Бид та бүхэндээ зориулж Монголын шилдэг контент бүтээгчдийн туршлагаас хуваалцах “Контент бүтээгчийн туршлага” цуврал лайвыг IG TV-ээрээ дамжуулан хүргэж байгаа билээ. Энэхүү цуврал контентоо танд ярилцлага нийтлэл хэлбэрээр хүргэж байгаа бөгөөд энэ удаад анхны зочноор 100-ийн хайр, Blah, Toxic контентуудыг бүтээгч YZ TV (ВАЙ ЗИ ТИВИ)-ын гүйцэтгэх захирал, найруулагч Ганболдын Ганлхагва оролцлоо.
– Сайн байна уу? Та үзэгчдэдээ контентынхоо талаар дэлгэрэнгүй танилцуулаач.
– Сайн байцгаана уу? Манай YZ entertainment үүсгэн байгуулагдаад 10 сар болж байна. Албан ёсоор энтертайнмент болоод яг 4 сар болжээ. Хамгийн түрүүнд Blah гээд 2 охины контентоор эхэлж, өргөн баг бүрэлдэхүүнээр илүү олон контент хийхээр шийдэж 100-ийн хайрын хоёр, Toxic-ын хоёрыг нэгтгээд үндсэн 6 уран бүтээлчидтэй ажлаа эхэлсэн. Одоогийн байдлаар нэмээд бүжгийн хамтлаг болон өсвөр насны 2 охинтой дууны хамтлаг бий. Би мөн өөрөө уран бүтээл хийдэг. Гэхдээ миний уран бүтээлүүд цацагдаж эхлээгүй. Нийтдээ 10 уран бүтээлчидтэй, үндсэн 6 контенттой ажиллаж байна.
– Контент бүтээж 4 сарын хугацаанд буюу харьцангуй богино хугацаанд өндөр хандалттай, амжилттай ажиллаж байна. Та бүхний контент төслийн ажил эхлэхэд хамгийн эхний алхам юу байсан бэ? Ямар дараалал үе шатаар ажилласан бэ?
– Мэдээж санаанаас эхлэсэн л дээ. Санаандаа тохируулж, бодит жүжиглэлттэй байх уу? анимэйшн байх уу? гээд бүх юм нь ургаж гарч ирдэг. Ихэнх контент бүтээгчид “иймэрхүү л юм хийе” гэсэн санаанаасаа контентоо гаргадаг. Харин би арай өөрөөр харъя гэж бодоод зөвхөн характер буюу дүрүүдээ эхэлж бодсон. Жишээ нь, Blah дээр нэг нь хөгжилтэй, марзагнуур охин нөгөө нь илүү серозний охин. Хоёулаа жижигхэн цуг байвал ямар харагдах бол гэж бодсон. Тэгвэл энэ хоёрыг юу хийлгэвэл илүү гоё харагдах уу? гэдэг талаар бодож хөгжилтэй дуу дуулуулсан.
100-ийн хайр дээр бол удаан ярьдаг, гунигтай хоолойтой, амьдралын идэвхгүй ч юм шиг залуу, нөгөө талаас амьдралын идэвхтэй, позитив, хөгжилтэй охин хоёр хайрын романс үүсгэвэл юу болох вэ? гэж бодсон. Ер нь эхлээд дүрүүдээ бодож, тэр дүрүүддээ таарсан жүжигчдийг олж, хамт сууж байгаад 3-4 төрлийн төлөвлөгөө гаргасан.
Хамгийн түрүүнд 3 тест видео хийсэн. Эхний шинэ контентуудаа tittle буюу тайлбар текстгүйгээр шууд постолж, онцгүй хүнд хүрэхгүй байвал устгадаг. Харин хүмүүст хүрч байвал тайлбар текстийг нь оруулж албан ёсны болгож постолдог. Эхний 3 видео дээр үзэлтийн тоо, лайк, комментийг нь харж байгаад цааш үргэлжлүүлэх эсэх, ямар чиглэлээр явахаа шийднэ. Мөн үзэгчид өөрсдөө контент яаж үргэлжлэхийг зааж өгдөг. Тиймээс контентийн эхлэл үзэгчид байдаг. Үзэгчид юу хүсч байгааг нь биш, юу үзээгүй байгааг нь бодож олоод тэрэн дээр нь ажиллаж дүрүүдээ босгож, дүрүүддээ таарсан жүжигчдээ олно. Дүрүүддээ суурилж, дүрүүд юу хийх вэ? гэдэг санаанууд гаргаж ирээд туршилт хийж эхэлсэн.
– Контентууд найруулга өвөрмөц байгаа нь олон хүнд хүртээмжтэй байхад түлхүү нөлөөлдөг гэж үзэж болох уу?
– Хамгийн түрүүнд бид ийм зарчим тавьдаг. Хамгийн бага зардлаар, бараг мөнгө зарахгүй байх хэрэгтэй. Тэгээд “хамгийн залхуугаар”, хамгийн ажиллагаа шаардахгүйгээр, хамгийн богино хугацаанд, хамгийн их үзэлттэй маш олон видео яаж үйлдвэрлэх вэ? гэж контентынхоо санаанаас ч өмнө боддог. Энэ сонин сонсогдож байж магадгүй.
Харин манай видеонуудыг бодохоор маш бага зардал, бага хугацаанд бүтдэг. Жишээ нь, Blah бол тод жишээ. Бид сард 3 удаа уулзаад 1 өдөрт 8-9 видео бичдэг. Бүгдээрээ сууж байгаад дараалуулаад 5, 6 цагийн дотор 7-8 видео бичлэг хийчихдэг байсан.
100-ийн хайр, Toxic ч гэсэн тал өдөр л шаардагддаг. Зардал ерөөсөө гардаггүй. Ер нь хэт их хичээх дэмий санагддаг. Би өөрөө тусдаа видео найруулгын ажил хийдэг. Контент дээр сийрэг хандаж, залхуу юм шиг аргаар хийдэг. Гол шалтгаан нь үзэгчдэд ойр байдаг юм шиг санагддаг. Хэтэрхий бүтээлчээр ажиллаж, тайз, гэрэл тавиад хүмүүс нь өөрсдөө маш их хичээж “Сайн байцгаана уу?, Hi” гэж мэндлээд л. Хэт их тэгж хичээвэл хүмүүс сонирхдоггүй юм шиг санагдсан. Өөрсдөд нь ойр, аль болох энгийн, ойлгомжтой “залхуу” ажиллагаатай зүйлсийг хүмүүс сайн үздэг.
“Залхуу” гэдгийг тайлбарлавал, яг үнэндээ бид залхуурч байгаадаа биш байдаг. Бидэнд иймэрхүү төрлийн контент бүтээхэд хүнд байдаг. Хоёрхон хүн суугаад, зүгээр л эмэгтэй хүмүүсийн тухай яриад, үзэл бодлоо хуваалцаад 1 сая үзэлт авна гэдэг маш хүнд. Ялангуяа олны танил биш хүмүүс байвал. Гэхдээ бид дан мэргэжлийн жүжигчидтэй. Тэр хүмүүсийнхээ бүтээлч байдлыг илүү гаргадаг.
Жүжигчиндээ найруулагч хүний зүгээс даалгавар өгнө. “Эмэгтэйчүүдийн, охидын үзлэг гэдэг сэдвээр та 2 ярина. Та хоёрт өөр ямар ч туслах дүр өгөхгүй. Монтаж дээр ч гоё дүрс өгөхгүй. Та хоёр л энэ сэдвийг маш сонирхолтой болгож ярих ёстой гэдэг даалгавар бий.” гэдэг. Тэгэхээр хүн өөрөө сэтгээд, илүү сонирхолтой, хөгжилтэй байх нь ихсээд эхэлнэ. Өөрсдөө идэвхтэй ажиллаж эхэлдэг.
Илүү гоё орчин, туслах дүр байгаад, зохиол гаргаж өгөөд ч юм уу? ярьж байгаа зүйлийг нь жүжигчилсэн маягаар тусд нь үзүүлээд байхаар жүжигчдийн галзуу, бүтээлч байдал нь гарч ирэхгүй. Blah-ын видео явж байхад би нэг л юм хэлдэг. “Өшөө, алаад өг.” гэж. Илүү чөлөөтэй байлгах гэж хичээдэг. Тэгэхээр жүжигчид маань ч илүү сайн ярьж чаддаг.
– Контентын агуулга, хэв маягаас гадна сошиал сувгуудад нийтлэхэд tumbnail, текст, эхний 1 секундийн дуу, дүрс зэрэгт мөн хүртээмж, үзэлтэд хэрхэн анхаарч ажилладаг вэ?
– Blah-ийг харж байгаад оройхон шууд постолчихдог байсан. Контент нэмэгдээд ирэхээр хуваарьтай хийж үзье гэж шийдээд 7 хоногийн турш 7 видео постолж үзсэн. Тэдгээрийнхээ үзэлтийн хувийг харахад хамгийн өндөр үзэлттэй өдөр нь 3 дахь болон хагас сайн өдөр байдаг. Даваа болон бүтэн сайн, 5 дахь өдрүүд үзэлт маш бага байдаг. Яагаад гэвэл 5 дахь өдөр ойлгомжтой. Бүгд наргиж цэнгээд явчихдаг ч юм уу, хагас сайн өдөр хүмүүс амардаг. Бүтэн сайнд хэдий амардаг ч юм үздэггүй. Даваа гарагт харин ажил эхэлдэг болохоор мөн юм үзэхгүй. Долоо хоногийн дунд өдөр ажил нь жигдрээд ирэхээр 3 дахь өдөр их үздэг ч юм уу? хүмүүсийн амьдралын хэмнэл ажиглагдсан. Тэр тусмаа Монгол хүмүүсийн амьдралын хэмнэл байдаг.
Тиймээс 3 дахь, хагас сайн өдрүүдэд чухал контентуудаа нийтэлдэг. Бид мөн цагийг нь шалгаж үзсэн. Өдөр 12 цагаас шөнийн 12 цаг хүртэл янз бүрийн цагт контентоо нийтлэхэд оргил цагийг оройны 8 цаг гэж харсан. Маш сайн үзэлт авсан. Хүмүүс 6 цагт ажлаасаа тараад гэрлүүгээ 1 цаг явж хариад яг цайгаа уухад 8 цаг болж, юм идэнгээ юм үзэх ч юм уу? буйдан дээрээ тухлах боломжтой болдог юм шиг санагддаг. Хэт орой биш, хэт эрт биш.
Бас нэг сонин цаг гарч ирсэн. Өдрийн 12 цаг. Үзэлт нь маш багаас эхэлдэг мөртлөө орой маш их үзэлттэй болсон байдаг. Цайны цагаар контентоо оруулж байгаа нь хүмүүсийг ажлаа түр завсарлахад нь notification буюу мэдэгдэл очихоор тооцдог гэсэн үг.
Thumbnail, текст зэрэгт Mesmerism-ийн аргыг ашигладаг байсан. “Хөөрхөн найзаа меншион хий.” гэх мэт. Меншионоор хүн татдаг арга байсан ч одоо бол хуучирсан гэж хараад байгаа.
– Контентын хувьд ямар хүмүүсрүү чиглүүлсэн бэ?
– YZ tv гэдэг нэр анх ҮЗ ТВ гэж дуудагддаг байсан. Үз гэхээр гоё сонсогдохгүй байсан болохоор ВАЙ ЗИ гэж дуудвал илүү гоё сонсогдоно гэж шийдээд хүмүүст “Y”, “Z” гэж тайлбарлахаар болсон.
Тэгээд ер нь контентуудаа “Z” үеийнхэнд зориулахаар шийдсэн. Үзэгчдийн судалгааг харахад ч дандаа “Z” үеийнхэн байдаг.
– Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
– Манай багийнхан гэвэл СУИС-д сурч байсан манай доод курсийн таньдаг дүү нар маань байгаа. Мөн YZ-аас өмнө студид болон Mesmerism -д найруулагчаар ажилладаг байсан. Түүгээрээ ч холбоотой байлаа. Итгэл даахаар, илүү намайг ойлгодог төрлийн хүмүүс болохоор сонгосон.
Өөр хүмүүстэй хамтрахад миний контентийн санааг зөв үү? буруу юу? гэж хүлээж авдаг. Жишээ нь, цус сорогч найз охин, залуу хоёр гэж ярихаар гайхдаг. Харин манай жүжигчид бараг 16, 17-тойгоосоо намайг сайн мэддэг учраас жүжиглэхдээ хүртэл миний санааг маш сайн гаргаж өгч байсан. Mesmerism-д ажиллаж байсан туршлагаас үзэхэд Цогтоо, Мөнхүүш бид 3 Найрамдaлын багш нар байсан. Мөнхүүш бид 2 нэг сургуульд хамт сурдаг оюутнууд. Ер нь би ойр дотнын хүмүүсээсээ багаа бүрдүүлчихдэг юм шиг санагдсан.
– Ямар техник хэрэгсэл ашиглаж контентоо бүтээсэн бэ? Контент хийхээр төлөвлөж буй хүмүүст энэ талаар хуваалцаач.
– Техникийн хувьд, 1 камертай, энгэрийн микрофонтой. Компьютертоо бол маш сайн анхаарсан. Ер нь техник дээр нэг их ач холбогдол өгдөггүй. Харин хүмүүст зөвлөхөд, Sony a7I эсвэл II, III аль нь ч байсан болно. Контент бүтээхэд одоогийн байдлаар хамгийн сүпер камер. Canon-ий камер жаахан чанаргүй дүрс гардаг. Харин Sony-ийн камер өнгө гэрлийн хувьд ч их гоё харагддаг.
– U hutulbur, CU Mongolia гэх мэт байгууллагуудтай маркетинг дээр нь хамтарсан байсан. Мөн Voo-тэй хамтарч контентуудаа оруулсан байсан. Байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
– Дүгнээд үзвэл бид 30 гаруй байгууллагуудтай хамтарч ажилласан байна. Хамгийн их хамтарч ажилладаг нь гэвэл Unitel, Mobicom гэх мэт үүрэн телефоны операторууд. Мөн CU, Pizza hut гэх мэт.
Бидэн рүү залгаж “Шинэ бүтээгдэхүүн танилцуулах видео хийлгэе” гэж санал тавьдаг. Харин бид гол түлхүүр үг, түлхүүр үйл явдлууд, санааг нь аваад түүнийхээ дагуу зохиолоо бичиж явуулаад батлуулдаг. Зураг авалтын үеэр заавал хамтрагч байгууллагын менежерийг байлгадаг.
Учир нь менежерүүд бараа бүтээгдэхүүний хэсэг дээр тултал маш сайн ажилладаг. Олон байгууллагатай зэрэг хамтарч ажилладагын бас нэгэн сайшаах юм нь байгууллагынхаа бүтээгдэхүүнийг бид улаан цайм маш сайн сурталчилдаг. Далд хэлбэрээр сурталчилдаггүй. Үзэгчдэд “үүнийг үз, үүнийг хэрэглэ” гэж шууд харуулдаг.
Яагаад далд хэлбэрээр сурталчлахгүй байна гэхээр нэг сурталчилж байгаа бол нэг мөсөн л тултал сурталчлах хэрэгтэй. Гол үр дагаварт нь үзэгчдээ дасгая гэж бодсон. Эхэндээ “Танайх реклам хийдэг болсон” гэх мэтээр шүүмжилж манай үзэгчид дасахгүй байсан. Харин одоо коммент хэсэгт бүтээгдэхүүнийг маш сайн сонирхдог болсон.
Тэртээ тэргүй бид ашгийн төлөө байгууллага учраас аливаа бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчилах нь тодорхой. Үүнд үзэгчид дасах хэрэгтэй. Нөгөө талаас бидний үзэгчдийн өмнө хүлээх хариуцлага нь хэнтэй хамтарч ажиллахаа маш сайн тооцох хэрэгтэй. Хэний ч мэдэхгүй, баталгаагүй, чанаргүй бүтээгдэхүүнийг ялангуяа өсвөр насны хүүхдүүд үзэж байхад буруу зүйл сурталчлах ёсгүй. Тухайн бараа бүтээгдэхүүний нүүр царай болж байгаа учраас чанар дээр нь бас хариуцлагатай ханддаг.
– Facebook, Youtube, Instagram гэх сувгуудаас алийг нь түлхүү ашиглаж байна вэ? Тус тусын онцлог ялгаа ажиглагдсан уу?
– Ер нь бол хоорондоо тэс өөр ялгаатай байдаг. Яг одоогоор Facebook, Youtube, Instagram гэсэн 3 сувагт албан ёсны хаягтай байна. Мөн энэ жилээс Tik Tok-ын зах зээл рүү орох бодолтой байна. Facebook-ын хувьд нэг тэсрээд зогсчихдог юм шиг санагдсан. Нэг хоёр өдөр маш сайн үзэлттэй байж байгаад эргээд маш удаан болчихдог. Харин Youtube-ын хувьд контент оронгуут нэг их үзэлтгүй мөртлөө аажмаар өсөөд л байдаг. Нэг ороод харахад 30, 40 мянгаар нэмэгдсэн байдаг.
Инстаграмын хувьд бид IG TV-г маш сайн ашигладаг гэж өөрсдийгөө харж байна. Бид тест хийж үзсэн л дээ. Бүх контентоо оруулахаас 1 өдрийн өмнө Инстаграм хуудсандаа оруулаад, Facebook-т оруулахаас цагийн өмнө Youtube дээрээ оруулдаг. Байнгын үзэгчид ч тэрийг мэддэг болохоор 1 өдрийн өмнө Инстаграмд түрүүлж орохыг мэдээд биднийг “follow” хийдэг. Youtube-д 1 цагийн өмнө мэдэгдэл авсан бол заавал “subscribe” хийдэг.
Контентийн хувьд 100-ын хайраар харуулах гэсэн санаа нь хайр сэтгэлийн нандин харилцаагаа олон нийтэд хэтэрхий ил гаргавал эргээд аюултай байдалд хүрдэг. Тийм учраас влог хийхгүй чимээгүй хамтдаа амьдрахаар болгож төгсгөдөг шүү.
Мөн бидэнд олон ангит киноны төлөвлөгөө байгаа ч энэ жил илүү драматик зүйл хийх болно. Хүүхдийнх шиг, мааз байдлаа багасгаж илүү томоор сэтгэсэн байгаа.
– Таны зүгээс үеийнхэндээ ч юм уу? залуустаа ажилласан туршлагаасаа “Ер нь ийм юм байна лээ шүү” гэж зөвлөх зүйл байна уу?
– Өмнө нь миний хувьд контент бүтээнэ гэхээр доошоо орох гээд байгаа юм шиг санагдаад заавал том кинонд, том дүр бүтээх ёстой гэж санагддаг байлаа. Хэзээ ч ийм жижиг сажиг бичлэг хийхгүй гэж боддог байсан. Сүүлд нь маш явцуу бодож байгаагаа ойлгосон. Тэртээ тэргүй 21-р зуунд контент бүтээгчдийн зуун. Контент бүтээлт гэдэг хүмүүсийн ажил амьдрал байдаг. Манай компани гэхэд бүхэл бүтэн 10 хүний амьдралыг авч явдаг.
Энэ салбарт ажиллаж буй залуусын хувьд жижиг бөгөөд маш олон контент бүтээж үзэх нь маш том туршлага болно шүү. Хэрвээ видео хийж сурмаар байвал том зүйлээс мөрөөдөөд хэрэггүй. Жижигхэн 1 минутын видеог үнэхээр гоё хийж, анхаарал татахуйц байлгаж чадвал дараагийн том зүйлс гарч ирнэ.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсан 100-ийн хайр, Blah, Toxic хэмээх сонирхолтой, хөгжилтэй контентуудыг бүтээсэн найруулагч, гүйцэтгэх захирал Г. Ганлхагва танд баярлалаа.
Бусад ярилцлагууд:
- Шилдэг контент бүтээгч: Д. Батбаяр /@tippytop_official контентийг бүтээгч TUG network компанийн гүйцэтгэх захирал/
- Шилдэг контент бүтээгч: Түвшөө & Дөлгөөн /Positive Mongolians төсөл/ контент бүтээгчийн туршлага
- Шилдэг контент бүтээгч: Б.Амарсанаа @aimarsanaa контентийн үүсгэн байгуулагч
- Шилдэг контент бүтээгч: Batbileg Ulzii (Ө.Батбилэг)
- Шилдэг контент бүтээгч: Б. Болорчимэг Бизнес өрөг нэвтрүүлэг