Дэлхийн зах зээлд ажиллаж буй маркетерууд маркетингийн стратегиа төлөвлөхдөө сошиал медиа орчинд хэрэглэгчийн оролцоо, харилцаа холбоог дэмжсэн үе шаттай зорилготой контент бүтээхийг чухалчилж байна.
Тэгвэл иогийн төвийн бизнес эрхлэгчид энэхүү зах зээлд ямар бодлого төлөвлөлттэй тоглох ёстой вэ?
Иогийн төвд сошиал медиа маркетингийн төлөвлөгөө гаргах шалтгаан
Үйлчлүүлэгчийн өсөлтийг хадгалах
Сошиал медиад баримтлах эхний дүрэм бол харилцаа, харилцаа, бас дахин харилцаа. Энэ дүрэм бүхий л сувгуудад хамаарна. Та дагагчидтайгаа хэдий чинээ харилцана тэд төдий чинээ сэтгэл ханамжтай байх болно. Өөрөөр хэлбэл харилцаа нь итгэлийг бий болгож, итгэл нь борлуулалтад хөтөлнө.
Брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх
Хүмүүс танай талаар мэдэхгүй бол танайхаар үйлчлүүлэхгүй. Сошиал медиа танд шинэ хэрэглэгч олж өгөх болно. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад дэлхийд нийт 3.48 тэрбум сошиал медиа хэрэглэгч байна. Энэ бол аварга том хэрнээ асар хямд боломж.
Брэндийн нэр хүндийг бий болгох
Брэндийн нэр хүндийг бий болгох нь сайтар төлөвлөсөн хөгжүүлэлт, хадгалалт, баталгаажуулалтад оршдог. Уламжлалт маркетингаас ялгаатай нь сошиал медиа хэрэглэгчид борлуулалтын мэдээлэл гэхээсээ илүүтэй хэрэгтэй, сонирхолтой постууд харах дуртай.
Тиймээс гэртээ хийж болох хялбархан иогийн дасгал, хооллолтын талаар мэдээлэл зэрэг сонирхолтой, танай зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй заавар зөвлөгөөг заавал маркетингийн төлөвлөгөөндөө багтаагаарай.
Иогийн салбарт сошиал медиа маркетингийн стратеги төлөвлөлт гаргах нь
Алхам нэг. Өөрийгөө тодорхойлох
Интернет орчинд алдартай гадны иогчдод нэгэн нийтлэг зүйл бий. Тэднийг өөрсдийгөө хамгийн сайн илэрхийлж чадах зүйлийг тодотгосон байдаг. Жишээлбэл уян хатан бие, байнгын инээмсэглэсэн царайгаараа Kino MacGregor, шүрэн өнгийн шивээстэй бие, гар дээр зогссон байрлалаараа Dylan Werner ялгардаг. Тэдний нийтэлж буй постыг харвал та энэ хоёр иогчид өөр хоорондоо ялгаатай байдлаа хэрхэн нэгдмэл хүргэж байгааг харах болно.
Тэгэхээр сошиал медиа орчинд өөрийн бизнесээ сурталчлахын өмнө яг таныг, танай иогийн төвийг илэрхийлж чадах онцлогоо гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн танайхыг илтгэх бусадтай зүйрлүүлэшгүй зүйлийг олоорой.
Алхам хоёр. SMART зорилгоо тодорхойлох
Өөрийнхөө онцлогийг тодорхойлсон бол сошиал медиа танд яг юу өгөхийг гарга. Үүний тулд сошиал хуудас руугаа зочилж, сошиал медиа хэрхэн таны худалдан авалтын юүлүүрт шинэ хэрэглэгчийг олж авч ирэх талаар тунгааж үзэх хэрэгтэй.
Ингээд та өөрийн зорилгоо тодорхойлон гаргасныхаа дараа SMART арга замыг авч хэрэгжүүлээрэй. S-M-A-R-T гэдэг нь маркетингийн зорилгоо тодорхойлоход тань туслах заавал бодолцох хэрэгтэй зарчмыг илтгэх 5 үгний товчлол юм. Эдгээр нь ямар үгүүд болохыг харцгаая.
- S – Specific буюу тодорхой. Таны зорилго хүрэхэд хялбар өөрт ойлгомжтой тодорхой байх ёстой. Мөн түүнд хэрхэн хүрэх талаар дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргах шаардлага бий.
- M – Measurable буюу хэмжиж болохуйц. Таны зорилгууд хаанаас хаа хүрэхээр чиглэж байгаа болон тэнд хүрэхийн тулд яах ёстойг та болон танай багийнхан шууд хэлж чадахаар байх ёстой.
- A – Actionable буюу өрнөл, хөдөлгөөнтэй. Мэдээж таны зорилго өрнөл хөдөлгөөн дунд байх ёстой. Өөрөөр хэлбэл урт болон богино хугацааны зорилгоо хэрэгжүүлэхэд тань туслах арга хэмжээнүүд хийх алхмууд заавал байх хэрэгтэй.
- R – Realistic буюу бодитой. Таны төлөвлөгөө өөдрөг байх ёстой ч хэрэгжүүлэх боломжгүй байж болохгүй.
- T – Time-oriented буюу цаг хугацаатай. Эцэст нь таны зорилго ямар хугацаанд ямар үр дүнд хүрэх нь тодорхой байх ёстой. Жишээлбэл сарын дотор хуудасны дагагчид 3000-аар, контентын хүртээмж 3 дахин өснө гэх мэт төлөвлөөрэй.
3. Стратегиа тодорхойлох
Дараагийн алхам бол дээр гаргасан зорилгыг биелүүлэхэд тань туслах стратегиа тодорхойлон гаргах. Энэ нь хэнд юуг хүргэх гэж байгаатай холбогдоно. Бидний өмнө нь бэлдсэн Сошиал медиа маркетингийн стратеги хэрхэн боловсруулах вэ? цахим номыг ЭНДЭЭС татаж аваарай.
Жишээ болгон иогийн салбарт ашиглаж болох нэгэн жишээг хялбаршуулан авч үзье.
Алхам нэг. Амталгаа. Иог сонирхож буй хүмүүс рүү чиглүүлэн 30 өдрийн үнэ төлбөргүй сургалт эсвэл өндөр хөнгөлөлт амласан сурталчилгааг явуулах.
Алхам хоёр. Сургалтад суухыг хүссэн хэрэглэгчид Yoga International-ийн веб хуудас руу хандаж бүртгүүлнэ. Бүртгүүлэхээс өмнө бид суралцагчдын утасны дугаар болон и-мэйл хаягийг авч үлдэнэ.
Алхам гурав. Сурагчид үнэ төлбөргүй сургалтандаа сууж байх явцад нь үнэ төлбөртэй ангид суралцаж буй хүмүүсийн сэтгэгдэл бүхий контентыг үнэ төлбөргүй сургалтад сууж буй хүмүүс рүү чиглүүлэх.
Алхам дөрөв. Үнэ төлбөргүй сургалтад сууж буй хүмүүсээс сэтгэгдэл бичүүлнэ. Энэ нь яагаад манайх танд таалагддаг талаар сэтгэгдлээ бидэнд илгээвэл үнэ төлбөртэй ангид хөнгөлөлттэй бүртгүүлэх саналыг тавих.
Алхам тав. Энэ явцад тэдэнд иогоор хичээллэхийн давуу талын талаар маш олон контентыг чиглүүлэн сурталчилгаа явуулна.
Алхам зургаа. Тэд манай үйлчлүүлэгч болно.
Сувгаа тодорхойлох
Facebook бол дан ганц иогийн төв гэлтгүй бүхий л бизнесийн хувьд хамгийн том үр дүнтэй суваг хэвээр байсаар байна. 2020 оны 7 дугаар сарын байдлаар Монгол дахь Facebook хэрэглэгчийн тоо 2 сая 570 мянга байна. Эндээс харахад орхигдуулж болохгүй суваг Facebook гэдэг нь харагдаж байна.
7,000 гаруй иогийн сургууль, 100,000 гаруй иогийн багш нар бүртгэлтэй байдаг АНУ-ын хамгийн том иогийн холбоо болох Yoga Alliance-аас 2020 онд гаргасан судалгаанаас харахад иогоор хичээллэдэг хүмүүсийг насаар нь ангилбал 18-29 насны 19%, 30-39 насныхан 23%, 40-49 насныхан 20%-ийг эзэлдэг аж.
Харин Монгол дахь Facebook хэрэглэгчийг насаар ангилж үзвэл, 24-35 насныхан дийлэнхийг буюу 31%-ийг эзэлдэг байна.
Эндээс харахад мөн л Иогийн төвүүдийн хувьд мэдээллээ түгээхэд үр дүнтэй байх боломжтой суваг Facebook мөн гэдэг нь харагдаж байна.
Инстаграм
Иог бол эмнэлэг, шинжлэх ухааны салбар эсвэл B2B бизнесүүдтэй харьцуулахад харьцангуй зураг голлосон шунал өдөөсөн контент нийтлэх боломжтой салбар. Өглөө нар мандах цагаар, иогийн хувцастайгаа, мандаланы зурагтай хананы урд дасгал хийж байгаа дур булаам биетэй эмэгтэйн зураг гээд төсөөл дөө. Үүнтэй ижил зохиомжит зураг авалт голлосон контент зарим салбарт нийцдэггүй. Харин иогийн салбарын хувьд энэ нь өөр хэрэг.
2020 оны 6 дугаар сарын байдлаар Монгол дахь Instagram хэрэглэгчийн тоо 550 мянга байна. Өөрөөр хэлбэл Монголын хүн амын 17% нь тус сувгийн хэрэглэгч аж. Харин насны бүлгээр нь ангилж үзвэл 18-24 насныхан энэ сувгийг голлон хэрэглэдэг бөгөөд хүйсээр нь ангилбал нийт хэрэглэгчийн 61% нь эмэгтэйчүүд байна. Харин иогоор хичээллэдэг хүмүүсийн 19%-ийн 18-29 насныхан эзэлдэг шүү дээ.
Эндээс харахад дээрх 2 сувгийг хослуулан ажиллах нь үр дүнд онц нөлөөлөх магадлалтай харагдаж байна.
Иогийн төвүүдийн сошиал медиа маркетингдаа гаргадаг 5 алдаа
Алдаа 1. Контентын чанарт анхаардаггүй
Сошиал медиа бол зөвхөн иогийн ангиудынхаа элсэлтийн сурталчилгаа байршуулах талбар биш юм. Мэдээж танай маркетингийн зорилго шинэ элсэгч олж авах, одоогийн хэрэглэгчээ тогтоох барих. Гэхдээ нийт нийтэлж буй контентын хамгийн ихдээ 25% зарлагдаж буй ангиуд, танай байгууллагын онцлогийг илтгэх мэдээлэл, зарлагдаж буй хямдрал урамшууллын мэдээлэл байх ёстой. Үлдсэн 75% нь харилцаа үүсгэж чадах зорилготой, үе шаттай, чанартай контент байх ёстой.
Тиймээс иогийн төвийн маркетер, захирал, менежер та сошиал медиаг маркетингийн үр дүнтэй суваг болгон ашиглахыг хүсэж байвал үнэ цэнтэй, нэг талаасаа үйлчлүүлэгчийн хүсэл сонирхол нөгөө талаасаа танай байгууллагын зорилгод нийцэхүйц мэдээлэл бэлдэх хэрэгтэй. Үүний тулд юун түрүүнд та өөрөөсөө “Манай үйлчлүүлэгчид юуг сонирхдог вэ” гэж асуугаарай. Оюун санааны асуудал уу? Эсвэл анатомийн асуудлууд уу? Иогийн хялбар дасгалууд уу? Эрүүл зөв хооллолтын талаар уу? гэх мэтчилэн тэдний сонирхлыг хамгийн их татдаг асуудлууд болон сэдвийг жагсаагаарай.
Үүний дараа та өөрийн гэсэн сэтгэл татам “хоолойны өнгө”-ийг тодорхойлох хэрэгтэй. Хоолойны өнгө гэдэг нь маркетингт тухайн байгууллага эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээний зан төлөвийг сурталчилгаандаа хэрхэн тусгах тухай асуудал юм. Энэ нь нэг талаас танай амлалт, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогтой холбоотой ч нөгөө талаас хэрэглэгчийн хамгийн их хэрэглэдэг, сэтгэлийг нь хөдөлгөдөг үг, амьдралын хэмнэл, хүсэлтэй холбоотой юм. Тогтсон дуу хоолойтой байх нь танай хуудасны дагагчдыг улам идэвхжүүлж, танай контентуудад харилцаа холбоо үүсгэхэд нөлөөлөх болно.
Хоолойны өнгийг тодорхойлсны дараа постуудын дизайн болон текст боловсруулалтын ажлыг эхлэх хэрэгтэй. Учир нь хоолойны өнгө нь зарчимч, мэргэжлийн, мэдлэгтэй, уян хатан, нөхөрсөг, хөгжилтэй гэх мэтээр танай байгууллага эсвэл тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний зан төлөвийг илэрхийлэх учир энэхүү зан чанарт тохирсон үг хэллэг, өнгө будаг, дүрс зургийг бид зохиомжлон гаргах хэрэгтэй юм.
Жишээлбэл хэрэв танай хоолойны өнгө дулаахан, хөгжилтэй найрсаг бол “Иогчиддоо энэ өдрийн мээээнд, бид удаан хугацаанд та бүхнийхээ тав тух, хүлээлтэд нийцэх анги нээхээр судалсны үндсэн дээр цайны цагийн ангиа нээж байна. Хамгийн гоё нь энэ анги маань иогчдод зориулсан эрүүл хоолтой гэдгийг дуулгахад таатай байна. Хоолоо ч ид, эрч хүчээ ч сэлбэ!” гэсэн текст бичиж, дулаахан өнгө голлосон минимал зураг ашиглах хэрэгтэй.
Харин “Цайны цагийн ангидаа элсэлт авч байна. Төлбөр: 000000₮, өдрийн хоол үүнд багтсан” гэсэн текст бичиж иог хүйтэн уур амьсгал бүхий зураг ашиглаж болохгүй.
Алдаа 2. Үйлчлүүлэгчидтэйгээ харилцаа үүсгэдэггүй
Зарим бизнесүүдийн хувьд бизнесийн төрлөөс хамааран хэрэглэгчид нь нээлттэй байдлаар коммэнт үлдээж, асуулт асуух, бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож байгаагаа мэдэгдүүлэхийн хүсдэггүй шүү дээ. Иогийн салбар бол эмнэлэг, барилга зэрэг салбартай харьцуулахад эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн салбар. Тиймээс танай контентуудад хариу үйлдэл үзүүлж, коммэнт бичих магадлал ч өндөр. Харин та тэднийг тоохгүй өнгөрөөж болохгүй.
Ямар нэгэн контентын доор үлдээсэн сэтгэгдлүүдэд нэг ч хариу өгөөгүй байх тусам хэрэглэгч асуулт ч асуухыг хүсэхгүй. Иймд асуулт асуусан сэтгэгдлээ үлдээсэн хүмүүстэй заавал харилцаа үүсгэж байгаарай. Тус сэтгэгдэл эерэг сөрөг аль нь ч бай та өөрийн байр суурийг илэрхийлэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл та хэдий чинээ харилцаа үүсгэнэ хэрэглэгчид төдий чинээ итгэл үүснэ. Итгэлцэл өндөр үүссэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүмүүс сонгох магадлал ч нэмэгдэх болно.
Алдаа 3. Харилцаа холбоо үүсгэхийг өдөөдөггүй
Үйлчлүүлэгчид тань танай иогийн төвөөр үйлчлүүлэхдээ хэр их сэтгэл ханамжтай байгаа талаараа сошиал медиад түгээх бүхий л боломжоор та хангаж өг. Үйлчлүүлэгчдийн хувьд өөрийнхөө иог хийж байгаа зургаа сошиал хуудаснууддаа тавих дуртай. Тиймээс та үйлчлүүлэгчдээ танайхыг сурталчлах, хаштаг хийх боломжоор нь бүрэн хангах хэрэгтэй.
Алдаа 4. Тогтвортой контент нийтэлдэггүй
Сошиал медиа орчинд амжилттай маркетинг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйлийн нэг нь тогтвортой байдал байдаг.
Та ч мөн долоо хоногт нэг пост эсвэл өдөр бүр нэг пост хийгээд үзээрэй. Ингээд сошиал медиа сувгийн үзүүлэлтийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгааг тэмдэглээрэй. Үр дүн илэрхий харагдах болно. Гэхдээ мэдээж бизнесийн өгөөжийг илүү нэмэгдүүлэхийн тулд зорилготой үе шаттай контент хүргэх хэрэгтэй шүү.