fbpx

И-Мэйл маркетинг гэж юу вэ? Яагаад хэрэгтэй вэ? Хэрхэн хийх вэ?

2022 он гэхэд дэлхий даяар нийт и-мэйл хэрэглэгчдийн тоо 4.3 тэрбумд хүрнэ гэсэн таамаглал бий. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын талтай тэнцэх тооны и-мэйл хэрэглэгч бий болох нь ээ. Мөн дээр нь и-мэйл маркетинг бусад дижитал маркетингийн аргачлалуудтай харьцуулахад хамгийн үр дүнтэй нь гэж судалгаанд хамрагдсан маркетерүүдийн 54% нь хариулсныг доорх графикаас харж болно.

Эх сурвалж: www.omnicoreagency.com

И-Мэйл маркетинг нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ интернет орчинд танилцуулан сурталчлах хамгийн шалгарсан аргуудын нэг яах аргагүй мөн. Гэхдээ хэрэглэгчидтэй утга учиртай харилцаа үүсгэж, тэд таны явуулсан и-мэйлийг тогтмол нээж үздэг болсон нөхцөлд л и-мэйл маркетинг өөрийн жинхэнэ өгөөжөө өгч чадна. Бид энэ удаагийн нийтлэлээрээ үр өгөөжтэй имэйл маркетинг гэж юу болох, яагаад бид хийх хэрэгтэй мөн хэрхэн хийвэл үр дүнтэй байх талаар тайлбарлахыг зорилоо.

И-мэйл маркетинг гэж юу вэ?

И-Мэйл маркетинг гэдэг онолын үүднээс “Direct marketing буюу шууд маркетингийн нэг хэлбэр бөгөөд электрон шуудан ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилгааны материалаа хэрэглэгчдэд хүргэдэг хамгийн үр дүнтэй маркетингийн нэгэн арга юм” гэж тайлбарладаг. Энгийн үгээр тайлбарлавал И-мэйл маркетинг гэдгийг хэрэглэгчийн персонад зориулсан контентыг, худалдан авалтын замналд нь нийцүүлэн, одоогийн хэрэглэгчээ тогтоон барих, боломжит хэрэглэгчдийг буюу танай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож байгаа хүмүүсийг өөрийн хэрэглэгч болгоход чиглэсэн, үнэнч хэрэглэгчийг бий болгох бат бөх, тогтвортой харилцааны суваг гэж ойлгож болно.

Яагаад и-мэйл маркетинг гэж?

Зардал багатай: И-мэйл маркетинг хамгийн хямд өртөгтэй маркетингийн суваг юм. Зар сурталчилгааны бусад сувгуудтай харьцуулахад имэйл маркетинг нь хэрэглэгчдэд хүрч буй зардал нь маш хямд байдаг. И-мэйл маркетингийн бизнестээ өргөн хэрэглэдэг байгууллагууд и-мэйл маркетингд зарцуулсан 1$-ийн зардлаасаа дунджаар 32$-ийн ашиг олж байна гэсэн тоо бий.

Амжилт: И-мэйл маркетинг бидэнд хамгийн боломжит хэрэглэгчид рүү л чиглүүлэх боломж олгодог. Иймээс шууд маркетингийн бусад төрлүүдтэй харьцуулахад илүү үр дүнтэй юм.

Уян хатан, үр дүнгээ хэмжиж болохуйц: И-мэйл маркетингийн үр дүнг хэмжиж болохуйц байдаг нь и-мэйл маркетингийн давуу талын нэг. Өөрөөр хэлбэл яг одоо танай кампанит ажил ямар үе шаттай явж, аль хэсэг нь хамгийн үр дүнтэй байгаа, мөн хүмүүс ямар и-мэйлд илүү хариу үйлдэл үзүүлж буй зэргийг хялбараар хянах боломжтой.

И-Мэйл маркетингийн давуу талууд

Автоматжуулалт. И-мэйл маркетингийн программуудын тусламжтайгаар хэрэглэгчийн хийж буй үйлдэл, сонирхож буй сэдэвтэй нь уялдуулан дараа, дараагийн алхмаа төлөвлөн илгээх боломжтой байдаг тул маркетингийн тэргүүн зорилго болох зөв хүндээ зөв мэдээллийг зөв цагт нь хүргэх замаар хэрэглэгчийг тогтоон барих, харилцаа үүсгэх боломжийг бидэнд олгодог.

Бодит хүртээмж. И-мэйл нээж үзэлтийн хувь дунджаар 25% л байдаг. Энэ бол бага тоо. Гэхдээ энэ бол чанартай бодит тоо. Өөрөөр хэлбэл танайхаас мэдээлэл авахыг хүсэж сайн дураараа бүртгүүлсэн хүмүүст л бид и-мэйл илгээдэг. Тэдгээрээс тухайн асуудалд нухацтай хандаж байгаа нь нээж үзэж байгаа учраас энэ бол харьцангуй чанартай тоо. Өөрөөр хэлбэл үр дүнтэй тоо гэж бид ойлгох хэрэгтэй.

Идэвхтэй хэрэглээ. Интернэт хэрэглэгчдийн талаас илүү хувь нь өдөрт хамгийн багадаа нэг мэйлийг нээж үзэж, бас илгээдэг.

Сегментчлэл. И-мэйлийн тусламжтайгаар маркетерууд хэрэглэгчдийн сонирхдог сэдвийн хүрээнд л тогтвортой харилцаа үүсгэж чадна.

Хэрэглэгчидтэй тухайн мөчид шууд харилцаа үүсгэх боломж. Өөрөөр хэлбэл танай вэб хуудаснаас маркетингийн материал татаж авсан, худалдан авалт хийсэн хүмүүст би тэр дор нь хариу өгөх боломжтой болдог.

Анхаарах зүйл

Таны явуулсан и-мэйл автоматаар хүлээн авагчийн spam-руу орох нь бий. Энэ нь хүмүүст танай явуулж байгаа мэйлийг хүлээн авахаас татгалзснаар үүсдэг бөгөөд хэрэв энэ тоо хэт ихэсвэл мэйлийн платформууд автоматаар таны мэйлийг хэрэглэгчдийн спам хэсэг рүү оруулдаг болдог. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд та явуулж байгаа мэйлийн агуулгад анхаарах хэрэгтэй бөгөөд танайхаас и-мэйл хүлээн авахыг хүссэн хүмүүс рүү л явуулах хэрэгтэй.

Хэрхэн и-мэйл маркетинг хийх вэ?

CRITICAL загвар

  • Creative- Бүтээлч
  • Relevance-Хамаарал
  • Incentive- Урамшуулал
  • Timing- Хэзээ
  • Integration- Нэгдмэл маркетинг
  • Copy- Загвар
  • Attribute- Онцлог
  • Landing Page-Газардах хуудас

Бүтээлч байх: И-мэйлийн ерөнхий загвар, харагдах байдлын тухай, формат, текст, зураг, өнгө зэргийн тухай. Өнөөгийн гар утаснаас ихэнх мэдээллээ авдаг хэрэглэгчдийн хувьд тэдэнд зориулсан загвар бүхий мэйлийг илгээх талаар заавал бодолцох ёстой.

Хамаарал: – Чиглүүлэлт чиглүүлэлт бас дахин чиглүүлэлт. Зөвхөн тухайн хүлээн авагч (персона)-д тохирсон, түүний сонирхож байгаа болон сонирхох мэдээллийг л илгээ. Ингэснээр хэрэглэгчийн хариу үйлдэл нэмэгдэх болно.

Урамшуулал: Агуулгадаа анхаарч, хэрэглэгчид хэрэгтэй мэдээлэл хүргэ. Өөрөөр хэлбэл танай и-мэйлийг хүн нээж үздэг болохын тулд дан борлуулалтын бус өөрт нь ашигтай, хэрэгтэй мэдээлэл ирдэг шүү гэсэн бодолтой болгох хэрэгтэй.

Хэзээ: Хүмүүс рүү ажлын бус цагаар хэзээ ч бүү и-мэйл илгээ. Учир нь хүн ажлын цагаараа л и-мэйлээ шалгадаг. Мөн та аль цагт илгээхэд хүмүүсийн нээж үзэх байдал хамгийн их байгааг тест хийн мэдэж болох юм.

Нэгдмэл байдал: Байгууллагууд маркетингийн олон аргыг хавсарган хэрэглэдэг. Имэйл маркетинг ч энэхүү маркетингийн хольцын нэг болдог тул өнгө төрх, цаг хугацааны хувьд ч бусад маркетингийн сувгуудтай нэгдмэл нэг байх ёстой.

Загвараа анхаар: И-Мэйлээ явуулахдаа гарчигаас эхлээд гарын үсэг хүртэл бүхий л зүйлд анхаарлаа хандуулаарай. Энэ талаар бид дэлгэрэнгүй мэдээллийг И-мэйл маркетинг хийхэд зайлшгүй анхаарах 13 зүйл нийтлэлдээ өмнө өгүүлсэн учраас нуршилгүй дараагийн анхаарах зүйл рүүгээ оръё.

Бусад үзүүлэлтүүд– Гарчиг, илгээсэн имэйл хаяг, хариу илгээх имэйл, илгээсэн хугацаа, формат зэрэг үзүүлэлтүүд. Ямар үед хэрэглэгчид эсвэл имэйл филтерүүд танай имэйлийг Spam/Promotion-д тооцоод харин ямар үед Inbox-т оруулаад байгааг эдгээр үзүүлэлтүүдийг өөр, өөрөөр хийж тест хийх үед л мэдэж чадна.

Газардах хуудас– Бидний зорилго борлуулалтын харилцааг дэмжих. Энэ нь танай байгууллагын и-мэйл маркетинг хийж буй зорилготой уялдана. Тэгэхээр зорилготой Landing page буюу газардах хуудсыг үүсгэн борлуулалт руу чиглүүлэх мэдээлэл рүүгээ уяж өгөх хэрэгтэй.

Имэйл маркетинг бол хэрэглэгчидтэй чухал харилцааг бий болгох амин гол хэрэгслүүдийн нэг яах аргагүй мөн. Харамсалтай нь өдгөө бид сошиал медиа маркетинг шигээр и-мэйл маркетингт чухалчилж анхаарал тавихгүй байх шиг.

И-мэйл маркетинг бол ердийн нэг сурталчилгааны суваг биш юм шүү. Зорилгот бүлгээ онилж, тэдний сонирхолд нийцүүлж чадаагүй имэйл спам руу шилжин тэндээ үүрд мөнх хадгалагдаж байгаад устдаг бол зөв удирдаж, хянаж чадсан и-мэйл хэрэглэгчийг тань тогтоон барих, бат бөх харилцааг үүсгэх хэрэглүүр болдог.

TOP