fbpx

Маркетерууд Photoshop сурах ёстойг илтгэх 6 шалтгаан

Таны хариуцан ажилладаг бүтээгдэхүүн үйлчилгээг хэн хамгийн сайн мэдэх вэ? Мэдээж хэрэг хүмүүст сурталчилж таниулах үүрэг хүлээсэн маркетер та л хамгийн сайн мэдэх ёстой. Иймдээ ч бүх төрлийн контентийн гүйцэтгэлд маркетер бид хамгийн ихээр оролцох хэрэгтэй болдог. Контентийн агуулга, бүтэц, санааг гаргах, цаашлаад ямар нэгэн аргаар гүйцэтгэх нь таны шийдвэрлэх ажил. Өдөр тутмын ажилд тань байнга хэрэг болдог болохоор Photoshop сурах бодол маркетерүүдэд байнга л орж ирдэг болов уу.

Дижитал маркетинг

Төрөл бүрийн контент бэлтгэлийн програм бүтээгч Adobe компанийн зурган контент бүтээх, засварлах, хөдөлгөөнд оруулах боломжуудыг агуулсан програм нь Photoshop програм юм. Жил бүр Photoshop програмын шинэ хувилбарууд танилцуулагддаг ба шинэ хувилбарууд нь өмнөх загваруудаасаа сайжирсан, шинэ боломжуудыг агуулсан байдаг. Тус програм нь мэргэжлийн төвшинд зурган контент бүтээгч дизайнеруудын, видео эвлүүлэг хийгч, график дизайнер, анимэйшн бүтээгчдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг програм юм.  Мөн видео эвлүүлэг хийх дийлэнх мэргэжлийн програмуудтай хоршин ажилладаг цорын ганц програм бол Photoshop.

Одоо та бүхэнд маркетерууд яагаад Photoshop програмыг сурах ёстойг илтгэх 6 шалтгааныг хүргэе.

1. Маркетерууд Photoshop сурах ёстойг илтгэх хамгийн эхний шалтгаан: Контент гүйцэтгэгчтэй ойлгомжгүй байдал үүсэх

Ажилдаа идэвх санаачилгатай ажилладаг маркетеруудад аливаа контент гүйцэтгэгчтэй ажиллах үед дараах асуудлууд тулгардаг.

  • Тэдний бэлтгэсэн дизайн таны хүлээлттэй нийцэхгүй байх
  • Жижиг алдаа гарах, дахин дахин засвар оруулах хэрэгцээ гарах
  • Контент гүйцэтгэгч таны хүссэнээс сөрөг байр суурьтай байх, өөрийнхөөрөө зүтгэх
  • Контент тохирсон цаг хугацаандаа бэлэн болохгүй байх

Дээрх асуудлууд олон удаагийн давтамжтай мэдрэгдэх үед маркетеруудад өөрөө контент бэлтгэж ядаж л засвар хийж сурах бодол төрдөг. Цөөнгүй маркетер яг ийм шалтгаанаас үүдэлтэйгээр өөрөө маш сайн контент бэлтгэж сурсан байдаг. Танд ч гэсэн ийм нөхцөл байдал тогтмол үүсдэг, та энэ нөхцөл байдалд томоохон өөрчлөлт хийж чадахгүй байгаа бол ядаж л Photoshop програм дээр зурган контентод өөрөө засвар оруулах чадвартай болохыг зөвлөж байна.

2. Контент бэлтгэхэд туслах платформуудын ажиллагаа хангалтгүй

Canva, Go animate, Powtoon гэх мэт контент бэлтгэхэд туслах сайтуудыг ашиглан тогтмол контент бэлтгэх боломж хүн бүрд бий. Гэхдээ Canva дээрх кирилл үсгийн фонтын сонголтоос хамааран зарим тэмдэгтийн хэмжээ харьцаа алдагдалтай харагдах, хүссэн загвар дизайнаа гаргахад бэрхшээл гардаг. Цаашлаад төлбөр төлж ашиглах шаардлага гардаг. Үүний оронд та Photoshop програмыг сурвал илүү сайн контент бүтээх боломж нээгдэх юм.

3. Интернет орчинд танд туслах контентууд маш их

Өндөр чанартай фото зургуудыг агуулсан Pexels цахим хуудас, дүрс тэмдэгт/icon vector/-үүдийг агуулсан flaticon, бэлэн Photoshop ажлын файлуудыг үнэ төлбөргүй татаж аван ашиглах боломжтой 1000, 1000 үнэгүй Mockup буюу загвар файлуудыг агуулсан сайтууд, сонирхолтой зурган контентийн сан freepik гээд маш олон эх сурвалжуудаас та өөрт хэрэгтэй контентийг олж, сайн контент бэлтгэх боломжтой юм. Google ч танд чамгүй тусалж чадна.

4. Видео эвлүүлэг хийж сурах ажлын эхлэл Photoshop

Хэрэв танд видео контент бэлтгэж сурах хэрэгцээ байгаа бол юун түрүүнд Photoshop програм дээр ажиллаж сураарай. Учир нь Adobe компанийн гаргадаг зургийн болон видео эвлүүлэг хийх програмуудын бүтэц, ерөнхий ажиллагаа нь ойролцоо тул танд дараалан сурахад амар байх болно. Өөр нэг боломж нь Photoshop дээр бэлтгэсэн зургуудаа Adobe Premiere програм руу оруулан байршил хугацааг тохируулснаар та энгийн видеог тун хялбараар хийх боломжтой юм. Дан ганц Adobe Premiere програм гэлтгүй дийлэнх мэргэжлийн видео бэлтгэлийн програмууд Photoshop дээр бэлтгэсэн ажлын файлыг дэмжиж ажилладаг.

5. Photoshop дээр та дан ганц сурталчилгааны контент бэлтгэхгүй

Танд өөрийнхөө фото зургийн өнгийг засварлах, жижиг өө сэвийг арилгах хэрэгцээ гардаг л биз дээ? Зургийн өнгө засварлах, эффект оруулах, GIF буюу хөдөлгөөнт зураг бэлтгэх, лого бүтээх гээд маш олон төрлийн боломжууд Photoshop програмд агуулагддаг.

6. Цаг зав, мөнгөө хэмнэнэ

Та хангалттай сайн контент бэлтгээд сурчихвал бусдаар контент гүйцэтгүүлэх хэрэгцээ тань багасна гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр та өөрийнхөө цаг зав, хөрөнгө санхүүгээ ч хэмнэнэ гэдгийг анхаараарай.

Миний л хувьд өөрийнхөө хийсэн контентийг зорилтот хэрэглэгчдэдээ тохирсон, амжилттай сайн контент болж чадсаныг харах хамгийн том урам зориг болж чаддаг.

Хэрэв та Photoshop програмыг сурах шийдвэрээ гаргасан бол бид танд Photoshop програмын анхан шатны мэдлэг олгох сургалтаа санал болгож байна. Бие даан суралцахад тулгарах асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга зам, Photoshop програмын бүтэц, багаж хэрэгслүүдийн үүрэг, тэдгээрийг хэрхэн ашиглах талаарх хэрэгтэй зөвлөгөөнүүд манай сургалтын агуулгад багтсан байгаа.

Эцэст нь хэлэхэд та л хамгийн сайн контентийг бүтээж чадна. Таны сурах их үйлсэд амжилт хүсье.

Холбоотой нийтлэлүүд:

TOP