fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
8/24 / Published in БЛОГ

Их, дээд сургуулиудын ашиглах ёстой имэйл маркетингийн 9 стратеги

И-Мэйл маркетинг

Сошиал медиа, мессенжер, чатбот, өндөр оновчлол бүхий интернэт сурталчилгаа нь дижитал маркетингийн арга барилыг эрс өөрчилсөн шинэлэг арга техникүүд. Түүнчлэн ухаалаг утас ашиглаж өссөн шинэ үеийнхэн интернэт орчин дахь харилцаа холбоог имэйлийн үеийнхнээс тэс өөр байдлаар хийх болсон. Ийм үед имэйл маркетинг үр дүнтэй гэж үү? гэсэн асуулт бидэнд их ирдэг.

Z үеийнхэн, 2005-2015 онд төрсөн оюутан залуус бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл хайж компьютерийн өмнө удаан суухгүй л болов уу. Харин бүхэл өдрийн турш төрөл бүрийн сошиал платформуудад бүхий л төрлийн төхөөрөмжөөс хандан, хайж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ мэдээллийг асууж, сураглаж, харьцуулсны эцэст худалдаж авч байгаа.

Ийм орчин нөхцөлд имэйл нь хуучирч, цагаа өнгөрөөсөн маркетингийн арга хэрэгсэл мэт санагдах ч АНУ -д имэйлийн маркетингт зарцуулах зардал 2019 онд 350 сая долларт хүрч, урьд урьдаас өссөн бөгөөд цаашид ч өсөх төлөвтөй байгаа гэдгийг сануулая.

Яагаад гэж үү?

Хэдийгээр имэйл нь дижитал маркетингийн хувьд хамгийн анхны арга хэрэгслийн нэг мөн боловч маркетингийн стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг хэвээр байна.

Зөв хүнд нь, зөв цагт нь, тохирсон давтамжтайгаар сайтар төлөвлөсөн мэдээллийг имэйлээр хүргэх нь төлбөртэй зар сурталчилгаанаас илүүтэйгээр маркетингийн зорилгыг биелүүлэх боломжтой. Имэйл нь сошиал медиа контент, сурталчилгааны материалуудтай харьцуулахад илүүтэйгээр шууд тухайн хүнд хандсан байдгаас гадна таны илгээсэн имэйлийг сошиал медиатай харьцуулахад анхаарал сарниулах зүйлс багатай орчинд илүү анхаарал хандуулж уншдаг гэнэ.

Бүртгэлийн жагсаалтанд буй бүх имэйл хаягтаа нэг ижил агуулга бүхий имэйл бэлтгэн цацах нь үр дүн багатай, дээрээс нь хүлээн авч хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг зүйл. Гэхдээ хэрэгтэй хүмүүст нь хэрэгтэй мэдээллийг нь хүргэх сайтар сегментчилсэн зорилтот имэйлүүд өндөр үр дүнтэй гэдэг нь нотлогдсон аргачлал.

Тиймээс энэ удаад бид их, дээд сургуулиудын хувьд байгууллагаа боломжит хэрэглэгчдэд танилцуулж, шинэ элсэлтийнхээ тоог нэмэгдүүлэхийн тулд имэйлийн маркетингийг хэрхэн ашиглаж болох талаарх зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.

Хэрэгтэй холбоос: Боловсролын салбарт амжилттай маркетинг хийх нь нийтлэлээс боловсролын байгууллагын хувьд интернэт орчинд маркетингаа илүү үр дүнтэй хийхэд хэрэг болох зөвлөмжийг олж уншаарай.

1. Имэйлийнхээ жагсаалтыг сегментчил!

Танай байгууллагын имэйлийн жагсаалт (хэрэв байдаг бол) шинээр элсэгчид, сонирхогчид, тэдний эцэг эх, дунд сургуулийн багш нар, танай маркетингийн кампанит ажилд ямар нэг хэмжээгээр хариу үйлдэл үзүүлсэн гээд маш олон төрлийн хүмүүсийн имэйл хаягуудаас бүрдэж байгаа байх.

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл авсан оюутнуудын эсвэл цоо шинэ магистрын хөтөлбөрийн мэдээлэл авахаар бүртгүүлсэн хүмүүсийн имэйл хаягууд гээд…

Эхлээд имэйл хаягийн эзэмшигчийн талаар маш бага мэдээлэлтэй байж болно, гэхдээ тодорхой хугацааны дараа танай имэйлд хариу өгсөн, өгөөгүй, нээж үзсэн эсэх бүр цаашлавал тэднийг хэн гэдэг, тэдний хэрэгцээ, шаардлага нь юу болох гээд маш их мэдээллийг цуглуулах боломжтой.

Эдгээр мэдээлэлд үндэслэн имэйлийн жагсаалтаа сегментчилэх нь тэдэнд хамгийн хэрэгтэй гэсэн мэдээллийг хүргэх, нөгөө талаас маркетингийн имэйлийн нээж үзэлтийг (open rate) нэмэгдүүлэх боломжтой.

Түүнчлэн бүртгэлийн жагсаалтаа нас, санхүүгийн байдал, газарзүйн байршил гэх мэт хүн ам зүйн үзүүлэлтээр ангилж болно. Сонирхож буй мэргэжил, мэргэшил гэх мэт сонирхлоор нь ч сегментчилэх боломжтой.

2. Хүргэх мэдээллээ худалдан авалтын замналд нь нийцүүл

Боломжит оюутнууд мэргэжил сонгохоор хайж буй анхан шатны сонирхогчоос шийдвэрээ гарган бүртгэлийн хуудас нөхөх хүртэл тодорхой замыг туулдаг. Энэ замын зураглалыг гарган, уг замналын үе шат бүрт зориулсан контентийн төлөвлөгөөг гарга.

Ирээдүйн оюутантай харилцах харилцаа бүр жишээ нь илгээсэн имэйл нээж үзэх үзэлт, үйлдэлд дуудах товч, холбоос дээр дарах даралт, сошиал медиа харилцаа, вэб хуудас дээр хийж буй үйлдэл бүрийг бүртгэх замаар та тухайн хүнийг худалдан авалтын замналын аль үе шатанд явж байгааг мэдэж авах боломжтой.

Дараа нь та тухайн үе шатанд шаардлагатай мэдээллийг имэйлээр илгээ.

Замналын хамгийн эхний үе буюу анхаарал татах шатанд тухайн хүн сургалтын зөвлөхтэй уулзах уулзалтын урилгыг хүлээн авахад бэлэн биш харин танай санал болгож буй мэргэжлийн хөтөлбөр, оюутнуудад зориулсан үйл ажиллагааны талаар ерөнхий мэдээлэл илүү хэрэгцээтэй байх болов уу.

3. Анхаарал татах гэхдээ бодит байдлаас гажуудахгүй гарчиг ашигла

Имэйлийн гарчиг нь хүлээн авч буй хүн таны имэйлийг нээх эсвэл алгасах шийдвэрт шууд нөлөөлдөг. Хүсч буй хариу үйлдлээ авахын тулд товч бөгөөд ойлгомжтой гарчиг ашигла.

“Мэргэжлийн шинэ хөтөлбөрүүдтэй танилц” гэх мэт үйл үгсийг гарчигтаа ашигла. Түүнчлэн, “Манай их сургуулийн шинэ сургалтын төвийн талаар оюутнууд юу ярьж байна вэ?” гэх мэт анхаарал, сонирхол татах гарчиг өг.

Залуус зар сурталчилгаанд тоомсоргүй хандах нь бий тул борлуулалтын сурталчилгаа шиг сонсогдох хэт дөвийлгөсөн үг хэллэгээс зайлсхий.

Имэйл агуулга гарчигтайгаа нийцэж байгаа эсэхэд анхаарал хандуулаарай. Хүмүүс анхаарал татах гэсэн, бодит байдлаас зөрүүтэй төөрөгдүүлсэн гарчигт тийм ч таатай ханддаггүй бөгөөд дараа, дараагийн имэйлүүдийг чинь спам гэж тэмдэглээд л шууд л хогийн саванд хийх байх шүү.

Бас нэгэн хэрэгтэй холбоос: И-Мэйл маркетинг гэж юу вэ? Яагаад хэрэгтэй вэ? Хэрхэн хийх вэ? нийтлэлээрээ үр өгөөжтэй имэйл маркетинг гэж юу болох, яагаад бид хийх хэрэгтэй мөн хэрхэн хийвэл үр дүнтэй байх талаар тайлбарлахыг зорилоо..

4. Сэтгэл хөдөлгөм түүх өгүүл

Хүний тархи нь сэтгэл хөдөлгөм түүх өгүүлэхэд илүү хариу үйлдэл үзүүлэхээр бүтээгдсэн байдаг. Сонирхолтой түүх л сэтгэлд үлддэг бөгөөд гүн сэтгэгдэл үлдээдэг. Үүнийг анхаарч өөрийн имэйлийн агуулгаа бэлтгээрэй.

“Насан турш үргэлжлэх нөхөрлөлийг бий болгоцгооё” гэх мэт борлуулалтын түгээмэл үг хэллэг бүхий имэйлийг гүйлгэж хараад л хаана.

Ирээдүйн оюутнууд тэдний хүсэл мөрөөдөлтэй танай сургууль хэрхэн холбогдож буйг өгүүлсэн сонирхолтой, баялаг өгүүлэмж бүхий түүхийг л сонирхож үзэх болов уу.

5. Бодит жишээ ашигла

Одоо сурч буй оюутан, төгсөгчдийн сэтгэгдэл, бодит жишээ кейс ашиглан контентоо итгэл төрүүлэхүйц болго.

Зорилтот зах зээлд тань хамгийн сайн нийцэх дуу хоолойг ашигла (зарим үед мэргэжлийн багш, эрдэмтдийн зөвлөгөө, харин зарим тохиолдолд үе тэнгийнхнийх нь сэтгэгдэл сургамж илүү үр дүнтэй байх магадлалтай), түүнчлэн кампанит ажлын туршид уг дүр төрхөө тууштай хадгалах нь зүйтэй гэнэ шүү.

Ирээдүйн оюутнууд тань маркетингийн кампанит ажлын таргет биш харин бодит хүмүүстэй харилцаж байгаагаар мэдрэх нь чухал гэнэ.

6. Зураг, видеогоор баяжуул

Имэйл зөвхөн текстээс бүрдэх албагүй шүү.

Gen Z үеийнхэн олон төрлийн медиа ашиглаж сурчихсан, тийм орчинд өссөн хүмүүс, тиймээс текстээс гадна дүрслэн харуулах нь маш үр дүнтэй.

Анхаарал татах зураг, дүрслэл, сонирхолтой видео ашиглах нь сургалтын хөтөлбөрөө сурталчилах, сургуулийнхаа багш, хамт олныг танилцуулах, ашиглаж буй хамгийн сүүлийн үеийн технологио харуулах үр дүнтэй арга болно.

Хичээлийн анги танхим, спорт талбайн виртуал бодит зураглал, хамгийн сүүлийн үеийн цоо шинэ лабораторийнхоо 360 зураг гээд шинэлэг байдлаар танилцуулга хийх нь залуусын анхаарлыг татах зүйл болж чадна.

7. Гар утасны дэлгэцэнд тохируул

Зорилтот хэрэглэгчид тань бага ангийн сурагч байхаасаа л ухаалаг утас, таблет ашиглаж ирсэн болов уу. Интернэт, дижитал орчинд холбогдох үндсэн төхөөрөмж нь ухаалаг утас, имэйлээ ч хэзээ ч, хаанаас ч утсаараа л хүлээн авч, үзэх байх.

Тиймээс таны илгээж буй имэйл гар утаснаас уншихад тохиромжтой байдлаар бэлтгэгдсэн байх хэрэгтэй.

Нэг л товшилтын зай таныг боломжит хэрэглэгчдээс тань тусгаарлаж байгаа, тиймээс тэдэнд л тохиромжтой байдлаар имэйлээ бэлтгээрэй.

8. Автоматжуул

“Тавтай морил, Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!” гэсэн анхны имэйлээс эхлэн цагийг нь олж илгээсэн сургалтын шинэ хөтөлбөр, удахгүй болох үйл ажиллагааны зар, хэрэгтэй мэдээллүүд гээд бүхий л имэйлээ имэйл маркетингийн автоматжуулалтын програм ашиглан илгээх нь боломжит хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой шүү.

Худалдан авалтын шийдвэр гаргах үе шат бүрийг тодорхойлон, анхаарлыг нь татах, асуудлыг нь таниулах, асуултуудад хариу өгөх, шийдвэр гаргахад нь туслахад чиглэсэн имэйлүүд бэлтгэн илгээхээр төлөвлө.

Имэйлийг нээж үзсэн эсэх, холбоос линк дээрх даралт гэх мэт хүлээн авсан хүний үйлдлүүдээс хамааран худалдан авалтын замналд төлөвлөсний дагуу дараа, дараагийн илгээх имэйлүүдийг илгээхээр автоматжуул.

Имэйл хүлээн авагч хариу үйлдэл үзүүлэх эсвэл эс үзүүлэх бүрт мэдээллийг нь шинэчлэн сегментчлэж, имэйл маркетингийхаа үр дүнг сайжруулахад ашиглах боломжтой.

Бас нэгэн хэрэгтэй холбоос: Имэйл маркетинг: Автоматжуулалт, түүний хэрэглээ, давуу талууд автоматжуулалт имэйл маркетингт яагаад чухал талаар мэдээллийг хүлээн аваарай.

9. Идэвхжүүлэх, зогсоох

Зардлын хувьд хэмнэлттэй байхын тулд имэйл жагсаалтдаа бас анхаарал тавьж байх хэрэгтэй. Хуурамч, алдаатай хаяг, имэйл хүлээн авахыг хүсэхгүй байгаа эсвэл ерөөсөө имэйлүүдийг тань нээж үзэхгүй байгаа идэвхгүй хэрэглэгчид нэгдүгээрт зардал нэмэгдүүлэх хоёрдугаарт танай илгээсэн имэйлийг спам гэж харагдуулах аюултай байдаг.

Bounced буюу имэйл хүлээж авах боломжгүй имэйл хаягуудыг одоогоор ашиглагдахгүй байгаа идэвхгүй эсвэл хуурамч хаяг гэж үзээд шууд хасч байх нь зүйтэй. Анхнаасаа хэрэглэгч имэйл хаягаа буруу оруулсан эсвэл ашиглахаа больсон идэвхгүй хаяг гэсэн үг.

Түүнчлэн unsubscribe товч дээр даран имэйл дахин хүлээн авахгүй гэсэн сонголтыг хийж буй хүмүүс танд хэрэг болох дараах мэдээллийг өгч байдаг юм шүү. Хэзээ, ямар имэйл илгээсний дараа олон хүмүүс unsubscribe хийж байна? Хэт олон удаа имэйл илгээж байгаа юм биш биз? Давтамжийг нь багасгах хэрэгтэй байна уу? гэх мэт…

Имэйл нээж үздэггүй, нээсэн ч таны хүссэн үйлдлийг хийхгүй байгаа хүмүүст харилцааг идэвхжүүлэх имэйл илгээх шаардлагатай байдаг. “Мэдээллээ шинэчлэх үү” гэсэн имэйл байсан ч болно.

Түүнчлэн дахин идэвхжүүлэх аргуудын нэг нь судалгаа, санал асуулга илгээх эсвэл тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаарх цахим ном татаж авахыг санал болгох гэх мэт илүү үнэ цэнтэй мэдээлэл илгээх байж болно.

Идэвхжүүлэх арга хэмжээг 1-2 удаа авсан ч амжилт эс олвол тухайн хаягийг жагсаалтаасаа хасах нь хамгийн зөв арга.

Төгсгөл

Бүхий л төрлийн байгууллагын хувьд Имэйл маркетингийг үр дүнтэй мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэхэд онлайн маркетингийн аппликейшнуудыг ашиглах шаардлага зайлшгүй тулгардаг. Жишээ нь бидний хувьд Getresponse.com -имэйл маркетингийн автоматжуулалтын платформ-г ашигладаг бөгөөд энэ төрлийн үйлчилгээг байгууллагуудад нэвтрүүлэх ажлыг ч мөн санал болгодог.

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP