Сошиал медиа пост тайлбар текст хэрхэн бичих вэ?
Сошиал медиа пост тайлбар текст хэрхэн бичих вэ? нэг талаас хамгийн хялбар асуулт, нөгөө талаас өдөр тутам бидэнд тулгардаг асуудал шиг сонсогдож байгаа биз?
Уламжлалт маркетингт ч хэрэглэгч, харилцагчидтай харилцах гол харилцааны хэрэгсэл нь реклам зар сурталчилгаа байсан. Зар сурталчилгааны тусламжтайгаар л бид борлуулалтаа илүү нэмэгдүүлж, хэрэглэгчидтэй харилцаа үүсгэж чаддаг байв. Харин сошиал медиа орчин хүчээ авснаас хойш зах хязгааргүй мэдээлэл урсаж, түүнийхээ хэрээр хэрэглэгчид илүү олон боломж, сонголттой болжээ.
Энэ нь нэг талаар маркетер бидэнд ашигтай. Нөгөө талаар илүү олон өрсөлдөгч бий болсон гэж хэлж болно. Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг эсвэл старт-ап бизнесийн хувьд томоохон байгууллагуудтай эн зэрэгцэн маркетингаа амжилттай хийх боломжийг сошиал медиа орчин бидэнд олгож байна.
Монгол Улсын хувьд хамгийн олон хэрэглэгчтэй сошиал медиа суваг Facebook байгаа бол, дараа нь YouTube хэмээх агуу том хайлтын суваг, Instagram удаалж байна.
Сошиал медиа маш олон хүнд, маш хямд зардлаар реклам сурталчилгаагаа явуулах боломж авч ирснээр зогсохгүй сошиал медиа орчинд хэрэглэгчид өөрөө түгээгч болсон учир маркетингийн зорилгоор явуулж буй зар сурталчилгааг харилцаанд тулгуурласан хүмүүстэй илүү ойр байх тал дээр анхаарах нь бидний гол ажил болсон.
Уламжлалт маркетингт хэрэглэдэг байсан тараах материал, зурган постер, зар сурталчилгааны самбар гэх мэт хэрэгслүүд пост, контент болон хэлбэрээ өөрчлөгдсөн гэж хэлж болно. Хэдийгээр суваг болгон өөрийн гэсэн онцлогтой ч сошиал медиа орчинд байршуулах зурагт постер, видео зэрэгт хэрэглэх текстийн асуудал уламжлалт маркетингт хэрэглэдэг байснаас бага зэрэг өөрчлөгдөж байна. Бид илүү богино, илүү ойлгомжтой, илүү харилцааг эрхэмлэсэн хайлтын системд өртөхүйц текст бичих хэрэгтэй болжээ.
Уламжлалт маркетингт хэрэглэж байсан рекламын бүтцийг ерөнхийд нь ангилвал:
- Зураг эсвэл видео
- Гарчиг
- Бичвэр буюу текст
- Лого болон тухайн байгууллагын хаяг гэсэн үндсэн 4 хэсгээс бүтдэг.
Сошиал медиа сувгуудад маркетингийн зорилгоор байршуулсан контент ч мөн адил. Энэхүү 4 хэсгээс бүрддэг. Бид зорилго болон хэрэглэгчийн мэдээлэл хүлээн авах онцлогоос хамааран ашиглах зураг, видеогоо сонгодог. Гэхдээ зураг видео дангаараа юу ч хэлж чадахгүй байх үе бий. Тиймээс л текстийн асуудал хөндөгдөж гардаг.
Аливаа сурталчилгааны материалын бичвэр буюу текстийн асуудал хэнд, юуны тухай гэдэг асуулттай хамгийн их хамааралтай. Учир нь хэрэглэгчийн хэлээр яриж, тэдэнд ойртох нь танай контентыг хэрэглэгчтэй харилцах харилцааны хэрэгсэл болгоод зогсохгүй, сонирхолтой, ойлгомжтой болгох болно.
Миний хувьд эмнэлгийн байгууллагын хуудсыг хөтөлдөг. Эмнэлэг бол нарийн мэргэжлийн, түүгээр зогсохгүй хариуцлагатай салбар. Тийм учраас тайлбар текст хэт албархуу, ойлгомжгүй олон анагаах ухааны нэр томъёо бүхий бичигдэж, тэр нь хэрэглэгчид хүрэхгүй байгаа нь ажиглагдаж байсан.
Харин би тухайн өвчилсөн эрхтэн өөрөө яриж буй мэт тайлбар текст бичиж, ингэхдээ хөгжилтэй, энгийн амьдралд ойр байх талыг аль болох баримталсан нь сайн үр дүн авч ирсэн.
Пост тайлбар текст хэрхэн бичих вэ: Ерөнхий стратегийн хувьд юу анхаарах вэ?
Хэдийгээр контент бүр өөр өөрийн онцлог, суваг, зорилгоосоо шалтгаалан тайлбар текст ялгаатай байдаг ч тухайн байгууллагын хувьд ерөнхийдөө бүхий л контентын тайлбар текстийг төлөвлөхөд хэд хэдэн зүйл анхаарах хэрэгтэй болдог. Үүнд:
Зорилгоо ойлгох
Маркетинг бол зорилготой харилцаа. Тэгэхээр бид зорилгоо ойлгох нарийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Сайн төлөвлөгөө бол ажлын талаас илүү хувь байдаг учир бид энэ талаар Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө гаргах бяцхан жор (үнэгүй татаж авах жишээ, загвар файлын хамт) нийтлэл бэлдэж байсан.
Бидний бэлдсэн төлөвлөгөө контентын ерөнхий харагдац, зураг авалт, зохиомжид нөлөөлөхөөс гадна тайлбар текстэд тусгалаа олж, манай хуудас яг нэг хүний хуудас шиг харагдах хэрэгтэй.
Хэрэв зураг авалт, зохиомжоосоо зөрсөн тайлбар текст бичвэл тухайн хуудас дүр төрхөө алдах алдаж, брэнджүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Тиймээс анхнаасаа зорилгоо маш сайн ойлгох нь ажлын үр дүнд онц нөлөөлнө.
Үүний тулд эхлээд өөрийгөө ойлгох буюу “Бид хэн болж харагдахын тулд ямар үг хэрэглэх вэ? Давуу тал онцлогоо хэрхэн тайлбар текстэндээ тусгах вэ?” гэсэн асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Реклам сурталчилгаа, сошиал медиа орчинд нийтэлж байгаа контент бүр тань танай байгууллага хэн болохыг илтгэж буй учир нэгдмэл нэг хүн шиг харагдах хэрэгтэй.
Дээр дурдсан рекламны 4 хэсгийг энэ өнцгөөс задалбал контентод ашиглаж буй зураг видео таны гадаад харагдац стиль имижийг илэрхийлэх бол гарчиг болон тайлбар текст тухайн хүний үг яриа, хаяг холбоо барих хэсэг нэрийг илтгэнэ. Тиймээс зорилгоо маш сайн ойлгож, нэгдмэл байх чанарыг баримтлах хэрэгтэй.
Манай байгууллага төстэй үйл ажиллагаа явуулдаг Юнимед болон Ирээдүй гэсэн эмнэлэгтэй хамтарч ажилладаг. Ирээдүй эмнэлгийн хувьд нөхөрсөг илэн, далангүй, эмэгтэйлэг, энгийн байдлыг чухалчилж, хэрэглэгчтэй харилцаа үүсгэх зорилготойгоор текст бичвэр хийгддэг бол Юнимед эмнэлгийн хувьд илүү албан ёсны байдлыг эрхэмлэж, баримт нотолгоог шүтсэн текст бичихийг эрхэмлэдэг.
Хэрэглэгчээ ойлгох
Бид зарим тохиолдолд бидний мэддэг зүйлийг бүх хүн мэддэг гэж боддог. Энэ нь бидний алдаа болдог бөгөөд хэт албан ёсны, харилцаа үүсгэж чадахгүй, хүмүүсийн хүлээлтэд нийцэхгүй текст бичих нь бий. Хэдийгээр албан ёсны текст танай байгууллагын дүр төрхийг бүрдүүлнэ гэж бодож болох ч хэрэглэгчид юу хүсэх хийгээд тэдний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж чадах вэ гэдэг л бидний гол ажил шүү дээ.
Тэгэхээр “Хэрэглэгчид ямар хэлээр яриж, ямар сэдэв тэдэнд чухал байж, энэ нь манай зорилготой хэрхэн уялдах вэ буюу хэрэглэгч тухайн контентыг харах үед худалдан авалтын аль шатанд байх вэ” гэсэн асуултыг өөртөө тавиж үүнд тохирсон ерөнхий текстийн загвар гаргах хэрэгтэй. Ер нь тайлбар текст гэдэг хэрэглэгчийн байр сууриар л тодорхойлогдоно гэдгийг бид мартаж болохгүй.
Өрсөлдөгчөө ойлгох
Өрсөлдөгчийн судалгаа бол ямар ч бизнесийн хувьд хамгийн чухал зүйлүүдийн нэг мөн. Тэгэхээр та тайлбар текстийн төлөвлөгөө гаргахаасаа өмнө өрсөлдөгч байгууллагуудынхаа хуудсаар зочилж, юуг хэнд хэрхэн хүргэх, өрсөлдөгчөөсөө юугаар ялгарахаа нарийн тодорхойлоорой.
Сувгаа ойлгох
Сошиал медиа суваг бүр өөрийн онцлогтой. Энэ онцлогоос хамааран текстийн ерөнхий агуулга ч өөрчлөгддөг. Тиймээс бид тухайн сувгийн талаар маш дэлгэрэнгүй нарийн иж бүрэн мэдээлэл хүргэж байсан. Цаашдаа ч хүргэх болно. Хэрэв та тухайн сувгийн талаар дэлгэрүүлж унших бол Facebook маркетингийн талаар ЭНДЭЭС, Instagram маркетингийн талаар ЭНДЭЭС, YouTube маркетингийн талаар ЭНДЭЭС уншина уу.
Тухайн контент бүрийн тайлбар текст бичихэд юу анхаарах хэрэгтэй вэ?
Ойлгомжтой бай
Бид хэнд мэдээлэл хүргэж байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Хэдийгээр бараа бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэг ерөнхий олон нийтэд хандсан мэт байж болох ч яг танай хэрэглэгч хэн бэ, ямар бүлэг хүрээг бид онилж байгаа вэ гэдэгт бүх учир бий. Үүний тулд:
Хэрэглэгчийнхээ хамгийн их хэрэглэдэг үгийг хэрэглэ. Бүлэг хүрээ бүрт хамгийн их хэрэглэгддэг, хамгийн их сэтгэл догдлуулдаг үг гэж бий. Жишээлбэл манай байгууллага шиг сошиал медиа маркетингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад маркетинг, Facebook, сурталчилгаа, сошиал медиа, контент зэрэг үг маш их хэрэглэгддэг.
Харин эмэгтэйчүүдэд чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хувьд ээж, эмэгтэйчүүд, эрүүл мэнд, эмнэлэг зэрэг зайлшгүй хэрэглэгддэг үг гэж бий. Үүнийг бид тайлбар текстдээ хэрэглэх нь нэг талаар хайлтын системд өртөөд зогсохгүй нөгөө талаар хэрэглэгчдэд илүү ойр мэдрэмж төрүүлэх болно.
Хэт мэргэжлийн ойлгомжгүй үгээс татгалз. Өөрөөр хэлбэл бид яг тухайн хэрэглэгчдийн түвшинд очиж байж ойлгогдоно гэсэн үг. Нарийн мэргэжлийн байгууллагуудын хувьд мэргэжлийн үг хэрэглэх нь дүр төрхөд сайн нөлөөтэй мэт санагддаг ч яг үнэндээ хэрэглэгчийн талаас харвал танай байгууллагын контентыг уншихгүй өнгөрөх, ойлгохгүй байх аюул бий.
Урвуугаа харсан гурвалжин загвар буюу урт текстээс татгалзах зарчмыг баримтал. Интернэт орчинд буй хэрэглэгчид аль болох богино, ойлгомжтой текстийг хүсдэг. Ингэхийн тулд та урвуугаа харсан гурвалжингийн загвар буюу гурвалжинг доороос нь тайрахад гол мэссеж нь хамгийн сүүлд үлдэхээр бодолцох хэрэгтэй.
Нэг контентоор нэг л санааг хүргэ. Энэ нь зорилгоо ойлгохтой төстэй. Тухайн контентоор хэлэх гэж байгаа гол санаагаа тодорхойлж, тухайн санааг бүрэн илэрхийлэхэд л анхаарах хэрэгтэй. Ингэхдээ дээр өнүүлсэн доороос нь тайрахад гол санаа нь хамгийн сүүлд үлдэж байх зарчмыг баримтлаарай. Нэг контетод маш олон санаа гаргах нь хэт замбараагүй, нүсэр ойлгомжгүй болгодог хамгийн том алдаа юм шүү.
Фонтоо анхаар. Фонт бол тухайн мессежийг хүмүүст хүргэх анхны харагдац. Тэгэхээр хүргэхийг хүсэж байгаа мэдээллийнхээ агуулга хийгээд байгууллагынхаа дүр төрхийг бүрэн илэрхийлэхүйц байхыг бодолцох хэрэгтэй. Яг үүнтэй холбоотой нэгэн жишээ Facebook-д түгээгдэж байсан. Энэ жишээг харахад д фонт хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг нь шууд ойлгогдоно.
Баримт, нотолгоотой бай
Сайн сурталчилгаа баримт, нотолгоотой байдаг. Гэхдээ баримт дангаараа юу ч хэлэхгүй. Бид баримтаа ойлгуулах хэрэгтэй. Үүний тулд хэрэглэгчдийн асуудлыг таниулж, танай бүтээгдэхүүн үйлчилгээ үүнийг шийдвэрлэж чадна гэдгийг өгүүлэх нь зөв. Гэхдээ шууд тулгасан сурталчилгааны өнгө аясаас татгалзах хэрэгтэй. Баримтыг зөв өгүүлэх хэд хэдэн арга бий.
- Санаанд оромгүй харьцуулалт. Chip Heath болон Dan Heath нарын бичсэн “Made to stick” номонд санаанд оромгүй өгүүлэмж хүнд хоногшин үлддэг талаар тайлбарласан байдаг. Тус номонд нэгэн жишээ авсан байдаг нь “Аварга загас илүү аюултай юу буга илүү аюултай юу” гэсэн асуулт байв. Мэдээж том махчин амьтан тул аварга загас илүү аюултай мэт санагдана. Гэхдээ бодит байдал дээр буга илүү аюултай байдаг байна. Учир нь буга хурдны зам дээр гэнэт үсэрч гарч ирдэг нь олон ослын шалтгаан болдог бөгөөд үүнээс болж нас барсан хүний тоо ч аварга загасанд бариулсан хүний тооноос илүү байдаг аж. Энэ мэт санаанд оромгүй харьцуулалт нь хүний ой тоонд хоногшин үлддэг бөгөөд итгэл төрүүлэх сонирхолтой аргуудын нэг болно.
- Эрдэмтэн, судлаачийн үгийг иш тат. Эрдэмтдийн нотолгоо, дүгнэлтэд хүмүүс итгэдэг. Гэхдээ тухайн эрдэмтэн, судлаачийн үгийг иш татахдаа үнэхээр танай бүтээгдэхүүн үйлчилгээг төлөөлж чадах нэгнийг сонгох хэрэгтэй. Олны танил, олон дагагчтай хүнийг өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг нотолгоог өгүүлэх хүнээр сонгож болох ч яг танай бүтээгдэхүүн үйлчилгээнд хэр нийцэлтэй хүн болохыг сайтар бодолцох хэрэгтэй.
Өрнөлтэй бай
Storytelling буюу түүх өгүүлсэн контент сошиал орчинд маш амжилттай байгаа. Түүх өгүүлнэ гэдэг нэг талаар хөдлөшгүй нотолгоо болно. Нөгөө талаар энэ нь хэрэглэгчдэд сонирхолтой байж чаддаг. Ямарваа нэгэн түүх сонссон хүн өөрийн эрхгүй тухайн нөхцөл байдалд өөрийгөө тавиж үздэг байна.
Энэ нь итгэл төрүүлэх, сэтгэл хөдөлгөх онцгой жор юм шүү. Энэ төрлийн контентыг та Caffe Bene Mongolia, Оюутолгой зэрэг байгууллагаас харж болно. Саяхан бид энэ төрлийн тайлбар текст бүхий контентыг Unimed эмнэлгийн хуудсанд туршиж үзсэн ба бусад контентоосоо илт давуу байгаа нь ажиглагдсан.
Амьдралд хэрэгтэй бай
Хэрэглэгчид боловсрол олгох контент бол ямар ч байгууллагын хувьд төлөвлөгөөт контентод заавал байх ёстой контентын нэг байдаг. Манай байгууллага ч харилцагч байгууллагууддаа энэ төрийн контентыг заавал байхаар төлөвлөдөг. Ийм контент нэг зурагтай эсвэл олон зурагтай, видео хэлбэртэй гээд ямар ч байж болно.
Гэхдээ тухайн зураг, видео дээр бүх заавар зөвлөгөөг оруулах боломжгүй. Хэрэв тэгвэл үргэлжилсэн урт текст бүхий, сонирхол татахааргүй болох аюултай. Иймээс бид зураг, видео дээрээ түлхүүр үгсээ оруулаад дэлгэрэнгүй тайлбараа тайлбар текст хэсэгт бичдэг. Гэхдээ үүнийгээ аль болох бодит амьдралд хэрэгтэй, хэрэгжүүлж болохуйц байхад анхаардаг. Энэ нь ч үр дүн сайн авч ирдэг.
Бүх постын тайлбар хэсэгт бичигдэх ёстой 4 зүйл
- Хаштаг. Хаштаг танай бүтээгдэхүүн үйлчилгээг хялбар олоход тусална. Манай байгууллагын хувьд сошиал медиа, маркетинг зэрэг хаштаг заавал байх хэрэгтэй. Учир нь хэрэглэгчид энэ үгээр хайлт хийх магадлал хамгийн их. Зах хязгааргүй мэдээлэл бүхий интернэт орчинд хайлтад өртөх л хамгийн чухал шүү дээ.
- Холбоо барих хэсэг. Мөн контент бүрт байрших ерөнхий мэдээллийн хэсэгт утасны дугаар, хаяг, цагийн хуваарийг оруулаарай.
- Байгууллагын танилцуулга. Энэ хэсэгт хоногшуулах гэж байгаа мессеж, байгууллагын танилцуулгаа бичиж болно. Хэдийгээр өмнө нь байгууллагаа танилцуулсан контент нийтэлж байсан байж болох ч хэрэглэгч тухайн контентыг хараагүй байх магадлал их.
- Эможи. Эможи ашиглах боллон зай авч санаагаа зааглах нь хэрэглэгчийн унших явцыг хөтлөхөд тустай. Тиймээс тухайн эх бичвэрийн санаатай зохицох эможи заавал ашиглах хэрэгтэй.
Дүгнэлт
Хэрэглэгчдийн сэтгэлзүйд хоногшин үлдэж улмаар амьдралын хэмнэлийнх нь нэг хэсэг болох нь ямар ч байгууллагын зорилго. Үүний тулд бид хэрэглэгчидтэй харилцаа үүсгэх хэрэгтэй. Хэрэглэгчидтэй харилцаа үүсгэх боломж сошиал медиа орчин бидэнд хангалттай өгч байна.
Сошиал медиа платформуудад явагдаж байгаа өөрчлөлтүүд ч харилцааг чухалчилж байна. Энд амьд үлдэж контентоо “харилцааны машин” болгохын тулд зөв үг ашиглах нь хамгийн чухал. Зөв үг гэдэг нь угтаа ойлгомжтой байх, ойлголцолд хүрэх явдал юм шүү. Бидний бэлдсэн дээрх нийтлэл маркетер танд хэрэг болно гэдэгт итгэж байна.
Танд хэрэгтэй дараагийн нийтлэлүүдийг уншиж сошиал медиа маркетингийн талаар хамгийн шинэ сонирхолтой хэрэгтэй цахим ном үнэгүй татаж авах бол та дараах холбоосуудаар зочлоорой.
- Facebook маркетинг: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ? Маркетерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан дэлгэрэнгүй гарын авлага
- ИНСТАГРАМ МАРКЕТИНГИЙН А-Я: МАРКЕТЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ НОМ
- ДИЖИТАЛ МАРКЕТИНГ: АШИГЛАХ ХЭРЭГСЛҮҮД
- YOUTUBE MARKETING: ХЭРХЭН YOUTUBE СУВГАА АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЖ, МАРКЕТИНГИЙН ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХ ВЭ?
- Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө гаргах бяцхан жор