2020 оны сошиал медиа маркетингийн хандлага
2020 оны сошиал медиа маркетингийн төлөвлөгөө гаргаж буй маркетерууддаа зориулан ирэх онд зайлшгүй анхаарах ёстой сошиал медиа хандлага, өөрчлөлтүүдийн талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.
Нээлттэй биш ганцаарчилсан харилцаанд суурилсан оролцоо
Facebook өмнө нь хүн бүр цугласан хотын төвийн талбай мэт орчин байсан бол зочны өрөөндөө найзтайгаа ярилцаж буй мэт нууцлаг, хувийн орон зай болгох талаар Зукерберг захирал мэдэгдсэн. Энэ талаар маш олон арга хэмжээ авч, дүрэм журам хэрэгжүүлж байгаа нь маркетер бидний ажилд ч энэ жил чамгүй нөлөөллөө. Эдгээр өөрчлөлтүүдийн бидэнд хамгийн түрүүнд мэдрэгдэж буй зүйлс Stories, Messenger, Instagram Direct мэссэжийн хэрэглээг дэмжиж хийгдэж буй өөрчлөлтүүд юм.
Өөрөөр хэлбэл олон нийттэй харилцах нээлттэй харилцаанаас илүү хувь хүнтэй нэг бүрчлэн тухайлан харилцах нууцлаг харилцаа, оролцоог Facebook дэмжиж байна. Олон нийтэд нээлттэй харилцах харилцаа нь мэдээлэл авахыг хүсээгүй бусад хүмүүст ч хүчээр харуулж, хувь хүний эрхэнд халдаж буй спам шинж чанартай учир хэрэгтэй хүнд нь хэрэгтэй мэдээллийг хэрэгтэй цагт нь хүргэхдээ бид үүнийг зайлшгүй анхаарах ёстой болжээ.
Бид Facebook маркетингийн талаар заавал мэдэж байх ёстой 9 статистик 2019 нийтлэлдээ богино хэрнээ амттай зарчим баримтлах хэрэгцээ үүсэж байгааг дурдаж байсан билээ. Өөрөөр хэлбэл таны нийтэлж байгаа постууд аль болох түргэн хугацаанд хэрэглэгчдийн анхаарлыг татаж байх хэрэгтэй бөгөөд бусад мэдээллээ газардах хуудас эсвэл мессенжерээр дамжуулан өгөх нь илүү үр дүнтэй болж байна. Дахин сануулахад Facebook бол бүх мэдээллээ хүргэх талбар биш мэдээлэл авахыг хүссэн хүнийг олж авч ирэх талбар болох нь ээ.
Бид энэхүү зарчмыг баримтлан дараах постыг туршиж үзсэн бөгөөд энэ нь бусад контентоос 10 дахин илүү хүртээмжтэй байж чадсан. Энэхүү контентод сурталчилж буй үйлчилгээний талаар ямар ч мэдээлэл байхгүй бөгөөд зөвхөн тухайн үйлчилгээг авах ёстой эсэхээ шийд гэсэн санааг шууд гаргаж, коммэнт бичсэн хүмүүс рүү чатботоор сонжоо явуулсан. Энэ нь өвчтөнөөс асуудаг эхний асуултууд байсан бөгөөд асуултад хариулсан хариултад үндэслэн тухайн үйлчилгээ авах хэрэгцээ хэр байгааг мессенжерээр илгээж, үйлчилгээний мэдээллийг хүргэсэн.
Энэ нь нэг талаар хэрэглэгчийн асуудлыг өөрөөр нь таниулах боломжийг олгож, илүү итгэл үнэмшил төрүүлж чадсан бөгөөд газардах хуудас буюу чатботоор дамжуулан хэрэглэгчдэд шууд борлуулалтын мэдээллээ өгсөн нь бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхохгүй хүнд хүчээр хүргэх бус асуудлаа ойлгож, таньсан хэрэглэгчдэд хүргэж чадах сайн шийдэл болсон.
Нөлөөлөгчдөөс бодит, итгэл төрүүлхүйц байхыг шаардах болно
Нөлөөллийн маркетинг сүүлийн жилүүдэд хүчээ авсан. Ямар ч сурталчилгааны хувьд нөлөөлөгчдийн оруулж буй хувь нэмэр асар их байна. Нөлөөлөгчид шинэ сонирхолтой контент бүтээж, шинэ хэрэглэгчдийг татаж өгөөд зогсохгүй борлуулалтад ч нөлөөлж чадаж байна. Гэхдээ 2020 он нөлөөлөгчдийн хувьд чанар сорьсон жил болох нь ээ.
Макро нөлөөлөгчид буюу олон тооны брэндүүдтэй төлбөртэйгээр хамтран ажилладаг нөлөөлөгчдөөс хэрэглэгчдийн 47% нь уйдаж, итгэл алдарсан ба тэдний нөлөө бага багаар саарсаар байна. Харин микро нөлөөлөгчид буюу тухайн салбар, тухайн категорийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн “үнэн, бодит” байж болохуйц нөлөөлөгчид эрчээ авах хандлага ажиглагдаж байна. Тиймээс хэрэв 2020 онд нөлөөлөгчдийг маркетингийнхаа нэг хэсэг болгохыг хүсвэл ҮНЭХЭЭР ИТГЭЛ ТӨРҮҮЛЖ ЧАДАХ УУ? гэсэн ганц асуултад л бүрэн хариулт авах хэрэгцээ гарч байна.
Илүү амьд контентууд илүү олон хүнд хүрнэ
Харилцаа, харилцаа, харилцаа бас дахин харилцаа. Байнга санаж байх ёстой зүйл бол “Та хэт албан ёсны мэргэжлийн байх ёсгүй.”
Өөрөөр хэлбэл админуудын заавал бодолцох ёстой зүйл нь танай контентыг харж буй хүмүүс найзынхаа постыг харж буй мэт сэтгэгдэл авах ёстой болж байна. Ингэж байж л тэд хариу үйлдэл үзүүлэх нь. Танай байгууллагын нийтэлж буй контентын цаана ямар нэгэн дүр заавал байх ёстой. Өөрөөр хэлбэл албархуу үг хэллэг ашигласан, хол хөндий контент нийтлэхээс илүүтэйгээр, хэрэглэгчидтэй шууд харилцаа үүсгэх хувь хүний хаяг дээр нийтлэгдэж буй мэт контент нийтлэх нь хэрэглэгчидтэй харилцах сайн арга байх болно. Үүний нэг тод жишээ нь Netflix-ийн жишээ болно.
Сошиал медиа бол хүн бүрийн ажлын нэг хэсэг болно
Сүүлийн жилүүдэд сошиал медиа маркетинг эрчээ авч, байгууллага бүр сошиал орчинд сурталчилгаа байршуулдаг боллоо. Энэ нь бусад шинэ технологиудын адилаар сошиал медиаг хуучруулж тийм ч сонирхолтой, шинэ зүйл биш болгож байгаа бөгөөд бид илүү шинэлэг, илүү сонирхолтой зүйл хийх хэрэгтэй болж буйн дохио үе үе гарч байна.
2020 онд сошиал медиа гэдэг дан ганц маркетеруудад хамаатай ажил биш болж байна. Энэ нь харилцагчийн үйлчилгээ, хүний нөөц, борлуулалтын алба хэлтсүүдэд ч мөн хамаатай суваг болох хандлага их байна.
Харин маркетингийнхны хувьд чухалд тооцогдох нэгэн тоог өгүүлбэл боломжит хэрэглэгчийн 45% нь танай ажилчдын тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар нийтэлсэн постыг харснаар тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хайлт хийдэг гэсэн статистик гарчээ. Өөрөөр хэлбэл ажилтан бүр сошиал медиа маркетингийн ажилд хувь нэмрээ оруулах хэрэгцээ байна.
Түүнчлэн байгууллагын дотоод пи-арыг бэхжүүлэх, ажилчдыг идэвхжүүлэхэд сошиал медиа онц нөлөөтэй. Байгууллага илүү нээлттэй болж, дотоод үйл явдал, ажилчдын дуу хоолойг сошиал орчинд хүргэж эхлэх хэрэгтэй байгаа бөгөөд ийм контентын тод жишээ нь түүх өгүүлэх контент юм.
Байгууллагуудын хувьд өөрийн гэсэн сошиал медиа бодлоготой болж, сошиал орчинд байгууллага хэн болж харагдахаа тодорхой гаргаж, ажилчдаа үүнд идэвхжүүлэн сургаж, бэлдэх хэрэгцээ гарч байгаа бөгөөд ажилчид танай байгууллагын маркетинг, гадаад дотоод PR-ын ажилтан болох хэрэгцээ тулж ирж байна.
B2C бизнесийн хувьд илүү үнэлэлт дүгнэлт хэрэгтэй
B2C буюу эцсийн хэрэглэгч нь хувь хүн байдаг бизнесийн хувьд танай сошиал медиа маркетинг хаана явж байгаа болон хаана хүрэх, өрсөлдөгчид хаана явж байгаа болон хаана хүрч болохыг тодорхойлон гаргахгүйгээр юу ч хийж чадахгүй болж байна. Тэгэхээр бид сошиал медиа маркетингийн илүү том зургаар харж, зорилготой үе шаттай контентод төвлөрөхгүй бол үр дүнд хүрч чадахгүй нь ээ.
Зорилготой үе шаттай контентын талаар илүү дэлгэрүүлэн судлахыг хүсвэл манай байгууллагын 7 хоног бүр бэлтгэн гаргадаг SocialMediaThursday LIVE нэвтрүүлгийг үзээрэй.
B2B бизнесийн хувьд сошиал медиа маркетинг ноёрхлоо тогтооно
B2B буюу хэрэглэгчид нь байгууллага байдаг бизнесийн хувьд сошиал медиа маркетингийг төдийлөн ашигладаггүй. Гэхдээ энэ төрлийн бизнесүүдийн хувьд контент маркетингийн хүртээмж болон үр өгөөж B2C бизнесээс илүү байх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал B2B маркетерүүдийн хувьд хамгийн чухал контентоор сошиал медиа контент (95%), блог пост, нийтлэлүүд (89%), имэйл мэдээлэл (81%) гэж хариулсаныг эндээс харж болно.
Энэхүү хандлага 2020 онд ч гэсэн хадгалагдах хандлагатай байгаа бөгөөд контент маркетинг тэр дундаа сошиал медиа контент B2B бизнесийн маркетингийн гол хэрэгсэл болох нь ээ. Тэгэхээр ийм төрлийн бизнес эрхэлдэг байгууллагуудын хувьд өөрсдийн хэрэглэгчиддээ зориулсан, зорилготой, үе шаттай контент нийлэх нь бэлдэх хэрэгцээ нэн тэргүүнд үүсч байна.
Чатботын хэрэглээ, үр дүн улам нэмэгдэнэ
Мессенжер ашиглалт, чатботын хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Цаашдаа ч энэ эрч саарахгүй нь ээ. 2019 онд чатбот, харилцааны маркетинг улам чухалд тооцогдож эхэлсэн. 2020 онд чатботын хэрэглээ улам бүр нэмэгдэх төлөвтэй байна.
Тогтвортой харилцаа үүсгэлт, сошиал медиа платформуудаар бүх мэдээллээ өгөх бус хэрэгтэй хүнд нь л борлуулалтын мэдээллээ газардах хуудсаар дамжуулан хүргэх л чухал болж байгаа шүү дээ.