fbpx

ХҮМҮҮСИЙН МЭДДЭГГҮЙ FACEBOOK СУРТАЛЧИЛГААНЫ 4 ФУНКЦ

Бизнесийн байгууллагууд Facebook сурталчилгааны олон төрлүүдийг маркетингийн үйл ажиллагаандаа маш өргөн хүрээнд ашигладаг болжээ. Тэгээд ч Фейсбүүк нь сурталчилгааны сувгийн хувьд улам бүр хүчирхэг болсоор байгаа билээ. Facebook сурталчилгааны орлого нь ч жилээс жилд нэмэгдсээр… 2016 онд $27.6 тэрбумыг олсон бол 2017 онд 30$ тэрбумаас ч давах тооцоо гарчээ.

Манай улсын хувьд бизнесийн байгууллагууд нэлээд хэмжээний төсвийг Фейсбүүкт зарцуулдаг нь бидний нүүр номонд гарч ирдэг сурталчилгаануудаас харахад ойлгомжтой. Харин энэ удаад бид хүн бүр ашиглаад байдаггүй Facebook сурталчилгааны функцыг та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ. Үр дүнгийн хувьд ч онлайн сурталчилгааны бусад аргуудтай харьцуулахад илүү үр дүнтэй нь нотлогдсон тийм л аргуудыг өнөөдөр хүргэж байна.

Дахин онилох – ReTargeting

Мэргэшсэн маркетерүүдийн хувьд ДАХИН ОНИЛОХ гэдэг ойлголтын талаар ямар нэг байдлаар мэдлэгтэй байдаг. Фейсбүүкээс гарган өгдөг кодыг (pixel code) өөрийн вэб хуудсандаа байрлуулан  уг вэб хуудсанд хандсан хэрэглэгчдийн талаарх мэдээлэл цуглуулах боломж байдаг. Энэхүү функцыг ашиглан вэб хуудсандаа хандсан хэрэглэгчдэдээ дахин сурталчилгаа, мэдээлэл хүргэж болдог. Харин ихэнх хүмүүс үүнээс цааших нарийвчласан функцынх нь талаар сайн мэддэггүй.

Жишээ нь: өөрийн вэб хуудасны тодорхой нэг хуудсанд хандсан хүмүүсийг, эсвэл тодорхой хэд хэдэн хуудсанд хандагсдыг тэр ч байтугай тодорхой хугацаанд танай вэб хуудсанд хандаагүй байгаа өмнөх хэрэглэгчдийг сонгон сурталчилгаа хүргэх боломжуудын талаарх маркетерүүд тэр бүрчлэн мэддэггүй. Ингэснээр ямар бүтээгдэхүүн сонирхон танай хуудсанд хандсан гэдгээр нь ангилан хэрэглэгчдэд ялгаатай мэдээлэл хүргэх, өнгөрсөн хугацаанд танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхсон хэрэглэгчдэд дахин сэргээн сануулах сурталчилгааг явуулах боломжтой гэсэн үг. Мөн вэб хуудсанд хандсан хэрэглэгчидтэй ижил сонирхолтой, төстэй зорилтот бүлгийг Create Lookalike Audience функцыг ашиглан үүсгэх боломжтой.

FACEBOOK СУРТАЛЧИЛГААНЫ ТӨРӨЛ

Facebook сурталчилгааны үр дүнг хэмжих – Conversion Pixels

Facebook сурталчилгааны үр дүнг зөвхөн Google Analytics-н гаргадаг үзүүлэлтээр хэмжих нь учир дутагдалтайг бид бүгд мэднэ. Харин Facebook сурталчилгааны үр өгөөжийг хэмжих хамгийн үр дүнтэй арга нь Conversion-tracking pixel ашиглах.

Өмнөх функцтэй адилаар Фейсбүүкээс гарган өгсөн кодыг өөрийн вэб хуудасны яг тухайн үр дүнг хэмжих шаардлагатай хуудсанд байрлуулах хэрэгтэй. Жишээ нь бүтээгдэхүүний борлуулалтын, жишээ нь онлайн худалдан авалтын үр дүнг хэмжих хэрэгтэй байгаа бол тухайн pixel буюу кодыг хэрэглэгч бүтээгдэхүүний захиалга хийсний дараа гарч ирэх хуудсанд (Таны захиалга амжилттай хийгдлээ, баярлалаа гэсэн мэдээлэл гарч ирэх хуудас) байрлуулах хэрэгтэй.

Энэ тохиолдолд бүтээгдэхүүнийг захиалах бүрт Фейсбүүк тухайн хэрэглэгчийн мэдээллийг таны дараагийн сурталчилгаанд ашиглахаар хадгалж авах болно. Мөн хамгийн сүүлд Facebook off-line буюу онлайнаар биш дэлгүүрээс худалдан авалтыг ч энэ үр дүнд тусган харуулах боломжтой болсон байна билээ.

Олон бүтээгдэхүүний сурталчилгаа

Олон бүтээгдэхүүнийг хамтад нь харуулсан сурталчилгаа явуулах боломжыг маркетерүүдэд Фейсбүүкээс гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл нэг сурталчилгаанд 10 хүртлэх тооны бүтээгдэхүүнийг тус, тусад нь харуулсан сурталчилгааг үүсгэн зорилтот хэрэглэгчдэдээ хамтад нь хүргэх боломжыг та заавал туршиж үзэх хэрэгтэй шүү. Бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн зураг, вэб хуудасны линк, гарчиг, тайлбартай байх болно. Энэ төрлийн сурталчилгаа үүсгэх талаар бидний бэлтгэсэн зааврыг эндээс авна уу. 

FACEBOOK СУРТАЛЧИЛГААНЫ ТӨРӨЛ

Сурталчилгааг тодорхой цагийн хуваарийн дагуу явуулах

Энэ нь 7 хоногийн тодорхой өдрүүдэд эсвэл өдрийн тодорхой цагуудад л сурталчилгаагаа зорилтот хэрэглэгчдэдээ хүргэх боломжыг танд олгоно. Урт хугацаанд, үргэлжилсэн сурталчилгаа явуулахын оронд доорх зурагт харуулснаар сурталчилгааны үр дүн хамгийн өндөртэй өдрийн тодорхой цагуудыг сонгон сурталчилгаагаа явуулах нь зардал төсөв хэмнэх үр дүнтэй арга байх магадлалтай. Анхаарах зүйлс: Сурталчилгааны хугацаа хамгийн багадаа 1 цаг байх ёстой ба өдрөөр биш харин нийт үргэлжлэх хугацаагаар нь буюу Life time budget төсвөө оруулж өгөх хэрэгтэй.

Facebook сурталчилгааны төрөл

Эцэст нь

За тэгэхээр цөөн ч гэсэн үр дүнтэй сурталчилгааны аргууд багтсан байгаа биз? Товчхондоо:

  • Зорилтот хэрэглэгчдийг дахин онилох хэд хэдэн аргууд бий. Эдгээр аргууд танд жинхэнэ хэрэгтэй хэрэглэгчдэдээ хүрэхэд тань туслах болно.
  • Facebook сурталчилгааны үр дүнг борлуулалттай шууд холбон харах арга ч мөн бий. Энэ нь таны сурталчилгаагаар дамжин орж ирж буй хэрэглэгчдийн бодиттой тоог гаргаж өгөх бараг цорын ганц арга болов уу.
  • Одооноос эхлэн зөвхөн нэг бүтээгдэхүүнийг биш харин олон төрлийн бүтээгдэхүүнийг хамтад нь сурталчилах боломжтой боллоо. Сурталчилж буй бүтээгдэхүүн бүр өөр, өөрийн зураг, вэб хуудасны линк, тайлбартай.
  • Сурталчилгаагаа өдрийн эсвэл 7 хоногийн тодорхой сонгосон цагууддаа л явуулах боломжтой. Энэ нь танд маш хэрэгтэй төсвийг тань хэмнэх хамгийн үр дүнтэй арга байж болох юм.
TOP