fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
9/01 / Published in БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

iOS 14.5 шинэчлэл ба Facebook сурталчилгаа: Анхаарах ёстой зүйлс

Интернэт орчинд хувь хүний мэдээлэл, нууцлалын асуудал тун чухал бөгөөд эмзэг сэдэв гэдэгтэй санал нийлэхгүй хэн нэгнийг олоход хэцүү байх.

Яг энэ асуудал л iOS 14.5 хувилбарт хувийн мэдээллээ бусадтай хуваалцах сонголтыг хэрэглэгчдэд өгөх алдарт шинэчлэл багтах үндэс болсон гэхэд буруудахгүй болов уу. Apple компани энэхүү шинэчлэлийг бүхий л сувгаар өргөн хүрээтэй сурталчилан түгээсэн шалтгаан ч мөн адил.

Маркетерүүд, бизнес эрхлэгчдийн зүгээс авч үзвэл iOS 14-н шинэчлэлийн гол үр дүн Facebook болон Instagram-н төлбөртэй сурталчилгааны кампанит ажлын үр дүнгийн бууралтаар илэрч байгаа. Бүр тодруулбал, iOS 14.5 хувилбар нь үндсэн 3 чиглэлээр Facebook-н сурталчилгаанд сөргөөр нөлөөлж байна гэнэ.

Үүнд:

  • Зорилтот сегмент онилох
  • Үр дүнг хэмжих
  • Сурталчилгааны оновчлол

Та сошиал медиа сурталчилгаа хийдэг бол, угаасаа та энэ нийтлэлийг уншиж байгаа учир хийдэг байх магадлал тун өндөр, дээрх 3 зүйл сошиал медиа төлбөртэй сурталчилгааны үр дүнд тун чухал үүрэгтэй гэдгийг мэдэж байгаа байх.

Бид энэ удаад энэхүү шинэчлэл Facebook төлбөртэй сурталчилгааг хэрхэн өөрчлөж байгаа талаар болон iOS 14.5 шинэчлэл гарснаар сурталчилгааны кампанит ажлаа хэрхэн оновчтой бөгөөд үр дүнтэй хийх ямар өөрчлөлтүүд зайлшгүй хийх шаардлагатай болсон талаарх мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

iOS 14 шинэчлэл гэж яг юу юм бэ?

Нэг өгүүлбэрээр хэлье гэвэл: Apple компани сурталчилгааны платформууд болон апп хөгжүүлэгчдийн зүгээс хэрэглэгчдийн үйлдлийг бүртгэх, хянах боломжийг эрс хязгаарласан шинэчлэл гаргасан гэж болно.

Мобайл төхөөрөмжүүд суурин компьютерийн интернэт хөтөчийн адил cookies ашигладаггүй. Үүний оронд Apple компани IDFA (Identifier for Advertisers) буюу iOS үйлдлийн системтэй төхөөрөмж бүрт олгосон дахин давтагдахгүй, санамсаргүй ID дугаарыг ашигладаг. Энэ нь хэрэглэгчийн интернэт хөтөчөөс гадна тухайн хэрэглэгчийн ашиглаж буй апп доторх үйлдлийг бүртгэж, хянах үүрэгтэй гэж болно.

Харин 2021 оны 4 -р сарын 26 -нд iOS 14.5 -ийн шинэчлэл гарснаар IDFA -г анхнаас нь идэвхгүй байхаар тохируулсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр iPhone хэрэглэгчид аппликейшн бүрт IDFA -г идэвхжүүлэх эсэхээ өөрөө шийдэх ёстой болсон гэсэн үг.

Өөрөөр хэлбэл iPhone хэрэглэгч ямар нэг апп татаж авч ашиглах бүрт доорх зурагт харуулсантай ижил агуулга бүхий анхааруулга харагдах болно гэсэн үг.

iOS 14.5 шинэчлэл: Facebook сурталчилгаандаа заавал хийх өөрчлөлтүүд

Харин шинэчлэл нийтэд хүрснээс хойш хийгдсэн хамгийн эхний судалгаагаар дэлхий нийтээр 17% нь, АНУ -д хэрэглэгчдийн ердөө 10% нь (Flurry) ЗӨВШӨӨРӨХ гэсэн сонголтыг хийсэн гэнэ.

Энэ бол цоо шинэ бодит байдал. Энэ бодит байдал бидний сурталчилгааны кампанит ажил ямар нөлөө үзүүлэх бол?

iOS 14.5 Facebook болон Instagram сурталчилгаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Фэйсбүүк сурталчилгаа хийдэг хүмүүсээс асуугаад үзээрэй. 4 -р сарын 26-наас хойш сурталчилгааны үр дүн буурсан гэж хариулах болов уу.

Энэ шинэчлэл Facebook-ийн хувьд ч тун эмзэг сэдэв болоод байгаа бөгөөд Нью-Йорк Таймс гэх мэт томоохон хэвлэлүүдээр Apple-ийн энэхүү алхамыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бүтэн хуудас сурталчилгааг нийтлэснээс гадна хэрхэн хариу арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг ч хэрэглэгчдэдээ зориулан гаргасан.

Дээр дурдсанчлан, 14.5-н шинэчлэл Facebook сурталчилгааны Зорилтот хэрэглэгчдийг онилох, Үр дүнгийн тайлан, Сурталчилгааны оновчлол гэсэн 3 зүйлд нөлөө үзүүлж байгаа.

Эдгээрийг нэг бүрчлэн тодруулбал:

Targeting – Зорилтот хэрэглэгчдийг онилох

Retargeting, Lookalike Audience- Дахин онилох болон ижил төстэй сегмент нь Фэйсбүүк сурталчилгааны дэвшилтэт хамгийн чухал функцууд байсан бол энэхүү шинэчлэлийн улмаас бүрэн ажиллах боломжгүй болж байгааг мэргэжилтнүүд онцлож байна.

Дахин онилох функцын хувьд ойлгомжтой iOS хэрэглэгчдийн дийлэнх нь үйлдлийн бүртгэл хийхийг хязгаарласан энэ нь дахин сурталчилгаа хүргэх зорилтот хэрэглэгчдийн тоог эрс багасгах хүчин зүйл болж байгаа.

Өөрөөр хэлбэл та вэб хуудсанд хандсан хэрэглэгчдэдээ дахин сурталчилгаа хүргэх замаар Retargeting хийдэг бол тэр хүмүүсийн тоо буурсан байх магадлалтай гэсэн үг.

Нөгөө талаас, вэб хуудас дээрх Facebook Pixel ашиглан бүрдүүлдэг жишээ нь вэбээс худалдан авалт хийсэн хүмүүсийн мэдээлэл дээр тулгуурлан бүрдүүлдэг Lookalike буюу Ижил төстэй хэрэглэгчдийн мэдээлэл ч оновчтой байхаа больж магадгүй. Өөрөөр хэлбэл нь мэдээллийн эх сурвалж нь бүрэн гүйцэт биш учраас үүсгэж буй Ижил төстэй хэрэглэгчдийн мэдээлэл ч өмнөх шигээ чанартай, оновчтой биш байж магадгүй гэсэн үг. Энэ нь сурталчилгааны үр дүнд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.

Үр дүнгийн тайлан

Facebook сурталчилгааны үр дүнг Facebook Pixel-н хувиргалтын үзүүлэлтүүд болох ROAS, CPA гэх мэт үзүүлэлтүүдээр хэмждэг. Харин iOS 14.5 гарснаас хойш энэ үзүүлэлтүүд өндөр алдаатай гарах магадлалтайг мэргэжилтнүүд сануулж байна.

Түүнчлэн Apple-н зүгээс Private Click Measurement (PCM) протокол нь iOS 14.5 дээр хэрэглэгчдийн өгөгдлийг 3 хоногийн хоцрогдолтой хүргэнэ гэж мэдэгджээ. Энэ нь бас сурталчилгаа явуулж буй хүмүүсийн хувьд Facebook Ads Manager дээрх үр дүнг дутуу гаргах, гажуудуулах зүйл болох нь тодорхой.

Homestead Studio хэмээх агентлагийн ажилтан Zach Stuck “Фэйсбүүк өмнө нь борлуулалтын 95 орчим хувийг тайландаа тусгаж чаддаг байсан бол одоо Shopify болон Facebook-н тайлан 57% -ийн зөрүүтэй гарч байна.” гэжээ.

Дижитал маркетинг
http://training.nathouse.mn

Сурталчилгааны оновчлол

Алгоритмын тусламжтайгаар Фэйсбүүк төлбөртэй сурталчилгаа өндөр оновчлолтой байдгийг бид мэднэ. Ерөнхийдөө бидний явуулж буй сурталчилгааны үр дүнгээс алгоритм мэдээлэл авч сурталчилгаа хүргэх дараа, дараагийн хүмүүсийг илүү оновчтой сонгодог гэж болно.

iOS 14.5 танилцуулагдснаар энэхүү оновчлол үр дүн багатай болох магадлалтай. Гол шалтгаан нь Apple-н зүгээс хийсэн бас нэгэн шинэчлэл нь Facebook сурталчилгаа хийж буй маркетерүүдийг 1 вэб дээр үүсгэх “Conversion Event буюу Хувиргалтын үзүүлэлт “-г 8-р хязгаарлах болсон нь алгоритмын оновчлолд цөөн төрлийн мэдээлэл хүргэх сөрөг нөлөөтэй. Энэ нь бага хэмжээний төсөвтэй тэр хэрээрээ сурталчилгааны үр дүнгээс алгоритмд өгөх өгөгдөл багатай жижиг бизнесийн хувьд илүү их сөрөг нөлөө үзүүлэх болно.

Хэдийгээр олон муу мэдээ хүргэсэн ч сурталчилгаагаа үр дүнтэй болгох аргачлалууд бий гэдгийг ч мөн дуулгах нь зөв байх.

Хэрэгтэй холбоос:

Дижитал маркетингийн онлайн сургалтанд бүртгүүлэх бол энд дарна уу.

Сурталчилгааны үр дүнг дээшлүүлэхийн тулд хийх шаардлагатай 5 зүйл

iOS 14.5-с шалтгаалан гарах магадлалтай асуудлуудаас урьдчилан сэргийлж заавал хийх ёстой хэд хэдэн зүйлс бий.

1. Домэйнээ баталгаажуул

Өөрийн домэйныг баталгаажуулж амжаагүй бол энд байгаа зааврын дагуу яаралтай баталгаажуул. Ингэснээр та хууль ёсны бизнес эрхэлдэг гэдэг дохиог Facebook-т өгөх бөгөөд сурталчилгааны асуудал гарвал Фэйсбүүкийн зүгээс тусламж авах боломжтой болгох юм. Түүнчлэн сурталчилгаанд ашиглаж буй вэб холбоос дээрээ засвар хийх ч боломжтой болно.

2. Facebook дээрх оролцоог дахин онилох сурталчилгаандаа ашигла

Хэдийгээр тодорхой хязгаарлалтууд бий болсон ч Facebook өөрийн платформ дээрх хэрэглэгчдийн талаарх маш их мэдээллийг цуглуулдаг хэвээр байгаа. Жишээ нь танай нийтлэсэн пост, контентийг сонирхсон, үзсэн эсвэл Facebook хуудастай ямар нэг байдлаар харилцаа үүсгэсэн хэрэглэгчид, танай нийтлэсэн видеог үзсэн эсвэл сурталчилгаа дээр дарсан хүмүүсийн талаарх мэдээлэл Facebook-т бий.

Танай вэб дээрх хэрэглэгчийн үйлдлийг бүртгэх боломж нь хязгаарлагдсан ч Фэйсбүүкийн өөрийнх нь анхдагч өгөгдлийг ашиглах боломж байсаар байгаа.

3. Цоо шинэ сегмент үүсгэх аргыг эрэлхийл

Танай вэб дээрх Facebook Pixel-н дамжуулж буй өгөгдөл дээр үндэслэсэн Lookalike буюу ижил төстэй сегмент шаардлага хангах хэмжээний биш болсон бол цоо шинэ эх үүсвэр хайж эхлэх нь зөв. Мэргэжилтнүүдийн санал болгож буй сонирхолтой шийдлүүдийн нэг нь болох тодорхой нөлөөлөгчдийн Audience-г ашиглан Lookalike Audience үүсгэх аргыг туршиж үзэж болно.

4. Сурталчилгааны бүтээлч байдалд анхаарал хандуул

Зорилтот сегмент оновчтой бүрдүүлэх боломж хязгаарлагдмал бол сурталчилгааны үр дүнг дээшлүүлэх хамгийн сайн арга сурталчилгааныхаа чанарт анхаарах гэнэ шүү. Бүтээлч байдал, текст дээр анхаарахаас гадна unboxing видео, хэрэглэгчийн сэтгэгдэл гэх мэт шинэлэг төрлүүдийг ашиглаж эхэлээрэй. Түүнчлэн A/B тест гэх мэт дэвшилтэт функцуудыг  туршиж үзэх нь зүйтэй гэнэ.

5. Conversions API -г тохируул

iOS 14.5 шинэчлэл гарснаар Facebook Pixel -н үр дүнгийн хэсэгт асуудал их гарах болсон үүний хамт Facebook-н зүгээс Conversions API-г шийдэл болгон гарган тавьсан. Энэ нь хэрэглэгчийн төхөөрөмжөөс биш харин шууд вэб байршиж буй серверээс үр дүнгийн мэдээллийг Facebook рүү илгээх боломжтой болгосон. Хэрэв та вэб хөгжүүлэлтийн талаар тодорхой мэдлэгтэй бол энэхүү зааврын дагуу Conversion API-г тохируулах нь шинэ нөхцөл байдалд танд хэрэг болох шийдэл шүү.

Уншигч таны хувьд iOS 14.5 шинэчлэл ямар асуудлууд дагуулж ирсэн, та хэрхэн шийдэж байна? Өөрийн туршлагаас бидэнтэй хуваалцах бол манай сошиал медиа хуудсаар дамжуулан бидэнтэй холбогдоорой. Баярлалаа. Дижитал маркетингийн онлайн сургалтанд бүртгүүлэх бол энд дарна уу.

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP