Шилдэг контент бүтээгчдийн энэ удаагийн дугаарт Positive Mongolians төслийн Түвшөө & Дөлгөөн хоёр оролцож байна. 2016 оноос хосын амьдралын хэв маягийг харуулсан Tuvshuu Dulguun Влог бичлэгийг эхлүүлж, одоо гэр бүлийн амьдралын влог болгон өөрчилж 3 дахь жилдээ үргэлжилж байна. Үүн дээрээ нэмж хосын жор, надтай хамт ном уншаарай, онлайн зөвлөмж, Tuvshuu болон Dulguun podcast, Big Big family зэрэг контентуудыг эхлүүлээд байгаа билээ.
Сайн байцгаана уу? Урилгыг минь хүлээн авсан та 2-тоо баярлалаа. Яг одоогийн байдлаар та 2 маань ямар контент дээр анхаарч ажиллаж байна вэ?
Positive Mongolians онлайн төсөл 2020 ондоо зөндөө ажил төлөвлөсөн. Корона гараад ажлаа 50%-тай хийсэн байна. 2021 онд өнгөрсөн оны ажлуудаа дуусгаад шинээр киноны ажилруу ороод байна. 2020 онд хосын жор контентоо хийж эхэлнэ гэж байсан боловч, Коронагаас болоод 2021 онруу орсон. Уншигчдадаа ч хэлэхэд Хосын жор 2 контентоо 10 дугаар хийнэ. Өмнөх 50 гаруй дугаараа сошиалаар хийдэг байсан боловч одоо эх орондоо ирсэн байгаа учраас 10 мундаг шилдэг хосдоо анх удаа синематик контентийг туршиж үзэхийг зорьж байна. Манай баг хамт олон маань синематик видео контент гэдэг зүйлийг сошиалд Хосын жор 2 дээрээ хийж үзэхээр бэлдэж байна.
Энэ маань нилээн сонин болохоор юм байна лээ. Бид судалгаа хийгээд, зураг авалт хийхэд үнэхээр гоё болохоор байсан.
Бидний эерэг Монголчууд гэдэг уриатай. 2016 оноос эхлэхдээ хамгийн анх юунаас эхлэж байсан бэ? Жижигхэн санаанаас эхэлж байсан уу? Эсвэл удаан хугацаанд төлөвлөсний үр дүнд эхэлсэн үү?
Бид 2 Шведэд амьдарч байсан. Түвшөөгийн хувьд театр, киноны найруулагчийн давхар мэргэжилтэй. Хэтэрхий удахаар тэр мэргэжил мартагдах гээд байсан учраас эхлүүлсэн. Тухайн үед контент гэдэг зүйлс байхгүй ч Шведийн тэр газар контент бүтээгч нар маш их байсан. Хамгийн анх бид 2 Шведийн Монголчууд гээд 3 цуврал контентийг хийсэн. Тэр контентийг Шведэд байсан Монголчууд үзээд үргэлжлүүлэх санал тавьсан. Тэр контентийнхоо ачаар ч бид 2 маш их зүйл мэдэж авсан.
Яг видео бичээд эдит хийхэд маш завгүй байсан учраас лайв контентийг үргэлжлүүлж хийж байсан. Тэр контентуудыг маань бусад Европын орны Монголчууд маань сайн үзсэн. Тиймээс бид 2 “зөвхөн Шведийн Монголчуудаар хязгаарлагдахгүй юм байна. Дэлхийгээр тархан суугаа энэ олон мундаг залуучууд байгаа юм чинь тэдэнтэйгээ Facebook-ээр холбогдсон контент лайв хийсэн нь зүгээр юм байна.” гэж бодсон. Ингээд “онлайн зөвлөмж” контентийг эхлүүлээд байсан.
Шведийн зурагтаар влогууд их гардаг байлаа. Хоёулаа влог хийж үзэхээр шийдсэн. Ингээд бидний зорилго анхнаасаа юм үзэж таньсан, сурч мэдсэн юмаа сошиал орчинг ашиглан найз нөхөд хүмүүст хуваалцах байсан.
Анхны влог хэрхэн эхэлж байсан бэ? Гар утсаараа хийж байсан уу? Мэргэжлийн камер ашиглаж байсан уу? Влог гэдэг техник хэрэгсэл, дуу, орчноос ихээхэн шалтгаалдаг. Энэ талаар хуваалцаач.
Шведийн телевизээр гардаг влогууд нь хэрхэн хийгдэж байгааг телевизууд мөн хажуунаас нь харуулсан. Тэр нь өөрөө телевизийн форматаар дараа нь влогийг яаж хийдгийг тайлбарлаж ярьдаг байсан. Тэр нь ганц бие ээж нарын тухай влог. Тэрнээс суралцаад “Аан, иймэрхүү камер ашиглавал зүгээр юм байна. Влогийг ингэж бичдэг юм байна.” гэх мэт ойлголтуудыг авсан. Мөн интернетээс өөр хүмүүс яаж влог хийж байгааг судлаад Монголын хувьд Mongolian’s Family гэдэг влог байсан.
Тэр хоёроосоо мөн суралцаад гар утсаар биш камераар хийе гээд интернетээс судалж байгаад хамгийн анх G7x camera гэдэг Canon-ийн камерыг авч влогоо хийж байсан. Сүүлд нь хүмүүсийг харахад гар утсаар хийж болохоор байсан байна лээ.
Positive Mongolians зөвхөн влог хийхээс гадна Хосын жор ном, подкаст, онлайн зөвлөмж, уншсан номоо хуваалцдаг контент байдаг. Энэ контентууд бие биенээсээ ургаж гардаг уу? эсвэл хийвэл зүгээр юм байна гээд нэмээд хийгээд байдаг уу?
Бидэнд 7 хоног бүр хийхэд хэцүү гээд шантарсан контент ч бий. Эхлээд одоо болтол хийж байгаа нь ч бий. Тухайн үед хэдэн дугаар хийгээд хангалттай гээд орхисон контент ч бий. Нийтдээ 10-аад контент хийж үзсэн байдаг. Одоо үргэлжлүүлээд тогтмол хийгээд явдаг нь яг 5 байна.
Ер нь контентууд бидний амьдралын хэв маягаас шалтгаалж гардаг. Жишээ нь, Бид 2-т хосын мэдээлэл зөвлөгөө дутмаг байна. Өөрсдийнхөөрөө ментор хийж болохгүй. Хаанаас мэдээлэл авч болох уу? гээд судалж үзэхэд яг хосуудад зориулсан зөвлөгөөний контент байгаагүй.
Номын хувьд дандаа орчуулгын ном л байсан. Хичнээн Шведэд амьдарч байгаа ч монгол хэл дээрх зөвлөгөөг хаанаас олохоо хайж үзээд “Яагаад өөрсдөө хийж болохгүй гэж” гэж бодсон. Энэ хэрэгцээнээс тэр контент үүссэн. Контентоо хийж байтал хүмүүс зөвхөн үздэггүй, зарим нь уншихыг хүсдэг гэдгийг мэдээд хэвлэмэл буюу номоор контентоо гаргасан. Нийт 50 гаруй дугаар буюу 1 дугаар нэг цаг гэвэл 50 гаруй цаг. Тийм их цагийг 1 хүн контент үзэхэд зарцуулахгүй.
Тиймээс ном өөрөө бүгдийг эмхтгэж, хүмүүс ч их асууж байсан учраас албан ёсоор номоо гаргасан. Ингээд цаашлаад хүүхэд маань том байсан учраас бага хүүхэдтэй айлуудын талаар анзаарахгүй байж байгаад хүүхэдтэй болсон чинь “Яаж өсгөх вэ?” гэсэн асуудлууд тулгарсан. Хүмүүс “Япончууд, Америкчууд ингэдэг, эхний 3 жил чухал байдаг” гэх мэт янз бүрээр зөвлөж байсан. Тэгээд харахаар хүүхэд хүмүүжлийн контент мөн Монголд маш дутмаг байгаа нь харагдсан. Энэ талаар орчуулгын ном бол маш их уншсан ч ойлгомжгүй л байсан.
Ингээд хүүхдэдээ аль нэг аргыг нь бариад мундаг байгаа хүмүүстэй ярилцаж, түүнээс Big Big Family гээд хүүхэд хүмүүжлийн контент урган гарсан. Өмнө нь бол бид 2 хоорондоо ярилцаад шийдчихдэг байсан. Гэхдээ хоёрхон хүний үзэл бодол яриад л дуусах учир салбар салбарын өөр хүмүүс хэрэгтэй байгааг мэдэрсэн.
Жишээ нь, Түвшөөгийн хувьд шинжлэх ухааны талаар судалж, тархи яаж ажилладагыг ойлговол юм сурч авах, өөрсдийн сэтгэл санааг ойлгоход ч чухал болно гээд үүгээр дагнаж подкаст хиймээр байна гээд хийсэн.
Мөн эрчүүд хоорондоо үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй юм байна. Хэдий өөр өөр гэр бүлтэй, өөр өөр амьдралтай, өөр өөр оронд байгаа ч 3 найзаараа нийлээд тогтмол үзэл бодлоо ярилцаж, бие биенээсээ суралцан үзэгчдийнхээ сэтгэгдлээс ч мэдмээр байгаа зүйлсийг нь мэдэрсэн. Ингээд дандаа хэрэгцээнээс улбаалж, контентууд гарч ирсэн. Шууд судалгаагүй, хэрэгтэй үгүйг нь мэдэхгүйгээр эхлүүлээгүй.
Бид 2-ыг анх эхлэхэд хүмүүс влог гэдгийг мэдэхгүй байсан учраас “Яагаад энэ хоёр амьдралаа үзүүлээд байгаа юм бэ? Хэнд хамаатай юм бэ?” гэсэн хандлагууд аягүй их байсан. Сүүлдээ яаж влог хийх вэ? гэж асуух нь ихсээд эхэлсэн.
Үүнд хамгийн түрүүнд зөвлөхөд, влог хийж эхлэх гэж байгаа бол яг юуны чиглэлээр гэдгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй. Тэр бол хамгийн чухал. Бид хоёрынх бол гэр бүл. Гэр бүл дотроо задраад хосын харилцааг авч үзсэн. Яг тэрэнтэй адилхан 10 жилийн хүүхдүүд эсвэл оюутан ч юм уу? яг чиглэлээрээ сегментээ тодорхойлчих юм бол яг талруугаа судалгаагаа хийгээд тэр талруугаа гоё материал цуглуулаад ч юм уу? тэр талруугаа юмаа хийгээд ирэхээр хийж буй влог нь ч тэр амттай болж, үзэж буй хүмүүст ч аягүй гоё болоод түүндээ урамшаад цаашаа яваад байдаг.
Камераа авчихсан, юу хийх нь тодорхойгүй бол ярьж байхдаа ч эвгүй мэдрэмж төрдөг. Өөрөө ярих зүйлсээ тодорхойлвол ар араасаа ундраад эхэлдэг.
Жишээлбэл, 10 жилийн хүүхэд ахлах ангийнхны талаар ярих сэдэв нь тодорхой бол ахлах ангийнхан юу сонирхдог талаар өөрөө камераа бариад явахаар ярих юм нь ч гэсэн араасаа хөврөөд байдаг.
Үүний араас 1 том юм нь юу вэ? гэхээр монтаж гэдэг юм байдаг. Сэдэв, ярих зүйлс тодорхой бол яг түүнрүүгээ чиглэсэн гол гол дүрсээ түүж аваад монтаж хийчихдэг. Тэгээд тэрэн дээрээ чимэг болгож ая тавиад render хийгээд гаргахад влог хийх бол маш амархан. Тиймээс зөв сэдэв, зөв сегментээ олох нь л хамгийн чухал.
Влогоо та хоёр өөрсдөө эвлүүлдэг үү? Эсвэл мэргэжлийн хүнтэй хамтарч ажилладаг уу?
Влогийнхоо эвлүүлгийг бид 2 өөрсдөө хийдэг. Яагаад гэхээр бид 2-ын амьдралын хэв маяг, зан араншин буюу Дөлгөөн & Түвшөө 2 үнэртэх ёстой учраас өөр хүнээр хийлгэчихвэл өөр болчихно гэж боддог. Үнэртүүлэх гэхээр хүмүүс гайхаад байж магадгүй. Гэр бүлийн влог учраас гэр бүлийн уур амьсгал зэргийг бид 2 л өөрсдөө сайн мэднэ.
Би магадгүй машиний холбогдолтой влог хийж байгаа бол тэрийгээ өөр хүнээр монтажлуулж болно. Тэр хүн ч өөрөө энэ энэ хэсгийг нь оруулчихъя, тэгвэл машинаа харуулна гээд түүгээд түүгээд хийчихнэ. Гэр бүл учраас амьдралынхаа хэв маягийг харуулж байгаа түүнийгээ өөрсдөө аягүй сайн гаргаж өгдөг.
Влогийн эвлүүлгээ ямар програм ашиглаж хийдэг вэ?
Adobe Premiere Pro-г ашигладаг. Гэхдээ заавал үүнийг ашиглах албагүй. Эхний ээлжид iMovie зэргийг ашиглаад хурдан хийж болно. Харин илүү нарийн, жижиг сажиг зүйлсийг хийх боломжгүй байдаг. Үйлдлүүд нь хязгаарлагдмал. Adobe Premiere Pro-д нарийн зүйлс нь байдаг. Чадахгүй зүйлсээ Youtube дээрээс хараад сурч болно.
Ашиглахгүй бол мартчихдаг. Эргээд хэрэглэх бол ахиад Youtube-ээ үздэг. Анхан шатны эхэлж буй хүмүүс iMovie-ээс эхлэвэл нэгдүгээрт үнэгүй. Тэгээд ойлгомжтой байдаг. Дүрсээ тасална, аяаа тавина. Ингэхээр Adobe Premiere Pro эсвэл Edius зэрэг мэргэжлийн програм руу ороход анхан шатны ойлголттой учраас амар сурдаг.
Тэгэхгүй бол аймар мэргэжлийн юм руу орчихоор эдит хийнэ гэдэг ямар хэцүү юм бэ, хаашаа яаж орох уу? гээд толгой эргэчихдэг. Манай хамаатны 40 настай эгч маань бас влог хийдэг. Анх програм ашиглахад хэцүү байсан учраас iMovie-ээс эхлээд, бүгдийг нь заалгаад заалгасангаа бичлэг болгож хадгалаад тэрийгээ дахин дахин үздэг. Тэр бичлэгээ дахин дахин үзсээр байгаад өнөөдөр мундаг влогчин болсон.
Влогт thumbnail, тайлбар текст гэх мэт жижиг зүйлс ч их чухал байдаг. Өөрсдөө мэдрэмжээрээ оруулчихдаг уу?
Анх бид 2 огт анхаардаггүй байсан. Бичлэгийнхээ аль нэг сонирхолтой харагдсан хэсгийг л thumbnail-аар сонгочихдог байсан. Тэгээд байж байтал Youtube-ээс сар болгон мэйл ирдэг байсан. Youtube дээр энэ сард ийм бичлэг тренд боллоо гэх мэт. Тэрийг үзсэнээр цаг үеэсээ хоцрохгүй байж чаддаг байсан. Тэр мэйлүүд дээр thumbnail гэсэн бичиг хэдэн сар дарааллаад гарч ирэхэд ерөөсөө тоохгүй яваад байсан.
Thumbnail-ээс шалтгаалаад хүмүүс бичлэг үзэх үзэхгүй нь шалтгаалдаг гэсэн байсан. Тэгээд шууд thumbnail-тай хийж сурах хэрэгтэй юм байна гэж ярилцаад бусад контент бүтээгчдийн Youtube хуудасруу орж үзсэн.
5 minut craft суваг руу ороход шууд харагддаг. Бүхлээрээ өөрийн гэсэн өнгө төрх, хэв маяг, онцлогтой байдаг. Бид 2 ч гэсэн өөрсдийн гэсэн онцлогийг бий болгох ёстой юм байна гэж шийдсэн. Ингээд бусад хүмүүсийг дуурайж эрээн мяраан хийхгүйгээр, өөрөө ч цагаан өнгөнд дуртай болохоор background-ийг нь дандаа цагаан хийдэг.
Заавал булан тохойд нь лого тавихгүйгээр өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө байх гэж хичээж байгаа. Гэхдээ дандаа 1 хэвийн байгаад байхаар өмнөх дугааруудтай андуурагдах гэх мэт асуудлууд гарах гээд байсан учраас аль болох ойр ойр өөрсдөдөө update хийж, бусад хүмүүсийн туршлагаас сурч авахыг боддог.
Бусад контентийн үзэлтийг мөн маш сайн хардаг. Дагаад thumbnail-ыг нь хардаг. Зөвхөн өөрийнхөөрөө ингээд л болно гээд орхиод байж болохгүй санагдсан. Онол шиг яг тийм, яг ийм гэсэн юм хэзээ ч байхгүй. Яагаад гэхээр байнга л өөрчлөгдөж байдаг.
Веб сайтаа мөн их идэвхтэй ажиллуулж байгаа. Гаднын оронтой харьцуулбал Монголд веб сайт арай бага хэрэглээтэй харагддаг. Та 2 өөрсдөө хөгжүүлдэг үү? Эсвэл мэргэжлийн хүнд даатгадаг уу?
Веб сайтын хувьд хамгийн анх хүнээс тусламж авсан. Таны хэлдгээр үнэхээр Монголд веб сайт хандалт их бага байдаг. Тэрэн дээр цаг зарцуулах гэхээр хүн орохгүй байгаа зүйл дээр хамаг цагаа зарцуулах болох гээд байдаг. Харин Facebook, Instagram -д бэлэн үзэгчид байдаг. Тиймээс одоогоор байнгын идэвхтэй биш ч гэсэн ирээдүйд арай өөр байдлаар ашиглахаар төлөвлөж байгаа.
Залуучуудад хэлэхэд блог хөтлөх, нийтлэл бичих сонирхолтой ч юм уу? Яг үнэхээр веб сайт хөтөлье гэвэл төлбөрөө төлөөд ажиллуулаарай. Хэмжээ багтаамж, хийцээсээ авахуулаад төлбөр янз бүр шүү дээ. Тиймээс зөвхөн видео контент хийдэг нийтлэл, блог бичдэггүй бол заавал веб сайт хөгжүүлэх хэрэггүй юм шиг санагдсан.
Подкаст хийхдээ ямар төхөөрөмж ашиглаж байна вэ?
Подкастыг онлайнаар хийж болно. Уулзаж байгаад нүүр нүүрээ хараад ч хийж болно. Подкастыг өөрөө хөтлөөд явж байгаа хүн өөрөө гоё мэдрэмж өгч байвал тэрийг үзэж байгаа хүн ч өөрөө гоё мэдрэмж аваад явна. Тиймээс би онлайнаар хийхээс илүүтэй нүүр нүүрээ хараад хийж байгаа.
Онлайнаар хийснээс илүү амьд харилцаа үүсгэх нь илүү их хүмүүст хүрдэг. Мөн хөтөлж байгаа хүний хувьд ч ярьж байгаа зүйлээ ойлгоход хүрдэг юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.
Подкастынхаа өөрийнх нь утга агуулгыг маш сайн ойлгоод авчихвал радио нэвтрүүлгээс ямар ялгаатай вэ? бусад контентуудаас ямар ялгаатайг ойлгочихвол техник төхөөрөмжөөс ч илүү чухал санагддаг. Яагаад агуулгыг түрүүнд нь яриад байгаа вэ? гэхээр манайхан контент бүтээхдээ хамгийн түрүүнд техникдээ санаа зовоод байдаг.
Техникээ бүрдүүлсний дараа “За одоо юу хийх вэ?” гээд агуулгаа орхисон байдаг. Эхэлж агуулгаа тодорхой болгоод тэрэндээ зориулж техникээ авбал нэгдүгээрт хямдхан тусна, хоёр дугаарт зөв техникээ авна.
Тиймээс подкаст хийх гэж байгаа хүн байгаа бол яг юуны тухай подкаст хийх вэ? хамгийн ихдээ хэдэн зочин байх вэ? гэдгээ сайн тодорхойл. Үүнээс улбаалаад тоног төхөөрөмж, нэр нь хүртэл тодорхой болоод эхэлдэг.
Нэг сэдэв дээр 3-4 хүн сууж байж, үзэл бодлоо илэрхийлж дундаас нь юм гарч ирэх юм байна гэж үздэг. 3, 4 хүн суугаад үзэл бодлоо хуваалцвал надад ZOOM их аятайхан санагддаг. Надад ZOOM H6 байгаа. Сүүлд ZOOM H8 гарсан байсан. ZOOM бол 7, 8 хүн ч зэрэг суугаад recording хийх боломжтой мундаг төхөөрөмж л дөө. Тиймээс подкаст хийх гэж байгаа хүмүүст ZOOM-ыг сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна.
Зөвхөн Түвшөө & Дөлгөөн гэдэг 2 хүн энэ бүх контентуудыг хийдэг үү? Эсвэл бүхэл бүтэн баг хамт олон байдаг уу?
Өмнө нь бид 2 зөвхөн хоёулханаа байдаг байсан. Одоо бол бид багаараа ажиллаж байгаа. Хоёрхон хүн хардаг байсан зүйлийг арай олуулаа харахаар “Энэ нь зүгээр юм байна. Тэр нь зүгээр юм байна.” гээд. Бэлэн болсон влогоо үзээд “Энэ хэсэг нь эвгүй харагдаж байна.” гээд олон хүмүүсийн санал ороод ирэхээр илүү чанарждаг гэж хэлж болно.
Хэрэггүй хэсгүүд нь цэвэрлэгдээд яг хүмүүст сонирхолтой, хүмүүст хүрэх ёстой хэсгүүд нь орж чаддаг. Тэгэхгүй бол өмнө нь нэг нь эвлүүлгээ хийгээд оруулчихаар яг тэр хүний л үзэл бодлоор хийгддэг байсан.
Баг бүрэлдэхүүнд нь одоо ямар ямар хүмүүс ажиллаж байна вэ?
Одоо манай багт маркетингийн менежер, нягтлан, үйл ажиллагаа хариуцсан менежер, эвлүүлэгч, оператор байгаа. Нэмэлтээр бусад контент дээр хэрэгтэй гэвэл найруулагч.
Бид хоёроос гадна манай Friends гээд контентийг үзвэл манай 2 найз бий. Бид 2 гаргаж буй контент болгоныхоо ард өөрсдийн нүүр царай болохоор шинэ дүр төрхүүдийг илүү гаргаж тэдгээрээр дамжуулж өөрсдийн хэлэх гэсэн санаануудаа илэрхийлнэ гэсэн бодолтой байгаа.
Зөвхөн Түвшөө & Дөлгөөн хоёр ярихаас гадна манай Мөөгий & Ариука хоёр маань гарч ирээд. Түүгээрээ илүү өсөх гээд. Ерөөсөө л бидний зорилго 1 учраас тэр. Үүндээрээ ч 2021 ондоо фокуслаад ажиллаж байна даа.
Бэлэн болсон контентуудаа Facebook, Instagram, Youtube мөн веб сайт сувгуудаар цацагдаж байна. Энэ сувгуудын тус тусын ялгаа онцлог, хандалт ямар байдаг вэ?
Контент бүрийн онцлогоос шалтгаалаад аль платформ дээр илүү үзэлттэй байх вэ? гэдэг нь яг ялгаатай байдаг. Жишээ нь, Хосын жорыг Facebook – ын үзэгчид түлхүү үздэг. Youtube дээр илүү энтертайнмент контентууд тохирдог. Илүү залуучуудын сонирхох контент ч юм уу? Big Big Family контентод хүүхдийн хүмүүжлийн тухай ярихаар Facebook дээр илүү үзэлттэй байдаг.
Энэ нь тухайн платформыг ямар насныхан илүү сонирхож хэрэглэж байгаагаас шалтгаалаад үзэлтүүд нь өөр өөр байдаг. Мөн контентийн үзэлт нэмэгдэх тусмаа haters-үүд буюу үзэн ядагчид нэмэгддэг. Бидний хийж буй контентууд 100% бүх хүмүүст таалагдахгүй. Өмнө нь нэг хоёрхон хүн дургүй байсан бол үзэгчид нэмэгдэх тусам 10 хүн, 100 хүн дургүй болдог. Яагаад гэвэл бидний контент 100% бүх хүнд таалагдах албагүй. “Энэ контентийг ингээд хийчихгүй яасан юм.” гэдэг хүмүүс байж л байдаг.
Контент бүтээх гэж буй залуучууд байвал контент чинь сайн байвал магтах хүний тоо ч, муулах хүний тоо ч нэмэгдэнэ. Тиймээс сэтгэл санаагаа үргэлж бэлэн байлгаж байх хэрэгтэй.
Мөн бидний хийж буй контентийн чиглэл нийтэд зориулсан юм уу? цөөхүүлд зориулсан юм уу? гэдгээ анхнаасаа ойлгох ёстой юм байна лээ. Жишээ нь, Тархины шинжлэх ухаан ярьж байхад олон нийт угаасаа сонирхохгүй. Шинжлэх ухааны зүйл яригдаж байхад тэрийг үнэхээр сонирхдог цөөхүүл нь л сонирхоно.
Тиймээс угаасаа цөөн хүнд зориулж байгаагаа ухамсарлаад цацагдсаны дараа хүн үзсэнгүй гэж бухимдах ч хэрэггүй. Яагаад гэвэл цөөн хүнд зориулагдсан учраас. Хүүхдийн хүмүүжлийн тухай контент гаргаж байгаа бол хүүхэдтэй хүмүүс л үзнэ. Залуучууд бол үзэхгүй. Хүн болгоны сонирхох хоолны тухай контентийн үзэлттэй харьцуулж сэтгэлээр унах ерөөсөө хэрэггүй.
Яагаад гэвэл хоолны контентийг хүн бүр л сонирхоно. Харин хүүхдийн хүмүүжлийг хүүхэдтэй дотроо тэр тусмаа хүмүүжилд нь анхаарч байгаа хүмүүс үздэг. Тэгэхээр контентийн үзэлт биш агуулга нь үнэ цэнэтэй болоод явчихдаг.
Тиймээс цөөхөн хүнд зориулагдсан бол заавал олон хүнд хүргэх гэж хичээхгүйгээр агуулгаа чанартай хийхэд л анхаарах ёстой гэдгийг ойлгож байгаа.
Сүүлийн үеийн судалгааг харахад мөн энэ чиглэлийн контент бүтээдэг найзуудтайгаа уулзаад ярихад 2020 бол контент үздэг хүмүүсийн хувьд сая 2 сар гаран гэртээ байгаад бүхий л контентийг үзсэн.
Эндээс нэг зөв гаргалгаа гарч ирэхэд, 2021 онд контент бүтээгчид хумигдаж эхлэх юм байна гэж гарч ирсэн. Өмнө нь контент болгон үзэгчтэй байсан. 2020 оны сүүл болоод ирэхэд үзэгч юу үзэх, юунд цагаа зарцуулах уу? миний сонирхол юу вэ? гэдгээрээ контентоо сонгож үзэх чадамжтай болсон байсан. Үзэгчид боловсорсон учраас түүн дээр л тохирсон контент хийх ёстой юм байна лээ.
Өмнө нь контент оруулангуут л үздэг байсан бол одоо яг гэр бүл, хүүхэд хүмүүжлийн талаар сонирхсон хүмүүс л үзнэ. Энэ салбарт орж ирж контент бүтээх гэж байгаа хүмүүс байвал энэ талаар маш сайн бодоорой.
Шууд олон хүнд хүрнэ гэдэг нь өөрөө 2 янзын ойлголт байдаг. Нэг тавьсан контент нь олон хүнд хүрч болно. Бүр тавьсан болгон нь үзэгчтэй байна гэвэл энэ нь өөрөө амжилт. Нэг контент орууллаа тухайн хүн нь ч юм уу? сэдэв нь ч юмуу? аль нэг нь өсөлттэй байж болно. Тэрийгээ яаж дандаа тийм үзэлт сайтаа байлгах уу? тэрэндээ л төвлөрч контентоо бүтээх хэрэгтэй.
Энд ялангуяа маркетингийн талаар яригдаж байгаа юм чинь шинээр контент бүтээх гэж байгаа залуучууд маань юун дээр анхаарах вэ? гэхээр цаг тутамд 30000 цагийн бичлэг буюу өдөрт 720000 цагийн бичлэг Youtube-д upload хийгдэж байдаг. Тэр бичлэгүүдийг бид цагаар нь тооцоод үзэхээр насаараа үзээд ч барахгүй их бичлэг байдаг.
Тэгэхээр дэлхийн өнцөг булан бүрээс Youtube-д орж байгаа бичлэгүүд дунд өрсөлдөнө гэсэн үг. Нэгэнт л хүний амьдралын цагийг авч байгаа юм чинь тодорхой хэмжээний хүнд ойлголт, хэрэгтэй зүйлийг өгөх хэрэгтэй. Тийм учраас бид олон төрлийн контент хийж үзэж байгаа зорилго нь тэр.
Контент бүтээгчдийн хувьд байгууллагуудын маркетинг дээр хэрхэн хамтарч ажилладаг вэ?
Үүн дээр үзэгчид маань нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Контент бүтээнэ гэдэг өөрөө ажил байдаг. “Амьдралаа яриад, сошиал дээр амьдраад байх юм. Ажил хийгээч” гэдэг хандлага байдаг. Хүмүүс ойлгохгүй байх нь аргагүй. Манай Монголчуудын хувьд шинэ зүйл. Үүнийг ажлаа болгоод, бизнес модел болгоод явж байгаа хүмүүс олон байна.
Мэдэхгүй байгаа хүмүүс хүлээн зөвшөөрөх цаг нь ирсэн. Магадгүй өмнө нь реклам, зар сурталчилгааг зөвхөн ТВ-ээр үздэг гэж ойлгодог байсан бол одоо энэ нь бүхэл бүтэн салбар болж гарч ирж байна.Үүнийг үзэгчид болон бизнес эрхлэгчид ч ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна.
Өнөөдөр би гутал зардаг байлаа гэхэд ТВ, радиод рекламаа өгөхөд илүү хүнд хүрч байна уу? сошиалд байгаа хүмүүст өгвөл олон хүнд хүрч байна уу? тэр талын судалгаагаа ч өөрөө маш сайн хийх хэрэгтэй.
Сошиал орчинд байгаа хэрэглэгчид ч ТВ, радио үздэг сонсдог хүмүүсээс илүү хэрсүү. Яагаад гэхээр маш олон талын мэдээллийг авч байгаа учраас. Тиймээс хэрсүү үзэгчдэд хэрсүү маркетинг хийвэл гутал ч амжилттай борлогдоно. Энэ тал дээрээ маш сайн тунгааж маркетингаа хийх хэрэгтэй.
Хамгийн бодитой зүйл бол судалгаа хийх хэрэгтэй. Мэдрэмжээрээ хандаж болохгүй. Тэр нь юу гэсэн үг вэ? гэхээр эвлүүлгээ тиймхэн хийчихлээ гэх мэт эсвэл хүмүүсийн сөрөг сэтгэгдлийг уншаад өөртөө таагүй ханддаг. Эдгээрээс хамгийн чухал зүйл нь үзэлт байдаг. Үзэлт өсч байна гэдэг нь хүмүүс сонирхож байна гэсэн үг.
Тиймээс Facebook болон Youtube сувгийнхаа анализийг тогтмол харж байх нь зүйтэй. Үзэлт унах, ихсэх нь хувиар харагдаж үзэгчдийн нас хүртэл харагддаг. Жишээ нь, Шведэд байхад гадаад үзэгчид их байсан бол Монголд ирсний дараа Монгол үзэгчид эрс нэмэгдсэн.
Тэр тайлан, стастистикээ харах нь хаашаа чиглэх хэрэгтэйгээ бодитоор нь харж байдаг. Коммент уншаад “надад чихэрний тухай үзүүлээч” гэхээр тэрнийх нь дагуу нэг хоёрхон хүний сэтгэгдлээр хуумгай хандаж болохгүй.
Мөн нийт контент бүтээгчдэд зориулж ярьж байгаа учраас нэг зүйлийг маш сайн ойлгоосой гэж хүсч байна. Нэг контентийг 1000 хүн үзээд 100 нь сэтгэгдэл бичлээ. Тэр 100 хүний 80 хүн нь “таалагдаж байна” гэж сэтгэгдэл үлдээхэд 10 хүн нь “ёстой хогийн контент байна” гэдэг. Тэгэхээр алин дээр нь төвлөрч цаашаагаа явах уу? гэдгээ маш сайн бодох хэрэгтэй.
Манай контент бүтээж буй залуучуудын 1 алдаа нь тэр 10-таа зориулаад байдаг. Тэгэхээр хэдэн хувь нь ямар сэтгэгдэлтэй байгааг маш сайн тооцох хэрэгтэй.
Баярлалаа. Өнөөдрийн ярилцлагаас контент бүтээнэ гэдэг хэн ч хийж болох бөгөөд гол нь үнэ цэнтэй, зорилготой байх хэрэгтэй гэдгийг ойлгож авлаа. Туршлагаасаа хуваалцсан та хоёртоо баярлалаа. Ажилд нь амжилт хүсье!
Бусад ярилцлагууд:
- Шилдэг контент бүтээгч: Д. Батбаяр /@tippytop_official контентийг бүтээгч TUG network компанийн гүйцэтгэх захирал/
- Шилдэг контент бүтээгч: Түвшөө & Дөлгөөн /Positive Mongolians төсөл/ контент бүтээгчийн туршлага
- Шилдэг контент бүтээгч: Б.Амарсанаа @aimarsanaa контентийн үүсгэн байгуулагч
- Шилдэг контент бүтээгч: Batbileg Ulzii (Ө.Батбилэг)
- Шилдэг контент бүтээгч: Б. Болорчимэг Бизнес өрөг нэвтрүүлэг