fbpx

Facebook Page Like: Маркетеруудын мэдэж байх ёстой 5 зүйл

1. Facebook хуудас /page/ олон LIKE-тай байх нь чухал уу?

Зарим талаараа тийм. Зарим талаараа үгүй. Хуудасны LIKE-ын тоо болон нийтлэгдэж байгаа контентын хүртээмж буюу REACH хоёр шууд хамааралтай. Манайхтай хамтарч ажилладаг нэгэн байгууллагын жишээн дээр гэхэд хуудасны LIKE-ын тоо хоёр дахин нэмэгдэхэд хүртээмж буюу ORGANIC REACH ойролцоогоор 3 дахин нэмэгдэж байлаа.

Органик хүртээмж нэмэгдэнэ гэдэг төлбөртэй сурталчилгаа /boost/ явуулж хүмүүст хүргэж буйтай адил боломж шүү дээ. Тэгэхээр LIKE чухал уу гэвэл чухал. Энэ сэдвээр ярилцсан Facebook LIVE видеог мөн үзээрэй.

2. Харин ямар үед LIKE чухал биш болох вэ?

Сошиал медиа орчинд бизнесээ таниулж, сурталчлах хүсэж буй бизнесийн байгууллагууд Facebook Page худалдаж авах хэрэгтэй юу? Хаанаас худалдаж авах вэ? гэсэн асуултыг биднээс түгээмэл асуудаг. Бидний өгдөг хариулт бол худалдаж авах шаардлагагүй.

Учир нь танай хуудас тоо томшгүй олон LIKEын цугларалт биш харин танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхох, худалдан авалт хийх магадлал өндөртэй зорилтот бүлгийн нэгдэл байх нь танд илүү ашигтай. Жишээлбэл манайх шиг сошиал медиа маркетингийн үйлчилгээ үзүүлдэг B2B бизнесийн байгууллагын хуудсанд огт бизнес эрхлэх сонирхолгүй, кино, бичлэг л үзэж, онигоо унших хүсэлтэй байгаа хэдэн зуун мянган хүн цугларсан байвал яах вэ?

Бид маркетингийн талаар сонирхолтой контент олноор нь үйлдвэрлэсэн ч манай хуудсыг дагасан хүмүүсийн сонирхол, хүсэлд таарахгүй учир бидний цаг, хөдөлмөр, мөнгө үр дүнгүй зардал болон урсах болно. Ийм учраас хэрэв зөвхөн Facebook хуудас гэлтгүй сошиал медиа платформуудыг маркетингийн сувгаа болгохыг хүсэж байгаа бол зорилтот бүлгийн нэгдэл үүсгэхийн тулд шинээр нээж, хөгжүүлэн ажилласан нь үр дүнтэй.

Холбоотой нийтлэл:

3. Facebook хуудас /page/-ын Like-ны тоо яагаад багасдаг вэ?

Бид долоо хоног бүр хамтран ажиллаж байгаа байгууллагуудынхаа сошиал сувгуудын тайланг гаргадаг. Бүх л хуудаснуудад долоо хоног бүр их бага ямар нэг хэмжээгээр Unlike хийсэн байгаа нь ажиглагддаг. Хэт олноороо л Unlike хийгээгүй бол тийм ч харамсаад байх зүйл биш юм.

Учир нь танай хуудсанд Like дарсан бүх хүн танай зорилтот хэрэглэгч байх албагүй шүү дээ. Тэд янз бүрийн шугамаар танайд нэгдсэн байгаа. Үнэхээр танай үйлчилгээг сонирхдоггүй, бэлдсэн контентыг үзэх дургүй хүмүүс ялгарч гарах нь хэрэгтэй хүндээ хэрэгтэй мэдээлэл хэрэгтэй цагтаа очиход тусална. Гэхдээ маш их хэмжээний Unlike байх нь мэдээж тийм ч таатай биш. Unlikeын тоо огцом нэмэгдэж, хүмүүс танай хуудсыг дагахаас татгалзаж байна гэдэг нийтэлж байгаа контентоо өөрчлөх хэрэгтэйн дохио. Өөрөөр хэлбэл та жинхэнэ үйлчлүүлэгчээ олоогүй, олсон ч тэдний хэлээр ярьж чадахгүй, залхааж байгаагийн илрэл.

Ийм учраас контент төлөвлөлтөө дахин эргэн харж, контентынхоо агуулга болон дизайныг шинэчлэх хэрэгтэй болжээ.

4. Яаж Facebook хуудасны (Facebook Page) Like-ыг нэмэгдүүлэх вэ?

Мөн Unlikeын тоо огцом буураагүй ч Likeын тоо огт нэмэгдэхгүй байгаа тохиолдолд Facebook сурталчилгааны Consideration цэсээс Engagement-Page like гэсэн сонголтыг хийж танай хуудсанд Like дараагүй хүмүүс рүү чиглүүлэн сурталчилгаа явуулах хэрэгтэй. Манай нэг харилцагч байгууллага яг ийм сурталчилгааг өдрийн 1$-оор л явуулдаг. Маш бага төсөв ч хангалттай үр дүн авч ирж байгааг бид долоо хоног бүрийн тайлангаасаа хардаг. Гэхдээ page like-ийн сурталчилгаа ковер зургаар эсвэл видео контентоор гэсэн сонголттой байдаг тул сурталчилгаа явуулахад тохирох контентоо урьдчилан бэлдэх хэрэгтэй шүү.

Дээр жишээ авсан байгууллагын хувьд эхний ээлжид бид бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга бүхий сонирхолтой гэхээсээ илүү албаны шинжтэй контент ашиглан сурталчилгаа явуулж байхад 7 хоногт ойролцоогоор 150-200 Like нэмэгддэг байлаа. Харин удалгүй бид органикаараа олон хүнд таалагдаж, хандалт сайтай байгаа контентоор солиход долоо хоног тутамд нэмэгдэж байгаа Likeын тоо 900-1200 болж өөрчлөгдсөн.

Маш эерэг өөрчлөлт. Өдрийн ганцхан доллар зарцуулж байгаа гэхэд хангалттай сайн үр дүн гэж харж болохоор. Тэгэхээр хэрэв Likeын тоогоо нэмэгдүүлж, Unlikeыг хазаарлахыг хүсэж байвал бид контентын агуулгадаа анхаарах хэрэгтэйг энэ жишээ тод харуулж байна.

Мөн уралдаан явуулах нь LIKE-ын тоогоо өсгөх арргуудын нэг. Гэхдээ тус уралдаан зөвхөн танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхох магадлалтай хүмүүст л хүрч байх ёстойгоо мартах ёсгүй. Өөрөөр хэлбэл уралдааны болзолд хуудсан /page/-д LIKE дарах гэж байх хэрэгтэй ч уралдаан заавал танай бүтээгдэхүүн үйлчилгээтэй уялдаж байх хэрэгтэйг мартаж болохгүй.

Ингэж байж л нийтлэлийн эхэнд ярьсан зорилтот бүлгийн нэгдлийг бий болгоно шүү дээ. Уралдаан явуулж LIKE нэмэгдсэн ч уралдааны дараа хүмүүс UNLIKE хийгээд алга болчихвол юутай харамсалтай…

5. LIKE-ийн үнэ цэн буурсаар л байна…

Өнгөрсөн оноос эхлэн LIKE тийм ч чухал үзүүлэлт болж чадахгүй болох хандлага ажиглагдаж, үүний  талаар Facebook ч алгоритмд гаргаж байгаа өөрчлөөлтөөрөө мэдэгдэл хийлээ. Ямар пост хэрэглэгчийн newsfeed хэсэгт харагдах эс харагдах нь алгоритмаар зохицуулагддаг. Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг хамгийн сүүлд хийсэн /Facebook News Feed ХҮМҮҮС хоорондын харилцаанд илүү анхаардаг болж өөрчлөгдөнө/ гэсэн мэдэгдэлдээ Facebook нь ямар нэг байгууллагын хүмүүстэй харилцах хэрэгсэл гэхээсээ илүү, хувь хүмүүс хоорондын утга учиртай харилцаа бий болгох хэрэгсэл байх болно” гэж хэлсэн.

Анхнаасаа л Facebook байгууллагын сурталчилгаа явуулах хэрэгсэл бус найз нөхөдтэйгөө харилцаа холбоо тогтоох суваг байсан билээ.

Facebook хуудсанд нийтлэгдсэн контентыг хэр олон хүнд хүргэхээ тухайн контэнтэд үзүүлж буй хүмүүсийн хариу үйлдлээр тодорхойлж байгаа. Гэхдээ үүнд Like тийм ч өндөр үзүүлэлт болж чадахгүй байна. Учир нь Facebook-ийн үзэж байгаагаар Like дараал өнгөрнө гэдэг нь харилцан яриа өдөөх, амьд хэрэгсэл болж чадахгүй байгаа аж.

Харин комментыг маш чухал үзүүлэлт болгон үзэж байгаа. Учир нь аливаа хуудаснаас нийтэлсэн мэдээлэлд хүмүүс коммент үлдээж, харилцан ярианы сэдэв болох нь Facebook-ийн зарласан хувь хүмүүсийн харилцааг дэмжих зорилгод нийцэж байгаа юм.

Хэн нэг хэрэглэгч сэтгэгдлээ үлдээснээр түүний найзуудад тухайн пост харагдаж, илүү олон хүнд хүрэх боломж ч үүсч байна. Иймээс бид олон Like авахад төвлөрсөн биш коммэнт бичүүлэхэд илүү анхаарсан контентууд бэлдэх хэрэгтэй гэсэн үг юм.

Төгсгөлд нь

Танай хэрэглэгч хаана байгааг мэдэж, тэднийг олж, тэдэнтэй харилцаж, тэдэнд нөлөөлж, урт хугацааны итгэлцэл бий болгож байвал энэ нь үр дүнтэй маркетинг шүү гэдгийг бүү мартаарай.

TOP