Шилдэг брэнд бүтээгчдийн маркетинг, брэнд менежер, захирлуудтай ярилцаж туршлагаас нь хуваалцах цуврал лайв, нийтлэл, подкастууд та бүхэндээ бэлтгэн хүргэсээр байна.
Энэ удаагийн Үндэсний шилдэг брэнд бүтээгчдийн туршлага цуврал нийтлэлээр Дархан нэхий брэндийн хамт олон өөрсдийн брэндийн онцлог, үнэ цэн болон хэрхэн үүссэн талаарх түүхээсээ хуваалцлаа.
Сайн байна уу? Хамт олноороо манай нийтлэлд ярилцлага өгч байгаад баярлалаа. Та бүхэн өөрсдийгөө танилцуулаач.
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг М. Бат-Ирээдүй гэдэг. Би Дархан Нэхий ХК-ний Як Трейд ХХК – н Загварын товчооны даргаар ажилладаг. Өнөөдрийн энэхүү шууд ярилцлагаар цүнхний загвар зохион бүтээгч Ж. Ариунзаяа болон хувцасны загвар зохион бүтээгч Л. Ундрал нар оролцож байна.
Ярилцлагын эхэнд дурдахад шилдэг үндэсний үйлдвэрлэгч компанидаа бид бүхнийг багтааж оролцуулж байгаад байгууллага, хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж байна.
Бид шинэ шинэ сайхан загваруудыг тун удахгүй шижигнэсэн залуучууддаа зориулан ар араас нь танилцуулах болно. Өнөөдөр ч гэсэн бид ганц хоёр тойм тойм загваруудаа танилцуулахаар бэлдсэн байгаа. Ингээд таны бэлдсэн хөтөлбөрийн дагуу ярилцлагаа үргэлжлүүлье.
Дархан Нэхий брэнд яг хэзээнээс албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
За тэгэлгүй яахав. Манай Дархан Нэхий компани грүппийн хэмжээнд өргөн цар хүрээтэй ажилладаг байгууллага. 1972 онд байгуулагдаад тун удахгүй ирэх 2022 онд 50 жилийн ойгоо тэмдэглэх гээд томоохон ажлууд төлөвлөлтийн явцдаа байна.
Өнөөдрийн байдлаар Як Трейд ХХК гээд 2018 онд байгуулагдсан охин компанийн зүгээс брэнд хөгжүүлэлт болон хийж буй ажлынхаа талаар ярилцахаар бэлтгэлээ.
Та бүхэн одоогийн байдлаар хэдэн салбартай хэр өргөн үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
Дархан Нэхий бэлэн бүтээгдэхүүнээс бусад үйлдвэрлэлийн хувьд Дархан хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Харин борлуулалтын компани болон дэлгүүрүүд нь Улаанбаатар хот, бүх аймгуудад байдаг. Өөрийн гэсэн нэрийн барааны дэлгүүртэй ажиллаж байна. Харин нэрийн барааны дэлгүүргүй аймгуудад томилогдсон хугацаанд харилцагчидтайгаа хамтарч ажилладаг. Хотод бол нэрийн барааны 5 салбар байна.
Манай Дархан Нэхий грүппийн хэмжээнд нийтдээ 7 охин компанитай.
- Нэхий Гармент ХХК – Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Як Трейд ХХК – Бүтээгдэхүүний судалгаа хөгжил, загвар, маркетинг
- Гранд Як ХХК – Зочид буудал, ресторан, хүргэлтийн хоолны үйл ажиллагаа
- Дэвжих Нэхий ХХК – Банк бус санхүүгийн байгууллага
- Нэхий Таннери ХХК – Арьс шир үйлдвэрлэл
- Нэхий Трейд ХХК – Борлуулалт, түгээлт
- Нэхий Агр ХХК – Хүнсний үйлдвэрлэл, барилга
Манай нийтлэлийг сошиал маркетерүүд болон байгууллагын менежерүүд уншиж байгаа. Зураг авалт контент бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
2019 оныг хүртэл Дархан Нэхий компани үйл ажиллагааныхаа чиглэлээр ямар нэг студи байгаагүй. 2019 оноос өөрсдийн гэсэн студитэй болж сошиал маркетингаа хийж явж байна. 1 хүн хариуцаад ард нь бүх загвар зохион бүтээгчид хамтарч ажиллаж байгаа. Маш сайхан залуу баг хамт олон ажиллаж байна даа.
Бусад ярилцлагууд:
- Ялгуун брэнд: Брэнд менежер Б. Анужин
- Урбан брэнд: Маркетингийн албаны дарга Э.Бямбасүрэн
- Борголжин брэнд: Маркетингийн менежер Батцэцэг
- Нүүр будалтын дэлхийн аварга Eegii cosmetics үүсгэн байгуулагч Б.Энхчимэг
- Ивээл брэнд: Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал З. Рэгзэдмаа
Өөрсдийн гэсэн студитэй байна гэдэг том давуу тал болжээ. Нэг бүтээгдэхүүн буюу жишээ аваад ярихад гадуур хувцас гэхэд зах зээлд гарахдаа ямар үе шатуудыг туулдаг вэ?
Үйл ажиллагааны чиглэлийн хувьд судалгаа хөгжлийн алба болон загварын товчоо хоёр нийтдээ масс үйлдвэрлэлийн Нэхий Гармент ХХК-даа гаргаж болох хамгийн боломжтой сүүлийн үеийн загваруудаа санал болгоод үйлдвэрлэдэг. Загвар зохион бүтээгч зурагнаас эхэлж, загвараа гаргадаг.
Шат дарааллын хувьд загвар зохион бүтээгчид маань судалгаа хөгжлийн албаныхандаа танилцуулж эсгэх, оёх, үйлдвэрлэх зөвшөөрөл авна. Ингээд техникийн дагуу үйлдвэрлээд явдаг. Бүтээгдэхүүн бэлэн болоод дээлний 3, гутлын 1, цүнхний 1 гэсэн 5 загвар зохион бүтээгч сар болгоны 10-нд өөрсдийн компанийнхаа загварын хурал дээр гүйцэтгэх удирдлагуудад танилцуулан эцсийн зөвшөөрөл авч, Нэхий Гармент ХХК буюу Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шилжүүлдэг.
Дээлний хувьд л гэхэд хамгийн багадаа 7-8 загвар гарна. Түүнээс Нэхий Гармент ХХК дээр загварын хурлаар бүх гүйцэтгэх захирлуудтай оролцоод аль загварыг энэ жилийн, энэ сарын худалдаанд гаргах вэ? гэдгээ шийддэг.
Дизайнераас асуулт асууя. Нэг загварыг гаргахад дизайнерийн хувьд санаагаа хэрхэн гаргадаг вэ?
Як Трейд ХХК -н Цүнхний загвар зохион бүтээгч Ж. Ариунзаяа: Миний хувьд цүнхний загвар зохион бүтээгчээр 2019 оноос ажиллаж байна. Загвараа гаргахдаа өмнөх саруудад аль загвар их хэрэглээтэй байсныг хардаг. Нөүтбүүкийн цүнх эсвэл эмэгтэй гоёлын цүнх юм уу? Аяны цүнх ч юм уу? Аль нь илүү эрэлт сайтай байгаад сайжруулах хэрэгтэй талаар хүмүүсийн санал бодлыг авдаг.
Мөн борлуулалтын үзүүлэлтээ бас харна. Сүүлийн үеийн загварын чиг хандлагаа бас хардаг. Тэгээд үлгэр гаргаж, үлгэрээ эсгүүрч, оёдолчиндоо өгч ажилладаг.
Дизайнерүүд их авьяаслаг зураачид гэж харагддаг. Таны хувьд загварын эх зургаа хэрхэн гаргадаг вэ?
Миний хувьд Corel Draw програм дээр эх загвараа зураад, орц нормоо бичээд эсгүүрийн болон оёдлын технологи, бүх деталиудаа гаргадаг. Олон цүнхний загварын санаа байгаа. Энэ загвар, энэ хэсгийг, энэ деталийг оруулчихъя гэдгээ сонгож оруулж өгдөг. Зөвхөн өөрийнхөөрөө хийнэ гэхээс гадна өөр загваруудаас санаа авна.
Бусад брэнд бүтээгчид мэргэжлийн дизайнер ажилд авъя гэвэл хаанаас олох вэ?
Миний харж байгаагаар Монголд цүнхний дизайнерийн чиглэлээр Монголд их дээд сургууль маш ховор. Урлах эрдэмд яг цүнхний дизайнераар сурдаг. Туршлагаараа сайжраад загвар гаргадаг тийм хүмүүсийг л олох байх. Миний хувьд 2012 оноос цүнхний үйлдвэрт ажиллаад 8 жил ажиллаж байна. Ур чадвараа өсгөх хэрэгтэй гэж үзээд Солонгост 6 сарын сургалтад сууж байсан. Монголд мэргэжлийн сургууль цөөхөн байдаг.
Аливаа брэнд бүтээлт судалгаанд үндэслэдэг гэж боддог. Бүтээгдэхүүн, хөгжүүлэлт дараа, дараагийн загвараа гаргахдаа зах зээлийн судалгааг хэрхэн хийдэг вэ?
Бид судалгаагаа маш сайн хийдэг гэж өөрсдийгөө дүгнэдэг. Юутай холбоотой вэ? гэхээр массыг хамарсан бүтээгдэхүүн болон цөөн тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээрээ өөрсдийн биеэр очиж судалгаа хийдэг. 2019 оноос худалдааны төлөөлөгч Нэхий Трейд ХХК-тайгаа хамтраад загвар зохион бүтээгч болон үйлдвэрлэл хариуцсан гүйцэтгэх захирлууд нь жилдээ 1-2 удаа өөрсдийн явуулын борлуулалтаар цуг явдаг.
Энэ нь ямар ашиг давуу талтай вэ? гэхээр үйлдвэрлэлийн менежерүүд болон загвар зохион бүтээгч нар цуг борлуулалтад явснаараа тухайн хэрэглэгчдээс ирж буй санал гомдлыг шууд хүлээж авах бөгөөд тэр нь эргээд ажил болж чаддаг. Маш үр дүнтэй санагддаг.
Дашрамд хэлэхэд бас манай Як Трейд ХХК-ний хувьд бас 2020 оны 9 сард Golden Yak Luxury гэдэг нэртэй цөөн тоогоор захиалгаар худалдаалдаг дэлгүүрийг Дархандаа ганцхан салбар нээсэн. Энэ дэлгүүртээ худалдааны төлөөлөгч болон борлуулалтын менежер авахгүйгээр загвар зохион бүтээгч нар маань өөрсдөө долоо долоо хоногийн хугацаатайгаар ажиллаж байгаа.
Энэхүү ажлаар манай загвар зохион бүтээгчид маань маш их мэдээллийг өөрсдөө цуглуулаад цөөн тоогоор үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийхээ санааг шууд хэрэглэгчдээсээ олж хөрсөн дээр буулган бараа бүтээгдэхүүнүүдээ тухайн хүндээ хүргэж чаддаг.
Эцсийн хэрэглэгч нартай тулж ажилласан менежер, загвар зохион бүтээгч болон гүйцэтгэх захирлууд юуг зах зээл хүсч байна гэдэг дээр ажиллаж бүтээл болгож гаргадаг. Ийм төрлийн судалгаа хамгийн түлхүү хийгддэг.
Нэг бараа бүтээгдэхүүнээ хийгээд худалдааны төлөөлөгч явуулахын оронд нэг баг болоод цуг Монголынхоо 21 аймаг, сумуудаараа тойрдог. Энэ явцдаа хувцсанд юуг алдаж хийсэн байна? Яагаад хүмүүс барьж авч сонгохгүй байна? Ойролцоогоор 12-13 төрлийн гутал, цүнх байлаа гэхэд тэр гуталнаас эмэгтэй хүмүүс, 25-35 насныхан аль гутлыг сонгож байна? 3-4 өнгөөс аль өнгийг сонгож байна? гэдгийг тухайн өдрийн борлуулалт дээр тэмдэглэж аваад нэгтгээд 7-10 хоногийн хугацаанд явж ажилладаг. Ингээд дараа дараагийн менежерүүд явдаг. Ийм бүтээлч, бодит судалгааг авч ажиллаж байна.
Түүхий эд боловсруулалтаа 100% Монголдоо хийж байна уу?
Бидний гол түүхий эд болох арьс ширийг дотоодын үйлдвэрлэл хангагч Нэхий Таннери ХХК маань 100% үйлдвэрлэдэг. Бусад оёдлын туслах материалуудаа цөөн тоогоор үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүн дээрээ загварын хурлаар оруулж “Энэ тэлээний энэ арлын энэ энэ наалтыг сонгоно” гэх мэт хамгийн энгийн бөгөөд нэг бүрчлэн дарааллаар нь сонгож явдаг.
Манай бүтээгдэхүүний хувьд Монгол арьс шир учраас яг тэр онцлогтоо тохироод 4 улирлаа дамнасан таван хошуу малын арьс учраас дасан зохицох чадвар, нэхийний эдлэлийн хувьд маш сайн.
Хүмүүсийн хувьд загвар болон бусад онцлогоор нь Турк болон Хятад нэхийг сонгодог. Монгол нэхийний хувьд эдэлгээ маш сайн.
Зорилтот хэрэглэгчдээ хэрхэн оновчилдог вэ?
Тэр тал дээр миний анзаарч байгаа зүйл нь залуучуудад чиглэсэн зүйлс дотоодын үйлдвэрлэл ховор байгаа харагддаг. Яг манай Дархан нэхийн хувьд арьс шир нэхийтэй холбоотой насны ангилал нь жоохон ахимаг ч юм уу? 45-аас дээш насныхан нэхий дээлийг сонирхож өмсдөг бол, бага насны хүүхдүүдэд эцэг эхчүүд маань Дархан нэхийн гутлыг сонгодог.
Ангилалын хувьд 2021 онд илүү залууст чиглэсэн загварлаг, гадаадаас орж ирж буй бүтээгдэхүүнийг орлохуйц хэмжээний бүтээгдэхүүнүүдийг эрчимтэй судлаад зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Одоогоор ямар бүтээгдэхүүн коллекц дээр ажиллаж байна вэ?
Одоо өвлийн улирал ерөнхийдөө дуусах явцдаа орж байна. Сая 1-р сарын 15-ны загварын хурал маань хамгийн сүүлийн өвлийн загвараа гаргасан. 2021 оны ирэх 2-р сарын 15-ны хурлаар тэр чигтээ хавар намрын дан савхи болон ботинк, пүүзэн гутлын коллекцууд дотоод компаниудад танилцуулагдах болно.
Тэгэхээр 4-р сард үйлдвэрлэгдэх бараа бүтээгдэхүүнээ 2-р сард загварын хурлаар оруулдаг.
Дээлний загвар зохион бүтээгч Л. Ундрал: 2017 онд ШУТИС-ийг загвар зохион бүтээгчээр төгссөн. 2019 оноос Дархан Нэхий ХК-д загвар зохион бүтээгчээр ажиллаж байна. Бид загвараа гаргахдаа Дэлхийн чиг хандлага болон тухайн оны тренд, өнгөний сонголт зэргийг судлан түүндээ үндэслэн охид, залууст зориулан шинэ загвараа зохион бүтээдэг.
2021 онд үйлдвэрлэгдэх шинэ загварын хувьд охидуудад зориулсан сул, үслэг ил халаастай. Туслах материалаас бусад бүх материал нь дан савхи, ширэн материалтай байгаа.
Цүнхний загвар зохион бүтээгч Ж. Ариунзаяа: Цүнхний хувьд яг стандарт буюу 30*40 хэмжээгээр хийсэн. Давуу тал нь хэрэглээд ирэхээр оосорны уг хэсгээр урагддаг. Тиймээс урагдахаас хамгаалж тусгай наалт хийж өгсөн. Мөн оосортоо суналтаас хамгаалсан наалттай. Сургалтад сууж байхад арьсны зузаан 2 мм байх ёстой гэж заадаг. Тиймээс бид яг энэ стандартад нийцүүлж арьсаа боловсруулдаг.
Загварын товчооны дарга М. Бат-Ирээдүй: 2021 онд YAKET нэртэй брэндийн хавар, намрын кет гаргаж байгаа. 100% ширээр хийгдсэн классик загварын импортын барааг орлож, өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.
Манай үндэсний үйлдвэрлэгч нар тус тусын чиг хандлага өөр өөрсдийн хэв маягтай байх. Бидний хувьд “Монгол малын буянг, Монгол хүмүүн танд” гэдэг уриан дор бүх бүтээгдэхүүнээ гаргадаг.
Ивээл, Борголжин, Ялгуун гэх мэт өнөөгийн залуусын чиг хандлагад нийцсэн өнгөлөг Монгол брэндүүдийн залуучууддаа талархаж явдаг шүү.
1-3 жилийн насжилттай загварууд нь буцаад эргэх ч тохиолдол байдаг. Тиймээс үргэлж загвараа шинэчлээд, залуучууд юу хүсч байна? түүнд нь нийцэхүйц бараа бүтээгдэхүүнийг чанартайгаар хамгийн гол нь дотооддоо үйлдвэрлэхийг уриалж байна.
Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцлагад маань оролцсон та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.
За баярлалаа. Үндэсний брэнд бүтээгчдийн туршлагыг олон нийтэд түгээж буй танай хамт олны энэхүү цуврал ярилцлага, лайв контентод амжилт хүсье.