлөгөө хийгдэж байх ёстой. Дараа сарын маркетингийн зорилтууд, эдгээрийг контент төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулах ажлууд сошиал маркетерүүдийн сар бүрийн ажлын чухал хэсэг. Бид сошиал медиа маркетерүүдийн сар бүр заавал тэмдэглэх өдрийг календарь дээр тэмдэглэн гаргаж эхэлснийг мөн та сарын төлөвлөгөөндөө ашиглаж болно шүү.

Улирал тутмын ажлууд:

Зорилго, дүнгийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийх

Борлуулалтын орлого хэр өссөн, харилцагч үйлчлүүлэгчдийн тооны өсөлт, хуудсанд ирэх мессежийн тооны өөрчлөлт, сар бүрийн постуудын хүртээмж, нийт like, дагагчид зэрэг сошиал медиа хөгжүүлэлтийн үр дүнг хэмжих тоон үзүүлэлтүүдээ улирлаар тооцоолон хараарай. Сошиал медиа хөгжүүлэлтийн үр дүн багагүй хугацааны дараа мэдрэгддэг гэдгийг сануулъя. Танд өөрийнхөө хийсэн ажлаар бахархах мэдрэмж энд л төрнө гэдэгт бид итгэлтэй байна.

Хүний нөөцийн хэрэгцээ, төлөвлөлт хийх

Өмнөх улирлын ажлын гүйцэтгэл, ирэх улирлын ажлын төлөвлөгөө дээрээ тулгуурлан хүний нөөцийн хэрэгцээгээ эргэж харах нь зүйтэй. Зорьж буй үр дүндээ хүрэхэд хүний нөөц тань хүрэлцээтэй юу? Одоогийнх дээр нэмэгдэх шаардлагатай ур чадвар, хүний нөөцөө тодорхойлох нь улиралдаа хийх ажлуудын нэг шүү. Танд амжилт хүсье.

ДЭЭШ