fbpx

Сошиал медиа маркетеруудын заавал мэдэх ёстой Facebook-ийн өөрчлөлтүүд

2019 оны эхний сард сошиал медиа платформууд хэрхэн өөрчлөгдөв? Сошиал медиа маркетеруудын заавал мэдэх ёстой Facebook-ийн өөрчлөлтүүд, сошиал медиа маркетингийн шинэ мэдээ, мэдээлэл юу байна?

Өнгөрсөн жил Facebook алгоритмаа өөрчилж байгаа талаар мэдээлэл хийсэн. Тухайн үед бизнесийн байгууллагын хуудаснаас түгээсэн контент эрс бага хүнд хүрдэг болох нь уу гэсэн хүлээлт байсан. Гэхдээ Facebook-ийн зүгээс үүнд “Үгүй” гэсэн хариулт өгсөн ба “Хүмүүс хоорондын утга учиртай харилцааг илүү дэмжиж, анхны эрхэм зорилго болох сонирхолтой мэдээллээр дүүрэн, хүмүүсийн амьд орчин байна” гэдэгтээ илүү чиглэсэн бодлого явуулна гэж мэдэгдсэн.

Холбоотой нийтлэл:

Энэ удаа бидний танилцуулж буй өөрчлөлтүүд ч мөн хүмүүс хоорондын харилцааг дэмжиж буй Facebook-ийн бодлогын дагуу маркетер бидэнд тун ашигтай өөрчлөлтүүд байгааг та доорх мэдээллээс дэлгэрүүлж уншина уу.

Мөн яг энэ сэдвээр ярилцсан Facebook Live видеог эндээс үзээрэй. Бидний 7 хоног бүр сошиал медиа маркетингийн талаар ярилцдаг #SocialMediaThursday Facebook Live видеоны бусад нэвтрүүлгийг эндээс үзэх боломжтой. 

Watch party гэж юу вэ?

Жирийн видео контенттой харьцуулахад LIVE видео илүү олон хүнд хүрч байгааг та анзаарсан байх. Live видеоны хамгийн сонирхолтой функцуудын нэг бол үзэж байгаа хүмүүс хамт суугаад тухайн контентыг үзэж буй мэт мэдрэмж авах. Үүнтэй яг адил мэдрэмжийг бий болгох Premiere тохиргоог видео контент оруулахад тохируулж болохоор болсон. Харамсалтай нь энэ нь LIVE шиг хүмүүсийн дунд тийм ч их ашиглагдаж чадаагүй.

Тэгвэл дараагийн видео контентыг түгээх боломж Watch Party байлаа. Хэрэглэгч танай видео контентыг Watch Party-аар түгээхэд найзууд руу нь та найзтайгаа хамт энэ видеог үзэх үү гэсэн сануулга очно. Ингээд нэгдсэн хүмүүс хамт суугаад үзэж байгаа мэт тухайн мөчийн сэтгэгдлээ илэрхийлэх боломжтой болно. Маркетингийн үүднээс харахад энэ нь танай хэрэглэгч өөрөө танай контентын түгээгч суваг болж буй маш үр дүнтэй арга байж болохоор харагдаж байна.

Facebook группийн гишүүдийн тоо яагаад буурав? Цаашид бууруулахгүй байхын тулд бидний авах ёстой арга хэмжээ

Facebook группийн админууд, гишүүдийн дунд группээс хасч байна гэсэн мэдээлэл ойрын хэд хоногт их тархлаа. Үнэхээр ч гишүүдийн тоо буурсан мэт харагдаж байж болно. Гэхдээ та группийн Members цэс рүү ороход дэлгэцийн баруун гар талд харагдах Invited табыг шалгаарай! Тэнд л хамаг учир байгаа!

Facebook-н мэдэгдсэнээр, Танай группд нэмэгдсэн хэдий ч хэзээ ч группд хандаж байгаагүй хүмүүс шинээр нэмэгдсэн INVITED хэсэгт орох бөгөөд энэ нь зөвхөн админуудад л харагдах болно. Энэ Invited хүмүүс өөрсдөө урилгыг хүлээн авах хүртэл гишүүдийн тоонд орохгүй гэнэ. Тэгэхээр одооноос эхлээд хүмүүс Facebook группд уригдсан бол зөвшөөрөх эсвэл татгалзах боломжтой болж байна гэсэн үг. Өмнө нь бол шууд гишүүдийн тоонд ордог байлаа. Иймээс л танай группийн гишүүдийн тоо буурсан байх нь.

Энэхүү өөрчлөлтийнхөө талаар Facebook “Хүмүүсийг өөрт хэрэгтэй, холбоотой Facebook группт л нэгдэж байгаад анхаарал хандуулан дараах өөрчлөлтийг хийж байна” гэж мэдэгджээ. Нэг талаараа хэрэглэгчдэд энэ нь хэрэгтэй. Нөгөө талаар маркетер бидэнд ч ашигтай.

Учир нь маркетингийн зорилгоор байгуулсан танай групп руу хэзээ ч орж үзэж байгаагүй, танай хэрэглэгч болох магадлал тун бага, зорилтот сегментэд багтахгүй хүмүүс байхаас илүү танай группд идэвхтэй хүмүүсийн нэгдлээс бүрдсэн групп байх нь дээр шүү дээ.

Гэхдээ бас нэг боломж бидэнд бий. Энэ нь REMINDER буюу Сануулах боломж

Facebook-ээс Invited хэсэгт шилжсэн хүмүүст нэг удаа Reminder буюу Сануулах боломжийг группийн админуудад олгож байгаа юм байна. Бас л бидэнд хэрэгтэй боломж.

Хэрхэн Invited табд хандаж, хүмүүст Сануулга илгээх вэ?

Компьютераас

Групптаа хандаад – Баруун гар талын Members цэс дээр дараад – Шинээр гарч ирсэн дэлгэцийн баруун гар талд: Invited, Unavailable болон Blocked гэсэн табууд харагдана.
Эндээс Invited товч дээр дарснаар гарч ирсэн нэрсийн харалдаа байрлах 3 товч дээр дарахад – Send Reminder болон Remove from Group гэсэн сонголт харагдана.

Гар утаснаас

Группдээ хандаад – Admin Tools – Members цэс дээр дараад – Invited цэс дээр дар. Гарч ирсэн нэрсийн дээр дарахад цэс гарч ирнэ. Энэ удаад 3 сонголттой: View Profile, Send Reminder, Cancel Invite.

Сануулга илгээгээд байж дээ!

Facebook Page илүү нээлттэй бас хариуцлагатай болно

Facebook Page-н хувьд Facebook-н стандарт, бодлогыг зөрчсөн контент нийтэлсэн эсэхэд их анхаарал хандуулдаг. Энэ 7 хоногоос эхлээд админуудын хувьд тухайн Page-н ямар контентууд Facebook-н дүрэм, журмын зөрчсөний улмаас устгагдсан болох талаарх мэдээллийг харуулах шинэ ТАБ харагдаж эхэлж байгаа юм байна.


Түүнчлэн удаа дараалан зөрчилтэй контент нийтэлсний улмаас хаагдсан Page-н хувьд дахин ижил төстэй нэр бүхий шинэ хуудас нээхийг ч мөн хориглож эхэлнэ гэнэ.

Тэгэхээр бидний хувьд энэ ТАБыг анзаарахгүй байж болохгүй нь ээ. Та ч гэсэн өөрийнхөө Page-рүү яг одоо ороод үзээрэй.

Facebook өнөөдөр өнгөрсөн улирлын тайлангаа танилцууллаа

1.523 тэрбум хэрэглэгч Facebook-г өдөр бүр идэвхтэй ашиглаж байна. Харин Facebook, Instagram, WhatsApp болон Messenger-г нийлүүлээд нийт 2.7 тэрбум хэрэглэгчтэй болсон бөгөөд эдгээр хүмүүсийн 2 тэрбум гаруй нь өдөр тутам идэвхтэй хэрэглэдэг гэнэ. 7 сая идэвхтэй сурталчилгаа хийдэг хүмүүс байгаа бол 2 сая нь Stories сурталчилгааг ашиглаж байна гэнэ.

Товчхондоо хэдий их хэл ам дагуулсан хатуухан жил болсон ч 2018 оныг Facebook амжилттай давсан талаарх танилцуулга болжээ. 

Facebook Story бол бизнесийн байгууллагуудын анзаарахгүй өнгөрч болохгүй боломж

Facebook-ийн зүгээс сошиал медиа маркетеруудад стори хийхийг зөвлөж байгаа. Саяхан Facebook стори хэсэгтээ томоохон өөрчлөлт оруулсан. Instagram, Snapchat-ын стори ашиглахад хялбар бөгөөд зургаа янзлах, илүү гоё, өнгөлөг болгох, янз бүрийн сонирхолтой тохиргоо нэмэх боломжтой.

Иймээс хүмүүс Facebook-ийн биш Instagram, Snapchat-ийнхийг илүү их хэрэглэж байлаа. Байлаа гэсний учир нь Facebook стори хэсэгтээ Snapchat шиг фильтрүүд нэмж, (одоохондоо жаахан тиймхэн байгаа ч цаашид хөгжих байх хэхэ), Instagram-д байрлах бүхий л тохиргоог өөртөө оруулж өгчээ.

Манай монголын бизнесийн байгууллагууд ч үүнийг соргогоор ашиглаад эхэлсэн байна. Та ч гэсэн яг одоо өөрийн байгууллагын хуудсандаа стори оруулаарай.

Өмнө нь Facebook-рүү контентоо нийтлэхэд зөвхөн пост гэсэн товч харагддаг байсан бол одоо Story, Newsfeed-рүү гэсэн сонголт хийх хэсэг нэмэгдсэн бөгөөд энэ нь стори нийтлэхэд илүү амар болгож өгч байна. Стори newsfeed шиг болсоор.

Newsfeed-ийн мэдээллийн сул тал бол цоо шинэ байж чаддаггүй. Ийм ч учраас хүмүүс ч байж л байдаг зүйл мэт хүлээж авдаг болжээ. Newsfeed-д байрласан таны контент хүнд харагдсан ч хүмүүс сторид байрласан шиг сонирхон бүх мэдээллийг уншиж, дарж орохоо хэдийнэ больчихсон.

Шинэ зүйл хүний сэтгэлзүйд сонирхолтой зүйл гэсэн дохиог өгдөг шүү дээ. Мөн 24 цагийн дараа л энэ контент устах тул хүмүүсийн ямар нэг зүйлээс хоцрохгүй байх, мэдээллийг өдөр бүр шинээр нь авах хүсэлтэй стори нь бүрэн уялдаж байна.

Facebook event болон групп дээр стори хийж болдог болсон. Энэ нь зөвхөн админуудаар зогсохгүй группийн гишүүд болон event-д нэгдсэн хүмүүс сторигоо хуваалцаж болдог болсон гэсэн үг. Facebook улам л амьд харилцааг дэмжсэн бүхэл бүтэн нэг ертөнцийг бүтээхийг зорьж байна.

Instagram-д хийсэн сторигоо Facebook-рүү шууд шэйр хийх боломжтой. Гэхдээ гадны сошиал медиа экспертүүд хоёр платформд адилхан контент оруулахыг тийм ч таашааж үзэхгүй байна.

Инстаграмын нийт хэрэглэгчдийн ихэнх нь 18-34 насныхан байдаг бол Facebook-ийн хувьд 25-44 насныхан илүү түлхүү байна гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр тэдний хэлээр ярьж чадах контент л тэдэнд хүрэх тул яг адилхан контент нийтлэх нь хэрэглэгчдийн сонирхлыг бууруулж, брэндийн үнэ цэнийг унагах аюултай гэж үзэж байна.

Facebook Page Recommendation буюу хуудасны үнэлгээ яагаад өөрчлөгдсөн бэ?

Facebook хувь хүмүүсийн хоорондох амьд, хариуцлагатай харилцааг дэмжиж байгаа. Page recommendation-д гарсан өөрчлөлт ч мөн үүнд чиглэж байгаа талаар мэдэгджээ. Өмнө нь тухайн хуудсанд зөвхөн 1-5 гэсэн үнэлгээ өгч, хэрэв хэрэглэгч өөрөө хүсвэл сэтгэгдлээ бичдэг байлаа.

Харин энэ удаагийн гарсан өөрчлөлт тухайн газартай холбоотой сэдвийн хүрээг сонгож, хамгийн багадаа 25 тэмдэгт бүхий сэтгэгдэл үлдээдэг болжээ.  Өмнөхөө бодвол харьцангуй хялбар биш болсон. Ийм болгосон нь зөвхөн тоогоор үзүүлсэн үнэлгээ бус бусад хэрэглэгчид яг тухайн газрыг хэрхэн үнэлж, ямар сэтгэгдэлтэй байгааг харуулахыг зорьж байгаа ажээ.

Чухалчлан үзэж байгаа нь хамгийн багадаа 25 үсэгт багтсан сэтгэгдэл гэдгээс ч мөн харагдаж байна.

Сошиал медиад гарсан цуурхал

Instagram алгоритмаа өөрчилсөн үү?

Сошиал ертөнцөд бас нэгэн шуугиан тарьсан мэдээлэл нь Instagram алгоритмаа өөрчлөөд постын хүртээмжийг нийт дагагчдынх нь 7%-с хэтрүүлэхгүй байх тохиргоо хийсэн гэсэн цуурхал байв. Харин Instagram-ын зүгээс алгоритмдаа өөрчлөлт оруулаагүй гэсэн мэдээлэл хийжээ.

Facebook-ийн нийт хэрэглэгчдийн тал нь хуурамч хаяг уу?

Худлаа. Ойрын үед шуугиан тариад байгаа мэдээллийн нэг нь энэ байлаа. Гэхдээ Facebook-ийн зүгээс хуурамч хаягууд байгаа ч 50% гэдэг хэт өндөр тоо байна, энэ бол худал мэдээлэл гэсэн мэдэгдэл хийжээ.

TOP