Facebook Stories: Маркетерууд яагаад ашиглах ёстой, хэрхэн үр дүнтэй хялбар хийх вэ?
Анх 2013 онд Snapchat стори хэлбэртэй контентыг эхлэлийг тавьсан ба энэхүү контентын шинэ төрлийн өсөлтийг дэлхий даяар хүлээж бас харж байлаа. Зарим мэргэжилтнүүд стори тийм ч амжилттай байж чадахгүй гэж үзэж байсан ч snapchat стори том тэсрэлт хийсэн. Snapchat стори контентоо нээлт хийснээс хэдхэн сарын дараа Facebook-ийн захирал Зукерберг 3 тэрбум доллараар тус апп-ыг худалдан авах санал тавьсан ч snapchat-ийн зүгээс өсөлтийг таамаглан татгалзсан хариу өгч байсан ажээ.
Гурав жилийн дараа буюу 2016 оны наймдугаар сард Инстаграм апп-даа stories-той болсон. Үүнээс 6 сарын дараа WhatsApp стористой болсон. Ингээд эцэст нь 2017 оны 3 дугаар сард Facebook сторис функцээ зарлан snapchat-тай хийсэн дайнаа дуусгахаар шийдсэн.
Facebook компани идэвхтэй хэрэглэгчдийнхээ зөвхөн 10 хувь буюу 1.45 тэрбум хэрэглэгчдэд сторисийг нэвтрүүлсэн байхдаа ч snapchat-ийг гүйцэд түрүүлээд байсныг Statista-ийн судалгаанаас харж болно.
Facebook stories хариуцсан менежер Коннор Хаес “Хүмүүс текст хэлбэртэй контентоос илүүтэйгээр зураг болон видео контентууд түлхүү нийтэлж байна. Энэ нь эргээд хүмүүс онлайнд бие биетэйгээ харилцах харилцааны арга замыг өөрчлөхөд хүргэж байна” гэж хэлжээ. Мөн тэрээр “Энэхүү өөрчлөлтийн эхлэл нь Snapchat байсан юм” гэж нэмж хэлсэн юм.
Facebook сторис Newsfeed-ийг орлож байна
2018 оны нэгдүгээр сард Facebook-ийн Newsfeed хариуцсан захирал Адам Моссери “Facebook бүх мэдээллээ хүргэх зарын самбар бус хувь хумүүс хоорондын утга учиртай харилцаа тогтоох суваг байх болно” гэж хэлсэн. Facebook-ийн гүйцэтгэх захирал ч үүнийг батлан “Facebook-ийн newsfeed-ийг гүйлгэж байхдаа хэрэглэгчид зар сурталчилгаа, бизнесийн байгууллагын постуудаас илүү хувь хүн хоорондын харилцаа үүсгэсэн контентыг харах болно” гэж өөрийн хуудсандаа бичжээ.
Бид ч энэхүү өөрчлөлтөд бизнесийн байгууллагууд хэрхэн дасан зохицох талаар Facebook-ийн алгоритм: Сошиал медиа маркетерууд юу анхаарах хэрэгтэй вэ? нийтлэлдээ дэлгэрэнгүй тайлбарлаж байсан билээ.
Түүнчлэн сторис хэсэг нь newsfeed-ийг орлох, органикаар зорилтот хэрэглэгчиддээ хүрэх сайхан боломж болжээ. 2019 оны байдлаар л гэхэд Stories хэсэгт контент нийтлэх нь Newsfeed-д нийтлэхээс илүү үр дүнтэй болж байлаа.
Маркетерууд яагаад Facebook сториг орхигдуулж болохгүй вэ?
Одоогийн байдлаар сторисыг идэвхтэй хэрэглэгчийн тоо 150 саяд хүрсэн бөгөөд энэ тоо улам бүр өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Түүнчлэн сторис нь 24 цагийн дараа устдаг тул өдөр бүр шинэ, амжиж үзэх хэрэгтэй мэт сэтгэгдлийг хэрэглэгчдийн дунд хүргэж байна.
Сторис бол бодит контентыг тухайн цаг мөчид хуваалцах төгс арга. Сторисын энэхүү холбоо харилцаа үүсгэх бодит байдлыг хуваалцах шинж нь түүний хамгийн гол олон хүн татаж буй нууц юм. Хэрэглэгчдийн 94% нь бүрэн ил тод байдлыг санал болгодог брэндүүдэд үнэнч байх магадлалтай ажээ.
Хэрхэн facebook page-дээ сторис хийх вэ?
Хуудасны admin болон editor эрхтэй удирдагчдад сторис үүсгэх боломж бий. Тиймээс та хуудас удирдах эрхээ юун түрүүнд шалгах хэрэгтэй.
Гар утаснаас:
Үүний дараа page-рүүгээ орж, логоны доор байрлах нэмэх тэмдэг дээр дараарай. Ингэхэд дэлгэцний доод хэсгээс цонх үүснэ. Тус цонхонд байрлах “create story” товч дээр дарахад стори үүсгэх хэсэг харагдах болно.
Компьютераас:
Та юун түрүүнд “creator studio”-руу ороорой. Ингээд зүүн гар талд байрлах “Create” ногоон товч дээр дарахад “Add story” товч дээр дарахад стори үүсгэх хэсэг харагдана.
Stories-ийн боломжууд ба төрөл
Одоо үүсгэлтийн хэсэг. Та текст эсвэл өөрийн албумаас зураг видеоны аль нэгийг сонгон оруулах боломжтой. Зураг болон видео хэлбэртэй сторинд үйлдэлд дуудах стикер, санал асуулга, асуултад хариулах хэсэг болон үйлдэлд дуудах товч байршуулан вэб сайт, шууд дуудлага хийх боломж үүсгэж болно. Хэрвээ та стори үүсгэхээр шийдсэн бол эдгээр боломжуудыг аль болох ашиглах хэрэгтэй бөгөөд энэ нь хэрэглэгчидтэй харилцаа үүсгэлтийг дэмжиж алгоритмын дагуу танай стори илүү олон хүнд хүрэх болно.
Хэрэв Facebook-ийн олгож байгаа боломжуудаас илүү шинэлэг байхыг хүсвэл
Стори дахь боломжууд өдөр ирэх тусам сайжирч байгаа. Facebook-ийн тохиргоонуудыг ашиглан сторигоо хийх нь натурал харагдах давуу талтай байж ч магадгүй. Гэхдээ өөрийн брэндийн өнгө төрхийг олсон, илүү шинэлэг, өнгөлөг стори хийхийг хүсвэл та дараах платформуудыг сонирхоод үзээрэй.
Сошиал медиад контентоо байршуулахын өмнө ямар платформд, ямар контент байршуулах гэж байгаагаа төлөвлөх хэрэгтэй болдог. Учир нь платформ бүрт тохирох зургийн харьцаа гэж бий.
Зургийн харьцаа алдагдсанаар таны хийсэн контент дээд, доод эсвэл баруун зүүн талаасаа таслагдан бүтэн харагдахгүй болчихдог тул заавал тухайн харьцааг анхаарах нь чухал юм. Стори ч мөн үүний адил өөрийн гэсэн харьцаатай.
Яг сторинд зориулсан харьцаа болон өнгө төрхөөр хүссэн сторигоо хийх боломжтой бэлэн загварыг танд дараах вэб хуудаснууд санал болгох болно.
Easil.com
Давуу тал:
Ашиглахад тун хялбархан учраас та заавал график дизайны мэдлэгтэй байх шаардлагагүй. Өнгөлөг, ашиглахад бэлэн загваруудаар баялаг. Гэхдээ хамгийн гол давуу тал нь хүссэн фонтоо суулгах боломжтой. Фотошопд байдаг tool-үүдийг ашиглахад хялбараар тохируулсан учир хүссэн загвар, өнгө төрхөө гаргахад тань тусална.
Текст хэсэгт сүүдэр өгөх, 3D мэт харагдуулах, маск хийх гээд фотошопийн бидэнд олгодог дизайны шийдлүүдийг Easil-ийн тусламжтайгаар тун амархан гаргаж болно. Түүнчлэн арын дэвсгэрт ашиглах хээ хуар, сонирхолтой, өнгөлөг icon, маш чанартай зургийн баялаг сантай учраас та өөр платформуудаар хүссэн зүйлээ хайж цаг алдах шаардлагагүй. Эцэст нь та бэлдсэн контентоо png, jpg өргөтгөлийн аль алиар нь татаж авч болно.
Сул тал:
1 сарын хугацаанд л үнэгүй ашиглах боломжтой.
Hype type app
Давуу тал:
Гар утасны энэхүү апп нь iOS болон Android үйлдлийн системийн аль дээр нь ч ажилладаг бөгөөд видео хэлбэртэй стори контент бэлтгэхэд тохиромжтой. Апп-ийг суулгамагц зураг авах хэсэг гарах бөгөөд swipe up хийж өмнө нь гар утсан дээрээ суулгасан зургаа ашиглах боломжтой.
Хэд хэдэн зураг нийлүүлэн видео хэлбэртэй болгож болно. Мөн хүссэн дуугаа уншлуулан оруулж ч болно. Hype Type-ийн текст оруулах тохиргоо анимэйтэд хэлбэртэй учир нэг зураг оруулсан ч таны стори тун богино видео хэлбэртэйгээр нийтлэгдэх болно. Эцэст нь та бэлдсэн сторигоо татаж авах эсвэл Instagram, Facebook-рүү шууд нийтлэх боломжтой.
Сул тал:
Зургийн сан, филтер байхгүй учраас жаахан өнгө муутай харагддаг.
Unfold app
Давуу тал:
Мөн л iOS, Android-ийн аль аль дээр нь ажилладаг гар утасны энэхүү апп нь аялал жуулчлал, амьдралын хэмнэлтэй холбогдох үйлчилгээ, ресторан, кофе шопийн бизнес эрхэлдэг хэрэглэгчдэд тун тохиромжтой минимал өнгө төрх бүхий хэв маягтай загваруудыг санал болгодог. Бэлдсэн контентоо мөн л татаж авах боломж бий.
Сул тал:
Зурганд филтер өгөх боломжгүй. Маш гоё загварууд байгаа ч ихэнх нь үнэгүй ашиглах боломжгүй.
Canva.com
Давуу тал:
Ашиглахад тун хялбархан учраас та заавал график дизайны мэдлэгтэй байх шаардлагагүй бөгөөд маш олон бэлэн загварууд Canva-д бий. Хэрэв фотошоп дээр ажиллаж чаддаг бол canva дахь загваруудыг дизайны шинэ санаа авахад ашиглаж ч болно.
Сул тал:
Монгол үсгийн зарим фонтыг таньдаггүй учраас хүссэн фонтоороо текстээ бичих боломж хязгаарлагдмал.
Buffer.com
Давуу тал:
Ерөнхий ажиллах зарчим нь Canva-тай адил. Мөн та өөрийн хүссэн зургаа upload хийж оруулах боломжтой учраас өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний бодит зургаа ашиглан, сонирхолтой стори бэлдэж болно.
Сул тал:
Canva-г бодоход загвар файл багатай. Монгол үсгийн зарим фонтын сонголт ч хязгаарлагдмал.
Дээр дурдсантай адил зарчмаар ажилладаг стори бэлтгэхэд зориулагдсан гар утасны болон компьютер дээрээс хэрэглэхэд тохиромжтой олон төрлийн апп, платформууд бий. Бид дээр зөвхөн 5-ыг л жишээ болгон танилцууллаа.
Харин та өөрийн хуудасны өнгө төрхийг хадгалсан сториг фотошоп дээр бэлтгэхийг хүсэж байвал бидний бэлдсэн ашиглахад бэлэн загварыг доорх талбарыг нөхөн татаж аваарай. Таны бүртгүүлсэн имэйл хаягаар илгээх болно. Баярлалаа.