fbpx

Фэйсбүүк хуудас хөтлөх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

Сошиал маркетерууд бидний ажил хэвийн явагдаж байгаа мэт харагдаж байгаа ч борлуулалтад үзүүлэх нөлөө багасах, өмнөх үр дүнгүүддээ хүрэхгүй байх зэрэг сөрөг үр дагаврууд ажиглагдах үе тохиолдох нь бий. Бидний үйл ажиллагаанаас шууд шалтгаалахгүй нөлөөтэйгөөр буюу сошиал платформуудын өөрчлөлтийн нөлөөгөөр Фэйсбүүк хуудас хөтлөх ажлын үр дүн буурах нь бий ч ихэнх тохиолдолд маркетер бидний ажиллагаатай үр дүн шууд хамааралтай байдаг.

Та бүхэндээ Сошиал маркетеруудын Фэйсбүүк хуудас хөтлөх үед гаргадаг нийтлэг алдаанууд, тэдгээр нь бидний ажлын амжилтад хэрхэн нөлөөлж болох талаар мэдээллийг хүргэе.

Фэйсбүүк хуудас хөтлөх үед гардаг алдаа №1: Хэрэглэгчээ хэт тоймлон гаргасан

Хэрэглэгчээ тоймлон гаргахын хамгийн эхний аюул бол тэдэнд хүрч чадахгүй өнгөрөх. Бид хэрэглэгчээ мэддэг ч хэтэрхий өргөн хүрээнд авч үздэг. Олонх байгууллагын хувьд манай хэрэглэгчид 18-аас дээш насны бүх эмэгтэйчүүд, бүх ээжүүд гэх нь бий. Жишээлбэл бид эмэгтэйчүүдийн эмнэлэгийн бизнес эрхэлдэг гэж төсөөлье. Энэ тохиолдолд нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд манай хэрэглэгчид байх магадлал өндөр. Гэхдээ үүнийг бид “Нэг болон түүнээс дээш хүүхэдтэй, дунд болон түүнээс дээш орлоготой эмэгтэй, умайн хүзүүний үрэвсэл, цистит байнга дахих магадлалтай, асуудалтай холбоотойгоор “эмчилгээ хийлгээд байхад ерөөсөө эдгэхгүй юм. Дахин давтаад л хөдлөөд байх юм” гэсэн үгийг түлхүү хэрэглэдэг. Тус өвчний үед эмч нар антибиотик болон, лаа хэрэглэхийг зөвлөх магадлал их ба бид энэхүү асуудлыг өөрийн дэвшилтэт технологи бүхий эмчилгээгээр шийдэхийг хүсэж байгаа гэж төсөөлбөл байдал арай өөр болж эхэлнэ.

Эхний тоймлон гаргасан төсөөллийн үед бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ тойм байдлаар танилцуулахаас хэтрэхгүй бол энэ үед хэрэглэгчийн гол асуудал, хэрэглэдэг үгийг мэдсэнээр тэдэнд хүрч чадах контент бэлдэж чадна. Яг ийм байдлаар бэлдсэн контентыг та дараах жишээнээс харна уу.

Хэрхэн хялбархан бөгөөд хурдан аргаар хэрэглэгчээ нарийвчлан гаргах вэ?

Бид хэрэглэгчдийг танихын тулд маркетингийн персона гаргадаг. Ямар ч бизнест түгээмэл байдаг үйлчлүүлэгчийн дүр гэж бий. Үүнийг уншиж байгаа та ч мөн танайхаар хамгийн их үйлчлүүлдэг түгээмэл дүрийг гарга гэвэл танд ч мөн хэн нэгэн харагдах байх. Хэрэглэгчийн персона гаргахдаа бид тухайн хэрэглэгчийн хүн ам зүйн үзүүлэлт, ажил эрхлэлт, түгээмэл хэрэглэдэг үг болон хобби, танай бүтээгдэхүүн үйлчилгээг яагаад сонгосон байх магадлалтай байдаг болон яагаад сонгохгүй байх магадлалтайг төсөөлөн зурагладаг. Бид өмнө нь Худалдан авагчийн персона: Маркетингт хэрхэн үр дүнтэй ашиглах вэ? нийтлэлдээ хэрхэн зураглах талаар дэлгэрэнгүй танилцуулж ашиглахад бэлэн загварыг хавсаргаж байсан билээ. Та ЭНД ДАРЖ бидний Худалдан авагчийн персона цахим номыг үнэ төлбөргүй татаж аваарай.

Фэйсбүүк хуудас хөтлөх үед гардаг алдаа №2: Тогтвортой, үе шаттай контент бэлддэггүй

Мэдээж танд бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах тоон төлөвлөгөө байгаа. Оруулсан контентууд энэхүү борлуулалтын төлөвлөгөөг маань дэмжиж чадахгүй мэт санагдах үе цөөнгүй байдаг. Иймээс бид борлуулалт дэмжих мэдээллүүд оруулж эхэлдэг.

Тэдгээрийн үр дүн ч боломжийн харагдаж лавласан коммэнтууд, цаашлаад шинэ хэрэглэгчдийг татсан түүхүүд цөөнгүй ажиглагддаг. Ерөнхийдөө таны оруулж буй нийт мэдээллийн ¼ буюу 25%-с ихгүй нь борлуулалт дэмжсэн пост байх нь тохиромжтой. Өөрөөр хэлбэл үүнийг тогтмол хийх нь сөрөг нөлөөтэй гэсэн үг. Ийм төрлийн контент их орсноор мэдээллийн хүртээмж, хүмүүсийн сэтгэгдэл, хариу үйлдэл үзүүлэх зэрэг нь урт хугацаанд багасаж эхэлдэг.

Хэрэв та нэг удаагийн худалдан авалт хүсч байгаа бол магадгүй энэ төрлийн контент зөв байж болно. Харин худалдан авагчийн амьдралын хэмнэлийн байнга холбогдох нэг цэг нь байхыг хүсч байвал энэ нь зөв зүйл биш юм.

Хэрэглэгчид өдөр бүр маш олон сурталчилгааны материалаар бөмбөгдүүлдэг. Үүний үр дүнд тоо томшгүй бараа бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэлд ханаж, өргөн сонголттой болжээ. Хоёрдугаарт нийт масс дундаас зөв хэрэглэгчийн анхаарлыг татах нь бидний эхний гол зорилгын нэг биш гэж үү?

Хэрэв зорилтот хэрэглэгчээ сошиал медиа хэрэглэдэг олон арван хүн дундаас олоод авчих юм бол бүтээгдэхүүн үйлчилгээ түүнд тусалж чадна гэдгийг ухуулан ойлгуулах зорилгоор хэрэглэгчдэд хэрэгтэй контент нийтлэн, тэдэнтэй холбоо тогтоож, эцсийн дүндээ асуудлын шийдэл манай бүтээгдэхүүн, үйлчилгээ байж болохыг санал болгон, урт хугацаанд хэрэглэгчтэй бат бөх харилцаа тогтооход тусалж чадна. Үүнд бага зэрэг хугацаа шаардагдана. Гэхдээ үр дүн сайн байдаг.

Манай байгууллага үйлчилгээнүүдийн маань нэг болох чатботын үйлчилгээгээ сурталчлахыг хүсэж байна гэж төсөөлье. Хэрэв “манай чатботын үйлчилгээний үнийн санал”, “яг одоо захиал” гэх мэт контент нийтэлбэл хэрэглэгчид үнийн мэдээлэл татаж авч болох ч шууд манайхаар үйлчлүүлэхгүй.

Харин үүний оронд дараах байдлаар бид тогтвортой дараалалтай мэдээлэл хүргэсэн.

Дижитал маркетинг

Нэгдүгээр контентыг зорилго зорилтот сегментийн анхаарлыг татах. Энэ шатанд бид Яг одоо Facebook Messenger Chatbot-той болох 10 шалтгаан нийтлэл бичсэн. Энэ нь нийт масс манай байгууллагыг сонирхох болно гэсэн хүлээлт, төсөөллөөс илүүтэй манай үйлчилгээнүүдийн нэг болох чатботын талаар сонирхож байгаа хүмүүсийн таниж авах, анхаарлыг татах гэсэн оролдлого юм. Нийтлэлээ бичихдээ хэрэглэгчийн анхаарлыг татахын тулд чатботын үйлчилгээнд тохируулан гаргасан персонагийнхаа дагуу хэрэглэгчийн хамгийн их хэрэглэдэг үг, ярианы өнгө аяс, мэдээлэл авч болох сувгийн онцлогийг харгалзан үзсэн. Бид нийтлэлийн төгсгөлд үнийн санал авах холбоос холбож өгсөн бөгөөд үнийн санал татаж авсан хүмүүс рүү 3 үе шаттай и-мэйл явуулсан.

Эхний хоёр и-мэйл нь зорилтот сегментийн асуудлыг таниулахад чиглэсэн. Эхний и-мэйлээр бид Та хэрэглэгчиддээ цаг тухайд нь хариу өгч амждаг уу? Дахин давтагдсан энгийн асуултанд хариу өгөхөд хэт их цаг зарцуулж байна уу? Өмнө холбогдсон хүмүүст хэрэгтэй мэдээллийг нь өгөх шаардлага гардаг уу? гэсэн 3 асуулт тавьсан бөгөөд энэ нь тухайн харилцагчид шууд хамааралтай байж өөрийнхөө асуудлыг хэн нэгний эсвэл ямар нэг байгууллагын үгээр биш өөрөө ойлгоход тустай байсан тул үр дүнтэй байж чадсан. Энэ и-мэйлдээ бид Танай бизнест тус болох Facebook Messenger Chatbot-н 4 функц нийтлэлээ холбож өгсөн бөгөөд нийтлэлийнхээ төгсгөлд мөн л энэ үйлчилгээний үнийн санал авах хэсгийг оруулсан.

Харин удаах и-мэйлийн зорилго хэрэглэгчийн асуудлыг дахин таниулахад чиглэсэн. Энэхүү и-мэйлийн агуулгад сүүлийн үеийн тренд, сошиал медиа маркетеруудын анхаарах ёстой өөрчлөлтийн талаар оруулж, та ч мөн энэ өөрчлөлтөд арга хэмжээ авахгүй бол үр дүнд хүрч чадахгүй байх аюул бий гэдгийг харуулсан. Түүнчлэн байгууллагынхаа бот руу нэвтрэх хэсгийг холбосноор дараа дараагийн сурталчилгааны материал хүргэх боломжийг бүрдүүлсэн.

Харин сүүлийн и-мэйлээрээ бид чат бот ашиглалтад оруулснаар ямар боломж эдэлж байгаа талаар харилцагчийнхаа бодит жишээг оруулсан бөгөөд энэ нь танд ч мөн асуудлаа шийдэх боломж бий гэсэн мессежийг өгч худалдан авалтад урин дуудсан. Энэ нь худалдан авалтын замналын талаар эхний ойлголт өгөхүйц маш товч жишээ юм.

Худалдан авалт хэзээ ч хурдны зам шиг байдаггүй. Тиймээс маркетер та хэрэглэгч ямар замаар замнан танай үйлчлүүлэгч болох талаар нарийн төлөвлөх хэрэгтэй.

Хэрхэн хялбархан бөгөөд хурдан аргаар худалдан аватын замналыг тодорхойлох вэ?

Худалдан авалтын замнал ёсоор худалдан авалт нь:

  1. Хэрэглэгч асуудлаа анхаарах буюу маркетеруудын хувьд зорилтот сегментийн анхаарлыг татах үе
  2. Хэрэглэгч асуудлаа таних буюу маркетеруудын хувьд зорилтот сегментийн асуудлыг таниулах үе
  3. Хэрэглэгч асуудлаа шийдэхээ хүсэх буюу маркетеруудын хувьд асуудлын шийдлийг зааж өгч, худалдан авалтанд урин дуудах үе
  4. Худалдан авалт
  5. Үнэнч хэрэглэгч бий болгох буюу ре-маркетинг хийх үе шаттай байдаг.

Үүнийг хялбархан бөгөөд үр дүнтэйгээр тодорхойлох олон арга байдаг бөгөөд бид үүнийг Хэрэглэгчийн худалдан авалтын замнал: Маркетерүүдийн мэдэх ёстой зүйлс нийтлэлдээ дэлгэрэнгүй тайлбарлаж байсан. Мөн та Худалдан авалтын замналын талаар бидний бэлдсэн цахим номыг ЭНД ДАРЖ үнэ төлбөргүй татаж авах боломжтой.

Танд хэрэгтэй дараагийн нийтлэлүүдийг уншиж сошиал медиа маркетингийн талаар хамгийн шинэ сонирхолтой хэрэгтэй цахим ном үнэгүй татаж авах бол та дараах холбоосуудаар зочлоорой.

  1. Facebook маркетинг: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ? Маркетерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан дэлгэрэнгүй гарын авлага
  2. ИНСТАГРАМ МАРКЕТИНГИЙН А-Я: МАРКЕТЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
  3. ДИЖИТАЛ МАРКЕТИНГ: АШИГЛАХ ХЭРЭГСЛҮҮД
  4. YOUTUBE MARKETING: ХЭРХЭН YOUTUBE СУВГАА АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЖ, МАРКЕТИНГИЙН ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХ ВЭ?
  5. Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө гаргах бяцхан жор

Фэйсбүүк хуудас хөтлөх үед гардаг алдаа №3: Уламжлалт контентоосоо татгалздаггүй, шинэ зүйлийг туршдаггүй

Сошиал маркетеруудын төлөвлөгөөг ажиглавал контентууд нь өмнөх 7 хоногоос нэг их ялгаа мэдрэгддэггүй. Тэр бүү хэл сүүлийн 3-6 сарын хугацаанд орсон мэдээллүүдийг ажиглахад хэт борлуулалт дэмжсэн мэдээлэл оруулаагүй байсан ч ерөнхий контентийн санаанууд болон контентийн төрлийн хувьд ижил төстэй байгаа нь ажиглагддаг.

Бидэнд бэлэн видео контентийг л гэхэд энгийн видео хэлбэрээр, Canvas пост, Live видео, LIVE-тай ижилхэн үзэгчид нь бүгд зэрэг хариу үйлдэл үзүүлж болдог Premiere хэлбэрээр, POLL буюу санал асуулга үүсгэж, видео зураг холилдсон контент буюу Multimedia пост, Stories, веб сайтын нийтлэлдээ оруулах зэргээр маш олон янзаар хөрвүүлэн оруулах боломж бий. Магадгүй таны зорилтот бүлэг таны оруулж буй зурган мэдээллийг бус видео контентийг илүү үздэг ч байх магадлалтай тул үе, үе контентийн төрлөө өөрчилж байх, тэдгээрийн үр дүнд шинжилгээ хийж байх нь зүйн хэрэг юм.

Үүнийг хийхгүйн улмаас танай хуудасны мэдээллүүдийн хүртээмж, хандалт, хариу үйлдлүүд багасах, цаашлаад борлуулалт буурах үндсэн шалтгаан болдог. Ийм зүйлтэй тулгарахгүйн тулд та сошиал платформуудын шинэ боломжуудыг ашиглах, контентийн төрлөө өөрчлөх, амжилттай байсан контентоо төрлийг өөрчлөн дахин оруулах шаардлагатай.

Фэйсбүүк хуудас хөтлөх үед гардаг алдаа №4: Төлбөртэй сурталчилгаа хийх зорилтот хүмүүсийн бүлгээ өөрчилдөггүй

Фэйсбүүк төлбөртэй сурталчилгаа явуулахдаа сошиал маркетеруудын гол гаргадаг алдаа нь мэдээлэл хүргэх зорилтот бүлгээ өөрчилдөггүй. Энэ нь ижил хэрэглэгчдэд ижил мессежийг олон дахин өгөхтэй адил юм.

Нэг талаас харвал энэ нь маркетингийн байж болох арга боловч хэрэв та зорилтот бүлгээ оновчтой сонгож чадаагүй, эсвэл хэт өргөн бүлэг сонгон авсан тохиолдолд зардал өндөртэй, өгөөж багатай сурталчилгаа болж хувирна. Иймээс сурталчилгааны үр дүн, хэрэглэгчдийн хариу үйлдэл, борлуулалтын өсөлт зэргээс дүгнэн зорилтот бүлгээ өөрчлөх, эсвэл тэдгээр хүмүүсээс мэдээллийг илүү сонирхсон хүмүүст хүргэх зэрэг сурталчилгаа дахин байршуулалтын (Re-targetting) аргыг ашиглах нь үр дүнтэй.

Бидний зохион явуулдаг Сошиал медиа маркетинг II сургалтын агуулгад төлбөртэй сурталчилгааг оновчтой хийх тухай сэдэв багтсан байдаг.

Зорилтот бүлгээ өөрчлөхгүй зөвхөн нас хүйсээр нь тоймлон гаргаснаар илүү нарийвчлалтайгаар оновчтой хүнд бага зардлаар сурталчилгаа үүсгэх боломж багасдаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай байгууллагын зүгээс 7 хоног бүр явуулдаг SocialMediaThursday LIVE нэвтрүүлгийн Facebook сурталчилгааны /boost/ үр дүнг нэмэгдүүлж зардлыг бууруулахын тулд зайлшгүй анхаарах зүйлс дугаараар дэлгэрэнгүй тайлбарласан билээ.

Фэйсбүүк хуудас хөтлөх үед гардаг алдаа №5: Фэйсбүүк хуудас хөтлөх автоматжуулалтын хэрэгслүүдийг ашигладаггүй   

Сошиал маркетеруудад шинэ шинэ боломжууд, ажлаа хөнгөвчлөх аргууд нэмэгдсээр байна. Үүний тод жишээ нь Фэйсбүүкийн Чатбот буюу автомат хариулагч, Shop Service буюу бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг оруулах боломжтой цэс, Hootsuite болон Buffer гэх мэт автоматжуулалтын аппликейшнууд байдаг.

Чатботыг бид ажиллагаандаа нэвтрүүлээгүйгээс хэрэглэгчидтэй харилцахдаа их цаг зарцуулах, алдаатай мэдээлэл өгөх, зарим хүмүүст мэдээлэл өгөөгүй байх, оройтож мэдээлэл өгөх зэрэг сул талууд үүсэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл чатботыг ашиглах нь хүн бүрт үнийн мэдээллийг илгээх зэрэгт цаг гаргаж өөрөө хариу бичих шаардлагагүй, хүмүүсийн хүссэн асуултад ижил форматаар ижил мессежийг түргэн шуурхай өгөх зэрэг боломжийг олгодог. Мөн чатбот дээр та мэдээлэл авсан хүмүүсээ ангилах, тэдгээрт эргэж мэдээлэл хүргэх, тогтмол харилцаа тогтоох боломжууд агуулагддаг учир маш их ажлыг хөнгөвчилдөг.

Харин нэг дороос олон суваг руу зэрэг нийтлэх Hootsuite, Buffer зэрэг апп-ыг хэрэглээгүйгээс пост нийтлэх ажилд хэт их цаг алддаг.

Тиймээс эдгээрийг заавал сошиал медиа сувгийн хөгжүүлэлтэндээ ашиглаарай. Түүнчлэн бид өмнө нь дижитал маркетингийн бусад автоматжуулалтандаа өөрсдийн хэрэглэдэг апп-уудыг Бидний ашигладаг ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД цахим номондоо дэлгэрэнгүй тайлбарлаж байсан билээ. Та үнэ төлбөргүй татаж аваад өдөр тутмын ажилдаа хэрэглээрэй.

Фэйсбүүк хуудас хөтлөх үед гардаг алдаа №6: Контентийн чанарт анхаардаггүй

Таны бэлтгэж байгаа контент чанарын асуудалтай байх нь тухайн мэдээллийн хүртээмж, цаашлаад бодит борлуулалтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Хамгийн энгийн жишээ л гэхэд JPEG, JPG өргөтгөлтэй хадгалсан зургуудыг Фэйсбүүк болон бусад платформууд руу оруулах нь чанарын алдагдалтай буюу таны компьютерт харагдаж байгаагаас илүү бүрсийж харагддаг.

Иймээс интернет орчинд байрших зургийг хадгалахад тохиромжтой PNG өргөтгөлөөр бэлтгэн оруулах нь таны контентийг ямар ч алдагдалгүй яг л таны компьютерт яаж харагдаж байгаа түүнтэй адил харагдуулахад тусална.

Мөн нийтлэг харагддаг дутагдлууд нь тогтсон темплейт загвар ашигладаггүй. Зарим мэдээлэлд лого орсон. Заримд нь ороогүй гэх мэт сул талууд ажиглагддаг.

Иймээс постуудын төрлөөс хамаарч темплейт загваруудыг мэргэжлийн дизайнераараа эсвэл мэргэжлийн дизайнер, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниар гүйцэтгүүлэн түүнийгээ тогтмол ашиглах нь таны брэндийг хүмүүст хоногшуулахад тусална.

Фэйсбүүк хуудас хөтлөх үед гардаг алдаа №7: Контентоо түгээх боломжуудыг ашигладаггүй

Фэйсбүүкээс хүмүүс хоорондын харилцаанд анхаарна гэсэн мэдэгдэлтэй холбоотойгоор бизнесүүдийн Фэйсбүүк ашиглалтад буюу Фэйсбүүк хуудаснуудад ажиглагдах болсон сөрөг үр дагавар нь мэдээллийн органик хүртээмж өмнөхөөсөө буурсан. Гэхдээ үүнийг давуу тал гэж үзэх хэсэг бүлэг хүмүүс ч бий.

Таны контент бусдын анхаарлыг татсан, сайн контент байж чадвал хангалттай хүнд хүрэх боломж байгаа хэвээр. Өөрөөр хэлбэл чанартай контентын хувьд өрсөлдөөн буурсан сайн талтай байх боломжтой.  Иймээс контентийн чанар, агуулгад анхаарах нь зүйн хэрэг.

Сайн чанартай контент бүтээсний дараа түгээх нь хамгийн чухал. Магадгүй таны хуудас шинээр нээгдээд удаагүй эсвэл идэвхтэй ажиллагаа явуулж чадаагүйн улмаас таны оруулсан хэчнээн сайн мэдээлэл маш цөөхөн хүнд хүрч 5-10 Like, Comment л авдаг байж болох юм.

Ийм үед таны зорилтот хэрэглэгчид хаана байгааг анхаарч тэдгээрт мэдээллээ хүргэх нь хамгийн зөв арга. Өөрөөр хэлбэл таны хэрэглэгчдийн идэвхтэй байдаг группүүдэд бэлдсэн сайн контентоо Share хийх явдал юм. Үүнийг сайн хийж чадсанаар таны контентуудын хүртээмж, хүмүүсийн хариу үйлдлүүд нэмэгдэх, цаашлаад борлуулалтаа өсгөх боломжтой. Гэхдээ үүнд нэг л зүйл анхаарах хэрэгтэй. Facebook утга учиртай харилцаа үүсгэхийг дэмжиж байгаа. Тиймээс хэт спам хэлбэртэйгээр бүх группууд руу шэйр хийж байгаа хуудсуудад хариуцлага тооцож эхэлсэн. Тиймээс бэлэгтэй LIVE хийж, олон групп руу шэйр хийхийг уриалахыг заавал зогсоох хэрэгтэй.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай байгууллагын зүгээс 7 хоног бүр явуулдаг SocialMediaThursday LIVE нэвтрүүлгийн Сошиал медиа орчинд гарч буй чухал өөрчлөлтүүд дугаараар дэлгэрэнгүй тайлбарласан билээ.

Фэйсбүүк хуудас хөтлөх үед гардаг алдаа №8: Сошиалд зарцуулах төсөв хэт бага

Сошиал контент бэлтгэгч ажиллуулах, төлбөртэй сурталчилгаа байршуулах, постын темплэйт загвар бэлтгүүлэх, видео контент хийх, контент бүтээгчидтэй хамтран ажиллах гээд сошиалд зарцуулах мөнгө тань өссөөр байна уу? Сошиал маркетер таны хамгийн түрүүнд хийх ажил бол контентийн төлөвлөгөө гаргах юм.

Тухайн төлөвлөгөөг гаргахдаа өөрийн нөөц бололцоонд тохируулан контентийн агуулга тоог гаргах, эсвэл хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан өөрийн нөөцөөс давсан контентийн агуулга тоог гаргах нь зүйтэй. Хэрэв таны нөөц бололцоо хангалттай сайн контент гүйцэтгэж чадахгүй, эсвэл цаг завын хувьд амжихгүй, илүү олон чанартай контент бэлтгэх хэрэгцээ гарч байвал сайн контент бүтээгчидтэй хамтран ажиллахыг зөвлөж байна.

Мэдээж сайн контент бүтээгчид ажлын чанартаа тохирсон үнэ хөлсөөр ажиллах нь дамжиггүй. Ямартай ч сайн контент гүйцэтгэл, үр ашигтай сурталчилгаанд гар татах хэрэггүй.

Фэйсбүүк хуудас хөтлөх үед гардаг алдаа №9: Сайн контент гүйцэтгэгч олж, амжилттай хамтран ажиллаж чаддаггүй

Контент гүйцэтгэлдээ бусдын тусламжийг авах нь буруу зүйл биш гэдгийг өмнөх сэдэвт дурдсан. Монголын томоохон компаниуд өдөр тутмын сошиал контент бэлтгэл дээр гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллуулах нь нэмэгдсэн.

Хэрвээ та бүхэн контент гүйцэтгэл, сошиал ажиллагаа дээрээ бусадтай хамтран ажиллах гэж байгаа бол дараах шалгуурын дагуу хамтран ажиллах хүн эсвэл байгууллагаа шалгаад үзээрэй.

  • Гүйцэтгэж байсан сайн ажлууд
  • Харилцан ажиллаж байсан, байгаа компани, бизнесүүд
  • Сошиал ажиллагаа, мэргэшсэн байдал /пост бэлтгэлээр өөр юу юуг хийж чадах/
  • Контент бэлтгэл болон бусад ажиллагаандаа шинэ зүйлс ашигладаг эсэх

Дээрх зүйлсийг анхааралдаа авч сошиал ажиллагаандаа нэвтрүүлээрэй.

Танд өгөх бидний хамгийн сүүлийн зөвлөгөө бол Сошиал платформуудын шинэ боломжуудыг тогтмол судлах, бусад сошиал маркетерууд, контент бүтээгчидтэй уулзаж санаа солилцож байхыг зөвлөе.

Манай байгууллага сошиал медиа маркетингийн салбарт ажиллаж буй өөрсдийн бодит туршлага, судалгаанд үндэслэн долоо хоног бүр SocialMediaThursday маркетингийн LIVE нэвтрүүлэг, Сошиал медиа маркетераас сошиал медиа маркетерт подкаст бэлдэн хүргэж байгаа билээ. Хэрэв та Apple Podcast-аас сонсохыг хүсвэл ЭНД, Google Podcast-аас сонсохыг хүсвэл ЭНД тус тус дараарай.

Мөн та бидний бэлдсэн сошиал медиа маркетингийн талаар цахим ном /ebook/-уудыг үнэгүй татаж авч болно шүү.

Таны бизнест ашигтай өөрчлөлтийг та эрт хэрэгжүүлж чадвал төсөөлснөөс тань их амжилт ирэх боломжтой.

Холбоотой нийтлэлүүд:

TOP