Сошиал маркетинг, дижитал маркетинг, график дизайны хэрэгцээ тун өндөр болсон өнөө цаг үед аливаа байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт үүнтэй шууд хамааралтай байдаг. Гэвч хэн энэ ажлыг хариуцаж хийх вэ? гэдэг асуултад байгууллага бүр эсвэл захирал, маркетер бүр хариулах гэж оролддог байх. Үүнд:
- Мэргэжлийн сошиал медиа маркетер болон Дизайнер. Эсвэл тэдний хэн нэгэн нь ганцаараа.
- Сошиал маркетинг болон дизайны төрлөөр мэргэшээгүй ч энэхүү чухал ажлыг хариуцаж авсан нэгэн.
- Ганц үүсгэн байгуулагчтай компанийн захирал өөрөө гэх мэт.
Дээрх 3 хүмүүсийн аль нь ч бай бидэнд хандахад өгдөг зөвлөгөөний нэг нь “Аливаа сошиал постын дизайн, өнгө үзэмж, чанар зэрэг нь танай байгууллагыг гэх хэрэглэгчдийн үнэлэмжийг шууд тодорхойлдог юм шүү!” гэж сануулдаг.
Мэдээж үүнийг хамгийн чадварлаг хийх хүн нь МЭРГЭЖЛИЙН ДИЗАЙНЕР! Гэвч чадварлаг ажилтан ажиллуулах санхүүгийн нөөц байхгүй үед эсвэл хараахан авч амжаагүй байх үед аль болох хурдан шуурхай төлөвлөгөөний дагуу сошиал постууд бэлтгэх хэрэгтэй болно. Энэ талаар танд санаа өгөх, шууд хэрэгжүүлэхэд тань туслах дараах график дизайны 5 апп-ыг танилцуулж байна.
- Canva буюу бэлэн темплейтэд суурилсан апп;
- Adobe Creative Cloud Express буюу бүтээлч апп;
- Pablo by Buffer буюу маш богино хугацаанд сошиал пост бэлтгэхэд туслах апп;
- Desygner буюу өөрийн гэсэн хязгааргүй дизайныг бүтээх апп;
- Snappa буюу хүссэн зураг контентийг бүтээх апп;
График дизайны апп-ууд танд хэрхэн туслах вэ?
Бидэнд нэг ийм явдал үргэлж тохиолддог. Маш их цаг хугацаа зарцуулж сошиал пост бэлтгэх! Ахиад, ахиад л цаг зарцуулах. Мэдээж чухал л даа. Гэхдээ энэ цагийг хэмнэх талаас график дизайны апп-ууд маш сайн тусална гэдэгт итгэлтэй байна.
Мөн чанартай сошиал пост бэлтгэхийн тулд заавал өндөр төлбөр төлөх шаардлагагүй. Дараах апп-уудын үнэгүй хувилбарт маш чанартай темплейтүүдийн сонголт байдаг. Ингээд ямар нэг график дизайны апп сонгон ашиглахаас өмнө зайлшгүй тэдгээрт байх ёстой давуу талуудыг хуваалцъя.
- Ашиглахад хялбар байдал: Яг үнэндээ Photoshop болон Illustrator зэргийг хэрэглэж сурахад нэлээдгүй хүчин чармайлт шаардлагатай байдаг. Тийм учраас л эдгээр апп-уудыг сонгосон тул аль болох ашиглахад хялбар, ойлгомжтой эсэхийг судлах хэрэгтэй. Хийж болох үйлдлүүд нь хамгийн энгийн хялбар байх нь чухал.
- Сошиал маркетингийн пост бэлтгэхэд тохиромжтой юу? Сошиал маркетингийн постууд нь хэнд юу хүргэх үү? гэдгээрээ маш ялгаатай. Хямдрал урамшуулал, түгээмэл асуултад хариулалт, бүтээгдэхүүний давуу тал харуулах гэх мэт. Тэр болгонд танд тохирсон сонголтуудыг санал болгож буй эсэхийг хараарай.
- Хэр сайн апп вэ? Үүнийг тодорхойлохын тулд дараах асуултуудад хариулаарай. Ашиглахад хялбар байна уу? Үйлдэл бүрд удаан уншихгүйгээр хурдан байна уу? Таны хүссэн сонголтуудыг санал болгож байна уу? Бэлтгэсэн постыг чанартайгаар хадгалах боломжтой байна уу? гэх мэт. Үгүй бол татгалзах хэрэгтэй гэж хэлмээр байна.
- Дизайны сонголт нь олон янзын, бүтээлч байж чадаж байна уу? Таны хувьд ч тэр ижил төрлийн постыг ахин дахин оруулаад байвал хэрэглэгчдэд тань сонин санагдах байх. Яг үүнтэй ижил. Танд санал болгож буй дизайны сонголт нь цөөхөн хэдэн байх, эсвэл нэг л өнгө төрхтэй байгаад л байвал цаашид ашиглахад ер нь хэцүү гэж хэлмээр байна. Хэдий үнэгүй хувилбарыг нь ашиглаж байсан ч танд сонголтууд өргөн байх хэрэгтэй.
- Бүх төрлийн сошиал платформуудад тохирсон форматуудыг санал болгож буй эсэх? Хэрэв та зөвхөн Facebook пост биш Twitter дээр байгууллагын зүгээс шинэ жилийн мэндчилгээ хэрэглэгчдэдээ хүргэх сошиал пост бэлтгэж байгаа бол энэ боломжийг таны ашиглаж буй дизайны апп өгөх л ёстой. Учир нь Instagram -д нийтлэгдсэн пост заримдаа Facebook-т тохирдоггүй. Аль нэг талаасаа таслагдаж орох тохиолдол ч бий. Тиймээс пэйжийн ковер зураг, энгийн постын зураг, олон зураг зэргийн аль нь гэдгээс хамаарч мөн ямар платформд нийтлэгдэхээс хамаарч хамгийн зөв хэмжээ харьцааг танд санал болгож буй эсэхийг хараарай.
Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп-н хэрэглээ, давуу талууд
Canva (Web, iOS, Android, macOS, Windows)
Canva бол хүчирхэг, хэрэглэхэд хялбар бэлэн темплейтүүдэд суурилсан, үнэгүй ашиглах хувилбар нь маш олон сонголттой дизайны апп юм. Мянга мянган загварууд бий. Үүнд, Зөвхөн сошиал постууд бус танилцуулга, богино видео, story бэлтгэх загвар гэх мэт маш олон төрлийн дизайн бэлтгэхэд зохимжит хэмжээ бүхий темплейтүүдтэй байдаг.
Home цэсэнд та юу гэж хайхаас шалтгаалан таны хайлттай холбоотой загвар дизайнууд гарч ирдэг. Жишээ нь, “birthday instagram stories” гэж хайвал төрсөн өдрийн холбогдолтой төрөл бүрийн дизайн бүхий сторины загварууд гарч ирдэг.
Ашиглах загвараа сонгосоны дараа өөрт хэрэгтэй дизайнаа тохируулахын тулд чирэх, товших, copy + paste хийх гэх мэт тун энгийн үйлдлүүдийг хэрэгжүүлэхэд л болно. Мөн Upload товч дээр дарж гаднаас зураг оруулах боломжтой. Таны хийсэн үйлдлүүд автоматаар хадгалагдах тул компьютер гэнэт унтрах, интернет тасрахад санаа зоволтгүй.
Canva нь Google Docs-той адил хийсэн ажлаа шэйр хийх, бусадтай хуваалцах, онлайнаар хамтран хийх боломжтой байдаг. Мөн Download товч дээр дарж, өөрийн хүссэн өргөтгөлөөр /png, pdf, jpeg гэх мэт/ хийсэн ажлаа татаж авах боломжтой.
Төлбөрийн хувьд: Үнэгүй хувилбарт 250,000+ гаруй бэлэн темплейт загваруудаас сонгон ашиглаж, 5GB багтаамж бүхий ажил хийх боломжтой. Илүү олон төрлийн бэлэн загвар ашиглаж, хийсэн ажлаа илүү өндөр чанартай татаж авъя гэвэл сард 12.95 доллар төлж, Canva Pro хувилбарыг худалдан авах боломжтой. Энэ нь 100GB багтаамжийн боломжтойгоос гадна дараах боломжуудыг танд олгоно.
- 100 сая гаруй дээд зэрэглэлийн зураг, видео, аудио болон графикуудаас сонгон ашиглах
- Өдөр бүр шинэ загвар бүхий 610,000+ Premium бэлэн темплейтүүдээс сонгон ашиглах
- 100 хүртэлх брэндийн иж бүрдэл буюу өөрийн брэнд эсвэл кампанит ажлынхаа өнгө, лого, фонтыг хадгалж, хэрэглэх
- Background Remover ашиглан зургийн арын дэвсгэрийг шууд устгах
- Magic Resize-ийн тусламжтайгаар дизайны хэмжээг хязгааргүй өөрчлөх
- Багаараа ажиллаж буй темплейт загвараа хадгалах
- Бэлэн болсон контентоо сошиал дахь 8 platform-д schedule хийх гэх мэт.
Adobe Creative Cloud Express (Web, iOS, Android)
Adobe бол график дизайны салбарт төрөл бүрийн программыг нэвтрүүлдэг тэргүүлэх компани. Тиймээс хялбархан аргаар график дизайн бүтээх хүсэлтэй хэрэглэгчдэдээ зориулж Adobe Creative Cloud Express – г гаргасан байна. Үүнийг ашиглаж сурахад Photoshop эсвэл Illustrator алийг нь ч мэддэг байх шаардлагагүй.
Хамгийн гайхалтай үйлдэл нь Quick Actions юм. Та Resize Image буюу зургийн хэмжээг засах, янзлах, Trim Video буюу видеог таслах, Remove Background буюу аливаа дүрсийн арын дэвсгэрийг арилгах гэх мэт үйлдлүүдийг заавал Adobe’s Photoshop болон Premiere ашиглахгүйгээр хийх боломжтой.
Төлбөрийн хувьд: Үнэгүй хувилбарт 2GB багтаамжийн ажил хийх боломжтой бөгөөд илүү дэвшилтэт боломжуудыг ашиглая гэвэл сард 9.99 доллар төлөх боломжтой. Энэ нь 100GB багтаамжийн боломж олгодог. Төлбөр төлснөөр:
- Бүх төрлийн загвар темплейтийг ашиглах
- Adobe Stock-ийн 160 сая гаруй зургийн цуглуулгуудаас ашиглах
- 20,000 гаруй лицензтэй Adobe фонтуудыг ашиглах
- Тайрах, хэмжээг өөрчлөх, график дүрсүүдийг сайжруулах зэрэг дээд зэрэглэлийн функцуудыг хэрэглэх
- Нэг товшилтоор өөрийн брэнд, лого, өнгө, фонтыг нэмэх
- PDF болон бусад төрлийн файл руу хийсэн дизайнаа хөрвүүлэх, экспортлох
- Creative Cloud Libraries ашиглан өөрийн үүсгэсэн дизайн загвараа удирдаж, хуваалцах
- Вэб болон гар утасны аль алинд нь ашиглах гэх мэт боломжтой.
Pablo by Buffer (Web)
Pablo бол маш минимал төрлийн дизайн бүтээхэд танд туслах болно. Зураг болон текстийн фонт сонгох сонголтыг л танд өгнө. Тиймээс илүү ойлгомжтой байх болов уу. Эцсийн байдлаар бэлэн болсон бол Share & Download товч дээр дарж шууд татах эсвэл Twitter, Facebook, Instagram, Pinterest зэрэг платформуудад шууд нийтлэх боломжтой.
Хамгийн сайхан мэдээ гэвэл энэ апп-ыг ашиглахад хэзээд үнэ төлбөргүй. Харин та гар утсан дээр биш зөвхөн компьютер дээр Browser-оор орж ашиглах боломжтой.
Desygner (Web, iOS, Android)
Ер нь дээрх апп-ууд ч мөн адил. Анх нэвтрэхэд Facebook-ээр эсвэл имэйл хаягаар бүртгэл үүсгэхийг асуудаг. Алийг нь ч сонгож болно. Бүртгэл үүсгэж орсны дараа Desygner танд маш олон төрлийн бэлэн загваруудаас санал болгоно.
Тэдгээрээс сонголт хийж өөрийн дизайныг бүтээнэ. Хамгийн том давуу тал нь баруун дээр байрлах Assets товч дээр дарж та өөрийн брэндийн өнгө, фонт сонголт, зураг, лого болон элементүүдийг оруулж ашиглах боломжтой. Гайхалтай биш гэж үү? 😎
Төлбөрийн хувьд: Мэдээж үнэгүй хувилбараас гадна илүү их боломжуудыг ашиглана гэвэл сард 9.95 доллар төлөх боломжтой. Үнэгүй хувилбарт 300+ гаруй бэлэн темплейтүүдээс ашиглах боломжтой бөгөөд 100 гаруй бэлэн фонтуудаас ашиглах боломжтой. Мөн брэндийн мэдээллээ оруулдаг Assets Library -д нэмэлт мэдээлэл оруулахад хязгаартай байх болно. Төлбөр төлснөөр дараах боломжууд танд нээлттэй.
- Багаараа шинэ темплейт үүсгэх. Өөрөөр хэлбэл, олуулаа хамтран ажиллах;
- Админ, гишүүн, зочин зэргийн тус тусын үүргийг хянах;
- Өөр хэрэглэгч урих;
- 147 сая Shutterstock зураг, чимэглэл, видеог ашиглах;
- Олон янзын Asset Libraries үүсгэх;
- Брэндийн мэдээлэл бүхий Assets-ийг шэйр хийх гэх мэт.
Мөн та өөрийн үүсгэсэн темплейтийг удирдаж:
- Цуглуулга дахь темплейтүүдээ зохион байгуулах;
- Темплейтүүдийг групп болгох;
- Таны үүсгэсэн темплейтийг бусад хүмүүс яг аль хэсгийг ашиглаж болох эсэх хязгаарыг тавих;
- Брэндийн мэдээлэл бүхий Assets-ийг шэйр хийх гэх мэт.
Snappa (Web)
Энэ бүх апп дундаас ганцхан Snappa нь төлбөртэй үед ашиглах функцуудыг үнэгүй хувилбарт ч ашиглах боломжтойгоороо давуу талтай юм. Хамгийн гол нь энэ боломжийг ашиглахад танд ердөө сард 3 темплейт сонгох эрх бий.
Анх нэвтрэхдээ өөрийн хүссэн хэмжээг оруулах боломжтой. Гэхдээ энэ нь төлбөр төлсөн тохиолдолд идэвхтэй тул доорх платформуудад зориулагдсан бэлэн загваруудаас сонгож болно.
Хэрэв та өөрийн дизайндаа сэтгэл хангалуун байвал Download товч дээр дарж өргөтгөлөө /png, jpeg гэх мэт./ сонгон татаж авах боломжтой.
Төлбөрийн хувьд: Сард 3 темплейт ашиглаж, 3 удаа download хийх буюу татаж авахад үнэгүй. Түүнээс дээш боломжуудад сард 15 доллар төлнө.
Ингээд дээрх апп-уудаас сонгон хэрэглэж өөрийн дизайныг хүссэнээрээ бүтээгээрэй. Би ч мөн адил дизайнер маань завгүй үед эсвэл шинэ санаа хайх хэрэгтэй үедээ эдгээр апп-уудаар зочилдог. Хэзээ ч урам хугардаггүй шүү. Амжилт хүсье! 🤩
2022 оны нийтлэлүүдээс: