fbpx

Facebook сурталчилгаа яагаад хүмүүст хүрэхгүй “гацдаг” вэ?

Facebook сурталчилгаа Active эхэлсэн төлөвтэй байгаа ч сурталчилгаа тань явахгүй байна уу? Сүүлийн үед Facebook сурталчилгааны бодлогоо чангатган, сурталчилгааны алгоритм нь Монгол хэл дэмждэг болсонтой холбоотойгоор Facebook сурталчилгаа явахгүй байх, батлагдахгүй байх гэх мэт асуудал нэлээд гарах болсон. Тиймээс бид энэхүү нийтлэлдээ үүнтэй холбогдох хамгийн түгээмэл шалтгаануудыг тайлбарлахыг зорилоо.

Facebook сурталчилгаа яагаад хүмүүст хүрэхгүй байна вэ?

Сурталчилгаа явахгүй байх шалтгаан: Кампанит ажлын түвшинд

Сурталчилгааны аккаунтын зарцуулах лимит хэтэрсэн: Хэрэв та тухайн сурталчилгааны данс дээрээ сурталчилгааны төсвийн хязгаар тогтоосон бол уг хязгаар хэтэрсэн тохиолдолд сурталчилгаа хүргэхийг автоматаар зогсоодог.

Шийдэх арга: Сурталчилгааны дансны зарцуулалтын хязгаараа шинэчил. Та Ads Manager – Billing – Payment Settings – Set Your Account Spending Limit талбарт энэ тохиргоог шинэчлэн хийгээрэй.

Сурталчилгаа явахгүй байх шалтгаан: Ad Set-н түвшинд

Сурталчилгааны хугацаа дууссан: Сурталчилгаа явах таны тохируулсан хугацаа болчихсон бол Фэйсбүүк сурталчилгааг зогсоодог.  Сурталчилгаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл хугацааг нь сунгахад л хангалттай.

Шийдэх арга: Сурталчилгааны Ad Set хэсэгт хугацааг нь шинэчилнэ.

Ad Set-ийн эхлэх хугацаа нь болоогүй: Шинээр үүсгэсэн сурталчилгааны эхлэх хугацааг тэр дор нь биш харин тодорхой хугацааны дараа эхлүүлэхээр тохируулсан бол тохируулсан цаг болтол сурталчилгаа эхлэхгүй.

Шийдэх арга: Та яг одоо сурталчилгаагаа эхлүүлмээр байгаа бол хугацааг нь шинэчлэн тэр дор нь эхлэхээр тохируул.

Сурталчилгааны зорилтот хэрэглэгчийн хүрээ хэт бага: Хэрэв та сүүлийн 1 хоногт танай вэбд хандсан хүмүүст л харагдахаар сурталчилгааны зорилтот сегментээ сонгосон бол маш цөөн хүнд харагдах магадлалтай. (Мэдээж танай вэбийн хандалтаас хамаарна.) Мөн сурталчилгааны зорилтот хэрэглэгчээ сонгохдоо хэт олон шалгуур, сонголт хийсэн бол таны сурталчилгаа хүрэх зорилтот бүлгийн хамрах хүрээ улам багасна гэсэн үг. Энэ нь таны сурталчилгааг олон хүнд хүргэхгүй байгаа шалтгаан байж болно.

Шийдэх арга: 1. Ad Set Targeting хэсэгт онц шаардлагагүй сонголт, шалгууруудыг хасаж, давхцалыг арилга. 2. Мөн сурталчилгааны зорилгоо Awareness хэсгийн Reach болгон өөрчлөж үзээрэй. Ингэснээр сурталчилгааг таны сонгосон хэрэглэгчдэд бүгдэд нь дахин давтахгүйгээр хүргэх боломжтой болно.

Зорилтот сегмент давхацсан Ad Set-үүд байгаа бол: Танай идэвхтэй сурталчилгааны хувьд Ad Set-үүдийн сонгосон зорилтот сегментүүд хоорондоо давхцаж байгаа бол таны сурталчилгаанууд хоорондоо өрсөлдөж байна гэсэн үг. Фэйсбүүкийн алгоритм энэ тохиолдолд ихэвчлэн илүү өндөр үр дүнтэй Ad Set-ийг сонгон сурталчилгааг үргэлжлүүлж,  бусдыг нь түүнтэй өрсөлдөхөөс сэргийлэн зогсоодог. (Ингэснээр сурталчилагааны төсвийг үр дүнтэй зарцуулах давуу талтай.)

Шийдэх арга: Зорилтот сегментээ хоорондоо давхацсан эсэхийг нягтал. Үүнд Ads Manager – Assets- Audience хэсгээс харьцуулах зорилтот сегментээ сонгон Actions-Show audience overlap функцыг ашигла.

Дижитал маркетинг

Үнийн санал эсвэл төсөв хэт бага: Таны үүсгэж буй Фэйсбүүк сурталчилгаа бүр үзэгчдэд хүрэх боломжтой болохын тулд “үнэ хаялцах” зарчмаар үнээ тогтоодог. Та анхнаасаа бага үнийн санал өгвөл бусад маркетерүүдэд “ялагдана” гэсэн үг.

Шийдэх арга: Үнийн саналаа нэмэх эсвэл bidding – үнэ хаялцах стратегиа өөрчлө. Жишээ нь Bidding Strategy хэсэгт “Lowest cost – Get the most post engagements for your budget” сонголтыг хийснээр нэгжийн зардлыг хамгийн бага байхаар сурталчилгаагаа явуулах эрхийг Facebook-т өгч байна гэсэн үг.

Оновчлох хангалттай дата байхгүй: Сурталчилгааны зорилгыг Conversion-д буюу илүү үр дүнд чиглүүлж сонгож болно. Гэхдээ та өмнө нь ийм төрлийн сурталчилгаа үүсгэж байгаагүй, ямар нэг Conversion (худалдан авалт, сагсанд нэмэх, бүртгэл гэх мэт) өмнө нь бүртгэгдэж байгаагүй бол ийм зорилго бүхий сурталчилгаанд тохирох зорилтот хэрэглэгчдийг олоход Фэйсбүүк алгоритмд хүндрэлтэй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл таны шаардлагыг хангасан хангалттай тооны хүн олж авах боломжгүй байж болно.

Шийдэх арга: Сурталчилгааны оновчлож буй үр дүнгээ олон дахин давтагдаж байгаа conversion event-ээр солиод үз. Илүү бүртгэгддэг үр дүн жишээ нь Бүртгэл-г биш харин Газардах хуудас үзсэн гэсэн оновчлол үүсгэж болно.

“Ялгаварласан” хэлбэр бүхий зорилтот бүлэг сонгосон бол: Та орон сууц, ажлын байр, санхүүгийн үйлчилгээ сурталчлахдаа хэрэглэгчдийг арьс өнгө, үндэс, гэрлэлтийн байдал зэргээр сонгон зорилтот бүлгээ гаргасан бол Фэйсбүүкийн Non-discrimination policy хэсэгтэй эхэлж сайн танилцаарай. Хэрвээ таны сурталчилгаанд discriminatory targeting буюу ялгаварлах шинж орсон байвал сурталчилгааг тань эхлүүлэхгүй байх магадлалтай.

Шийдэх арга: Сурталчилгааны зорилтот бүлгээ сонгох үзүүлэлтүүдээсээ “Ялгаварласан” гэсэн ангилалд хамрагдаж болзошгүй сонголтуудаа цуцла.

Сурталчилгаа явахгүй байх шалтгаан: Сурталчилгааны түвшинд

Сурталчилгаа хянагдаж байвал: Шинээр үүсгэсэн сурталчилгаа эсвэл дахин оруулсан засвар бүрийг Фэйсбүүкээс хянасны дараа нийтэлдэг. Үүнд ихэвчлэн 24 цаг хүртлэх хугацаа шаардлагатай.

Шийдэх арга: Юуны өмнө сурталчилгаа тань ямар статустай байгаа нягтал. Сурталчилгаа тань хянагдаж байгаа учраас нийтлэгдээгүй байж мэдэх юм. Харин хэт удаан хугацаанд сурталчилгаа хянагдаж байна гэсэн статустай байгаа бол “Ads Pending Review more than 24 hours” формыг бөглөөд хүсэлтээ илгээгээрэй. Сурталчилгааны ID, гарсан асуудлаа тодорхой бичээд илгээхэд л хангалттай.

Таны сурталчилгаа батлагдаагүй: Сурталчилгаа тань батлагдахгүй байх шалтгаан олон бий. Жишээ нь сурталчилгаанд дурьдагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээ “хориотой” эсвэл “хязгаарлагдсан” бүтээгдэхүүний жагсаалтанд хамаарагдаж байна уу шалгаарай. Мөн таны ашиглаж буй үг хэллэгээс мөн шалтгаалж байж болно. Жишээ: “Ханиадны шинэ эм” эсвэл “Та ханиадтай байна уу?”.

Шийдэх арга: Батлагдаагүй сурталчилгаагаа олж аваад таны сурталчилгаа яагаад нийтлэгдээгүй шалтгааныг олж мэд. Фэйсбүүкээс ихэнх тохиолдолд шалтгааныг нь илгээдэг. Хэрэв та уг шалтгаан нь бодит байдалтай нийцээгүй алдаатай байна гэж үзвэл “Appeal a disapproved ad” формыг нөхөж илгээгээрэй.

Сурталчилгааны материал дахь текстийн эзлэх хэмжээ 20%-иас их байвал:  Таны сурталчилгаандаа ашиглаж буй сурталчилгааны материал текст агуулсан бол тодруулбал текстийн эзлэх хэмжээ 20%-иас их байвал сурталчилгааны нэгжийн зардал нэмэгдэх, зорилтот хэрэглэгчдэд харагдах магадлал буурдаг. Тэр ч байтугай хэт их тексттэй бол сурталчилгааг батлахгүй байх магадлалтай.

Шийдэх арга: Дараа, дараагийн сурталчилгаа үүсгэхдээ ашиглах зургийг Фэйсбүүкийн  “Image Text Check” хэсгээс хэт их тексттэй эсэхийг шалгаарай. Мөн нэг анхаарах ёстой зүйл нь энэхүү шалгуур видео дээр мөн адил тавигдана шүү.

Таны Relevance Score-хамаарлын оноо бага бол: Хамаарлын оноо нь таны сурталчлах зүйл зорилтот сегментийн тань сонирхолд хэр нийцэж байна вэ гэдгийг харуулдаг. 1-10 хүртлэх оноотой. Хамаарлын оноо өндөр байх тусам зорилтот хэрэглэгчдэд хүргэх сурталчилгааны зардал бага байна гэсэн үг. Харин бага бол зардал өндөр байхаас гадна үр дүнгүй болно гэсэн үг.

Шийдэх арга: Яг зөв хэрэглэгчдийг зорилтот хэрэглэгчдээр сонгосон эсэхээ нягтлах хэрэгтэй. Хэрэв зөв сонгосон бол та сурталчлагааныхаа харагдах байдал, загвар, дизайн, текстээ илүү боловсронгуй, анхаарал татахуйц болгоход анхаараарай.

Мөн танд ямар асуудал бас тулгарч байна? Хэрхэн шийдэж байгаа талаараа манай уншигчидтай хуваалцах бол яг энэ сэдвээр манай Facebook, Twitter хуудас дээр нийтлэсэн постууд дээр коммент бичээрэй.

Дижитал маркетинг

TOP