Таны хувьд ямар байдгийг мэдэхгүй ч шинэ эм, эмчилгээ эмч бичиж өгөх, эрүүл мэндийн ямар нэг асуудал гарах бүрт миний хувьд интернэт хайлт хийдэг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл, хүмүүсийн сэтгэгдэлийг мэдэж авах гэж.
АНУ-д хийгдсэн судалгааны үр дүнг харахад бусад хүмүүс ч ийм байдлаар мэдээлэл авдаг юм байна. 18-24 насныханы 90% нь сошиал медиа орчин дахь эрүүл мэндийн холбогдолтой мэдээллийг анхаарч үздэг, энэ төрлийн мэдээлэлд итгэдэг гэнэ.
Харамсалтай нь эрүүл мэнд, эм зүй, эм ханган нийлүүлэх байгууллагуудын хувьд хэрэглэгчдийн энэхүү зан төлөвт тохирсон дижитал маркетингийн үйл ажиллагаанд хангалттай анхаарал хандуулахгүй байх шиг.
Маркетинг эдгээр компанийн хувьд хэрэглэгчдийн хэрэгцээг таниж, асуудлыг тодорхойлж, шийдлийг санал болгоход тусладаг. Эм зүйн салбарт маркетингийн 2 чухал зорилтот бүлэг бий: Өвчтөн, Эмнэлгийн мэргэжилтнүүд.
Health Action International байгууллагын зөвлөмжид эмийн компаниуд ялгаатай мэдээллийн олон эх сурвалжуудад бүтээгдэхүүнийхээ тухай нэг агуулгыг хүргэхийн тулд маркетингийн олон сувгийн аргыг ашиглах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.
Энэ салбарын маркетингийн идэвхижүүлэлтийн нийтлэг стратегийг юуны өмнө танилцуулая.
- Харилцаанд суурилсан борлуулалт – Эм зүйн салбарын маркетингийн хамгийн чухал арга зам бол харилцаанд суурилсан борлуулалт буюу эмийн компанийн болон эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, эм зүйч нарын харилцаанд суурьласан маркетингийн идэвхжүүлэлт. Итгэлцэл, байнгын үнэнч харилцагч бий болгох замаар эерэг харилцаа үүсгэх аргачлалыг ашигладаг.
- Бүтээгдэхүүний давуу тал, танилцуулга – Тухайн эм бэлдмэлийн давуу тал онцлог шинж, эрдэм шинжилгээний ажлууд, клиник судалгааг хавсаргасан онлайн болон хэвлэмэл танилцуулгуудыг бэлдэж хүргэх, турших хялбар боломж олгох.
- Сошиал медиа ашиглах – Сошиал маркетингийн арга хэрэгслүүдийн тусламжтайгаар цахим орчинд хэрэглэгчдэд үнэн зөв мэдээ мэдээллийг хүргэх хэрэглэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, маркетингийн автоматжуулалт, мессенжер чатбот зэргийг ашиглах зайлшгүй шаардлагатай болжээ.
- Зах зээлээ өргөжүүлэх стратеги- Энэ нь эмийн салбарын маркетингийн хувьд тухайн улс орны зах зээлийг хангаж чадсан тохиолдолд бүтээгдэхүүнээ шинэ зах зээлд санал болгох стратегийг баримталдаг. Ингэснээр үйл ажиллагаагаа тэлэн тухайн бүс нутаг, тивд компанийн төлөөлөгчийн газрыг бий болгох зарчмаар ажиллан үйл ажиллагаагаа өргөжүүлдэг билээ.
- Эрүүл мэнд, эмнэлгийн салбарын туршлагатай эмч мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах – Тухайн салбарын хамгийн нөлөө бүхий клиникийн доктор профессоруудыг зочин илтгэгчээр сонгож, эмч мэргэжилтнүүдэд зориулсан конференц зохион байгуулахыг хэлнэ. Ингэснээр тухайн салбарын эмч мэргэжилтнүүд практикт ажиглаж буй тэргүүн туршлагаа солилцох боломж бүрддэг. Энэ нь ихэвчлэн жортой олгодог бүтээгдэхүүнүүд дээр хийх илүү үр дүнтэй байдаг.
Бид эм зүйн салбарт интернэт маркетингийг үр дүнтэй ашиглах талаар энэ нийтлэлдээ дэлгэрэнгүй ярилцахаар бэлтгэлээ.
Юун түрүүнд өвчтөний эмийн сангаар үйлчлүүлэх “замнал”-тай танилцацгаая.
Бид өнгөрсөн хугацаанд цөөнгүй эм ханган нийлүүлэх компаниудын төслүүд дээр ажиллах үедээ энэ салбарын маркетингийг амжилттай гүйцэтгэхийн тулд эм зүйн салбарын хэрэглэгчийн худалдан авалтын замнал-г дүрслэн гаргах нь чухал гэдгийг анзаарсан.
Эрүүл мэндийн системийн шинэчлэл, хэрэглэгчийн зан төлвийн өөрчлөлт эмийн санг ердийн нэг эм борлуулах цэгээс эрүүл мэндийн төв болгон өөрчлөж байна гэж болох дүр зураг харагдаж байна. Энэхүү шинэ өөрчлөлтөд эм зүйн салбарын маркетерүүд зохицож ажиллахад хэрэглэгчийн худалдан авалтын зураглал, шинэ технологийн хэрэглээ тус болох болов уу.
Өнөөдрийн хэрэглэгчид эрүүл мэндийн мэдээллээр хэзээ, хэзээнээс илүү хангагдаж, шинэ технологийн хэрэглээ, түүний ашиг, тусыг мэдэрч ирсэнийх эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчээсээ ч мөн адил өөрт нь тохируулсан, хялбар үйлчилгээг хүсч байгаа нь мэдээж.
Хүн амын 70% гаруй нь интернэтэд холбогдож, сошиал медиа хэрэглэгчийн тоо 2 сая аль хэдийнэ давсан манай улсын хувьд эм зүйн салбарынхан интернэт орчиныг өөрийн давуу талыг бий болгох чухал талбар болгон ашиглах боломж хэдийнэ бүрджээ.
Салбарын хувьд тухайн салбарын онцлог, олон төрлийн зохицуулалтаас хамааран шинэ технологи, шинэ арга барил нэвтрүүлэхэд хойрго ханддаг талтай. Гэхдээ хэрэглэгчийн насны бүтэц, хэрэглэгчийн зан төлвийн өөрчлөлт, түүнчлэн эрүүл мэндийн системийн хувьсал, шинэчлэлтэй холбоотойгоор эм зүйн салбарын бүхий л оролцогчдын хувьд илүү сайн үйлчилгээ, үйл ажиллагааны оновчлол, тогтвортой өсөлтийг хангахын тулд шинэ технологи нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарч буй мэт.
Тэр ч утгаараа эм ханган нийлүүлэх байгууллагуудын хувьд хэрэглэгчдэд хүрэх шинэ арга зам, борлуулалтын шинэ сувгийг нэвтрүүлэх оролдлогуудыг хийж эхэлж байна. Сошиал медиа ч мөн адил эмийн салбарын хувьд тун өрсөлдөөнтэй талбар болон өөрчлөгдөж байгааг харж болно. Эрүүл мэндийн блог, сошиал медиа нөлөөлөгчид ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болжээ.
Гэхдээ сошиал медиа эм зүйн салбарын өмнө тулгарч буй асуудлууд, зах зээлийн хувьсан шинэчлэгдэх үйл явц, хэрэглэгчдийн хүлээлтийн зөвхөн нэг хэсэг л юм. Дижитал орчинд илүү мэдээлэлтэй, сониуч, идэвхтэй шинэ хэрэглэгчийн туулах замналыг тодорхойлж, харилцааны цэг бүрт тохирсон арга хэрэгслийг санал болгох нь хамгийн чухал ажил болоод байна.
Шинэ эрүүл мэндийн төв болох нь
Ирэх жилүүдэд эмийн сангууд эрүүл мэндийн системд илүү чухал байр суурь эзлэх, улмаар ердийн эм худалдах цэгээс ЭРҮҮЛ МЭНД ТӨВ болон хөгжих бодит трэнд байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Ямартай ч өвдсөн үедээ л очиж эм авдаг идэвхгүй борлуулалтын цэгээс эрүүл амьдралын хэв маягт тохирсон байнгын үйлчлүүлдэг төв болох нь зөвхөн борлуулдаг бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг нэмэхээс илүүтэй эмийн санчийн үүрэг ролийг нэмэгдүүлэхтэй холбоотой гэнэ.
Эмийн санч нь эрүүл мэндийн зөвлөх, эмчилгээ, эрүүл ахуйн бүхий л шатны мэдээллийн онцгой зөвлөх, хэрэгтэй үйлчилгээ, өвчтөний нууцлалыг чандлан сахих мэргэжлийн ёс зүй, зохицуулалтын талаарх өргөн мэдлэг бүхий туслахын үүргийг зэрэг гүйцэтгэх шаардлагатай болж байгаа юм байна.
Эрүүл хүнс тэжээлийн талаарх зөвлөгөө, хэрэглэгч нэг бүрт тааруулах тунгийн систем, эм, эмчилгээний хуваарь, түүнийг хянах үйлчилгээнээс гадна гоо сайхан, хүнсний нэмэлт, витамин тэр ч байтугай тамхинаас гарах эмчилгээ, үе мөчний эмчилгээ гэх мэт үйлчилгээг ч эмийн сангууд санал болгож эхэлжээ.
Энэ нь зөвхөн эхлэл бөгөөд үйлчлүүлэгчидтэй улам бүр нягт холбоо харилцааг бий болгох нь
Энэ салбарт зориулан жишээ болгон гаргасан хэрэглэгчийн худалдан авалтын зураглалтай танилцъя. Энэхүү зураглал нь эрүүл мэндийн асуудалтай тулгарсан интернэт хэрэглэгч хэн нэгэн асуудлаа шийдэх арга замыг зураглан гаргах, нөгөө талаас эм ханган нийлүүлэх байгууллагын хувьд тэдний эрэлт, хэрэгцээ, хүлээлтийг мэдэрч, хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлэх зорилготой. Мэдээж тухайн бүтээгдэхүүн, салбарын дүрэм, журам, өвчтөний байдал зэргээс хамааран ялгаатай зураглал гаргах боломжтой.
Энэхүү зураглалын бүхий л л үе шатанд ялангуяа Оношлогооны ӨМНӨХ, Оношлогооны үе шатанд мэдээлэл хамгаас чухал. Судалгаанаас харахад ханиад, толгойн өвчин гэх мэт түгээмэл өвчний үед хүмүүс интернэт хайлт (49.4%), эрүүл мэндийн вэб хуудаснууд (45,8%), блог, сошиал медиа (32.5%) гэх мэт эх сурвалжуудад эрүүл мэндийн ажилтнуудаас илүүтэй хандах төлөвтэй байдаг байна.
Харин бусад өвчний үед өмнө нь өвчтөн эмчийн бичиж өгсөнийг л шууд авдаг байсан бол одоо эмчид үзүүлэхээсээ өмнө интернэтээс уг өвчиний шинж тэмдэгийн талаарх мэдээллийг хайж, мэдээлэл авдаг болсон гэнэ.
Оношлогооны дараа ч өвчтөн интернэтийн хайлтаас оношлогооны талаар, түүний үр дагаврын талаарх мэдээллийг авдаг болсон. Түүнчлэн эмчийн бичсэн эмийг худалдан авахаасаа өмнө эмийн жор, орц, хэрэглэх үеийн гаж нөлөө, тэр ч байтугай үнэ, бусад боломжит сонголтуудын талаар судалдаг гэнэ.
Тийм ч учраас эм зүйн салбарын байгууллагын хувьд мэдээллийн найдвартай эх сурвалж, эрүүл мэндийн зөвлөх гэсэн дүр төрх, хоногшуулалтыг интернэт орчинд бий болгох, ингэснээр өвчтөний эргэлзэж буй асуудлуудыг шийдэхэд туслах, эмчилгээний үеийн нөхцөл байдлыг нь ойлгох, дур мэдэн өөрийгөө оношлох, эмчлэх болон эмчилгээг зогсоох явдлаас урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй.
Түүнчлэн түгээмэл өвчин, эмгэг, улирлын шинжтэй өвчлөлийн талаарх гарын авлага, эм, эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэх зааварчилгаа, эрүүл амьдралын хэв маягийн талаар зөвлөгөө гэх мэт иж бүрэн мэдээлэл агуулсан хэрэглэгчдэд үнэ цэн өгөх контентийг салбартаа танигдсан итгэлтэй эх сурвалжийн бэлтгэснээр өөрийн вэб, блог, сошиал медиа сувгуудаар хүргэх боломжтой.
Дээрх зураглалаас харахад худалдан авалтын замналын хамгийн эхний үе шат бол ОНОШЛОГООНЫ ӨМНӨХ ҮЕ байна. Энэ үед хэрэглэгч өөрийн биед илэрч буй шинж тэмдгээ мэдэх, энэ тухайгаа интернетээс хайлт хийх, мөн гэр бүлийн бусад гишүүдээс асуудаг талаар дээр дурьдсан.
Тиймээс энэ үед бидний хэрэглэгчдэд хүргэх контент мэдлэг олгох, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх гэх мэт мэдээллийн шинжтэй контентууд байх нь илүү үр дүнтэй. Жишээлбэл эрүүл мэндийн болон хоол тэжээлийн талаар зөвлөгөө, нийтлэг тохиолддог улирлын чанартай өвчлөлүүдийн талаар мэдээлэл зэрэг хамаарна. Энэхүү зөвлөгөө контентуудын хувьд мэдээж эх сурвалж нь тодорхой байх нь маш чухал гэдгийг анхаарууштай.
Бид Монфа трейд ХХК-н төслүүд дээр хэрэглэгчийн худалдан авалтын замналын энэхүү үе шатанд зориулан зөвлөгөө, мэдээлэл бүхий нийтлэлүүдийг бэлтгэн хүргэсэн. Эдгээр контентийн хувьд органик хүртээмж өндөр байсан төдийгүй хэрэглэгчдийн хариу үйлдэл ч гайхалтай өндөр байдаг.
ОНОШЛОГООНЫ ҮЕ ШАТ – Энэ үе шатад тухайн хүн өөрийн биед илэрч буй шинж тэмдгээ анзаарч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хандан, үзлэг, шинжилгээнд хамрагдан, онош тогтоосон байдаг. Түүнчлэн энэ чиглэлээр хамгийн сайн мэргэшсэн ямар газарт хандах вэ? Яг тохирсон ямар эм бэлдмэл хэрэглэх вэ? гэдэг судалгаа, хайлтын үе шат байдаг. Тиймээс бидний хүргэх контент эмч мэргэжилтнүүдийг оролцуулсан тухайн өвчлөлийн талаарх зөвлөгөө мэдээлэл хүргэсэн контентууд байх нь илүү үр дүнтэй. Учир нь энэ үе шатад хэрэглэгчдэд бид найдвартай, мэргэжлийн хамт олон гэдэг хоногшуулалтыг хийх нь зөв.
Бид нүдний эрүүл мэндийн чиглэлийн Матафреш хиймэл нулимс Facebook хуудсан дээр мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг улирлын онцлогоос хамаарсан өвчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байсан.
Зөвлөгөө мэдээлэл хүргэж буй Facebook Live видеоны хувьд хэрэглэгчдэд илүү итгэл үнэмшил төрүүлэх ач холбогдолтой. Учир нь нарийн мэргэжлийн эмчийг оролцуулсан зөвлөгөө мэдээлэл хүргэдэг тул. Мөн тухайн бүтээгдэхүүнийг хариуцан ажиллаж буй эмч төлөөлөгчийг оролцуулан, онцлог, давуу талуудыг хүргэсэн бөгөөд коммент бичиж буй хэрэглэгчдэд чатботын тусламжтайгаар бүтээгдэхүүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байдлаар хэрэглэгчдийн боловсролд чиглэсэн мэдээллийг шат дараатайгаар хүргэх боломжийг ашигласан.
ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЕ ШАТ – Энэ үе шатанд хэрэглэгч тухайн эм бэлдмэлийг хэрэглэх үед анхаарах заалт, дам болон гаж нөлөө байгаа эсэхийг мөн өөр арай хямд эсвэл үр дүн сайтай сонголт бий эсэхийг судалдаг. Тиймээс маркетингийнхний хийх контент бол тухайн бэлдмэлийг хэзээ, ямар үед хэрхэн хэрэглэх тухай мөн хаанаас авах эсэх талаар борлуулалтын контентууд байх нь илүү үр дүнтэй.
ХЭВИЙН БАЙДАЛ– Энэ үе шатанд хэрэглэгч магадгүй танай бүтээгдэхүүнийг хэрэглээд зовуур шинж тэмдэг нь буураад ирсэн тохиолдолд тухайн хэрэглэгчид эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл авах хэрэгцээ байна. Учир нь ахиж өвдөхгүй байх эмийн бус аргаар дархлаагаа дэмжих, хоол хүнсээрээ амин дэмээ бүрэн авах зөвлөгөө мэдээллүүдийг хүргэж ажиллах эргээд найдвартай байдал, үнэнч хэрэглэгчийг бэлдэхэд туслах юм.
2021 онд сошиал маркетингийн өгөөжөө нэмэгдүүлэхэд туслах 6 зөвлөмж
1. Эмч, төлөөлөгчдөө таниулахад анхаар
Ихэнх компаниудын хувьд сошиал медиаг ашиглан өөрсдийн зорилтот хэрэглэгчидтэйгээ үр дүнтэй харилцаа холбоотой байхыг зорьдог. Гэвч эмийн компаниудын хувьд яг энэ зорилгоор сошиал медиаг идэвхтэй, тогтвортой ашиглахад тулгардаг асуудлууд бий. Гэхдээ ямар ч тохиолдолд хэрэглэгчидтэйгээ харилцаа тогтоох хамгийн үр дүнтэй арга нь тухайн байгууллагын ард яг ямар хүмүүс байдгийг, хэрхэн ажилладагийг харуулах байдаг.
Marketing chart – аас гаргасан судалгаанаас харахад 10 хэрэглэгч тутмын 7 нь Гүйцэтгэх захирал нь сошиал медиад идэвхтэй байдаг эсвэл ажилтнууд нь сошиал медиагаар ашиглан идэвхтэй мэдээлэл солилцдог байгууллагуудтай байнгын холбоотой байгаа мэт мэдрэмж төрдөг хэмээн дурджээ.
https://www.marketingcharts.com/digital/social-media-107359
Үүний нэг жишээ бол Novartis -н хэмээх эмийн компанийн сошиал медиа сувгууд. Та эндээс тэд өөрсдийн ажиллагсдыг сошиал контентууддаа хэрхэн татан оролцуулж байгааг харж болно. Жишээ болгон Chief Digital Officer Бертран Бодсоны хумхаа өвчний талаар хувийн туршлагаа хуваалцсан видеог доор орууллаа.
Бодит хүний бодит туршлагаас гарч буй мэдээлэл хэзээд илүү үр дүнтэй байдаг. Бидний хувьд хумхаа өвчний талаар нарийн зүйлийг мэдэхгүй ч, энэ өвчинтэй нүүр тулж үзсэн хүмүүсийн хувьд энэ видео ямар ч зар сурталчилгаанаас илүү тухайн хүнд нөлөөлөх боломжтой гэдэг нь ойлгомжтой.
Сошиал медиа зөвхөн өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг хэрэглэгчдэд хүргэж, тэдний мэдлэг, боловсролд хөрөнгө оруулаад зогсохгүй байгууллагын соёл, үнэт зүйлийг түгээхэд ч тун чухал ач холбогдолтой талбар гэдгийг мөн сануулъя.
2. Нөлөөллийн маркетингийг ашигла
Сүүлийн хэдэн жил нөлөөллийн маркетинг улам бүр хүчирхэг болсоор. Бүхий л бизнесийн салбарынхны хувьд өндөр үр дүн, өгөөжтэй арга хэрэгсэл болох нь нэгэнт тодорхой болжээ.
Influencer Marketing Hub мэдээлснээр бизнесийн байгууллагууд нөлөөллийн маркетингд зарцуулсан 1 доллар тутамд 5.20 доллар олдог бол топ 13% нь 20 $ ба түүнээс дээш ашиг олдог гэжээ.
https://influencermarketinghub.com/influencer-marketing-statistics/
Гэвч эмийн салбар нь олон тооны зохицуулалт, дүрэм журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай тул бүтээгдэхүүнээ сурталчилахад тийм ч хялбар байдаггүй. Тэгэхээр энэ салбарын хувьд олон дагагчидтай олны танил нөлөөлөгчидтэй биш харин микро-нөлөөлөгчидтэй ажиллах нь илүү үр дүнтэй гэнэ. Тэдний хүрэх зорилтот бүлэг нь бага ч гэсэн идэвхтэй, үнэнч хэрэглэгчид байдаг.
Тухайн бүтээгдэхүүнийг дэмжин сурталчилах бодит шалтгаан бүхий хүмүүст итгэдэг бөгөөд тэдний уриалгыг ч дагах хандлагатай байдаг гэнэ.
Тиймээс танай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй ямар нэг байдлаар холбоотой, тухайн салбартаа танигдсан нөлөөлөхүйц хүмүүсийг сонгох хэрэгтэй. Жишээлбэл, эмч, хүнс, витамины мэргэжилтнүүд, фитнессийн зөвлөхүүд гэх мэт. Асуудалтай нүүр тулж, давж гарсан тийм л хүмүүс таны зөв сонголт болно гэсэн үг.
3. Видео контент бэлтгэ
Туршлагатай маркетерүүд видео нь бусад төрлийн контентуудаас хамгийн өндөр өгөөжтэй байна гэдгийг нэгэн дуугаар баталдаг. Тэгэхээр видео контент эмийн салбарын маркетингт ч өгөөж авч ирэх нь тодорхой.
Хүмүүс бичвэр уншаад ердөө 10%-г тогтоож авдаг бол видео үзсэний дараа агуулгынх 95% -г тогтоодог ажээ.
https://www.bluenovius.com/videomarketing/amazing-video-marketing-stats-pharma/
Тайлбар видео нь энэ салбарын хувьд хамгийн түгээмэл сонголт гэнэ. Энэ нь мэргэжлийн төвөгтэй сэдвийг богино хураангуй болгож, ойлгоход энгийн болгож хүргэдэг.
Бизнесийн байгууллагуудын 97%-д тайлбар видео зорилтот хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ илүү сайн ойлгуулахад тохиромжтой арга болдог аж.
Энд Hims-н жишээ байна. Тэдний зорилтот хэрэглэгчид бол эрэгтэйчүүд. Эрчүүд эрүүл мэндийн ялангуяа үс уналт, халзрал гэх мэт эмзэг сэдвээр тийм ч идэвхтэй хариу үйлдэл үзүүлээд байдаггүй.
Hims -н хийсэн үс уналтын эсрэг бүтээгдэхүүнийг маш энгийн байдлаар танилцуулсан тайлбар видео контент.
Энэ нь уламжлалт үс уналтын эсрэг оношлогоо, эмчилгээтэй харьцуулахад тэдний эмчилгээний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү хялбар гэдэг санааг тодотгон хүргэжээ. Магадгүй та энэхүү агуулгыг тесктээр дамжуулан хүргэвэл төдийлөн үр дүнд хүрэхгүй байж магад.
Түүнчлэн эм зүйн салбарын маркетингийн зорилтот сегмент зөвхөн өвчтөн, хэрэглэгчдээр хязгаарлагдаггүй, эмч нарт ч мэдээллээ хүргэх шаардлагатай болдог.
Эмч нарын хувьд 7 хоногт 3 цагийг видео үзэхэд зарцуулдаг бөгөөд эрдэм шинжилгээний нийтлэл унших, мөн эмийн компаниудын эмч төлөөлөгчдөөс ирсэн мэдээллийг видео байдлаар хүлээн авахыг илүүд үздэг байна.
Онлайнаар видео үзсэн эмч нарын 49% нь энэ тэдний эмчилгээний шийдвэр гаргалтад нөлөөлдөг гэж мэдэгджээ.
Магадгүй эндээс харахад танай баг хамт олон зах зээлд шинэ эм бэлдмэл санал болгож буй бол 1. Өвчтөн буюу тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх хүмүүст чиглэсэн контент 2. Тухайн бэлдмэлийг санал болгох буюу бичиж өгөх эмч нарт чиглэсэн видео контент хийгээрэй гэж зөвлөмөөр байна.
4. Контентоо олон хувилбарт хувирган ашигла
Контентийн олон хувилбарыг нь ашиглах нь эм зүйн салбарын маркетингийн хувьд бэлэн танилцуулга, мэдээллүүдээ дахин өөрчилж хэвлэх биш харин контентийн бусад төрлүүдэд хөрвүүлэн ашиглах тухай юм.
Facebook-т хийсэн лайв видеогоо нийтлэл болгон вэб дээрээ нийтлэж, Youtube-т видеог нь оруулж, аудио хэлбэрээр подкаст болгон хөрвүүлж, ишлэл хэлбэрээр сошиал медиа постууд бэлтгэж болно.
Жишээлбэл Pfizer’s-н гадаад судалгааны төвийн гүйцэтгэх захирал, доктор Ричард Коннелын вебинарыг Youtube-м хайж олон үзэх боломжтой.
Ийм төрлийн вебинаруудыг богиносгож, богино видео, чухал баримт мэдээллүүдийг багтаасан хэсгийг нь нэгтгэн тайлбар видео болгон хувиргаж сошиал сувгуудаараа нийтлэж болно.
5. Сошиал медиа харилцааг автоматжуулах чатботтой бол
Одоогийн хэрэглэгчдийн хувьд интернэт орчинд 24/7 идэвхтэй, нээлттэй байж, тэдэнд хэрэгтэй үед нь цаг алдалгүй мэдээлэл өгөх ёстой болно. Энэ нь тийм ч амар зүйл биш тиймээс хэрэглэгчдэд богино хугацаанд хэрэгцээт мэдээ мэдээлэл өгөх чатботын шийдлийг ашиглах нь зүйтэй.
Эмийн салбарын хамгийн түгээмэл асуултууд болох хэрэглэх заалтууд, хэрхэн хэрэглэх тун, хориглох заалтууд зэрэг асуултуудад зохих хариулт, мэдээллийг урьдчилан бэлдсэн чатботыг ашигласнаар хялбар хариу өгөх боломжтой юм.
Та чатботын ухаалаг шийдлийг ашигласнаар хэрэглэгчдээс ирдэг түгээмэл асуултуудад маш хурдан хариулт өгөх, өмнө мессенжерт хариулж мэдээлэл өгч байсан ажилчидаа илүү үр дүнтэй ажилд хуваарилах мөн хэрэглэгчдидтэйгээ илүү харилцаа үүсгэж хэрэглэгчийн мэдээллийг бааз бүрдүүлэх бүрэн боломжтой юм.
Бид Manychat, Chatfuel зэрэг платформуудыг энэ зорилгоор голлон ашигладаг билээ.
Та эмийн салбарын чатботын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.
6. Зорилготой контент ашиглан сошиал медиа сэжим үүсгэ
Сошиал медиа ашиглахын бас нэгэн давуу тал нь сэжим үүсгэх юм. Шинэ хэрэглэгчид, зорилтот худалдан авагчдад хүрэх хамгийн хялбар аргуудын нэг сошиал медиа маркетинг.
Та сонирхолтой контент байнга гаргаж, үнэнч хэрэглэгчдийг бий болгосон бол бусад хүмүүс ч гэсэн таныг дагаж эхлэнэ. Гэхдээ сошиал медиа дахь олон тооны дагагчид бүгд танай худалдан авагчид гэсэн үг биш.
Тэгэхээр, тэднийг худалдан авагчид болгохын тулд юу хийх ёстой вэ? Энэ асуултын хариулт нь зорилготой контент. Хэрэглэгчид үнэ цэн өгөх мэдээлэл санал болгох замаар тэдний нэр, имэйл хаяг, салбар, бусад холбоо барих мэдээллийг нь цуглуулах боломж бий.
Энэ төрлийн контентийн жишээнээс дурьвал:
- Бүтээгдэхүүний дээж;
- Цахим ном;
- Судалгааны тайлан;
- Сургалтууд;
Харин нээлттэй контентийн хувьд таны яг одоо уншиж байгаа блог, нийтлэл хамгийн түгээмэл жишээ нь. Энэ төрлийн контентийн бусад түгээмэл жишээнд инфографик, богино хэмжээний видео бичлэгүүд гэх мэт ижил төстэй үнэгүй, нийтэд нээлттэй хүртээмжтэй маркетингийн контентуудыг дурьдаж болох юм.
Нээлттэй контент нь брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх чухал арга хэрэгслийн нэг. Харин үйлчлүүлэгчид таны брэндтэй танилцаж, итгэж эхэлсэн бол маркетингийн юүлүүр хоолойн дараагийн шатсанд шилжэх цаг боллоо гэсэн үг.
Үүний тулд танд зорилготой контент хэрэгтэй болно. Жишээ нь үнэгүй цахим ном, судалгааны тайлан гэх мэт.
Жишээ нь эм зүйн болон эрүүл мэндийн технологийн сэдэв бүхий судалгааны тайлан, цахим ном байж болно. Ийм төрлийн контент бэлтгэсэн бол зорилтот хэрэглэгчдэд хүргэх, сурталчилах идэвхжүүлэлтийн ажил зайлшгүй шаардлагатай.
Үүнд мөн л сошиал медиа хэрэгтэй болно. Одоогийн болон шинэ хэрэглэгчиддээ, түүнчлэн дахин онилох аргыг ашиглан сонирхогчдод зорилготой контентоо хүргэх хэрэгтэй.
Салбар бүрийн маркетинг
Дижитал маркетинг бүхий салбарын бизнесийн байгууллагуудын хувьд салбарын онцлог, хэрэглэгчдийн шийдвэр гаргах ялгаатай процесс, худалдан авалтын шийдвэр гаргах замналд тохирсон маркетингийн аргачлал ашиглах өргөн боломж олгодог.
Тийм ч учраас бид дараах салбаруудад дижитал маркетингийг амжилттай хэрэгжүүлэхэд хэрэг болох дараах нийтлэлүүдийг бэлтгэсэн юм.
- Аялал жуулчлалын маркетинг: Интернэт орчинд амжилттай хийх нь
- Рестораны маркетинг: Амжилтын нууц жор
- Банк санхүүгийн байгууллагын контент маркетинг: Сошиал медиа орчинд зөв дараалалтай контент бэлдэхүй
- Интернэт орчинд барилга, үл хөдлөх салбарын маркетингийг амжилттай хийх боломжууд
- Эмнэлгийн салбарын сошиал медиа маркетинг: Тогтвортой харилцаа, итгэлцэл бий болгохуй
- Боловсролын салбарт амжилттай маркетинг хийх нь
- Иогийн салбарын сошиал медиа маркетингийн стратеги