Facebook төлбөртэй сурталчилгаа хийх үед таны сонгосон бүх хүнд хүрэхгүй байгааг анзаарч байсан уу? Таны сурталчилгааг хэнд хүргэх, хэнд хүргэхгүйгээ Facebook хэрхэн шийддэг юм бол? Яг үнэндээ таны сонгосон зорилтот сегмент бол хамгийн эхний шат. Facebook сурталчилгаа хүргэх оновчлол (Optimization for Ad Delivery) хэмээх алгоритм эцсийн шийдвэрийг гаргадаг.
Энэ удаад дараах сэдвээр ярилцахаар бэлтгэлээ:
- Зорилтот сегментийн талаарх буруу ойлголт;
- Facebook оновчлол хэрхэн ажилладаг вэ;
- Оновчлол болон Зорилго;
- Оновчлол болон Суралцах үе (Learning Phase);
Та сонгосон бүх хүндээ сурталчилгаа хүргэх боломжгүй!
Facebook сурталчилгааг ашигладаг ялангуяа шинээр эхэлж буй хүмүүс Facebook таны сурталчилгааг хэнд хүргэхээ хэрхэн шийддэг талаар ойлголт багатай байдаг. Сурталчилгаа хийж байгаа хүмүүсийн хувьд сонгосон зорилтот хэрэглэгчдэдээ бүгдэд хүрэхэд хангалттай хэмжээний төсөв байхад л болно гэж үзэх нь бий. Гэхдээ бодит байдал дээр энэ нь арай өөр.
Хэдийгээр хангалттай хэмжээний төсөв зоож өгсөн ч Facebook таны сонгосон бүх хүнд сурталчилгааг тань харуулдаггүй. Зорилтот сегмент сонгох нь ердөө эхний алхам бөгөөд үүний дараа таны сонгосон зорилго, сурталчилгааны оновчлолоос хамааран хэнд сурталчилгааг тань хүргэхийг Facebook шийдэж байдаг.
Facebook сурталчилгаа хүргэх оновчлол гэж юу вэ, хэрхэн ажилладаг вэ?
Facebook сурталчилгаа хүргэх оновчлолын гол үүрэг таны сурталчилгааны үр дүнг нэмэгдүүлэх. Та сурталчилгаа хүргэх хүмүүсээ сонгочихлоо. Харин эдгээр хүмүүс дунд таны тэднээс хүлээж буй үйлдлийг хийх магадлал бусдаасаа хамаагүй өндөр хүмүүс бий гэдгийг Facebook мэдэж байгаа. Тиймээс Facebook илүү үр дүн авч ирэх тэдгээр хүмүүст сурталчилгааг тань нэн тэргүүнд хүргэхийн хамт хүссэн үйлдлийг хийх магадлал багатай, өөрөөр хэлбэл үр дүн авч ирэхгүй нөгөө хэсэг бүлэг хүмүүст сурталчилгааг хүргэхгүй байх талаар ажилладаг гэж болно.
Тэгэхээр “таны хүлээж буй үр дүн” гэдэг зүйл хамгаас чухал байгаа биз? Зарим хүмүүс холбоос линк дээр дарах магадлал өндөр бол зарим нь видео үзэх, нөгөө хэсэг нь танай хэрэглэгч болох магадлал бусдаасаа өндөр. Өөрөөр хэлбэл танай сурталчилгааны хувьд эдгээр сегмент бүрийн хийх үйлдэл өөр, өөр байдаг гэсэн үг.
Facebook сурталчилгаа үүсгэх Ad set хэсгийн төгсгөл хэсэгт та ямар үйлдэлд сурталчилгаагаа оновчлох сонголтоо хийдэг.
Facebook сурталчилгаа үүсгэх үед Optimization&Delivery хэсгийн Optimization for Ad Delivery сонгох хэсэгт буй Facebook-н тайлбарыг дор сийрүүлбэл:
Сурталчилгааг оновчлох үйлдлийг сонго. Энэ сонголт таны хүсэж буй үр дүнг авч ирэхийн тулд хэнд сурталчилгааг хүргэхэд нөлөөлнө. Жишээ нь та вэб холбоос дээр дарах (link click) үйлдэлд оновчлохоор сонгосон бол таны сурталчилгааг бид тухайн холбоос линк дээр дарах хамгийн өндөр магадлалтай хүмүүст нь харуулах болно.
Эндээс харахад оновчлол хийх үйлдлийг сонгосноор таны сонгосон зорилтот сегментээс тодорхой хэсгийг нь сонгож авахаар алгоритм ажиллаж байгаа биз? Тиймээс л энэхүү сонголт тун чухал.
Facebook хэрэглэгчдийнхээ талаар маш их мэдээллийг цуглуулж байдаг. Хэрэглэгч таны үйлдэл бүр бүртгэгдэж байгаа гэж болно. Хэрэглэгчийн тоо нэмэгдэх тусам энэхүү мэдээллийн бааз улам л илүү хүртээмжтэй, илүү нарийвчлалтай мэдээллээр баяжиж байдаг. Түүнчлэн маркетерүүд, төлбөртэй сурталчилгааг ашигладаг байгууллага, бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж, тэд өөр, өөр төрлийн сурталчилгааны оновчлол сонгох бүрт Facebook алгоритмаа сайжруулах боломжтой болж байнаа гэсэн үг. Мөн төрөл бүрийн вэб хуудас дээр хүмүүсийн хийж буй үйлдлийг бүртгэж байдаг Facebook pixel энэхүү мэдээллийг баазыг баяжуулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Тэгэхээр оновчлолоо зөв сонгож чадвал сурталчилгааг тань уг үйлдлийг хийх яг тэр хүмүүст нь Facebook хүргэх болно. Үр дүнд нь сурталчилгааны үр дүн нэмэгдэнэ гэсэн үг.
Оновчлол ба Зорилго
Оновчлолын сонголтууд сурталчилгааны зорилгоо юу гэж сонгосноос хамааран өөр, өөр байдаг.
Зорилгоор нь ангилан, оновчлолын сонголтуудыг харуулбал:
- Brand Awareness
- Ad Recall Lift
- Reach
- Reach
- Impressions
- Traffic
- Landing Page Views
- Link Clicks
- Daily Unique Reach
- Engagement
- Impressions
- Post Engagement
- Daily Unique Reach
- Page Likes
- Event Responses
- App Installs
- App Installs
- Retention
- App Events
- Value
- Link Clicks
- Video Views
- ThruPlay
- 2-Second Continuous Video Views
- Lead Generation
- Leads
- Messages
- Replies
- Leads
- Conversions
- Conversions
- Value
- Landing Page Views
- Link Clicks
- Impressions
- Daily Unique Reach
- Catalog
- Conversion Events
- Value
- Link Clicks
- Impressions
- Store Visits
- Daily Unique Reach
- Store Visit
Хэрэв таны сонгох “оновчлолын үйлдэл” сонгох хэсэгт гарч ирэхгүй байвал сурталчилгааны зорилгоо өөрчлөхөд л болно.
Ямар оновчлол сонгоно тийм л үр дүн хүлээх хэрэгтэй
Танд, танай бизнест хамгийн чухал нь юу вэ гэдэгт эхлээд анхаарлаа хандуул. Өөр бусад үзүүлэлтэд бүү анхаар. Буруу сонголт хийвэл “оновчлол” яг үнэндээ таны сурталчилгааг ямар ч үр дүнгүй болгочих ч боломжтой.
Танайхаас худалдан авалт хийх тэр хүнийг л олж авах хамгийн чухал байх. Бусад оновчлолын хувьд алгоритм ямар нэг хэмжээгээр зохиомол өсөлт харуулах боломжтой.
Жишээбэл: Вэб холбоос дээрх даралтыг оновчлолын үйлдэл хэмээн сонговол Facebook уг линк дээр дарах хамгийн өндөр магадлалтай хүмүүст л таны сурталчилгааг харуулна.
Алгоритмын хувьд бусад зүйл тийм ч чухал биш. Эдгээр хүмүүс танайхаас худалдан авалт хийх үү? үгүй юу? гэдгийг Facebook анхаарахгүй. Facebook-н хувьд тухайн хүмүүс танай вэб дээр хэр хугацааг өнгөрөөж байна гэдэг ч чухал биш. Гол анхаарах зүйл нь таны хүсч буй үйлдлийг хийх хүмүүст л танай сурталчилгааг хүргэх.
Өөрөөр хэлбэл Facebook-н танд үзүүлэх үр дүнгийн хүснэгт нь алгоритм нь хамгийн өндөр үр дүнтэй гэж үзсэн тэр л үр дүн. Таны вэб холбоос дээр маш олон даралт хийгдсэн. Энэ нь таны хүссэн үйлдэл тул та ч бас сэтгэл хангалуун байгаа гэж Facebook үзэж байгаа.
Оновчлол болон Суралцах үе
Оновчлолыг сайжруулж, сурталчилгааны үр дүнг нэмэгдүүлэхэд Facebook-т мэдээлэл хэрэгтэй. Facebook танай сурталчилгааны эхний үеийн үр дүнгээс дүгнэлт хийж, цаашдаа хэнд сурталчилгаа харуулах нь хүссэн үр дүнд хүрэх, харин хэнд харуулах шаардлагагүй вэ гэдгийг тодорхойлж, алгоритмдаа өөрчлөлт, сайжруулалт хийдэг.
Сурталчилгаа батлагдан хүмүүст хүрч эхэлснээс эхлэн сурталчилгаа “Learning Phase буюу Суралцах үе”-д шилждэг.
Facebook Ads Learning Phase
Онолын хувьд Facebook сурталчилгааны эхлэснээс тодорхой хугацаанд гарсан үр дүнгээс дүгнэлт хийж, сурталчилгааны оновчлолыг сайжруулснаар танай сурталчилгааны үр дүн ч нэмэгдэх ёстой.
Гэхдээ суралцах үе хэзээ дуусах ёстой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Facebook-т дүгнэлт хийж, оновчлолоо сайжруулахад хангалттай тооны үр дүн гарсан үед. Өөрөөр хэлбэл хэт бага үр дүн жишээ нь 7 хоногийн хугацаанд багадаа 25-50 оновчлолын үйлдэл хийгдэхгүй бол Facebook оновчлолоо сайжруулах хангалттай мэдээлэлтэй болж чадсангүй гэсэн үг. Энэ тохиолдолд танай сурталчилгаа “Learning Limited” статустай болж магадгүй.
Facebook Ads Learning Limited
“Learning Limited” гэсэн статус бүх юм дууслаа гэсэн үг ч бас биш. Зарим тохиолдолд хэдийгээр сурталчилгаа ийм статустай болсон ч боломжийн үр дүнтэй байх нь бий.
Тэгэхээр илүү сайн оновчлолтой, илүү үр дүнтэй сурталчилгаа хийхийн тулд бид Facebook-т хангалттай мэдээлэл өгөх ёстой гэсэн үг.
Хангалттай мэдээлэл өгөхөд нэн тэргүүнд дараах 3 зүйлийг анхаарах хэрэгтэй болно:
- Сонгосон зорилтот сегментийн хэмжээ
- Нэгжийн зардал
- Төсөв
Жишээ нь та 100 хүнтэй сегмент сонгон сурталчилгаагаа харуулахаар сонгосон гэж бодъё. Facebook оновчлолоо сайжруулахын тулд 20 – 30 хүнд л хүргэнэ. Төсөв ямар байх нь тийм ч чухал биш илүү хүнд хүргэх боломжгүй. Тэгэхээр ийм тооны хүмүүсээс хангалттай тооны оновчлол хийх мэдээлэл цуглахгүй.
Харилцаа үүсгэх, видео үзэлт гэх мэт оновчлолын үйлдэл сонгосон бол нэгжийн зардал $.01 болон түүнээс ч бага байх болов уу. Харин үнэтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтад оновчилсон бол нэгжийн зардал нь өндөр болох магадлалтай. Тэгэхээр нэгжийн зардлаас хамааран хямд өртөгтэй бол бага төсвөөр харин өндөр нэгжийн зардалтай тохиолдолд өндөр төсөв зарцуулж байж хангалттай мэдээлэл цуглах болно.
Эндээс төсөв яригдаж эхэлнэ. Хангалттай хэмжээний мэдээлэл цуглах хэмжээний төсөв гаргах шаардлагатай гэсэн үг.
Оновчлолын сонголтууд
Хангалттай хэмжээний мэдээлэл цуглуулахад төсвөө нэмэх шаардлагатай болсон ч тийм боломж байхгүй бол яах вэ? Хамгийн энгийн арга нь өөр оновчлолын үйлдэл сонгох.
Жишээбэл, худалдан авалтын оронд Сагсанд нэмэх, Барааг үзэх гэх мэт үйлдлийг оновчлолын үйлдэл болгон сонгож болно. Илүү олон тоотой, тэр утгаараа нэгжийн зардал нь ч бага байх үйлдлүүд гэж үзээд сонгож байна гэсэн үг. Мэдээж нөгөө талаасаа яг зорилтот хэрэглэгчид тань хийх л ёстой үйлдлүүд.
Зарим тохиолдолд тухайн сонгосон сегментийн бүх хүмүүст нь зайлшгүй хүргэх ёстой сурталчилгаа байж болно. Жишээ нь бүтээгдэхүүний газардах хуудсыг үзсэн эсвэл бүр сагсандаа нэмсэн хэрэглэгчдийн жагсаалт байна гэж бодъё. Тэднээс бидний хүлээж буй дараагийн үйлдэл нь худалдан авалт. Ийм тохиолдолд эдгээр хүмүүсийг оновчлон ялгах шаардлагагүйгээр бүгдэд сурталчилгаа хүргэх шаардлагатай.
Яг ийм тохиолдолд Reach эсвэл Daily Unique Reach-г оновчлолоор сонгох нь зөв. Ингэснээр сонгосон сегмент дэх хүмүүсээс аль болох олон хүнд нь сурталчилгаагаа хүргэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл цөөн тооны жижиг сегмент дэхь аль болох олон хүнд нь сурталчилгаагаа хүргэхийн тулд Reach эсвэл Daily Unique Reach-с өөр оновчлолын үйлдэл сонгох нь Facebook-т тэдгээр хүмүүсээс мөн л оновчлон, ялгаж тодорхой хүмүүсийг нь сонгох эрхийг нь олгож байна гэсэн үг.
Эцэст нь
Facebook сурталчилгааны оновчлолын талаар бага ч гэсэн мэдээлэл хүргэсэн байх гэж найдаж байна. Харин таны хувьд энэхүү оновчлолыг хэрхэн сонгодог вэ?