Сайн байцгаана уу? Өнөөдрийн зочин бол киноны дүрс, бичлэгт дуу оруулах байдлаар сонирхолтой, өвөрмөц Batbileg Ulzii контентийг бүтээгч Ө. Батбилэг оролцож байна.
Дуу оруулна гэдэг төрөлхийн авьяас байдаг уу? Удаан хугацааны бэлтгэлийн үр дүнд бий болсон ур чадвар, туршлага байдаг уу? энэ талаар бид өнөөдөр ярилцах болно.
Сайн байна уу? Таны ажил сайн уу? Манай уншигчид таныг маш сайн мэднэ. Ойрын үед төвлөрч ажиллаж буй ажлаасаа хуваалцаач.
Намайг Батбилэг гэдэг. Манай аавыг Өлзий гэдэг. Хүмүүс андуураад байдаг. Анх контентоо эхлүүлэхдээ Facebook нэрээрээ өгчихсөн. Миний хувьд одоо чөлөөт уран бүтээлч. Бие даан ганцаараа соло тоглолт хийгээд контент хийгээд явж байна.
Таны контентийг юу гэх вэ? Дуу оруулалтын контент гэх үү?
Тиймээ, дуу оруулалтын контент гэнэ. Би чинь их сонин хүн шүү дээ. Юмны араас их олон жил дуугарсан хүн. Эхнээс нь ярих юм бол 2011 оноос 2018 он хүртэл радиогоор явсан. FM радиогийн хүн. Тэнд найруулагч хийж байгаад радиогийн микрофоны ард тодорхой хэмжээнд өөрийгөө нээж олсон. Дуу хоолой гэж юу байдаг талаар мэдэж, ярианы баялагтай болж их зүйл сурсан.
Тэгж явж байгаад 2018 оноос чөлөөт уран бүтээлч болоод Batbileg Ulzii контентийг эхлүүлээд 4 дэх жилээ болж байна. Үндэс суурь нь юу байна вэ? гээд эргээд харахаар FM радиогоос их юм олж сурсан.
Таны энэ дуу оруулалт төрөлхийн авьяас юм уу? Хөгжүүлбэл ийм ур чадвартай болох боломжтой юу?
За би яг өөр дээрээ яръя. Бусад хүмүүсийг сайн мэдэхгүй байна. Учир нь би яг мэргэжлийн дуу оруулагч биш. Мэргэжлийн хүмүүс бол номыг нь сураад, ногоотой шөлийг нь идээд гэдэг шиг хичээл сургуульд нь сурч 4 жилийг дүүргээд гарч ирж байгаа шдээ. Миний хувьд юмнаас салаалуулж салбарлуулж хийсэн зүйл учраас яг нарийн онолын түвшинд ярьж мэдэхгүй байна.
Товчхондоо энэ бол миний багын мөрөөдөл. Хамгийн сонирхолтой нь би мөрөөдлөөрөө амьдарсан хүн. Хүн бүрт бардам хэлж чаддаг зүйл нь “Би мөрөөдлөөрөө өдийг хүртэл дуртай зүйлээ хийж яваа.” Хүмүүс хэлдэг шүү дээ. Хүн дуртай зүйлээ хийж чадвал амжилтад хүрдэг гэж. Бүр 1-р ангиасаа маш багаасаа байхаасаа эхлүүлсэн.
Яасан гэхээр манай ээж хэлдэг. Тусдаа өрөөндөө толины урд зурагтын удирдлага барьчихсан өөрөө өөртэйгөө яриад сууж байдаг байсан гэж. Тэр маань даамжраад 3-р ангидаа ороод тухайн үед FM их сайн хөгжсөн байсан. Тэр үед чихэвчээ зүүгээд унтчихдаг байсан. Шөнөжин FM сонсоод унтчихдаг. Найзуудтайгаа гадаа тоглохгүй.
FM-ийн цаана явж байгаа хүний хоолой зүгээр л надад гайхамшиг. “Ямар гоё хоолой вэ? Энэ хүмүүс яагаад ийм гоё ярьдаг юм болоо?” гээд 3, 4-р ангиасаа мөрөөддөг байсан. Тэгээд амьдралдаа анх удаа 7-р ангидаа ажилд орж байсан. Тэр нь FM радио. 7-р ангийн хүүхдийн хоолой “жон жон” гэсэн юм л байгаа шүү дээ. “За бүгдээрээ сайн байцгаана уу?” гээд анх удаа, нүүр час улаан болоод хөтөлж үзэж байсан.
Товчхондоо ингээд базвал энэ бол миний мөрөөдлийн ажил. Би насан туршийнхаа дуртай зүйлээ хийж яваа. Тийм болохоор магадгүй илүү сайн, удаан шантрахгүй контентоо хийж яваа байх.
Үүнийгээ урьдчилан бэлддэг үү? Эсвэл цаанаасаа сэдэв санаа төрөөд өөрийн эрхгүй яриад ундраад эхэлдэг үү?
Сайхан асуулт байна. Баярлалаа. Би багадаа их ноомой, ёстой үг унадаггүй хүүхэд байсан. Даруухан, хичээл номдоо явдаг. Манай ангийн хүүхдүүд гайхдаг байсан. Аягүй сонин. Анги дээр үг дуугардаггүй мөртлөө, FM сонсохоор чи их өөр байдаг гээд. Надад ярианы баялгийг FM радио л зааж өгсөн. Багшаас ярианы баялагийн хичээл гэж айхтар сураагүй. FM радио өөрөө намайг задлаад өгчихсөн.
Хэрэв ярианы баялагтай болохыг хүсч байгаа хүн байвал олон нийттэй маш сайн харилцах хэрэгтэй болов уу? гэж бодож байна. Магадгүй өөрийнх нь хүсэл мөрөөдөл ТВ, радио байдаг бол ярианы чадамжаа тэр чиглэлээр хөгжүүлэх боломжтой байх. Сүүлийн үед харин ийм төрлийн ярианы урлагын сургалтын төвүүд их нээгдсэн.
Миний хийж байгаа контентийн хувьд яагаад бага зэрэг хүнд хүрээд байна? үгний сонголтуудыг яаж хийгээд байна вэ? гэхээр би өөрөө маш удаан боддог. Тэр бүр сонгоод байдаггүй үгнүүд сонгодог. Энэ маань миний хийж ирсэн ажил дээр их суурилдаг. Яагаад гэхээр би 10 жил рекламын хоолой уншиж яваа хүн. Тэгэхээр рекламын хоолой уншдаг хүн чинь үгэн дээр их тоглолт хийдэг.
“Өглөө сүүний өгөөж нь илүү” гээд уншихаар яг “өгөөж” гэдэг дээр гол үг нь байна уу? “өглөө сүү” дээрээ гол үг нь байна уу? гээд үг дээрээ их анхаардаг. Дээрээс нь би 10 жилийн хугацаанд ихэнх нь FM радиогийн реклам хийсэн. FM радиогийн реклам өөрөө үгээ зохиодог. Дүрс байхгүй, үгээр л хүнийг татдаг.
Сонирхуулаад хэлэхэд би 2016 онд FM радиогийн “Оны шилдэг найруулагч” болж байлаа. Маш их реклам хийсэн тоогоороо л доо. Гэх мэтчилэн хийдэг байсан ажил маань л надад их хэрэг болсон. Ажлын онцлогоор FM радио дээр үг зохиосоор байгаад өдөрт 4-5 реклам хийнэ. Үгэн дээрээ өөрөө их боддог байсан болохоор магадгүй би тэрийгээ FM радиогоос гадна дараа нь сошиал контентод маань их тус болсон гэж боддог.
Хоолой маш чухал байгаа шүү дээ. Хоолойгоо та юугаар бичдэг вэ? Их гоё цэвэрхэн сонсогдож байсан. Ямар төхөөрөмж ашигладаг вэ?
Миний ашигладаг төхөөрөмжийг хөгжимийнхэн сайн мэдэх байх. Энгийн M Audio гээд төхөөрөмж байдаг. Ер нь бол гитарын хөгжмийг бичдэг жижиг төхөөрөмж байдаг.
Програм нь бол энгийн програм Audition гэдэг програм байдаг. Микрофон их чухал. Тайз дэлгэцийн хүмүүс ч бүгд мэдэж байгаа. FM-д олон жил ажилласан болохоор хамгийн сайныг нь сонгох гэж хичээж байгаа. Одоо болтол гэрээсээ ажилладаг. Нэг өрөөгөө тэр чигээрээ оффис болгоод ашигладаг.
M audio гэх мэт бусад төхөөрөмж нь Монголд хаана байдаг вэ? Эсвэл заавал гаднын орноос захиалах уу?
Үүнийг хүн болгон хэрэглэх боломжтой. “Цэцэг” худалдааны төв дээрээс ч авах боломжтой. Яагаад гэхээр энгийн Shure брэндийн микрофон. Гол юм нь юундаа байна гэхээр би өөрөө олон жил ажилласан учраас хэзээ, хаана нь ямар эффект өгөх гэдгээ мэддэг болчихсон. Шинээр эхэлж буй хүмүүс бол микрофон тавиад компьютероо холбоод бичээд, дараа нь сонсохоор жоохон тиймхэн сонсогдоно.
Тиймээс би өөрөө програм ашиглан яаж цэвэрхэн дуутай болгох вэ? Шум, бусад чимээг нь хэрхэн шүүх вэ гэдгээ олон жилийн өдөр тутмын бараг л дадал болсон ажил учраас тэрийгээ илүү сайн мэддэг, хийдэг тэгээд цэвэрхэн сонсогддог болов уу гэж боддог.
Аудио контент хийх сонирхолтой манай уншигчид байж болно. Тэдэнд хандаж хэлэхэд энэ төрлийн контент хийхэд хамгийн чухал зүйл нь юу вэ?
Ер нь бол би хүн болгон боломжтой гэж боддог. Хүн бүр өөрөө зориод хичээвэл боломжгүй зүйл гэж байхгүй. Надад бол реклам уншина гэдгийг хэн ч зааж өгөөгүй. Би зүгээр өөрөө л сурсан. Багаасаа хүмүүсийн хоолой уншиж байгааг сонсоод “Ямар гоё бүдүүн, ямар гоё сүртэй уншдаг юм бэ?” гээд хүнд яаж хүргээд байна гэдгийг өөрөө олон удаагийн давтамжтай сонссоор байгаад сурсан учраас хүн бүрийг оролдоод үзвэл чаддаг болно гэж бодож байна.
Нэмээд хэлэхэд ийм контентийн хувьд мэдрэмж чухал. Хүн бүр өнөөдөр яагаад дуучин болохгүй байна? Хүн бүр яагаад контент бүтээгчид болохгүй байна? гэхээр үнэхээр тэр зүйлд дурлаад мэдрэмжтэй байж байж л хийх байх.
Монголд таниас өөр ийм төрлийн контент бэлтгэж байгаа хүн байна уу?
Байгаа. 2018 онд бол ажиглагддаггүй байсан. Сүүлд анзаарахад ганц нэг хүмүүс дуу оруулсан контент хийсэн байсан.
Таны хийсэн контентийг өөр хүмүүс зөвшөөрөлгүй ашиглаж байна уу? Өөр бусад контент бүтээгчид оюуны өмчөө хамгаалахын тулд яах ёстой юм бол?
Миний контентийг бол ашиглахад хэцүү л дээ. Дуу оруулалт нь миний хоолой. Дээр нь ихэвчлэн кинон дээр дуу оруулалт хийж байгаа учраас тэрийг бол сурталчилгаанд нэг их илүү дутуу ашиглаад байдаггүй. Дүрсээр контент хийгчид бол дүрсээ их алддаг юм байна лээ.
Миний зүгээс харахад оюуны өмчийн асуудал бол үнэхээр маш хэцүү байгаа. Кино, контентийг хуулаад тавьчихсан явдал их байх шиг байдаг. Өнөөдрийг хүртэл оюуны өмчийг хамгаалж чадахгүй л байна. Энэ нь яваандаа сайжрах байх л гэж боддог. Яахав хараахан минийхийг бол хуулаагүй байгаа ч бусад контент бүтээгчдийн хувьд маш хүнд асуудал болоод байгаа.
Сошиал дээр бол миний контентийг Batbileg Ulzii гэсэн тамгыг нь дараад ашигласан байсан. Надаас илүү хандалт авсан тохиолдол байсаан.
Эвлүүлэг хийж, дуу оруулж байгаа кинонуудаа яаж сонгодог вэ?
Кинонуудаа бол маш удаан судална. Youtube гээд агуу багш байна. Манай Монголд бол оюуны өмчийг хамгаалах ажил айхтар хөгжихгүй байгаа ч Facebook, Youtube бол маш сайн хамгаалж байгаа. Сүүлийн үеийн кинонуудыг Facebook рүү оруулахад шууд блок хийчихдэг. “Уучлаарай, энэ бол тийм компанийн бүтээл байна.” гэдэг. Тиймээс аль болох оюуны өмчийн асуудалгүй бичлэгүүдийг оруулж дуу оруулах хэрэгтэй.
Манай нэг ах надаас асуусан. “Найздаа төрсөн өдрийн мэнд хүргээд Шрек дээр дуу оруулсан. Бичлэг нь орохгүй байх юм” гээд. Тэгтэл Шрек өөрөө оюуны өмчөөр хамгаалагдсан кино байдаг. Тиймээс киноны сонголт дээр оюуны өмчийг заавал харах ёстой. Миний харж байгаагаар Youtube дээр ч ганц хоёр ноот дээр л оюуны өмчийг маш сайн баримталдаг. Тэгэхээр киногоо сонгохдоо эхлээд оюуны өмчийн асуудлыг нь хардаг.
Мөн хүмүүст хүрсэн кино сонгоно. Ямар хэлбэр, жанрын яг юу хэлэх гэж байгаа гэдгээс шалтгаалдаг. Эхний нэг хоёр жилдээ дан кинон дээр дуу оруулдаг байсан. Сүүлийн жил буюу 2020 онд хийсэн 34 бичлэгт ихэнх нь кино биш энгийн бичлэгүүд байдаг. Оюуны өмчдөө маш сайн анхаарахгүй бол өмнө нь хийсэн бүх хөдөлмөрөө нурааж ч болно.
Намайг хүмүүс Youtube-рүү контентуудаа оруулаарай гэдэг. Одоо хийж байгаа шиг контентуудаа бол хийхгүй гэж бодож байгаа. Өөрийгөө хөгжүүлээд, хийж буй зүйлсээ сайжруулаад өөр хэлбэрийн шинэ контент Youtube-д оруулах болно. Сая өнгөрсөн онд Facebook хуудас маань 100,000 лайктай боллоо. Баярлалаа, маш олон хүмүүс дэмжсэн. Дараагийн шинэ зүйлийн эхлэл шат юм болов уу? гэж харж байна.
Миний зүгээс олон нийтэд хүртээмжтэй сонирхолтой шинэ контентуудыг гаргаасай гэж хүсч байна. Таны Facebook-т “Инээвэл залуужна. Эвшээвэл унтана.” гэсэн байсан. Таны контентууд хэнд чиглэдэг вэ? Зорилго нь юу байдаг вэ таны контентуудын хувьд?
Аймар санаа контентийг үүсгэн байгуулагч Б. Амарсанаа зочинтой ярилцахад бүх контентуудаа Facebook-ээс гаргаж байгаа хэрэглэгчдийн дата мэдээлэлд суурилан бэлтгэдэг гэж байсан. Таны хувьд өөрийн мэдрэмжээр контентоо гаргадаг уу? эсвэл дата анализад суурилдаг уу?
Миний энэ дуу оруулалтын контентууд бол бүх насныханд зориулагдсан. Зөвхөн залуучууд руу чиглээгүй. Би бас ингэж боддог. Нийгэмд болсон хар бараан зүйлсийн янз бүрийн мэдээллүүд хаа сайгүй байдаг. Хүний чихэнд улиг болчихсон өдөр болгон яригддаг зүйлс нь яригдаад байхаар хүн тоохоо больчихдог. “Маскаа зүүгээрэй” гэж олон хэлсээр байгаад бүр залхчихсан. Яг ийм олон нийтийн мэдээллийн сайтаар яваад байгаа зүйлсээс хүмүүс уйдчихсан байдаг. Гэхдээ энэ хэлээд байгаа зүйлс нь их чухал зүйлүүд байгаад байдаг. Тиймээс энийг нь яаж хүмүүст хошиноор хүргэх вэ? гэдгийг боддог.
Ялангуяа залуучуудад яаж ойлгуулах уу? Өөрсдийнх нь дуртай хэлбэрээр. Киногоор, хөгжилтэйгээр миний контентууд нийгэмрүү санаа өгүүлдэг учраас бүх насныханд гэж хараад байдаг. Бүх насны хүмүүс үзэж байгаа.
Энэ ч утгаараа 2020 он гээд эргээд харахад сонгуулийн контентууд гараад байсан шүү дээ. “Улс төр, нийгэм, бие даагч, саналаа өгцгөөе, залуу хүний оролцоо” гээд. Тэрийг бол өсвөр насныхан үзээд “Аан за за” гээд өнгөрнө.
Сонгууль дууссаны дараа залуучуудад зориулсан “Тэрэлж” гэх мэт хүмүүсийг гижигдсэн хөгжилтэй зүйлс, сурагчдын амралтын үеэр “Амрангаа сурцгаая” гээд. Залууст зориулсан хөгжилтэй контентууд хийсэн.
Миний Batbileg Ulzii гээд хуудас руу орохоор бүх насныханд зориулагдсан контентууд ээлжилж байгаа. Би хувьдаа ингэж боддог. 40-с дээш насныхан “Хөөрхөн юм хийдэг хүү шүү” гээд үзэж байлаа гэж бодьё. Хүүхдийн контент ороод ирэхээр “Өө энэ чинь хүүхдийн юм хийдэг юм уу” гээд байж байтал сэдэв, агуулга солигдоод эхлэхээр “Аан одоо хөөрхөн” гээд ээлжлээд яваад байдаг. Ахимаг насныхан руу, залуучууд, хүүхдүүд рүү ч чиглүүлж хийсэн контентууд бий.
Нэг талаас бизнесийн байгууллагууд “энэ бүтээгдэхүүнийг ав” гээд, нөгөө талаас улс төрөөс “саналаа өг, маскаа зүү” гээд маш олон контентуудаар хүмүүс бөмбөгдүүлж байгааг та арай өөрөөр хүргэдэг байх нь.
Контент бүтээлт ямар үе шатаар явагддаг вэ? Эхлээд киногоо сонгодог уу? эсвэл зохиолоо бичдэг үү?
Маш сайхан асуулт байна. Би ч үүнийг яръя гэж бодож байсан. Гэхдээ ярих боломж ерөөсөө гардаггүй байлаа. Контент үйлдвэрлэхийн тулд “Part” гэдэг зүйл байдаг. Миний бичлэгүүдийг үздэг мэддэг хүмүүс мэдэж байгаа. “Part” нь өөрөө 3-4 минут. Энгийн бичлэг буюу сошиалын жижигхэн бичлэгт бол 30-40 секундын хооронд байдаг. “Part” хийхийн хувьд бас хугацаа зарцуулна.
Яг ямар “Part” хийх үү? 3-4 минутад хүнд юу ойлгуулах вэ? Гол санаа, өрнөл нь юу байх уу? Бас хэт богино байж болохгүй. 3-4 хоногийг зөвхөн кинондоо зарцуулна. Киногоо олчихоод зохиол гарах ч үе байна. Зохиол нь буюу ерөнхий санаа нь гарчихаад киногоо хайх ч үе байна. Янз янз байна. Тэгээд харин контентуудаа яг хийхийн хувьд нэг их уддаггүй. 1 өдрийн л ажил болдог. Гол нь зохиол, киногоо хайхад 4-5 хоног болдог.
Бусад контентуудын хувьд ая, хөгжим зонхилдог бол таны контент үг сонголт, үгийн баялаг дээр тулгуурлаж байдаг. Та өмнө ярьсанчлан туршлага байдаг уу? Эсвэл кино үзэж олж авдаг уу?
Би ер нь жижиг буюу 30-40 секундын контентуудыг хийхдээ өөрөө Facebook сошиалд их идэвхтэй хүн учраас аягүй их тандалт судалгаа хийдэг. Ер нь юу болж байна, залуучуудад юу таалагдаж байна, ямар сэдэв тренд болж байна гэдгийг судалж байгаад түүн дээр нь л үндэслэж хийдэг.
Үгийн сонголт гэвэл энэ бол өмнө нь хийж байсан миний ажлын туршлага байгаа. Өмнө нь ярьсанчлан радиод ажиллаж байсан учраас үгтэй тулж ажилладаг байсан.
Жишээ нь, “Хамгийн, хамгийн” гэдэг үг одоо хуучирсан. “Манай дэлгүүр хамгийн гоё” гэхээр “хамгийн” гэдэг үг өөрөө үнэ цэнгүй болчихсон. Энэ бол миний л бодол шүү. Тэгэхээр “хамгийн”-аас өөрөөр яаж үг орлуулах уу? гэж боддог. Үг болгон дээрээ бодож өөр зүйрлүүлэх үг юу байна? “Хайртай” гэхийг хайртай гэж хэлэхээс илүүтэйгээр юу гэж орлуулах вэ? гэж боддог.
Ганбаатар гишүүн хажуудаа суугаа гишүүнтэй юм ярьж байгаа бичлэг өглөө нь цацагдаад сошиалаар явсан. Зарим нь анхны хайрын ая тавьсан байсан. Би тэр өдөржин л бодсон л доо. Хүний ярьсан зүйл, санааг би давтаж ярьдаггүй, хүсдэггүй. Хүний уншсан номыг хүртэл унших гэхээр сонин санагдаад байдаг. Тийм учраас өөрөө маш сайн боддог.
Тэгээд бүтэн өдөр бодож байгаад “Би түлхүүрээ гээчихлээ. Харсан уу? Зүрхнийхээ?” гээд шохоорхол ч явж байна. Тэгээд л хийсэн. Сүүлд харсан 1 сая хүн үзсэн байсан. Гэх мэтчилэн үгийн сонголт их чухал байдаг. Одоо ингээд харахаар үгэн дээр их ажиллах гэж хичээдэг юм байна.
Энэхүү нийтлэлийг контент бүтээдэг, мэргэжлийн байгууллагын менежерүүд мөн уншиж байгаа. Саяны зөвлөгөөнөөс харахад улиг болсон үгнүүдээс татгалзаж контентоо бэлтгэх хэрэгтэйг ойлголоо.
Тэгэлгүй яахав. Номер нэг, хамгийн, үүнээс илүү байхгүй гэх мэт үгнүүд байна. Би маш их студи продакшнтай хамтарч ажилладаг. Студи продакшиний менежерүүд надад текстээ өгөөд, би тэрийг нь амилуулаад бүх рекламын хоолойг уншдаг. Заримдаа өөрөө зарим үгийг нь сольж явуулдаг. Үг гэдэг өөрөө хүчтэй. Зөв сонгох ёстой.
Бусад байгууллагууд таниар рекламын хоолой уншуулна гэвэл таны утас руу залгах уу? Мессенжерээр чат бичих үү? Таньтай хэрхэн холбогдох вэ?
Ихэвчлэн утас руу ч залгадаг. Facebook рүү ч бичдэг. Карентинтай үед ажил өмнөхөө бодвол багассан. Шинэ шинэ харилцагчид байнга л холбогдож байна. Миний мессенжерт бичсэн ч болно. Залгасан ч болно.
Ном уншдаг уу? Таны мэргэжилд нөлөөлдөг үү?
Шударгаар хэлэхэд сүүлийн үед ном уншаагүй байна. Ном унших юм бол илүү гоё мэдлэг тэлээд янз бүрийн үг орж ирдэг. Сүүлийн үед гаднын контентуудыг маш сайн үздэг. Тэдгээрээс их санаа шийдэл авдаг. “Үнэхээр өөрөө сайн сэтгэж чадахгүй бол сайн хуул” гэдэг үг байдаг. Гэхдээ би бол шууд хуулчихдаггүй. Иймэрхүү хэлбэртэй ийм юмыг Монгол руу агуулга өгчихвөл зүгээр юм байна гэж боддог.
Жишээ нь ямар гаднын контент үзэх вэ?
Миний сүүлийн тэр “Навчаа, Навчаа хаалгаа нээ л дээ” гээд үс засуулах гээд байгаа бичлэг байгаа. Тэр бол оросын хөгжилтэй Бест гээд 2D контент байгаа юм. Цаад оросын контентын өөрийнх нь санаа арай өөр байсан. Тэрийг нь би Монгол болгоод санааг нь жоохон өөрчлөөд хийсэн. Гэх мэтчилэн гадны контентууд үзээд санаа авах, өөрчлөөд хийж болох юм байна гэж хардаг. Тэр чигээр нь бол хуулдаггүй байгаа. Дараа, дараагын хийж байгаа хүмүүст хэлэхэд хуулах биш өөрөө л сэтгээрэй гэж хэлмээр байна.
Контентоо яагаад нийгэм рүү чиглүүлсэн бэ? Улс төрд сонирхолтой юу?
Шууд хэлэхэд би улс төрөөс хол хүн. Миний ирээдүйн зорилгод ч тийм зүйл байхгүй. Гэхдээ бид чинь хүн шүү дээ. Нийгэмдээ оролцоотой байх ёстой. Тийм учраас би 2020 онд тодорхой хэмжээнд өөрийн дуу хоолойгоо хүргэсэн байгаа. 2021 онд мөн ерөнхийлөгчийн сонгуулиар дуу хоолойгоо хүргэх байх.
Мэдээж залуу үеийн төлөөлөл учраас дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Магадгүй залуучууд маань нийгмийн зарим зүйлсийг сонсохыг хүсэхгүй байж мэднэ. Яг тийм зүйлсийг нь би залуучуудад хүргэх ёстой. Залуу хүний үүрэг байдаг. Намайг үздэг залуус дандаа хошин юм үзэхгүйгээр “Сонголт хийнэ, сонгууль өгнө гэдэг чухал юм байна.” гэх мэт зүйлсийг олж хараасай гэж хүсдэг.
FM бол чихээр дамжиж хүнд хүрдэг. Харин одоогийн таны контент нүдээр дамжин хүнд хүрч байна. Энэ хоёр ямар ялгаатай байна вэ?
Радио сонсох нь нүдний хараанд сайн. Учир нь дэлгэц ширтэхгүй гэдэг шиг. Мөн радио нь өөрөө төсөөллийн ертөнц. Намайг бага байхад ч радио их хүчтэй байсан. Сэтгэлийн үг гэх мэт гоё гоё нэвтрүүлэг явдаг байсан. Тэгэхээр захианы эзэнг төсөөлдөг гэх мэт аягүй их бодрол өгдөг.
Одоо бол контентууд дүрстэй, дуутай бүх юм нь өнгөлөг их гоё болсон. Дүрстэй контентийн хувьд илүү их хүнд хүрэх нь ойлгомжтой. Илүү ойлгомжтой, баримттай байдаг.
FM радиог өмнөх үеийг бодвол хүмүүс бага сонсдог болсон ч гэсэн гоё юм нь миний утсан дээр байдаггүй рандом дуунууд их явдаг. Би радиод их хайртай.
Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг контент их гоё болсон байсан. Энэ тал дээр эмзэглэдэг олон нийтэд түгээмээр байдаг зүйл чинь юу вэ?
Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг контент яг тухайн үедээ цаг үеэ олсон юм болов уу? гэж боддог. Тэр контент өөрөө төлөвлөгдөөгүй контент байсан. Тухайн үед бага насны хүүхэд хүчирхийлэлийн талаарх мэдээлэл их гарсан, зөвхөн би ч гэлтгүй хүн бүр л дуугаа өргөж байсан. Тиймээс намайг үздэг хүмүүстээ ч гэсэн би дуу хоолойгоо хүргэе гэсэн үүднээс тэр контентийг хийсэн. Цагийн дотор 5000 эмэгтэй хүн шэйр хийсэн байсан.
Зөвхөн баян тансаг, хангалуун гэр бүл байна гэдэг хүчирхийлэлгүй байдаг гэсэн үг биш. Дандаа л ядуу, нийгмийн доогуур бүлгийнхэнд хүчирхийлэл байдаг уу? гэхээр үгүй байдаг. Эсрэгээрээ баян хангалуун айлуудад далд хүчирхийлэл байдаг юм шиг санагддаг. Тийм санааг ч бас хүргэхийг зорьсон.
Контент бүтээлтийн ард зөвхөн Ө. Батбилэг гэдэг хүн байдаг уу? Эсвэл баг бий юу?
Бусад контент бүтээгчдийг харахад бүгд багаараа ажиллаж байгаа. Миний хувьд эхний жил ганцаараа ажиллаж байсан. Одоо редактор хийдэг 1 хүн байгаа.
Одоо таны хувьд Facebook түлхүү ашиглаж байна. Энэ платформ ямар онцлогтой байна вэ? Instagram, Youtube-ийг багахан хэмжээнд ашиглаж байна. Энэ сувгууд ямар ялгаатай байна вэ?
Тэгэлгүй яахав. Их ялгаатай. Залуучууд ч мөн Youtube сувагт контентоо оруулдаг болсон байна. Би ч өөрөө Youtube рүү контент оруулах хэрэгтэй гэдгийг сүүлд харлаа. Залуучууд маань ч их зөвлөж байгаа. Facebook бол тэр чигтээ манай нийгэм байгаад байна. Youtube бол энтертайнмент талдаа байна. Энтертайнмент руу орох гэж байгаа бол Youtube руу орох нь маш зөв юм байна гэдгийг би ойлгосон.
Тиймээс 1 сардаа багтаад Youtube сувгаа нээнэ.
Дараагийн контент хэзээ цацагдах вэ? гэж хүмүүс маш их хүлээдэг. Би өөрөө ажлынхаа хажуугаар үүнийг хийдэг. Нөгөө талаар би сул контент гаргахыг хүсдэггүй. Сул гэдэг нь болсон болоогүй юм хийчихье гэж боддоггүй. Нэг мөсөн час хийсэн гоё юм гаргахыг боддог.
Би өөрөө ч их голомтгой хүн. Хийсэн контентоо хүртэл голдог. Сарын өмнөх зүйлсээ үзээд илүү гоё хийж болох байсандаа гэж боддог. Зарим нэг хүмүүсийн хийж байгаа зүйлсийг харахаар дэмий зүйл хийж дээ гэж бодогддог. Тийм учраас би өдөр болгон талх шиг үйлдвэрлээд байдаггүй.
Чанаргүй олон контентоос чанартай цөөн контент хийхийн тулд ажилладаг.
Тиймээс ч дараагийн Batbileg Ulzii-ийн контент юу байх бол гэдэг мэдрэмж ч хүнд үлдэх байх. Санаа бол орж ирэхгүй байгаад биш. Санаа бол үргэлж байдаг.
Контент гэдэг хүнд үлдсэн байх ёстой. Ганц биетүүдийн контент дээр “Бурхан намайг хэн нэгэнд хадгалж байгаа” гэдэг шиг үг нь хүнд үлдсэн байх ёстой. Тухайн үед хийсэн нэг бичлэг ч гэсэн хүнд үлдсэн байгаасай гэж хүсдэг.
Сошиал платформуудыг хамтад нь ашигласан нь дээр үү? Эсвэл дагнаж ашигласан нь дээр юм болов уу?
Ер нь зэрэг ашигласан нь дээр юм байна. Яг одоогийн миний харж байгаагаар. Урд нь би их дутуу ашиглаж байсан байна. Infuencer-үүдийг ч харахад бүгдийг нь л ашигладаг. Магадгүй давхар ашиглавал илүү олон хүнд зэрэг хүргэдэг байх.
Би Facebook хуудсаа хүртэл оройтож нээсэн. Ер нь оройтож гараад ширүүхэн дайраад богино хугацаанд 100,000 дагагчтай болсон.
Контент бүтээхэд хамгийн их цаг зарцуулдаг зүйл нь юу байдаг вэ?
Зохиол байдаг. 30 секундын видео байсан ч хэлэгдэж байгаа үг болгон нь гоё үг байх хэрэгтэй гэж би хардаг. Зохиол дээр л их цаг зарцуулдаг.
Яг тань шиг ийм өвөрмөц контент бүтээе гэсэн хүмүүс, жижиг дунд бизнесийн бизнес эрхлэгч байж болно. Энэ төрлийн контент хийхэд хамгийн эхний алхам юу байх ёстой юм бол?
Яг миний контентийг өөрсдөө хийж үзье гэвэл миний хувьд удаан хугацааны турш бэлтгэгдэж байсан юм шиг санагддаг. Юу хэлэх гээд байна вэ? гэхээр ерөөсөө л туршлага гэж хэлмээр байна.
Шууд эхэлнэ гэдэг амаргүй байж мэднэ. Би бол маш удаан хугацаанд бэлдэж хийсэн. Зарим хүмүүст амархан санагдаж магадгүй. Тиймээс оролдоод л үзэх хэрэгтэй.
Эхлээд дуу хоолойгоо олох хэрэгтэй. Хөгшин, залуу хүний хоолойд хувирах зэрэгт бэлдэх хэрэгтэй. Мөн мэдрэмж маш чухал. Би өөрөө ч маш удаан сонсож, уншиж үзэж, судлаж үзсэний үндсэн дээр эхлүүлсэн учраас шууд заавар өгөөд заагаад өгчих зүйл биш байх гэж бодож байна. Туршлага дээр л үндэслэдэг гэж хэлмээр байна.
Яг энэ төрлийн контент хийх гэж байгаа бол санаагаа маш сайн хөгжүүлээрэй. Зохиол их чухал шүү гэж хэлмээр байна.
Баярлалаа. Энэ удаагийн дугаарт дуу оруулалтын сонирхолтой контент бүтээгч Ө. Батбилэг оролцлоо. Цааш цаашдын сонирхолтой контент бэлтгэгчдийн туршлагыг үзэх бол та манай Инстаграм хаягийг дагаарай.
Бусад ярилцлагууд:
- Шилдэг контент бүтээгч: Д. Батбаяр /@tippytop_official контентийг бүтээгч TUG network компанийн гүйцэтгэх захирал/
- Шилдэг контент бүтээгч: Түвшөө & Дөлгөөн /Positive Mongolians төсөл/ контент бүтээгчийн туршлага
- Шилдэг контент бүтээгч: Б.Амарсанаа @aimarsanaa контентийн үүсгэн байгуулагч
- Шилдэг контент бүтээгч: Batbileg Ulzii (Ө.Батбилэг)
- Шилдэг контент бүтээгч: Б. Болорчимэг Бизнес өрөг нэвтрүүлэг