Шилдэг брэнд бүтээгчдийн туршлагаас хуваалцах энэ удаагийн цуврал нийтлэл, лайв, подкастууд маань та бүхэндээ хүрсээр байна.
Энэ удаагийн зочноор Ивээл брэндийн үүсгэн байгуулагч, захирал З. Рэгзэдмаа оролцож байна. Сайн байна уу? Урилгыг минь хүлээж авсан танд маш их баярлалаа. Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач!
Сайн байна уу? Та бүхэнд ч мөн маш их баярлалаа. Тэр тусмаа анхны зочноор урьсанд их баяртай байна. Намайг Зоригсайхан овогтой Рэгзэдмаа гэдэг. Би жирийн ажилчин гэр бүлээс гаралтай. АШУИС-ийг эм зүйч мэргэжлээр төгссөн. Ивээл брэндийн үүсгэн байгуулагч хүн байна.
Ивээл брэнд гэхээр гоёмсог, хээнцэр, үндэсний хэв шинж нүдэнд харагддаг. Анх хэзээнээс үүсч, албан ёсоор хэрэглэгчдэдээ хүрч эхлэв?
Манай брэнд 2009 онд анх төсөл бичсэнээр эхэлсэн. Франчайзинг дэлгүүртэй ихэвчлэн залуу охид үйлчлүүлдэг байсан. Бидний үндсэн хамтрагчид гэвэл Турк, Солонгос, Хятад залуучууд байсан. 2009 оноос 2015 он хүртэл төслөө бичээд, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн санхүүжилт авахаар шалгарч маш их баярлаж байсан. 2015, 2016 онуудад санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар төслийн санхүүжилт авч чадахгүй хойшлогдож байсан.
Төслөө бичихээс өмнө яагаад үндэсний дээл хувцсаа сонгосон бэ? гэхээр 2013, 2014 онуудад Ивээл нэрээрээ биш Abigail Jeans нэрээрээ үйлдвэртэй болоод аль хэдийн зах зээлд гарч байсан. Тэр үед үндэсний брэнд зах зээлд гарахад хэрэглэгчдийн хүлээлт их сонин байсан. 2014, 2015 онуудад малгайтай бомбер гэх мэт бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн л дээ. 45,000₮, 65,000₮-өөр гаргахаар хүмүүс “Яагаад Монголд үйлдвэрлэчихээд ийм үнэтэй зарж байгаа юм бэ? 20,000₮, 30,000₮-өөр зар!” гээд маш их эсэргүүцэлтэй тулгардаг байсан.
Ингээд 2013 оны сүүлээр төсөлдөө сайжруулалт хийсэн. Гадны олон орны залуучуудтай уулзаж, ярилцаж үзэхэд үндэсний хувцас бол аливаа улсын, залуучуудын бахархал нь байдаг. Монгол залуучуудын хувьд үндэсний хувцсаараа бахархах бахархал нь алга болоод зөвхөн хөдөөнийхөн өмсдөг гэсэн хандлагатай болсон байсан.
“Үндэсний дээл хувцсаа, өдөр тутмын хэрэглээнд” гэдэг гарчгаас нь авахуулаад хүмүүс тоглоом болгох маягтай байсан. “Үндэсний дээл хувцас өдөр тутмын хэрэглээнд нэвтрэх боломжгүй, массаар үйлдвэрлэх боломжгүй” гэх мэтээр их няцаалттай тулдаг байсан. Одоо бол баяртай байна. Маш олон үндэсний хувцасны брэндүүд гарч ирсэн. Монгол залуучууд дээл хувцсаа өмсөхөөр огшдог болсон.
Бид соёлоор дамжуулж их сурталчилгаа явуулсан. Мэргэжлийн студитай том баг ажиллаад “Дээл бол үнэхээр гоё, ганган харагдаж чадна. Үндсэн хэв шинжийг алдагдуулахгүйгээр шинэ брэнд бий болгож чадна.” гэдгийг харуулахыг хүссэн.
Одоо бол залуучууд дунд үндэсний дээлээ өмсөх нь илүү гоё, догь харагдах тренд болоод байна. Та бүхний хичээл зүтгэл маш сайн нөлөөлжээ. Анх ямар баг бүрэлдэхүүнтэй эхэлж байсан бэ? Тэр хүмүүстэй хуваалцахад анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн босгох ёстой юм бол?
2015, 2016 ондоо санхүүжилт байхгүй гээд ерөнхийдөө зогсонги байдалтай байсан. 2016 оноос 2017 оны эхэн хүртэл нөхөр бид 2 бизнесээсээ мөнгө гаргаад хуримтлал үүсгэсэн. 2017 оны эхээр албан ёсоор Ивээл брэндийг зах зээлд нийлүүлсэн.
Дээлний талаарх судалгааг олон жил хийсэн. “Бид яагаад Европ хувцастай хослуулаад дээлийг өмсөж чадахгүй байна вэ?” гэсэн асуултаас улбаалаад “Яагаад үндэсний хувцас өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч чадахгүй байна” гэсэн маш олон залуучуудын дунд судалгаа хийсэн. Ингээд дээлийг аль болох хотын залуучуудын хэрэглээнд зориулж үйлдвэрлэх нь зөв юм байна гэж үзээд олон удаагийн туршилт хийж эхэлсэн.
Хамгийн гол нь материалын сонголт, түүнийг туршиж үзэх ажилд маш их хугацаа зарцуулсан. Бүх төрлийн материалыг туршиж үзсэн.
2017 онд эхний коллекц гараад ширхэг ч үлдэгдэлгүй зарагдсан. Тухайн үед манай үйлдвэрт 7 ажилтантай байсан. Нөхөр бид 2-той нийлээд 9 хүн. Мөн Abigail Jeans-ийн 10-аад залуучуудын багтай байсан. Үйлдвэрлэлийн баг бүтээгдэхүүнийхээ чанар дээр анхаараад, Abigail Jeans-н залуучууд маань маркетинг дээрээ анхаараад ажилласан.
Яг ийм үндэсний гоёмсог брэндийг гаргахаар төлөвлөж буй залууст хандаж зөвлөгөө өгөөч. Хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдэх вэ? Зах зээлийн судалгаагаа яаж гаргах ёстой юм бол?
Ер нь аливаа жижиг ч бай, том ч бай бизнесийн хувьд зах зээлийн судалгаа маш чухал. Бүр №1-т! Санхүүжилт их чухал л даа. Гэхдээ мөнгөтэй хүн бүр бизнес хийдэггүй. Өөрийн туршлагаас ярихад гэр бүлийн дэмжлэгээс гадна цэвэр 100% багийн залуучуудын маань хөдөлмөр хичээл зүтгэл чухал байсан.
Дөнгөж эхэлж байгаа старт-ап бизнест бол судалгаа №1-т хэрэгтэй. Салбараа маш сайн мэдэрч, хурдан өөрчлөлт хийх хэрэгтэй. Бүх юм 100% төлөвлөсний дагуу яваагүй. Бидний төслийн төлөвлөгөөний 35-40% нь л биелэж байсан. Яг бичсэнээр бүх ажил явна гэж байдаггүй юм билээ. Тухайн үед 40% биелэвэл ОНЦ байна гэж бодож байсан.
Салбартаа хуримтлуулсан туршлагаа анх эхэлж буй хүмүүстэй хуваалцахад манай салбарын онцлог гэвэл маш хурдан хувьсдаг. Дээрээс нь манайх түүхий эд материал үйлдвэрлэдэггүй орон. Өөрөөр хэлбэл гаднаас бүх түүхий эд материалаа авдаг хараат орон. Тийм учраас валютын ханшийн өөрчлөлт гэхэд л маш их нөлөөлдөг. Тиймээс маш сайн судалгаа тооцоотой, эрсдэл даах чадвартай байх хэрэгтэй.
Ивээл брэнд загвар, өнгө төрхөөс авахуулаад их гоё байдаг. Брэндинг гэдэг хүмүүсийн сэтгэлд үлдэх, яаж харагдах гэдэг талаас их чухал санагддаг. Анх брэндингээ юу гэж бодож гаргасан бэ?
Брэндинг концепц дээрээ ажиллахдаа бид яг дэлхийд тренд болж буй хувцас өмссөн юм шиг мэдрэмж төрүүлэхэд анхаарсан. Гэхдээ зах залгаад дээл биш. Үндсэн хэв шинжийг нь өөрчлөхгүйгээр Европ хувцастай холиод “загварлаг, гоё байж чадах юм” гэдэг санаан дээр суурилж брэндийн концепц гаргасан. Түүний дагуу маркетинг, төлөвлөгөөгөө гаргаж хэрэгжүүлсэн. Энэ санаа маань ч маш зөв байж хүмүүст хүрсэн.
Шилдэг брэнд бүтээгч бусад ярилцлагууд:
- Нүүр будалтын дэлхийн аварга Eegii cosmetics үүсгэн байгуулагч Б.Энхчимэг
- Борголжин брэнд маркетингийн менежер Батцэцэг
- Шилдэг брэнд бүтээгчийн туршлага Дархан нэхийн хамт олон
- УРБАН БРЭНД: Маркетингийн албаны дарга Э.БЯМБАСҮРЭН
- Ялгуун брэндийн Брэнд менежер Анужин
Та бүхэн энэхүү нийтлэлийг ярилцлага хэлбэрээр IGTV – ээс үзэж, подкаст хэлбэрээр сонсох боломжтой.
Танай хамт олны хөшигний ард юу болдог вэ? Ямар ямар алба хэлтсүүд ажилладаг вэ?
Манайх үндсэн бүтэц зохион байгуулалтын хувьд захиргааны алба, санхүү, маркетинг, хүний нөөц, үйлдвэрлэл, борлуулалт гэсэн бүтэц зохион байгуулалттай. Манай хувьд түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн болох хүртэл урт хугацааг туулдаг. Энэ шат бүх дамжлага гаднаас түүхий эд материалаа захиалаад, Монголд буугаад, бүтээгдэхүүн болоод дэлгүүрт тараагдах хүртэл 1-2 сарын хугацаа ордог.
“Ковид”-гүй үед 45 хоног байсан. Одоо бол 2 сар болон түүнээс дээш хугацаа орох болсон. Үүнээс шалтгаалан бидэнд маш том төлөвлөлтийн ажлууд гарч ирсэн.
Буруу материал захиалах эрхгүй. Тухайн улиралд тохируулан гаргасан загварт зориулан түүхий эд, материалаа татдаг. Алдаа гаргавал татан авалтын хугацаа урт учир улирал нь өнгөрчихнө. Монголд жилийн 4 улиралтай. Маш олон загварлаг залуучуудтай.
Манай улс материал үйлдвэрлэдэггүй, гадны түүхий эдээс хараат учир Хятад, Турк, Солонгосоос материал авч ирэх гэсээр байтал маш их хугацаа алддаг. Түүхий эд захиалгын хугацаатайгаа нийлээд нэг бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр очих хүртэл 3 сарын хугацаа шаардлагатай байдаг.
Бүтээгдэхүүний зураг авалт маш гоё байдаг. Сошиал платформуудад байгаа зураг авалт өнгө төрх гаргахдаа студитэй хамтардаг уу? Өөрсдийн гэсэн зураг авалтын багтай байдаг уу?
Анхнаасаа л брэндингийн концепт, санаагаа гаргаж байхад л зураг авалт бидний хувьд 1 номерын маркетинг гэж үзэж байсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд өөрийн студитэй болсон. Одоо студи маань өргөжөөд зураг авалтаас гадна, видео контент бүтээдэг болж байна.
Маркетингийн албанд харьяалагддаг студи маань улам л томорч байгаа. Өөрийн байрандаа өөрийн студидээ ажилладаг болохоор зураг авалтын хувьд маш том давуу тал болж байгаа. Хурд хамгийн чухал.
Моделуудаа хэрхэн сонгодог вэ?
Моделийн хувьд тухайн бүтээгдэхүүний зохион бүтээлтийн хэлтсийнхний санал болгосны дагуу сонгодог. Тухайн загварыг гаргаж буй дизайнерууд, технологичид гэсэн үг. Тухайн загвар ямар онцлогтой вэ? гэдгээс шалтгаалаад Даваа гараг болгоны хурал дээр ярилцаад, зохион бүтээлтийн хэлтсийнхэн санал болгосны дагуу маркетингийнхан моделиудтайгаа холбогддог.
Зураг авалтын студид ямар мэргэжлийн хүмүүс ажиллаж байна вэ?
Студид үндсэн 3 хүн байдаг. Видео, фото зураг хариуцсан болон веб контент хөгжүүлэлт хариуцсан хүмүүс байдаг. Үүн дээр маркетингийн баг нэмэгдэнэ. Үйлдвэрийн зохион бүтээлтийн багтайгаа хамтраад төлөвлөгөөгөө гаргаад явчихдаг.
Одоогоор маркетингийн хувьд ямар ямар платформыг ашиглаж байна вэ?
Бид саяхан iveelbrand.mn веб сайтаа өлгийдөж авлаа. Веб бүтээнэ гэдэг маш нүсэр ажил байдаг юм байна, жил гаруйн хугацаанд вэбтэй болох гэж үзсэн. Харин zochil,mn онлайн худалдааны платформ хөгжүүлдэг залуучуудтай гэрээ байгуулаад, хамтран ажилласны хүчинд богино хугацаанд веб сайтаа өлгийдөж авсан.
Бусад сошиал сувгуудаа бүрэн ашиглаж чаддаг гэж боддог. Сошиал сувгуудыг хөгжүүлдэг манай маркетингийн залуучууд байдаг. Тэд маань ажлаа мэддэг, чадварлаг залуус бий.
Zochil онлайн худалдааны платформ хөгжүүлэгчдийн талаар хуваалцаач. Бидний ярилцлагыг онлайн худалдаа, веб хөгжүүлэх гэж буй бусад байгууллагууд болон бизнес эрхлэгчид уншиж байгаа.
Цар тахалаас болоод бид онлайн бизнестээ анхаарал хандуулахаас өөр аргагүй болсон. Бид 8 салбар дэлгүүртэй. Цөөнгүй тооны салбар дэлгүүртэй учраас онлайн борлуулалт 2-р суваг байсан. Хэзээ ч нэн тэргүүний анхаарах суваг байгаагүй.
Бүх салбар дэлгүүрүүд нээлттэй, үйлдвэр тасралтгүй ажиллаад, борлуулалт хэвийн явагдаж байгаа үед шүү дээ. Онлайн захиалгаа хөдөө орон нутгаас л ирдэг, бид ч хүргэлтийг нь ямар нэг асуудалгүй шийдэж болдог байсан.
“Ковид” цар тахалын нөлөөнөөс шалтгаалан 4 салбараа хаагаад 4 салбар дэлгүүртэй үлдсэн. Түүнчлэн хөл хорио гэх мэт асуудлаас болоод бид яах аргагүй онлайн борлуулалтдаа 100% анхаарах хэрэгтэй болсон.
Онлайн бизнесийн хувьд бидэнд нэг тийм цоо шинээр дахин бизнес эхэлж байгаа мэт мэдрэмж төрсөн. Сонирхолтой бас цоо шинэ. 4 жилийн судалгаа, 6 жилийн хүч хөдөлмөр нийтдээ 10 жилийн уйгагүй зүтгэлийн үр дүнд босгосон Ивээл брэндээ босгосон. Энэ хугацаанд 1, 2 жилийн өмнөөс ажлаа төлөвлөж, хийж ирсэн. Гэвч цар тахлаас улмаас бүх юм гэнэт хаагдсан.
Эндээс л бид веб, онлайн борлуулалт ямар их хэрэгтэй, хэрэглэгчдийн дата мэдээлэл ямар чухал вэ? гэдгийг маш сайн ойлгосон. Үүний дагуу өөрчлөлтүүд хийгээд 100% онлайн бизнесийн загварт шилжсэн, агуулахын байрандаа засвар хийгээд онлайн дэлгүүрийн стандарт руу шилжүүлсэн.
Шилдэг брэнд бүтээгч бусад ярилцлагууд:
- Нүүр будалтын дэлхийн аварга Eegii cosmetics үүсгэн байгуулагч Б.Энхчимэг
- Борголжин брэнд маркетингийн менежер Батцэцэг
- Шилдэг брэнд бүтээгчийн туршлага Дархан нэхийн хамт олон
- УРБАН БРЭНД: Маркетингийн албаны дарга Э.БЯМБАСҮРЭН
- Ялгуун брэндийн Брэнд менежер Анужин
Маркетингийн хувьд үндсэн контентуудаас гадна нөлөөлөгчдийг хэр ашиглаж байна вэ?
Сүүлийн 1 жил нөлөөлөгчидтэй хамтарч ажиллаж чадахгүй байна. Бид жилийн болон 6 сараар төсвөө баталдаг. Энэ оны төсөв дээр нөлөөлөгчидтэй хамтрах ажил ороогүй байгаа. Энэ нөхцөл байдалд түүхий эд, материал татах, тоног төхөөрөмжөө сайжруулах үүднээс зарим зардлуудаа танасан байгаа.
Одоогоор онлайн захиалга, хүргэлтийг хамгийн хялбараар найдвартай хийхэд хэрхэн ажиллаж байна вэ?
Мессенжер хариуцсан 5 хүн, веб хөгжүүлэгч түүнчлэн студийн хамт олон маань бүрэн бүрэлдэхүүнээрээ онлайн бизнесийн хөгжүүлэлт дээр оролцон ажилладаг.
Бид “Цагийн дотор сэтгэл ханамж” гэдэг уриатай ажиллаж байна.
Энэ нь тухайн хэрэглэгч анх холбогдсноос хойш 1 цагийн дотор захиалга, хүргэлт гэх мэт бүх процесс, харилцааг 2 тал сэтгэл ханамжтайгаар дуусгах гэдэг зарчим барьж ажиллаж байна. Манай вэб хуудас, Инстаграм, Facebook хуудас, мэссэнжерээр ч захиалга өгч болно.
Онлайн худалдааны хувьд хэрэглэгчийн сэтгэл ханамж 100% байлгахын тулд юун дээр анхаарч ажилладаг вэ? Хурдтай байдал уу? Харилцаа юу?
Онлайнаар ажиллаж эхлэх үед маш их ачаалалтай байсан. Манай залуучууд өөрсдөө захиалгаа авна, хүргэлтээ өөрсдөө хийнэ. Ачаалал эрс нэмэгдсэн. Хүргэлтийн ажилтан авна гэхээр нөгөө хүргэлтийн жолооч маань хэрэглэгчидтэй хамгийн ойроос харилцах хүн болж хувирч байгаа юм. Тэгэхээр харилцааны асуудал бол хамгийн чухал болж ирсэн.
Тэгээд ерөөсөө хамгийн зөв шийдэл нь чаддаг хүмүүстэй л хамтраад ажиллая гэж шийдсэн. Хүргэлтээ сайн хийхийн тулд хүргэлтийн компанитай нь хамтарч ажиллаад үзсэн. Онлайн борлуулалтыг хэрхэн хурдан хугацаанд, хамгийн чанартай, оновчтой зохион байгуулах вэ гэдэг судалгаа хийсэн.
Ингээд үзэхэд хамгийн чухал нь хүргэлтийн хугацаа байсан. Цар тахал, хөл хорио, хязгаарлалтууд хурдтай ажиллах боломжгүй болгочихсон байсан. Хөдөлгөөний хязгаарлалттай, хүргэлтийн үйлчилгээ хүртэл хаачихсан байсан. Харин одоо бол энэ асуудлууд байхгүй болж манай хүргэлтийн үйлчилгээ харьцангуй сайжирсан байна. Мэдээж алдаа бий. Өдөр болгон л алдаа гаргаад, засаад явж байгаа.
Цар тахлаас гадна шинэ брэнд гаргахад өөр ямар бэрхшээлүүд тулгарч байсан бэ? Магадгүй хэрэглэгчдийн шүүмж эсвэл зах зээлийн онцлог байдал гэдэг ч юм уу?
Ер нь бол асуудал маш их. Өмнө нь гадны франчайзинг бизнес хийж байсан. Бүх юм бэлэн байдаг байсан. Бүх брэндийн өнгө төрх, тохижилт, хэрэглэгчидтэй харилцах гарын авлага хүртэл. Харин шинэ үндэсний брэндийн хувьд бүх юмаа шинээр эхэлсэн. Ижил төстэй бэлэн гарын авлага байхгүй. Энэ нь манайд бичигдэж байгаа шинэ ном гэсэн үг. Бидний бичиж буй цоо шинэ түүх гэдэг утгаараа, хэн нэгнийг даган дуурайх боломж байхгүй.
Бид эхний үедээ маш их алдаа гаргадаг байсан. Буруу материал сонгох, энэ нь цаашдаа үйлдвэрлэлд асуудал гаргах, тухайн улирлын борлуулалтаа алдах. Тэр ч байтугай маркетинг дээр, студийн гэрэл тавилтаас болж бүтээгдэхүүний өнгө тэс өөр гарчихдаг. Уг зургийг сурталчилгаанд ашигласнаар, хэрэглэгчдийн зүгээс зураг шигээ биш байна гэдэг гомдол их ирдэг.
Эх загвараа моделдоо зориулан хийгээд дараа нь үйлдвэрлэлд ордог. Энэ үе шатанд технологийн дагалдах хуудас алдаатай байснаас бүтээгдэхүүн эх загвараасаа өөр гарах тохиолдол гарна. Сурталчилгааны зургаасаа өөр болчихно гэсэн үг. Маш олон төрлийн алдаа гаргаж байсан. Богино хугацаанд алдаа залруулаад явдаг байсан.
Мөн олон салбар дэлгүүртэй, борлуулалтын олон сувагтай болоод ирэхээр салбаруудын хоорондын уялдаа холбоог анхаарахгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлээд, маркетингийхан сурталчилгаа хийгээд байдаг салбар дэлгүүр дээр, худалдааны ажилтнууд маань мэдээгүй байх тохиолдол гарна. Имэйлээ шалгаж амжаагүй, пэйжийнхээ постыг хараагүй, борлуулалтын ерөнхий менежер залгахад утсаа авч чадаагүй гэх мэт үл ялих мэт боловч харилцааны чухал зүйл дээр алдаанууд гардаг. Олон салбар дэлгүүртэй болоод ирэхээр мэдээлэл солилцоо, мэдээлэл хүргэх хурд алдагдаж эхэлдэг.
Одоогийн байдлаар ямар бүтээгдэхүүн коллекц дээр анхаарч байна вэ?
Бид одоо хавар, намрын коллекцын ажилдаа орчихсон явж байна. Дээл, үндэсний хувцсыг үндсэн хэрэглэдэг улирал бол мэдээж Цагаан сар болон Үндэсний баяр наадам байдаг. Харин үндсэндээ сүүлийн 2 жил энэ цар тахалаас болоод хязгаарлалтууд хийгдсэн нь манай бизнест маш их нөлөөлж байна. Тийм болохоор бид маш хурдан өөрчлөлтүүдийг хийгээд үйлдвэрлэлийн хүчин чадал болоод бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тооцоон дээр маш их ажиллаж байна.
Массаар үйлдвэрлэхийн давуу тал бол бага цаг хугацаанд олон нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог. Харин “Ковид”-той цаг үед бүх салбар онлайнаар ажиллаж байгаа энэ үед богино хугацаанд олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг цөөн тоогоор үйлдвэрлэхэд анхаарч байна.
Үндэсний брэнд бүтээгчдийг Монгол улсад маш том хөрөнгө оруулалт хийгчид гэж боддог. Зах зээл, хөрөнгө санхүүгийн хувьд ч, соёлын хувьд ч тэр. Энэ чиглэлээр та бүхний араас үлгэр дуурайлал болоод брэнд бүтээх гэж буй хүмүүст зориулан өөрийн зөвлөгөөгөө хүргээч.
Эерэг сөрөг хоёр зүйлийг та бүхэндээ хэлье. Эерэг зүйл нь өмнө нь гадны брэндийн хувцас л гоё харагддаг байсан үе байсан. Харин одоо Монгол залуус Монголд үйлдвэрлэсэн үндэсний брэндийн дээл хувцсаа өмсөхөөр гоё санагддаг, бахархалтайгаар сонгодог болсон үе иржээ. Энэ бол олон хүний, урт хугацааны маш их нөр их хөдөлмөрийн үр дүн. Бид эргээд харахад үнэхээр бахархалтай байна. Залуус “Дээл оёж суръя” гэж боддог болжээ. Залуучууд хүүхдэдээ баривч оёж өгөх юм сан хүсдэг болсон байна. Энэ салбар цаашдаа ч өсөж, хөгжинөө.
Шинээр брэнд бүтээх гэж байгаа залуучууддаа дамжуулж хэлэхэд Монголын зах зээл жижиг ч гэсэн бид нийт зах зээлийн 2%-ыг ч эзэлж чаддаггүй. Монгол үйлдвэрлэгчид нийт бэлэн хувцасны зах зээлийн 2%-г хангаж чаддаггүй. Гэхдээ ноос ноолуур, нэхий ороогүй л дээ. Бэлэн хувцасны зах зээлийн 2% ч эзлээгүй байж хоорондоо өрсөлдөөд байдаг.
Нэг нь 175,000₮ болгохоор нөгөө 165,000₮ болгоод үнээр хоорондоо өрсөлдөх нь хэн хэндээ ч ашиггүй бизнес хийчихдэг. Эцсийн эцэст зүтгээд байдаг мөртлөө хэнд нь ч ашиггүй болж таардаг.
Мэдээж өрсөлдөөн бол зах зээлийн хууль л даа. Гэхдээ хэлэх гээд байгаа санаа нь хэн ч, юу ч хийж болно. Гэхдээ бодит эдийн засгийн тооцооллоо сайтар бодоорой. Маш их хөдөлмөрлөчихөөд ямар ч ашиггүй байх вий. Чи заавал хямд байх ёсгүй. Хүн бүр өөрийн онцлогтой, өөрийн гэсэн технологиор, өөр өөр зардалтайгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа. Тиймээс маргаашийг л харж байгаа бол өртөг тооцоо, ирээдүйн төлөвлөлт дээрээ маш сайн ажиллаарай.
Миний мэдэхээр маш олон хүмүүс энэ салбарт орсон. Бас олон хүн өртэй, төлөвлөлт дээрээ алдсан болоод гардаг. Тиймээс судалгаагаа маш сайн хийгээрэй. Гол нь зардал, өртөг тооцолт дээр маш сайн ажиллаарай.
Бид бие биенийхээ өрсөлдөгч биш. Бид нийлээд хэнтэй өрсөлдөх вэ? гэдэг асуудлаа л ярих хэрэгтэй. Би ч салбарынхантайгаа өдөр бүр уулзаж, утсаар ярьж, хоорондоо өрсөлдөх биш хамтдаа яаж сайжрах вэ? гэдэг талаар ярилцдаг. Ингэж хамтарч байж амжилтад хүрнэ гэж бодож байна.
Өөр ямар шинэ төсөл хэрэгжүүлж байна, бэлэн хувцасны зах зээлээс гадна шинээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулаач?
Ивээл брэндээс гадна бид олон төрлийн дагуул төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Анх дунд, дундаас дээш насныханы хувьд дээл өмсгөхөд амар байсан. Сурталчилгаа сайхан харагдаад, биед нь сууж, зохиж байхад болно.
Өсвөр насны охидын хувьд дээл өмсгөж сургахад тийм амар байгаагүй. Тийм учраас бид ГОО ИВЭЭЛ төслөө эхлүүлсэн. Охид бүсгүйчүүдийн хувьд соёлоор нь дамжуулж дээл өмсгөж сургах зорилготой. Маш амжилттай хэрэгжсэн. Дэлгүүр бүртээ ГОО ИВЭЭЛ-н тасаг нээсэн.
Дараагийн нэг төсөл маань ЭЭЛТЭЙ ИВЭЭЛ гэдэг төсөл. Монгол дээл хийхэд ялангуяа энгэрийн диталиаас шалтгаалан өөдөс маш их гардаг. Массаар нь олон тоогоор бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхлэхээр маш их хэмжээний өөдөс гарна. Тусдаа нэг агуулахын өрөө гаргах шаардлагатай болно. Маш их хэмжээний материалын өөдөс гардаг болсон. Энэ нь үйлдвэрлэлийн хажуугаар том асуудал болж эхэлсэн.
2019 оны эхээр ЭЭЛТЭЙ ИВЭЭЛ төсөл бичсэн. Энэ өөдсийг хэрхэн ашиглаж болох вэ?, Юу хийх вэ? Үр дүнтэй шинэлэг арга барил юу байна гэдэг шийдэл гаргах төсөл. Харин одоо энэ төслийн хүрээнд 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн өөдсөөр үйлдвэрлэж байна. Энэ төсөл дээр 6 хүн ажиллаж байна. Маш амжилттай төсөл болсон. Импортын бүтээгдэхүүнээс 6-12 дахин хямд бүтээгдэхүүн гаргаж байна. Зөвхөн өөдсөөр.
Үндсэн бүтээгдэхүүнийхээ өөдсийг ашиглаад шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээр үйлдвэрлэлийн хог хаягдлыг 68% бууруулж чадсан. Үлдсэн өөдөс, хаягдлыг зулхайны үйлдвэрт ашигладаг болсон. Ингэснээр ерөнхийдөө хаягдалгүй бизнес болж байна манайх. Хаягдалгүй бизнес эрхэлж байгаадаа үнэхээр баяртай байгаа.
Сүүлийн 2 жилийн хувьд энэхүү ажлын үр дүндээ сэтгэл хангалуун байна. ЭЭЛТЭЙ ИВЭЭЛ төслийн хамгийн чухал зүйл нь оёдол сурах хүсэлтэй залууст боломж олгодог болсон нь. Энэ төслийн хувьд оёдолчин авахдаа үнэхээр сурах сонирхолтой бол бид сургаад авдаг. Цалинтайгаар шүү дээ.
Энэ төсөлдөө үнэхээр хайртай. Бидний том ачааг шийдэж өгсөн. Түүний хажуугаар үндсэн бизнестэйгээ ижил хэмжээний борлуулалт хийдэг болсон.
Баярлалаа. Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.
Шилдэг контент бүтээгч ярилцлагууд:
- Шилдэг контент бүтээгч: Д. Батбаяр /@tippytop_official контентийг бүтээгч TUG network компанийн гүйцэтгэх захирал/
- Шилдэг контент бүтээгч: Түвшөө & Дөлгөөн /Positive Mongolians төсөл/ контент бүтээгчийн туршлага
- Шилдэг контент бүтээгч: Б.Амарсанаа @aimarsanaa контентийн үүсгэн байгуулагч
- Шилдэг контент бүтээгч: Batbileg Ulzii (Ө.Батбилэг)
- Шилдэг контент бүтээгч: Б. Болорчимэг Бизнес өрөг нэвтрүүлэг